УРАЛДААНЫ ШИЛДЭГ ОРЧУУЛАГЧ: Б.МИШЭЭЛ

Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд хоёр жил тутамд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаант шагнал зарладаг билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 15-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 140 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 106 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 30 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг тун удахгүй зарлана.

Орчуулгын төрөлд Англи, Орос, Хятад, Солонгос, Герман, Түрк, Япон, Франц хэлээс орчуулдаг 30 орчуулагч бүтээл ирүүлснээс бид шилдэг 5 орчуулагчийг шигшин авч, орчуулгуудыг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 5 орчуулагчаас нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. 


Шилдэг орчуулагчдын нэгээр шалгарсан удаах орчуулагч бол Бадралын Мишээл. Тэр 1996 онд Улаанбаатар хотод төрсөн. Г.В.Плехановын нэрэмжит дунд сургуулийг 2013 онд, МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр 2017 онд төгссөн. МОНЦАМЭ агентлагийн Англи хэлний нэгдсэн редакцид орчуулагчаар ажиллаж байгаад одоо Mongolian Economy сэтгүүлд сэтгүүлчээр ажиллаж байгаа. Тэрээр бидэнд Оросын их зохиолч Михаил Булгаковын "Морфин" өгүүллэгийг орос хэлнээс орчуулан ирүүлсэн юм.


МОРФИН

Михаил Булкагов

I

Хүн эрүүл яваагаа анзаардаггүй шиг жаргалтай амьдарч буйгаа мэддэггүй гэж ухаант хүмүүс тэмдэглэжээ. Гэвч он цаг улирахын хэрээр аз жаргалтай мөчүүдээ ёстой нэг дурсах шиг болно доо.

Одоо бодох нь ээ, би 1917 оны өвөл их жаргалтай байжээ. Мартагдашгүй, шуургатай, тэмүүлэлтэй жил!

Цасан шуурга намайг бөглүү суурингаас сонины тасархай шиг хийсгэн хошуунд аваачсан юм. Нэг муу хошуу шүү дээ, сүйд болох юу байна гэж үү? Хэрэв хэн нэгэн над шиг хахир хатуу, зүдрүүхэн ойд өвөл зунгүй, нэг ч өдөр алгасалгүй бүтэн жил хагас байж, дурлалт залуу амрагийнхаа захиаг задлах мэт өнгөрсөн долоо хоногийн сонинтой илгээмжийг зүрх догдлон нээж, цуваагаар хөллөсөн чаргаар эх барихаар 18 бээрийг туулж үзсэн бол намайг ойлгох биз ээ.

Керосин дэн аятайхан эд хэдий ч би цахилгаан гэрлийг хэзээд илүүд үзнэ!

Ингэж нэг юм гэрэл харах гэж. Нүд булаам цахилгаан гэрэл! Гуталны зурагтай хаяг, алтлаг мушгиа боов, улаан тугнууд өлгөөтэй, тариачдын чарганд тэгшлэгдсэн хотын төв гудамжинд гахай шиг жаламгар нүдтэй, хиймэл үстэй залуугийн зураг харагдах нь шилэн хаалганы цаана барагдашгүй олон баяртай улсын минь баярын бус өдрийн хэзээд ч 30 копейкоор сахлыг тань хусаад өгөх Базиль* буйг илтгэнэ.

Эрүүн дээрээ хатуу яртай эрийг яруу тодоор дүрсэлсэн арьсны өвчний тухай герман номын хуудсыг эрхгүй санагдуулам Базилийн тэр алчуурыг бодохоор одоо ч дотор салгалдаг.

Дурсамжуудыг минь гэхдээ тэр алчуур ч гутааж чадахгүй!

Уулзвар дээр цагдаа зогсож, тоостой шилний цаана төмөр хавтан дээр улбар кремтэй нарийн боов шахуу өрөөстэй, өвсөөр хучсан талбай, хөл хөдөлгөөн, яриа хөөрөө өрнөж, мухлагт гайхалтай мэдээ дуулгах өчигдрийн сонин худалдаалж, холгүйхэн Москвагийн галт тэрэгнүүд гуугалдан исгэрэлдэнэ. Товчхондоо, энэ бол соёл иргэншил, Вавилон, Невскийн өргөн чөлөө байв.

Эмнэлгийн тухайд бол ярих юмгүй. Мэс заслын, дотрын, халдварт өвчний, эх барих, эмэгтэйчүүдийн тасагтай. Эмнэлгийн хагалгааны өрөөнд автоклав гялтганаж, крант гялалзах бөгөөд ширээнүүд зальтай савар, араа, эрэг шургаа дэлгэн харагдана. Тус эмнэлэгт ахлах зэргийн эмч, надаас гадна гурван тасгийн эрхлэгч, бага эмч нар, эх баригчид, сахиулууд, эмийн сан болон лаборатори байв. Бүр лабораторитой гээд бод доо! Будагны нөөцтэй, Цейсс загварын микроскоптой.

Хамаг бие минь хүйт оргин, татвалзаж, сэтгэл хөдлөлдөө гүн автсан байв. Арванхоёрдугаар сарын бүрэнхийд эмнэлгийн дан байшингуудын гэрэл тушаал авсан мэт асдагт дасахад олон өдөр шаардагдав.

Гэрэл нүд гялбуулж байв. Ваннанд ус бургилан нижигнэж, элэгдэж хуучирсан модон халууны шилнүүд усанд шумбан сэлнэ. Хүүхдийн халдварт өвчний тасгаас өдөржин ёолох дуу, өрөвдмөөр уйлаан, сөөнгө орилоон сонсогдоно…

Сахиулууд ийш тийшээ гүйлдэн давхилдана…

Сэтгэлээс минь хүнд ачаа аваад хаях шиг болов. Би дахиж хорвоо ертөнцийн бүх хариуцлагыг үйлтэй юм шиг үүрэх хэрэггүй боллоо. Хавчигдсан эвэрхий миний асуудал биш, ургийн хөндлөн байрлалтай эмэгтэйг чаргаар авчрахад татганахгүй, хагалах шаардлагатай идээлсэн цээжний гялтангийн үрэвсэл надад одоо хамаагүй… Анх удаа хүлээх хариуцлага минь ямар нэг хэмжээ хязгаартай болохыг мэдэрлээ. Төрөх гэж байгаа бол тэр намхан байшингийн цагаан маарлиар халхалсан захын цонхон дээр очно. Тэнд улбар сахалтай, халзавтар, махлаг мөртлөө аятайхан харагддаг эх баригч эмч байгаа. Энэ бол түүний ажил. Чаргаа эргүүлээд маарлитай цонхон дээр очоорой! Хугарал хүндэрсэн бол мэс заслын ерөнхий эмч рүү. Уушги үрэвссэн бол дотрын тасгийн Павел Владимирович руу. 

Ай, том эмнэлгийн жигдхэн ажиллах сүр жавхлант хөдөлгүүр! Урьдчилан хэмжээ авч тааруулсан эрэг шурга шиг би ч энэ хөдөлгүүрт орж хүүхдийн тасгийг хариуцах болов. Ингээд хоолойн сахуу, улаан эсэргэнэ зэрэгт бүх анхаарлаа хандуулж, өдрүүдээ үүнд л зарцуулах байв. Гэхдээ зөвхөн өдрийн цагийг. Шөнө намайг сэрээж, зайлахын аргагүй аюумшигт харанхуй руу авч оддог хаалга тогших чимээ сонсогдохоо больсон тул би шөнөөр унтдаг болов. Оройгуур ном уншиж (юун түрүүнд мэдээж хоолойн сахуу, улаан эсэргэний талаар, тэгээд яагаад юм ч Фенимор Куперын зохиолуудад ихэд шимтэнэ), ширээн дээрх гэрэл, самоварын тавиур дээрх бууралтсан үнс, хөрж буй цайг таашаан... бүтэн хагас жил нойргүй явсны эцэст нойр гэгчийг үзэхтэйгээ болов...

17 оны өвөл шуурганд нүдүүлсэн, буйд хэсгийн эмнэлгээс хошуунд шилжин ажиллах болсондоо би ингэж л баярлаж байж дээ. 

II

Нэг сар нүд ирмэхийн зуур өнгөрч, хоёр, гурав дахь сар араас нь одов. 17 он шувтарч, найман оны хоёрдугаар сар гарч байлаа. Би шинэ байдалдаа дасаж, хөдөөх хэсгийн эмнэлэгтээ бага багаар мартагнаж эхэлж байв. Ой тойноос минь керосин исгэрэх ногоон дэн, ганцаардал, хунгарласан цас арилан одсоор… Тус мэддэггүй амьтан! Би жигтэй байдлаас  яаж ийгээд мултарч чаддаг Фенимор Куперын зохиолын дүр шиг хэний ч туслалцаагүй, өөрийн хүчээр өвчинтэй тэмцэж байсан байлдааны талбараа мартжээ.

Одоо унтана даа гэсэн таатай бодолтой орондоо ороход харанхуйлж эхэлсэн ухаанд минь заримдаа хэсэг бусаг дурсамжууд шур хийн өнгөрдөг байв. Ногоон дөл, анивчих гэрэл… чарга чихрах чимээ.... хэсэгхэн зуурын ёолоон, тэгээд харанхуй, талын цасан шуурганы бөглүү улиан… Гэнэт бүх юм хажуулдан тонгорч, замхран алга болдог байв…

“Одоо миний оронд тэнд хэн байгаа бол?.. Бас л над шиг нэг залуухан эмч очоо байх даа… За тэр ч яахав, би лав хийдгээ хийсэн. Хоёр, гурав, дөрөвдүгээр сар… тэгээд тавдугаар сар гэхэд дадлагажих хугацаа минь дуусна. Тавдугаар сарын сүүлээр би гялалзсан хотоосоо хагацаж Москва буцна. Тэр үед хэрэв хувьсгал намайг тосон авбал - дахиад явах хэрэг гарч магадгүй… ямар ч л байсан эмнэлгийн хэсгээ би дахиж хэзээ ч харахгүй… Хэзээ ч… Нийслэл… Эмнэлэг… Цардмал зам, гэрлүүд...” гэж бодов.

“Гэхдээ эмнэлгийн хэсэгт ажиллаж үзсэн минь сайн хэрэг шүү… Би илүү зүрх зоригтой болсон… Айхаа больсон… Юу эсийг эмчилж үзлээ дээ?! Нээрээ? Сэтгэцийн эмгэг эмчилж үзээгүй юм байна… Гэхдээ… байзаарай… Агрономич нэг удаа ухаанаа балартал уугаагүй юу… Бүтэлгүй ч гэсэн түүнийг эмчилж л байсан… Архины цагаан солио ...”

Сэтгэцийн эмгэг биш гэж үү? Сэтгэцийн эмгэг судлалыг унших хэрэгтэй юм сан… За, гай гай… Тэгж байгаад Москвад очихоороо л… Одоо эхлээд хүүхдийн өвчин… бас дахин хүүхдийн өвчин… тэр дундаа энэ гайтай хүүхдийн эмийн жор… Чөтгөр гэж… Арван настай хүүхдэд пирамидон** ямар тунгаар бичиж өгдөг билээ? 0.1 үү, 0.15 бил үү?.. Мартжээ. Гуравтай бол?.. Одоо зөвхөн хүүхдийн өвчин… өөр юу ч биш… учир нь олдохгүй гэнэтийн тохиолдлууд одоо хангалттай! Баяртай, хэсгийн эмнэлэг минь!.. Яагаад ч тэр газар өнөөдөр зогсоо зайгүй толгойд орж ирээд байгаа юм?..

Ногоон гэрэл… Тэр газартай хийх тооцоо минь дууссан шүү дээ… Одоо болно… Унтъя…”

- Захиа хүргэгдэж ирсэн байна…

- Алив нааш нь өгөөдөх өө.

Сахиул үүдний тасалгаанд зогсож байв. Үс нь халцарсан захтай пальтог эмнэлгийн тэмдэгтэй халатан дээгүүрээ нөмөрчээ. Хямдхан хөх дугтуйн дээр цас хайлж байв.

- Өнөөдөр та хүлээн авахын жижүүр үү? - хэмээн эвшээх зуураа би асуув.

- Би.

- Хүн алга уу?

- Алга аа, хүнгүй л байна.

- Хэрвээ… (эвшээлгэхэд ам ангайснаас болж үгээ хааш яаш хэлж байв), хүн ирвэл… надад мэдэгдээрэй… Би явж унтлаа…

- Тэгье. Явж болох уу?

- Тэг, тэг.

Сахиул явлаа. Хаалга чихарч, харин би унтлагын өрөө рүүгээ явах зуураа дугтуйг хааш яаш задлав.

Дугтуйн дотор миний эмнэлгийн хөх тэмдэгтэй үрчийсэн гонзгой албан хуудас байв… Мартахааргүй албан хуудас...

Инээд хүрэв.

“Хачин юм аа… өнөө оройжингоо тэр газрын тухай бодоод байсан ингээд өөрийгөө сануулах мэт хүрээд ирдэг байж ээ… Совин байж...”

Тэмдэгний дор балын харандаагаар жор бичээстэй… Гаргацгүй, баллаж зурсан латин үгс...

- Ойлгох юм алга… Будлиантай жор…- гэж бувтнаад би “morphini...” гэх үгэн дээр нүдээ тогтоов. Энэ жоронд жигтэй юу байна вэ?.. Тийм л дээ… Дөрвөн хувийн уусмал! Хэн морфины дөрвөн хувийн уусмал бичиж өгдөг байна аа?.. Яах гэж?!

Цаасыг эргүүлтэл эвшээлгэхээ болив. Нөгөө талд нь бэхээр таталсан  доожоогүй байрын бичгээр: 

“1918 оны хоёрдугаар сарын 11.

Хүндэт ажлын нөхөр минь!

Цаасны тасархай дээр бичиж байгаад минь уучлаарай. Ойрхон цаас байсангүй. Би туйлын хүнд, муухай өвчин туссан. Надад туслах хүн алга. Би ч Танаас өөр хүнээс тусламж эрмээргүй байна.  

Таны хуучин байран дээр хоёр сар ажиллаж байна. Таныг надтай харьцангуй ойр хотод байгааг мэдсэн. 

Бидний нөхөрлөл, их сургуулийн он жилүүдийг бодож Таныг над дээр түргэхэн ирээч хэмээн гуйж байна. Нэг өдөр ч болтугай. Нэг цаг ч болтугай. Хэрэв Та намайг найдваргүй гэвэл би Танд итгэнэ ээ… Гэхдээ аврал байгаа ч юм бил үү?.. Тийм ээ, аварч болох ч юм бил үү?.. Найдвар гийх ч юм бил үү? Энэ захидалд бичсэн зүйлсийг хэнд ч битгий хэлээрэй гэж Танаас гуйж байна.”

- Марья! Хүлээн авах руу шалавхан очоод жижүүр сахиулыг дуудаадах аа… хэн билээ дээ нэр нь?.. Мартжээ… За ямар ч байсан надад сая захидал авчирсан жижүүрийг. Түргэлээрэй!

- Одоохон.

Хэдэн хормын дараа сахиул миний өмнө зогсож, муурын үсээр хийсэн халцарсан захан дээр нь цас хайлж байв.

- Хэн захиа авчирсан бэ? 

- Мэдэхгүй ээ. Нэг сахалтай хүн. Хоршооны ажилтан. Хот руу явж байгаа гэсэн.

- Хмм… за за. Байзаарай. Би ерөнхий эмчид зурвас бичээдэхье, аваачиж өгөөд хариуг нь аваад ирэхгүй юу.

- За, тэгье.

Ерөнхий эмчид бичсэн зурвас минь:

“ 1918 оны хоёрдугаар сарын 19.

Хүндэт Павел Илларионович. Би саяхан оюутан ахуйн нөхөр Поляков эмчээс захиа авлаа. Тэрбээр миний хуучин ажиллаж байсан Гореловскийн хэсэгт орь ганцаар байгаа гэнэ. Их хүнд өвдсөн бололтой. Түүн дээр очоод ирэх хэрэгтэй гэж бодож байна. Хэрэв та зөвшөөрвөл, би маргааш нэг өдөр тасгаа Родович эмчид үлдээгээд Поляков дээр очоод ирье. Түүнд туслалцаа хэрэгтэй байна.

Хүндэтгэсэн Бомгард эмч”.

Ерөнхий эмчийн хариу зурвас:

“Хүндэт Владимир Михайлович, яваад ир дээ!

Петров”.

Төмөр замын хөтөч харсаар оройг өнгөрөөв. Горелов орохын тулд маргааш өдрийн хоёр цагт Москвагийн шуудангийн галт тэргэнд сууж төмөр замаар 30 бээр яваад N өртөөн дээр бууж тэндээсээ чаргаар 22 бээр явна.

“Аз дайрвал маргааш шөнөдөө Гореловт оччихно, - хэмээн хэвтэнгээ бодлоо. - Ямар өвчин тусчихсан юм бол оо? Гэдэсний хижиг эсвэл уушгины үрэвсэл юм болов уу? Аль нь ч биш байх… Хэрэв тийм байсан бол тэр зүгээр л “Миний уушги үрэвссэн” гэх байсан. Харин энэ захиа нэг л будлиантай, жаахан худлаа ч юм шиг… “Хүнд… бас муухай өвчин…” Ямар өвчин юм бол? Тэмбүү юу? Яг тэгж! Үхтлээ айж л дээ… нууцалж… эмээж байна… Би ер нь ямар мориороо өртөөнөөс Горелово руу явна аа? Үдшийн бүрийгээр өртөөн дээр очоод явах унаагүй бол тун таагүй… За хаанаас даа. Арга олно оо. Өртөөн дээр хэн нэгнээс морь олдоно. Морь явуул гэж цахилгаан илгээе! Нэмэргүй л дээ! Цахилгаан намайг тэнд хүрсэний маргааш очно. Дайгдаж явах хүртлээ өртөөн дээр хөглөрөх болно. Гореловог ямар мэдэхгүй биш. Ёстой нэг газрын мухар шүү!”

Ширээн дээр албан бланкан дээр бичсэн захидал гэрэл туссан тойрогт харагдана. Хажууд нь дургүй хүргэм нойргүйдлын дагуул болох тамхины иш арзайсан үнсний сав үзэгдэнэ. Овоолсон хөнжил дээрээ хөрвөөх зуур гэнэт дургүй хүрэв. Мөнөөх захидлыг бодохоос уцаар төрж эхэллээ.

“Үнэхээр л тэмбүү ч юм уу тийм айхтар өвчин биш бол яагаад өөрөө нааш ирээгүй юм бэ? Яагаад заавал би цасан шуурганаар түүн дээр очих ёстой гэж? Би нэг өдрийн дотор ярнаас салгах юм байх даа? Эсвэл ходоодны хорт хавдраас ч юм уу? Юун хорт хавдар байх вэ дээ! Надаас хоёр дүү хүн. 25 настай шүү дээ… “Хүнд...” Саркома юм болов уу?  Утгагүй, сүржин захидал. Уншсан хүний толгой өвдмөөр захиа. Хэлж дуусаагүй байхад өвдөөд эхлэв. Чамархайн судас гүрийгээдэхлээ… Өглөө сэрэхэд чамархайнаас дээшилж зулай хүрээд толгойны талыг дөнгөлж орхино доо. Тэгээд орой нь пирамидон кафеинтэй залгилна. Пирамидон уучихаад чаргаар явахад яадаг бол?  Бага эмчээс маргааш аяны дээлийг нь авахгүй бол пальтотой даарна… Тэр ер нь яасан юм бол оо? “Найдвар гийнэ...”- буурь суурьтай эмчийн захидал биш зохиолд гардаг шиг үгс!.. Унт, унт… Энэ тухай бодохоо больё. Маргааш учир нь олдоно… Маргааш.”

Унтраалга эргүүлэх хормын төдийд түнэр харанхуй өрөөг залгилаа. Унт… Судас хөндүүрлээд байна… Учрыг нь олоогүй байж утгагүй захидал бичсэнийх нь төлөө хүнд уурлаж болохгүй. Хүн бүр өөрийнхөөрөө л шаналж, бичдэг. Чаддагаараа, ойлгосноороо… Тэгэхээр толгой өвдөж, сэтгэл тавгүйтсэнээс болж түүнийг бодолдоо ч гутааж болохгүй. Худлаа, дэврүүн захиа биш ч юм бил үү? Сережа Поляковтой хоёр жил уулзаагүй ч түүнийг сайн санаж байна. Тэр туйлын ухаалаг хүн байсан… Тийм ээ. Үнэхээр л  гайтай зүйл болж дээ… Судас ч өвдөх нь гайгүй болж байна...

Унтах шинжтэй. Нойр хэрхэн зохицуулагддаг юм бол?.. Энэ тухай физиологийн номноос уншиж байсан… тэр ч эртний явдал л даа… нойр гэж юу болохыг ойлгохгүй байна... тархины эсүүд яаж унтдаг юм вэ?! Үнэнээ хэлэхэд ойлгохгүй байна. Физиологийн номыг зохиогч ч бат итгэлтэй байгаагүйд яагаад ч юм итгэлтэй байна… Нэг нь нөгөөгөөсөө ялгаагүй онолууд… Алтан товчтой ногоон хүрэм өмссөн Сережа Поляков задлангийн ширээний хажууд зогсож байна, ширээн дээр нь хүүр хэвтэнэ...

Хмм… нойр…

III

 Тог, тог… Түн… түн.. Түн… Мххн… Хэн гэнэ ээ? Юу?.. Хаалга цохиж байна… чөтгөр гэж цохиод байна… Би хаана байна аа? Юу бил ээ?.. Яалаа? Орондоо байна шүү дээ… Яагаад намайг сэрээсэн юм бол? Жижүүр юм чинь зөв л дөө. Бомгард эмч ээ, сэрээрэй. 

Марья хаалгаа онгойлгохоор гэлдэрлээ. Цаг хэд болж байна? 12.30… Шөнө. Нэг цаг л унтжээ. Толгой яаж байна? Өвдөж л байна.

Хаалга сулхан тогшив.

- Юу болов?

Би гал тогооны хаалгыг хальт онгойлгов. Харанхуйгаас цонхийж, нүд нь томорч, цочирдсон сахиулын царай намайг ширтэж байлаа.

- Хэнийг авч ирсэн бэ?

- Гореловын эмнэлгийн эмчийг, - хэмээн сахиул сөөнгө хоолойгоор чанга хариуллаа, - өөрийгөө бууджээ.

- По-ля-ков уу? Үгүй байлгүй дээ! Поляков уу?

- Нэрийг нь би мэдэхгүй ээ.

- За байзаарай… Одоохон очлоо. Харин та явж ерөнхий эмчийг сэрээгээд ир. Хүлээн авах дээр намайг яаралтай дуудсан гэж хэлээрэй. 

Сахиул шуртхийн одоход цагаан толбо нүдэнд харагдахаа болилоо. 

Хуурай, өргөс шиг догшин шуурга хацар шавхарч, пальтоны хормой сөхөж, айсан биеийг минь царцааж орхив. 

Хүлээн авах өрөөний цонхонд түгшүүртэй цагаан гэрэл ассан байв. Овоорсон цастай довжоон дээр надтай адил тийш яарах ахлах эмчтэй таарлаа. 

- Танай Поляков мөн үү?- гэж мэс заслын эмч ханиангаа асуув.

- Тийм л бололтой. Мэдэх юм алга, - гэж би хариулаад, бид дотогш яаран орлоо.

Алчуураар ороож бигнэсэн эмэгтэй вандан дээрээс босож ирэв. Бор алчуурны цаанаас танил нүд над руу уйлагнан харлаа. Гореловын эмнэлгийн минь үнэнч туслах, эх баригч Марья Власьевна байв. 

- Поляков уу? - хэмээн би асуув.

- Тийм, - гэж Марья Власьевна хариулаад, - аймшигтай, эмч ээ, энд амжиж авчирахсан гэж бодсоор замын турш салгаллаа… гэх аж.

- Хэзээ вэ?

- Өнөөдөр өглөө, үүр цайхын алдад,- хэмээн Марья Власьевна бувтнаад, - манаач гүйж ирээд … “эмчийн гэрт буун дуу гарсан...”

Таагүй, түгшүүртэй гэрэл цацруулах чийдэнгийн доор Поляков эмч хэвтэнэ. Түүний амьгүй, чулуу мэт эсгий гутлын улыг харах төдийд зүрхээр хатгав.

Малгайг нь тайлахад хоорондоо наалдаж норсон үс нь ил гарав. Миний, сахиулын бас Марья Власьевнагийн гар Поляковын дээгүүр гялсхийхэд пальтон доороос шаргал улаан толботой марль цухуйв. Цээж нь үл мэдэг дээшилж байлаа. Судсыг нь барихад лугшилт хуруун доороос алга болж, ойр ойрхон сул зангидсан утас шиг хөвөрч байв. Мэс заслын эмч хувхаа цайсан бие рүү гавар тарихаар гараа сунгахад шархтсан залуу маань амаа нээв. Цусны ягаавтар судал татаж хөхөрсөн уруулаа үл мэдэг хөдөлгөж, сулхан дуугаар:

- Гавраа хая. Хэрэггүй!

- Дуугаа аяд, - хэмээн мэс заслын эмч хэлээд шаргал тосыг арьсан доогуур хийлээ.

- Үнхэлцэг нь оногдсон бололтой, - гэж Марья Власьевна шивнээд ширээний үзүүрээс тас зуурч, түүний унжгар зовхи руу шагайв (нүд нь аниастай байв). Нар жаргах мөчийн саарал ягаан сүүдэр хамарны самсаанд татаж улам тодрон мөнгөн ус шиг хөлс чийхарч эхлэв.

- Гар буу юу?- гэж хацар нь татвалзан мэс заслын эмч асуув.

- Браунинг, — хэмээн Марья Власьевна шулганалаа.

- Өө, - гэж мэс заслын эмч ууцаарлангуй, халагласан янзтай хэлээд зөнд нь орхих мэт гараа савж холдлоо.

Би юу болсныг ойлголгүй, балмагдсан харцаар түүн рүү эргэн харлаа. Хэн нэгний нүд ард гялсхийх шиг болов. Өөр нэг эмч дөхөн ирлээ.

Гэнэт Поляков нойрондоо ялаа үргээж байгаа мэт амаа муруйлгаж, ямар нэгэн зүйлд хахаж залгихыг хичээх мэт эрүүгээ хөдөлгөв. Энэ үйл хөдлөлийг бууны шархыг үзсэн хүн л таних биз ээ. Марья Власьевна шаналангуй ярвайж, санаа алдав. 

- Бомгард эмчийг дуудаач, - хэмээн Поляков сонсогдох төдий хэлэв.

- Би энд байна, - гэж уруулд нь дөхөн зөөлхөн шивнэлээ. 

- Дэвтрээ би танд өгч байна…- гэж Поляков сөөнгөтөн улам аяархан хэллээ.

Тэрбээр нүдээ нээж харанхуй руу уусан алдрах гунигт тааз өөд ширтэв. Хүүхэн хараа нь дотроосоо гэрлээр дүүрч, нүдний цагаан нь тунгалаг, цэнхэрдүү болж хувирав. Харц дээшээ харсан чигтээ зогтусч, нүд нь бүрийж, түрүүхэн олсон өнгөө алдав.

Поляков эмч амьсгал хураалаа.

__________

Шөнө. Үүр дөхөж байв. Хотынхон  нойрсож, цахилгаан хангалттай байсан тул гэрэл тод гэрэлтэнэ. Анир чимээгүй, Поляковын цогцос бунханд. Шөнө. 

Юм уншсанаас болж улайсан нүдний минь өмнө ширээн дээр задарсан дугтуй, цаас харагдана. Цаасан дээр:

“Хонгор найз минь!

Би Таныг хүлээхгүй байхаар шийдлээ. Би эмчлүүлнэ гэсэн бодлоо өөрчиллөө. Угаас найдваргүй. Зовохыг ч мөн хүсэхгүй байна. Зовлон амталж ханалаа. 25 харьцаатай усанд уусгадаг, цагаан талстуудаас болгоомжилж явахыг хүмүүст сануулъя. Талстуудад хэт итгэснээс болж би сүйрлээ. Дэвтэрээ би танд дурсгаж байна. Та надад үргэлж сониуч, баримт сэлтэд дуртай хүн шиг санагддаг байсан. Хэрэв Та сонирхвол өвчний түүхийг минь уншаарай. 

Баяртай. С.Поляков”

Том үсгээр нэмж бичсэн нь:

"Үхэлд минь хэнийг ч бүү буруутгаарай.

Сергей Поляковь оточ.

1918 оны хоёрдугаар сарын 13”

Амиа хорлогчийн захидлын дэргэд хар хулдаасан хавтастай зузаан дэвтэр үзэгдэнэ. Эхний хуудсуудыг уржээ. Үлдсэн талынх нь эхэнд харандаа эсвэл бэхээр тод жижиг бичгээр тэмдэглэсэн богино зурвасууд сүүл рүүгээ хорын харандаа болон бүдүүн улаан харандаагаар хааш яаш, үсрэх мэт бичээс дунд товчилсон үгс олноороо харагдана.


IV

«...7 он, нэгдүгээр сарын 20.

...туйлын баяртай байна. Бөглүү байх тусмаа сайн. Хүмүүсийг хармааргүй байна. Энд өвчтөнүүд, тариачдаас өөр хэнтэй ч таарахгүй. Тэд шархыг минь хөндөхгүй байлгүй дээ? Нөгөө хэдийг ч минийхээс дутахааргүй нутгийн захиргаагаар тараасан байна лээ. Цэрэгт татагдаагүй манай төгсөлтийг (хоёрдугаар бүлгийн журамт цэргийн дайчид) бүгдийг нь нутгийн захиргаадад суулгасан. Хэнд ч сонин биш явдал. Танилуудаас Иванов, Бомгард хоёрын тухай л сонссон. Иванов Архангельск мужийг сонгосон (дур сонирхлын асуудал) бол бага эмчийн хэлснээр Бомгард надаас гурван хошууны цаана эндэхтэй төстэй Горелов гэх бөглүү газар сууж буй. Түүн рүү захидал бичих гэснээ болив. Хэнийг ч харж, сонсохыг хүсэхгүй байна.

Нэгдүгээр сарын 21.

Цасаар шуурч байна. Зүгээр дээ.

Нэгдүгээр сарын 25.

Нар хичнээн сайхан жаргаж байна аа? Мигренинд antipyrin'a coffein'a, ac. citric-ийн хольц. 

 1,0-той нунтагаар...1,0-оор болдог бил үү?.. Болно оо.

Хоёрдугаар сарын 3.

Өнөөдөр түрүү долоо хоногийн сонин авлаа. Уншаагүй ч театрын буланг хармаар санагдав. “Аида”-г өнгөрсөн долоо хоногт тогложээ. Тэгэхээр, тэр өндөрлөгт гарч “Хонгор найз минь, наддаа ирээч...” хэмээн дуулжээ.

Тэр ер бусын хоолойтой. Ийм олиггүй хүнд ийм цээл, агуу хоолой заяадаг, сонин хэрэг шүү...

(Эндээс хоёр, гурван хуудас урагдаж тасалджээ.)

...мэдээж, зохисгүй шүү Поляков эмч ээ. Хаяж явсных нь төлөө эмэгтэй хүн рүү жигшүүртэйгээр дайрах нь тэнэг хэрэг. Хамт амьдрахыг хүсээгүй болоод л явсан биз. Үнэндээ тэгээд л болоо. Дуурийн дуучин залуу эмчтэй нийлж нэг жил амьдарчихаад орхиод явжээ. 

Түүнийг алчих уу? Ал! Ёох, бүх зүйл хоосон, утгагүй. Найдвар үгүй!

Бодмооргүй байна. Бодмооргүй… 

Хоёрдугаар сарын 11.

Цасаар шуурсаар бас дахин шуурсаар… Залхааж байна! Оройжин ганцаараа. Гэрлээ асаагаад сууна. Өдөр ядаж л хүмүүстэй таарна. Гэхдээ ажлаа бодох юмгүй шууд хийнэ. Ажилдаа бол дассан. Өмнө нь боддог байсан шиг айхтар зүйл биш ажээ. Цэргийн эмнэлгийн газар дайнд их тус болсон. Ямартаа ч энд юм мэддэггүй хүн ирээгүй шүү.

Өнөөдөр анх удаа ураг эргүүлэх мэс засал хийв.

Энэ газарт гурван хүн цасанд булагджээ: би, бага эмч-эх баригч Анна Кирилловна ба эрэгтэй бага эмч. Эрэгтэй бага эмч эхнэртэй. Бага эмч нар өргөтгөлд, би ганцаараа амьдардаг.

Хоёрдугаар сарын 15.

Өчигдөр шөнө их сонин зүйл болсон. Унтах гээд хэвтэж байтал гэнэт ходоод хаввьцаа өвдөж эхлэв. Айхтар өвдсөнийг нь яана! Хүйтэн хөлс чийхраад л. Манай анагаах ухаан ер нь эргэлзээтэй шинжлэх ухаан шүү. Гэдэс ходоод өвдөх нь байтугай олгой нь ч үрэвсэж үзээгүй, эв эрүүл элэг, бөөртэй хүн яахаараа эвхэртлээ өвддөг юм бол оо?

Тогооч хүүхэн нөхөр Властайгаа хонодог гал тогоо руу дуу алдан байж очив. Анна Кирилловнаг дуудуулахаар Власыг явууллаа. Анна шөнө над дээр ирж морфин тарьжээ. Намайг нов ногоон болчихсон байсан гэсэн. Юунаас ч болсон юм?  

Эрэгтэй бага эмч надад таалагддаггүй. Зожиг. Харин Анна Кирилловна туйлын ялдам, юм үзсэн эмэгтэй. Яаж залуу эмэгтэй хүн орь ганцаар энэ цасан булшинд амьдарч чаддаг байна аа? Нөхөр нь германчуудад олзлогдсон гэнэ лээ.

Намуу цэцгийн толгойноос анх морфиныг гаргаж авсан хүнийг магтан дуулъя. Хүн төрөлхтөний жинхэнэ ачтан. Тариулснаас хойш долоон минутын дараа өвчин намдав. Сонин юм аа. Улайсгасан царил гэдэс рүү зоож эргүүлэх мэт завсарлагагүй өвдөх тул амьсгаа давчдаж байв. Гэтэл тариулснаас дөрвөн минутын дараа өвдөлт минь долгион шиг давтамжтай болохыг ялгахтайгаа болов:

Эмч өөр дээрээ эм туршиж болдог байсан бол тун сайн сан. Тэгдэг бол эмийн үйлчлэлийн талаар огт өөр ойлголттой байх байсан даа. Тариулсны дараа би намайг хуурсан түүнийг сүүлийн хэдэн сард анх удаа огт бодолгүй гүн, бөх гэгч нь унтлаа. 

Хоёрдугаар сарын 16.

Өнөөдөр үзлэгийн үеэр Анна Кирилловна бие асуугаад царай зүсийг минь анх удаа цонхигор биш байна гэж хэлсэн. 

— Би цонхигор гэж үү?

— Туйлын, — хэмээн тэр итгэлтэй хариулаад намайг үргэлж чимээгүй байдагт гайхдагаа хэллээ.

— Угийн ийм л дээ.

Гэхдээ энэ худлаа. Гэрлэж хэцүүдэх хүртлээ би туйлын цог баясгалантай хүн байсан юм.

Эрт бүрий орж байна. Би гэртээ ганцаар. Орой цээжний ясны цаахна өвдсөн ч өчигдрийн өвдөлтийн сүүдэр мэт тийм ч хүчтэй байсангүй. Өчигдрийн өвдөлт дахихаас айсан би өөрөө гуя руугаа нэг сантиграмм тарьчихав.

Өвдөлт бараг агшин зуурт алга болов. Анна Кирилловна хуруу шилээ үлдээсэн нь сайн хэрэг.


18-ны өдөр.

Дөрөв тарих сүйдтэй зүйл биш.

 

Хоёрдугаар сарын 25.

Хачин хүн шүү энэ Анна Кирилловна! Намайг ер эмч хүн биш юм шиг аашилна. Тариурын ½ нь 0,015 морфинтой тэнцүү биз? Тийм. 

Гуравдугаар сарын 1.

Поляков эмч ээ, болгоомжтой байгаарай.

Дэмий зүйл ярих юм.

__________

Бүрэнхий. 

Намайг мэхэлсэн эмэгтэйг бодолгүй хагас сар өнгөрчээ. Түүний дуулдаг Амнерисийн хэсгийн аялгуу намайг орхин одов. Би өөрөөрөө маш их бахархаж байна. Эр хүн.

__________

Анна К. нууц эхнэр минь болов. Ингэх нь тодорхой байсан юм. Бид эзгүй арал дээр хоригдсон.  

__________

Цас өөр болж, сааралдуу ч болсон юм шиг. Тачигнатал хүйтрэхээ больсон ч цасан шуурга хааяа нэг тавина… 

__________

Эхний хором: хоолойд хүрэх мэдрэмж. Бүлээ оргиулсан энэ мэдрэмж улам бүр газар авна. Дараагийн хоромд хүйтэн долгион аюулхайг дайрч, гайхамшигтайгаар ухаан бодол цэлмэж, ажлын бүтээмж огцом нэмэгдэнэ. Бүхий л таагүй мэдрэмж мэдрэгдэхээ болино. Энэ бол хүний оюуны хүч чадлын дээд цэг. Хэрэв би анагаахын боловсролдоо гашлаагүйсэн бол хүн морфин тарьсны дараа л хэвийн ажиллаж чадна гэж хэлэх байсан. Гэхдээ үнэндээ мэдрэлийн аар саархан зовиур хүнийг амьтан болгож чадаж байхад ямар хэрэг байх вэ дээ!

__________

Анна К. айжээ. Би багын л сэтгэлийн тэнхээтэй хүүхэд байсан гэж түүнийг тайвшруулав. 

Гуравдугаар сарын 2.

            Ямар нэг том үйл явдал болсон тухай сураг сонслоо. Хоёрдугаар Николайг сэнтийнээс нь унагасан ч гэх шиг.

__________

Би их эрт унтахаар хэвтлээ. Есөн цагийн үед.

Сайхан ч нойр авлаа. 


Гуравдугаар сарын 10.

Тэнд хувьсгал болж байна. Өдөр уртасч, үдшийн бүрий арай цэнхэр болсон мэт. 

Үүр цайх үеэр ингэж зүүдэлж үзсэнгүй. Давхар зүүд.

Тэгэхдээ гол зүүд нь шилэн гэмээр. Тунгалаг. 

Аймшгийн гэрэлтүүлэгтэй тайзны тавцангаас олон өнгийн гэрэл бүхий тууз гялбалзана. Ногоон өдөө найгалзуулан Амнерис дуулна. Найрал хөгжим нь ер бусын, маш тод сонсогдоно. Үгээр илэрхийлж чадахгүй нь. Нэг үгээр, энгийн зүүдэнд хөгжим дуугүй байдаг… (энгийн гэнэ ээ? Аль зүүд нь арай энгийн нь бол? За, за тоглож байна...) дуугүй байдаг бол миний зүүдэнд огторгуй тэнгэрийнх мэт сонсогдсон. Хамгийн гол нь би өөрийн хүссэнээрээ хөгжмийг чангалж эсвэл намсгаж болох байлаа. “Дайн ба энх” дээр Петя Ростов зүйрмэглэх зуураа иймэрхүү зүйл мэдэрсэн тухай гардаг санагдана. Лев Толстой гоц зохиолч шүү!

Тунгалагийн тухайд: “Аида”-гийн солигдох өнгө дундуур өрөөний хаалга хавиас харагддаг бичгийн ширээний минь булан, гэрэл, гялалзах шал яг бодитоор гарч ирэв. Бүдэг дугарах инчдүүр мэт хөөрхөн алхаа Их театрын найрал хөгжмийн давалгааг сэтлэн гарч ирэв. 

Тэгэхээр, - найман цаг болжээ.- Анна К. намайг сэрээж, хүлээн авахад юу болж буйг мэдэгдэхээр ирж байгаа нь энэ юмсанж.

Намайг сэрээх хэрэггүй, бүгдийг сонсож байгааг тэр мэдэхгүй байгаа. 

Өчигдөр би нэг туршилт хийлээ:

А н н а: Сергей Васильевич...

Б и: Аан… (хөгжимд аяархан —“өшөө чанга”)

Хөгжим — агуа эгшийг нийлүүлнэ.

Ре Диез...

А н н а: 20 хүн цаг авсан байна.

А м н е р и с (дуулсаар).

За ер нь цаасан дээр буулгах боломжгүй зүйл дээ. 

Энэ зүүднүүд аюултай болов уу? Юу гэж дээ. Ийм зүүд зүүдлэхээрээ би эрч хүчтэй сэрдэг. Ажлаа ч сайн хийдэг. Өмнө нь юу ч сонирхдоггүй байсан бол одоо сониуч болсон. Тэр ч ойлгомжтой, урьд хуучин эхнэрээсээ өөрийг боддог ч байсан биш. 

Одоо харин би тайван байна. 

Тайван. 

Гуравдугаар сарын 19.

Шөнө Анна К.-тай хэрэлдлээ. 

— Би дахиж уусмал бэлдэхгүй.

Би  түүнийг тайвшруулж эхлэв: 

— Аннуся минь юу ярина вэ? Би ямар жаахан хүүхэд биш дээ?

— Үгүй ээ. Та үхнэ ш дээ.

— За яахав, хүссэнээрээ л бол. Миний цээж өвдөөд байна ш дээ!

— Эмчлүүлэхгүй юу.

— Хаана тэр вэ?

— Амралтаа аваад яв. Морфиноор өвчин эдгээдэггүй юм. (Бодолсхийлнээ араас нь) Би тэгэхэд танд дахиад нэг хуруу шилийг үлдээсэндээ өөрийгөө зүхэж байна. 

— Би ямар морфинчин биш дээ?

— Та яг болж байна. 

— Тэгээд явахгүй юу?

— Үгүй. 

Тэгэхэд би буруудахаараа хүн рүү уурлаж, гол нь хашхичдаг зантайгаа анх удаа анзаарсан юм. 

Шууд биш л дээ. Унтлагын өрөө рүү явлаа. Харлаа. Шилний ёроолд жаахан байна. Тариураар соруулахад дөрөвний нэгт нь хүрч байв. Тариураа чулуудаж хагалах шахсандаа чичирч орхив. Болгоомжой аваад хартал цуураа ч үгүй байна. Унтлагын өрөөндөө 20 орчим минут суулаа. Өрөөнөөс гарахад тэр байсангүй. 

Явчихжээ. 

Тэсэлгүй түүн дээр яваад очсон гээд л бодчих. Өргөтгөлийн гэрэлтэй цонхыг тогшив. Тэр алчуур нөмөрч довжоон дээр гарч ирлээ. Нам гүм шөнө. Хөвсийсөн цас. Тэнгэрийн хаа нэгтээгээс хавар анхилна.

— Анна Кирилловна, эмийн сангийн түлхүүрийг надад өгнө үү.

— Өгөхгүй - гэж тэр шивнэлээ.  

— Эмийн сангийн түлхүүрийг өгнө үү гэж эмчийн хувиар хэлж байна. 

Бүрэнхийд түүний царай цайж, нүд нь хүнхийж цаашлаад тас хар болов. Түүний хариулах хоолойг сонсоод өрөвдөх сэтгэл төрөв. 

Гэвч төд удалгүй би дахин уур хилэнд автав. 

Тэр:

— Та юунд ингэнэ вэ? Сергей Васильевич, би таныг өрөвдөж байна.

Алчуур дороосоо гараа гаргахад түлхүүр гарт нь байв. Тэр гарч ирэхдээ түлхүүр авсан байж ээ. 

Би ( машид бүдүүлгээр) — Түлхүүрээ өгөөд аль! гээд гараас нь шүүрэв. 

Ингээд өмхөрч догонцсон гүүрэн дээгүүр  гаран эмнэлгийн цагааран харагдах байшин руу явлаа. 

Морфины уусмалыг арьсан доорх тарилгад зориулж хэрхэн найруулдгийг мэдэхгүйдээ уур минь хүрч ядаж байв. Би эмч болохоос бага эмч биш!

Салганаад яваад л байв. 

Гэтэл араас тэр үнэнч нохой шиг дагаж байгаа нь сонсогдов. Энхрий сэтгэл хөөрөөд ирэв. Гэхдээ тэр даруйд нь дарлаа. Эргэж хараад шууд зуун:

— Хийж өгөх юм уу, үгүй юу? гэвэл тэр тавилантайгаа эвлэрэх мэт гараа саваад, чимээгүйхэн:

— Хийгээд өгье дөө... гэв.

Цагийн дараа би хэвийн байдалдаа оров. Мэдээж утгагүй бүдүүлэг зан гаргасандаа түүнээс уучлал гуйсан. Яаж тэгснээ ч ойлгох юм алга. Өмнө нь би их эелдэг хүн байсан юм даг.

Уучлал гуйхад минь тэр их сонин болсон. Өвдөг сөгдөж гарт минь наалдаад:

— Би танд уурлаагүй ээ. Үгүй. Нэгэнт өнгөрсөн болохыг чинь баттай мэдлээ. Би яг мэдэж байна. Тэгэхэд таныг тарьж өгсөндөө өөрийгөө зүхэж байна гэх аж. 

Өөрийг нь үүнд ямар ч буруугүйг хэлж, үйлийн үрээ би  өөрөө эдэлнэ гэж түүнийг чадахаараа тайвшрууллаа. Маргаашнаас эхэлж тунгаа багасгаж, гарч эхэлнэ гэж амлав. 

— Сая хэдээр хийсэн бэ?

— Гурван тариур нэг хувийн уусмал юу байхав дээ. 

Анна толгойгоо бариад чимээгүй болов.

— Санаа зовох хэрэггүй дээ!

Үнэн хэрэгтээ түүний зовнилыг би ойлгож байв. Мorphium hidrochloricum  үнэхээр аюултай зүйл билээ. Маш хурдан донтуулдаг. Гэхдээ жаахан донтлоо гээд морфинчин болчихно гэсэн үг биш биз дээ? 

… Үнэнээ хэлэхэд, энэ эмэгтэй л миний цорын ганц үнэнч, жинхнээсээ миний хүн. Угтаа миний эхнэр байх ёстой хүн. Өмнөхөө би хэдий нь мартсан. Морфинд талархъя...

1917 оны дөрөвдүгээр сарын 8.

Зовлон.

Дөрөвдүгээр сарын 9.

Аймшигтай хавар санж.

__________

Шилэн доторх чөтгөр. Кокаин бол шилэн дэх чөтгөр!

Үйлчилгээ нь ийм байдаг:

Нэг тариур хоёр хувийн уусмал тарихад агшин зуурт тайвширч, тэр даруйдаа цэнгэл, бахдалыг мэдэрнэ. Гэвч энэ тайвшрал нэг, хоёр хором л үргэлжилнэ. Тэгээд л ор мөргүй сарничихна. Өвдөлт, айдас, харанхуй даран орж ирнэ. Хавар хавсаргаж, хар шувууд нүцгэн мөчрөөс мөчир дамжин нисч, алсад хугархай, хар ой тэнгэр өөд өрвийх зуур тэнгэрийн талын талыг хаврын жаргах наран бүрхэнэ. 

Эмчийн байрныхаа хаалганаас цонх хүртэл, цонхноос хаалга хүртэл хоосон том өрөөг алхаагаараа хэмжинэ. Ингэж хэд явж чадах бол? 15 эсвэл 16-гаас хэтрэхгүй байх. Тэгээд унтлагын өрөө рүүгээ очих хэрэгтэй. Шилэн савны хажууд марль дээр тариур харагдана. Тариурыг авч зүүний сорвиор дүүрэн гуяндаа йод хам хум түрхээд арьс руугаа хатгалаа. Ямар ч өвдөлт мэдрэгдэхгүй байна. Эсрэгээрээ одоо бий болох хөөрлийг тэсэн ядан хүлээнэ. За тэр, ороод ирлээ. Цонх нэвтлэн намайг чиглэх хаварт баярласан манаач Власын тоглох баян хуурын тасалдан чахрах чимээ сахиусан тэнгэрийн хоолой болж, баргил өнгө нь тэнгэрийн найрал дуу мэт сонсогдож эхлэхэд үйлчилж эхэлснийг нь мэднэ. Хормын төдийд л цусан дахь кокаин ямар ч эм зүйн номонд бичигдээгүй нууцлаг зарчмаар өөр шинэ зүйл болон хувирна. Чөтгөр цустай минь холилдсоных гэдгийг мэдэж байна. Власыг тагтан дээр налаад өгөхөд нь үзэн ядаж, нар түгшүүртэйгээр нирхийн жаргахдаа дотрыг минь юу ч үгүй шатаана. Хордсоноо мэдтэлээ оройн турш хэд хэд дарааллуулна. Зүрхний цохилт гар, чамархайд мэдрэгдэж эхэлснээ… хөлгүй гүн рүү унана. Поляков эмч амьдралд эргэн ирэхгүй нь гэж бодогдох үе ч байна...

 

Дөрөвдүгээр сарын 13.

Энэ оны хоёрдугаар сард морфинд донтсон золгүй эмч Поляков би хувь тавиланг минь давтах хэнбугайд ч морфиныг кокаинаар орлуулах гэж оролдохгүй байхыг анхааруулж байна. Кокаин бол хамгийн бузар хор. Өчигдөр Анна намайг арайхийж камфараар аргалж аварсан. Өнөөдөр харин би хагас үхлийн байдалтай байна....

1917 оны тавдугаар сарын 6.

Дэвтэртээ бичилгүй уджээ. Тоогүй юм. Үнэн хэрэгтээ энэ бол дэвтэр биш өвчний түүх юм. Цорын ганц найздаа (миний гаслант, уйланхай Аннаг эс тооцвол) тэмүүлэх мэргэжлийн өвчин бололтой.  

Өвчний түүхээ хөтөлвөөс: Би өөртөө өдөрт хоёр удаа морфин тарьж байна: өдрийн хоолны дараа 5 цагт, унтахын өмнө 12 цагт. Ингээд, өдөрт нэг удаадаа 0,06-гаар. 

Давгүй шүү!

__________

Өмнөх тэмдэглэлүүд минь бага зэрэг хийтэй санагдлаа. Айхтар зүйл алга. Ажлын бүтээмжид минь нөлөөлж байгаа юм ч мэдэгдэхгүй байна. Эсрэгээрээ би өдрийг өмнөх шөнийн тариагаар давж байна. Мэс ажилбарыг ямар ч асуудалгүй хийж, жорыг ч өөлөх юмгүй тааруулж байгаа бөгөөд морфинд донтсон минь өвчтөнүүдэд ямар ч хор хөнөөлгүй болохыг эмчийн тангарагаараа андгайлж байна.  Тэгэх ч үгүй гэж найдна. Харин намайг өөр зүйл зовоож байна. Гэмийг минь хэн нэгэн мэдчих вий гэхээс. Үзлэгийн үеэр нуруу руу цоргих бага эмчийн туслахын хүнд, сониуч харцыг мэдрэх надад хэцүү байдаг.  

Шал балай юм! Тэр гадарлаа ч үгүй байгаа. Намайг барьж өгөх зүйл байхгүй. Оройдоо л хүүхэн харааг минь анзаарахгүй бол. Гэхдээ орой би түүнтэй таардаггүй. 

Эмийн сан дахь морфин сох дутаж байсныг би хот руу явахдаа нөхчихсөн. Гэхдээ тэнд эвгүй байдалд орох хэрэг гарсан шүү. Агуулахын ахлах миний   кафеин гэх мэт (манайд дүүрэн байгаа) зүйлсийг урьдчилан нэмж бичсэн хүсэлтийг хараад:

 — 40 грамм морфин оо?

гэхэд нь сурагч шиг дүлэгнэж буйгаа анзаарлаа. Улайж буйгаа ч мэдрэв...

Тэрбээр:

— Ийм их байхгүй ээ. 10 граммыг л өгч чадна.

Нээрээ л эднийд байхгүй л дээ. Гэхдээ тэр миний нууцыг мэдээд нүдээрээ намайг тэмтчин, цоо ширтэх шиг санагдахад би сандарч, байх суух газраа олж ядаж байв.

Үгүй дээ, хүүхэн хараа л аюултай. Тийм ч учраас өөртөө орой хүнтэй таарахгүй гэсэн дүрэм зохиолоо. Тэгэхгүй байхад миний эмнэлгээс илүү тохиромжтой газар үгүй. Хагас жил гаран би өвчтөнүүдээсээ өөр хэнтэй ч уулзсангүй. Тэд бол надтай манатай хүмүүс. 

Тавдугаар сарын 18.

Бүгчим шөнө. Аадар бороо орох нь. Ойн цаана хар хэвэл томрон бөөгнөрнө. Бүдэгхэн, түгшүүртэйгээр гялсхийгээд авлаа. Аянга наашилж байна.  

Урд минь дэлгээтэй номонд морфинаас хэрхэн гарах тухай бичсэн байв: 

“...сэтгэл тавгүйрэх, түгшүүртэй уйтай байдал, цухалдал, ой тогтоолт муудах, зарим тохиолдолд хий юм харах болон оюун санаа балартах...”

Хий юм харж байгаагүй ч, бусад шинж тэмгдүүдийн хувьд уйтгартай, албаны, утгагүй үгс!

«Уйтай байдал»!..

Энэ аймшигт өвчинд нэрвэгдсэнийхээ хувьд эмч нарыг өвчтөнүүддээ энэрэнгүй хандаасай гэж хүсч байна. Морфинчныг “уйтай байдал” биш удаан үхэл бүчин авдаг юм. Та л түүнийг нэг, хоёр цаг морфинаас салгаж чадна. Агаар хоосон тул залгих боломжгүй… биед цангаагүй нэг ч эс үгүй… Юугаар цангасан гэж үү? Үүнийг тодорхойлж, тайлбарлах боломжгүй. Хүн биш болно гэсэн үг. Унтраасан мэт. Цогцос хөдөлж, гуньж, шанална. Тэр морфиноос өөр юу ч хүсэхгүй, бодохгүй. Морфин! 

Харангатаж үхэх нь морфиноор цангахын хажууд жаргалтай үхэл. Амьдаараа оршуулагдсан хүн яг ингэж авсан дахь сүүлийн агаарыг амьсгалж, цээжээ хумсаараа ярдаг байх. Шатаалгаж буй тэрслүү үзэлтэн галын дөл хөлд нь хүрэхэд л ингэж орилж, татганадаг байх… 

Аргуу хуурай, маш удаан үхэл...

Профессорын бичсэн “уйтай байдал” гэх үгийн цаана ийм л мэдрэмж нуугдаж байдаг юм.

__________

Тэсэхгүй нь ээ. Тарьчихлаа. Амьсгаа авав. Дахин нэг амьсгаа авлаа. 

Хөнгөрөөд явчихлаа… Аюулхайд гаа шиг сэнгэнэх нөгөө мэдрэмж...

Гурван хувийн уусмалаар гурван тариур. Дөнгөж шөнө дунд хүртэл аргална...

__________

Балай юм. Өмнө нь бичсэн минь ёстой дэмий зүйл. Айхтар зүйл алга. Эрт орой хэзээ нэгэн цагт хаяж л таарна!.. Одоо харин унтах минь.

Морфинтой хийх тэнэг тэмцэл намайг улам тарчлаан, сульдуулж байна. 

(Үүнээс хойш дэвтэрээс хорь орчим хуудас хайчилжээ.)

...эгдүгээр сар

… 4 цаг 30 минутад бөөлжив. 

Дээрдэхээрээ аймшигтай мэдрэмжүүдээ тэмдэглэж үлдээнэ ээ.

 

1917 оны арваннэгдүгээр сарын 14.

Москва дахь …(нэрийг нь балласан) эмчийн эмнэлгээс оргож гэртээ ирэв. Бороо харанхуйлан орж хорвоо ертөнцийг надаас нууна. Нууж л байг. Надад ч хэрэггүй, би ч хорвоод хэрэггүй. Намайг эмнэлэгт байхад буудалцаан, төрийн эргэлт болж байсан. Гэхдээ эмчилгээгээ зогсоох бодол Москвагийн гудамжинд мөргөлдөөн үүсэхээс өмнө хулгайч шиг гэтэн орж ирсэн юм. Намайг зоригтой болгосон морфинд талархая. Ямар ч буудалцаанаас би айхаа больсон. Бурханы гайхамшигт талстуудаас өөр бодох зүйлгүй хүнийг ер нь юу айлгах вэ дээ. Их бууны дуунд мэгдсэн эх баригч... 

(Эндээс хуудас урсан байв)

...эд боловсролтой хүн ичгүүртэйгээр өөрийн хүрмээ хулгайлсныг дүрсэлсэн бичвэрийг хэн ч битгий уншаасай гээд урчихлаа. 

Хүрэм ч яахав!

Эмнэлгийн цамцтай гарсан шүү дээ. Юун тэр манатай. Маргааш нь тариагаа тарьж амь орчихоод N эмч дээр буцаж очив. Тэр намайг өрөвдөнгүй уггсан ч өрөвдөлтийнх нь цаанаас жигшил ханхалж байв. Тэгээд ч уг нь хэрэггүй л дээ. Сэтгэцийн эмч биз дээ? Тэгэхээр өөрийгөө удирдах чадваргүйг минь ойлгож байх ёстой. Би чинь өвчтэй хүн шүү дээ. Жигших юу байна? Эмнэлгийн цамцыг эргүүлж өглөө.   

Тэрбээр: 

— Баярлалаа, - гээд: — Одоо тэгээд яах гэж байна? хэмээн асуув.

Би цовоо дуугаар (тухайн үед би хөөрлийн байдалтай байсан):

— Би хөдөөх эмнэлэг рүүгээ буцахаар шийдсэн. Угаасаа амралт минь ч дууссан. Танд маш их баярлалаа, бие хамаагүй дээрдсэн. Хариад эмчилгээгээ үргэлжлүүлнэ ээ.

Гэтэл эмч:

— Та огтхон ч дээрдээгүй. Надад ийм зүйл ярьж байгаа тань үнэндээ инээдтэй байна. Хүүхэн харааг тань харахад л мэдэгдэж байна. Хэнтэй юу ярина вэ? Айн? 

— Би, профессор оо, шууд гарчихаж чадахгүй... тэр тусмаа ийм юм болж байхад... буудалцаан бүр зүрхэнд минь орчихсон...

— Бүх зүйл дууссан. Шинэ засаг гарсан. Дахиад хэвтэж эмчлүүл л дээ.

Тэр даруйд хүйтэн хонгилууд, тосон будгаар будсан хоосон хананууд… хугархай хөлөө чирэн нохой шиг мөлхөх өөрийгөө эргэн санав. Юу ч хүлээж байгаа юм… Яг юу? Халуун тэвш үү?.. Морфин 0,005-ыг. Үхүүлчихээргүй тун хэдий ч… бүхий л уйтгар гуниг хэвээр үлдэж, тээр болж байсан яг тэр хэвээрээ… Хоосон шөнүүд.., намайг гарга хэмээн шаардаж тас татсан цамцыг уу?..

Үгүй. Ёстой үгүй. Диваажингийн ургамлын хатсан толгойноос морфиныг гаргаж авч чадсан шигээ зовоолгүй эмчилдэг аргыг ол л доо! Би зөрүүдлэн толгой сэгсрэв. Тэр үед эмч босож, би айсандаа хаалга руу ухасхийв. Хаалгаа түгжээд намайг хүчээр эмнэлэгт үлдээх гэж байгаа юм шиг санагдсан хэрэг...

Профессор улайгаад явчихлаа.

— Би шоронгийн харгалзагч биш, — гэж тэр цухалдангуй хэлээд, — энэ Бутырки[3] биш. Тайван бай. Хоёр долоо хоногийн өмнө та чинь зүв зүгээр гээд  байгаагүй бил үү? Гэтэл… — гээд айсандаа хийсэн үйлдлийг минь яг дуурайж, — би таныг барихгүй — гэлээ.

— Профессор оо,  мэдэгдлийг минь эргүүлээд өгөөч. Танаас гуйя, — гэхэд хоолой минь өрөвдөлтэйгөөр чичрэв.

— Гуйж байна.

Шургуулгаа түлхүүрдэн мэдэгдлийг минь (хоёр сарын курс эмчилгээг бүрэн хийлгэнэ, эмнэлэгт намайг хүчээр байлгаж болно гэх мэтийн зүйл бичсэн) гаргаж өгөв.

Би чичирсэн гараараа мэдэгдлээ авч нууснаа: 

— Танд баярлалаа — гээд гарахаар босов. Яг гарах гэтэл,

— Поляков эмч ээ! — гэх нь ардаас дуулдав. Хаалганы бариулаас барьсан чигтээ эргэж харлаа. — Аан гээ, — хэмээгээд  — Та тэртэй тэргүй сэтгэцийн эмнэлэгт очно гэдгээ ойлгоорой, арай хожуудах л байх… Бүр дордож очно. Би ядаж тантай эмч хүнтэй харьцаж байна гэж бодож харьцаж байсан. Хожим та сэтгэл чинь бүрмөсөн үймэрсэн хойноо эмнэлэгт очно. Найз минь, та угтаа эмчээр ажиллаж ч болохгүй байдалд орчихоод байна. Ажлын газарт чинь мэдэгдэхэд ч буруу зүйлгүй  — гэж байна.

Би татвалзаж, нүүр минь хувхай цайхыг мэдэрлээ (угаасаа ч цонхийчихсон байсан).

— Би, — гэж сулхан хэлээд, — танаас гуйж байна профессор оо, хэнд ч битгий хэлээрэй... Намайг ажлаас хална... Өвчтэй гэсэн нэр зүүнэ... Та яалаа гэж намайг ийм байдалд оруулахыг хүснэ вэ? — гэвэл,

— Явж үз, — хэмээн халаглан хашхираад, — явж үз. Би юм ярихгүй. Таныг угаасаа буцаагаад явуулна... — гэх аж.

Би тэндээс гарлаа. Буцах замын турш өвдөж, ичсэнээсээ болж чичигнэв… Яалаа гэж?..

__________

Тэр ойлгомжтой. Ай, хонгор найз минь, итгэлт дэвтэр минь. Чи намайг барьж өгөхгүй биз дээ? Хүрмэнд ч асуудал байгаа юм биш. Би эмнэлгээс морфин хулгайлчихсан юм. Гурван шоо талст, 10 грамм нэг хувийн уусмал. 

Тэр ч яахав. Шүүгээний түлхүүр зоолттой байсан. Хэрэв байгаагүй бол шүүгээг эвдэх байсан уу гэдэг илүү сонин байна. Үнэнийг хэлбэл? 

Эвдэх л байсан.

__________

Тэгэхээр, Поляков эмч хулгайч юм байна. Энэ хуудсыг урж амжина аа.

__________

Ажлын тухайд тэр ч арай дэгсдүүлсээн. Тийм ээ, би доожоогүй амьтан. Яг зөв. Ёс суртахуун минь ялзарч эхэлсэн. Гэхдээ би ажлаа хийж чадахаар барах уу, өвчтөнүүддээ ямар ч хор хөнөөл учруулахгүй. 

__________

Яагаад хулгайлсан бэ гэж үү? Тэр ч ойлгомжтой. Төрийн эргэлттэй холбоотой энэ бүх үймээн, тулааны үеэр морфин олж чадахгүй гэж бодсон юм. Гэтэл бүх зүйл намжсаны дараа би захын нэг эмийн сангаас 15 грамм нэг хувийн уусмал (надад тусгүй зүйл л дээ, есөн удаа тарих хэрэг гарна) олж авав. Ахиад л доошоо орох хэрэг гарсныг яана. Эм зүйч нь тамга нэхэхдээ хөмсгөө зангидаж над руу сэжиглэнгүй харсан. Маргааш нь гайгүй болсныхоо дараа эмнэлгийн жор бичээд (мэдээж кафеин, аспирин зэргийн хамт) өөр эмийн сангаас ямар ч асуудалгүй 20 граммыг талстаар авсан. Эцсийн эцэст яагаад би нуугдаж, айх ёстой гэж? Ямар духан дээр минь морфинчин гээд бичсэн байгаа биш. Ер нь хэнд хамаатай юм бэ?

__________

Би бүрмөсөн ялзрав уу? Энэ тэмдэглэлүүд гэрчилнэ биз. Хайш яаш л байх, би ямар зохиолч биш! Бодлууд минь солиотой байна уу? Би хувьдаа өөрийгөө туйлын эрүүлээр сэтгэж байна гэж бодож байна. 

__________

Морфинчинд хэн ч булааж чадахгүй ганц жаргал бий. Тэр нь ганцаардах чадвар. Харин ганцаардал бол чухал, утга төгөлдөр бодлууд, бясалгал, тайвшрал бас мэргэн ухаан юм...

Тас харанхуй, дуугүй шөнө үргэлжилсээр. Хаа нэгтээ нүцгэрсэн ой, цаана нь горхи, сэрүүн, намар. Алс холд арзаганаж, булгилсан Москва. Надад юу ч хамаагүй, юу ч хэрэггүй, хаашаа ч явмааргүй байна. 

Чийдэнгийн гэрэл минь гэрэлтээд бай, чимээгүйхэн гэрэлтээд байгаарай. Москвад учирсан адал явдлын дараа амармаар байна, мартмаар байна. 

Тэгээд мартав.

__________

Мартжээ.

 

Арваннэгдүгээр сарын 18.

Жавар. Хуурайшиж байна. Агаарт бараг гардаггүй тул жим даган горхи руу алхлаа. Ялзарч байгаа ч гэсэн би тэвчихийг хичээж байна. Жишээ нь, өнөөдөр өглөө би тариагүй (одоо өдөрт гурван удаа дөрвөн хувийн уусмалаар гурав тарьж байгаа). Эвгүй байна. Аннаг өрөвдөх юм. Уусмалын нэмэгдэх хувь бүр түүнийг үхүүлж байх шиг. Хайран хүн!

Бүр дордоод ирэхээр нь жаахан зовох хэрэгтэйгээ ойлгож (профессор N намайг харсан ч болоосой ) тариагаа холдуулж горхи руу явсан юм. 

Ямар зэлүүд юм бэ? Өвс сөртхийх чимээ ч алга. Бүрэнхий арай болоогүй ч хаа нэгтээ нуугдаж намаг, дов сондуул дээгүүр, хожуул дундуур мөлхөнө...Левковын эмнэлэг рүү хүмүүс явсаар… Би  ч таягаа тулан мөлхсөөр (үнэнээ хэлэхэд, би сүүлийн үед их тамирдаж байгаа).

Гэнэт горхины тэндээс энгэр уруудан шар үстэй эмгэн дэрэвгэр хормойтой банзалаа хөлөөрөө хумихгүйгээр асар хурдтай над руу нисч яваа нь үзэгдэв… Эхэндээ би ойлгоогүй тул айсан ч үгүй. Эмгэн л байгаа биз. Сонин юм аа, яахаараа энэ хүйтэнд эмгэн толгой нүцгэн, дан цамцтай явж байдаг билээ?.. Гэснээ гэнэт юун эмгэн бэ? Хаанаас гараад ирэв? Левковын үзлэгийн цаг дуусахад сүүлийн чарга явж ойрын арван бээрт хэн ч үлддэггүй сэн. Манан, намаг, ойгоос өөр зүйл байхгүй. Хүйтэн хөлс нуруугаар чийхарч би сая л нэг юм ойлгов! Эмгэн гүйх биш газарт хүрэхгүй нисч байв. За тийм юм байж. Энэ гайгүй юм аа гэхэд эмгэний гарт сэрээ байгаа нь эвгүй оргиулав. Би юундаа тэгж айсан юм бол? Яагаад? Нэг өвдөг дээрээ сөхрөөд эмгэнийг харахгүйн тулд гараа өргөн нүүрээ таглав. Дулаахан өрөөндөө очиж амьд сэрүүн Анна… бас морфиноо харахын хүслэн болсон би эргэж хараад аврал руугаа гүйх мэт зүрхээ арай л амаараа гаргачихалгүй сүүлээ хавчин зугатлаа...

Гэртээ гүйж ирэв.

__________

Балай юм! Хий юм л харсан байна даг. Санамсаргүй хий хоосон юм.

 

Арваннэгдүгээр сарын 19.

Бөөлжих ч муу шүү.

Анна бид хоёрын хооронд 21-ний шөнө өрнөсөн яриа: 

А н н а: Бага эмч мэджээ.

Би: Тийм үү? Хамаагүй. Тэр юу ч биш.

А н н а: Эндээс явахгүй бол би боогоод үхчихнэ шүү. Ойлгож байна уу? Наад гараа хар даа. 

Би: Жаахан чичирч л байна. Ажлаа хийхэд огтхон ч саад болохгүй. 

А н н а: Хар л даа, бүр хэрзийчихсэн байна шүү дээ. Бүр яс арьс болчихож… Наад царайгаа хар… Серёжа, гуйж байна яваад өгөөч... 

Би: Чи яах юм?

А н н а: Явж үз. Чи үхлээ шүү дээ. 

Би: Чи арай хэтрүүлж байна. Гэхдээ яагаад ийм хурдан сульдсанаа үнэхээр ойлгохгүй байна. Би өвдөөд жил ч болоогүй шүү дээ. Ийм л биетэй юм байлгүй дээ. 

А н н а (гунигтайгаар): Чамайг юу амь оруулах юм бол оо? Чиний нөгөө эхнэр-Амнерис чадах болов уу? 

Би: За үгүй дээ. Тайвшир. Морфины ачаар түүнээс ангижирсан. Түүний оронд харин морфин болсон. 

А н н а:  Ээ бурхан минь… яах вэ?

__________

Анна шиг хүмүүс зохиолд л гардаг гэж боддог байлаа. Хэзээ нэгэн цагт эдгэрвэл би хувь заяагаа түүнтэй холбоно оо. Өнөөх нь Германаас битгий буцаж ирээсэй. 

 

Арванхоёрдугаар сарын 27.

Ойрд дэвтэртээ бичсэнгүй. Би дуудагдаж, морьд гадаа хүлээнэ. Бомгард Гореловоос явсан тул түүнийг орлуулахаар намайг томилжээ. Миний оронд эмэгтэй эмч ирнэ. 

Анна  энд … Над дээр ирж байхаар болов...

Ядаж 30 бээр юм даа. 

__________

Нэгдүгээр сарын нэгнээс нэг сарын хугацаатай өвчний чөлөө авж, профессор руу Москва явахаар шийдэв. Би дахин мэдэгдэл бичиж, нэг сарын турш түүний эмнэлэгт тэвчихийн аргагүйгээр тарчлах болно. 

Хагацъя даа, Левково минь. Анна, баяртай.

 
1 9 1 8 он
Нэгдүгээр сар.

Би явсангүй. Уусамтгай талстат бурхан тэнгэрээсээ хагацаж чадахгүй нь. 

Эмчлүүлж байхдаа үхэх нь. 

Эмчлүүлэх хэрэггүй гэсэн бодол улам ойр ойрхон орж ирэх болов.

 

Нэгдүгээр сарын 15.

Өглөө бөөлжсөн. 

Бүрийгээр дөрвөн хувийн уусмалаар гурван удаа тарив.

Шөнө дөрвөн хувийн уусмалаар мөн гурван удаа тарив.

 

Нэгдүгээр сарын 16.

Мэс заслын өдөр тул шөнөөс оройны 6 цаг хүртэл тэвчих хэрэгтэй. 

Бүрийгээр, - хамгийн аймшигтай цаг,- нэг хэвийн заналхийлсэн хоолойгоор “Сергей Васильевич. Сергей Васильевич!” гэж дахин дахин давтах нь  тод сонсогдоно.

Тарьсны дараа бүх зүйл зүгээр болов. 

 

Нэгдүгээр сарын 17.

Цасан шуургатай тул хүн ирэхгүй. Хэрэглэлгүй тэвчих зуураа уншсан сэтгэц судлалын ном аймшгийн сэтгэгдэл төрүүлэв. Би нэгэнт өнгөрчээ, найдваргүй.

Хэрэглээгүй үед сэр хийх чимээнээс ч айж, хүмүүсийг үзэн ядна. Би тэднээс айдаг. Хөөрлийн үедээ бүгдэд нь хайртай болдог ч ганцаараа байхыг эрхэмлэнэ. 

__________

Энд бага эмч, хоёр эх баригч байдаг тул болгоомжтой байхгүй бол горьгүй. Баригдахгүйн тулд маш анхааралтай байх хэрэгтэй. Надад морфины нөөц байгаа цагт хэн ч мэдэхгүй. Уусмалаа өөрөө бэлдэж эсвэл Аннад урьдчилан жороо явуулна. Түүний хоёр хувийн уусмалыг таван хувийнхаар орлуулах гэсэн оролдлого бүтэйлгүйтсэн юм. Нүүр нүдгүй шуурга, жаврын дундуур Левковоос өөрөө авчирч билээ. Үүнээс болж бид хоёр шөнө айхтар муудалцав. Дахиж ингэхгүй байхыг ятгав. Эндхийн ажилтнуудад би өвчтэй гэдгээ мэдэгдсэн. Ямар өвчин хэлэх вэ гэж мөн ч их гашилсан даа. Хэрэх өвчинтэйн дээр мэдрэл их муудсан гэж хэллээ. Хоёрдугаар сард чөлөөгөөр Москва явж эмчлүүлнэ гэдгийг хэлсэн байгаа. Бүх зүйл бүтэмжтэй. Ажилд  ямар ч саадгүй. Тэвчихийн аргагүй бөөлжих, зогьсуулах давхцсан өдрүүдэд мэс ажилбар хийхээс зайлсхийдэг. Иймд ходоод салстах өвчтэй гэж нэмэх хэрэг гарав. Нэг хүнд хэт олон өвчин ногдож байна. 

      Эндхийн ажилтнууд тун өрөвч юм, намайг чөлөөгөөрөө яв гэж ятгацгаана. 

_______

Гадаад төрх минь: туранхай, хувхай цайсан. 

Усанд орохын өмнө эмнэлгийн хилэн дээр зогсож үзлээ. Ноднин би 4 пуд**** байсан одоо 3 пуд 15 фунт***** болжээ. Хилний зүүг хараад айсан ч төд удалгүй тайвшрав. 

Шуун дээр идээлж хувилсан нь эдгэхгүй, гуян дээрх ч ялгаагүй. Ариун уусмал бэлдэж чаддаггүй дээрээ явахын өмнө яарахдаа гурван ч удаа буцалгаагүй тариураар хатгачихсан. 

Ингэж болохгүй. 

 

Нэгдүгээр сарын 18.

Хий юм харлаа:

Харанхуй цонхны цаанаас цонхигор хүмүүс гарч ирэхийг хүлээнэ. Тэсэхүйеэ бэрх юм. Дан ганц хөшигтэй юм. Эмнэлгээс марль аваад өлгөчихлөө. Юу гэж тайлбарлахаа бодоод олсонгүй…

__________

Чөтгөр аваасай билээ! Ер нь яагаад үйл хөдлөл бүрдээ тайлбар бодож олох ёстой юм? Энэ амьдрал биш тарчлаан шүү.

__________

Бодлоо би цэгцтэй илэрхийлж чадаж байна уу? 

Чадаж л байх шиг санагдана. 

Амьдрал уу? Инээдтэй юм!

 

Нэгдүгээр сарын 19.

Өнөөдөр завсарлагааны үеэр эмийн санд тамхилж байтал бага эмч нунтгуудыг эргүүлэх зуураа яагаад ч юм инээвхийлснээ нэг эмэгтэй бага эмч морфинд донтчихоод олж чадахгүй болохоороо хагас хундага опийн ханд уудаг байсан тухай ярив. Түүнийг тэр тарчлаант түүхээ ярих зуур нүүрээ хийх газаргүй болов. Юу нь инээдтэй байна аа? Үзэн ядаж байна. Инээх юм юу байна аа? Юу?

Эмийн сангаас би хулгайчийн явдлаар гарч одов.

“Энэ өвчнийг шоолох юу байна аа?..”

Биеэ барилаа, барьж...

Ийм байдалтай байхдаа яршигтай хүмүүсээс хол байх хэрэгтэй. 

Тэр бага эмч яг ийм өвчтөнд юугаар ч тусалж чаддаггүй сэтгэцийн эмч нар шиг харгис юм.

Юугаар ч.

__________

Өмнөх мөрүүдийг хэрэглээгүй үедээ бичсэн тул шударга бус зүйл бичжээ. 

Сар цэлийсэн шөнө. Бөөлжиж сульдчихаад хэвтэж байна. Гараа өндөр өргөж чадахгүй байгаа тул харандаагаар бодлоо сараачиж сууна. Бодлууд минь бардам бас саруулхан байна. Хэдэн цаг ч болтугай жаргалтай байна. Удахгүй унтлаа. Дээрээс титэмт сар гялтайна. Тарианы дараа юу ч айлгахаа болино. 

 

Хоёрдугаар сарын 1.

Анна ирэв. Бие өвдөж бүр шарлаж орхижээ.

Түүнийг би бүр туйлдуулж гүйцэж. Би ч нүгэлтэй хүн юм даа. 

Хоёр сарын дундуур явна гэж амласан.

 __________

Амласандаа хүрэх болов уу?

__________

Хүрнэ ээ.

Тэр үед амьд байвал. 

 

Хоёрдугаар сарын 3.

Уул. Хүүхэд байхад үлгэрт гардаг, Кайг чаргаар аваад явдаг мөстсөн, эцэс төгсгөлгүй уул. Энэ уулан дээрээс сүүлийн удаа доош гулгая. Дор намайг юу хүлээж буйг сайн мэдэж байна. Анна минь, хэрэв та намайг хайрладаг бол удахгүй их гачланд унах нь дээ… 

 

Хоёрдугаар сарын 11. 

Бомгардад хэлэхээр шийдлээ. Яагаад түүнд гэж үү? Яагаад гэвэл тэр сэтгэцийн эмч биш, залуу хүн бас оюутан үеийн минь анд болохоор. Буруу санаагүй бол тэрбээр эрүүл, хүчтэй боловч зөөлөн нэгэн. Түнийг санаж байна. Магадгүй тэр… надад элгэмсэг хандах байх. Тэр ямар нэг арга олно доо. Намайг Москва аваад яваг. Амралтаа авчихсан болохоор өөрөө түүн дээр очиж чадахгүй нь. Эмнэлэг дээр ч очихгүй хэвтэж байна. 

 Бага эмчийн тухайд хэтрүүлжээ. Инээгээ л биз… Ямар хамаа байна. Тэр намайг эргэхээр ирсэн. Бүх зүйлээ ярихыг сонсоё гэсэн. 

Би зөвшөөрөөгүй л дээ. Зөвшөөрөөгүй шалтгаанаа бас тайлбарлах уу? Шалтаг бодож олмооргүй байна. 

Бомгардад зурвас илгээлээ.

__________

Хүн ардаа! Надад туслах хүн байна уу? 

Өрөвдөлтэйгөөр халаглалаа. Үүнийг хэн нэгэн уншвал худлаа л гэж бодно байх. Хэн ч уншихг… 

__________

Бомгардад захиа бичихээс өмнө бүх зүйлээ эргэн дурсав. Тэр дундаа арваннэгдүгээр сард Москвагаас зугтаж байхад харсан галт тэрэгний зогсоол санаанд оров. Аймшигтай орой байсан шүү. Хулгайлсан морфиноо бие засах газар тарьж билээ. Тарчлаан. Хаалганы цаанаас төмөр мэт хоолойнууд хангинаж, удлаа гэж загнана. Хаалганы бариул үсчиж юу юугүй л дэлгэгдчих гээд байх шиг...

Тэрнээс хойш хатигтай болсон доо. 

Үүнийг дурсаад шөнө уйлав. 

 

Шөнийн 12 цаг. 

Дахиад л уйллаа. Шөнө дунд ингэж гоншигнож, шалчиганах хэрэг юу байна?

 

1918 оны хоёрдугаар сарын 13-ны үүрээр Гореловкад.

Би тариагүй 14 цаг болжээ! 14 шүү! Итгэхийн аргагүй тоо шүү. Сүүмийн цагаарсаар гэгээ орж байна. Би удахгүй цоо эрүүл болно.

Эрүүлээр бодоод үзвэл Бомгард надад хэрэггүй дээ, надад хэн ч хэрэггүй. Амьдралаа нэг хормоор ч болов уртасгах нь ичгүүртэй билээ. Ийм амьдралыг. Эм гарын дор байжээ. Өмнө нь яагаад хараагүй юм бол? 

За эхэлье. Би хэнд ч ямар ч өргүй. Би зөвхөн өөрийгөө л сүйрүүлсэн. Бас Аннаг. Одоо яалтай бил э?

Амнерисийн дуулдаг шиг цаг хугацаа эдгээнэ. Түүнтэй байхад амар байсан.

Дэвтэрээ Бомгардад өгнө. Боллоо…”


V

1918 оны хоёрдугаар сарын 14-ний үүрээр би Сергей Поляковын энэ тэмдэглэлийг уншив. Түүний бичвэр энд бүтнээрээ, ямар нэг өөрчлөлтгүй байгаа болно. Би сэтгэцийн эмч биш учраас энэ бичвэр сургамжтай эсвэл хэрэгтэй эсэхийг итгэлтэйгээр хэлж чадахгүй нь. Миний бодлоор хэрэгтэй юм шиг ээ. 

10 жилийн дараа эргээд дурсахад бичвэрийг уншаад төрсөн өрөвдөх сэтгэл, айдас алга болжээ. Тэр мэдээж, гэхдээ одоо дахин уншихнээ Поляковын цогцос хэдийн үйрч, дурсгал нь үгүй болсны дараа ч би түүнийг сонирхсон хэвээр. Магад энэ тэмдэглэлүүд хэрэгтэй ч юм билүү? Энэ шийдвэрийг зоригтой гаргахаар болов. Анна К. 1922  онд ажиллаж байсан эмнэлэгтээ эсэргэнэт хижгийн улмаас нас барсан. Поляковын анхны эхнэр Амнерис гадаадад байгаа. Буцаж ирэх ч үгүй.  

Надад дурсгасан тэмдэглэлийг би хэвлэж болох уу? 

Болно. Хэвлэлээ. Бомгард эмч. 


*Василий нэрийн франц хувилбар
**өвчин намдаагч
***Москвагийн хорих анги
****1 пуд=16.38  кг

*****1 фунт=0.4 кг

Сэтгэгдэл хэсэг