АСРАМЖИЙН ГАЗАР ДАХЬ ТЭМДЭГЛЭЛ

Би мэдээ орохдоо л асрамжийн газрын түм түжигнэж бум бужигнаан дунд байлаа. Юуны тул энд байгаагаа мэдэхгүй. Эцэг эх маань хэн нэгнийг гомдоочихсон юм болов уу? Хажууд халуун элгийн хэн ч үгүй. Халуун элгээсээ холдотлоо тэднийгээ гомдоочихож хэмээн мэдэмхийрнэ. 

Асрамжийн газар яг л Нарантуул зах шиг. Ялгаатай нь тэнд хэн ч юу ч зарж, хэн ч юм худалдаж авдаггүй болохоор би нас биед хүртлээ тоотой хэдхэн удаа гартаа мөнгө барьж үзсэн. Би гэгч анзааргагүй дээрээ хэнэггүй нэгэн. Гярхай няхуур зан гэдэг миний зүйл биш. Баяр гуниг ч надаас хол. Тиймдээ ч багш нар маань намайг хөлдүү толгой гэдэг. Энэ ч намайг тодорхойлох хамгийн оновчтой нэр. Сургуульд орсныхоо дараа л хүн ээж, аавтай байдгийг мэдсэн. Анхнаасаа байгаагүй болохоор би байдаггүйд нь эмзэглэдэг ч үгүй. Харин өөр зүйл илүү сонирхолтой байлаа. Эцэг эхээрээ, ах эгчээрээ, гэр орноороо, идэх хоолоороо гайхуулж байгаа нь. Бусдаар хамгаалуулж, хайрлуулж, гайхуулж байгаа нь сэтгэл татах болсон юм. Энэ цагаас  би бусдад гайхуулж үзэхсэн гэж битүүхэн мөрөөдөх болж билээ. 18 хүрэхэд насанд хүрсэн тул өөрсдөө учраа ол гээд асрамжийн газар ард үлдэж хэцүүхэн ч амьдралд өнгө нэмсэн бэрх өдрүүдтэй тулсан даа. Мөр нүцгэн, ходоод хоосон явахыг үзэхээрээ нэг болсон. Уйлах бол харин шал илүү ажил. 

Очих газаргүй, оочих аягагүй тэнэмэл би гудманд сууж байхдаа дэргэдүүр өнгөрөх машины жолоочийн нүүр өөд харж “энэ хүний гэрт өндөг байгаа болов уу?” гэж боддог байлаа. Өндөгний тухай бодоход ч амттай. Өндгийг нүдэндээ төсөөлөн харж, бодолдоо амталж, сэтгэлдээ мэдэрсэн өдрүүд. 

Насанд хүртлээ гартаа мөнгө барьж үзээгүй шахуу хүн чинь ТҮЦ-д зогсдог болсноор өөд уруу, өглөө оройгүй л мөнгөтэй харьцдаг болсон юм.  ТҮЦ-ндээ амьдарна. ТҮЦ-ний жижигхэн нээлхийгээр сар намайг гунигтайгаар ширтэнэ. Өвлийн будрах цас сэтгэл баясгам ч шөнө нь даанч авралгүй. Хасах 38 градуст ТҮЦ-д ганцаар дагжин чичирч хононо. Асрамжийн газрын зөөлхөн дулаахан хэвтрээ диваажин байсныг тэгэхэд мэдэв.  Гараа салаавчилж хэвтээд асрахын амьдралаа нэхэн саналаа. 

Өглөө зургаа аравт бид босоорой босоорой гэж орилох дуунаар нойрноосоо сэрнэ. Өрөөний хатан хаан болох том эгч нарын хувцасны гуйлганд явах бацаанууд өрөө дамжин гүйлдэхээс бидний өглөө эхэлнэ. Энэ ажил тийм ч амархан биш, нэгээс нь “цагаан цамцаа өгөөч” гэж гуйхад өөдөөс “өөрөө өмснө”, эсвэл “хар юбка оронд нь” өг гэхчилэн зарим нь бүр өгөхөөс эрс татгалзана. Заавал авчир гэх хатан хааны зарлигийг гэвч гүйцэлдүүлэх учиртай. Бусдын эд зүйлийг өөрийнх юм шиг санах том эгч нарыг хувцаслаж дуусахад сая л нэг сэтгэл амарна. Өглөөн долоон цаг, бид шалаа угаадаг. Өөрт оногдох хэсэг нэмээд том эгч нарын талбайн хамт цэвэрлэдэг. Эндээс л бидний наймаа эхэлдэг. Төлбөрийн хэрэгсэл нь хоол, хувцас, гэрийн даалгавар хийж өгөх... гэх мэт төрөл бүрийн бартерууд, мөнгөнөөс бусад бүх л зүйл энд арилжаалагдана. Тэртэй тэргүй надад тэр бүр олддоггүй хоёр дугаар хоолоо том эгч нарт алдаж байхаар ажлаар наймаалцчих нь дээр.

Нэг удаа би өлсөөд дэл сул юм хайж агуулахад орлоо. Агуулахын нярав эгчийн нэр Чимгээ. Би агуулах цэвэрлэхэд Чимгээ эгчид тусалсан юм. Хүүхэд л болсон хойно аргаа дор нь олчихно. Намайг туслаад өгөөч гээгүй байсан ч би бүгдийг цэвэрлээд, цэгцлээд тавьчихдаг байлаа. Эхэндээ ганц хоёр чихэр өгдөг байсан ч сүүлдээ намайг дагуулж зах явдаг боллоо. Асрамжийн газрын нярвын цалин алган дээр унасан нулимсан дусал. Гэсэн ч тэр цалингаа буусан өдөр надад өвлийн гутал, куртка авч өгсөн юм. Тэр нь миний мэдээ орсон цагаас хойш анх удаа өмсөж үзсэн шинэ куртка байв.

Өглөөний найман цагт банди нар хашаа даван, охид хаалгаар гарч хичээлдээ явцгаана. Эрэгтэй хүүхдүүд их сонин, хаалга хажууд нь байхад заавал хашаа давна. Нэг удаа багш тав зургаан хүүхдийн нэр дуудаад “эргэлт ирсэн, гарч уулз” гэлээ. Нэг дор ийм олон хүүхдийг эргэж ирсэн тохиолдол байддаггүй юм л даа. Тэдний аав, ээж ав адилхан улаан хантаазтай байсан нь нэг хогийн цэг дээр хамт ажилладагийг илтгэж байлаа. Тэр өдөр тэдний цалин нь буусан юм билээ. Олсон жаахан мөнгөөрөө үрдээ шоколад бариад ирсэн нь тэр. Хүүхдүүд эргэлтийн амттанаа тэр дор нь идэхгүй л бол орж ирээд л дээрэмдүүлнэ гэдгээ сайн мэднэ. Өрөөний бяцханы ээж нь түүнд 500 төгрөг өгсөн юм. Хашир дотоожныхоо урд талын жижигхэн халаасанд нуусан ч мөнгөө өөрөө хэрэглэж чадалгүй эгч нарт дээрэмдүүлчихсэн. 500 төгрөгөө өгөхгүй гэж гүрийснийхээ шанд зодуулсныг хогийн цэг дээр ажилладаг ээж нь яахан мэдэх билээ. Түүний хөх няц болсон нүүр царайг харсан багш яасныг асуухад хөшиг мөргөөд уначихсан юм гэж хариулав. Багш юу гэж хөшиг мөргөж унахаар ингэж бэртэх вэ? дээ гэж шалгаасан ч үл хэлнэ. 

Үлдэгдэл. Энэ л үг надад танил санагдана. Бидэнд хаа нэгтэйгээс маш гоё хайрцагтай хувцаснууд ирдэг байлаа. Гэхдээ хамгийн эхэнд асрахын дарга удирдлагууд аль өнгөтэй өөдтэйг нь өөд нь татна.  Дараа нь багш ажилчид, түүний дараа цэвэрлэгч тогооч нар шилээд үлдэгдэл дээр нь жинхэнэ эзэд болох жижиг жараахай бид нар нэгийгээ үзнэ дээ. Магад бид өөрсдөө ч үлдэгдлүүд биз. Хэдийгээр олон дамжлагаар шигшигдсэн ч бидэндээ л минж булга, үйтэн хуар гэсэн үг. Олж авсан хувцаснууд дээрээ шалавхан л будгаар тэмдэг тавина. Гэсэн ч угаагаад л параан дээр тавиад алдчихдаг. Өгч авахын дэнсэнд тэнцвэрээ олон оршино. 

Асрахын багачууд хоёрдугаар хоол их цөөхөн иддэг юм. Хоёрдугаар хоол нэгдүгээр хоолноос гоё болохоор том эгч нартаа авилга болгон барих ёстой, “бага зодоорой” гэсэн ганц нөхцөлтэй. Том эгч нар биднийг аймшигтайгаар зоддог байлаа. Хоолоо дээрэмдүүлж, аймшигтайгаар зодуулахдаа хурдхан том болохыг л юу юунаас илүү мөрөөдсөн сөн. Бага насны минь хамгийн том мөрөөдөл том эгч болох байлаа. Хэзээ бид цадтал иддэг вэ гэж үү? Хөц будаатай усан шөлтэй хоолны өдөр. Том эгч нар дургүй тул хоёрдугаар хоолны оронд бидэнд өгдөг юм. Урдаа хоёр таваг хоол тавиад идэхийн жаргал, цадахийн жаргалыг бас өгнө. Бас нэгэн цадталаа иддэг өдөр бол асрахын гадаа олон машин цуглардаг буяны хоолтой өдөр.. Хэн нэгэн нь мөнх бусын оронд одсоноос энэ бүхэн болж буйг би хараахан мэддэггүй, олон машинууд ирэхээр л гоё хоол өгдөг гэж боддог байсан юм. Хоёр алгаа нийлүүлэн цээжиндээ барьж гурван удаа Ум мани бадми хум, Ум мани бадми хум, Ум мани бадми хум гэж хэлээд хам хум хоол руугаа дайрна. Сүүтэй будааны амттайг, үзэмтэй будааных нь сайхныг яана. Дэлхий дээрх хамгийн гоё хоол бол буяны хоол гэж үүнээс л итгэдэг болсон юм. 

Зун нь бид тариан талбайд ажилладаг байлаа. Оногдсон ажлаа хийж дуусахад зарим хүүхдүүд туслаад өгөөч гэж гуйна. Хөдөлбөл хөлс, юу өгөх юм бэ? гэж хоёрдугаар хоолны тал хэсгээр наймаа тохирно. Хүсэн хүлээсэн хоёрдугаар хоолонд нэг ширхэг бууз өгч “баг ална”. Хошин бас хоржоонтой өдөр хоногууд аль хэдийнээ ард хоцорчээ.

            За за ямар ч байсан хонох газартай байгаа нь бөөн аз. Хүмүүс сайхан хөгжим сонсох, олуулаа бужигнан инээлдэх дуртай байхад би чимээгүйд дуртай, хүмүүс сайхан үнэрт дуртай байхад би юу ч үнэртэхгүй байхад  дуртай. 

Хаа очиж надад айдас гэж бараг байхгүй. Би өлсөхөөс, тэрнээс ч илүүгээр даарахаас айна уу гэхээс харанхуйгаас эсвэл ганцаардлаас айдаггүй. Асрамжийн газраас гараад чих амрах шиг болсон. ТҮЦ-ний ажил надад яг тохирдог бас манаач хэрэггүй учраас намайг дуртайяа ажиллуулдаг байлаа. 

Гаслант өдөр юу гэж ганцаар дуусах вэ дээ... Засгийн газраас шийдвэр гаран ТҮЦ-нүүдийг буулгаад ачаад явсан тэр өдрөөс би ажилгүй болчихсон. Олсон хэдийгээ цааш нь бага зэрэг далд хийж байсны хувьд юу юугүй модоо барьчихаагүй. Ингээд  би зарын сонин харлаа. Уг нь ажил хайж байгаа юм. Гэтэл Солонгост ажиллахад зуучилна гэсэн зар анхаарал татлаа. Их мөнгө хэрэгтэй бололтой. Амьдралын хүнд үед хэн ч надад тусалж байсангүй. За бараг тэр нь ч дээр биз дээ. Хувь тавилангийн эргүүлгийг өөрийн гараар эргүүлсэн болохоор гомдоллон буруутгах хэн ч байсангүй. 
- Үнэгүй солонгос явах арга байхгүй биз? 
- Хүнтэй сууж л явдаггүй юм бол өөр арга алга даа 
- Хүнтэй суух аа? 
Тийм юм бас байна аа. Нээрээ би хүнтэй суух тухай яагаад нэг ч удаа бодож үзээгүй юм бэ? Надад гэр бүл хэзээ ч байгаагүй болохоор би өөрийгөө гэрлэж болно гэдгийг таг мартчихсан байна. Хүн ер нь хараагүй зүйлийнхээ тухай боддоггүй шүү дээ. Бусдыг хайрлаж болно гэдгийг ч мартчихсан байна. Би гэрлэж болно шүү дээ, бусдыг хайрлаж болно. Танихгүй мэдэхгүй хүнтэй гэр бүл болсон ч надад алдах зүйл юу байна аа? Намайг нэхэн ирэх хэн ч байхгүй. Их л бодож үхнэ л биз гэж бодов. 
- Тэгвэл хүнтэй сууя...


Хоёр сарын дараа надтай гэрлэхээр солонгос ирлээ. Бид хоёр ярилцаад хоорондоо таалагдвал гэрлэж болно гэнэ. Би тэр хүнд таалагдсан учраас энэ хүртэл яваад ирсэн нь энэ. Бид хэл нэвтрэлцэхгүй юм чинь хоорондоо юугаа ч ярих вэ дээ. Хангуг залуу:
- Хуримаа яаж хийх вэ?
- Тийм юм хийхгүй ээ. Хурим хийлээ гээд би хэнийгээ ч хуримдаа урих юм билээ дээ. Тэгээд ч энэ бол аз жаргалтай гэрлэлт биш, зүгээр л амьдрах арга минь байсан юм. 
- Энэ хүн намайг хүний нутагт аваачаад зодвол би ямар ч байсан дийлэх юм байна гэсэн шалгуураар л нөхрөө сонгосон юм. Асрамжийн газар цусаа гартал зодолдож өссөний ганц ач буян гэвэл энэ л байлаа.  Би хэрүүлдээ сайн биш ч зодоондоо муугүй. Асрахад бид нэг өрөөнд 5-7 уулаа, өрөөний багачуудаа томчууд нь хариуцна. Жишээ нь хайрцаг хуучин хувцас орж ирэхэд бид нар багачууддаа бас гялс л шүүрч өгнө. Ингэж л бид өрсөлдөөнд, ялалтад, ялагдалд бэлтгэгдчихсэн байлаа. Ялагдсан байлаа ч унжийж суух шал илүү ажил.
Эртээд Солонгос нөхрөө зодсон монгол эмэгтэй гэж мэдээгээр гарсан даа, тэр бол манай асрахын охин байсан юм. Бахархаад байх зүйл биш ч би түүнийг бол эвгүйтүүлдэг байсан сан. Танхай гар байж дээ гэж бодох хэрэггүй дээ. Даварсан гарын өөдөөс нударга зангидах, ядарсан нэгнийг өмгөөлж өгөх л бидний амьдрах зам байсан.

Ингэж л харийн бэр болж хүний нутагт ирсэн юм. Би яг л харь гаригийн хүн шиг байлаа. Хөргөгч ердөө ч хэрэглэж үзээгүй. Хөргөгчнөөс юм авч идчихээд л хаахаа тааг мартчихдаг. Ер нь бол би зөвхөн идэж л чадна. Өөр надад чаддаг зүйл тун ховор. 

Ээж, аав гэж юу байдгийг би мэднэ, гэхдээ “хэрэглэж” үзээгүй. Эгч, ах гэж хэн болохыг би мэднэ, бас л “хэрэглэж” үзээгүй. Гэр орон гэж мэднэ ээ мэднэ. Үүнтэй л адил хөргөгч гэж юу байдгийг би мэднэ, хэрэглэж л үзээгүй юм. Мэднэ гэдэг бол бусдынх, хэрэглэдэггүй л бол тэр зүйл минийх биш. Миний аз дайрч нөхөр маань хаа очиж дажгүй нэгэн. Хөөрхийлөлтэй амьдралаас татсан болохоор би түүнийг дээрэлхдэггүй юм. Би та нарт нэгэн эмгэнэлтэй нууц дэлгэе. Манай асрамжийнхан бараг ихэнх нь миний л замаар замнасан. Уг нь асрахаас гарч байгаа хүүхдүүдийг улс анхааран үзэж амьдралын дөрөө олоход нь жаахан туслаад өгөхгүйдээ, 18 нас гэдэг чинь тийм том хүн биш шүү дээ. За тэгээд би хувь тавилангийнхаа азгүйтэлд бусдыг буруутгаад яах ч юм билээ.  

Одоо бол надад хамаагүй. Би бол мөсөн зүрхтэн. Хасах 38 хэмийн хүйтэнд ТҮЦ-нд хонодог байх тэр л өдрүүдэд миний зүрх мөс болсон. Өвөл нь дэндүү хүйтэн, надад гуниг дэрлүүлээд байдаг болохоор нь би хүйтэнд дуртай биш. Гэхдээ харийн бэр би газар нутгийг чинь харийн хүний хармаанд хийхгүй байх хүн чанар гаргахаа мэднэ. Үр хүүхэддээ монголын газар шорооноос би өвлүүлэхгүй ээ. Энэ л миний эх орондоо үзүүлж байгаа эх оронч үзэл минь юм. Нөхөр маань монголд газар ав, би мөнгийг нь өгье гэхэд нь би зөвшөрөөгүй юм. Аяга хоолноос өөрийгөө арилжсан ч эх орноо арилжаагүй.

Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр би ээж боллоо. Царай муутай улаан хүүхэд надаас төрлөө. Түүнийг уйлахад нь би юм ярьж чаддаггүй юм чинь өөр юугаа ч хийхэв дээ гэж бодно. Өсөх тусам тэр их хөөрхөн болж байлаа. Жижигхэн гартай, жижигхэн амьтан хүний хэлээр надад хайртай гэж хэлэхэд би барьц алдан сандарлаа. Энэ бол миний амьдралдаа сонссон анхны хайрын шивнээ байсан. Мөсөн зүрх минь хайлах шиг л боллоо. Ямар их зэрлэгшээ вэ? Арслан бартай үзсэн ч дийлэхээр сэтгэл зүйтэй намайг алаг үрийн минь зөөлхөн инээмсэглэл номхоруулчихсан юм. Хөлдүү хэнэггүй намайг тэр хээнцэр дэгжин болгочихлоо. Бусдын өлсөх надад хамаагүй байхаа больчихсон байна. Уг нь би бурхан биш буг чөтгөр юмсан. Чөтгөрөө л хиймээр байхад чинь, хөхнөөс минь зулгаах тэр жижигхэн уруул намайг чөтгөр байхад минь садаа болоод байна. 

Хангугт амьдраад яг 84 сарын дараа би монголд ирлээ. Гаалийн ажилтан эгч надаас чи чинь визтэй байж яагаад эх орондоо ганц ч удаа ирдэггүй хүн бэ? гэхэд нь би:
- Зав гараагүй юм гэж хариулсан сан. 
Хүн эх орондоо буцаж ирэхэд онгоцны буудал дээр ''эх орон чинь чамайг хүлээсэн шүү'' гэсэн бичиг байсан бол гоё байхгүй юу? Намайг энэ улсад хэн ч хүлээгээгүй л дээ, зүгээр л сайхан үг сонсох ямагт сайхан. Ингэж л би УБ гудмаар золбин шараа унаад жилдээ долоохон хоног л олддог амралтаа эдлэхээр хаашаа ч юм хурдлан давхина. 

Дараа долоо хоногийн 1 дэх өдөр би ажилдаа бэлэн байх ёстой. Монголд надад ажил олддоггүй бол харийн оронд амралт олддоггүй.

Би монголд яах гэж ирсэн бэ гэж үү? Надад боломжоо алдчихаад уйлж буй тэр л нулимсыг аргадахаар зорин зорин ирсэн юм. Тэр нэгэн өдрийг би тодорхой санаж байна. Асрахын хүүхдүүдийг яагаад ч юм гадаадаас урьдаг. Мэдээж бидний оронд асрахын ажилчдын хүүхдүүд явдаг ч цорын ганц удаа жинхэнэ асрахын 30 хүүхдээс бүрдсэн баг Япон руу тоглолтоор явсан юм. Энэ багт миний нэр багтаагүй. Миний сонсгол муутай, хөгжмөөсөө зөрдөг  ур чадварын дутуугаасаа л болсон хэрэг. Гэсэн ч хайрт Чимгээ эгч маань ардуур урдуур гүйсээр миний нэрийг энэ жагсаалтад оруулж чадсан ч өөр хэн нэгэн нь энэ л жагсаалтаас хасагдах болсон юм. Миний олз бусдын хувьд гарз байдаг гэдгийг жишээ юм уу даа. Чимгээ эгч гэж яагаав нөгөө асрахын агуулахын нярав. Би түүнд агуулахаа цэвэрлэхэд нь тусладаг байснаас л тэр надад зориулж чадахаа хийсэн юм шиг байгаа юм. Эгч надад ганц хоёр хувцас, бага зэргийн идэх зүйл илүүчилж, миний талд зогссон цорын ганц хүн. Гэхдээ танил тал дуугарахад хөөрхий танилгүй нэгний гашуун нулимс урсдаг юм билээ. Гашуун нулимсны үнэтэй ялалтаар яах ч юм билээ. Одоо бол ялалтаас илүү ялагдлыг хүснэ. Хүнээс сэтгэл авчихаар эргээд өрийг нь төлөх гэж лай. Ялагдал бол өргүй байх сайхан боломж.

Жагсаалтаас хасагдсан охин дэрээ нортол уйлсныг хожим нь би мэдсэн. Магад түүнийг аргадах хэн ч байгаагүй биз. Япон руу тоглолтоор явсан энэ аялал бол бидний юм үзэж нүд тайлах ховор боломж. Энэ сайхан боломжоо надад алдчихсан. Гомдлын нулимс аргадахаас нааш хатдаггүй. Би тэр л нулимсыг арчихаар, түүнд ‘’уучлаарай’’ гэж хэлэхээр, халуунаар тэвэрч өгөхөөр зорин зорин ирсэн юм. Эцэст нь би түүнийг тэртээх өдрүүдэд явж чадаагүй аялалд урих болно. Бусдын уйлах надад хамаагүй байхаа больчихсон байна. Чадлаараа л би найзыгаа аргадна. Үртэй хүн бусдын нүднээс урсгасан нулимс үрийн минь нүднээс урсах вий гэж эмээдэг юм билээ. Эх орондоо би хоолны өртэй, ижил сүрэгтээ би хайрын өртэй. 

Хэзээ нэгэн цагт сайхан үнэртэй үзэсгэлэнт цэцэгс хүртэл хүйтэн салхи үлээхэд газарт унадаг шиг бид ч гэсэн үргэлж л сайхан амьдарна гэж найдах нь боломжгүй. Амьдрал хэмээгч салхи дандаа бидний хүссэн зүг рүү үлээдэггүй юм. Үргэлж л тайван амгалан энхрий ялдам харагдах далай ч гэсэн заримдаа аймшигт хүчит давалгаагаар шуурдаг шиг бид хэзээ хаана юутай тулгарахаа мэдэхгүй. Иймд үрээ үлдээх дэлхий хэмээх орчлонг аргадахаар, үйлийн муу үр үлдээхгүй гэж үрээсээ зовлонг зайлуулахаар энд би ирсэн юм.

Тэмдэглэлийг бичсэн: С.Болортуяа 

СЭЗИС-ийг төгссөн. Капитрон, Голомт банкинд ажиллаж байсан. Одоо Солонгосын КIТ их сургуульд судлаач оюутан.

Сэтгэгдэл хэсэг