Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд хоёр жил тутамд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаант шагнал зарладаг билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 15-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 140 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 106 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 30 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг тун удахгүй зарлана.
Яруу найргийн уралдаанд дээр дурдсанчлан 140 шүлэгч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 7 шүлэгчийг шигшин авч, шүлгүүдийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 7 шүлэгчээс нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Бид шилдэг 7 шүлэгчийнхээ бүтээлийг та бүхэнд хүргэхдээ Утга зохиолын хүрээний нэр нөлөө бүхий, хүндтэй уран бүтээлчдээр шүлгүүдийг уншуулж сэтгэгдлийг нь авсан билээ. Тиймээс шүлэгч тус бүр өөрийн бүтээлийг нэр хүндтэй уран бүтээлчдээр үнэлүүлж, сэтгэгдлийг нь сонсох боломж олдож буй юм.
Шилдэг шүлэгчдийн бүтээлийг танилцуулах цувралын дараагийн шүлэгч Намхайнямбын Уранжаргал. Хэнтий аймгийн Мөрөн суманд 1989 онд төрсөн. Хэнтий аймгийн 1 дүгээр сургууль, Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийг дүүргэсэн. Уралдаанд дараах шүлгүүдийг ирүүлжээ.
96
Удахгүй ирээрэй жаргал минь
Уулзаад холдохгүй, нэг ч хором холдохгүй шүү
Хүмүүсийн үгийг битгий тоо.
Намар ирээрэй
Юухан байхав дээ долоохон сар...
Ер нь би очлоо шүү...
Хүмүүсээс залхаж байна,
Ганцаараа баймаар байна,
Би айж байна.
Хажууд минь байгаарай.
Халуун байнаа энд,
Хүмүүс урсаж байна, яг мөхөөлдөс шиг...
Залуу хүн байна даа
Хоёр өдөр унтаагүй ээ.
Хажуугийн ширээнд зураачид ууж байна
Би ч бас ууж байна ...
Гарыг чинь зүүдлэсэн
Ганцаараа байна.
Гал дээр хоолоо үйхдээ чамайг шимширтлээ саналаа
Гай болж хажууд “lemon`s” “Paradise”-аа дуулаад
Өглөө гүйсэн
Хоолоо идээрэй
Өчигдөр дахиад л унтчихжээ
Өө яана даа бүхэл бүтэн долоон сар...
***
Хаврын салхинд хувцсаа хатаахаар хэцэнд тохлоо
Хамтад нь сэтгэлээ тохчих шиг дэрвэс, дэрвэс
Дэрвэс, дэрвэс сэтгэлээ алдахгүйн тулд нүдээ анилаа
Аних нүдэнд чиний харц зурс, зурс
Зурс, зурс харцыг үгүйлж эхэлсэн нь найман сарсан
Найман сарыг ууж суухдаа, уйлж хэлсэн чиний үг
(удахгүй тэр амаржина)
Амаржих сар нь сэтгэлд хадаастай...
Хадаастай сэтгэлд хоног өдрүүд алдалж барамгүй
Алдалж дуусамгүй аг чигт хүүгийн чинь хонх тожир тожир
Тожир, тожир хонхы чимээ...
Томоогүй хийсчих гэсэн сэтгэлээ тогтоох гэж хавчаардлаа.
***
Урт өдрүүдийг
Урт өдрүүдийг чи минь яаж туулна даа
Умардаас ирэх салхинаас чиний хоолой
Савхин хүрэмний чинь үнэр
Сахлын машины чинь чимээ сонсогдоно
Хөх саарал салхинд
Шав шар балжингарам цэцэгтэй
Ширээний чинь бүтээлэг хөвж байна.
Ассан лааны дуссан тосноос
Аниргүй харанхуйг ширтэж суусан чинь
Амьдрал гэдэг уйтгартай,
Удаанаас удаан,
Оршуулгын цуваа шиг байна гэж хэлсэн чинь санагдана.
Урт өдрүүдийг
Урт өдрүүдийг чи минь яаж туулна даа
Н.Уранжаргалын шүлгүүдийн тухай СУИС-ийн багш судлаач, шүүмжлэгч Х.Чойдогжамц сэтгэгдэл ирүүлжээ.
Хар цагаан, тэгээд дуугүй киноны хальс зугуухан гүйлгээд зүйвэрлэн үзэж буй юм шиг сул урссан хүүрнэлтэй энгийн хэрнээ хөвсөргөн гурван шүлэг уншлаа. Эхний шүлэг мөрөөдлийн хүлээлтээс, удаах хоёр нь дурсамжийн салхинаас төрөгдсөн шүлгүүд байх юм. Мөрөөдөл, дурсамж хоёр тас гэдрэг утга тээдэг ч бодогдохоо хоёул таатай байдгийг нь санахаар хос иртэй илд ч юм шиг. Өнгөрнөө мөрөөдөхийг дурсамж гэж хэлж болох уу? Мөрөөдөхдөө ч дурсамж бүтээж байдгаа мэлзэх үү? Хоёр дахь шүлгийг дахин дахин уншина уу! Дурсамж, бодол, төсөөллүүд сэт сэвгүй шаналган буйг дүрсэлсэн нь тун яруу болжээ. Ёстой л ухамсрын урсгалт бичлэг. Хувцсаа хатааж буй энэ эмэгтэй дурсамж, мөрөөдлийнхөө альхан талд байна вэ? Өнгөрсөн болоод одоо, баяр хийгээд гунигийнхаа ямар хил дээр зогсоно вэ? Үүнийг бичсэн шүлэгч ч мөн ямархан зайцад ороогдон өгүүлнэ вэ? гээд бодоод үз дээ. Орхан Памук “Шинэ амьдрал” романдаа “Хүн яагаад үгээр боддог хэрнээ дүрсээр шанална вэ” гэж өгүүлснийг саная. В.Вүүлфийн “Хатагтай Далловэй” романы гол дүр үгээр бодох, зургаар төсөөлөхийн нийлэгт бодлогошордгийг мөн саная. Б.Лхагвасүрэн найрагч “би мартагдахаас айдаггүй, санагдахаас л айдаг” гэж хэлснийг ч бас саная. Эвдсэн зураг шиг дээр дээрээс нь зураад, будаад, зүйж наагаад орхисон; тэсэн ядлаа ч өөрөө үзүүрт нь хөөрхийлөлтэй өлгөгдөх, үл хайхран хатамжиллаа ч үрслэн шаналгахдаа итгэмээргүй хурдан хөндүүртэй сэтгэлийн хэц. Бид нээрэн л үгээр бодож хэлдэг үү? зургаар дурсаж хэлдэг үү? Уран сайхны увидас ярууслаас энэ бүгдийг сэтгэлдээ тэмтэрч болох билээ. Н.Уранжаргалын шүлгээс төрсөн сэтгэгдлээ гурван мөртөөр хураан илэрхийлж төгсгөхийг хүслээ.
Дурсамж минь
Дуугаа хураасан мөрөөдөл минь
Дуугүй киноны нулимс минь.
Сэтгэгдэл хэсэг