"Тагтаа" хэвлэлийн газраас үндэсний уран зохиолын залгамж үеийг бэлтгэх, залуу уран бүтээлчдээ дэмжих, сурталчлан таниулах зорилгоор "Tagtaa Prize" утга зохиолын шагналыг хоёр жил тутамд олгодог билээ. Шагналыг өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаант хэсгүүдээр шалгаруулан олгож ирсэн маань уламжлал болж, үгийн урлагийн уран бүтээлч залуусын хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болжээ. Тав дахь жил, дөрөв дэх удаагаа олгогдож буй "Tagtaa Prize-2022" утга зохиолын шагналын уралдаант хэсэгт энэ жил нийт 150 гаруй уран бүтээлч бүтээлээ ирүүлснээс бид орчуулгын төрөлд шилдэг гурван орчуулагчийг шалгаруулан уншигчдадаа танилцуулж байна. Эдгээр залуу орчуулагчаас нэг нь ялагч болж, 2022 оны зургаадугаар сарын 20-нд болох "Tagtaa prize-2022" шагнал гардуулах ёслолын үеэр шагналаа гардан авах юм.
"Tagtaa prize-2022" утга зохиолын шагналын орчуулгын төрөлд шилдэг гурван оролцогчийн нэгээр Т.Осормааг нэрлэж байна. Т.Осормаа 2000 онд Говь-Алтай аймагт төржээ. Одоогоор Оросын Холбооны Улсын нийслэл Москва хотод суралцаж байна. Тэрээр Оросын зохиолч Леонид Андреевын “Хана” өгүүллэгийг орос хэлнээс орчуулан ирүүлжээ. Т.Осормаа өмнө нь "Tagtaa prize-2020" уралдаанд мөн шилдэг орчуулагчийн нэгээр нэрлэгдэж байсан билээ.
Леонид Андреев
ХАНА
I
Би нэгэн уяман өвчтөнтэй хамт өнөөх хана руу хянуур гэгч мөлхөж явлаа. Биднийг дээш өлийн харвал тэгш, шулуухан өндөрссөөр тэнгэрийг хоёр хуваасан мэт хананы хяр нь үл үзэгдэнэ. Бидний талаас тэнгэрийн хаяа бараантан харлаж үзэгдэх тул хаана нь газар төгсөөд, тэнгэр эхэлж буйг ойлгох аргагүй. Газар тэнгэрийн хүчинд автан, аяар аахилан гаслах хар шөнө амьсгалах тоолондоо хэвлээсээ бидний шархыг хорсолтойгоор түлэх халуун, хурц элсээр нулимна.
- Давах гээд оролдоод үзье гэж нөгөө уяман өвчтөн минийхтэй адил гуншаа, ой гутам дуугаар хэлэв.
Тэр надад нуруугаа тавьж өгөн, би нуруун дээр нь гарсан ч хана урьдын адил давшгүй өндөр хэвээр л аж. Хана тэнгэрийн адилаар газрыг ч гэсэн хуваан цавчилж, гуу жалга уруудан давшилж, уул өөд зүтгээд толгой, сүүлээ тэнгэрийн хаяанаас ч чанагш нуусан бүдүүн, цатгалан могой шиг сунайна.
- Энийг эвдээд орхиё! хэмээн уяман өвчтөн санал дэвшүүллээ.
- Эвдье! гэж би санаа нийлмүй.
Хоёул цээжээрээ ханыг дэлсвээс яр шарх маань хөндөгдөн, бидний цусанд будагдсан хана өчүүхэн ч үл ганхан, дүлий дүмбэ хэвээр л. Бид цөхөрч гүйцэв.
“Биднийг алаач! Биднийг хөнөөгөөч!” гэж гангинан мөлхөх биднээс бүгд жигшин нүүр буруулахуйд гүн жигшлээс болж татганах тэдгээр нүүр буруулагсдын зөвхөн ар нурууд нь л үзэгдэнэ.
Тэгсээр бид өлбөрч үхэхийн даваан дээр буй нэгэн хүний дэргэд очлоо. Чулуун ханыг налан суух түүний ёрдойсон далны яс нь ханын чулууг ч холгон өвтгөж байх шиг санагдана. Ясан дээр тохсон арьс төдийхөн үзэгдэх тэр бээрийг хөдлөх бүрий яс нь харжигнан дуугарч, сунжийсан хуурай арьс нь шар шурхийн сарчигнана. Доод эрүү нь санжин, аман доторх хар нүхнээс нь эрвэгэнүүр хоолой:
- Би өл-сөж бай-на гэв.
Бид түүнийг тохуурхан инээлдэж цааш мөлхөөд, бүжиглэж буй дөрвөн хүнтэй таарав. Цонхигор, тарчилсан царайдаа өчүүхэн ч инээмсэглэлгүй тэд бие бие рүүгээ ойртон тэврэлдэж, тэгснээ гэдрэг гишгэн салж, тасралтгүй эргэлдэн бүжнэ. Нэг нь эцэс төгсгөлгүй энэ бүжгээс залхаж ядарсан тул уйлаад, болихыг гуйна. Гэвч өөр нэг нь түүнийг чимээгүй тэврэн эргэлдүүлбээс тэрээр дахин салж, нийлэн бүжихүйд, урагш, хойш хөл тавих тоолонгоор нүднээс нь том гэгчийн булингартай нулимс дусална
- Би бүжиглэмээр байна гэж уяман өвчтэй нөхөр маань хэлсэн ч би түүнийг цааш нь хөтөллөө.
Бидний өмнө хана ахин үзэгдэж, дэргэд нь хоёр хүн явган сууна. Нэгэн хэмнэлээр тогших мэт толгойгоороо ханыг хэдэнтээ мөргөөд л ухаан алдан унах өвгөжөөр нэгийгээ нөгөө нь харан суух агаад эхлээд толгойг нь, дараа ханыг тэмтчин үзэх аж. Тэгээд өнөөхийгөө ухаан ормогц:
- Дахиад оролдоод үзэх хэрэгтэй, одоо ялимгүй жаахан үлдэж гэж хэлнэ.
Уяман өвчтөн инээд алдаж,
- Тэнэг амьтас! гэлээ. Тэгээд зугаатайгаар хацраа төмбийлгөн үлээв. - Тэд ч тэнэг юм даа. Тэнд гэрэлтэй гэж бодож байна. Гэтэл тэнд ч ялгаагүй харанхуй, уяман өвчтөнүүд мөлхөөд “Биднийг алаад өгөөч” гэж гуйж байна.
- Тэгвэл өвгөн нь яах юм? гэж би асуув.
- Өвгөн нь яана гэж? хэмээн мань уяман өвчтөн тэрслүү янзтай дуугараад, - Өвгөн дүлий, сохор, юу ч сонсдоггүй. Тэр ханыг өчүүхэн төдий ч хонхойлгосныг харсан хүн байна уу? Чи харсан уу? Би харсан уу? гэлээ.
Би уурлаж, нөхрийнхөө толгой дээрх цэврүү рүү өвдтөл чангаар дэлсэж орхиод,
- Тэгвэл чи яах гэж мөлхөж байгаа юм? гэж ориллоо.
Тэр цурхирч эхлэв. Би ч цурхирлаа. Тэгээд хоёул цааш “Биднийг алаач! Биднийг хөнөөгөөч!” гэж үглэн бувтнасаар мөлхөв.
Ихэмсэглэн ярваайсан царайнууд эргэж харах ч хэн нь ч биднийг алахыг хүссэнгүй. Сайхан бас хүчтэйг нь болохоор хөнөөж орхисон атлаа бидэнд хүрэхээс айна. Тийм л өөдгүй амьтад!
II
Цаг хугацаа хэзээнээс бидэнд хүртээлтэй байсангүй. Өчигдөр, өнөөдөр, маргаашийн аль нь ч бидэнд үгүй. Шөнө хэзээ ч биднээс холдож байгаагүй. Шөнө уулын цаана очин амраад тэндээс тэнхээжин, тодорч харлаад, амгалан болж ирэх гэсэнгүй. Тийм болохоор шөнө дандаа ядруу, тэнсэж гундсан, дүнсгэр байдаг байв. Шөнө даанч хорон байлаа. Бидний ёолоон гасланг сонсож, бидний шарх, зовлон зүдгүүрийг харахаас тэсвэр нь алдуурах үедээ дүйнгэ цээж нь догшин хилэнгээр буцална. Тэгээд олзлогдож, оюун ухаан нь самуурсан амьтан аятай бидэн рүү архирч, гал дүрэлзүүлсэн хилэнт нүдээрээ гүн хар ангал жалга, бардам тайван харанхуйлах хана, дагжин чичрэх хөөрхий хүн сүргийг төөнөн хорсолтойёо ширтэнэ. Хөөрхий хүмүүс ханыг найз нөхөр мэт санаж нөмөрт нь хоргодон, авран хамгаалахыг гуйх ч тэр хэзээд бидний дайсан байсан. Хэзээд, үргэлж шүү. Шөнө бидний нялцгай зүрх, аймхай занд зэвүүрхэн, мөнгөлөг толбот үүлс- хэвлийгээ мушгируулан чангаар хөхөрч эхлэхүйд, ёрын энэ инээдийг нь өл халзан уулс тосож авна. Хөөрч зугаацсан баргар хана шөнийг дуурайн цуурайтаж, биднээр тохуу хийн чулуу шидэхэд бидний толгой оногдож, биес бяц цохигдоно. Чингэж эдгээр аварга биетнүүд дуу авалцан наадахад салхи зэрлэг исгэрээнээрээ улам хөгжөөж, газрын хэвлээс ямар нэг том юм нь чөлөөнд гарах гэж тогшин, хүнгэнэн үглэхийг бид духаа газарт наан, эмээн чагнаад “Биднийг алаач, хөнөөгөөч” гэж залбирцгаана. Хором бүрд тийн үхсээр бид яг бурхан шиг үхэлгүй мөнхийн болцгооно.
Тийнхүү хөөр цэнгэл болоод галзуу хилэн нь бадарч дуусмагц шөнө гэмшлийн нулимсаар уйлж, хүндээр сүүрс алдан, бидэн рүү нойтон элсээр өвчтөн мэт ханиалган хахирна. Бид баяртайгаар түүнийг уучилж, ядарч чилсэн, сулбагар түүнийг шоолон инээж яг л хүүхдүүд шиг хөгжилтэй болчихно. Өнөөх, өлбөрч буй хүний гангинаа бидэнд нялуун дуу шиг санагдаж, өнөөх эргэж тойрон, салж нийлэн эцэс төгсгөлгүй бүжих дөрөв лүү найруу атаархлын харцаар ширтлээ.
Сайх дөрөв ч хос хосоороо эргэлдэн бүжсээр байхуйд уяман өвчтөн бид хоёр ч бас өөрсдөдөө түр зуурын найз олов. Ямар зугаатай, ямар таатай байсан гээч! Би эмэгтэйг тэвэрвээс цагаахан шүдтэй, яв ягаахан хацартай тэрээр инээн баясах нь хэлшгүй таатай.
Гэтэл яаж ийм зүйл болсныг ойлгох аргагүй ч эмэгтэй баяр баясалтай ярзайх шүдээ хавирч эхэлсээр, үнсэлт нь хазалт болж, баяр баясал нь хараахан арилаагүй чарлаанаар бид нэг нэгнээ хэмлэн мэрж, улайран хөнөөж эхлэв. Мөнөөх эмэгтэй өвчтэй дорой толгойг минь цохиж нүдэн, цагаахан шүдээрээ өм өм хазаж, хурц хумс нь цээжийг минь урж цоолоод хариугүй зүрхэнд минь хүрэх нь үү гэлтэй, хөөрхий намайг, уяман өвчтэй, ядруу намайг хайр найргүй тарчлааж гарлаа. Энэ бүхэн шөнийн уур хилэн, өчүүхэн ч энэрэлгүй хананы инээдээс ч аймшигтай байв. Уяман өвчтэй би уйлж, айж чичрэн, бусдын харцнаас нуугдан хананы дур гутам хөлийг үнсэж, намайг, зөвхөн намайг бие биеэ алж талах галзуучууд байхгүй нөгөө ертөнц рүү оруулахыг гуйлаа. Гэвч өөдгүй, дүлий хана намайг өчүүхэн ч үл хэрэгсэх аж. Би ханыг нулимж, нударгалан балбаж, - Энэ алуурчныг хараарай! Таныг шоолж байна! хэмээн орь дуу тавилаа. Гэвч дуу хоолой минь гуншаа, амьсгал минь өмхий тул уяман өвчтөн намайг хэн ч сонсохыг хүссэнгүй.
III
Би нөгөө уяман өвчтөнтэй хамт цааш мөлхлөө. Эргэн тойрон бөөн шуугиан дэгдэж, мөнөөх бүжиглэгч дөрөв хувцас хунараасаа тоос шороогоо гөвөн, цустай шархаа долоон үг дуугүй эргэлдэн бүжиж гарлаа. Гэвч бид хоёул ядарчээ. Бид өвдсөн, биднийг амьдрал тамтаглана. Замын хань маань мөлхөхөө больж, газар суугаад, хөөж хавдсан гараараа газар шааж гуншаа, муухай хоолойгоор “Биднийг алаач. Биднийг хөнөөгөөч” гэж үглэж гарав.
Дараа нь хоёулаа цочсон юм шиг огцом үсрэн босоод, бөөн хүмүүс рүү дайртал тэд хэдэн тийш тарж бутарсан ч бидэн рүү ар нуруугаа харуулсан хэвээр. Тэгээд бид тэдгээр нуруунд мөргөж гуйлаа:
- Биднийг алаад өгөөч дээ...
Гэвч нурууд хана шиг л үл хөдлөн, дүлий оргино. Хүмүүсийн царайг харалгүй, зөвхөн хөдөлгөөнгүй, дүлий нурууг нь ажих гэдэг үнэнхүү аймшигтай ажээ.
Тэгтэл замын хань маань намайг орхиж одох нь тэр. Хамгийн эхний царай түүний нүдэнд тусваас, өөрийнхтэй нь адил тарчилсан, айхтар үзэмжгүй царай байв. Гэхдээ эмэгтэй хүний царай байжээ. Мань хүн инээн саамганаж, эмэгтэйн дэргэдүүр өмхий самхайгаа ч үл тоон гилжийн алхтал эмэгтэй хариуд нь шүдгүй амаа ангалзуулан инээж, сормуусгүй нүдээрээ духайна.
Тэд гэрлэв. Агшин зуурт бүх царай тэдэн рүү эргэн хармагц, цангинасан инээд нь эрүүл биесийг доргиов. Тэд бие биедээ тун ч элгэмсүү найрсаг загнах нь элэг хөшөөм инээдтэй харагдана. Уяман өвчтөн өөрөө, би ч мөн адил инээлээ. Ийм үзэмжгүй муу төрхтэй, өвчтэй байж гэрлэх нь тэнэг биз дээ.
- Мангар! гэж би маасайн хэлэв. - Чи наад эмтэйгээ юу хийх юм?
Уяман өвчтөн нүүр дүүрэн инээснээ чингэж хариулав:
- Бид хоёр хананаас унаж ирдэг чулуугаар наймаа хийнэ.
- Тэгвэл хүүхдүүдийг яах юм?
- Хүүхдүүдийг алах болно.
Хөнөөх гэж хүүхэд төрүүлнэ гэдэг чинь ямар олиггүй хэрэг вэ. Мөд удалгүй эмэгтэй түүнийг араар нь тавина даа, тийм зальжин харцтай юм билээ.
IV
Духаараа хана мөргөж байсан хүн болон түүнд тусалж байсан хүн ажлаа дуусгасан бололтой, намайг мөлхөж очиход нэг нь хананд шаасан дэгээнээс дүүжлэгдэж орхиод, бие нь ч хөрж гүйцээгүй, харин нөгөөх нь хөгжилтэй дуу аяархан дуулна.
- Яв, очиж өлбөрч үхэж буй хүнд хэл гэж би түүнд тушааваас тэрээр дуугаа аялсан хэвээр дуулгавартай гэгч нь явж одлоо.
Өлбөрч буй хүн хананаас хөндийрөн наашлахыг би харав. Дайвалзан, унаж тусан, ясан хэдрэг болсон тохойгоороо замдаа таарсныг ёворч чичлэн, нэг бол дөрвөн хөллөөд эсвэл газар элэглэн мөлхөж, хүн дүүжлэгдсэн хана руу ирээд шүдээ хавиран, хүүхэд шиг жаргалтайгаар инээв. Түүнд өл залгуулахад ганц хөл нь л хангалттай! Гэсэн ч тэр хожимджээ, бусад хүчтэй этгээд түүнээс өрсөв. Бие биесээ шахан түлхэж, самардаж маажилцсаар хүүрийг хэдэн талаас нь бүчин авч, тамшаалан зажилж, мөлжсөн ясаа тас няс хийлгэн шидэлцгээнэ. Хөөрхий, өлбөрч буй хүнийг ойртуулсангүй. Тэр явган суугаад, бусдыгаа харангаа хөрзгөр уруулаа долоон, харласан том амнаас нь тасралтгүй улих мэт чимээ гарч:
- Би өл-сөж бай-на гэв.
Уг нь тэр өлбөрч буй хүний төлөө үхсэн байтал өнөөхөд нь өрөөсөн хөл битгий хэл үмх мах ч оногдсонгүй. Инээдтэй юм. Би ч инээж, нөгөө уяман өвчтөн маань ч инээд хадааж, түүний эхнэр ч тэр сормуусгүй нүдээ анивчиж чадахгүй, зальжин гэгч жуумалзана.
Харин өлбөрч буй хүн улам чангаар, ууртайгаар:
- Би өл-сөж бай-на гэж улив.
Хоолойных нь сөөнгө арилж, час хийсэн хачин төмөрлөг, янгинасан тод дуу өөдөө цойлж, хана мөргөн ойгоод харанхуй жалга, буурал зулайт уулсын оройн дээгүүр нисэн одов.
Удалгүй хананы дэргэд цугласан сүрэг царцаа шиг олон шуналтай бас өлсгөлөн хүн сүрэг бүгд улинам. Тэгтэл шатсан газар бас царцаа адил тэсэж барамгүй зовлонгоосоо болж чулуун амаа том ангайж, гаслан гийналаа. Өрөвдөлтэй, нарийхан гарууд татганасхийн хана өөд тэмүүлэх нь исгэрэх салхинд найгах хуурай модод шиг үзэгдэнэ. Сүүхийлдсэн хад чулууд чичирхийлж, хөхөлбөр үүлс ч айн зугтмаар хүйтэн цөхрөл тэдгээр гарт шингээстэй. Гэвч хөдөлгөөнгүй, сүрлэг, өндөр хана өмхий чигжүү агаарыг нэвчин зүсэх улианыг чулуун бие дээрээ хайхрамжгүй ойлгоод, буцаан чулуудна.
Хана руу дүрлийн ширтэх бүхний нүдэнд гал цог бадрав. Мөдхөн хана нуран унаад, шинэ ертөнцийг нээнэ гэж тэд итгэн хүлээх аж. Гэвч итгэлдээ сохорсон тэдэнд хүний цус, тархиар ундаалсан чулуун могой ёроолоосоо орой хүртлээ чичирч үзэгдэв. Магадгүй бидний нүдэнд нулимс цийлгэнэснээс тэр байж болох ч, хана хөдөлж байна гэж бодохын төдий бидний улиан чарлаан улам өндөрсөж, хангинан цуурайлж ирлээ.
Уур хилэн бас удахгүй амсах ялалтын хөөр цэнгэл бидний улианд нэвт шингээстэй сонсогдоно.
V
Тэгэхэд юу болсныг хэлье л дээ. Хацар нь унжиж хуурайшсан, хөгшин өлөн чононы дэл шиг сангарцагласан урт үстэй туранхай, хөгшин эмэгтэй чулуун дээр гарч зогсов. Урагдаж салмараад тамтаг болсон хувцасных нь цаанаас ясархаг шар мөр нь, олон ч хүнд амьдрал залгуулснаас гэдсэн дээрээ унжсан хөх нь ил гарчээ. Тэрээр гараа хана руу явуулахад бүгд дагуулан харлаа. Ярьж эхлэхэд нь өлбөрч буй хүний цөхрөлт гийнаан, зовлон тарчлаан дуу хоолойноос нь мэдрэгдэнэ.
- Хүүг минь надад өг! гэж эмэгтэй хэлэв.
Бүгд чимээгүй болж, хана эмэгтэйд ямар хариу өгөхийг хүлээн хорсолтойёо инээд тодруулна. Удалгүй ханан дээр эмэгтэйн “миний хүү” хэмээн өчих тэр хүний тархи нь цусан саарал толбоор сацарч, бид өөдгүй алуурчны хариултыг тэсэж ядан, заналтайгаар хүлээв. Тэнгэрт хөвж яваа үүлсийн чимээ сонсогдом тийм нам гүм нөмөрлөө. Хар шөнө энгэртээ гаслал гангинаагаа түгжин, гагцхүү бидний шархыг түлэх халуун элсээ нулимна.
- Хэрцгий амьтан, хүүг минь надад өг! гэж эмэгтэй ахин гашуудалтай бөгөөд ширүүнээр шаардлаа.
Бидний инээмсэглэл улам хорсол, занал дүүрэн болж ирсэн ч өөдгүй хана ганц үг ч унагасангүй. Тэр үед хүмүүс дундаас нэгэн сайхан төрхтэй өвгөн ширүүлэн гарч ирээд эмэгтэйн дэргэд зогсов. Тэгээд эмэгтэйн нэгэн адил,
- Хүүг минь надад өг! гэж шаардлаа.
Аймшигтай бас инээдтэй байсан гэж жигтэйхэн! Нуруугаар минь хүйт даан дагжин чичирч, хамаг булчин шөрмөс үл үзэгдэх сүрлэг хүчний далайлтад агшиж, миний замын хань намайг ташаагаараа ёворч, шүдээ хавирахад амнаас нь өмхий амьсгал давлагаа мэт түрэгдэн гарна.
Тэгтэл бас нэг хүн бөөн хүмүүс дундаас урагш давшин гарч,
- Ахыг минь надад өг! гэвэй.
Бас өөр нэг хүн гарч ирээд,
- Охиныг минь надад өг! хэмээв.
Эр эм, хөгшин залуу хүмүүс олноос сугаран гарч ирсээр, гараа урагш сунгаваас тэдний гашуун эрэлт хүсэлт нь хаа сайгүй хахиртан цуурайлав.
- Хүүг минь надад өг!
Уяман өвчтөн миний ч бас сүр хүч, зүрх зориг буцлаад ирлээ. Би урагшаа гараад чангаар, заналтайгаар,
- Алуурчин! Намайг эргүүлээд надад өг! гэж хашхирав.
Гэвч хана анир чимээгүй дүнсийнэ. Худал хуурмаг, олиггүй өөдгүй тэрээр чихгүй дүлий царайлахад хоржоонт инээд шарх сорви дүүрэн хацрыг минь хорсгож, дэндүү их хилэн бидний өвчтэй зүрхийг дүүргэв. Гэсэн ч хана биднийг үл хайхран, нам гүм хэвээр. Тэгтэл эмэгтэй чөргөр туранхай гараа ууртай далайж,
- Хүүхдийг минь алсан чи хараагдах болтугай! гэж хараан зүхэв.
Өнөөх сайхан төрхтэй өвгөн аанай ширүүнээр,
- Хараагдах болтугай! гэж түрэв.
Араас нь мянга мянган хоолой,
- Хараагдах болтугай! Хараагдаг! Хараагдаг! гэж хөрст газрыг хөвөлзтөл гаслан түрлээ.
VI
Хар салхинд эрчлэн хуйларсан далайн давлагаа хадан хясааг хамаг эрчээрээ мөргөөд буцах шиг хар шөнө мөн гүнзгий амьсгаа авахуйд харагдах ертөнц нэлэнхүйдээ үелзэн долгилж хорсож хилэгнэсэн мянган цээжээрээ нэгэн зэрэг ханыг мөргөх шиг болов. Тэртээ өндөрт хуйлрах үүлсийн хэвлийд бөөн цус үсрэн тусаж, үүлсийн өнгө улааран хувираад тэнгэрээс улаан цуурай нүргэлэн газарт бөөн улиан гаслаан хадаах олны дээрээс ниргэх мэт боллоо. Өгүүлшгүй их өвдөлтөөс болж ёолох олны дуу чимээ сарнин замхравч хана хөдөлшгүй бат хэвээр. Гэсэн хэдий ч тэр ичингүйрэн даруухан зогсох биш, оноох хэлбэр дүрсгүй мэлмий нь баргар, тайван заналтай харцаар халиаж, бардам төгс хатан лугаа адилаар хондон улаан цуст нөмрөгөө мөрнөөсөө алгуур мулталбаас нөмрөгийнх нь хормой бөөн эрэмдэг хүүрүүдийн дунд замхран алга болном.
Хором бүрд тийн үхсээр бид яг бурхан шиг үхэлгүй мөнхийн болцгооно. Хүн сүргийн урсгал дахин нэгэнтээ эрчилж, бархиран чарласаар хамаг чадлаараа ханыг мөргөнө. Тэгснээ дахин нүр хийн зайлцгааж, ядрал зүдрэлийнхээ эцэст тултал, амь үгүй бат бөх нойр, үүрдийн нам гүм иртэл энэ янзаар хана руу эрчлэн дайрсаар л байх аж. Уяман өвчтэй би хананы яг хажууханд зогсоод бардам хатан мэт хана ганхаж унахаас айсандаа чулуу нэг бүрээр нь чичрүүдэс дамжин гүйхийг анзаарах нь тэр. Чингээд би,
- Тэр унаж байна! Ахан дүүс ээ, тэр унаж байна! гэж хашхичлаа.
Харин тэд над руу харж,
- Уяман өвчтөн, чи эндүүрч байна гэх аж.
Хариуд нь би,
- За яахав, хана ингээд зогсож л байг, гэвч хүүр болгон оройд нь хүрэх шат биш гэж үү? Бид олуулаа, бидний амьдрал тамтай. Ханын ёроолд хүүр зулъя. Хүүр дээр хүүр нэмж тавьсаар оройд нь хүрье. Хэрвээ эцэст нь ганц ч атугай хүн үлдэж гэмээнэ, тэр шинэ ертөнцийг харах биз ээ.
Тэгээд би найдвар тээсээр эргэн хартал, хэнэггүй олны ядруу атал тарган ар нурууд л үзэгдэв. Бүжиглэгч дөрөв эцэс төгсгөлгүй эргэлдэж, хар шөнө өвчтөн шиг нойтон элсээ нулимж, харин гуйвшгүй хана ихэмсэг сүүхийсэн хэвээр.
- Ахан дүүс минь! гэж би гуйж гувшлаа. Ахан дүүс минь!
Гэвч хоолой минь гуншаа, амьсгал минь өмхий тул уяман өвчтөн намайг хэн ч сонсохыг хүссэнгүй.
Эмгэнэл!... Эмгэнэл!... Эмгэнэл!...
Сэтгэгдэл хэсэг