Өнгөрсөн зууны наяад оныг дайрсан нийгмийн өөрчлөлт, хуучин шинийн зөрчил, хүмүүсийн оюун санаанд гарсан эргэлтүүд тухайн үеийн зохиолчдын бүтээлд хүчтэй туссан нь нийтлэг ажиглагддаг. Тэр дунд зохиолч П.Баярсайханы хотжилт-нүүдэл, сууриншил-хөдөөх амьдрал, хүний мөс-алдарч буй хүн чанар гэсэн хоёрдмол эсрэгцлийн үүднээс дүрүүдээ товойлгон гаргаж, дүрүүдийнхээ бодрол эргэцүүллээр уран дүрийнхээ шинж төрх, авир занг бүтээсэн уянга сэтгэлзүйн шинжтэй өгүүллэг, туужууд онцгой байр эзэлнэ.
П.Баярсайхан нь 1970-аад оноос яруу найраг, өгүүллэгээр уран бүтээлийн гараагаа эхэлж дүрийнхээ дотоод сэтгэлийн хувирал, бодол санааны эргэлт, сэтгэлзүйн шинж байдлаар зохиолынхоо үйл явдлын голчлон зангидсан өгүүллэг, туужаараа 1980-90 оны хүүрнэл зохиолын нэгэн хэв загварчлал, тогтонги байдалд өөрчлөлтийн салхи авчирсан зохиолчдын нэг юм. Тэрээр Монголын уран зохиолд П.Лувсанцэрэн, С.Эрдэнэ, Д.Мягмар нарын уламжлуулж ирсэн уянга сэтгэлзүйн бичлэгийг хөгжүүлж ухамсрын урсгал, бодрол эргэцүүллийн өнгө аястай бичлэгийн арга маягаар, зөвхөн П.Баярсайханых л гэмээр өвөрмөц урлалыг уран зохиолд бүтээсэн билээ.