УРАЛДААНЫ ШИЛДЭГ ЗОХИОЛЧ: Г.ДАВААЦЭНД

Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд хоёр жил тутамд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаант шагнал зарладаг билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 15-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 140 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 106 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 30 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг тун удахгүй зарлана.

Өгүүллэгийн уралдаанд дээр дурдсанчлан 106 хүн бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 7 залуу зохиолчийг шигшин авч, бүтээлүүдийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул энэ 7 залуу зохиолчоос нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. 


Tagtaa Prize-ийн шилдэг зохиолчдын нэгээр Гантулгын Даваацэнд шалгарлаа. Тэрээр 1999 онд Төв аймгийн Баянхангай суманд төрсөн. Даваацэнд "Цэг доторх ертөнц" шүлгийн түүврээ 2017 онд хэвлүүлжээ.


ЗҮҮДИЙГ ЦААЗАЛСАН НЬ


1.

     Уйтгар гуниг минь арилчихвал аз жаргалтай болно оо гэсэн үг биш. Харин ч ахиад л надаас ямар нэг зүйл минь алга болно оо гэсэн үг. Сандлаасаа босолгүй арван цаг болжээ. Цонхтой өөрийгөө жишиж, эд юмстай зэрэгцэн оршино. Хүмүүс машин унахаа больсон ч гэрлэн дохио анивчсаар. Хүрзний иш амандаа зуусан, ядам, эрхий хурууныхаа завсар хоёр ширхэг жигнэмэг хавчуулсан, савхин хүрмээ толгой дээрээ тавьсан, хэдэн ширхэг төмс гартаа атгасан хов хоосон ногоон үүргэвчтэй залуу гурвантаа үүгээр явлаа. Ямартаа ч би эд юмсаас ялгарах санаатай суудлаа сольж, хажуух эгнээний сандалд суув. Миний хойно залуус инээлдэнэ. “-Чи үхрийн хошного долоож үзээ юу?” гэх мэт. “-Үгүй” хэмээн нэг нь сул дуугаар хариулна. Ийм яриа хүмүүсийг аз жаргалтай болгож буйг сонсоод гайхах юм. Хоёр хүн үүдний сандал дээр тухалжээ. Үг ч дуугаралгүй биенээ ажиж суугаа бололтой. Тэдний яг нүүрний өмнүүр нэг ялаа эргэлдэж эргэлдэж үхэтхийн ойчжээ. Бүсгүй нь чанга чанга инээхэд залуу ч мөн адил баясна. Ялааг шоолж дуусаад “Зуур ч болов хөгжилтэй байлаа шүү” гэж хэлээд учирсан хос салцгаалаа.

     Золбин нохой элдэж туусан авгай “Арчаагүй нохойн гөлөг минь, энэ угаадсыг идээд зайлж үз!” гээд таван ороомог шидэхэд нохой авгайн хэлснийг ойлгож, идэж дуусаад л зайлав. Авгай нохой хоёр тун сайн ойлголцохыг харсан би тэндээс хэдэн алхам цаашилтал амьтдын зурагтай том байшинтай таарлаа. Амьтны хүрээлэн юм болов уу гэж бодсон боловч тийм биш байлаа. Муур, нохой, гүрвэл хүртэл хаалгыг нь нээж ороод төд удалгүй гарч ирнэ. Нэг хүн чийгийн улаан хорхой орох зориулалттай хаалганы буланд нүх гаргах аж. Байшинд ортол жаахан гөлөгнүүдэд  шээж баахыг зааж байв. Дээд давхарт хүмүүсийн тухай л бололтой хичээл орж байлаа. Магадгүй хүмүүсийг хэрхэн тэжээх тухай биз. Байшингаас гарч ирэхэд хүүхдүүд хашаа, байшин, элдэв сав, дугуй руу шээж , шээсээ үнэрлэж байлаа.

     За тэр ч яах вэ дээ, миний олсон энэ зүйл харин юу вэ? Цав цагаан, нугалдаг, шатааж ч болох. Үүнийг магадгүй эртний хүмүүс л мэдэх байх. Бид үүнийг гал асаахад л ашигладаг. Эртний хүмүүс үүн дээр хүн төрөлхтөнд үлдээх дахин давтагдашгүй туурвилаа бичиглэдэг байж. Өөрсдийн зохиосон худал хуурмаг зүйлээсээ ташаал авагсад хэмээн эртний хүмүүсийг хоосон мунхгаар нь дуудагсад их. Харин энд бодит байхыг эрхэмлэгсэд түүдэг галын дэргэд нэгнээ харж насыг бардаг аж.  Би Жангар, Монголын нууц товчоо, Библи, Эртний Грек, Ромын домог туульс зэргийг шатаах гэж байхыг нь хараад “Би та нарт үсэг зааж өгье. Тэгээд эднийг уншицгаая!” гэж уриалахад нэг нь ард дагз руу минь мөчрөөр шалбуурдсанаа “Тэнэг минь, чи юу бурна вэ? Тэр элэрч баларсан үе рүүгээ зайл!” гээд шоолон  инээцгээв. Тэр зэрлэг амьтдыг дулаацуулж буй цаас, шөлийг нь буцалгаж буй Галсансүхийн шүлэг, Өлзийтөгсийн түүврийг хэсэг ширтэж зогссоноо би цустай толгойгоо барин шалавхан цаашиллаа. Замд залуухан царайлаг хүү сармагчинг дуурайж мод сүлжиж байгаад унаад үхчихтэй таарав. Очиж харахад хөл нь дөрвөн хуруутай, бөгсөн бие хавьдаа урт өтгөн үстэй аж.

     Чингэсээр хүмүүс олноороо цугларсан гүн ой руу явж орчихлоо. Тэнд шүүх хурал болж байлаа.

     Зүүд хүнийг зүүдэлнэ. Хэрвээ хүн хэдэн хоног сэрүүн  байвал зүүд нь хаана байдаг вэ? Бидний урагдаж тасарч буй амьдрал зүүдний төсөөлөл бол яах вэ? Зовж олсон бүхэн минь аз жаргалдаа хахсан нэг муу зүүдний даажигнал бол яах вэ? Энэ үнэн бол зүүдний бодол биднийг сэрээх болов уу? Хэрвээ та үнэнийг мэдсэн бол зүүднийхээ эсрэг явах байсан уу? Зүүднийхээ эсрэг явах нь ч зүүдний төсөөлөл. Та ийм л гарцгүй байдалтай учирсан болов уу?

     Хадан дээр хоёр хүн зуржээ. Эргэн тойронд буга , харвасан сум байлаа. Түүний хажууд том эр: - Газар тэнгэр нүүж гэрээ олохгүй явахад энэ залуу таарсан ч газрыг олоогүй, тэнгэртэй учраагүй гэсэн юм. Миний уур хүрээд би ганц л цохисон. Сэрээд хартал нэгэн залуу дэргэд минь үхсэн байхыг харсан. Миний буруу байхгүй. Зүүднээс л боллоо гэх нь тэр ээ. Хүмүүс алга ташин үнэн шударга шүүх боллоо гэж баясна. Зүүдийг шийтгэж тэр залууг өршөөлөө.

2.

Ийм үнэн шударга шүүх хурлаас гараад би нэг залуутай таарч дорхноо л найз нөхөд болцгоолоо. Бид хоёр гадаах сандал дээр суув. Энэ сандлыг эртний хүмүүс бүтээсэн гэдэг. Биднээс таван алхмын зайд гуйлгачин уйлж байлаа.

-Гуанзны эзэн түүнд хоол өгөөгүй бололтой.

-Хоол идэхийг хүссэн болохоор л уйлж байна ш дээ.

-Ялгаа нь юунд байгаа юм?

-Будаа идэхийг хүссэндээ уйлах нь будаа өгсөнгүй гэж уйлахаас тэс өөр шүү дээ гэж хэлээд би сандлын буланг эвэршсэн гараараа маажив.

Өнөөх гуйлгачин  шонгийн сүүдэрт зогсон амандаа юм хивээд эхлэв. Ямар нэг зүйл зажилж байгаад нулимж орхисноо шингэн зүйл уух мэт төвөнх нь товолзон хөдлөх аж. Тэгснээ газраас нэг модны зомгол олж аван шүдээ чигчлээд  шидчихэв.

Би алмайрч суусан найздаа хандан “Харав уу? Үдийн хоолоо мөн ч тухтай зооглов шүү” гэв.

-Гуйлгачин хоолойгоо засаад сая будаа идлээ.

-Тэр юу ч идээгүй ээ, зүгээр л биднийг хуурч байгаа юм.

-Үгүй ээ, харин ч бидэнд гайхуулж байна. Түрүүхэн шарсан мах идчихээд, араас нь  будаа залгуучихлаа.

-Чи хууртагдаж байна. Тэр зүгээр л будаа идэж байгаа юм шиг царайлж байна. Тэгээд ч чи будаа идэж байгааг нь яаж мэдээд байгаа юм бэ?

-Тэр будаагаа ширхэг, ширхгээр нь идээд байна.

-За больж үз, хоёулаа зүгээр л түүн дээр очоод ямар хоол идсэнийг нь асуучихъя.

Тэгснээ найз минь амаа ангайн нүдээ аньснаа ямар нэг юм агаараас шүүрэн амаа дүүргээд хивж гарав.

-Алив чи үз дээ!

-Аманд юу, юу , юу ч , юу ч, юу ч байхгүй л байна. Амаар дүүрэн салхи.

-За, наад дүүрэн салхиа залгиад, алив араас нь энэ усыг уу?

-Цадчих шиг боллоо. Зөндөө салхи идлээ.

-Ха ха. Тээ-эр, дараа хоёулаа үхрийн шарсан хавирга, төмстэй хамт иднэ шүү!

Тэнэг, хуурамч гэж харсан бүхнээ дуурайж эхлэх мөчөөс л үнэн болдог

     Хоосон агаараас нэг юм шүүрч аваад хоолой руугаа гудруулах бид хоёрыг хараад хүмүүс шоолон инээлдэнэ. Харин тэд өөрсдөө элэгний хатуурал, ходоодны хавдар тусахдаа бэлдэх хоолонд үнэ төлдөг.

-Нэр төртэй амьдрал шүү! гэж бид хоёр хэлэлцээд “Бидний хөдөлмөр шударга зам!” гэж бататгав.

“Алив чи бос! Цаг зуур ч гэсэн хэн нь, ямар дүрд тоглоно тухайн дүрдээ  хамгийн шилдэг нь болох  ёстой. Алуурчин мөн юм бол алаад, хороогоод зугтаа. Эсвэл цустай хутгаа бариад цагдаад өөрөө оч. Дулимагхан алуурчин болохыг хүсвэл хүн алах бүрдээ ул мөрөө үлдээ, цэвэрлэгч бол даавуугаа сайн угаа, харин анд минь, чи хогоо түү, үнэмшилтэй түү!” гэж хэлээд бид салах ёс гүйцэтгээд цааш явлаа.

Тэндээс өнөөх залуугаас салаад нэг өвгөнтэй таарлаа. Гадаа байгаа хэрнээ л би гадаа гармаар байна. Тэр хоёр нүдээрээ хоёр өөр зүйлийг хардаг бололтой. Ядаргаанаас болсон уу гэж эхэндээ бодсон ч баруун нүдээ мод хагалж байгаад цохисон гэнэ лээ.

Том, жижиг нүдтэй өвгөний нэг нүд нөгөөхөө үргэлж гутаана. Зүүн талын нүд нь аз жаргалтайгаар барах уу, бүүр гялалзаж оч үсэрнэ гээч. Зовлон үзсэн баруун нүд рүү нь анхнаасаа би харах дур хүрсэнгүй. Харах ч гэж.  Харц тулгарахаас ч айна.

-Хөөе, хэн гуай? Та яг аль нүдээрээ дурладаг байсан бэ? гээд асуучхав.

Хэн, хэн маань хөшиж орхижээ.

-Зүүн нүдээрээ эхэлж харвал чи миний хувьд чухал биш. Баруун нүд минь түрүүлж харвал өнөөдөр чи сэтгэлээ илчилж болно оо гэсэн үг.

-Хөөх, таны  хоёр нүд   уралдаж хардаг гэж үү?

-Чинийх ч тийм шүү дээ.

-Нүд гээч нь хазах шүд, залгих хоолойгүй атлаа маш олон зүйлсийг идэж залгиж байдаг. Гэхдээ миний хоёр нүд хэлбэр хэмжээний хувьд өөр ч үхэхэд хамт төгсөж...

-Чшшш. Чимээгүй. Чи үхлээ харна шүү!

-Та яаж мэдэж байгаа юм бэ?

Мэдэж байна аа, мэдэж байна. Нэг л өглөө өөрийгөө огт өөрөөр харна. Өмнө нь харж байгаагүйгээрээ.

-Тэгж л нүдэндээ хууртагдахгүй шүү. Гэхдээ өөрийгөө харна гэдэг чинь их хачин юм, өөр хүнийг харахыг хүсдэг шигээ өөрийгөө харахыг ч хүсэж болох нь ээ?

-Тийм ээ. би өөртэйгөө хамт байгаа хэрнээ өөрийгөө санаж болно гэсэн үг... Зовлон үзэхдээ би нэг нүдээ таглачихдаг юм.

-Аан!!! Яагаад?

-Нөгөө нүдээ хайрлаад л. Аль нэгийг нь гамтай хэрэглэхгүй бол...

-Байз, байз! Нөгөө нүдээ юунд хадгалж байгаа юм бэ?

-Аа, юунд ч юм бэ, нэг юманд...

-Өө, хөөрхий гэж, түлээ хагалж байхдаа нүдээ гэмтээчихээгүй юм уу?

-Түлээ үсрээд ирж байхыг хараад энэ нүдээ таглачихсан юм.

-Бултахгүй яагаа вэ?

-Юунаас?

-Модноос оо, модноос

-Өө, угаасаа намайг цохих гэж л ирж байхад бултаж яах билээ, болох л ёстой юмнаас зугтаах хэрэггүй.

-Юунд ингэнэ вэ?

Өвгөн “Би хувь тавиланд итгэдэггүй” гэснээ зүүн нүдээ таглаад “Би чамд нэг юм хэлэх үү? Миний энэ нүд огт хардаггүй юм” гэв.

-Тийм ээ, мэдэж байна.

-Чи яаж мэдсэн юм бэ дээ.

-Та даавуугаар тагласан байна.

-Өө, тийм байна шүү дээ.                         

-Хоёр нүд чинь өөр болохоор л хоёр өөр зүйл хардаг байх. Тийм үү?

Өвгөн “Чи наадахаа гэрлээс асуу? Эсвэл ширээнээс, дараа нь надаас асуу? Хариулж чадсан нь л чамд худал санагдана” гээд нүд рүү минь  хуруугаараа хатгахад би цочин сэрлээ. Хажууд минь өрөөсөн нүдтэй өвгөн, нэг гуйлгачин, бас нэг үхсэн хүн байх нь тэр ээ.

Сэтгэгдэл хэсэг