"Тагтаа" хэвлэлийн газраас үндэсний уран зохиолын залгамж үеийг бэлтгэх, залуу уран бүтээлчдээ дэмжих, сурталчлан таниулах зорилгоор "Tagtaa Prize" утга зохиолын шагналыг хоёр жил тутамд олгодог билээ. Шагналыг өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаант хэсгүүдээр шалгаруулан олгож ирсэн маань уламжлал болж, үгийн урлагийн уран бүтээлч залуусын хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болжээ. Тав дахь жил, дөрөв дэх удаагаа олгогдож буй "Tagtaa Prize-2022" утга зохиолын шагналын уралдаант хэсэгт энэ жил нийт 150 гаруй уран бүтээлч бүтээлээ ирүүлснээс бид хүүрнэл зохиолын төрөлд шилдэг гурван зохиолчийг шалгаруулан уншигчдадаа танилцуулж байна. Эдгээр залуу зохиолчоос нэг нь ялагч болж, 2022 оны зургаадугаар сарын 20-нд болох "Tagtaa prize-2022" шагнал гардуулах ёслолын үеэр шагналаа гардан авах юм.
"Tagtaa prize-2022" утга зохиолын шагналын өгүүллэгийн төрөлд шилдэг гурван оролцогчийн нэгээр Ганзоригийн Барсболдыг нэрлэж байна. Г.Барсболд 1996 онд Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн. Яруу найргийн "Өгөөмөр харцанд тань", "Ялагдал" түүврүүд хэвлүүлжээ. Одоо "Сэлбэ" сургуулийн монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байна.
ЭШ ҮЗҮҮЛЭГЧ
1. Зовнил
Дунд сургуулийн төгсөгч надад ганцхан л сонин зүйл байлаа. Хувийн хэрэг. Суурь боловсролоо эзэмшиж дуусангуутаа хатуу идээ амсаж үзсэнийг ангийн багш л мэднэ. Гэдэс дотор нь хөндүүрлэж, амьдрал анх удаа хүнд дарамттай санагдсан тэр өглөө аяга тагшинд хамссан хэдэн нөхөдтэй хамт /нэг нь л байхгүй/ арван хором цэх зогсоход аанай л хөл нь өөрөө нугларч алсдаа амьдралд ийн сөгдөнө гэдгийг бэлгэдэж ёрлох мөч байлаа. Цагдаа ирсэн ч багш гадаа уулзаад буцаав. Орж ирээд зодох юм санатал “Сургуулийн түлээ бэлтгээрэй. Шийтгэл чинь тэр.” Гэснээс өөр юм хэлж эцэг эх ч дуудсангүй. Эцэг эх дуудаад ч алслагдмал бяцхан сууринд аав ээжтэйгээ суудаг хүүхэд үгүй л дээ. Хөдөө мал дээрээ байгаа хүмүүс хүүхдийнхээ ихэнх асуудлыг тэгсхийгээд өнгөрөөдөг гэдгийг хэн ч андахгүй.
Сургуулийн гоо охидын нэгэнд үхтлээ дурлаад захиа бичээд сууж ахуй, үе нь эвдэрсэн нарийн хуруугаар багш л зөв бичихийн алдаатай үгэн дээр дарахдаа бусдад зарлаж, булай булхайгаар нь дуудаж байсангүй. Гэхдээ л энэ байтугайг минь мэдэж байгаа хэр нь дуугай л өнгөрөөгөөд байсны учрыг нь олох хүсэлтэй болгосон хүн нь мөн л багш. Олон хоног хэл чимээгүй алга болсных нь дараа одоогийн шанаагаар батга улайран туурсан урт халимаг тавьсан өргөн шанаатай төрх минь бус тунгалаг хар нүдтэй духаа дүхийлгэж мөрөө хавчсан жаахан хүүгийн зураг нүүрэн дээр нь наасан цагаан дэвтэр харуулж байлаа. “Хувийн хэрэг дээр чинь бүх зүйлийг бичдэг юм. Амьдрал туршид чинь чиний хүүхэд насыг эндээс хэн нэгэн уншдаг. Энд муу муухай зүйл бичүүлмээргүй байвал ёс горимыг үхтлээ бариад ч яахав дундуур нь яв” гэсэншүү үг хэллээ. Үгийг сонсоод л миний хүн зодсон, хичээлдээ хойрголсон, гэр лүүгээ оргож гүйсэн, муур тамласан, худлаа хэлсэн бүхэн нэг нэгээр тоологдож гүйлэгдэхэд би хоёр хоног л хичээлдээ шамдсан даа...
Дэгэнцсээр нэг юм төгслөө. Бидэнд дүнгийн хуулгатай гэрчилгээ, хувийн хэргийг гардуулангуут л багийнхаа зурагтай жижигхэн цагаан дэвтрийг сөхөж үзлээ.
“...Сурагч Б нь хичээлдээ идэвхтэй. Анхаарлын төвлөрөл түр зуур. Ар гэрийн анхаарал дунд зэрэг...” Гэсэн үгс анги бүр дээр эхлэхээр нь тайвширлаа. Энд юу ч байдаггүй юм байна. Ирээдүйд хэн ч сөхөж Хараад миний бүх зүйлийг мэдэхгүй гэдгийг мэдрэх таатай байлаа.
2. Хавх
Эцэсгүй цагаан талд юм бүхэн ойр харагдана. Алтайн нурууны төгсгөл бага Богд уулын нуруу манай гаднаас үргэлж харагдах ч сайвар морь гурвыг хөтлөөд арав өдөр явж хүрдэг юм билээ. Гэтэл арван өдөрчийн газраас нь инагш зэрэглээ ч татахгүй энүүхэнд харагдана гээч. Нэлийсэн их тал салхинаас өөр чимээгүйд чонын том хар хавх сэг зэмэн дээр тавиад буцсан арван наснаасаа хойш бидний үеийнхэн анчин болдог билээ. Шөнө нойр сэрвэлзэхүйд чонын хавх хөхтний хөлөнд бууж байгаа “тасс” хийх чимээ сонстох шиг л болдог сон. Дом ч гэмээр юм уу? Анх тавьснаас хойш балчирхан гавар ч тоож гишгээгүй аварга хавханд минь зээр орж хөлөө орхиод явсныг аав харчхаад “Одоо олз тасрахгүй ээ. Хавхаа холхон зөө” гэж билээ. Түүнээс хойш хавх минь үнэхээр хоосон хонож байсангүй. Үнэг хярсханаас эхлээд боохой хүртэл өртөж л явлаа.
Харин өнгөрсөн намар би ангийнхаа хэдэн хөвгүүнтэй анд явсан юм. Төгсөх ангийнхан гэдэг эрх чөлөөтэй хүмүүс. Өвөлжөөнөөс нүүхдээ ангайлгаж орхисон хавхаа эргэж очиход амьд амьтангүй мэт дүнсийх тэр талын элсэнд зэвэндээ баригдчихсан улаан төмөр л байлаа. Араар сундлах хөвгүүндээ хар сүүлтийн эвэр хуга цохисон, ам нь эс тэнийх хавхаа ооно дэлсээрэй гээд бариулчхав. Ингээд бид цаашаа халиун шаргал оонын тэргүүнтэй зээрийн сүргээс түрүүчийг тасдан дугуйгаар элдэв. Тарган ооно ганцаар нь салган араас нь хөөсөөр бахардуулан унагалаа. Ардаа сууж байсан хүүхдийг нудрахад гүйж очоод барьж авснаа яахаа ч мэдэхгүй зогсоод л байх юм. Хүзүүг нь мушгиачээ гэхүйд өнөөх маань мөр нь чичрэн толгой гудайлгав. Би дугуйнаасаа буугаад түүн рүү хөл гишгэх гэтэл шагайн тушаа “тасс” хэмээн дуугараад дагзны ар хүртэл жирс гээд сөхөрлөө. Хамт явсан нөхөд тал талаас ирж, байдгаар минь сэгсэрч байж намайг ухаан оруулахад хажууд дэлгээтэйгээ зэвэрсэн хавхны хоёр хавирга хавчаатай харагдлаа. Араар сууж явсан хүү л эцсэн ооно руу яаран гүйхдээ хавхаа дор хаясан байх нь. Очоод эцсэн оонын нүд рүү ширтсээр гар нь суларч, нулимс цаанаасаа ивлээд ирсэнд орой нь эзэнгүй өвөлжөөн дээр оонын боодог хийн, гал тойрч суухдаа уйтгарлан ярьж билээ. Угаас ийм ангийн орой хэн нэгэн зуурд бусаар үхэх гэж буй амьтны айсан нүд рүү живсэн тухайгаа ярих нь олон доо.
3. Бид заримдаа хардаггүй
Дунд сургуульдаа дурлаж хайрласан өнөөх гоо охин төгсөөд байдаг л нэг хүн шиг харагддаг болсон. Байдаг л нэг гэдэг нь ч юу билээ. Ямартаа ч намайг хазгар болохоор өрөвдсөн үү бид хамт амьдарсан. Би хавханд гэмтээсэн хөлөө чирсээр шатахуун түгээх газар ажиллаж байна. Энд ажиллахаар гэрчилгээ хувийн хэргээ барьсаар ирэхэд бичиг баримтын тамга тэмдгийг л шалгасан болоод цааш нь хийсэн дээ.
Харин өчигдөр шөнө гараатай хонож байхдаа өөрийнхөө бичиг баримттай цаасыг гүйлгэж харж байгаад хувийн хэргийнхээ хамгийн арын гурван хуудас дүүрэн багшийн тэмдэглэлийг санаандгүй олж харсан юм. Тэнд сурагч Б нь гэж эхлэсэнгүй.
“Чам шиг сурагч ирээдүйд азгүй хүн болдог юм. Ийн зоригтой бичиж буйн учир нь намайг хувийн хэргийг чинь хүн бүхэн уншдаг гэхүйд чиний айж цочсон царай. Чи тэр үгийг төгсөн төгсөх хүртлээ санаж явсан бол азгүй нэгэн биш л байх байлаа. Магадгүй чи бичсэнийг минь уншихгүй өнгөрч ч болно.
Азгүйчүүд хүүхэд байхаасаа л ялгардаг. Тэдэнд зүгээр л хардаг нүд заяаж, хайнга зангаар хувь заяа шагнана. Нөхөдтэйгээ архи уугаад надад дөрөвхөн сурагч л илчлэгдсэн. Бусад чинь зүгээр л гэртээ шартаж хэвтээд банга, зангаас мултран үлдэж буйг тунгааж бодоогүй нь ганцхан чи. Ирээдүйд чамайг хэн нэгэн хорлож байлаа ч тэр нь санаандгүй хэрэг байхын дохио. Жишээ нь чи алт ухагч байгаад агуй руу орсон даруйд аманд нь суусан хүн шороогоор дарж мэднэ. Тэр энүүхэнд. Чамайг өрөвдөгсөдийг согтуудаа ч болтугай үзэн ядаарай. Тийм бардам зангүй азгүй хүн болвол араас нь үхэн хатан дурлаж явсныг мартаад Үржээ хүртэл чамтай дэр нэгдэхийг аль гэхэв.
Үржээтэй гэрлэсэн бол эртхэн орхихыг бодоорой. Монгол хэлний үгс хөгжлийнхөө явцад авиагаа хасаж, басхүү үгс авиа нэмж авдаг. Авиа хасагдах зарчим бол хэл шинжлэлийн хамгийн сайн сайхны жишээ санагдана. Бод л доо. Умартах гэдэг үг “у” үсгээ мартаж чадаж байгаа биз дээ.
Огт төсөөгүй жишээ авсанд өршөөгөөрэй. Чи ангийнхаа хавханд хөлөө авчхаад удаж удаж эмнэлэгт ирснээ санадаг уу. Би одоо хөлийг чинь ямар байсныг сайн санахгүй байгаа ч чиний шархны нялуун өмхий үнэртэх шиг болж байна. Хавх чинь хэзээ ч хоосон хонож байгаагүй бол харганаар домнож салгадгийг мэдээгүй байх л даа. Гэхдээ л хавхтайгаа хамт чиний аз заяа харьчихсан юм шиг харагдсаар чи сургуулийн хаалгаар орж ирсэн дээ. Хэний ч нүдэнд өртдөггүй байснаа гэнэт хүн бүхний өрөвдөнгүй харцан дундуур алхах чамд аймшигтай мэдрэмж төрүүлээгүй юм шиг байна лээ. Чамд иймхэн мэдрэмж байхгүйд л чиний хамаг азгүй чинь оршиж байгаа юм.
Хүүхдүүд сурагч байхдаа бүгд л тэнэг байдаг. Харин чи өрөвдмөөр гэнэн хүү байсан. Ийм хөвгүүд том болоод мөрийтэй тоглоомонд хэзээ ч хождоггүй. Хов живийг чалчдаггүй. Ер нь үг ч дуугардаггүй хүн болж өсдөг. Чи өөрийгөө өрөвдсөндөө эндээ л үлдэнэ. Тэгээд өдөржин шатар тоглодог хэдэн өвгөчүүлтэй найзалж, өөд болох хүртлээ дув дуугай амьдарна. Чамайг сурагч байхад чинь хэн ч тэнэг гэж бодоогүй үйлийн үр дөч хүртэлх амьдралд чинь эргэн ирнэ. Хүн амьдралдаа болоод л байдаг юм. Гэхдээ чи эрдмийн оргил үзэхээр заяасан шинж тэмдэгтэй байж билээ. Тэмдэг чинь аажмаар арилсныг чи л өөрөө мэднэ.
Хувь заяа чинь ивээвээс чи гэгээрнэ. Тал нутгийн шуургаа хараан зүхсээр гань ганцаар гэртээ орж иртэл гэнэт оюун санаа тань гэрэлтээд л ирвэл тэр л чиний утга учир болтугай...”
Гэхдээ тэр хавх бүр зэвэнд идэгдчихсэн харгана хийгээд ч буухгүй л байсан даа гэж бодохдоо багштай уулзмаар байлаа. Юун тэмдэг билээ. Би эхнэрээ орхиод явж чадахгүй л дээ. Намайг нээрэн хүмүүс өрөвдсөн харцаар хардаг гэж үү? Багштай уулзмааргүй болчихлоо.
Үүр хаяарах үеэр холоос яваа бололтой хүмүүс шатахуун авлаа. Тээшин дээр сав байгаа гэж эр нь хэлтэл цаанаас эмэгтэй хоолой “Хөөрхий хөл муутай амьтан байна, чи өөрөө гараач!” гэх сонсогдов. Эр нь унаанаасаа гарч ирж ахуйд би шатахуун түгээгүүрийг орхин харьж явлаа. Араас хөөе чи ажлаа хийгээч ээ гэх баргил дуу хуйтай салхитай цуг намайг дайрлаа.
Сэтгэгдэл хэсэг