"Тагтаа" хэвлэлийн газраас үндэсний уран зохиолын залгамж үеийг бэлтгэх, залуу уран бүтээлчдээ дэмжих, сурталчлан таниулах зорилгоор "Tagtaa Prize" утга зохиолын шагналыг хоёр жил тутамд олгодог билээ. Шагналыг өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаант хэсгүүдээр шалгаруулан олгож ирсэн маань уламжлал болж, үгийн урлагийн уран бүтээлч залуусын хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болжээ. Тав дахь жил, дөрөв дэх удаагаа олгогдож буй "Tagtaa Prize-2022" утга зохиолын шагналын уралдаант хэсэгт энэ жил нийт 150 гаруй уран бүтээлч бүтээлээ ирүүлснээс бид энэ долоо хоногт "Яруу найргийн төрөл-д шалгарсан шилдэг таван оролцогчийг нэрлэн, уншигчдадаа танилцуулж байна. Эдгээр таван яруу найрагчаас нэг нь ялагч болж, 2022 оны зургаадугаар сарын 17-нд болох "Tagtaa prize-2022" шагнал гардуулах ёслолын үеэр шагналаа гардан авах юм.
Tagtaa prize-2022" утга зохиолын шагналын яруу найргийн төрөлд шилдэг таван оролцогчийн нэгээр бид Ганзоригийн Барсболдыг нэрлэж байна. Г.Барсболд 1996 онд Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн. Яруу найргийн "Өгөөмөр харцанд тань", "Ялагдал" түүврүүд хэвлүүлжээ. Одоо "Сэлбэ" сургуулийн монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байна.
***
Нялуун, амтлаг жигнэсэн гурилын үнэрээр урих
Нарийн боовны мухлагийн хажуугаар өнгөрөхүй
Намрын ийм хотод дасаж буй хэд дэх жил минь билээ дээ.
Орц хонгилууд удахгүй өвлийг тосохдоо бэлдэж
Орон гэргүй хүмүүст эзлэгдсэн
Орон хотод дайсагнаж буй хэд дэх жил минь билээ дээ.
Чихэрлэг, сүүн зайрмагийн худалдагч
Чиний, наршаад халууран буй зүүдний эзэн болох
Чийрт энэ хотоос зугтахыг хүссэн нь хэдэн жил билээ дээ.
Жил сар улиран бүхүйг гүн ухаантан л ажиглаж
Залуу охид дулаахан өдөр гоо сайхнаа л гайхуулах
Залхуу, бохир хот миний амьдралыг
Зугаа төдийхнөөр үрж чадсангүй.
Огторгуй сансрын тухай уншаад
Оёоргүй ертөнцийн тоос нь болтлоо өчүүдэж
Орон дээрээ зүгээр хэвтсээр амьдралаа үрчихлээ.
***
Давка-даа
Балжи Бамбаев хэлмэгдүүлэлтийн үед шоронд хоригдохуйд
Буриад найз нь баас бохир хагас дүүргэсэн ачаандаа нуугаад
Сэлэнгэ мөрөнд авч ирсэн тухай өгүүллэг бичиж буйг минь
Сэтгэцийн эм, нойрны шүлгүүдээ орой бүр уухыг минь
Чи л сануулахгүй бол би яажшуухан амьдрах билээ.
Сэрүүлэгтээ нүдээ ч нээхгүй, өглөө бүр унтаж хоцроход минь
Сэмхэн хаалгаа хаах гэснээ намайг удаан ширтдэгийг чинь мэдрэх нь
Чиний мөнхийн асуулт хайртай юу? гэдгийн хариулт нь мөн.
Чиний мөнхийн асуудал би байдагт баярладаг нь үнэн.
Алтайн нурууны адгаас Хангайн нуруу хүртэл хүнд харагдахгүй
Алхсаар хүрсэн ламын тухай урт урт яриа тэмдэглэснийг
Амралтын өдөр гэрээ цэвэрлэхдээ чи л салхи оруулж нээхгүй бол
Аавтайгаа утсаар ярих, нулимстай түүх бичихийг чи сануулахгүй л бол
Амьдралдаа би юухныг ч тоохгүй амьдарсаар байх юм.
Хүүгийнхээ багшийн нэрийг ч мэдэхгүй намайг
Хайнга мартамхайгаар дуудлаа ч
Хайнга мартамхайг минь мартдагийг мэднэ.
Хайр бол юухан хээхэн төдий гэдгийг өдөр бүр мэдэрнэ.
Балархай 1.
Цахилдагийн яргуй газар түрэхийг мэдэрдэг зөнтэй байлаа.
Чи яг тийм зөнгийн тухай яриулах гээд чадаагүй өдрүүдэд
Би яг ингээд үгсийг орхиод, дүрсийг мартана гэж санаагүй юм шүү.
Аяар гар чинь сэвлэг илбэх нь салхи уядах адил
Амьдралдаа даанч салхи, тал хоёроос уйдаж орхисон би
Уудмын тухай зэрэг бодлогоширвол
Уйд нэвтэртлээ сууя гэсэн ч
Уяхан гар чинь гуниг ганьхралд минь
Угт нь хүртэл гүн дүрээтэй юм.
Зүүд арай үнэн баймаар хоосон амьдарч буйгаа
Зэмлэл сонсохоороо, хэтэрсэн магтаал дуулахаараа
Заримдаа уйлахаараа л мэдэрч ганцаарддаг байлаа.
Охидод дурлах хүртлээ би ганцаардаж үзээгүй л дээ
Орчлонгоос биднийг тасалдаг нь гоо сайхан гэж мэдээд
Ой гутмаар байсан ч одоо дасчихсан юм шүү.
Дахиад өөрийнхөө тухай бичихгүй нь магад
Дорой гутрангуй хөвгүүнийг яах эсэхээ
Дандаа боддог нүүрний үрчлээ шигээ
Дэндүү сайн мэддэг болоод амьдрал эхэллээ.
Г.Барсболдын шүлгүүдэд яруу найрагч, зохиолч М.Уянсүх сэтгэгдэл ирүүллээ:
Г.Барсболдын шүлгүүдийг уншихаасаа өмнө би түүний тухайд үеийнх нь нөхдөөс нэг бус удаа сонссон бөгөөд тэд цөм дуу нэгтэй сайшааж байсныг тод санаж байна. Үүнээс үзэхэд Г.Барсболд үе тэнгийнхэн дундаа хүлээн зөвшөөрөгдсөн найрагч аж. Харин миний зүгээс хэлэхэд эдгээр шүлгүүд нь өнөө цагийн залуусын идэвхийлэн бичээд буй тэр сэдвийг хөндөхийг хичээж, тэр ая дангаар бичигдсэн нь анзаарагдав. Хэдийгээр залуу насны бодол хөнгөн, гуниг нимгэн байдаг гэлцдэг ч Г.Барсболдын шүлгүүдээс яах аргагүй нэг тийм дотоод амь мэдрэгдэх шиг. Басхүү цаг үе бүхэн өөрийн хэлтэй, өөрийн гоо зүйтэй байдаг гэдэг. Тэгэхээр би өөр юу нэмж хэлэх сэн билээ? Түүний цаашдын замд амжилт хүсэх л үлдлээ.
"Чи яг тийм зөнгийн тухай яриулах гээд чадаагүй өдрүүдэд
Би яг ингээд үгсийг орхиод, дүрсийг мартана гэж санаагүй юм шүү..."
Сэтгэгдэл хэсэг