УРАЛДААНЫ ШИЛДЭГ ЗОХИОЛЧ: ДЭЛГЭРСАЙХАНЫ СОСОРБАРАМ

"ГЭГЭЭН ШУВУУ" утга зохиолын сангаас залуу уран бүтээлчдээ дэмжих, дотоодын уран зохиолын залгамж халааг танилцуулах, уран бүтээлийн замд хөтлөх зорилгоор "Тагтаа" утга зохиолын шагналыг өгүүллэг, яруу найраг, орчуулгын төрлөөр зарладаг билээ.  Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 28-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 100 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 75 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 40 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг Тавдугаар сарын 18-ны өдөр  “ТАГТАА” утга зохиолын шагналын үеэр зарлаж, шагналыг гардуулна. 

Богино өгүүллэгийн төрөлд 75 зохиолч  бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 4 зохиолчийг шигшин авч, бүтээлийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 4 зохиолчоос нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Шилдгээр шалгарсан зохиолчдын бүтээлийг нийтлэхдээ ямар нэг дэс дараалал харгалзаагүйг анхаарна уу! 



ЗАЛГИГЧ
(Зохиолч Дэлгэрсайханы Сосорбарам)

 “Амьдрал гэдэг уран зургийн хэрэгсэл болохоос уран зураг биш . . . Зураг нь үнэ цэнэтэй биш, хэрэгсэл нь л хамгийн үнэ цэнэтэй . . . ” хэмээн согтуу эр сархдад гуйвсан хэлээрээ цэх алхах гэж хичээх мэт үгсийг шүлсээ үсчүүлэн хажуудаа хөлөө ачин суугаад тамхиныхаа үнсийг гутлынхаа өсгий рүү тоншин унагачхаад жишим ч үгүй инээмсэглэх залууд хандан хэлэх мөчдөө түүний нүд рүү уначихлаа. Хөлөө ачин суугч өнөөх эр тамхи асаагаад “май, тамхи тат” хэмээн өөртэйгөө ярих шиг амандаа бувтнаад нүд рүүгээ ойртуулах мөчид гарт нь тамхины утаа баагьж байсан ч тамхитайгаа хамт ор мөргүй алга болчих нь тэр . . .  

Тэгээд ярьж байгаа нь  амны хөдөлгөөнөөр нь л уншигдахуйц аажуухнаар “Тийм ... чиний зөв. Гэхдээ одоо чи өөрөө зургийн минь хэрэгсэл болсон. Зургийн хэрэгсэл байна гэдэг жинхэнэ амьдрал мөн эсэхийг үз” гэж хэлээд үл мэдэг инээмсэглэн нүд рүүгээ гараа ойртуулахад агаарт туг үс биежиж атганд нь баригджээ. Түүнийхээ үзүүрийг будагт дүрж ханан дээрээ халзан толгой зураад ганц ширхэг үс салхинд хийсгэн дүрсэл вэй. Ганц ширхэг үстэй толгойн хажууханд аяганд хөвж буй нүд, нүдэн дотор нь зураачийн дүрс тодорно. Цаашлаад ханан дээр өөр өөр өнгөөр хумсыг нь будсан хуруу, уруул сүлбэж ургасан өвс, өвсний үзүүрт чих зүүгдэж буйгаар дүрсэлсэн байх аж. Зураач хугас дарстай лонхыг салхивчаа нээж асгаад “Энэ бүхэн хэзээ дуусах  юм бэ? . . . хэзээ . . . гэж амандаа бувтнав. Асуусан асуулт бүхэн нь нүдэнд нь нуугдаж байгааг тэр хэзээнээсээ л мэдэх учраас нүдээ сохолчихвол болох юм шиг боловч өөрийгөө ямар нэгэн юм хайж байна гэж итгүүлдэг асуулт ч үгүй, хариулт ч үгүй болчих тул тийн үйлдэж эс чадна. Асуултгүй амьдарна гэдэг асуултын хариулт олохоос ч хэцүү санагддаг байж болох юм. Салхивчны цаана  шороо  шуурч  “хэзээ энэ бүхэн дуусахыг хэлээд өгөх үү?” гэх шиг салхи исгэрэхэд “Салхи хүртэл надаар тоглоом тохуу хийх ...” гэж хэлээд нүдээ ирмэн гэдрэг эргэж ханан дах зургийн зүг харав. Өвс, үс, үсний үзүүрээс салаалж ургасан навчны зураг үл мэдэг хийсэх шиг болоод хөдөлгөөнгүй болов. Гадаа намуухан болжээ. Зураач халаасаа тэмтэрч юуг ч юм хайсан боловч асаагуур, хуруун чинээ сүрчгийн сав, нугалсан цаас л баригдлаа.  Цаасыг дэлгэж үзэхүл: 

“ – Математикийн томьёонд хасах, хасахын нэмэх байдаг шиг л . . . Тамхи татаад, архи уугаад л . . . ер нь муу бүхнийг хийгээд гэгээрч болох уу? 
- Болно.

- Яаж? ... ” гэсэн үгс байх агаад “хэзээ хэнтэй ингэж шинжлэх ухаанчаар нялуурсан билээ” гэж  бодохын зуурт тамхи гэдэг үг нүдэнд нь тусч “гэгээрье байз” гэж бодоод хаалга зүглэв. Тамхины мухлагаас янжуураа авч хэд хэдийг угсруулан татаад ч сэтгэл нь тайвширч гэгээрч өгөхгүй байсанд хаашаа ч юм одохыг сэдэж алхалсаар л . . . Чухам хаачих билээ? Асуулт бүрийнхээ хариултыг олдоггүй ч тэрээр ямар нэг газар очих нь асуулт шиг нь үгээр илэрхийлэгдэж болохоор тодорхой байлаа. Цэцэрлэгт хүрээлэн . . . Хөл нь л энд ирэхийг санаачилжээ. Энд тэрээр анхныхаа хүнийг нүдэндээ уусгаж, уран бүтээлээ эхлүүлж байсан билээ. Тэгэхэд тэр арван наймтай, ээжтэйгээ хамт салхилж байсан юм. Ээж нь түүнд дүүтэй болсныг мэдэгдээд баярлуулах гэсэн ч таалагдсангүй. Энэ бүхнийг сануулах гэсэн мэт ээжийнхээ үсээр нүдийг нь зурсан модны өмнө хөл нь авчирчээ. Асуултуудынхаа хариултыг хэлээд өгчих юм шиг модон дээрх нүд рүү ширтэж бөхийгөөд нүдээ анин үнсэв. Ээж минь “ Энэ бүхэн хэзээ дуусах юм бэ? ... Яах гэж . . . Яагаад эхлэх болов? Бурхны оноосон бэлэг шийтгэл шиг санагдах нь юу вэ? Бэлэг ч гэж дээ чааваас . . . Эцэс төгсгөлгүй үглээн түүний дотор тарни адил хөвөрсөөр . . . Хөвөрдсөн үгсийн цуурай хариулт хэлэх шиг болоход чихээ модонд нааж улам түргэнээр асуултуудаа бувтнав. Биед нь хэчнээн хүний бие буй билээ. Тэр бүгдийн хоолойгоор цуурайтах шиг . . . Гэвч хүчлэх тусам модноос хэлэх үгс замхарна. Нулимс ч түүнээс залхжээ. Газар сөхрөн суугаад өвс авч амандаа үмхлээ. Тэгээд тэрийн хэвтэж нүдээ анилаа.  “Хүн иддэг нүд...”,“Сохолчхож зүрхлэхгүй би . . .” гэж удаанаар шивгэнэнэ.  

             Гэнэт л дэргэд нь “энд ирэхээсээ ичихгүй юу? гэх охин хүүхдүүдийн хоолой сонстов. Цочсондоо өндийн харвал намирсан цагаан гэзэг нь газар шүргэн алдах агаад хөмсөг, сормуус нь хүртэл цагаан, гагцхүү хувцасных нь бараан өнгө  түүний тэргүүнийг модонд ургасан цагаан өнгөт жимс шиг харагдуулахыг ажиглан нүдээр харсан зүйл нь арьсыг нь ирвэгэнүүлэхийг мэдэрсэн ч “Ховор тохиолддог өвчинтэй охин байх нь” гэж бодож амжив. Бодол нь сарнихтай зэрэгцэн “Яагаад би энд ирж болохгүй гэж, энэ газрыг чамд өмчлөөд өгчихөө юу? Энд ирэхийн тулд хотын захиргаанаас бичиг үйлдүүлэх ёстой юм уу? Миний хаана очихыг хязгаарладаг чи хэн юм бэ?” гэх үгсийг охин руу нулимах шиг л ширүүхэн хэлэв. Цагаан өнгөт жимс адил охиныг нулимах шиг хэлсэн үгс түүнийг оносонгүй бололтой. Их л ихэмсгээр “Хэлэхгүй . . .” гэж хариулаад  “Та надаас буруу асуултууд асуулаа. Уг нь бол яагаад чи намайг энд ирэхээсээ ичихгүй юу гэж байгаа юм бэ, яаж намайг мэддэг юм гэж асуух ёстой. Ойлгов уу?” гэхэд залуу түүний үгийг дуулгавартайгаар биелүүлдэг нохой шиг  “Яаж чи намайг мэддэг юм бэ?” хэмээн асуув. 

          Асуултынхаа хариуг аваагүй байтал нүүрэн дээр нь ус дусаж мэдрэгдэв. Зүүдэлжээ. Бороон дусал яаж . . .яаж гэж зэрэг хашхирах шиг газардана. Модны доор сууж борооноос хорогдоод зүүдээ нэхэн санахад “ Өнөөх охин чухам хэн болох... Яагаад түүнд зүүдлэгдэх болсон хийгээд эртнээс эдүгээ хүртэлх бүхий л нүдэнд нь унасан хүмүүс дунд тийм охин бий эсэхийг ой ухаанаасаа нэгжээд “байхгүй” гэх дүгнэлтэд хүрч,  мөнхүү “яаж” гэх асуултын хүндийг бодон нугалсан цаасаа гаргаж үзэн “бас л яаж ...” гээд дуусчихсан. Хариу алга. Яаж чухам энэ хараалыг эзэмшчихсэн юм бэ? Яаж . . . Яагаад дандаа хариулт байдаггүй юм бэ? гэж уурсангуй бодохдоо өнөөх цаасаа базаад шатаачхав. Нэрээ нууцлагч охин хаанаас ч юм гарч ирээд “Яаж байгаа юм бэ? дурсамжаа шатаачихлаа” гэж орь дуу тавин бархирах нь тэр...  Залууд охин гэнэт л гараад ирсэн нь сэрдхийлгэм байсан ч “яаж” гэдэг үгийн дэргэд өчүүхэн зүйл шиг санагдана. Болдог сон бол энэ үгийг хүмүүсийн үгийн сангаас утгатай нь хамт шүүрдчихмээр бодогдоно. 

- Ямар дурсамж . . . Яаж чи, биш ээ хаанаас чи гараад ирэв. Би дахиад л зүүдэлж байна уу?
- Үгүй ээ, зүүдлээгүй. Би л зүүдэлж байгаа учраас энэ ертөнцөд ирсэн хэрэг. 
- Утгагүй юм.   
- Тийм ээ, утгагүй. Нүд рүүгээ хүмүүсийг унагаадгийн чинь дэргэд утгатай. Зүүд минь яагаад тантай уулзсаны учир нь ердөө л та миний ах учраас... 
- Ах гэв үү?  Надад ийм дүү байхгүй. 

- Байгаа. Би ээжийнхээ хэвлийд байсан юм. Ээж минь намайг таны дотор орших ертөнцөд төрүүлж, одоо ч тэндээ амьдарсаар л байгаа. Зураач “ Ээж ...амьдарсаар л...” гэх үгийг нь сонсоод нулимсных нь сүвийг яран ямар нэгэн хатуу биет гадагш гарахаар тэмүүлж буйг мэдэрчээ. Тэр нь нулимс байв. Борооны чимээ түүний сэтгэлийг сийчих шиг өвтгөнө. Үнэндээ сэтгэл гэдэг үг ч түүний хувцас шиг хуучирсан байсныг сая л анзаарчээ. Гэвч тэрээр өнөөх охины худал, үнэн алин болох нь мэдэгдэхгүй үгийг борооны дусал газарт бутран унах шиг бодлоосоо сарниулахыг хичээж, хүчлэн инээмсэглэх боловч  хацар нь зөөлхнөө таталдаж сэтгэлийг нь илчлэх ажээ.  Тэрээр  алгаа дэлгэн “Энэ борооны дусал газарт шингэж тэндээ амьдарсаар л байдаг гэж чи хэлэх гээ юу?” хэмээн хариулт нэхсэн харцаар охины зүг ширтэхэд “Тийм ээ” хэмээгээд мөн л адил алгаа дэлгэн “Энэ бороон дусал газарт шингэж түмэн бодисыг тэтгэдэг шиг бид ч таны дотор амьдарсаар таныг ургуулсан. Та энэ хүмүүсийн хүчээр л амьдарч байна.” гэв. Зураач гэнэт л хүрэм, цамцаа түүний өмнө урж тасчих шахан энгэрээ задгайлаад “Би ургамааргүй байна. Гараад ир” гэж хашхичлаа. Охин байгалийн чимээтэй хоршин тас тасхийн инээж “Энэ бороон дуслыг хөрснөөс нь ухаж гаргаад тэнгэр лүү шидээч дээ, тэгээд...Тэр цагт чинь ёсоор болгоё” хэмээн мэхийв. Хашхирагч эр хариу эс олон ядаад нааш, цааш хөлхөн эцэстээ мод налж суугаад “Ээж минь юу хийж байна” хэмээн нам дуугаар асуусан нь энэ бүхэнд минь итгэж буйг илтгэх шиг . . .   Инээдээ барьж ядсан охин дэргэд нь ирж түүнийг налан “Ээж минь таны зүрхийг л оёж суудаг. Эвий минь, эвий минь гээд л . . .тэгээд залбирдаг. Тэр таны тухай, аавын тухай  дандаа ярьдаг.” хэмээхүй “аав уу” гэж өөрөөсөө асуух мэт болоод чимээгүй болов.  

    Аав нь лам ээж нь сүсэгтэн байсан юм. Сүсэгтэн гэдэг нь үнэндээ ходоодыг нь дундруулахгүй байлгаж, гоёж гангарахад нь хэдэн төгрөг хайрлахгүй өгдөгийнх нь төлөөнөө орхимжид нь залбирч хэлсэн үгэнд нь туйлбаргүйгээр үнэмшигч л төдий. Залбирахад нь хамт залбирч, эвшээхэд нь хамт эвшээх нь бурхны сургаалыг даган баяссантай л адил таашаалыг өгдөг ч байсан байж болох юм. Залбирах уу? За залбирцгаая. Тэдний хурьцал хүртэл нэг иймэрхүү эхэлнэ. Хурьцах уу? За хурьцацгаая. Намрын хуурай өвсөнд гал тавьчихсан юм шиг шатаж байхад нь “Зураач”  эхийнхээ хэвлийд зурагджээ. Түүнийг харах бүр аав, ээж хоёр нь утга учиргүйгээр залбирч үзэгддэг байлаа. Тэрээр багадаа ааваасаа яах гэж залбирдаг тухай асуухад нь “Чиний төлөө” гэж хариулсан нь санагдав. Түүний төлөө залбирдаг аав нь гэргийгээ ор сураггүй алга болсны дараагаар өөр нэгний төлөө залбирахаар оджээ. Ээж нь ч бас түүний дотор залбирсаар л . . . Залбирлаас төрсөн хүү залбирлыг үзэн ядах болов. Гэвч одоо түүнд энэ бүхэн шар сонины нүүрэн дээрх гарчиг шиг үнэ цэнэгүй. Яах гэж энэ бүхнийг бодож суугаагаа ч ухаарахаа болив. Тэгээд цааш нь охины чухалчлан ярьж буй зүйлс үнэн эсэх, яагаад тэрхүү цаасыг дурсамж хэмээн нэрийдсэнийг хэсэгхэн зуур бодов. “За яахав... үнэн байлаа ч юу өөрчлөгдөх...юунд ичих гэж...”, “Худал бол . . . Энэ бүхэн дахиад л зүүд бол... Яагаад зүүдлэгдэх болов” хэмээн зураач залуу өөрийнхөө дотор руу өөрөө уначих шиг бодолд автав. Тэгээд мэдээж хэрэг асуултдаа хариулт олдоггүй зангаараа хариуг олоход тийм ч их ач холбогдол өгсөнгүй. Ач холбогдол өгөөд ч эцэстээ эрэл мухардахыг ухаарчээ. Зүүд ч байсан одоо болж буйдаа л үнэмшихээр шийдэв. Үнэмшил төрүүлсэн охин цааш хэлсэн нь: “Ээж таныг халаасандаа байгаа сүрчгийнхээ савыг хагалчхаарай. Бүх зүйл савнаасаа гарна. Шалтгаан үгүй болчихвол бусад нь арилна гэж хэлүүлсэн.” гэв.Зураач халаасаа тэмтэрч үзвэл үнэхээр сав бийг санажээ. Юу гэсэн үг болохыг ухаж ядаад нягтлан асуувал “Ээж аавд наад сүрчгийн саванд чинь гуниг бэлэглэсэн гэнэ лээ. Гэвч түүнийг нь та уучихсан. Гунигийг уухгүй зүгээр л байдаг гэдгийг нь мэдэрч амьдралдаа санамж шиг дурсан хадгалж байх ёстой байсан юм гэсэн” гэж хэлээд алгаа дэлгэж “алив сав аа өг. Би хагалчихъя. Бүгд үүнээс л эхэлсэн. Гунигаас л үүдэн ээжийн, аавын, миний... тэгээд хүмүүсийн амьдрал” гээд дараагийн үгээ хэлэхийн завдалгүй “Залгигдсан” хэмээн зураач өгүүлбэрийг нь гүйцээв. Зураач энэ бүхний тайллыг мэдэхээс айж байв. Саванд гуниг гэж нэрлэсэн шингэн юм юу байж болохыг ч таамаглахыг хүссэнгүй. Амьдралд нь хариулт ирэхийн үес хариуг нь баллуурдахыг хүсэх шиг охин руу ширтэхэд агаарт цацсан ус шиг сарнин алга болов. Тэрээр нүднийхээ ойролцоог гараа ойртуулахад цагаан үс мөн л атганд нь биежив. Үзүүрийг нь шүлсээрээ норгон модонд дүрслэгдсэн ээжийнхээ нүднээс нулимс дуслуулан зурахдаа “цагаан бийрийн үзүүр цагаан өнгө гаргахгүй” гэж амандаа шивнэж байв. Зүүдээр зурсан нулимс нь модонд шингэн арилахыг ажиглаж зогсохдоо гартаа сүрчгийнхээ савыг чангаас чанга атган “амьдралын үнэ цэнэ уран зургийн хэрэгсэл гэл үү? Яаж мэдсэн юм бэ? Яаж ... ” хэмээн бороо зүсэн алхлахдаа “хасах хасахын нэмэх гэдэг шиг муу үйл нэг л өдөр гэгээрэлд хөтөлнө” хэмээх үгийг эргэн санаж, магад энэ миний гэгээрлийн зам” хэмээн инээмсэглэв.

Сэтгэгдэл хэсэг