"Тагтаа" хэвлэлийн газраас үндэсний уран зохиолын залгамж үеийг бэлтгэх, залуу уран бүтээлчдээ дэмжих, сурталчлан таниулах зорилгоор "Tagtaa Prize" утга зохиолын шагналыг хоёр жил тутамд олгодог билээ. Шагналыг өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаант хэсгүүдээр шалгаруулан олгож ирсэн маань уламжлал болж, үгийн урлагийн уран бүтээлч залуусын хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болжээ. Тав дахь жил, дөрөв дэх удаагаа олгогдож буй "Tagtaa Prize-2022" утга зохиолын шагналын уралдаант хэсэгт энэ жил нийт 150 гаруй уран бүтээлч бүтээлээ ирүүлснээс бид энэ долоо хоногт "Яруу найргийн төрөл-д шалгарсан шилдэг таван оролцогчийг нэрлэн, уншигчдадаа танилцуулж байна. Эдгээр таван яруу найрагчаас нэг нь ялагч болж, 2022 оны зургаадугаар сарын 17-нд болох "Tagtaa prize-2022" шагнал гардуулах ёслолын үеэр шагналаа гардан авах юм.
"Tagtaa prize-2022" утга зохиолын шагналын яруу найргийн төрөлд шилдэг таван оролцогчийг танилцуулсан билээ. Гэвчиг бид уралдааныхаа журамд жаахан уян хатан хандаж, нэгэн шүлэгчийг та бүхэндээ нэмж танилцуулахыг хүслээ. Тэр авьяаслаг шүлэгч бол Оюун-Эрдэнийн Отгонсүрэн юм. Тэрээр 2002 онд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрж, Даланзадгад сумын 1-р сургуулийг 2018 онд төгссөн. Одоо МУБИС-ийн монгол хэл, уран зохиолын багшийн ангийн 4-р курсийн оюутан.
ТАНД БИ ХАЙРТАЙ БАЙЛАА
(А.Пушкины шүлгийн нэг мөрөөс үүтгэн бичсэн шүлэг)
Өнгө өнгийн бөмбөлгүүд
Хана туургагүй оршихуйд хөвөөд
Хаа нэгтээ шүргэхийн төдийд
Хачин, тэсгэлгүй хагарах шиг
Танд би хайртай байлаа.
Саа туссан эмгэнийх мэт,
Өрөвдөлтэй чичрэх хуруудаа
Өөрт тань ганц л хүргэчихвэл
Эдгэрнэ гэж санах шигээ
Танд би хайртай байлаа.
Сандруу тэвдүү,
Үг ч уруул давахгүй өдрүүдэд
Санаж үгүйлснийг минь
Зүрхний цохилт хэлнэ гэж итгэдэг шигээ
Танд би хайртай байлаа.
Хүрэмний тань дотоод халаасанд зурвас үлдээж
Зурваст хүрсэн хурууны минь хээ
Таны хуруудад тэмтрэгдэнэ гэж бодохоор
Усанд үйсэн навч диваажинд хүрэх мэт сэтгэгддэг байлаа
Танд би хайртай байлаа.
НАМРЫН ТЭМДЭГЛЭЛ
1.
Шуурганаар үүрээ олж ядсан тагтаанууд
Ширүүхэн урсгалыг далиараа сийчээд нисэж байна
Харцнаас тань өөрийгөө олдог байсанаа гэнэт санагалзах
Хүн байх гэдэг л ийм гунигтай гэж бодсонсон...
2.
Үүрээр сэрэхийг хүсэмгүй
Зориглож шүлэг бичэмгүй.
Зориглож гэмээнэ ганцхан цэг л хатгана.
Ганцхан тэр цэгээс л харин чамайг
Гарцаагүй шуурга, анир чимээгүй хоёрыг
Зэрэг олж сонсоосой” гэж хүсэм.
Гэвч үнэндээ чамаас юу ч үл хүсэх...
Дүүжлүүрийн олс, шинэ хувцас
Алийг нь ч үл сонгох...
Хувь тавиландаа бүгдийг нь даатгачихаад
Хөгжмөө л чангалмаар...
Хүслээ чагнавал, ердөө
Хэн нэгэнд сайхан үг хэлэх,
Тэгээд бүх л өдөржин дуугаа хураах...
3.
Өглөөнөөс хойш бүрхэг байсан тэнгэр
Шөнө дундалж хачин гунигтай дусагнана
Өөдөөс тань харж байгаад
Үг хэлгүй уйлчих уу?
***
Амьдрах тусам амьдрал улам уйтай санагдаад
Ахин дахин санах бүрий, дурсамж бүхэн
Бодлын гүүрнээс зүрхний долгис руу
Байн байн чулуу шидэж үймрээнэ.
Амьдрах тусам амьдрал улам уйтай санагдаад
Олон угаасан цамцаа хэцэндээ өлгөөд мартах шиг
Он жилийн уртад чамайг хүлээсэн сэтгэл
Онгож гандсаар, бороонд норсоор л
Амьдрах тусам амьдрал улам уйтай санагдаад
Идэж түдээгүй алимнаас минь шинэ нахиа ургах шиг
Ээжийн санчиг бууралтахыг нэг л өдөр анзаарахад
Ид шидэд итгэх хүсэл эгээ л дотроос нахиа шиг түрнэ
Амьдрах тусам амьдрал улам уйтай санагдаад...
"Болор цом"-ын эзэн, яруу найрагч, зохиолч О.Цэнд-Аюуш түүний шүлгүүдийг уншаад бидэнд сэтгэгдлээ ирүүллээ:
Залуусын шүлгүүд “амьдарч” байна... Сүүлийн үед би яг ийм бодолтой болчихоод байгаа юм. Тэд магтахыг хүсэхгүй байна, матахыг ч бодохгүй байна. Зүгээр л тэдний бичсэн шүлгүүд амьдарч байна. Хэн нэгнийг даган дуурайхгүй байна, магад ямар нэгэн материаллаг зүйлд үхтэл шунан дурлахгүй байна. Зүгээр л амьдрал хэмээх “мэдрэмжүүд”-г өөр, өөрийнхөөрөө дуулж байна. Түүн лугаа энэ шүлгүүд амьдарч байна. Амьдрахдаа нэг тийм зоригтой.
Яруу найргийг хэтэрхий массаар ойлгож, хуучин зууны хэдэн шүлгээр төсөөлсөн хэт явцуу цагт ийм шүлгүүд л хэрэг болно. Ийм гэдэг нь нөгөө амьдралын янгинасан мэдрэмжүүдээ ор тас мартсан шүлгүүд дундуур залуусын ямарч хүсэл, шуналгүй үүн лугаа шүлгүүд гол зорно гэх гээд байгаа юм. Зарим хүмүүс залуусын эсрэг зогсох. Тэд хэтэрхий жижиг юм бичиж байна... гээд л авч өгөх. Гэвч тархи томрохын хэрээр сэдвийг баян болгож байдаг жижиг деталиуд руу, тархи жижигрэхийн хэрээр сэдвийг ядуу болгож байдаг том металлууд руу тэмүүлж байдаг...
Түүний ур хийцийг хар даа... Арай өөр шүү. Удахгүй тэр бүр өөр болно. Яагаад гэхээр нүднийх нь цаана байгаа тархи руу нүднийх нь наана байгаа амьдрал, түүн доторх гэрэл гэгээ, түнэр харанхуй илүү хүчтэй дайраад өгөхөөр гартаа барьсан үзгээрээ тэр илүү “зэвүүн” бичнэ. Харин тэр үзгээ л бүү тавиасай.
Сэтгэгдэл хэсэг