УРАЛДААНЫ ШИЛДЭГ ЗОХИОЛЧ: САЙНБИЛЭГИЙН БААТАРЦОГТ


"ГЭГЭЭН ШУВУУ" утга зохиолын сангаас залуу уран бүтээлчдээ дэмжих, дотоодын уран зохиолын залгамж халааг танилцуулах, уран бүтээлийн замд хөтлөх зорилгоор "Тагтаа" утга зохиолын шагналыг өгүүллэг, яруу найраг, орчуулгын төрлөөр зарладаг билээ.  Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 28-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 100 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 75 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 40 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг Тавдугаар сарын 18-ны өдөр  “ТАГТАА” утга зохиолын шагналын үеэр зарлаж, шагналыг гардуулна. 

Богино өгүүллэгийн төрөлд 75 зохиолч  бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 4 зохиолчийг шигшин авч, бүтээлийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 4 зохиолчоос нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Шилдгээр шалгарсан зохиолчдын бүтээлийг нийтлэхдээ ямар нэг дэс дараалал харгалзаагүйг анхаарна уу! 


МАРТАГДСАН ОН ЖИЛҮҮДЭЭС УРСАН ИРЭХ АЯЛГУУ
(Зохиолч Сайнбилэгийн Баатарцогт)

Харанхуй шөнө нүүгэлтсэн ой модны захад гав ганцаараа аяганы хонхор шиг жижигхэн майхан газарт хатгачихсан задгай галын дэргэд шар айраг шимнэ. Хуурай хөх гишүүгээр өрдөж асаасан түүдгийн дөл түүний нүүр рүү үе үе халуунаар төөнөнө. Галын илч дулаан тэсэхүйеэ бэрх болоход салхин талд нь дайжиж аяны хөнжил гудсаа газар дэлгээд тэнгэр ширтэн хэвтлээ. Шөнө дүлээр одод ойр ойрхон анивалзана. Саяхан машинаасаа авчирч зассан хөнжил, гудас нойтон чийг даасан байлаа. Өдөржин уулын оройгоор татсан манан будан наашлаад уулын энгэр бэл, тал хээрээр энд тэндгүй хөшиглөн татсан мэт санагдахад тэрээр дулаан хөнжилдөө улам шургав. Гагцхүү шөнийн харанхуй өтгөн манантай сүлэлдэн  цор ганцаар бүчсэн мэт Учралын хамаг биеэр нь хүйт дааж, намар оройн живэргэн салхи хааяа нэг хүнгэнэн үлээнэ. Хэсэгтээ салхи ч намдаж аг жиг оргин чимээ алдарна. Учрал бичвэрийнхээ хэдэн төгрөгийг ажлынхаа газраас авч халааслаад үд дундын хавьд хотоос гарчээ. Их сургуулиа төгсөх хавар нэг хувийн компанид байгалийн гоо сайхан, өвөрмөц болон сонин хүмүүсийн аж амьдрал, ард түмний ёс заншил, үүх түүхийг олон нийтэд таниулж уран сайхнаар илэрхийлэн бичих ажлыг эрхэлж эхэлсэн бөгөөд өдгөө долоон жил тасралтгүй хийжээ. Энэ ажилдаа дуртай, дургүйг хэн ч мэдэхгүй. Учрал өөрөө ч олигтойхон яг таг хариулт өгөхгүй. Түүний дуугүй харцны цаана дандаа зэмлэлийн үгс, догшин ширүүн төрх нуугдах хойно асуухаасаа илүү цааргалах хүмүүс нилэнхүй их. Сүүлийн жилүүдэд гэр бүлийнхээ хамт төрсөн нутагтаа очиж амьдрахыг ажлын газраас нь зөвшөөрсөн бөгөөд долоо хоног бүр таван хуудас бичвэр цахим хаягаар тогтмол илгээнэ. Сар бүрийн сүүлээр цалин нь буух боловч заавал өөрийн биеэр очиж гарын үсэг зурах хэрэг гарна. Хотод байгаа ганц өрөө байр, хоосон хана ширтээд, хийх ажилгүй өдөржин ховигонож суудаг ганц нагац ахыгаа эргэж тойроход яг боломжийн хугацаа гэж бодно. Энэ үеэрээ байнга хот явах болсныг эхнэр хүүхдээс нь өгсүүлээд нутгийнхан нь өдөр судар, цаг нартай нь андахгүй мэднэ. Учрал бичвэрийнхээ хажуугаар газар тариалангаа эрхлэх цаг хангалттай гардаг тул өөртөө хамгийн тохирох ажлыг олсон гэж бат итгэсээр иржээ. Тэрээр өөрийнхөө үзэл бодлоос хазайж байсан тохиолдол ховор. Ямар сайндаа энэ буйдхан уулын суганд, эзгүй хээр хонож байхав. Учралын улаан тоосгон байшин, эдлэн талбай гурван толгодын цаана холгүйхэн бий. Өөрийнхөө хөдөө хээр ганцаараа хонож үзнэ гэсэн хүслээ биелүүлэхийн тулд тав тухыг үл огоорон буудалласан нь энэ. Шөнө дүлээр уулын өндөр хавцлаас хүрхрээ хүчээ түрэн нисэн унах, бяцхан харзны тархинаас хоёр буга ус уухаар ирэхдээ уянгалуулан урамдахыг ч юм уу ямар нэгэн ер бусын гайхалтай аялгуу эгшиглэнэ хэмээн итгэжээ. 

Учралын дэрэн доогуураа лавхан шургуулсан гар утас хангинаж эхлэх нь тэр. Ертөнцийн нам гүмийн дунд гар утасны дуу уул дамнан цуурайтна. Хуучин бор хүрмийнхээ халааснаас утсаа гаргаж ирээд дэлгэцийнхээ нь гэрэл асахгүй тул хаана явааг сураглаж, эхнэр хүүхдээ залгаж байгаа гэж таамаглаад шуудхан утсаа авлаа. Харин тэгтэл огт өөр дуу хоолой түүнийг бүчин авав. “Хотод ирчихсэн үү” гэх утасны цаанаас уянгалаг бөгөөд уйтгарт дарагдсан  нэгэн хоолой мэндийн зөрүүгүй шууд угтлаа. Уулзаагүй удсан байж мэнд усаа мэдэлцэхэд яана гэж дотроо бодсон хэдий ч түүний асуултад өчигдөрхөн уулзсан шинэ танил шиг “Тийм ээ, дөнгөж саяхан ирлээ” гэж зохиогоод хариулчихлаа. Утасны цаанаас хэн гэдгийг нь түвэгггүй таньсан юм. Энэхүү ганцхан минутын дотор өрнөсөн яриа хэдэн жилийн турш мартахыг хичээж, сэтгэл дотроо цэвэр ариунаараа үүрд нандигнан хадгалсан, нууцлаг бүсгүйтэйгээ дахин уулзахад хүргэчхэв. Тэр хоёр маргааш уулзах цагаа ч тохироод амжив. Учрал утсаар ярьж дууссаныхаа дараа уулзах ёстой үгүйгээ сайн мэдэхгүй байлаа. Хэрвээ болзсон цагаасаа хоцорч очихгүйн тулд дулаан орноосоо ухас хийн босч намрын шөнө ихээр унасан хярууг гутлаараа туучиж машиндаа хамаг зүйлээ яаралтайгаар чихэх хэрэгтэйгээ сайн мэдэж байв. 

Номуунтай дөрвөн жилийн хугацаанд цөөхөн оюутантай нэг сургуулийн хүүхдүүд байсан ч хоёрхон удаа уулзаж учирсан юм.  Эхнийх ердөө уулзалт гэхээсээ илүү санаандгүй тохиолдлоор болчихсон ганцхан тэврэлт, нимгэн цагаан цамцыг норгох нулимс, халуун амьсгал юм. Завсарлагааны цаг дөнгөж эхэлж байлаа. Лекцийн танхимаас өмнөх цагийн хичээлээсээ залхсан хүүхдүүд шалавхан дэвтэр номоо хамсаар яаран гарч байлаа. Учрал танхимаас гарах хүүхдүүдийн дундуур зөрөн өнгөрсөөр урд талын эгнээний сандал ширээнүүдийг нүдээрээ гүйлгэж харлаа. Багшийн ширээний чанх урдаас харсан суудал нүдэнд нь тусч хамгийн тохиромжтой санагдахад шуудхан тийшээ зүглэн алхав. Бүрэг ичимхий, дуу султай нэгэн тул багшаас ганц хоёр зүйл тодруулан асуухад хойгуур суусан хүүхдүүд хичээлдээ тэр бүр анхаарахгүй болохоор магадгүй тэнэг зүйл асуусан ч төдийлөн сонсож чадахгүй гэж итгэжээ. Яг тэр суудал дээрээс босох болоогүй бололтой хар оруулгатай шар цамц өмсөж, шулуун урт хар үсээ задгайлсан охин утсаар ярьж байгаа бололтой гараа чихэндээ наачихсан (үсээрээ гараа хаачихад юу ч харагдахгүй тул дотроо төсөөлж бодсон нь тэр) харагдав. Эсвэл шанаагаа тулаад сууж байсан байж болох юм. Тэрээр үл таних охины хажуу талын сандал дээр очиж суугаад хичээлийнхээ хэрэгслийг бэлдэхээр цүнхээ онгичиж эхлэв. Өнөөх охин хөгжим тоглож байгаа аятай савхан цагаан гарынхаа хумсаар хөндий төмөр ширээг аяархан тогших дуулдав. Хэд хэдэн удаа хурдан гэгчийн чанга тогшиж байснаа сүүлдээ нулимс нь хацар даган урсаад эхлэв. Учрал хацрынх хонхорхойд нулимс хуралдахыг сайтар ажиглажээ. Тэгснээ гэнэт түүнийг хамаг чангаараа тэврээд уйлж эхлэв. Учрал гайхаж балмагдсандаа ямар ч хөдөлгөөнгүй баримал чулуу шиг хөшчихөв. Тэрхэн үед цаг хугацаа хэсэгхэн зуур зогссон ч байж магадгүй гэж одоо бол итгэх болжээ. Түүний цээжийг нь налаад эхэр татан уйлах Номуун амаа бага зэрэг ангайсан байв. Нулимстай нь холилдоод завжинд нь нарийхан үс орчихсон байлаа. Амьсгал авах бүрд хамрынх нь угалз хөдөлж, цээж нь алгуурхан дээш доош төвөлзөн ургаж гүйцсэн хоёр хатуу хөх нь түүний биед мэдрэгдэх шиг болоход гэм хийчихсэн мэт сандарч эхлэв. Танхимаас бүх хүүхдүүд гарчихсан, ганцаараа байсан даа хэсэгхэн тайвшраад ирэв. Түүний  нуруун дээр нь гараараа зөөлхөн илээд: “За тайвшир даа, тайвшир, уйлаад ямар ч нэмэргүй дээ” гэж хэлэх байсан ч уруул ам нь татвалзаад нэг л эвлээгүй билээ. Номуун сургуулийн өрөө бүрээр тархан чангаар нижигнэх гар хонхны дуунаар цочсон уу, буун дуунаар үргэж дэрхийн нисэх сүрэг ногтруу шиг нулимсаа арчингаа жижигхэн улаан цүнхээ түргэн гэгчийн шүүрч аваад эргэж харалгүйгээр гүйж одов. Ширээн дээр бүсгүй “Хайраас бусад нь юу ч биш” гэж ганц мөр таталгачхаад өөр юу ч бичээгүй тэмдэглэлийнхээ дэвтрийг үлдээчхэв. Учрал тэмдэглэлийнх нь дэвтрийг өгөх гэж араас нь гүйсэн боловч аль хэзээний бараа сураггүй болсон байлаа. Дахиж тэмдэглэлийнх нь дэвтрийг өгөх гэж оролдоогүй билээ. Тэр өдрөөс хойш  Учралыг харах бүрдээ хөгтэй явдлаа дурсаж байна уу гэмээр өөрийгөө шоолох шиг ганцаараа инээмсэглэж зогсоно. Тэгснээ удахгүй булан тойроод гүйчихнэ. Сургууль дотор таарвал огцом зогсоод инээмсэглэнэ. Бас л удахгүй анги руугаа гүйгээд орчихно. Учрал хэтэрхий бүрэг ичимхий зангаасаа болоод эрсдэл гаргахыг хүсдэггүй байлаа. Булан тойроод гүйсэн бол түүнийг хүлээж байсан ч юм бил үү! Дараагийн уулзалт сургуулиа төгсөх жилийн хавар төгсөлтийн баяраар болсон юм. Хүүхэд бүр сургуулиа төгсөх гээд аз жаргалд умбасан цаг. Эцэг эх, хамаатан садан цэцэг зарах явуулын худалдаачид, хувийн гэрэл зурагчид гээд сургууль үнэхээр хөл хөдөлгөөнд дарагдсан байлаа. Даргар саарал хүрмийнхээ захыг босгож, хүрмийнхээ дотуур хэлхгэр хар хослол өмсөж, хоншоор нь халцарсан хэдий ч мэдэгдэхгүй болтол нь тослоод толийтол нь арчсан хар гутал угласан Учралыг олж харангуутаа: “Хөөх, чи ч гэсэн сургуулиа төгсөж байгаа юм уу” гэж хэлээд дотноор тэвэрч хоёр гартаа барьсан баглаа цэцгүүдээсээ нэгийг сонгож түүнд өглөө. Бие биеэ сайн танихгүй ч түүний инээмсэглэсэн царайг харсаар байгаад ижил дасал болсон залуу юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй байлаа. Төгсөх ангийнханд диплом гардуулж дууссаны дараа зураг даруулах нь даруулж, хоорондоо тэврэлдэх нь тэврэлдээд энд тэндгүй хөл хөдөлгөөнтэй байсан хэдий ч Учрал нэг зүйлийг дутуу орхисон доо харамсах сэтгэл төрөхөд дотор нь эл хуль оргив. Өөрийнхөө арчаагүй байдалдаа нэгэнтээ дассан тэрээр сургуулиасаа гараад шуудхан алхаж явтал төгсөлтийн баярт зориулаад бага зэрэг тайруулж, илүү дутуу маяггүй цэвэрхэн ороосон үс нь шилэн хүзүүн дээр нь ойж буун гүйж ирээд:  

- Чи ийм амархан баяраа дуусгачхаж байгаа юм уу, ингэж уйтгартай амьдарч болохгүй ээ. Хоёулаа хамтдаа нэг зүйлийг хийх хэрэгтэй байхаа гэж хэлээд Учралыг хариу дуугартал сонжин харав. 

- Би нарсан төгөлд шувууд жиргэхийг сонсохоор явах гэж байна. Энэ тийм уйтгартай хэрэг үү? гэж хэлээд Номууны салхинд хийсэх гоёмсог үсийг дахин ажиглав. 

- Тэгвэл хамтдаа явцгаая. Ийм хөгжилтэй өдөр тэнэг хүний хийдэг зүйлийг үзье гэж хэлээд гэр бүл, хамт олныгоо орхиод үг дуугүй цөөтэй, өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй бүрэг ичимхий залууг тохуурхан, аальгүйтэн тас тас гэж хөхөрч явлаа.  

Учралын хамгийн их инээх боломжтой байсан өдөр. Даанч түүний инээд нь хүрч байсан ч дуугүйхэн жуумалзаад өнгөрнө. Номуун инээлгэх гэж олон янзаар оролдоно. Нарсан төгөлийн бяцхан шувуудаас ч илүү шулганаж явлаа. Инээчих юм бол түүний өмнө сул дорой нэгэн болж харагдах юм шиг хичээнэ. Номуун төгөлийн дууч шувуухайнууд хараад тэр дороо зогсов. Тэгэнгүүтээ: 

- Чамайг бодвол шувууд ичгүүр сонжуургүй жиргэж чадаж байна. Би чиний хажууд хэтэрхий гэнэн цайлган харагдаж магадгүй. Чи харин хэтэрхий их ухаантан шиг даруухан байж болохгүй ээ. Хааяа инээх хэрэгтэй, бас болж өгвөл шуудхан уйлж бай гэж хэллээ.  

Учрал энэ үгийг сонсоод царайдаа тэнэгдүү инээмсэглэл тодруулсан боловч Номуун түүний тэр төрхийг олж харсангүй. “Юу ч болоогүй байхад тэгээд уйлах болж байна уу даа” гэж хэлээд инээмсэглэх төрхөө нууж дахин мушилзав. Төгөлийг бүтэн тойрсны эцэст гарах хаалган дээр ирлээ. Тэр хоёрын уулзалт өндөрлөх болсоныг мэдсэн Учрал:

- Би чиний утасны дугаарыг авч болох уу” гэж хэлээд шууд өгчих юм шиг санаад энгэрийнхээ дотор халааснаас тэмдэглэлийнхээ дэвтрийг яаран гаргаж ирлээ.

Номуун хөлөө сөөлжүүлэн алхсаар төгөлийн сараалжин модон хаалгыг хаагаад гадагшаа гарлаа. Хаалгыг нуруугаа налж удаан зогсов. “Би чам руу залгана” гэж хэлээд хуруугаараа үсээ оролдов. “Миний дугаар бол .... .....” гэж үгээ тасдаж байснаа утасныхаа дугаарыг нэг нэгээр нь чангаар дуудсаар цаашлан гүйлээ. Номуун хамгийн сүүлийн тоогоо хэлэнгүүтээ булан дүгэрлээ. Түүний хэлсэн хэдэн тоог мартахгүйг хичээн санд мэнд эвлүүлж бичээд тэмдэглэлийнхээ дэвтэр дээрхийг унштал өөрийнх нь утасны дугаар байлаа. Түүнээс хойш утасныхаа дугаарыг ганц удаа солихыг оролдоогүй билээ. Залгахыг нь зүгээр хүлээж байлаа. Хайртай бүсгүйнх нь инээмсэглэхэд хэзээд бэлэн ааль, эв хавгүй огцом хөдөлгөөн, дотно царай нь нүднийхэн өмнө тодорно. “Би чам руу залгана” гэж түүний долоон жилийн өмнө хэлсэн үгийг амандаа аажуухан хэд хэдэн удаа давтан хэллээ. Өдий хүртэл намайг марталгүй явжээ. Над руу залгахгүй олон жил болсныг бодоход түүнд ямар нэгэн шалтгаан байгаа. Би өчүүхэн шалтгаан ч болтугай мэдэх хэрэгтэй гэж бодоод аяны майхан, гудас хөнжил, ууж амжилгүй дутуу орхисон шар айраг гээд дэл сул бүх зүйлээ урьдын бодсон ёсоороо хуу хамаад машиныхаа арын хонхор руу чихлээ. 

Үүр шаргалтан туяарч байхад цурам хийлгүй шөнөжин давхисаар хотын зах руу орж ирлээ. Учралын гар утас нь дуугарав. Гар утсаа автал эхнэрийнх нь намуухан хоолой сонсогдоно. “Би ажил дээрээ байна. Хэд хоног болох байх” гэж ажилдаа бухимдсан хүн шиг цухалдангуй өнгөөр ярихад эхнэр нь амжилт хүсээд үг дуугүй утсаа түрүүлээд салгав. Тэр хоёрын уулзах цаг нэгэнт болжээ. Машиныхаа тоос шороог ч арилгахгүй шууд бяцхан нарсан төгөлөө зорилоо. Хуучин цагт хотын төвд таван давхар барилгуудын дунд байсан, нарсан төгөл ул мөргүй алга болсон байлаа. Төгөлийн буурин дээр томоохон барилгууд сүндэрлэн боссоныг хараад гайхаж балмагдав. Хамгийн түрүүнд төгөлийн дууч шувуухайнуудаа үгүйлэн саналаа. Учрал гайхсандаа өндөр барилгуудыг тойрон алхсаар байв. Хэсэгхэн чөлөөнд хүүхдүүдийн тоглоомын талбай шинээр барьсан байлаа. Тоглоомын талбайн цаана нүдэнд дасал болсон нэг л танил будаг нь халцарсан сараалжин модон хаалга харагдав. Эргэн тойрон хашаануудыг буулгачихсан байхад өнөөх хаалга ганцаараа ёрдойгоод үлдчихсэн байлаа. “Бид хоёрын нандин дурсамжийг минь чи ганцаараа хадгалаад үлдэж дээ” гэж хэлээд өнгөрсөн бүхнээ дурсан хаалгыг нуруугаараа налан хэсэг зогсов. Хаалганы хатаж дөрдийсөн хуучин будгийг гараараа оролдов. Хаалганы цаана нэг хүн хөдлөх шиг болоход том дугуй малгай, нэвсгэр урт цув өмссөн эмэгтэй хүний сүүдэр нь газар туслаа. Цувны хормой салхинд хийсэх чимээ гарна. Учрал дотроо бүсгүйг ирчхэж гэж таамаглав. Номуун хаалга налаад хэсэг дуугүй зогслоо. Тэр хоёр бие биеийнхээ ямар нэгэн үйлдэл хийхийг хүлээсээр байлаа. Номуун гараараа хаалган дээгүүр аяархан тогшиж байснаа түүний зүг гараа сунгалаа. Учрал турьхан цагаан гараас бариад “Сайн уу” гэж нэг л хөндий дуугарчхаад гарыг нь хурдан гэгчийн буцаагаад тавилаа. Номуун урам муутайхан эргэж хараад түүнийг ширтэнэ. Бүсгүйн харцанд гэнэн томоогүй насны тунгалаг харц биш, зовлонт шархаа бүрэн аньж чадаагүй гунигт харц тодорч байхад залуугийн харц олон жилийн өмнөхөөсөө огтхон өөрчлөгдөөгүй мэт усанд хөвөх навч шиг эргэлдэнэ. “Нарсан төгөл” нэгэнтээ байхгүй болсон хойно тэнд удаан байх шаардлагагүй болсныг хоёулаа сайн мэдэж байлаа. Номууныг хүн амьдралгүй удсан гэртээ урилаа. Учрал эхнэрээсээ хойш гэртээ хүн уриагүй билээ. Гэр нь эмх замбараагүй харагдаж эхлэхэд эхнэрээ анх удаа гэртээ авчирч байснаасаа илүү сандарч байв. Аль болох тав тухтай байлгах гэж аньсны шүүс, хөнгөн зууш, шоколадны үнэртэй дарсаар дайлав. Номууныг хөлөө ачиж суухад нь биеийн хэлбэр гаргасан бариу саарал бошинз нь дээш татагдаж, ихэнх хэсэг нь ил гарав. Учрал бүсгүйн үйлдэл бүрийг анхааралтайгаар ажиглана. Бүсгүй өнгөрсөн бүхнээ дурсахыг хүсэхгүй байгаа бололтой оддын амьдрал, цаг агаарт тохируулан хэрхэн хувцаслах вэ гээд аар саархан зүйл ярина. Тэдний хөөрөлдөн долоон жилийн өмнөх шигээ биш болсон байлаа. Элдвийг ярьж, заримдаа амаа даран аальгүйтэхэд өчигдөр оройны утсаар ярихдаа зовлон шаналалд автсан хоолой биш гэмээр часхийн чангаар инээнэ. Цаг ч нэгэнтээ орой болов. Номуун сандал дээрээсээ босоод бариу бошинзынхоо хормойг гараараа доошлуулангаа: 

- Би явлаа. Гадаа харанхуй болчхож, маргааш өөрөө ярина” гэж тушаангуй өнгөөр хэлээд өлгүүрт өлгөсөн байсан цуваа өмсөлгүй гартаа барьсаар гэрээс гарлаа. 

Түүний гэнэтийн үйлдэлд цочирсон ч үгүй. Болох ёстой бүхэн болж байгаа юм шиг хэтэрхий тайван хандаж байлаа. Удалгүй хаалга нүдэх чимээ гарав. Номуун зогсож байх нь тэр. 

- Би энэ хотхон дундаас яаж гарах учраа олсонгүй. Ямар түвэгтэй газар вэ, хамаг бие хөрчихлөө. Халуун кофе бий юу” гэсээр цуваа өмсчихсөн гаднаас орж ирэв.

Бүсгүйд кофе өгсөн боловч юу ч хариу дуугарсангүй. Инээмсэглэсэн ч үгүй. Кофегоо ч уусангүй. Тэгээд бие биеэ ширтэн дуугүй суулаа. Номууны нүд рүү нь ширтэхэд амьдрал нь мухардсан юм шиг хачин мэдрэмж төрнө. Ямар нэгэн зүйл хайж байгаа мэт түүн рүү ширтэхэд хүйт даах шиг болж, байж суух газраа олж ядав. Тэгсэн ч үг хэлж төвдсөнгүй. Хором бүрт үгээ дотогшоо залгина. Бүтэн хоёр цаг гаруй дуугүй суусны эцэст нойрондоо дийлдэж бүсгүйн нүд аяндаа анилдаж эхлэв. Өрөөний голд байгаа ганц буйдан дээр хувцсаа тайлалгүй шууд хэвтлээ. Учрал унтсаны дараа дээрээс нь дулаан хөнжлөөр хучив. Номуун шөнийн турш нааш цаашаа хэд хэдэн удаа хөрвөөж, нам унтаж чадалгүй ойр ойрхон сэрнэ. Нэг сэрэхдээ халууцсандаа болоод бошинзоо тайлав. Үс нь цагаан дэрэн дээр задгай таржээ. Шөнө дунд гэнэт босоод хөхний даруулгаа тайлаад ганцхан нимгэн цагаан подволктойгоо үлдэв. Харин залуу маань цурам ч хийсэнгүй. Нүдээ аниад унтахаар хичээх боловч харанхуй шөнөөр хувцасгүй шахуу унтах Номууныг төсөөлөн зүүд, бодит байдал хоёрын аль нь болохыг ялгах сөхөөгүй хэн нэгнийг нууцхан хүсэмжилж үе үе аман дотроо хуримтлагдсан шүлсээ хий залгина. Түүнийг нааш цаашаа хөрвөөх, яраглах бүрд нь сэрнэ. Номууныг энгэртээ наахыг хүсэж байсан ч шархалсан зүрхийг нь эмзэглүүлэхээс эмээж зориг хүрсэнгүй. Иймэрхүү байдалтайгаар тэр хоёрын хэл яриа, олигтойхон эвлэж өгөхгүй байсаар хоёр өдрийг авсан юм. 

Гурав дахь өдрөө бэлхүүсээрээ нарийхан, өгзөгний тойргийг бага зэрэг тодруулж, үл ялиг том биш ч гэлээ биедээ таарсан хөхийг нь хагас гаргасан ухлаадастай ув улаан плаж өмсөж ирчхээд залууг нэгэн сүмийн цуглаанд хамтдаа очихыг гуйлаа. Учралд хотод хийгээд байх ажил байхгүй тул сүмд очих дургүй байсан ч амьдралдаа анх удаагаа хүнийг аялдан дагалаа. Гарын ур муутай хүн өдрийн хагасад амжуулахаар угсармал хаалгыг муухай чихрах дуутай зэрэгцэн онгойлгоход зовлон зүдгүүрийн дуу хоолой хяхтнан орилох шиг болоход залууд нэг л ёозгүй санагдаад явчхав. Тэр хаалгаар сүмийн дотогшоо нэвтэрлээ. Хүмүүс нэг нэгээрээ, хэд хэдээрээ цуван орсоор заалны суудал пиг дүүрэв. Тайзан дээр нэг халзан нөхөр гитар барьчихсан цээл хоолойгоор Есүс, Христийг магтан дуулна. Тэрээр: 

- Битгий хүмүүсийг ажиглаарай. Тэд юу дуртайгаа хийг! Битгий итгэл үнэмшилд нь саад болоорой гэж давхар захилаа.

Дууны дараа сүмийн пастор хуучин гэрээ номоос уншиж эхлэв. Бүх хүмүүс бурхны зүг гараа сарвайгаад дуулан магтацгаана. Сүүлдээ Учрал олны дунд эвгүй харагдсан тул аргагүйн эрхэнд залбирч байлаа. Хүмүүс бурхныг авралдаа багтаахыг гуйж, залбирцгаана. Номууны төлөө алгаа хавсарч зогсоод, нүдээ анилаа. Түүний үзэсгэлэнт биеийг үүрд энэ чигээр нь хадгалж, гуниг зохидоггүй харцыг нь оюутан насных шиг гэнэн итгэмтгий төрхтэй болгоод өгөөч гэж гуйлаа. Сүмийн итгэгчдийн нэг нь амьд хөгжмийн хамтлагтай гарч цуглаан эхлэх, дуусах бүрд тайзан дээр гарч дуулдаг учиртай байжээ. Энэ удаа бүсгүйн ээлж иржээ. Номуун бурхныг магтан дуулж эхлэв. Номуун дуулж байхдаа уйлж эхлэв. Дуугаа дуусан дуустал нулимс нь урсав. Хацар даган чимээгүй урсах нулимс гитарын утас, бөмбөрийн хэмнэлтэй нэгэн аялгуу болж сонсогдох шиг болно. Түүний юу ч болоогүй байхад гэнэт уйлдаг гэнэн төрх буцаад ирэх шиг болоход итгэгч бурханд нь талархав. Учрал “Бидний зүг бурхан гараа сунгана” гэдэг ганц мөрийг тогтоож авлаа. Номуун бүх гунигаа урсгаад хаячихсан юм шиг сэтгэл санаа нь үнэхээр сэргэсэн байлаа. Цуглаанаас гарч ирчхээд залуугийн мөрийг дэрлэж хэсэгтээ алхав. Учрал руу хараад инээмсэглэнэ. Хэсэг зуур түүнийг ширтээд өсгийгөө өргөн, хацарт нь хацраа наав. Хоёулаа зургаа авхуулъя гэж хэлээд халуу дүүгсэн хацраа улам ойртуулахад шанааных нь жижигхэн яс түүнд мэдрэгдэнэ. Номууны мишээсэн царай, Учралын дув дуугүй төрх зурган дээр гарчээ. Номуун зургаа хараад: 

- Бид хоёр өөрсдийнхөө үнэн төрхөөрөө гарсан байна. Чи гадна дуугүй, даруухан болохоос өөртэйгөө ямагт ярилцаж, алдаа оноогоо байнга цэгнэж байдгийг чинь, бас ер бусын нандин зүйл тээж явдгийг чинь мэднэ гэж хэлээд инээмсэглэв. Учрал гараа халаасандаа шургуулангаа: 

- Чи сая юу гэсэн бэ? Миний тухай яаж мэддэг юм бэ? Учралын халаасанд гараа шургуулаад түүний гараас зөөлхөн атгаад: 

- Чи надаас юу ч нууж чаддаггүй! Бас юу ч хэлдэггүй мөртлөө ямар нэгэн нууцыг байнга хэлэхийг хүсдэг. Чи хамгийн сүүлд нэгэн гунигт захидал илгээсэн шүү дээ гэлээ. Учрал гайхширсан харцаар хараад: 

- Чиний юу яриад байгааг би сайн ойлгохгүй байна. Эхнээс нь ойлгомжтойгоор тайлбарлаад өгөөч” гэж хэлбэл 

Номуун юу ч ярихгүй үг дуугүй алхсанд тэрээр арга буюу араас нь дагалаа. Гадаа гудамжны дуу шуугиан намдаж, наран жаргаж байлаа. Учрал шиг хэтэрхий тайван хүн хэдхэн үг сонсчхоод ингэтлээ догдолж бас түгшиж байгаадаа өөрөө ч гайхаж байв. Номуун алхсаар нэг модон сандал дээр очиж суугаад: 

- Би чиний бичвэрийг долоо хоног бүр алгасалгүй уншдаг байлаа. Унших тусам чамайг цоо шинээр танина. Би биш чи дэндүү нууцлаг нэгэн. Миний тухай бичсэн хэсгүүд ч яг үнэндээ ядмаг санагдсан. Би гунигаа нуух гэж л инээмсэглэдэг байсан. Сүүлдээ нийтлэлийг чинь хоног тоолон хүлээдэг болсон гэж хэлээд нуруугаа харуулан зогсов. 

Учрал юу гэж хариулах учраа олохгүй түүнийг ширтэв. Өөрөөс нь илүү бусад хүмүүс түүнийг илүү сайн мэддэг юм шиг санагдахад минчийтлээ улайв. Тэр хоёр дуугүй алхсаар залуугийнд ирлээ. Тэрээр гэрлээ асаахаар гараараа хана тэмтэрч эхэлбэл: “Битгий гэрлээ асаа. Өрөөнд хангалтай гэрэл байна шүү дээ. Миний хэлэх гэсэн үгийг үргээчихвэл яана” гэж хэлээд буйдан дээр чимээгүй очиж суулаа. Учрал ч бас суулаа. Байрны гадаах гэрлийн шонгийн цагаан гэрэл өрөөнд хавирган сарны гэрэл шиг бүдэгхэн тусна. Аажимдаа өрөөний гэрэл тодрох шиг болж бие биенээ халз ширтэн суув. Номууны хоолой нь сааралтаж ирээд: 

- Эрчүүд дандаа эмэгтэй хүнтэй унтаж үзчихээд гэр бүлээ зохиох талаар бодож эхэлдэг. Тэд өөрсдийнхөө хүч чадлыг үзүүлэх ёстой гэж боддог учраас тэр. Дарангуйлж байгаагаас өөрцгүй, өөдгүй амьтад. Чи ч гэсэн тийм” гэж хэлээд өвдгөө тэвэрлээ. 

Учрал хариу дуугарсангүй хэсэг удтал Номуун улаан даашинз, зуршсан зангаараа хөхний даруулгаа хүртэл тайлаад орондоо оров. Учрал түүний араас алгуурхан тэвэртэл нарийнхан бэлхүүс мэдрэгдэх нь тэр. Гараа дахиад яльгүй дээшлүүлбэл хөхөнд нь хүрэхэд ч ойрхон байлаа. Даанч түүнд зориг дутаж байлаа. Номуун түүний дух руу нь  орсон хэдэн үсийг хойш нь илээд: 

      –  Миний төлөө юу ч хийж чадаагүй дээ харамсдаг уу, дугаарыг чинь яаж олж авсан, чамд сонин биш байна уу? Би чамаас түрүүлээд чиний нэрийг мэддэг болсон. Тэмдэглэлийнхээ дэвтрийн хамгийн арын хуудсан дээр юу гэж бичсэнээ хүртэл сайн санаж байна гэж өнгөрсөн бүхнийг дурсав. 

Залуу харамсалтай нь тэмдэглэлийн дэвтрийн арын хуудас хүртэл эргүүлж үзээгүй билээ. Учрал руу эргэж хараад удаанаар төөнөтөл ширтэв. Түүний уруул нь шүргэлцэхээр ойрхон ирчихсэн, халуун амьсгал нь мэдрэгдэнэ. Учрал юу ч хэлэлгүйгээр мөрөөр нь тэвэрч, уруул дээр нь үнслээ. Номуун түүнийг шууд түлхээд хацар дээр нь час хийтэл нь хүчтэй алгадав. Дахиад нэг цааш нь түлхэнгүүтээ: 

-  Надад эхнэр, хүүхэдтэй гэдгээ яагаад хэлэхгүй байгаа юм бэ? Одоо бол чи намайг үнсэх ч эрх байхгүй гэж хэлээд буруу харж суугаад өвдгөө дахин тэвэрлээ. 

 - Өдөр бүр “Нарсан төгөл”-д хүлээдэг байсан тухай, Нарсан төгөлийн шувуудыг хүүхдүүд чавхаар харваад бүгдийг нь агнасан тухай, Нарснуудыг тайраад мод үйлдвэрийн газар руу зөөсөн тухай, нэг нарсны мөчрөөс цус дусалсан тухай, цус дусалсан газарт улаан цэцэг ургасан тухай, улаан цэцгүүдийг хүүхдүүд тасалж аваад шавар байшинтайгаа хамт зуурсан тухай, хашаануудыг нь шинээр барилга барихаар хогийн жалга руу ачсан тухай, хамгийн сүүлд хашааны хаалгыг ганцаараа эсэргүүцсээр авч үлдсэн тухай” нэг нэгэнгүй ярьж өгөв. Учрал нүдээ аниад гүнзгийгээр санаа алдлаа. Номуун гомдол цөхрөлдөө тэсэлгүй түүнийг тэврээд дахин уйлж эхлэв. Төдхөн биеэ суллаад: 

- Одоо намайг үнсэж болно гэж шал худлаагаасаа хэлээд хүчлэн инээлээ. 

Учрал түүний зөөлхөн биеийг гараараа илж тэмтрүүт тайван, зөөлхөн байхаа больж, бяцхан зэрлэг амьтан шиг хамаг бие нь чангараад, чинэрээд ирэв. Бүсгүй түүний нуруунд нь хумсаа шигтгэж, хуял тачаалдаа автан дуу алдахад түүний хамаг бие нь сулрав. Хөнжил дотроос нь давсархаг, исгэлэн үнэр ханхлахад тэрээр сэрлээ. Номуун биеийнхээ тал хэсгийг хөнжлөөрөө хуччихсан бөх гэгчийн унтана. Нар хэвийж байхад Номуун нойрноосоо дөнгөж сэрлээ. Нойрон дундаа хоёр хөхөө хувцсаараа халхлахгүй суугаад даруулгаа зүүлээ. Хөлөө алцайсан чигээрээ дотуур өмдөө удаанаар өмсөв. Улаан плажаа дуртай, дургүй эвшээлгэн өмсөөд, дараа нь нүүр гараа угаав. Учралын хөнгөн зуушийг идчихээд уруул дээр нь зөөлхөн үнсчхээд гэрээс нь гарлаа. Номууны сүүлийн инээмсэглэлийг ч тэрээр олж харсангүй. Тэртээ долоон жилийн өмнөх тэмдэглэлийн дэвтрийг машиныхаа урд хайрцагт нандигнан хийснээ саналаа. Хувцсаа яаралтайгаар өмсөөд, байрныхаа хаалгыг хэд хэд эргүүлээд түлхүүрээ мултлав. Машины урд хайрцгаас өнөөх дэвтрийг олов. Тэмдэглэлийн дэвтрийн хамгийн арын хуудсыг дэлгэтэл “Хүлээлт бол жинхэнэ хайрыг мэдрүүлнэ” гэж бичсэн байлаа. 

Тэр ус шиг тунгалаг нүдтэй 
Би навч шиг гүн судлуудтай
Би усанд хөвөх улиасны навч

Тэндээ мөстөж хөлдчихөөд, буцаад гэсдэг гэж дөрвөн мөр тэмдэглэлийн дэвтрийнх нь арын нүүрэнд бичлээ. Энэ үед ажлын газраас нь нийтлэлээ өгөх сүүлийн хугацаа маргааш болохыг сануулж утсаар ярив. Учрал шуудхан ажлаасаа гарч байгаагаа дуулгаад хариу сонсолгүй утсаа салгав. Нарсан төгөлийн хаалга харахаар очтол хаалга ч үгүй болсон байлаа. Залуу үд дундын хавьд хотоос гарлаа. Тэнгэрийн хаяа догшин ширүүнээр дүрэлзэн, ноцож буй арслангийн дүртэй болоход улаан тоосгон байшин, эдлэн талбай нь гурван толгодын цаана холгүйхэн байхад өнөөх газраа дахин буудаллав.

Сэтгэгдэл хэсэг