"Тагтаа" хэвлэлийн газраас үндэсний уран зохиолын залгамж үеийг бэлтгэх, залуу уран бүтээлчдээ дэмжих, сурталчлан таниулах зорилгоор "Tagtaa Prize" утга зохиолын шагналыг хоёр жил тутамд олгодог билээ. Шагналыг өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаант хэсгүүдээр шалгаруулан олгож ирсэн маань уламжлал болж, үгийн урлагийн уран бүтээлч залуусын хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болжээ. Тав дахь жил, дөрөв дэх удаагаа олгогдож буй "Tagtaa Prize-2022" утга зохиолын шагналын уралдаант хэсэгт энэ жил нийт 150 гаруй уран бүтээлч бүтээлээ ирүүлснээс бид энэ долоо хоногт "Яруу найргийн төрөл-д шалгарсан шилдэг таван оролцогчийг нэрлэн, уншигчдадаа танилцуулж байна. Эдгээр таван яруу найрагчаас нэг нь ялагч болж, 2022 оны зургаадугаар сарын 17-нд болох "Tagtaa prize-2022" шагнал гардуулах ёслолын үеэр шагналаа гардан авах юм.
"Tagtaa prize-2022" утга зохиолын шагналын яруу найргийн төрөлд шилдэг таван оролцогчийн нэгээр бид Батдоржийн Тэргэлийг нэрлэж байна. Б.Тэргэл 1999 онд Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн. Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд Төрийн удирдлагын чиглэлээр суралцаж буй. Тэрээр одоо өмгөөлөгчийн туслахаар ажиллаж байна.
1.
Аавын чигчий хуруу
Одоогоор бол нойрны эм, луужингийн зүү,
нусны алчуур байжээ
Алга нь эвэршиж, өндөг нь хагарсан
Аварга том гарын хамгийн жижиг хуруу л
Аврал, тайвшрал, эдгэрэл тээдэг сэн.
Бүлээхэн ганц хуруу хөтөч минь байв.
Бүлээхэн тэр хуруунаас зүүгдэж хөлд ороод
Бүлээхэн тэр хуруунд амлаж, итгэл хүлээн
Бүлээхэн тэр хуруу атганд жижигддэг болоход
Зөөлөн хөнжлийн гадна жавар байсныг
Үлээх шаардлагагүй хөрсөн хоол идэх болдгийг
Өвдөг шалбарахад өмнөөс минь хэн ч уйлахгүйд
Үнэмших хэрэг гарсан юм.
Аймаар шүү.
Өрөөлд гэм санахгүй
Өршөөнгүй, хүлцэнгүй гэлдрэх гэтэл
Өөр байна аа аав аа, хүмүүс нэгэндээ тийм ч хайртай биш юм
Өрөвч, зөөлөн өсгөсөн тань
Өвдөмтгий болгочхож, өвтгөөд байна.
Банхарыг хооллолгүй нэг өнжчихөөд
Өлбөрчихнө гэж айгаад уйлж байсан даа
Битгий эмзэглээрэй аав аа, энд
Бидний мэдэхээс өөр амьдрал их байна.
Хотын энэ хэсэгт
Хоол хомс, дарс элбэг.
Хонох газаргүй ч хөөрхөн хүүтэй
Хосууд харлаа, согтуу таарлаа
Яагаад төрснөө ч, яаж амьдрахаа ч мэдэхгүй
Ямхаас ч ямх бор хүү аж.
Урьд бол хамт суугаад уйлж чадах асан би
Одоо, уйлж ч чадахгүй, тэвэрч ч зүрхлэхгүй
Унтууцаж, ширвэж зөрөөд
Унтахаар харьж байна, гэр өөд алхаж байна.
Муухай шүү.
Ийм залуу эмэгтэйд энэрэнгүй, номхон зан зохихгүй дэг ээ
Эсвэл манай дэлхий залуу эмэгтэйд зохихгүй нь.
Алга нь эвэршиж, өндөг нь хагарсан
Аавын гараас хол, нөмөр алга аа.
2.
Сайхан дурсана аа, удаан дурсана
Санахгүй, хүсэхгүй, хайрлаж дурсана
Өөр хэнд би ингэтлээ алдарч
Өөр хэн намайг ингэж адлав гэж.
Тэнэгэрэлдээ автвал өвдөж дуусдаг
Тэрнээс өмнө та гээв ээ
Гээгдэх өвдөм ч та сайн зүгт эргэсэн
Гэхээр л дотор дулаан, өр бүлээн
Сайхан дурсана аа, гэгээн дурсана
Сайрхахгүй, зүхэхгүй, дурдах ч үгүй
Алдрыг тань холоос л дуулж
Аав болоход чинь би нэр бодно
Хүү бол… Охин бол…
Хоёр нэр санаад шүлэг зориулж бичнэ
Хожим азаар хүн олж уншвал
Хорвоод тийн бидний үр мэндэлнэ ээ.
3.
Танихгүй эрийн нулимсыг асуулгүйгээр арчсан
Та харсан бол тойроод өнгөрөх байсан
Хоёр жаахан охиноо дагуулж явсан тэр ээж
Хойгуур нь гараарай гэж хөнгөн нударсан шиг.
Гэхдээ,
Нүүр нь тэгтлээ түлэгдтэл хоол хайж өнжсөн
Нөгөө ахыг бодохоор өөрөө нулимсаа арчуулмаар
Аав жаахан уудаг, ээж нөгөө л тойрч явсан эмэгтэй шиг…
Дүү бид хоёр дөлж гүйсэн хүүхдүүд шиг.
Маргааш энэ хавьд ах ирэхгүй гэнэ
Ганцаараа бараагүй хоолоо
Бүлээн идүүлчих юм сан
Гар нь бээрчихсэн байна билээ,
Халуун зунаар шүү.
“Аав минь надгүйгээр хэр суугаа бол…”
Ахиад таарвал нэг биш, хоёр пиво ууна
Ах хүү лав дургүйцэхгүй, надад тамхилна.
Уух юмгүй бол нойр нь хүрэхгүй гэсэн
Уг нь ингээд бодохоор надаас өөрцгүй л амьтан.
Туулж барамгүй амьдралаас уйдчихаж зүрхлээгүйдээ л
Туйлдаж ядарсан ч лонхоор дэр хийж яваа
Дуудаж өгсөн шүлэг нь Чойномынх байсан санагдана
Тухайн үедээ бичвэр нь сонинд гарсан гэнэ билээ.
Би өтлөөд нэг ийм, гунигтай, хөнгөн алхдаг
Бичгийн ширээнээс хол ч цээжиндээ гуравхан шүлэгтэй
Аавын үнэрийг хайж гутлаа гандтал гороолдог
Аргаа барсан хөөрхий гал сурж явах вий.
Б.Тэргэлийн шүлгүүдэд яруу найрагч А.Урантогос сэтгэгдэл ирүүллээ:
Б.Тэргэлийн шүлгүүдийг уншаад “Шүлэг хэчнээн үнэн байна, төдий чинээ ариун” гэж хэлмээр санагдлаа. Юутай хүчтэй шүлгүүд вэ! Амьдралаас төрсөн, хязгааргүй хайрын гүн рүү тэмүүлсэн болохоор өөрийгөө болоод бусдыг хулдах өчүүхэн ч худлын сүүдэр үгүй аж. Яруу найраг бусдын аванхайлдаг идтэй гэвээс энэ нь түүний утга хайгаагүй утга, хүчээр гаргаагүй хүч гэдэгт нь орших бус уу!
“Аавын чигчий хуруу
Одоогоор бол нойрны эм, луужингийн зүү,
нусны алчуур байж ээ
Алга нь эвэршиж, өндөг нь хагарсан
Аварга том гарын хамгийн жижиг хуруу л
Аврал, тайвшрал, эдгэрэл тээдэг сэн" гэсэн эхний мөрүүдээсээ л анхаарал татах түүний шүлгүүд эмзэг атлаа нялуурч бялуураагүй, хүйсгүй тэмүүллийн оч мэдрэгдсэн бядтай ажээ. Сайхан даа, өөр шигээ ингэж л бичих...
Сэтгэгдэл хэсэг