УРАЛДААНЫ ШИЛДЭГ ОРЧУУЛАГЧ: МӨНХЦОЛЫН БАТБАЯР

"ГЭГЭЭН ШУВУУ" утга зохиолын сангаас залуу уран бүтээлчдээ дэмжих, дотоодын уран зохиолын залгамж халааг танилцуулах, уран бүтээлийн замд хөтлөх зорилгоор "Тагтаа" утга зохиолын шагналыг өгүүллэг, яруу найраг, орчуулгын төрлөөр зарладаг билээ.  Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 28-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 100 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 75 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 40 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг Тавдугаар сарын 18-ны өдөр  “ТАГТАА” утга зохиолын шагналын үеэр зарлаж, шагналыг гардуулна. 

Орчуулгын төрөлд дээр дурдсанчлан 40 орчуулагч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 5 орчуулагчийг шигшин авч, бүтээлийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 6 орчуулагчаас нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Шилдгээр шалгарсан орчуулагчдын бүтээлийг нийтлэхдээ ямар нэг дэс дараалал харгалзаагүйг анхаарна уу! 


Уралдаанд бүтээлээ ирүүлсэн орчуулагчдаас шилдэг ЗУРГААД багтсан дараагийн хүн бол Мөнхцолын Батбаяр: Тэрбээр Хятадын зохиолч Чи Жи Жианы "Бутан гахайн тос" өгүүллэгийг орчуулжээ. Чи Жи Жиан нь Хятадын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгч, Мао Дуны нэрэмжит шагналт зохиолч юм.


 БУТАН ГАХАЙН ТОС

(Хятад хэлнээс орчуулсан Мөнхцолын Батбаяр)

1956 он. Би гучин нас хүрч, гурван ч хүүхдийн эх болоод байлаа.  Хоёр хүүгийн ууган нь ес, удаах нь зургаатай. Харин отгон охин маань гуравтай. Хэвлийдээ бас нэгийг тээж байсан цаг.

Тэр жилийн хаврын эхэн сарын өдөр би Хэ Юань дах хуучин гэртээ гахайд тэжээл тавьж өгч  байтал тосгоны шууданч нэгэн захидал хүргэж ирснийг үзвэл  эр нөхөр Лао Пань минь  илгээжээ. Уг захидалд өгүүлсэн нь “Байгууллагаас төвхнөх зардал гаргаж өгсөний дээр модчид ар гэрээ татаж ирүүлэх боломжтой болсныг дурьдаад, гэрийн эд хогшлоо хямдхан борлуулж түргэхэн шиг нэг тийш болгоод хэдэн хүүхдээ аваад намайг бараадан ир” хэмээжээ.

Лао Пань нэг дүүтэй, бүтэн өнчин дүү нь мөн энэ нутагт аж төрж буй. Тухайн үед манайд үнэ хүрчих юм байсангүй. Хөнжил гудас, дэр, хөшиг, сандал ширээ, тогоо шанага, тосон дэнлүүг цөмийг нь Лао Паний дүүд явуулаад гахайгаа нядалж замын зардал болгоход цаана нь хоёр өрөө балтгар шавар тагз л үлдсэн байлаа. Гэтэл тосгоны баян нядалгаачин Хүө Да Янь[1] намайг эрж үүдэнд ирснийг сонсоод би учиргүй тэвдэв. Тэрээр манай шавар тагзыг бойны газар болгох хүсэлтэй байгаагаа хэлээд нэг бутан гахайн тосоор солихыг санал болголоо. Намайг эг маг хийн эргэлзэж байтал тэр залгуулан Лао Паний ажиллаж байгаа Их хянган давааны хүн  “Жилийн хагасаас илүү хувь нь өвөл, улаан идээ нүдний гэм, усанд давс орхиж чанасан шар буурцгаас өөр идэх зүйл үгүй” хэмээн өгүүлснийг дуулгахад би сая түүний авч ирсэн бутан гахайн тос руу харав.

Бор саарал бутангийн пааландсан гадар гялбалзахыг хармагцаа л би татагдаж орхив. Дотор нь савласныг байг, зөвхөн гаднахыг нь л ярья. Би хул шар, цул бөх бутан харж байснаас улаан зандан бутан харж байсангүй. Тэрхүү бутан сэтгэл алдрам өнгө үзэмж цогцолсон агаад өндөр нь нэг тохой, өргөн нь хоёр төө гатлуу, бөөрөөрөө түхгэр нь эгээ л дөрөв, таван сартай тулгар эмэгтэй лугаа зохилдох ажээ. Сэтгэл хөөрөөд доторх гахайн тосыг ч харсангүй солихыг дуртайяа зөвшөөрчихөв.

Бутангийн тагийг авахад шинэхэн тосны үнэр нялхийж, лавлан харвал дөнгөж саяхан шахсан гэмээр гахайн тос гялтайж байв. Тос санасныг бодвол бутанг дүүргэх шахам их талцаа юмсанжээ. Багаар бодоход 20 кг хүрэх бололтой. Чандаган цагаан гахайн тос сайхан ч Хүө Да Янь дээр, доор нь нитгэл шавхрууг нь царцаасан байх вий гэсэн хар төрөхүй нэгэн урт мөчир олж ирээд шалгаж үзэхээр гахайн тос руу дүрэх үед Хүө Да Яний амьсгаа дээрдэж байв. Миний дүрэх нь алгуур, мөчрийн орох нь гүн, ёроолд нь тулахад тос ямар нэгэн хольцгүй цэв цэвэр гэдэг нь нотлогдлоо. Мөчрөө сугалж гаргах үед Хүө Да Янь “Энэ тосыг шинэхэн хайлуулсан юм. Хоёр гахайн тос орсон. Нэг, хоёр халбагыг ч бай хүнд идүүлэлгүй өөрөө л хэрэглээрэй.  Үүнийг би чамд л гэж бэлтгэсэн учраас өөр нэгэнд өгвөл миний хүндэтгэлийг дорд үзсэнд тооцоорой” гэснийг дуулгавартай хүлээн зөвшөөрөөд бутантай тосыг хашаа руу гаргалаа.

Би зам дээр хүүхдүүдээ хүлээж байв. Тусад орсон том хүүдээ дөрвөн аяга, нэг боодол савх, таван жин будаа, хөнгөн цагаан гадартай бортого зэргийг үүрүүлж удаах хүүгээ ч бас сул явуулсангүй хоёр бортого ногоо, нэг хэсэг эрдэнэ шишийн бин бариулав.  Чингээд өөрөө удын мөчрөн сэвэгт өөрийн болоод хүүхдүүдийнхээ хувцсыг хийж үүрээд, дээр нь отгон охиноо суулгаж бутан тосоо өмнөө тэвэрлээ.

Борооны ид улирал байсан цаг. Хөдлөх үед Лао Паний дүү тостой цаасаар хийсэн шүхэр хүргэж ирснийг охиндоо хариуцуулж өгвөл ер сонирхсон шинжгүй нишингээ л зогсоо зайгүй мэрж явав.  

Бид эхлээд морин тэргэнд сууж Лин Гуаны галт тэрэгний өртөө хүрээд, тэндээ гурван цаг хүлээж бүрий тасрахын алдад Нэн Жианы галт тэргэнд суун хөдөллөө. Хойшоо зөвхөн нүүрс түлж явдаг жижиг галт тэрэг л очдог байсан юм. Галт тэрэгний толгой эгээ л шавар дотор өнхөрч хөлбөрөн тоглоод гарч ирсэн илжиг мэт болжээ.  Тэргэнд хүн цөөн. Нэг нь охиныг, нэг нь сэвэгийг, бас нэг нь хүүхдүүдийн гар дахь ачааг тосон авч дээшээ гаргаснаар бид төвхнөөд авлаа. Галт тэрэг ямархан нэгийг савлуулан цохих мэт дин дан, дин дан гэсээр хөдөллөө. Аажмаар түжигнэх чимээ хурдасч, өртөөнөөс ийн хөдлөх үед удаах хүү маань тэнцвэр алдан унахдаа суудлын өнцөгт толгойгоо цохьчихов. Толгой нь хавдаж хөхөрсөн хүү их дуугаар уйлахад нь нүдээ сохолчихсон байвал ямар нүүрээрээ Лао Паньтай уулздаг билээ гэж л бодож явлаа.

Би гахайн тосоо ширээн доогуур тавьж яваад өртөө дөхөх үед хүү шиг минь уначих вий гэж болгоомжилж суув.

Гурвын гурван хүүхэд маллаж явахад бэрх. Нэг нь өлслөө гэнэ, удаагүй байтал нөгөөх нь шээмээр байна гэнэ, бас нэг нь даарлаа гэнэ. Би ийш ч эргэж идэх юм хайж, тийш ч эргэж зузаалах хувцас эрнэ. Бүрий тасарчээ. Бүхээгт дэнлүү бүүдгэр. Бяцхан баглаанууд тэрүүхэндээ цовхчих шиг хөдөлнө. Ууган хүү цонх налж, удаах нь суудал дээрээ хэвтэж, бага маань миний өвөр дээр бүгд унтжээ. Би хүүхдүүд болоод ачаагаа алдахаас эмээгээд унтаж чадахгүй тэвчсээр үүрийн гэгээнээр сая нэг  Нэн Жианд ирлээ.

Лао Паний захидалдаа өгүүлснээр би одоо холын аянчдын тээврийн өртөөг олох ёстой. Эндээс Хар мөрөн рүү гурав хоногт нэг удаа нийтийн тэрэг хөдөлнө, тасалбар нь үнэтэй гэж яриангүй, ядахад дөнгөж сая нэг тэрэг нь хөдөлчихжээ. Хоёр хоног хүлээх хэрэгтэй боллоо. Хоноглох газрын төлбөр гэхээс яс хавталзаж байгаад харин санаандгүй хямдаар тэр өдрийнхөө үдээс хойш хөдлөх том тэвштэй тэрэгний тасалбар худалдаж авлаа. Тэрэгний тэвш 80 сантиметр орчим талбайтай, өндөр модон хашлага бүхий, эгээ л гахайн хороог санагдуулахуйц. Тэрэг гучаад хүнтэй. Тэд цөм Хар мөрөн хүрэх ба хуурай өвс дэвсээд түүн дээрээ сууцгаажээ. Тэрэг донсолгоо багатай, хүмүүс цөм л бидэн рүү харна. Би бутантай тосоо хөлнийхөө завсар хавчаад охиноо тэвэрлээ. Хүмүүс инээлдэнэ. Нэг эр хажуудах бүсгүйтэйгээ шивэр авир хийнэ. Энэ эмэгтэй лав эрдээ талтай даг аа. Салтаандаа хавчуулсан бутанг маань тэд ам булаалдан магтацгаана.

Тэвшин дээр суугаа хүмүүс наршихаас илүү борооноос айна. Бороо ч орлоо. Тэд толгой дээгүүрээ бэржээнх дэлгэн нөмөрлөө. Эхлээд аянга цахиж байснаа бороо арван хором хэртэй зөөлөн шиврээд, гэнэт асгаж аюул эхэллээ. Зам хоромхон зуур явахын эцэсгүй болж бид буурчийн газар олж хоргодоцгоов.

Биднийг хөдлөхөд тув тунгалаг байсан тэнгэр хоёрхон цагийн дотор замыг шавар балчиг болгож, жолоочийн явах нь ч ширүүдэж, миний хамаг бие шархирч тэвшин дээрх хүмүүсийн гэдэс зайлагдав.

Тэнгэрт бөөн хар үүл нүүгэлтэж, чөлөөгөөр нь аянга гялбана. Даавуугаа ч дэлгэж нөмрөхийн завдалгүй шавшиж гарлаа.  Би бэржээнхээ дэлгэж хүүхдүүдээ нөмөрлөлөө. Өглөөхөн тосоо унагаад заримыг нь асгачихсан тэр үед энэ хоёр гар маань эрхгүй л цөөдөж байв. Ахиад нэг хос гартай сан бол тийм бүтэлгүй хэрэг гарахгүй байлаа.

Бороо улам ширүүсэж, тэрэг улам гэлдрүүллээ. Татсан бэржээнх сүр сүр дуугарна. Бороо биш нэг цутгал гол тэнгэрээс бууж байна уу гэлтэй. Хүмүүс нэгнээ түшиж бөөгнөн халуун дотно уур амьсгал үүснэ. Нэг эмэгтэй өөр нэг эмдээ хорсож байгаа бололтой, учир нь түүний хойно суугаа эр тэр эмэгтэйн бөгсийг нь дэрлэжээ. Нөгөө эмэгтэй нь ч бас ам хуурайгүй янших энэ эмэгтэйн үмхий амыг жигшиж байгаа нь лавтай. Анх хөдлөхөд л ийн чалчиж байсан сан.  Нэг эр тахиа, бас нэг эр олсоншуудайнд хоёр торой авч явна. Тахиа нь давчуу торон дотроо хүзүүгээ нугдайлган дуугарч, гахай нь олсон шуудайгаа сэндчиж эргэцнэ.  Шуудайгаа түлхсээр бутангийн дэргэд ирсэн торойг нь том хүү өшиглөж холдуулсныг эзэн хараад ихэд уурлан түүнийг загнаж гарлаа.

- Тэр бол гахай учир мэдэхгүй. Чи бас тийм гахай юу?

Хэдий жаахан ч гэлээ ам хэл хурцтай Лао Да толгойгоо өргөөд эргэн тойрноо ажиж байснаа хариуд нь

-Тэр хүн биш учир мэдэхгүй. Чи бол хүн гэвч яагаад учир ойлгохгүй байгаа юм гэсэнд хүмүүс цөм инээлдлээ.

Бид харанхуй болтол явсаар эцэст нь нэг буурчийн газар олж зогслоо. Хэдийгээр халхалж нөмөрлөсөн боловч миний ар нуруу шалба норжээ. Бутангаа тэвэрсээр буурчийн газарт орох үед буурчийн эзний нүд бутан дээр унаж - Энэ хаанаас авч яваа эрдэнэ вэ?

- Энэ зүгээр гахайн тосны бутан юм аа.

Тэр шогшрон бутанг ахин дахин илж байхыг харсан эхнэр нь уурсан

-Наадах чинь мөөм биш! Юу гарна гэж илж таалаа вэ?  гэлээ

Буурчийн эзэн

-Тос тээж яваа энэ бутан чинь хэдий үнэтэй вэ?

-Өөрийнхөө хоёр өрөө шавар байшингаар сольж авсан юм зарахгүй ээ гэвэл буурчийн эзэн нүдээ эргэлдүүлж харин эхнэр нь над руу саймширсан харцаар ширтэж байв.

Тэнгэр цэлмэхийг хүлээж тэнд яг гурав хонов. Буурчийн газар хоёр давхар, бид эрэгтэй эмэгтэйгээрээ нэг, нэг давхарт нь байрлав. Хүмүүс олдоод, хөнжил хүрэлцэхгүй байсан тул хоёр хүн дундаа нэг хөнжил хөдөрч байлаа.

Мөнгөө хэмнэхийн тулд хүүхдүүд бид буурчийн газраас хоол идэлгүй өөрсдийн авч яваа бин болоод ногоог идэж байлаа. Бороо орсоор, тэнгэр хүйтэн, хүүхдүүд минь хатгаа хүрчихээс сэргийлж гал тогооны өрөөг нь зээлж будааны зутан хийж уулгалаа. Намайг гал тогоо руу орох үед буурчийн эзэн арвин мөнгө амлаж бутанг зарахыг гуйв.  Гэнэтхэн эгдүү минь хүрч,  

-Алтан уул амласан ч би үүнийг зарахгүй гэсэнд буурчийн эзэн ихэд уурсаж будаа чанасны болон түлшний хөлс надаас нэхэхэд нь

-Нэхэж байгаа шиг чинь хэмжээний мөнгө би түлээгүй гэсэнд

-Чам шиг ийм эмэгтэй яг ингэж л зүдэрч явбал таарна даа гэж уурслаа.

Хүмүүс унтсаар л. Эд юмс нь газраар нэг хөглөрчээ. Авч яваа энэ зүйлс бүгд үхмэл, амьтайгаас тахиа, торой хоёр л байна. Тэд морины жүчээнд буй. Тэндэх бүх морьдыг тэжээдэг агаад хүүхдүүд морины жүчээнд тоглох дуртай байв.Тэндээс явахын урд өдөр би морины жүчээ рүү хоёр багыгаа хайж очсон юм. Тэнд байсан буурчийн эзэн хэдэн морио тэжээл рүү нь дөхүүлэнгээ

-Чамд эднээс аль нь таалагдаж байна? хэмээн асуулаа.

-Чи хэчнээн гуйвч энэ бутан бол бүтэхгүй ээ.

-Сайхан эд, сайхан хүүхэн хоёрыг харсан хүн мартаж чаддаггүй юм. Биендээ бутантай, зүрхэндээ дурсамжтай  хүүхэн гэж...

Ийм үг хэн хүсэв. Түүний эхнэр олж сонсжээ. Морины жүчээнд өвс дэлгэсэн учраас түүний орж ирэхийг хэн ч сонсоогүй аж.

Тэр эмэгтэй үнэнхүү хатан зоригт бүлгээ. Үг эс унаган уяаны шонг мөргөөд авав. Тэгэхэд  яг бүрий болж байсан үе. Шанаа нь язарч, шингэн ягаан цус урсахад хүүхдүүд тоглож байсан хулганаасаа айхтар айцгаалаа.

Орой гэхэд бороо зогсож саран мандлаа. Хоёр дахь өдрийн үүрээр тахиа бас донгодсонгүй. Жолооч замдаа гарцгаая гэж хашхирлаа. Намаг бутангаа тэвэрсээр тэрэг рүү гарах үед буурчийн эзэн эхнэртэйгээ тэрэгний дэргэд зогсож байгаа харагдав. Эзний эхнэр шанааныхаа шархан дээрээ гоюу наажээ. Зэвхий даасан царайгаар намайг ширтэж байснаа нэгэн эмэгтэйг дуудах үед минь лүгхийтэл өмнө минь сөхөрч нөгөө бутанг үлдээхийг гуйлаа.  Тэр,  

-Өнгөрсөн шөнө би хүсэл мөрөөдлөө ойлголоо. Эр хүн дэргэдээ орших амьд амьгүй зүйлсэд хэзээ ч татагддаггүй. Энэ эр хүний амьдрал яг л бүрхэг өдөртэй адил. Эрийнхээ хойшдын өдрүүд нь бүрхэг байхыг хүсэхгүй байна хэмээгээд уйллаа. Би яг яах ёстойгоо ойлгосонгүй. Буурчийн эзэн өөрт нь бутан авч өгөх гэж ийн сөхөрсөнийг сонсоод сэтгэл их хөдөлжээ. Тэрбээр эхнэрээ татаж босгоод,

- Сүүлийн гурван өдөр бороо орсон газар шал нойтон байгаа шүү дээ. Үе мөчний үрэвсэл чинь сэдэрвэл яана! Одоо өөрийгөө анхаарвал таарна. Хэрэв чи сөхрөхийг хүсэж байвал энэ шөнө миний гэдсэн дээр сөхөр, тэр халуун дулаан байгаа хэмээв. Түүний энэ үг орчин тойрны бүх хүмүүсийг хөгжөөлөө.

Буурчийн эзэн надад хандаж,

-Сайхан юмс дандаа л гай уддаг юм даа, би чамаар тоглоогүй шүү! Хурдан наадхаа аваад арилж үз хэмээлээ. Тэр ийн хэлэхдээ ч бутан дээр минь нүдээ унагасан хэвээр л байв.

Биднийг буурчийн газраас холдоход нар улааран хөөрч, буурчийн эзэн эхнэрээ түшин байшин руугаа буцаж харагдана. Миний нүдийг нулимс бүрхэв. Энэ бутан хоосон тагзаар сольж авсан гэхэд хосгүй эрдэнэ юм даг уу? Хүмүүс тэдний эвтэй найртай үлдсэнийг харан бүгд л сэтгэл хангалуун байлаа. Эрчүүд хоорондоо ярьцгааж, хүүхнүүд дуу аялан шувууд баясгалантай жиргэлдэж, огторгуй өөд баярын дуу цуурайлна. Тэвшин дээрх хүмүүс “буурчийн газар одоо хүнгүй болж буурчийн эзэн нэг өрөөндөө өмдөө шидэлж, нөгөө өрөөндөө эхнэрээ гэдсэн дээрээ сөхрүүлж байгаа байх даа” гэлцэн чанга дуугаар хөхрөлдөхөд дунд хүү минь:

-Гэдэс маш зөөлхөн хүн сөхрүүлж болох юм уу даа? гэхэд нэг шар хуузтай эр:

-Эр хүний нөгөө уяа олсоороо эм хүнийг тогтоодог юм аа. Нэг хоёр уяад авахаар эмэгтэй хүн өөрөө сөхөрдөг юм даа гэв. Хүмүүс их дуугаар хөхрөлдөнө.

-Тэр уяа хүлээс нь тэгээд хаана байдаг юм бэ? Надад даруй хэлээтэх...

Бид инээлдэж явсаар орой болголоо. Тэрэг Хү Ан гол дээр зогсож, бид бяцхан буурчийн газар олж жаал юм идээд цааш хөдөлж нар жаргах үест Хар мөрөнд хүрлээ. Хар мөрөн бол миний энэ амьдралдаа үзсэн хамгийн том хот билээ. Хотын дэргэдүүр Хар луу гол урсан өнгөрдөг ажээ. Барилгууд нь өндөр, зам нь гөв гөлгөр, гудамжинд хүмүүс олон. Минийхээр, бол энэ хот нэлээд чинээлэгтээ орох буй заа. Эмэгтэйчүүд нь богино банзал өмсөж, гуяа ил гаргаснаас үзвэл  чамгүй нээлттэй газар бололтой. Аянчид хөлөг онгоцны зогсоолын дэргэд, машин тэрэг тасралтгүй сүлжинэ. Би тэртээд цайрах завин дээр суухыг мөрөөдөж байлаа.

Эндээс нэг өдөрт том, жижиг хоёр онгоц хүн тээвэрлэдэг. Хүмүүс том онгоцыг нь Да Лоу Хэ, жижиг онгоцыг нь Шиао Лоу Хэ гэж дуудна. Бид тэр өдрийн үдэд жижиг онгоцонд нь явлаа. Да Лоу Хэ хоёр өдрийн дараа хөдлөх гэнэ. Би хоёр хоног Хар мөрнөөр явж Лао Пань дээр очих болсондоо баяртай байв. Онгоц сүрлэг их уулсын дундуур ороод явчихуй  хэдэн оны, хэдэн сард гарч ирэх нь таашгүй мэт санагдаж миний оюун бодолд ер бусын үзэсгэлэн цогцолж байв. Тасалбараа авчихаад дэлгүүр хэсэн хорин чы* цэнхэр сарз даавуу (артай бөс) таван чы энгийн даавуу, шинэ жилийн үеэр хүүхдүүддээ өгөх хувцас авсан билээ. Хар мөрний нөгөө эрэг Зөвлөлт холбоот улсын нутаг тул эндхийн дэлгүүр хоршоо бүрт Зөвлөлтийн чанар сайт, үнэ хямд бараа таваар дүүрэн. Би хэдэн ширхэг эдийн саван, хэдэн толгой лаа худалдаж авснаар мөнгөө ч бараг шавхлаа. Онгоц руу гарахад богцонд ердөө зургаан юань л үлджээ.  Аз болоход тэр үеийн мөнгөний ханш сайн байсан тул онгоцны хоолноос хэд хэдийг авахад энэ мөнгө хүрэлцэхүйц байв. Том онгоц нь жижиг онгоцны нэг өдөрт туулах замыг хоёр өдөр туулдаг гэнэ. Бас энэ онгоцны суудал сандал нь тэвштэй тэрэгтэй харьцуулахад маш тааламжтай, донсолгоо савлагаагүйн дээр сэрүүхэн гэдэг нь таатай. Энэ өдөр би онгоцны арын хэсэгт зогсоод уул усны сайхныг бишрэн хүүхдүүдээ хүлээж зогсов.  Хөлөг онгоцны тогооч нар загас барих нь үзэгдэнэ. Тэр үед загас элбэг, тороо шидээд хагас цагийн дараа гэхэд дүүрэн загастай татаж гаргана.  Хүүхдүүдийн жаргалтай инээд цангинана. Онгоцноос буух үед тэд ихэд хоргодонгуй байв.

Бидний буусан газрыг Кай Гу Канг гэдэг ч хүмүүс Кай Ку Данг гэж хошигнон дуудах дуртай. Лао Паний байгаа Шиао Ча Хэ-ний захиргаа байгууллага энэ юм. Эндээс ахиад 50 км орчим зайтай. онгоцноос буух үед нэг туранхай шөвгөр залуу намайг тосож ирээд

- Пань Да бэргэн мөн үү? хэмээв.  

-Тиймээ би мөн.

-Намайг Цүй Да Линь гэдэг. Пань дарга намайг таныг тосуулахаар явуулсан юм. Таныг энд нэг гараг хүлээлээ.

-Бороо орсны улмаас замдаа гурав хоног саатлаа

-Би яг тэгж таамагласан юм ёсоор болж.

-Хэрэв энэ онгоцоор та нарыг ирэхгүй бол даруйхан буцъя гэж бодож байлаа шүү.

Цүй Да Линь бутанг тосож аваад

-Та ч үнэхээр сүрхий юм аа. Гурван хүүхдээ аваад унаа, унаа дамжаад бас болоогүй дээр нь бутан тэвэрчихсэн гэж байгаа хэмээв.

Авхаалжтай сэргэлэн Цүй Да Линь модчидын  холбоочин, мэдээлэгч гэнэ.

Бид Цүй Да Линийг дагасаар аянчдын дэлгүүр орох үед л би Лао Панийг дарга болсныг гэнэт саналаа. Бид эндээ нэг хоноглоод маргааш өглөө нь эртлэн замдаа гарах билээ.

Цүй Да Линь дамнуурга бэлдэж иржээ. Түүндээ хоёр сэвэг дамнуургадаад урд талын сэвэгт нь дунд хүүг маань суулгаж,  

-Эрэгтэй хүүхдийн арьс битүү, нарших нь удаан гээд хойд талын сэвэгт охиныг суулгаад охинд энэ нь арай сэрүүхэн гээд бидний ачааг хоёр сэвэгтээ хувааж хийлээ. Тэр дамнуургаа өргөн урд явж, том хүү бид хоёр түүний хойноос дагалаа. Би бутан гахайн тосоо сэвэгтээ хийж үүрэв. Тэвэрч явснаас энэ нь арай дээр ажээ.  Хэрэв ая тааваараа явбал бид 50 ли[2]-г хагас өдөрт туулна. Гэвч бид ачаа ихтэйн дээр ойн замын хэцүү бэрхийг өгүүлэхийн эцэсгүй. Цүй Да Линь хагас цаг хэртэй яваад амарч уух юм залгилна. Том хүү амрах бүрт

-Одоо хэр хол вэ? хэмээн асууна.

-Удахгүй очно оо. Тэр өмнөтөө харагдаж байгаа уулыг тойроод л орлоо гэж Цүй Да Линь хариулна.

Өтгөн шигүү ойд явахад хус, нарсны навчис усны хувин, аяга сэлт рүү  минь унаж, шувууд тасралтгүй жиргэлдэнэ. Бид уулын тунгалаг горхины усаар цангаагаа тайлж, аянчдын дэлгүүрээс авсан хуурсан будаагаа иднэ. Ой цэцгээр хээ шаглажээ. Охин үе үе цэцэг шүүрэн тэдгээр хэлгий сараана, цээнэ, удвал цэцгийг амандаа хийнэ. Би түүнийг цэцэгсэд хордох вий гэж айхын сацуу охины амнаас ханхалж буй цэцгийн үнэрээр эрвээхий, зөгий сэлт түүнийг хатгах вий гэж болгоомжлохуй охин гау, гау дуугарч бяцхан гараараа тэднийг үргээж байлаа.

Ойн хамгийн халширмаар амьтан гэвээс хүний цусаар хооллогч үл үзэгдэгч шумуулын сүрэг. Замын турш тэд биднийг зовоож байлаа. Сэвэгт буй хоёр өчнөөн олон хатгуулжээ. Миний сэтгэл зовниж Да Паний өмнө нүгэл хийчихсэн мэт санагдаж байлаа. Тэр гурван хүүхдээ ингэж зүдэрч явна чинээ санаагүй байгаа нь лав. Магад надтай нэг хөнжилд таатай унтахгүй биз ээ.

Бид яван явсаар, үд хэвийх алдад ойн гүнээс морьд янцгаах чимээ сонсов. Цүй Да Линь дамнуургаа буулгаад

-Эд лавтай ан хийж яваа Э Лүн Чүнүүд[3] эсхүл модчид биз гэв.

Төд удалгүй буу мөрөвчилсөн дөрвөн хээр морьтой Э Лүн Чүн модон дундаас гарч  ирлээ. Мориноосоо буугаад Цүй Да Линээс

-Хаа хүрэхээр яваа вэ? гэв.

-Шиао Ча Хэ бааз хүрэх санаатай явна.

-Чи эндээс морь аваад энэ хүмүүсийг хүргэж өгч болно шүү гэвэл Цүй Да Линь би ядраагүй ээ гээд том хүү бид хоёрыг мордууллаа. Хүү бид Бид хоёр өмнө нь  морь унаж үзээгүй билээ. Гэвч морь их номхон дөлгөөн харагдахын сацуу миний ядарсан гэж туйлгүй тул морь эгээ л миний авралын од мэт санагдах тул  бутангаа үүрсэн чигтээ мордож, хэсэг яваад дасаад ч ирлээ. Э Лүн Чүнүүд биднийг хөтөлж хэсэг харзнаж явснаа цулбуурыг маань өгчихөөд гэдрэг буцан Цүй Да Линий дамнуургыг сэлгэж мөрлөн түүнийг амсхийлгэж байв. Тэд үнэхээр нинжин сэтгэлтэй үндэстэн санжээ.

Энхэл донхол ихтэй ойн замд морьдын явах нь дадамгай. Гэтэл санаандгүй явтал морь маань ургаа чулуунд бүдэрч би ойчив. Гарын арьс жаахан зулгарсныг эс тооцвол бэртэл гэмтэл үгүй. Харин хөөрхий бутан минь хага үсэрч түмэн хэсэг болжээ. Хариугүй очихын даваан дээр хаанаас ийм гай тохиов доо гэж бутангаа бодох бүр зүрх өвдөж тэр гэхийн аргагүй харуусал шаналалд автлаа. Энэ дор бол буурчийн эзэнд үлдээчихсэн нь хавьгүй дээр байсан мэт санагднам.  Цүй Да Линь намайг тайвшруулаад:

-Бутан хагарсан ч гахайн тос нь идэж болохоор байна гээд савлаж болохоор бортого, аяга сэлтийг дүүргэн хамж хийсний дараа үлдсэн тосыг нөгөө цаасан шүхэрт боолоо. Тосонд шоргоолж үймж байв. Бодохоос хайран энэ бутан үнэнхүү ховор сайхан эд байжээ. Яах гэж морь унав аа. Тэдэнд ч ажил удаад...

Бага хоёр маань бас над шиг унахаас айсан уу, морин дээр дамнаж яваа сэвэг дотроосоо бууя гэж бархиралдаж байв. Хамж хийсэн гахайн тосоо хамгийн сүүлчийн морин дахь сэвэгт хийлээ.

Бид явсаар. Нар жаргаж, сар мандав. Туулайд үүр, хэвтэр лүүгээ дэгдэж шар шувуу сүрхийн ниснэ. Оройны найман цагийн хэрд бид Шиао Ча Хэ баазад ирлээ. Хоёр бага маань нэгэнт унтжээ. Биднийг Лао Пань угтаж, олз омог ихтэй юу? хэмээн мишээж зогслоо. Хоёр үхэрчин хүү дамнуурга буулгалцав.

Тэнд долоо, найман байшинд гучаад ажилчин байрлаж байжээ. Түүний дотор долоо, найман гэр бүл багтана. Би заримаас нь хэдэн хоногийн хойно иржээ. Тийнхүү бид хууль бусаар алт олборлож байсан уурхайчдын хуучин шавар байшинд амьдарч эхлэх нь тэр ээ.

Э Лүн Чүн нар байшинд унтаж дасаагүй, зөвхөн ойдоо л унтах дуртай хэмээгээд биднийг хүргэж ирээд буцлаа.

Энэ хоёр өдөр Шиао Ча Хэ-ний хүүхдүүд сүрхий дотносож эхэллээ. Би гахайн тосоо шүхэр, бортого, аяганаасаа гаргаж том түмпэнд ногоотой хольж хийв. Тухайн үед тэнд атар хагалбарлаж эхлээгүй байсан тул нэмж хийх ногоо хүрэлцэхгүй, гэртээ үлдсэн эмэгтэйчүүд ойгоор явж Э Лүн Чүн хүмүүсийг олж уулзаад чинцай, зэрлэг сонгино зэргийг заалган түүж зөвхөн хогистой буурцаг төмс л иддэг байсан эрчүүддээ хоол хийж өгдөг боллоо. Тэдний хоолших нь ч урамтай. Хээрийн ногоо гахайн тостой сайхан зохицно, идэж байхад заримдаа шоргоолж ч гарч ирнэ. Гэвч Лао Пань ялгаж хаялгүй цуг идчихдэг сэн.

Ирээд хоёр ч сар хүрээгүй байтал ураг илт томорсон нь магад гахайн тос байнга идсэнтэй ч холбоотой биз. Намаршаад мөөг унах цаг. Хүмүүс цөм намайг ширтэж, эрчүүд Лао Панийг цаашлуулан “Хоёрхон сарын өмнө ирсэн биз дээ, чи ч зохижээ. Сүрхий ч хэрэг мандах нь дээ”хэмээн инээлдэнэ. Лао Пань бүх учир гахайн тосны доторх шоргоолжтой л холбоотой гээд инээдэг сэн.

Их хянган даваанд аравдугаар сард цас дарж өвлийг авч ирнэ. Тэнгэр ч тэр, газар ч тэр цалин цагаан. Мод болоод хүмүүс л дээр доор, зүг зовхисыг ялгахын тулд тэдний дунд оршиж байгаа мэт ээ.

Эрчүүд ногоонд явж, хүүхнүүд зав чөлөөгүй хүүхдээ өсгөж, уул руу түлээнд явж нарс, гаврын модон дээрх нэг төрлийн булцууг түүж буцалгаад дэнгийн тос гаргаж авна. Энэ төрлийн дэнгийн тос хув өнгөтэй агаад нарс модных шиг сайхан үнэртэй, өтгөн утаа гардаг юм. Би нарсны давирхай буцалгаж байх үед нярайлсан билээ.

1957 оны дөрөвдүгээр сар. Өмнөд нутагт магад буудай соёолж  байгаа ч энд цасан цагаан дайд хэвээр. Эндхийн  ганц эмнэлэг нь шарх сорви боох төдий бөгөөд түүнээс цаашихыг нь шуудхан өөр тийш явахыг зөвлөнө. Эх хүнд тээсэн үрээ алдах шиг айдас үгүй. Хаа очиж миний хувьд өмнөх гурван төрөлт хүнд байгаагүй ч харин энэ ураг сүрхий том ажээ. Хамаг бие тарж бутрах гэж буй мэт шархирч, халуун ханзан дээр байж ядан хөлбөрөн тэлчилж байтал ашгүй модчилж явсан улс уулнаас буцаж ирлээ. Эмнэлэгт хүртэл түргэхэн өөр тийш явахыг зөвлөлөө. Эндээс хамгийн ойрхон суурин тийш морин чаргаар явахад адаглаад гурван цаг шаардлагатай. Гэтэл Цүй Да Линь Хар мөрний цаад эрэг дагуух Зөвлөлтийн хэдэн суурингийн аль нэг рүү явах санал гаргаж, Лао Пань тэр даруй морин чарга бэлдэхийг тушаагаад намайг хоёр давхар хөнжилд цуглаад Цүй Да Линээр харгалзуулан хөдөллөө. Хар мөрөн хөлдсөн байсан тул гатлага онгоц, бирвааз гэж түвэг удах зүйл гарсангүй. Хилийн зурваст очих үед өвдөлт туйлдаа хүрлээ. Тийш нэвтрэхийг хориглох  хилийнхэнтэй хэл авалцах хэн ч байсангүй Лао Пань миний гэдэс рүү зааж ярагласан байртайгаар толгойгоо сэгсчихэд тэд миний байдлыг харуутаа биднийг оруулж эмнэлэгт хүргэж өглөө.

Энэ бяцхан тосгоны нэр “Хлеба” буюу “талх” гэсэн утгатай. Орос хүмүүс угийн талханд дуртайгаас ийн нэрлээ биз ээ. Хавар цагт мөрний нөгөө талд эндхийн барьсан талхны үнэр ханхалдагсан. Төхөөрөмжийн хангамж хүрэлцээ сайн, товхийсэн бяцхан эмнэлэгт цав цагаан хуузтай настайвтар эмч биднийг угтаж авлаа. Тэр миний байр байдлыг ажиж байснаа эхлээд нэг тариа тариад удалгүй миний хэвлийг зүсэж мяраатай гэгчийн лунцгар “эрийг” гаргаад ирэв. Тэр бараг 10 жин[4] байснаас би өөрөөрөө төрж чадаагүй ажээ.  Лао Пань намайг амарч тавирсныг үзээд эх барьсан эмчид “нударга хамтатган ёсолж байв”[5]. Яаруу сандруу гарснаас цаастай ганц чихэр ч дайж ирэхээ мартжээ. Лао Пань сандран бугуйн цагаа шуудхан тайлж хагас боодол тамхи, өөрт байсан хоёр юаний хамт эмчид барихад хүмүүс цөм инээдэм болов. Эмч над руу заагаад өвчтөний ойр хавьд тамхи татаж болохгүйг занган анхааруулж байв.

Мэс ажилбар хийлгүүлсний улмаас тэр хоёр өдөртөө бид буцаж чадсангүй. Эмнэлгийнхэн биднийг дайлж зочлон, морьдыг маань тэжээж, сувилагч эмэгтэй надад тахианы өндөг, талх, бас хүүхдэд маань хувцас авч ирж өглөө. 

Буцах үед хайрт сувилагч, эмч нартаа сэтгэл хоргодож байлаа. Биднийг гарах үед хилийн харуулууд хэн маань ч ойлгохгүй бичигт Лао Паниар гарын үсэг зурууллаа.

Шиао Ча Хэ-д буцаж ирээд Лао Пань Кай Ку Кан явж эхнэрээ амаржуулахын төлөө хил зөрчсөнөө өөрийн биеэр хэлж баазын дарга байх эрхгүй гэдгээ хүлээлээ. Гэвч түүнд сануулга өгсөнөөс өөр шийтгэл хүлээлгэсэнгүй. Тэр Кай Ку Канаас хэдэн жин чихэр авчирж айл өрх бүрт хувааж өглөө. Хүүдээ Сү Шэнг[6] нэр хайрлалаа. Түүний өхөөр нэр нь Ма И[7] бүлгээ.  Гахайн тостой хамт шоргоолж идэж шим тэжээл авч бойжсоноос бус бид хоёрын хэнтэй нь ч төсгүй том, жижиг гил хар хоёр нүд нь шоргоолж шиг харагддагаас тэр юм. Ма И хавийн хүүхдүүдийн дундаас хамгийн царайлаг нь. Өргөн магнай, өтгөн хөмсөг, хянган хамартайн дээр уруул нь намайг дуурайжээ. Тэр хавийн бүхий л хүмүүс түүнийг өхөөрдөн Ма И гэж дууддаг сан.

Ма И дөрвөн нас хүрлээ. Цүй Да Линь энэ баазад ирсэн Чэнь Ин нэрт багш хүүхэнтэй суулаа. Хэн ч харсан сэтгэл алдам гацуур шиг гоо нуруу, нүд хөмсөг болсон эмэгтэй ажээ. Түүнийг энэ хавийн багш, гар урлалчин гэх мэтийн хоёр гурван ч залуу эргүүлдэж эцэстээ тэр Цүй Да Линьд зөвшөөрсөн юмсанж. Хүмүүс Чэнь Ин сэтгэлд нь бус Цүй Да Линьд  өвлөж ирсэн маргад эрдэнийн эмжээртэй алтан бэлзэгт болсон гэлцэх.

Заншил ёсоор хуримын өмнөх шөнө “ор дарах”8 ёс үйлдэв. Хоёр хос анх удаа нэг оронд унтдаг энэ заншлаар бэр буулгасан айл түвшин байдаг гэх. Цүй Да Линь, Чэнь Ин хоёр Ма И-д ихэд хайртай. Ээж ааваасаа холддоггүй хүүхэд энэ ёслолын үеэр Цүй Да Линьтэй унтахыг дуртай нь аргагүй зөвшөөрөөд түүнийг тэврээд явах үед

-Би Цүй ахтай унтах юм уу, Чэнь эгчтэй унтах юм уу? гэж асууж байлаа. Лао Пань:

-Чэнь эгчтэйгээ унтвал Цүй ах чинь бөгсөн дээр чинь алгадна шүү! гээд инээж байлаа.

Ма И-гийн гэдэс нэг шөнөжин өвдөөд ор дарсангүй[8] гэж маргааш өглөө нь Ма И-г тосож авахаар Лао Панийг очиход Цүй Да Линь хэлжээ. Гэвч өглөө нь зүв зүгээр болжээ.

Тэдний хурим найр хаврын тэргүүн сард тавтай сайхан болж Шиао Ча Хэ-гийн хүмүүс цөм цуглалаа. Бид байшингийн гадна барьсан гал тогооны асарт байрлаж, эмэгтэйчүүд нь ногоо бэлдэж эрчүүд нь архи ууцгааж, хүүхдүүд чихэр жимсэнд шандуурч, орой болоход залуус залгуулаад шинэ өргөөнд бүтэн шөнөжин найрлацгаавай.

Хуриман дээр шинэ бэрийн хуруун дахь бөгжийг харж суутал гэнэтхэн маргад эрдэнийн эмжээр нь нүдэнд туслаа. Үнэхээр тэр эрдэнийг нэг харсан хүн ахиж мартахын аргагүй хольцгүй эд ажээ. Хүмүүс ам цууран шагшицгааж, нэг нь “лав л нэг байшингийн үнэ хүрнэ” гэхэд, нөгөө нь “лав л нэг машин нарсны үнэтэйдэг ээ” гэнэ. Бас нэг нь “лавтай л дөрөв таван сайн морины солиотой” гэцгээж байлаа. Бүгдийнх нь хүслэнт эд мөн бололтой.

Түүнээс хойш Чэнь Ин хаа явсан ч нөгөө бөгжнөөсөө салахаа байв. Мөнөөхөн бөгж өвлийн улиралд бол түүний хуруунд нуугдсан хавар цагсан уу гэмээр ногоон шигтгээгээрээ харсан хүний сэтгэл дэнслүүлж гялалздаг байв.

Шиао Ча Хэ-д ирж буй хүүхдүүд өдөр өдрөөр өсөж, модчид  улам бүр нэмэгдэж байв. Эндхийн бага сургуульд ганц бие эрэгтэй багш ирж Чэнь Ин-тэй цуг ажиллах болсонд Цүй Да Линь дургүй байдаг гэнэ лээ гэсэн шивэр авир яриа дуулддаг байлаа. Үүний хажуугаар нэг сонин явдал нь гэрлээд хэдэн жил болоход Чэнь Ин жирэмсэлсэнгүй. Яавч тээж төрүүлж чадахааргүй муу эрүүл мэндтэй хүн биш, хүмүүсийн ярих нь гэм согог нь Цүй Да Линьд байдаг гэнэ лээ гэсэн цуу тархлаа. Нэг хавар тэд Чэнь Иний төрхөм рүү яваад ирэхдээ том, бага хоёр уут хятад эм авч ирлээ. Тэр цагаас хойш тэднийх эм ханхалсан айл болов. Хэн нь ууж байгааг мэдэхгүй ч баттай л жирэмслүүлэхэд тустай эм гэдгийг би таамаглаж байлаа.

Уулын нар удаан ч нэг л мэдэхэд өнгөрөн оддог байв. Санчиг цавцайж, Лао Паний ид хав ч урьдынх шигээ байхаа болив. Ма И-гээс хойш хоёр хүүхэд олдоод хоёул эгэв. Нэг нь гурван сартайдаа эндэж, нөгөө нь гурван нас хүрээд нэг өдөр ихэд халуурч гээгдэв.

Тэгээд бид

-Хоёулаа тавь хүрлээ дөрвөн сайхан үртэй ч боллоо. Одоо ахиад үр хүүхэд гэхээ больё доо хө гэснээр Ма И отголсон хэвээр үлдсэн билээ.

Ууган хүү минь соёлын хувьсгалын өмнөхөн мод бэлтгэлийн байцаагч шалгагчаар ажилд орж удаах хүүгээ Кай Ку Каны дунд сургуульд үргэлжлүүлэн суулгав. Охин минь Шиао Ча Хэ-гийн бага сургуульд явж байв. Тэр үнэхээр ой муутай нэгэн байлаа. Чэнь Ин багшийнх нь хэлэхээр бусад сурагчид шинэ үсгээ дөрөв тавхан хоромд тогтоодог бол тэр нэг өдөр болоод ч тогтоохгүй тав дугаар ангид орох болоход холбож уншиж ч чаддаггүй байв. Тэгсэн атал гарын дүйтэй, хөшиг, ноосон цамц, хувцас хунар юухан хээхнийг гаргуун сайн хийнэ. Харин Ма И гасан хүүхэд ажгуу. Томоотой, сурлага номондоо толгой цохино. Өглөө бүр эртлэн очиж ангидаа гал түлж, тэгсэний дараагаар хичээл эхэлнэ. Хүн бүхний л хайрыг татсан сурагч байлаа.

Тэгж байтал Соёлын хувьсгал эхэллээ. Харилцаа холбоо хурцдаж Зөвлөлтийн тосгонд очиж амаржсан хэрэг сөхөгдөж ирэв. Тэр жил Лао Паний зурсан гарын үсэг балаг болж улсаа худалдсан, Зөвлөлтийн тагнуул гэсэн хэргээр баригдаж Цүй Да Линий хамт Кай Ку Кан руу дуудагдав. Лао Пань “Зөвлөлтийн хил рүү би удирдаж авч явсан, гарын үсгийг ч би зурсан” хэмээн бүх хэргийг өөр дээрээ хүлээгээд Цүй Да Линийг Шиао Ча Хэ-д үлдээв. Гэвч тэр ирээд эхнэртэйгээ хамт амьдарч хуучин ажлаа эрхэлсэнгүй ажилчдын нэгэн адил ууланд модчилох шийтгэл авчээ.

Тэрбээр Шиао Ча Хэ-д ирээд удалгүй байтал Чэнь Ин өөдлөв.

Үхэл нь нөгөө бөгжтэй холбоотой. Магад үр тогтдоггүй учир нь ч бөгжнөөс болсон байж мэднэ. Хичээл заасан ч, усанд явсан ч, хувцас угаасан ч хуруунаасаа авдаггүй бөгжөө гол руу явж хувцас угаагаад ирсэн нэг өдрөө гээчихжээ. Угийн савхан хуруутайн дээр савантай ус нэрмээс болж гол руу унагаа биз ээ. Хүмүүс бүгд л түүнд тусалж хувцас угаасан голын тэр хавийн гүнд нь шумбаж, гүехэн танганд нь шүүгүүлээр хэд хэдэн өдөр нэгживч эс олов.

Бөгжөө гээсэн нь Чэнь Ин сүнс сүлдээ гээснээс өөрцгүй юм болов. Замд тааралдаад  мэнд ус мэдэхэд огтоос сонсоогүй байртай зөрж өнгөрнө. Уг нь тэр гав шав хийсэн, таван хуруу тэгшхэн хүүхэн байсан сан. Гэтэл нэг л өдөр ноолойсон амьтан болж, гэзэг үс нь даахирч, хир даг болсон хувцас хэдэрч, шүднийх нь завсраар навч, ногооны аль нь болох нь мэдэгдэхгүй юм үзэгдэж явах боллоо. Өнгө мөнгөнд болж Цүй Да Линьтэй суусан нь лавтайдаг гэлцэж буримагдан дүүллүүлэх болов.

Нэг орой Чэнь Ин гэртээ харьж ирсэнгүй. Дөрвөн хоног хайгаад голын доод урсгалаас олов.

Цогцос нь нэгэнт өмхийрч ялзарчээ. Бөгжөө хайж яваад голд унаж цацсан эсхүл амиа хорлосноос зайлахгүй гэж таамаглаж байв.

Цүй Да Линь эхнэрээсээ хойш ихэд хямарч хэнтэй ч үг солихоо байж хар залуугаараа өтлөв.  Тэдний гэрээс эм үнэртэхээ больсон байлаа.

Ханиа алдахын хажуугаар элдэв хэрэг төвөгт орооцолдсон түүний өмнө би түмэн нүгэлтэй мэт санагддаг байв. Ма Иг явуулж ус түлшийг нь дөхүүлүүлж, заримдаа хоол ч хийгээд явуулдаг байв. Эндхийн ихэнх хүмүүс эрвийх дэрвийхээрээ сэтгэл илүүчилж байсансан.

Ма И том болж аавдаа ихэд сэтгэл түгшдэг болов. Улаан залаат жад мөрлөж аваад үе үе аавыгаа эргэж, “Аавд хэн хүч хэрэглэсэн байнав, тэр энэ жаданд сүлбүүлэх болно” гэж ярьдаг байв. Ма И арван дөрөв хүрэхдээ л зуу илүү жинтэй, хэзээний том эр шиг хүдэр чийрэг болж торнилоо.

Ма И ахлах сургуульдаа элссэнгүй өвөл нь ууланд мод цагаалж, хавар нь Хар мөрнөөр мод тээвэрлэдэг боллоо. Шиао Ча Хэгээс Хар гол хүртэл 8-10 хоног зарцуулна. Хар мөрний урсгал ширүүн, боргио ихтэй ч Ма И гарамгай усчийн тул мод зөөж буй багийнхан түүнд цөмөөрөө сайн.

1974 он. Ма И 18 хүрлээ. Хэн хүнгүй л түүнтэй үерхэж дотносохыг эрмэлзэх боллоо. Гэвч Ма И  “дөрвөн далай хэсэж сайн эрийн амьдралаар амьдрах надад эхнэр дараас болно” гэж ямагт дургүйцнэ.  Нэг хаврын мод тээлтээр түүний хувь заяа гэнэтхэн өөрчлөгдсөн юм.

Шиао Ча Хэ-гээс Хар гол руу мод тээх замд Алтан уул нэрт нэгэн газар бий. Тэр уулын харалдаа нөгөө эрэгт Зөвлөлтийн бяцхан тосгон байдаг. Тэнд хоноглоод маргааш нь тэр хавиар  өнгөрч байтал хүчит салхи дэгдэж, сэлүүрээ алдаж салхинд хөөгдөн Зөвлөлтийн хил рүү ойртжээ. Тухайн үед Хар мөрний дагуу Зөвлөлтөөс хамаарч эргүүл хамгаалалт гаргаж байсан цаг. Тэд эрэг рүү туугдан очих үедээ буу агссан цэргүүдийг дуудан санаатайгаар хил зөрчөөгүй, салхиаар хөөгдөж яваагаа тайлбарлах гэхдээ хэл авалцах гэж хэрдээ л будилж хий дэмий тэнгэр лүү зааж байтал Ма И хацраа түхийлгэж байснаа хүчтэй гэгч үлээж, салхийг дуурайн үзүүлтэл цэргүүд нирхийтэл инээлджээ.  

Тосгоны айлуудын оройн хоолны цаг байж таарч. Хайрч буй талхны үнэр хамар цоргино. Тэнд нэгэн бүсгүй загасны тор нэхэж байжээ. Цэнхэр даашинз, алтан шаргал үстэй, дүгрэг царай, мэлмэгэр нүдтэй, ганц салаа гэзэгтэй, дөнгөж саяхан улаан буурцаг идсэн гэлтэй зузаан хийгээд шунх уруултай тэр бүсгүй өөр хэнийг ч биш Ма И-г л нүд салгалгүй ширтэж байжээ.  

Авч явсан хэдэн лонх архиа тосгоныхонд барихад баяртайгаар хүлээн аваад хүүхнүүд нь дэлгүүр орж газрын самар, талх авч ирж өгч тэд нийлэлдэн идэж уусаар, нөгөө охин Ма И- гийн хойно зогсоод үе үе талх зүсэж, архи хундагалж түүнд барина. Хэн хэндээ сэтгэл алдарчээ.

Шөнө ч болж, сэрүү ч орлоо, сар ч хөөрлөө. Модчид Алтан уулын эрэг рүү буцах үед мөнөөх бүсгүй цүнхнээсээ бяцхан модон халбага гаргаж Ма И-д өгчээ.  Алтан шаргал өнгөтэй ишин дээрээ хоёр улбар навч, зургаан улаан шошийн зурагтай тэр халбагыг Ма И энгэрийнхээ халаасанд хийжээ.

Ма И буцаж ирснийхээ хойно нэг л биш, үргэлж л нэг модон халбага атгаад хашаан дотор гиюүрнэ. Загас барих, усанд орох нэрийдлээр өдөр бүр гол руу явна. Үнэндээ бүх хүн түүнийг голын цаад эрэг рүү өдөржин ширтэхээр явж буйг мэднэ.

Нэг өдөр Ма И бараг 20 жин дөхүү том загас барьжээ. Тэр загасны сүүл, толгой нь гэрт авч ирсэн хойно ч хөдөлсөөр байв. Сайхан шөл хийгээд Лао Панийг эргэх санаа хамгийн түрүүн төрөв. Загасны хэвлийг ярахад гэдэс дотор нь бусад загасныхаас тэс өөр, онцгой томын дээр басхүү эвгүй үнэр ханхалж байтал дотроос нь гэнэт ногоон туяа гялсхийлээ. Лавлаж харвал Чэнь Иний гээсэн өнөөх бөгж дүрээрээ байж байх нь тэр. Би нүдэндээ ч итгэсэнгүй Ма И-г дуудаж ориллоо. Тэр хараад Чэнь Ин багшийн бөгж мөн байна. Юм угааж байгаад ус руу унагасан нь эрхгүй үнэн байжээ хэмээв. Тэгээд нусны алчууртаа боогоод Цүй Да Линий гэр лүү очлоо. Тэр бөгжийг харуутаа уйлж гарав. Энэ бол амь... амь... надад энэ хэрэггүй. Чэнь Инийг санах хэцүү байгаа тул бөгжийг харахыг ч хүсэхгүй байгаа нь илт.

-Чи үлдсэн амьдралаа яаж ингэж ганцаар туулах вэ дээ. Хань ижил олж авсан нь дээргүй юү? Дэн унтарсан хойно ийм нэг яриа өрнөв.

Гэтэл Цүй Да Линь миний гараас татан ярьж эхэллээ. Уйлж байгаа нь дууны өнгөнөөс нь анзаарагдана.

-Том бэргээн энэ бөгж бол таных гэхэд нь би гайхаж, юу хэлэхээ мэдэхгүй тээнэгэлзэж байтал

-Хэрэв энэ бөгж ахиад манай гэрт ирвэл удахгүй миний амийг авна гэж байна.

-Ийм үнэтэй эдийг би авч чадахгүй ээ. Надад хэрэггүй гэтэл тэр миний гараас улам чанга атгаад

-Эсвэл загас агнаснаар нь Ма И-д өгчих. Эхнэр авахдаа сүй болгож өгнө биз хэмээв.

 Ма И ч дуртай зөвшөөрч аваад богц руугаа хийчихэв. Тухайн үед Цүй Да Линий зүрхэнд айдас хургаад, үгүй болсон хүний, эл дол болсон эдээс татгалзсан ч юм уу, бүү мэд.

Загасны махаа жижиглээд зөөлөн гал дээр бүтэн гурван цаг ялз чанав.  Тэгээд саванд хийж аваад тракторт суун Кай Ку Кан руу явав. Тэр үед Шиао Ча Хэ, Кай Ку Каны хооронд тээврийн зам нэгэнт тавигдсан тул хоёрхон цаг яваад л хүрчихнэ.  Лао Паньтай уулзаж нэг өдөржин зээлээр тойров. Ма И-гийн агнасан загасны гэдэснээс нөгөө бөгж гарсныг дуулгахад тэр аль хэдийн сонссон байлаа.

Намайг буцаж ирэх үед Ма И явчихсан байлаа. Тэр гурван захидал үлдээжээ.

Эхний захидалдаа Кай Ку Каны захиргаанд хандаж “Би Зөвлөлт улсад төрсөн, одоо тийшээ явлаа. Эцгийг минь буцаан Шиао Ча Хэ-д ирүүлэхийг хүсье” гэсэн бол хоёр дахь захидалдаа эгч, ах нартаа хандаж “Ээж, аав минь эцсээ хүртэл бидний төлөө зүтгэлээ” хэмээжээ. Сүүлийн захиагаа Лао Пань бид хоёрт үлдээжээ. “Би буцаж ирэхгүй ч та хоёр санаа бүү чилээ.  Бие, эрүүл мэндээ сайтар хичээгтүн” гэсэн байлаа. Захианыхаа доод талд ёслон мөргөж байгаа эрэгтэй хүүхэд зуржээ.  Жил бүрийн цагаан сараар энэ зураг түүний өмнөөс надтай золгох болох нээ.

Ма И бөгж, модон халбагаа аваад явжээ. Тэр лавтай Зөвлөлтийн тосгон руу очсон байх.  Уулзаж амжаагүй явуулснаа бодохоор цөс хэмхэрмээр шаналантай. Хэнтэй ч уулзсан энэ тухай л ярьж нулимс унагачих гээд хэцүү. Гагцхүү Лао Паний төлөө л тэвчиж байлаа.

Ма И хэл сураггүй яваад өгсөн мэтээр ойлгуулж захидлын агуулгыг бид гадагш нь задруулсангүй. Хэрэв захидлыг бусдад мэдэгдвэл Лао Пань улсаасаа урвасан хүүтэй болж ял нь бүр хүндрэх ч магад билээ.  Ма И баригдаад буцаад ирэх вий, буцаж ирэхгүй байя гэхэд живээд үхчихсэн байх вий, голын хөндийгөөс хүүр яс оллоо гэхэд Ма И-гийнх биш гэдгийг батлахын төлөө явна гэхэд санаанд нэг л багтаж өгөхгүй зүрх түгшээсэн цаг хугацаа өнгөрч байлаа. Өвөл болж, гол хөлдөж  сая нэг юм сэтгэл амарлаа, Ма И ямартай ч эсэн мэнд хүрээд эхнэртэйгээ хамт байгаа нь тодорхой болсон юм.  

Соёлын хувьсгал дуусч, Лао Пань Шиао Ча Хэ-д эргэж ирэв. Мөн үед мод бэлтгэлийн бааз тэлж өргөжсөн байлаа. Жар хүрээд ажил хийх чадваргүй, дээр нь Ма И явчихсан эгээ л зулын голыг суга татаад авчихсан адил түүний зүрхэнд ямар ч гэрэл гэгээ үгүй болжээ.

1989 онд Лао Пань далан насандаа бурхан болов. Өөд болохынхоо өмнөхөн

-Тээр жил чиний авч ирсэн гахайн тос мөн ч жилбэрүүлэм байсан шүү гэж билээ. Тэгээд Ма И-гийн үлдээсэн захиан дээрх мэхийж байгаа залуугийн зургийг харанж инээмсэглэж байснаа гар нь суларсаар унагаж орхисон билээ.

Оршуулсны дараахан Цүй Да Линь нэг насаар нь түүнийг тамлан тарчилгаж байсан нууцаа надад ярив. 

-Тэр бөгж үнэхээр таных. Таныг тосоод буцаж явах замд бутан хагарч аяга, бортого руу гахайн тос хамж хийж байхдаа маргад эрдэнийн тэр бөгжийг олсон ч шунахай зан хөдлөөд бөгжийг сэмхэн өөртөө авсан юм. Таны хадгалж явсан зүйл учраас эхэндээ гаргахаас зориг зүрх хүрдэггүй байв. Хойно нь тойруу замаар танаас хэд хэдэн удаа бөгжний учрыг лавлаж тэр бутан гахайн тосыг байшингаараа сольж авсныг сонссон боловч бөгжний тухай юу ч мэдэхгүй байсан тул ил гаргасан юм хэмээвэй.

Чэнь Иний түүнтэй суусан нь үнэндээ энэ бөгжнөөс л болсон. Тэр Цүй Да Линий гарын ур дүй болоод тэр бөгжинд ухаангүй дуртай байсан юм. Гэрлэсэн хойноо Чэн Инь бөгжийг хараад л хамаг бие нь хүч тамир, сүр сүлдгүй болчихдог тул бөгжийг битгий зүүгээч гэж хэд хэдэн удаа гуйсан ч тэр ганц ч удаа хариу өчихгүй тул үүнээс болж яггүй ам мурийж байжээ.

-Чи яагаад Лао Панийг өнгөрсний хойно сая хэлж байгаа юм бэ?

-Лао ах бол хатуу үзэл бодолтой эр. Мэдэж гэмээн лав намайг алах байсан.

Би сая сэхээрлээ. Тэр жил Хүө Да Янь өөр хэнд ч бүү идүүлээрэй гэж аминчилж захиад байсныг ойлголоо. Хараажаар тосон дотроо бөгж хийж надад өгч байжээ. Тэр надад сэтгэлтэй байж. Лао Паний дүү Хэ Юань нутгаас Шиао Ча Хэд  ирэхэд би түүнээс Хүө Да Линийг зургаа, долоон жилийн өмнө өөд болсныг дууллаа.  Тэр нэг удаа Лао Паний дүүтэй таараад,

-Танай ах, эгчээс сураг чимээ байна уу? Тэд нар хаана амьдарч байна? гэж асуужээ.

-Бэргэн амаржсан ахиад нэг хүүтэй болсон. Хүүдээ Ма И нэр хайрласан гэхэд

-Хар хорхой гэснээс дээр л юм гэчихээд амьсгаадсаар яваад өгчээ.

Хүө Да Ян ий[9] эхнэр гэж хоёр амаар чалчиж байдаг хэцүү ааштай хүн. Нөхрийнх нь өвчин хүндрээд хариугүй өнгөрөх гэж байх үед тэр гутлын дэлгүүрээс нэг хос хар өнгийн шаахай аваад зогсож байжээ. Нэгэн хүн яарсаар ирж хурдан гэртээ харих хэрэгтэй болсныг дуулгахад тэр яарсан ч юмгүй сүнс нь хоргодоод амар заяа үзүүлэхгүй гэж хар гутлаа улаан өнгийн гутлаар солиулж аваад харьжээ.

Бөгж надад ирсэн түүхийг даанч хожуу мэдлээ. Хэрэв Лао Пань амьд сэрүүн байгаад, би түүнд эхнэрт нь өөр хэн нэгэн дурласныг гайхуулж харуулсансан бол тэр лавтайяа “хаг хаг” инээгээд

-Үхэр нүдэлсэн нядлагч чамд дурлаж уу? гээд жоготой донхолзох байсан даа.

Лао Пань юүтгээд гурван жил болов. Цүй Да Линь мөн өөдлөв. Би хуучин янзаараа амьдарсаар. Хүүхдүүд маань цөм сайн. Миний энэ амьдарлын хамгийн дурсамжит хэсэг бол яах аргагүй тэр бороотой зам. Нэгэн бутан гахайн тос - хувь тавилангийн нэг хэсэг.  

Хаврын орой би Хар мөрний эрэгт очиж хилийн зүг ширтнэм. Хоёр улсын хилийн хоорондуур уянгат шувууд нисэн ирээд нисэн одном. Нэгэн шувуу “Сү Шэнг, Сү Шэнг” гэсэн ганганаатайд тэргүүн өргөн харваас нүд гялбаад юу ч эс үзэв. Тэгэвч би тэр шувууны нисээд өнгөрсөн тэнгэрийг тэвчээртэй ширтсээр л...


[1] Том нүдэт гэсэн утгат бөлгөө
[2] 1 ли=500 метр
[3] Орчоон үндэстэн
[4] 10 жин = 5 кг
[5] Хятад хүний ёслох үйл
[6] Орсод төрсөн гэх утгат бүлгээ.
[7] Шоргоолж гэх утгат бүлгээ.
[8] Хятад хуримын энэ зан үйлд шинэ хосын сонгож авсан хүүхэд орон дээр нь тоглож наадаад тухтай унтаж амарч байвал айл болж буй хосууд өнөр өтгөн аз жаргалтай байхыг бэлгэддэг.
[9] Том нүдэт гэсэн утгатай

Сэтгэгдэл хэсэг