ӨГҮҮЛЛЭГ: ХОЁР ТАСАЛБАР

Бид Tagtaa Review сэтгүүлийнхээ дугаарт залуу уран бүтээлчдийг нээн таниулах зорилгоор богино өгүүллэг, орчуулгын бүтээл хүлээн авч, тэдгээрээс заримыг энэхүү буланд танилцуулж буй билээ. 

Энэ удаа бид залуу зохиолч Баярсайханы Билгүүний "Хоёр тасалбар" өгүүллэгийг толилуулж байна. Тэрээр одоо Онолын физикийн мэргэжлээр докторт суралцаж буй юм байна. 


Хоёр тасалбар

- Шатар тоглоод хожсон юм. Хоёулаа орой кино үзье.
- Үнэхээр тийм юм бол тэгье дээ. Ямар кино юм?
Залуу хэсэг бодолхийлснээ,
- Аа, би зүгээр мөнгийг нь авчихсан юм. Оройн үзвэрт ямар кино гарч байна, тэрийг нь л үзчихье.
- Окей. Тараад хүрээд ирээрэй.

Ярьж дуусмагц залуу өрөөнийхөө адар ширтлээ. Энэ зуны ширүүн борооны ус таазны нэг буланд цуглаж, дотогшоо шүүрээд, таталцлын хүчинд захирагдан урсахдаа этгээд, абстракт ч юм шиг мөр хана, таазанд үлдээжээ. Салаалж урссан усны нэг хэсэг нь тал дундаасаа алга болчихсон бол зарим нь эрчээрээ урссаар доод давхар луу нүүчихжээ. Ердөө хоёрхон салаа нь л доод давхар луу нэвт урсаад, харин үлдсэн хэсэг нь урсах замдаа хатчихсан байх аж.

Усны тухай бодолдоо залуугийн ам цангав. Нэгэнт л өрөөнөөс гарсных "тэд" хаачсаныг мэдэх хэрэгтэй байлаа. Тэгээд чанх доод давхрын өрөөг зүглэв. Хаяггүй хаалганы өмнө ирээд эргэлзлээ. Хаалга түгжээгүй байсан ч өмнө нь энд хэн суудаг тухай ер сонирхож байсангүй. Зөөлхөн гурван удаа тогшив. Хариу алга. Явах гэснээ азнаж, ахин гурав тогшлоо. Гэтэл хаалга аймшгийн кинон дээр гардаг шиг л өөрөө онгойчих нь тэр! Ууцаа давсан урт үстэй, тас хар хувцастай, царай муутай, шавилхан залуу шохойн самбарын өмнө хөгжим сонсож зогсоно.
- Уучлаарай, ус буцалгагч байна уу?
Залуу ер сонссон шинжгүй байх аж. Анзаарах нь ээ хөгжмөө тултал нь чангалчихжээ. "Энэ рокууд яг сонсголын гажигтай..." гэж бодсоор мөрөнд нь зөөлхөн хүрвэл залуу цочихдоо нүүр лүү нь самбарын алчуур шидэж орхилоо!
- Өө яана аа... Уучлаарай... Анзаарсангүй. Юу вэ... Хэн бэ, та?
Залуу нүүрээ гараараа шудрах зуураа,
- Өө... Юу... Хаачсаныг нь мэдсэн үү. Биш ээ, ус буцалгагч бий юу? гэлээ.
- Аа, яг тэрийг чинь л бодож зогслоо гэснээ өмнөөс нь цоргитол ширтэв.

Галзуу ч юм шиг...

- Энийг хар аа! Дээд давхрын өрөөнөөс ус урсаж орж ирээд, нэг салаа нь замдаа үлдээд, нөгөө нь доош урсчихсан. Би тэгээд бодлоо л доо. Энэ ус хаана хүрсэн бол... Сонин, зарим нь замдаа зогсчихсон байгаа биз. Та тогтоол усан дээр бороо дуслахыг харж байсан уу? Таталцлын долгион огторгуйд тархаж байгаа юм шиг...
- Надаас өөр ингэж боддог хүн бас байдаг байх нь ээ. Гэхдээ борооны чимээ сонсохоор би самуурч гүйцдэг, толгой эргээд байдаг юм.
- Яг шүү!  Өглөөнөөс хойш л бороон дуслууд тогтоол усан дээр ямар дараалалтай буухыг тооцох гэж үзлээ. Яг энэ хэсэг дээр л гацчихаад байна.
Залуу түүний заасан тэгшитгэл рүү нухацтай ширтэв. Тэгээд энгэрийнхээ халааснаас шилээ гаргаж зүүгээд, шохой авч, тэгшитгэлийг ялимгүй өөрчлөв.
Өмнө нь харж байсан ч юм шиг...
- Өө ийм амархан байсан юм уу? Одоо тэгвэл үүнийг компьютерт оруулаад...
- Нөгөө юу, ус буцалгагч юу болсон бэ?
- Аа, байхгүй штэ. За байз, хоёулаа доошоо бууя. Доод давхарт яг байгаа. Тэгэнгээ энэ доошоо урссан ус хаа хүрснийг харъя!

Залуу үзгээ амандаа зуусан чигтээ урд нь орон алхлаа. “Намайг... гэдэг” гээд гараа өгөхөд нь харвал гарынхаа энэ тэнд баахан сарааччихаж. Тэр ч бас залуудаа яг ингээд л гар хуруугаа эрээлчихдэг байсан сан. Эхнэр нь түүнийг "Хүүхэд шиг гар хуруун дээрээ зурчихдаг" гэж шоолдог байж билээ. Энэ залуу өөрөөс нь дор хаяж хоёр дахин дүү байх.

Бүх юм дүүрэн үе...

Тэд баруун жигүүрийн шатаар доош уруудав. Тэр хооронд өнөөх рок залуу зогсолтгүй чалчина.
- Бид өнгөрсөнд очлоо ч юуг ч өөрчлөх боломжгүй. Фейнманы гогцоо гэж мэднэ биз дээ? Яг түүн шиг боломжит бүх өөрчлөлтүүд боломжит бүх эсрэг өөрчлөлтүүдтэйгээ устах тул юу ч болохгүй. Хэрвээ энэ үнэн бол биднийг бүтээдэг атомууд, бөөмс бүгд өнгөрсөн-одоо-ирээдүйтэйгээ нэгэн зэрэг харилцаж байдаг. Гэхдээ ямар ч нөлөө үүсэхгүй. Тодорхойгүйн зарчим ёсоор бид тэр нөлөөг хэмжих гэж оролдлоо ч өнөөх гогцооны ачаар устаж алга болоод юу өөрчлөгдсөнийг мэдэх гэж оролдох тусам юу өөрчилснийг мэдэхээ байчихна. Ямар ч үндсэн суурь хуультай зөрчилдөхгүй. Яг л бороон дуслуудаас үүссэн долгион хоорондоо мөргөлдсөн ч яадаг ч үгүйтэй адил. Би доктортоо энийг судлахаар шийдсэн! гэж ярив.

Яг галзуу байх...

Тэд доод давхрын, өөрсдийнхөө өрөөнүүдийн чанх доор байрлах өрөөний үүдэнд хүрлээ. Энэ өрөөний хаалган дээр нь хаяг бичээстэй ажээ. Гэвч хаалга цоожтой байлаа.
- Хмм... Бүтэлгүйтчихлээ. Дараа л үзье дээ. Ер нь ус буцалгаж байхаар гараад авчхаач дээ, эсвэл пиво уух уу?
- Орой болзоотой.
- Тэгээд?
- Уухгүй ээ.
- Аа ингэж хэлбэл ойлгоно шт. За ярилцахад таатай байлаа, ус олох ИХ эрэлд тань амжилт хүсье гэснээ залуу өнөө яриагаа үргэлжлүүлж,
- Тэр урсгал зам эгц доошоо, бүр гүн рүү явсан байх аа гэв.

Хүний амьдрал ч юм шиг... 

Тэгээд рок залуу нүд ирмэх зуур алга болчхов. Ярьж байхад нь залуугийн утас дуугарч байгааг ч анзаарсангүй.

- Яасан бэ?
- Яав л гэж... Хайртай шүү гэж хэлэх гээд л залгалаа.
- Би ч гэсэн хайртай шүү.
- Орой долоон цагаас шүү, битгий хоцроорой. Үнсье...
- Тохирлоо. Үнсье...

Утсаар ярьж дуусаад дунд эргэм насны сайх залуу улбар шаргал өнгөтэй шүүгээнүүд эгнэсэн хонгил дундуур цааш алхав. Өнөөх борооны усны тухай бодол хэдийн сарнижээ. Дүүрэн мөрөөдөл ярьсан залуу ч мартагдав. “Ингэхэд өрөөнийх нь дугаар хэд байлаа даа. Нээрэн надтай адилхан шивээстэй байсан уу... Фейнман, диаграмм... За тэр ч яах вэ, хоёр тасалбарын мөнгө хаанаас олъё доо...”

Сэтгэгдэл хэсэг