О.НАМУУН: ТАТАЛЦЛЫН ТӨВ ҮГҮЙ БОЛМОГЦ БИД

Оршихуйг илүү таньж мэдмээр…Яг ийм бодолд автуулсан хоёр дахь ном маань байлаа. Анх “Очир эрхшээгч”-ийг уншаад буддын шашныг судлах хүсэл эрхгүй төрж байсан. Хаа нэгтээ агуйд бясалгаж суумаар, нүгэл, буян, үйлийн үрийг гүнд нь хүртэл ухаж ойлгомоор санагдаж билээ. Одоог хүртэл тэр хүсэл арилж одоогүй л байгаа. Зарим хүмүүс Очир эрхшээгчийг хэт фантазиас нь болоод таалдаггүй ч надад өгүүлж буй бүхэн нь үнэн санагдаж байв.Харин “Хайрын дөчин дүрэм”-ийг уншаад тэр бүх хүсэл буддын шашнаас үүдээгүйг ойлгов. Оршихуйн хуулийг бид өөрсдийнхөөрөө бус бусдын нээсэн замаар (ямар нэгэн шашны урсгал)-аар дамжуулан таньж мэдсээр ирсэн. Өнгөн талынх нь бүх тодорхойлолтоос хальж, оршиж буй юм бүхнийг хөдөлгөдөг тэр хуулийг ойлгож, таних хэрэгтэйг энэ ном ойлгуулж өгөв.40-р дүрэмд: “Хайр үгүй амьдралд утга учир үгүй. Ямар хайр эрж олох вэ гэж өөрөөсөө бүү асуу. Хайрыг оюунлаг болоод материаллаг, бурхных болоод хүмүүнийх, өрнийх болоод дорнынх гэх зэргээр ангилан ялгахын хэрэг ер үгүй. юмсыг хувааж ангилах тусам улам л хуваагддаг жамтай. Хайранд шошго нааж, тайлбар зүүх ямар ч шаардлагагүй. Хайр бол эгэл агаад ариухан, энэ л байгаагаараа төгс. Хайр бол ус. Хайрласан хүн бол гал. Гал, ус хоёр нэгдсэн цагаас эхлээд ертөнц тэр чигтээ өөрчлөгддөг юм.”

 

Руми их усны урсгалд аядуухан хөвж явна. Урсгал түүнийг бүхний оройд аваачих мэт боловч, үнэндээ усны тунгалаг шиг энэ харгуй хов хоосон санагдана. Түүний нэгээхэн хэсэг байгаа бүхнээ алдахаас эрхгүй айдаг бол нөгөө хэсэг нь байгаа бүхнээ хаяад оргүй хоосон мэдрэмжээ л дүүргэхийг хүснэ. Сэтгэлийнх нь шуурга ертөнцийг нь түйвээн, хоосруулж буйг мэддэг ч Руми яах учраа олохгүй яваа нэгэн байлаа. Харин Шамс эсрэгээрээ цоргисон харцаараа хэн бугайн ч үнэнийг дэнсэлж чаддаг ч хайр энэрлээр дутсан нэгнийг харах төдийдөө хайраар дүүргэж, дулаацуулж чаддаг нэгэн байв.Ус бол Руми, харин гал нь Шамс. Тэдний нөхөрлөл хорвоог өөрчлөх хэмжээний хайрын хүчийг үүсгэсэн нь яруу найраг байсан шиг санагдав. Мөн хайрласан хүн өөрийгөө, бусдыг, тэр байтугай хорвоог өөрчилж чаддагийн бодит жишээ Элла байв. Элла хайрыг байгаа чигээр нь хүлээн авахаар шийдэж, сэтгэлээ нээсэн мөчөөс нөхөр нь, Азиз, том охин нь тэр байтугай өөрийнх нь ертөнц бүхэлдээ өөрчлөгдөж эхэлдэг. Нэгэнт амьдралынхаа чиг шугамыг олсон хэмээн итгэж асан Азиз хүртэл Эллагийн ачаар амьдралаа эргэн харахад хүрдэг.Ертөнц үнэндээ хүн бүрийн дотор оршдог гэж хаа нэгтэйгээс уншиж байсан юм байна. Та өөрчлөгдөхөд ертөнц тэр аяараа өөрчлөгдөнө учир нь та ертөнцийг агуулж буй.

”Бид хаана амьдардаг, хэн байхаас үл хамааран дотоод сэтгэлдээ үргэлж дутуу дулимгийг мэдэрч байдаг. Яг л ямар нэг юмаа алдчихаад, түүнийгээ олж авахгүй л бол болохгүй байгаа юм шиг тийм мэдрэмж. Гэвч түүнийгээ олж чаддаг хүн бидэн дунд ховор. Учир нь түүнийгээ эрж хайхаар замд гардаг нь цөөхөн.”Хэзээ нэгэн цагт хүн бүр “амьдрал гэж юу вэ, амьдралынх нь утга учир юу вэ?” гэдэг асуулттай нүүр тулдаг. Цаг нь иртэл чадах ядахаараа бид энэ асуултаас зугтдаг ч, зугтах тусмаа улам төөрдгийг өөртөө санаж авъя. Асуултад эрт хариулт олох гэж хичээх тусмаа оршихуйн хуулийг эрт таньж мэддэг байх. Магадгүй бидэнд хорогдох зүйл бий учраас л зорилго, мөрөөдөл гэх хий хоосон зүйлд автан өдийг төөрөгдөл дундаа бэдэрч яваа биз.Таталцлын төв үгүй болмогц бид өөр өөрсдийн аргаар оршихуйг нээж эхэлнэ.Уй гуниг хийгээд ганцаардал нь угтаа хоёр өөр зүйл билээ. Ганцаардсан үедээ хүн зүг чигээ алдах нь амархан байдаг. Харин уй гуниг бол ондоо. Өөрөөр хэлбэл гуниглана гэдэг ганцаардахгүйгээр ганцаараа байхын нэр. Гэхдээ толины тусгал мэт таныг харж, мэдэрдэг хүнтэй учирвал дээдийн зол тэр билээ. Өөрийгөө өрөөлийн зүрх сэтгэлээс харж гэмээнэ өөрийн дотор нуугдсан бурхныг олж чадмуй.’’

Сэтгэгдэл хэсэг