"ГЭГЭЭН ШУВУУ" утга зохиолын сангаас залуу уран бүтээлчдээ дэмжих, дотоодын уран зохиолын залгамж халааг танилцуулах, уран бүтээлийн замд хөтлөх зорилгоор "Тагтаа" утга зохиолын шагналыг өгүүллэг, яруу найраг, орчуулгын төрлөөр зарладаг билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 28-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 100 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 75 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 40 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг Тавдугаар сарын 18-ны өдөр “ТАГТАА” утга зохиолын шагналын үеэр зарлаж, шагналыг гардуулна.
Орчуулгын төрөлд дээр дурдсанчлан 40 орчуулагч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 5 орчуулагчийг шигшин авч, бүтээлийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 5 орчуулагчаас нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Шилдгээр шалгарсан орчуулагчдын бүтээлийг нийтлэхдээ ямар нэг дэс дараалал харгалзаагүйг анхаарна уу!
Уралдаанд бүтээлээ ирүүлсэн орчуулагчдаас шилдэг ТАВД багтсан эхний хүн бол Мягмарын Сугар-Эрдэнэ. Тэрбээр Японы зохиолч Окамото Кэйзогийн "Нэбүкава руу" туужийг орчуулжээ. Окамото Кэйзо 1950 онд Токиод төрж, Ази, Африкийн хэл шинжлэлийн тусгай сургуулийн Хинди хэлний ангийн дүүргэжээ. Дээрх тууж 2002 онд Дазай Осамүгийн шагналд нэр дэвшиж байв.
НЭБҮКАВА РУУ
(Орчуулагч Мягмарын Сугар-Эрдэнэ)
“Ямар ажил хийдэг вэ” гэж надаас хүн асуувал хэлэхэд тун хэцүү дээ. Яг үнэндээ хийдэг юм маань залилан. Ажлаасаа гарснаас хойш ийм л аргаар мөнгөтэй золгож байна. Таван жилийн өмнөөс өнөөг хүртэл өөрийгөө үнэхээр залилан хийдэг гэж боддоггүй байв. Гэтэл авга ах согтуудаа миний ажлыг сонирхоод байхаар нь тайлбарласан чинь “За за, Сүна чан минь, чиний ажил чинь зүгээр нэг залилан шиг биш, бүр жинхэнэ залилан байна ш дээ” гэх нь тэр.Тэгэхэд би “нээрээ ч тийм юм уу” гэж толгой дохиж суусан юм. Гэхдээ хэчнээн залилан хийдэг ч гэлээ будаа дуусч байна уу, байрны мөнгөө яах вэ гээд санаа зовох юм зөндөө. Базаад хаяад байхад л залгаад ирээд байдаг өнөөх татварын төлбөр, тэтгэвэр, даатгалын нэхэмжлэлд дорхноо дарагдчихна. Хий, тог, ус гээд л, утсаа таслуулах бүртээ мөнхөд өр тавьж төлнө. Өдөр хоногийг аргацаасан энэ амьдралаас өөр юм юу ч үгүй. Болдогсон бол өөрийгөө хөндлөнгөөс “хөөе чи, залилангаа олигтойхон хийсэн шиг хийчихээд арай илүүхэн мөнгө цаас олчихооч. Хулхидаж олсон хэдийгээ тоолсон шигээ инээд алдан сууж нэг үзээч” гэж харааж зүхмээр байна. Энэ бүхнээ авга ахдаа хэлсэн чинь таагүй янзтай амандаа юм бувтнав. Өнөөдөр ч гэсэн энд ирэх галт тэрэгний зардал, уух архины мөнгөө яах вэ гэж толгойгоо гашилгалаа. Элэг муу болохоор “кофе ууя” гээд авга ахыг уушны газар биш цайны газар уриад суух уу, эсвэл авга ахаар даалгачихвал яах бол гэж сэтгэнэ. Ундааны автомат машинаас олсон 500 иэнээ 1000 иэнийн дэвсгэрттэй хамт өмднийхөө халаасанд хийгээд гэрээс гарлаа. Намайг шал дэмий юмнаас болж ажлаасаа гарсан, бас авгайгаасаа салсныг ч авга ах мэдээгүй байгаа. Хотоос нүүж далайн эргийн тосгонд очоод нэлээн удаж байгаа ахдаа энэ талаар ярих хүсэл надад байсангүй.
Авга ах ч “Яахав, Сүна чан минь, чи айхтар шуналтай, сувьдаг хүн биш юм чинь ингэсгээд амьдраад байхад яав л гэж. Ахиад нэг нэгийг татчих уу” гэв. “Нэммээр л байна. Даанч түрийвчээ гэртээ мартчихаж” гэсэн чинь “Сүна чан, энэ чинь харин базаахгүй хэрэг байна шүү. Надад байгаа нь л энэ” гээд долоовор хуруугаа гозойлгов. Далан нас хэвийсэн хөгшнөөр даалгах гэж үү, уг нь мань л даах ёстой сон гэж өөрийгөө зэмлэв ч аяархнаар “Арван мянган иэн үү?” гээд ийш тийшээ харц гүйлгэв. Тэгтэл авга ах “Зөөгч өө, дахиад нэгийг. Тиймээ, халаагаад хэрэггүй. Шилтэй нь аваад ир” гэлээ.
Би ч дотроо “хаа холын Нэбүкавагаас энэ хүртэл ирсэн авга ах мянгахан иэнтэй байна гэж юу байдын” хэмээн бодож байтал авга ах “Май, буцах зардлын чинь мянган иэн. Нэлээн ч уулаа. Хоёулаа яаж ийгээд аргална даа. Уг нь жаахан ууж суумаар л байна” гээд надад мөнгө өглөө. Тэгээд авга ах касс руу харснаа “ Саналаа, саналаа. Энэ газрын нэр нь хуучнаараа байна” гэв.
Халуун уур савсах тавагтай шош барьсан зөөгч бүсгүй ирлээ.
Зөөгч бүсгүйг энэ уушны газрын эзний охин юмуу ач зээ нь байх юм бол тооцоогоо хэд хоногийн дараа төлж болох уу гэж хэлээд үзье гэх санаа төрлөө. “Зөөгч бүсгүй эзэнтэйгээ чухам ямар холбоотой болохыг мэдье” гэж авгын өгсөн чүдэнзийг хармаандаа хийнгээ шивнэлээ. Тэгсэн чинь “Сүна чан минь, наадах чинь тийм ч сайхан арга биш л байна даа. Хэрвээ эдний гэр бүлийн хэн нэгэн нь байвал харин ч бүр эвгүй биш үү? Тэд нар бид хоёрын гуйлтыг татгалзаж чадахааргүй байдалд орно” гэлээ.
Хүний мөнгөөр ууж идэх гэсэн авга ахын санаа надад таалагдаагүй ч угтаа би ч адилхан, нэг тэрэгний дугуй л гэсэн үг. Муу хэлж чадашгүй нь. Тэгээд яавал дээр вэ. Урдаасаа эхлээд орой хүртлээ халзарсан бүдүүн тарган би, толгойдоо ширхэг ч үсгүй туранхай авга ах. Хоёр хөгшний ямар ч мөнгөгүй уулт гайхуулах юмгүй гэхээсээ илүү хөөрхийлэлтэй гэвэл таарна. Эндээс зугтах уу, дараа төлье гэж гуйх уу гэсэн хоёр зам л бий. Архи ууж халах зуураа ийн бодож суутал “Савх гэдэг чинь харандаа биш ээ. Савх хэрэглэж чадахгүй байгаа чинь ээж аавынхаа хэнийг нь дууриасных юм бол, одоо огт санахгүй нь. Бүрлээч болоод нэлээд удаж дээ. Ингэхэд аав чинь надтай ямар холбоотой билээ” гэх авга ах “Архи дутаад байна. Хоёрын хооронд уухаар толгой мансуураад байх юм” гэлээ. Авга ахын царайг харах гэж би савхаа тавив. “Тэгтлээ санаа зовох юу байх вэ. Чи чинь миний ахын хүү биз дээ. Би мэдэж байнаа, мэдэж байна. Уушны газар хоол идэх үед дүфү хүртэл сайхан санагдаж байна шүү, хэлбэр нь ч гэсэн. Дэлгүүрээс авчирсан дүфүний энэ нимгэхэн, үүнийг юу гэдэг билээ, хальс биз дээ... Нэг л болж өгөхгүй нь, хуруу, хумс ер хөдлөхөө больж. Бага багаар толгой, бие минь нялх хүүхдийнх шиг л болж байна даа. Дүфүний хальсыг хуулах гэхээр булан нь эмтэрчихнэ. Ингээд дүфүн дээр хэрчсэн сонгино цацана. За за, дүфү бол дүфү л шүү дээ. За, байж байгаарай гээд аяархнаар “нойл” гээд суудлаасаа өндийв. Авга ах эртний л ийм яриатай хүн, жирийн ярианд эхлэл, дунд хэсэг тэгээд төгсгөл байвал ойлгоход амар бол авга ахын ярианы эхлэлийн өмнө, байх ёсгүй гэмээр эхлэл гарч ирээд төгсгөлийн дараа нь дахиад л төгсгөл гараад ирдэг. 30 нас гарсан ч өөрийн гэсэн гэр оронтой болох гэж бодоогүй байсан авга ахыг ээж маань тэсэхгүй янз бүрийн эмэгтэйтэй танилцуулсан гэдэг. Гэвч ямар ч эмэгтэй байлаа гээд авга ахын яриа хааш яаш үсчээд л, юу хэлэх гээд байгаа нь мэдэгдэхгүй байсаар байгаад болзоо уулзаан тогтоох явдал бүгд бүтэлгүйтжээ.
“Ямар ч арга алга. Яриа нь гэж ёроолгүй хувин л гэсэн үг. Тодорхой хэмжээ, амсар ч гэж алга. Энэ хүн ганцаараа амьдарч чадна, санаа зовох хэрэггүй” гэж аав ээжид хэчнээн учирласан ч ээж “Тэрэнд зүгээр ч надад хэцүү байна. Одоо ер нь дараагийн болзоонд цаадахад чинь хатуу юм балгуулж үзвэл яаж байна. Тэр нь дээр” гэж хэлж байж.
Суудалдаа эргэж ирсэн авга ах архи захиаллаа. “Нас ахихаар бие засах ч хэцүү болох юм. Уучлаарай. Дууслаа гээд цахилгаанаа татах гэтэл үлдсэн нь гараад ирэх юм. Хэцүү гэж. Чи болчихсон юм уу, уухгүй юм уу”. Ингээд би ч сакэ захиаллаа. “Авга ах JCB мэтийн банкны карттай болов уу. Гэхдээ энэ газар ч картаар үйлчилдэггүй байх даа?”
Авга ах бид хоёрын сууж байгаа газрын эсрэг талд гурван сандал, тэкний дэргэд найман модон сандал эгнэсэн байна. Завилж суух газар биш ажээ. Хананд нь цэс бичсэн самбар хадсан нь, өнгө нь шарласан киноны зурагт хуудас шиг л болжээ. Үйлчлүүлэгч гэхээр хүн бид хоёроос өөр алга. Япон архи нэг нь 300 иэн, дүфү 200, дарсан ногоо 150 иэн ч гэсэн яах ч арга байхгүй, зугтлаа ч баригдах нь гарцаагүй юм чинь зээлийн баримт үйлддэг ч юм билүү. Авга ах “Аа нээрээ тийм” гээд өндийн хананд өлгөөтэй байсан хүрмээ авлаа.
Авга маань сардаа хоёр удаа ням гаригийн үдэд “Танай энэ хавиар ажил гараад аа. Пачинко тоглох гэж ирсэнгүй ээ, салхинд гарч номын дэлгүүр оронгоо хоол идчихээд ирлээ” гээд Канда дахь гэрт маань гэнэт ороод ирдэг сэн. Тэр үед борооны улирлаас зун дуустал өмсдөг байсан шигээ өнөөдөр ч гэсэн тийм янзын цамцан дээр хүрэм, индүүдсэн ногоон өмд углажээ. Шууданд ажиллаж байхдаа ажлынхаа цэнхэр хувцастайгаа улаан дугуй унаж ирдэг байсан. Марк цуглуулдаг байсан ээжид минь цуврал марк өгнө. Намайг бэлэг нэхэхээр “Сүна чан минь чамд өгөх бэлэг маань миний инээмсэглэл” гэснээ нүүрээ янз бүр болгож алиалдаг сан.
Хүрэмнийхээ доторх, гаднах энгэрийн халаасаа нэг нэгээр нь нямбай гэгч нь уудалсан авга ах хүрмээ буцааж өлгөн, арын халаасыг нь ч тэмтэрч үзсэнээ “Байна шүү, Сүна чан. Энэ байна. Хадгалах юмтай юм шиг энд тэндгүй л халаас хийчихсэн чинь нуусан газраа мартчихаж. Тэтгэврийн мөнгө буусан байх учиртай” гэлээ.
Тэгээд намайг “энэ банкны картаас мөнгө аваад ир. Би эндээ сууж л байя” гэлээ.
Жинбоочёогийн замын уулзвар, Иванами номын дэлгүүрийн хажуу дахь банкны автомат машинд олон хүн дугаарлан зогсоно. Халааснаасаа Китамүра Тарогийн номыг гарган хуудсыг сөхтөл сонгино хэрчих биш, сахал хусах тухай шүлэг гарч ирлээ. Өглөөний шүүдрийн ганц дусал сахлын хутганы хурц ирэн дээр гялтганан унана. Үүнийг амьдрал гэх үү? Жигтэй юмаа. Фүжия дэлгүүрийн уутнаас ногоон сонгино цухуйж, ёроолд нь байцаа харагдана. Энэ уутыг нэг гартаа бариад, нөгөө гартаа банкны дэвтрээ барьсан хүн, хүзүүнийхээ хөлсийг цагаан алчуураар арчих нэгэн, тэргэн дэх хүүхдээ саатуулах хүн, дугуй царайтай хүүхэд, би ч, авга ах ч гэсэн усан дусал унах мэт үгүй болно. Мэдээжийн явдал ч , үгүй болох үеийг харж, үгүй болохоос өмнөх дүр, үгүй болох гэж байгаа дүрсэнд сэтгэл хөдлөн, амьдралыг гайхалтай хэмээн сонирхох нь жигтэй явдал биш гэж үү. Энд мөнгө хадгалдаг газар байтал мөнгөний үнэр алга. Автомат машин мөнгө гаргахад хүн түүнийг гардан авна. Хүн мөнгө хийхэд машин хүлээн авах. Энэ бүгд ахин дахин давтагдана хэмээн бодолхийлж байтал миний ээлж болжээ.
Номоо хаагаад картаа шургуулах гэтэл нэг хүн мөр цохиод авав. Эргэн харвал авга ах. “Яагаад хүрээд ирэв ээ? Яаж уушны газраас гарав? Зөөгч бүсгүйд юу хэлээд гараад ирсэн юм?” гэж тулган асуулаа. “За за хачин царайлчихаад олон долоон юм битгий яриад бай” гээд авга ах инээв. “Сайхан ч уулаа, хоолоо ч сайхан үлдээлгүй идчихлээ.Чинийхийг ч гэсэн цохичихлоо, сайхан цадлаа.Удаад байхаар чинь хөдөөний чамайг хайя гэж хэлчихээд гараад ирлээ” гэж байх юм. “За мөнгөө аваад буцаад уушны газраа очъё” гэж хэлэхэд минь авга ах чихэнд ойртсоноо “Зүгээр ээ, болчихлоо. Энэ чигээрээ алга болчихъё” гэв.
Гадаа бүрэнхий болсон ч гэгээ тасрах арай болоогүй байлаа.Согтсоных уу, нэг харсан чинь авга ах агаарт дүүлэх мэт жигтэй алхаж явах юм.
Гудамжинд зөрөх хүмүүс, дугуйнаас зайлж займчсаар утасны бүхээгний сүүдэр, авга ахын сүүдрийг гишгэн түүний урд гарлаа.
“Мөнгөө төлөхгүй гэж үү, эвгүй юм биш үү, ингэж ч болохгүй дээ” гэхэд ах “Зүгээр ээ, иймэрхүү юм байх. Замын гэрэл ногоон болохгүй удаж байна шүү. Нэг л өөр байх чинь.Танайд олон ирж байсан ч газар шагайж явсаар байгаад эргэн тойрноо ч ажиглаж байгаагүй юм шиг байна. Номын дэлгүүрүүд байгаа ч юу гэмээр юм дээ, нэг л өөр байна. Автобус, машин, байшин барилга л харагдаад нэг л биш. Тооёо кинотеатр орох уу. За явъя” гэх нь тэр.
Фүжиягийн цаад гудамжнаас баруун тийш эргэнгүүт Сакура гудамж байх бөгөөд тэнд байсан кинотеатр хэдийнэ хаагдсан гэдгийг дуулгатал Фүжиягийн дэргэд зогсозноод өндөр дэлгүүрийг харлаа.
“Үнэхээр сайхан болжээ. Чиний нөгөө дэлгүүрээс юм хулгайлаад баригдаж, Нанако сан уйлж байсан газар байна. Энэ хот ч зиндаа дээшилжээ” .
Авга ах аавыг Чий ах, ээжийг Нанако сан, элсэн дээр тоглох дуртай намайг Сүна чан гэж дууддаг байлаа. Тэр үед амттан авахаар дэлгүүрт ороод шарсан талх, пэчээн, шоколадныхаа мөнгийг төлсөн хэрнээ бохь, чихрээ халаас, цамцандаа нууж гарах гэж байгаад баригдсан юм. Аав ажлаасаа ирээд “Ийм арчаагүй балиар юм ахиж хийхгүй шүү гээд, эрчүүдийн ёсоор амлаж, гар барьцгаая” гээд сөхрөн суусан надад хэлж, ээж ч надтай цуг сөхрөн суугаад аавын хэлсэн үгийг чимээгүй сонсож билээ.
“Нанако сан чамайг хулгай хийдэг зуршилтай болчих вий дээ, яадаг билээ гэж надаас асууж байсан удаатай. Би ч гэсэн дэлгүүрээс юм хулгайлж явсан болохоор юу гэхээ мэдээгүй. Гэхдээ...” гээд яриа нь тасалдав.
Авга ах Сакүра гудамжны эхэнд ирээд дээшээ тэнгэрийг ажиглав. Тэгснээ “Нэгэнт өнгөрсөн юмны талаар яриад яахав. Гэхдээ тэр үед Нанако сан уйлаад л, уйлаад л. Миний өгсөн мөхөөлдөс бүр хайлаад дуусчихаж билээ. Би хаашдаа болоод өнгөрсөн явдал, дахин давтагдахгүй ээ гээд Нанако санд зөндөө хэлсэн ч... Ингэхэд чи тэрнээс хойш дахиж юм хум хумслав уу?” гэв.
Дунд сургуульд байхдаа сургуулийн дэлгүүрээс талх, ахлах ангид ороод цагийн ажил хийж байсан дэлгүүрийнхээ касснаас задгай мөнгө шууж, ажилд орсон хойноо томилолтын мөнгөний баримт дэлсэж, өнөөдөр ч гэсэн уучихаад мөнгөө төлөлгүй бултаж, маргааш ч гэсэн өчигдрийнх шиг хэн нэгнийг хулхидаж амьдрах нь тодорхой...
“Энүүхэндээ гэхэд чи дэлгүүрээс юм шуухдаа хэнтэй хамт байсан бэ? Надад падгүй ч гэсэн нэг л сонирхол төрөөд. Нанако санаас асуултай биш. Хүүхэд ганцаараа тийм хэрэг хийнэ гэдэг нэг л санаанд багтахгүй байгаам даа. Ганцаараа хийсэн гэх юм бол би ч гэсэн хэлэх үгээ эргэцүүлэх хэрэгтэй болж таарах нь”.
Хамт хүн байсан билүү гэж хэсэгхэн зуур бодсоноо Хэсокаки гэж хариулав. Нэг ангийн хүүхэд гэж авга ахад тайлбарласан ч үнэхээр тэр байсан уу, үгүй юү гэдгийг санахгүй байлаа. Одоо тэр Хэсокакигийн царай ч санаанд орж ирэхгүй байна.
Авга ах “Ашгүй дээ, санаа амарлаа” гээд мөрөн дээр гараа тавив.
“Хүүе байж л байна шүү дээ. Чи байхгүй болсон гэж бодсон уу” гээд авга ах ойрхон харагдах Тооёо кинотеатрын барилгыг заалаа. Тамхи, архи, цэвэр усны автоматтай зэрэгцэн төлбөртэй зогсоол, банк, албан газрууд тэгээд хоосон газар, байшингууд цуварна.Тасалбар худалдаалах цэгийн цонхыг давхар хавтангаар хаажээ. Орох хаалга ч хаалттай. Хоёулаа хаалтны завсраар харлаа.
“Нөгөө Хэсокаки гэдэг хүү ч энэ хавьд амьдардаг байсан уу” гэхэд “Огавагийн ойролцоо” гэж хариуллаа.
Дотор нь юу ч харагдсангүй.
Хэсокакигийн гэр яасан бол? Европ хувцас, гутлын дэлгүүр, банк, спортын барааны дэлгүүрийн зэргэлдээ Огавагийн өргөн чөлөөний ар талын байрны хоёр давхарт Хэсокаки дүү охин, шинэ ээжтэйгээ хамт суудаг байсан сан.
“Сүна чан наашаа ир дээ”
Эргээд хартал авга ах замын нөгөө талаас даллаж байна. Зам гарч, чанх урд байх кинотеатрыг харлаа. Энэ барилгыг яг өмнөөс нь, бүтнээр нь харж байсан удаа ер үгүй юмсанж.
“Зургийн аппараттай ирдэг байжээ” гэж авга ах халаглав. “Яагаад ч юм энд бүх юм эвдэрч сүйджээ. Угаасаа л тайзны чимэглэл шиг юм байсан даа. Дотор гаднах нь ч яйран болж. Хөгийн бага мөнгөөр хагас дутуу өрсөн барилга ч ийм л байдаг даа”.
Үнэндээ тийм байсныг мэдэхгүй нь. Урьд нь ийшээ дөхөж ойртоход л хорвоо ертөнц минийх юм шиг л санадаг байлаа. Тэр л хөөргөн сэтгэлийг архитектор нь барилгадаа шингээе гэж мэрийсэн ч юм билүү. Гэвч нурах нь уу гэлтэй атал нурж унаагүй тагтыг харахнээ авга ахынхтай адил бодол толгойд харвана.
“Нанмэйза театр яасан бол?”
“Байхгүй болсон”.
“Тийм үү, за за боллоо. Сүна чантайгаа архи уугаад, арван жилийн дараа танил гудамжаараа тэнээд сэтгэл ханалаа, сайхан боллоо. Буцъя даа”
Жинбоочёгийн уулзварыг өнгөрөн Очаномизү рүү явлаа. Авга ахыг эргэн тойрны байр байшинг сонирхон сонжих боловуу гэтэл чив чимээгүй алхсаар байв. Сүрүгадайгийн доод талын Кинка цэцэрлэгт ирээд хэн нь ч, юу ч хэлээгүй мөртлөө элсэн талбайн дэргэдэх сандал дээр суулаа.
“Яасан нам гүм байна аа, хүүхдүүд гэртээ харьчихжээ дээ, яасан эрт хариа вэ?”
Тоглоомон хүрз, устай хувин элсэн уулын дэргэд тавиастай. Эсрэг талын сандал дор улаан, цагаан цэцгийн дэлбээ хөглөрнө.
“Эртний юм яриад эвгүй ч гэсэн чи 19 билүү 20 настайдаа гэрээсээ дайжсан даа. Заавал хурим хийнэ, авгай авна гээд. Нууцаар гэрлэх гэж байсан уу. Гэнэт бодогдоод. Их залуу байж дээ”.
...Чи дэндүү залуу байна. Агшин зуурын төдий догдлол гай зовлон чирнэ шүү. Дөрвөн жил хүлээчих. Надад ирээдүй маань харагдахгүй байна гэж чи хэлж байгаа ч өөрөө харъя гэж хүсэхгүй бол юу ч эхлэхгүй шүү дээ... Ингэж хэлэх аавынхаа сургаалыг сөрөө ч үгүй, дагаа ч үгүй би шууд л аав ээжээ орхиод гарсан. Ирээдүйгээ тооцоолж чадахгүй, бодож тунгаахаас ч дургүй хүрч байж.
“Чий ах ч гэсэн тэр үед хичээгээд л том хүний дүр эсгэж байж дээ. Эцэг эх ч бай, эсвэл том хүний байр сууринаас хэлсэн ч бай, хамаагүй шүү дээ. Эгэл жирийн нэгэн байх нь чиний нийгэм дэх байр суурь гээд загнаад байвал заавал зөрчилдөөн гарна. Сүна чаныг зүгээр орхичих, яаж ч байсан хамаагүй биш үү, дуртай юмыг нь хийлгэ гэж намайг зөндөө хэлсэн ч, за ч гэхгүй, үгүй ч гэхгүй үнэхээр гүргэр хүн байсан шүү аав чинь”.
Авга ахын толгойн дээрх шумуулыг үргээлээ.
“Баярлалаа... Чамайг алга болсны дараа Ничидай дайн билүү, оюутнууд үймээн самуун дэгдээж, энэ хавьд бэхлэлт бариад л. Замын чулууг ховхлон шидчихээд зугтана. Зугтаж байхдаа ч шидэлнэ. Цагдаа нар нулимс асгаруулагч хий цацаад л. Ямартай ч Огавагаас Жинбоочёо, тэгээд Мисакичёо хүртэл тэднийг мөшгөн хөөж байлаа”.
Юу хэлэх гэж байгааг нь ойлголгүй яриаг нь чагнаж суув.
“Би тэр үед чиний өрөөний цонхоор харж байлаа. Өчигдрийн цацсан нулимс асгаруулагч агаарт үлдчихсэн байхад нэмээд л буудна. Тэнгэр газар, хүн рүү ч гэсэн буугаа чиглүүлээд л. Тэд энгийн иргэдийг ч алж устгах гээд байна уу. Зугтаж чадахгүй хүн, хүүхэд хөгшчүүл байна ш дээ гэж би уурлаж байлаа. Оюутнууд гудамжнаас гудамжны хооронд, байрны доор чимээгүйхэн ирж, цэрэг хувцастнууд тэднийг нэхнэ. “Новш гэж” гэж намайг хашгиртал Чий ах гэнэт цонхон дээр байсан цэцгийг цэрэг хувцастнуудын урд замыг онилоод хоёр давхраас шидчихэж билээ”.
Ничидай дайны үеэр тэр хавьд суудаг иргэд бүслэгдсэн оюутнуудад хоол хүнс өгдөг байлаа. Үүнийг сонссон аав их уурласан гэж ээжээс сонсож байсан юм байна. Нийгмийн эсрэг тэмцэж байгаа бүлгийг яагаад өмгөөлөөд байна аа, Токиогийн их сургуулийнхан шиг зүйл хийж болохгүй гээд л уурлаж байсан гэдэг.
“Аав чинь надад хандан “Цэргүүд ч, оюутнууд ч бүгд хүүхэд. Адилхан хүүхдүүд амь насаа золин тулалдаад ямар ч утга алга. Дайн гэгч юм хүүхдүүдийн ирээдүйд юу ч авчрахгүй” гэж билээ. Үнэхээр ч тийм нь тийм л дээ. Бидний хийж байсан дайн бол мөнгө, алж хядах зорилготой байсан. Угаасаа түүнээс өөр дайтах шалтгаан байхгүй, утга учиртай дайн ч гэж байхгүй. Над мэт нь оюутны хөдөлгөөнийг дайн биш, энэ маягаар ирээдүй алга, ямар нэг юм хийхгүй бол болохгүй гэж бодоод хийсэн үймээн л гэж бодож байлаа. Гэхдээ л дайнаас эргэж ирснээс хойш танай аавыг тэгж уурлаж байхыг анх удаа харсан” гэснээ авга ах босоод нуруугаа цохив.
Аав ээжийн гэрт очиж үзэх үү? гэж асуухад минь “Байшин хэдийнэ үгүй болсон болохоор очоод ч яах юм билээ. Сүна чан, Нанако сан, Чий сан ч байхгүй болохоор” гэв.
Ходоодны өвчнөөр аав 62 настайдаа нас барж, дараа жил нь ээж 63-тайдаа зүрхний өвчнөөр өөд болсон. Агаар муутай Кандад харин ч удаан амьдарсанд тооцогдох болов уу.
“Тэрэнд орвол, чиний найз бүсгүйн гэр одоо энд байгаа юу? Тийшээ явах уу? Эхнэрээ ажил хийж байх хойгуур хуучин найз бүсгүйнхээ гэрийг үзнэ гэдэг утгагүй дэмий хэрэг ч юм уу” гэж авга ах баяртай нь аргагүй хэллээ.
Манайх шиг, газар нь зарагдаад нэлээд эртнээс машины зогсоол болсон гэж хэлтэл авга ах, харамсалтай юм, гэв.
Кинка цэцэрлэг дэх жижиг даваа руу шатаар авиран, Сүрүгадайд хүрэх үед нэг амсхийлээ. Энэ газрыг дээр үеэс л Кинказака гэдэг байсан уу гэж шалгаатал “Нутгийн нэг тэнэг юмуу эсвэл гадны нэг балай нь өгөө биз. Гэхдээ ялгаа байхгүй ээ. Учир үндэс огт байхгүй” гэж хариулав.
Энэ давааны чулууг ховхолсон юм болов уу эсвэл Сүрүгадай дахь давааны чулуу юм болов уу гэж би хөл доорх засмал замыг дэвслэж үзүүллээ.
“Тэр үймээнээр бүх замын чулууг ховхолсон. Өөрчлөгдөөгүй нь зөвхөн Сүзүран гудамжны арын зам л байх. Тэр хэсэг эртнээс л замыг нь хучаагүй байсан юм. Зэвсэг болчихоор бүхнийг устгавал чулуу шидэх оюутнууд ч алга болно гэж нутгийн нэг тэнэг үү, хөдөөний нэг балайгийнх нь бодож олсон арга биз”. Замын хашлаганаас барингаа авга ах “Энэ уулын оройн зочид буудалд хуримаа хийх ёстой байлаа. Одоогийнх шиг хөгийн амьтан биш байж дээ би” гэлээ.
Барилгыг ширтэн зогссоноо царай нь барайж, зүүн тийш харлаа.
Тийм залуу цаг бас байсан байх нь уу, гэвч авга ах авгай аваагүй байх ёстой. Эсвэл яг гэрлэх гэж байгаад ямар нэг шалтгаанаар больсон байж таарна. Дахиж хүнтэй суугаагүйд нь энэ орчин хамаатай байх нь гэж бодоод би ч барилгыг ажив.
“Нанако сан ч, Чий ах ч хуримд чинь хэрэглэнэ гээд чамайг бүр жаахан байхаас л цалингаасаа мөнгө хураадаг байж билээ” гээд миний өвдгөнд хүрлээ.
“Мөнгө хурааж байсан шүү. Чи ч мэдээгүй биз дээ”.
Дуугүй байж байтал авга ах “Эцэг эхийн дүрд тоглосон хамгийн сүүлчийн хайр нь байж дээ. Чи тэгэж бодож байна уу” гэж намуухан хэллээ.
Би барилгын цонхны гэрлийг харах зуураа дотроо бол “ээ новш оо” гэж өөрийгөө зүхэн дуу алдсан ч “Мэдэхгүйгээр их ч буруу юм хийжээ” гэсэн юм л хэллээ.
Оргил өөд мацах гэж хэдэн мянган метрийн доороос авираагүй ч арай гэж Сүрүгадай давааны оргилд гарлаа. Нас ахихаар хөлөө газраас өргөх гэж хүч зарах болдог ажээ. Ядарсан уу, янз бүрийн юм бодогдсон уу замаа андуурчээ. Нэг мэдсэн, баруун талд бэлтгэл сургууль, зүүн талд Хамада эмнэлэг байна. Энд эхнэр төрж, би ч гэсэн төрсөн. Энд эхнэр ч, би ч суралцаж байлаа. Гэвч мөнгөний үнэр ханхлах мэт аль аль нь банк, худалдааны компани гэхээр сайхан харагдаж байна. “Хүн ер алга. Үд дунд алхах ч дээ. Энэ ч өдөр дундын хот юм даа. Аргагүй ээ. Танай бага сургууль одоо болтол байгаа юу” гэхэд нь “Сургууль маань түрүүн өнгөрсөн цэцэрлэгийн дэргэд байгаа, гэхдээ нэр нь өөрчлөгдсөн” гэлээ.
“Нэр байхгүй болно гэдэг бол чамайг энд амьдраад, хүүхэдтэй болж, хүүхэд чинь энэ сургуульд явдаг болсон ч цаг үе дууслаа гэсэн үг. Энд тасарлаа гэсэн үг. Үнэхээр харамсалтай зүйл шүү. Манай Яги гэр бүлийн удам тасраад дараах үе гэж байхгүй, хэдий сургуультай ямар ч холбоогүй ч гэсэн харамсалтай зүйл” гэв.
Хэсокаки тэргүүтэй манай ангийн 45 хүүхдээс энэ хотод амьдарч байгаа нь архи, гутал, бичиг хэрэглэлийн дэлгүүрийн гуравхан хүн, бусад нь цөм өөр хотод амьдарч байгаа байх.
Авга ахтай Очаномизүгийн буудал дээр саллаа. Тасалбар авч, хаалгаар орсон авга ах хүмүүсийн хөлөөс зайлж, намайг дуудсанаа дотор халааснаасаа нэг цагаан дугтуй гаргаж ирээд “мартчихаж” гээд өгөв. Том хүнийг хуурч болох ч хүүхдийг хуурч болохгүй, амьдрал гэдэг чинь өөрөө бяцхан заль мэх гэж хэллээ. “Бүгд л дор бүрнээ тийм юм хийгээд л амьдарч чадаж байна шүү дээ. Өнөөдөр сайхан байлаа, харамсах юм алга, гэхдээ би дахиад 100 жил амьдармаар байна. Ингэхэд би яаж харих билээ? Мэдэж байна аа, зүгээр л янзы чинь үзмээр санагдаад. Токио буудал дээр өөр галт тэргэнд шилжиж суунаа. Нэбүкава сайхан газар, буудлын тавцан дээр нь далайн давалгаа сонсогдоод л. Сүна чан ирж салхинд гараарай” гэлээ.
Тасалбарын автомат машины сүүдэрт нуугдаад өнөөх нимгэхэн дугтуйг задлаж үзэв. Цавуугаар сайн гэгч нь наачихсан, онгойлгох гэж овоо удлаа. Дотроос нь захиа, тэгээд мөнгө гарч ирэв. Бийрээр уран гэгч нь бичсэн захиа, гар зүсэм 10 мянган иэний дэвсгэрт таван ширхэг байлаа.
“Кандагаар хамт алхая, олон жил очсонгүй. Уулзаж чадах уу?”
Кандад олон жил ирээгүй гэж байгаа юм уу, надтай олон жил уулзаагүй гэж байгаа юм уу авга ах ойлгоход бэрх юм утсаар ярьж билээ.
Дахиад л даваанаас буулаа.
Зовж зүдэрсэн амьдрал мэдэхгүй болохоор авга ах ингэж мөнгө тараадаг зуршилтай юм байх даа. Надад инээмсэглэл, мөнгө өгнө гэдэг... Тэгсэн мөртлөө тооцоо хийх гэхээр мөнгө байхгүй гээд... Ийнхүү бухимдаж, уушны газар луу яарсан ч Сүрүгадайгаас Күданзакаг дайраад гүйчихдэг байсан залуу цагийн хүч алга болжээ.
Уушны газар хүртэл 20 гаруй минут явж очтол хаяг нь салхинд дэрвэн, гэрэлтэй үзэгдэнэ. Шагайж хартал зөөгч бүсгүй “Тавтай морил... Аа та юу, ямар сайн юм бэ. Таныг хүлээж байлаа” гэж бөхөлзөн цааш орлоо.
“Энэ тантай хамт явж байсан хүний мартсан юм. Аа уучлаарай, аав чинь байсан уу?” Толгой сэгсэрвэл “Гэсэн ч сайн юм боллоо. Юмаа мартсаныг нь та мэдсэн нь ямар сайн юм бэ?” гээд инээмсэглэлээ. Авга ах малгайгаа ширээн доор тавьсан байсан гэнэ. Согтсон байсныг хэлэх үү, мөнгөнд санаа зовсоор авга ахыг малгайтай ирснийг ч таг мартаж. Малгайг авахад бүсгүй “Гарч явахад нь уг нь хэлсэн бол. Би мартаж орхиж” гэж уучлал эрж байна. “Зүгээр зүгээр, би ч гэсэн санах ёстой байлаа” гээд инээн дугтуйгаа гаргаж, “тооцоо хэд билээ” гэхэд “тооцоо хийчихсэн шүү дээ” гэдэг юм байна. Малгайг углаад халаасан сакэ, шош захиалав.
Маргааш нь нэлээн шартчихсан, өглөөг угтлаа. Халуун гэж учир алга. Шүдэнд наалдсан шошны үлдэгдлийг хэлээрээ гаргаж байтал ходоодноос гашуун шингэн ялгарахаар нь бие засах газар зүглэв. Гэрэл асаангуут нүдний буланд хананд хадсан хуанлийн араар жоом үзэгдэхэд тэр дороо бөөлжлөө. Олигтой юм ч гарсангүй, шар шингэнээр огиулаад ч дотор засарсангүй. Усаа татаад суултуур дээр суулаа. Хагас жил өвдөж байгаа баруун хавирга хөндүүрлэх нь улам шаналгаатай болчихсон юм уу даа. Элэг дүлий эрхтэн учраас юу ч мэдэгдэхгүй гэж санаж явсан ч элэг маань задарч, ходоод цусаар дүүрч байгаа юм биш биз дээ гэхээс дотор харанхуйлав. Бараг өдөр бүр ууж байгаа ч хэтрүүлсний дараа зүсэн зүйлийн бодол толгойд эргэлдэнэ. Амьдралаа эхнээс нь эхлэх, ажил төрөл хийж, архи уухаа болих, эхнэртэйгээ буцаж нийлэх, биеэ бодох хэрэгтэй гээд л. Шөнийн зүүд ч, өглөө санадаг зүүдэнд ч хэрэгтэй юм гэж байхгүй. Зүүдэндээ авга ах болж хувирсан би Нанако сантай хамт театрт кино үзэж, хөнжил дотроо тэврэлдэж байна гэж зүүдлэх, дэлгэцэнд ээжийн аньсан нүд, атгасан гар үзэгдэх, тэрий нь хараад миний сэрэл хөдлөх. Энэ ч арай хэтэрнэ ээ гэж хэлтэл зүүд өөрчлөгдөн авга ах, ээж хоёр гэрт байх, ширээн дээр шилэн тавганд дөрвөн ширхэг мөхөөлдөс байх. Цай ч саяхан буцалсан бололтой халуунаараа. Авга ах, ээж хоёр уур савсах халуун цай, мөхөөлдөс идэнгээ хүүрнэн сууна.
... “Хайлаагүй байхад нь идсэн нь дээр юм байна”.
Би хэлсэн үү, авга ах хэлсэн үү ойлгосонгүй.
...Түрүүн Коосүкэ дэлгүүрээс хулгай хийж, бөөн юм болох үед идээгүй орхисон мөхөөлдөс гээд ээж инээмэр аядах царай гаргах юм.
...Чи нөгөө хувингийн ёроолын яриаг Чий ахад хэлсэн үү?
Ээж инээгээд авга ахыг харав.
...Амсар байж гэмээнэ ёроол байдаг. Байхгүй бол ямар ч юм хийж болохгүй, хийх юм байхгүй гэсэн үг. Сонсож байгаа, үгүйг мэдэхгүй ээж инээд алдах ажээ.
...Чий ах ч үнэхээр ойлгохгүй байх даа. Ямар нэг юм хэл дээ гээд миний ард байгаа аав руу яриаг чиглүүллээ. Аав чихэнд минь шивнэхэд би аавын хэлсэн ёсоор амаа хөдөлгөнө.
...Хувингийн ёроол үгүй бол ус хийж чадахгүй. Ёроолтой бол ус байгаа гэсэн үг. Ёроол нь аливаа юмыг тогтоож, амсар нь хэлбэр хийцийг бүтээх тул байхгүй юмыг ч байлгаж чадна. Ээж хөхөрнө. Авга ах байн байн толгой дохин давтан хэллээ. “Өөрөөр хэлбэл байхгүй зүйл гэдэг бол хэрэв бид амсар, ёроолыг нь хийгээд өгчихвөл байхгүй зүйлийг ч байлгаж чадна. Хэрэв тэр байхгүй зүйл нь ус гэвэл ус болоод, гар, алчуур ч байж болно гэсэн үг Нанако сан”.
Үүний дараа хаашаа явбал хувингийн ёроол олдох бол, ямар үнэтэй вэ гэж ээжийг асуух байх гэж төсөөлөн хүлээсэн ч ээжийн оронд салсан эхнэр маань гарч ирээд цай хийж, бас л инээх аядах царай гаргах. Аав нурууг минь түлхэнгээ шивнэв. “Хөөе Коосүкэ азын мөхөөлдөс таарлаа. Ахиад гурван мөхөөлдөс. Фүжия ороод аваад ир. Дахиж хулгай хийв дээ. Томчуудын урмыг хугалаад юу хийнэ”.
Бие засах газрын суултуураас өндийж, арай ядан бөндгөрөө өргөв. Амаа усаар зайлж, нүүрээ угаан, сахлаа хуслаа. Дараа нь өдрийн төлөвлөгөө гаргалаа. Юуны өмнө ажил олдож магадгүй газар луу утасдана. Ажил байвал ажлын уулзалтанд очно. Хөлсний ажлын цалин гэдэг бараг хийсэн ажлаа мартсан хойно л банкинд орж ирдэг. Өөрөөр хэлбэл гурван сарын өмнө хийсэн ажлынхаа хөлсөөр одоо хоол идэж байгаа ч сүүлийн хоёр сар огт ажил хийгээгүй. Ингэхээр дөрөв, таван сарын дараа оны сүүл, шинэ жилээр яах болж байна.
Маргаашийн төлөө санаа зовлоо гээд өнөөдөр ямар нэг юм болно гэсэн үг биш. Ажилд орохын өмнө усанд оръё. Толгойдоо үлдсэн цөөхөн хэдэн үсээ их л нандигнан угаалаа. Ажил олдохгүй бол архи ууна. Шош, будаа хөргөгчинд дүүрэн байгаа, архи нэг шилийг авчихвал нэг өдрийг өнгөрөөчихнө. Утасдаж үзсэн ч гар бичмэлийн захиалга, засвар, хуурцагнаас юм буулгаж шивэх ажил ч байсангүй. Ажлын төлөвлөгөө хоёр гурвыг илгээ гэсэн хүсэлт байсан ч илгээсэн дор мөнгө орж ирэхгүй. Гар бичмэлийн засварын ажил яаж ийгээд хийгээд байдаг ч алдаа маш ихтэй болохоор сүүлийн үед нүд өвдөөд эхэлсэн. Анх очихдоо өөрийгөө мэргэжлийн хүн гэж хэлж байсан ч гэрээ хэлэлцээрийн 90 минутын бичлэгийг цаасанд буулгах гэж бүтэн долоо хоног болоход худлаа ярьж байсан маань дороо баригдана. Баригдах дөхөөд ирэхээр зугтаж, дахиад өөр газар, итгэж магадгүй танилуудаараа дамжуулан дахиад л өөрийгөө борлуулна. Хямд, хурдан, шударга, авьяаслаг гэсэн байнгын улиг домог болсон зүйлээ ярин, тэр газраасаа мөнгө салгана. Энэ хэдийгээ л байнга давтаж байдаг болохоор авга ахын хэлдэг шиг залилан гэхээс өөр яах билээ.
Гал тогоонд архиа онгойлголоо. Хөнжилдөө шургаад ууж эхлэв. Асгавал хайран юм гэж дөнгөж бодонгуут дэрэн дээр архиа асгачихлаа. Дэрний тэнд тавьсан авга ахын малгайгаар архиа арчив. Ингэхэд 50 мянган иэнээ яах вэ. Хөнжил дотроосоо шинэ дэвсгэртүүдээ гаргаж ирээд зэргэцүүлэн тавьлаа. Архи авдымуу. Нэг шил нь 680 иэн болохоор хэдэн шилийг авах бол. Гал тогоондоо архиа эгнүүлээд тавих уу. Тэгвэл сайхан ч харагдана, сэтгэл амар ч арай л биш юмаа. Яаж ч бодсон, архи бэлэн байвал хамаа намаагүй ууж таарна. Байхын хэрээр ууна, мөнгий нь буцааж өгье гэж би шийдэв. Гэхдээ дугтуйнд дан мөнгө хийх нь эвгүй тул захиа бичихээр боллоо. Архи ходоодонд орсон ч хоромхон ч гэсэн эрүүл болсон болохоор тэр үү, хажуулдан хэвтээд цаас гаргав. Хэвтээгээр архи уух ч, захиа бичих ч хэцүү юм байна. Хөнжлөө хажуу тийш нь зайчлаад ширээгээ өрөөний голд авчраад завилан суулаа.
Өчигдөр... гэж бичээд үзгээ тавьлаа. Яагаад гэхээр их амархан юман дээр гацсан юм. Гэхдээ мөнгийг буцаах шалтаг бол биш. Шалтаг гэвэл зөндөө. Мөнгө аваад байх насны хүүхэд биш, харин ч би мөнгө өгч, та авах нас болжээ, азаар мөнгөнд зовоогүй байна гэх мэт. Гацсан юм маань авга ахыг хэн гэж дуудах вэ гэдэгт байлаа.Авга ах гэх үү, өвөө гэх үү, эсвэл нэрийг нь бичих үү. Авга ахын нэр нь Юкио ч, нэрийг нь бичихээр зүгээр нэг хаа хамаагүй, хөндлөнгийн хүн шиг нэг л биш, авга ах гэхээр ханз, дуудлага нь ч нэг л болохгүй... Арга ядаад нэрийг нь орхихоор боллоо.
“Саяхан санаандгүй ч гэлээ хамтдаа зугаатай сайхнаар цагийг өнгөрөөн суусанд баярлалаа. Танаас авсан зүйл одоогийн миний хувьд хэтэрхий ахдана. Авсан зүйлээ буцаах нь муухай ч...”
Энэ мөнгийг авахгүй ээ гэж авга ахад хэлэх амархан ч дугтуйг онгойлгосон үеийн толгой эргэм сэтгэл догдлол, мэдрэмж, баяр хөөрийг үгээр илэрхийлэх аргагүй.
“Хэдий эвгүй ч гэсэн би энэ мөнгийг авч чадахгүй”.
Ингэж бичээд захиагаа харан суув. Арай л хөндий хүйтэн болчихсон шиг. Залгаад өөрийн байгаа байдлаа бичээд төгсгөлд нь мөнгөний талаар бичвэл дээр гэж бодлоо. Өөрөөр бол эхлээд эхнэрээсээ салснаа бичээд санаа тавьсанд үнэхээр баярламаар байгаа ч юуны өмнө мөнгийг буцаалаа гэж бичвэл авга ах эхнэрээс салсан явдалд бага ч гэсэн анхаарал нь хандах байх. Энэ хооронд нь 50 мянган иэнээ биччихье. Ингээд болно доо.
Эхнэрээс салсан маань борооны улирал дуусах үе. Эхнэр ажилдаа явсны дараа телевизийн өглөөний шоу үзчихээд би нүүр гараа угаан, хувцас хунараа солиод 11 цаг хагаст раамэн гэх гоймонтой шөлний гуанзанд очно. Хоол бүтэн орцоор захиалж, сакэ нэгийг уугаад харьж, өдрийн унтлагаа хийгээд байж байтал эхнэр ирдэг юм. Өдөр бүр л яг ийм дараалалтай, заримдаа оройн хоол хийгээд хүлээж, хувцсаа угааж, угаалгын онгоцоо цэвэрлэн, шүдээ угаадаг байсан ч өдрийн тогтсон дэглэмд бүр уйдаж гүйцээд байлаа. Идэх унтахаас өөр бараг юм хийхгүй байсаар цаг хугацаа өнгөрч, ажилгүйдлийн даатгал дуусах үед дүүргийн захиргаанаас салах өргөдөл авчирч сонгино хэрчиж байсан эхнэртээ өгтөл эхнэр тэр цаасыг хараад барьж байсан хутгаа тавьж, сонгиныхоо ишийг хогийн саванд тайван хаяад үлдсэнийг нь хэрчин, усанд угаалаа. Хутганы ирэн дээр усны дусал урсах нь харагдахад ”энэ чинь Китамүра Тарогийн шүлэг биш үү, өглөөний нар биш өрнийн нар туссан гал тогооны өрөө, энэ чинь ямар шүлэг билээ” гэж эхнэртээ хэлээд санах гэж оролдож байтал тэр ямар нэг юм хэллээ. Усны чимээ чихэнд минь байсаар байсан би сонсох гэж амаа ангайлгатал энэ удаад гоожуураа хаагаад хэллээ. Хэлэх үг нь манай умгар гал тогооны өрөөнөөс халин гарч, хаа хүртэл цуурайтах юм бол оо. Хамар доорх хажуу айлын ханыг нэвтлэн гарч хаа нэгтээ замын мухарт хүрээд замхран алга болох болов уу хэмээн бодож суулаа. Энэ хооронд эхнэр хутгаа арчаад далд хийж, салах өргөдлөө барьж байсан миний гарыг татан, нөгөө өрөө лүү явлаа. Жижиг ширээний дэргэд зогсон, толины шургуулганаас нэгэн бичиг гаргав. Минийхтэй адилхан цаас ч ялгаатай нь дарах ёстой тамга, бичих ёстой нэр бүгд байсан. Эхнэрийн талын батлан даагчийн нэр ч байна. Үүн дээр сар өдрөө бичээд нөхөр, батлан даагч нь гарын үсэг зурж, тамгаа дарахад л болчихно.
...Хар багаасаа л нөхөрлөсөн найз биш билүү, нэгэн халуун усны газарт орж, адилхан л тэнд шээж, унгаж байсан ч юм билүү, бид хоёр. Уран зургаар чимсэн Николай сүмийн сандал дээр шүгэл үлээн хамтдаа суугаагүй гэж үү, хайрт минь миний мөрөн дээр толгойгоо тавин дэрлээд унт даа гэсэн шүлгэнд хамтдаа уярч байсан биз дээ. Гялалзах өвдөг, нарийхан бэлхүүс, цээж бие, хүзүүг нь би дурсан санаж, өөрөө эхлээд салах өргөдөл гаргаагүй байсансан бол намайг битгий орхиоч гэж гуйх шахсан боловч хэдийнээ оройтжээ. Одоо нэгэнт өнгөрсөн хойно номын санд ном буцаан өгсний дараа хажуудах дүүргийн захиргааны гуанзанд орж, раамэн шөл 600 иэн гэхээр нь болиод тэр чигээрээ харихаас уур хүрээд салах өргөдөл зүгээр байж байхаар нь санамсаргүй аваад ирсэн гэж үнэнээ хэлэлтэй биш. Эхнэрийнхээ ам нээхийг хүлээлээ. Эхлээд тэр салах гэж шийдсэн, ямар ч гэсэн салах гэж байсан байна. Миний хувьд ямар нэг совин төрөн, салсан ч яахав гэсэн бодол байсан ч салахгүй байх гэсэн найдвар бас байсан юм. Компаниас гарч, ажилгүй байгаа минь салах шалтгаан уу гэж асуухад эхнэр ямар ч шалтгаан байхгүй гэж хариуллаа. Ямар шалтгаан байна гэж асуух байх гэж бодоод дотроо зөндөө бодсон ч сэтгэлдээ таарсан шалтгаан олоогүй гэж хэллээ. Би ямар ч гэсэн шалтгаан байгаа хэл гэж шавдуулахад, эхнэр “шалтгаан байхгүй” гэхийн оронд “ямар шалтгаан байгаагаа ойлгохгүй байгаа, яагаад шалтгаан байхгүй байгаагаа ч бас ойлгохгүй байна” гэлээ. Хэсэг байзнасны дараа гэрээс гарч, үлдсэн жаахан мөнгөө эхнэртэйгээ хуваан авлаа. Яагаад салсан талаараа баахан бодсон ч толгой эргэж эхэллээ. Анхны уулзалт, салалт, хамтын амьдрал энэ бүхэн бид босгосон биш угаасаа байсан зүйл ч байж болох. Эхнэр бид хоёр түүнд нь санамсаргүй татагдсан байж мэдэх.
Эцэст нь захиагаа ч бичсэнгүй, архиа ууж эхэллээ. Оройхон бороо орох чимээ гаран, хаа нэгтэй цахилгаан цахина. Будаа жигнэн, шошоо халаалаа. Будаа болохыг хүлээгээд хэвтэж байтал нэг мэдэхэд өглөө болчихжээ. Шошин дээр шавсан ялааг үргээж байтал ажлын гурван ч дуудлага ирсэн байв. “Пирамидын чадлаар хийсэн шидэт ус, халзралтаас хорт хавдар хүртэл ямар ч өвчнийг анагаана”, “Хэн ч чадах хялбар ид шид, сэтгэл зүйн судалгаагаар өөрийгөө нээх, өөрийгөө олох”, “Таны хүүхдийг од болгоно, энэ ганц номоор л танай хүүхэд од болно” гэсэн гурван номын эхийг буулгах ажил. Нийт хөлс нь 200 мянган иэн. Үүний 100 мянга нь жилийн эцэст орно. Аз жаргалтай боллоо. Бие засах газар огиод, будаагаа хөргөгчинд хийж, шошоо хогийн уутанд хаяад дахин архи уулаа. Шуудангаар ирсэн гурван номын эх аль аль нь гараар бичсэн бөгөөд дискээр өгөх ёстой байв. Яаралтай гэсэн пирамидын чадлаас эхэллээ. Япон хэл гэхэд хэцүү гэж редактор хэлж байсан ч үг, үгүүлбэр нь үнэхээр авах юмгүй юм. Тэр чигээр нь биччихвэл миний япон хэл ч хачин болчих шинжтэй. Үг үсгийг сайн харан, үгүүлбэрийн утгыг хайн бичиж эхэллээ. Халзралт, хорт хавдрыг хэрхэн эдгээх нь яаж ч уншсан ойлгомжгүй байх аж. Пирамидын чадлын тухай материал хамт байсан ч 400 үсэгтэй танилцуулга төдий, хэрэг болох юм ч алга. “Танай шат чинь яасан аймаар юм бэ. Унаж үхмээр юм” гэж анхааруулсан сонины хүний зөвлөгөөг даган шатны бариулыг барилгүй доош буулаа. Замаараа дэлгүүр орж, сэндвич, пиав нэг шилийг авав. Номын санд очтол “хаалттай” гэсэн зарлал хадаастай байна. Ээж хүү хоёрын барималтай, урдтаа нь байх цэцэрлэгт очиж, гутлаа дэрлэн хэвтлээ. Тагтаа болжморын чимээ сонсон, шоргоолж ялаа барьж байгааг ажиглан хэвтэж байтал эмэгтэй хүний гутал нарны шүхрийн сүүдэртэй дөхөж ирлээ. Өндийн бостол тэр эмэгтэй барьж ирсэн юмаа шоргоолжны тэнд тавьлаа.
... Уучлаарай.
... Зүгээр гээд би сандал дээр эгцлэн суув.
... Уучлаарай. Гэхдээ суухаар өвдөг өвддөг юм.
...За.
...Гэнэт юм хэлж байгаад уучлаарай. Би нүүх болоод.
... За тэгээд.
... Энд удаан амьдарсан ч хүү маань нүүнэ гээд.
... Хаашаа?
... Кюүшюү.
...Дулаахан газар байна. Өвөл ч сайхан даа.
...Харин тэгэж байна лээ.
...Хүү чинь үү?
...Тиймээ, Мияазакигийн уул биш, дулаахан газар гэж хүү хэлсэн.
... Сайхан хэрэг байна.
...Хүү маань хамт байя гээд байгаа юм. Гэнэт огт танихгүй хүнд ийм юм ярьсанд уучлаарай. Дургүйцэхгүй бол үүнийг аваач гэж гуйх гэсэн юм. Ганцаараа идэж барахгүй их будаа авчихсан чинь дуусдаггүй ээ. Хаяад нүүлтэй биш.
... Хайран юм.
...Тэгээд шувуунд өгдөг юм билүү гээд гэрээсээ аваад гарсан юм. Хоёр гурав хоног өглөө, дуусдаггүй ээ.
... Хүнд байсан биз дээ, ...хэзээ нүүх нь вэ?
... Маргааш юмуу нөгөөдөр. ...Та аваач.
Би будааг авлаа. Тэгээд та үүнийг ав, хүйтэн байгаа гээд пиав өглөө. Эмэгтэйг явангуут будаанаас жаахныг цацлаа.
Токио буудалд Токайдо шугамын галт тэрэг зогсож байна. Нэбүкава явъя гэж бодсон маань ажлаа дуусгасны дараах явдал. Намайг очих цагаа хэлэхэд авга ах баяртай нь аргагүй “Сүна чан, есдүгээр сар болж байгаа гэхэд энд их халуун байгаа шүү. Галт тэрэгний зүүн эгнээнд суувал наашаа ирэх замд далай харагдана. Болгоомжтой яваад ирээрэй” гэж захьсан юм. Мөнгө, малгай, архи, шүлгийн ном чихсэн цүнхээ бариад сул суудал хайв. Шар малгайтай бага ангийн хүүхдүүд, зангиагаа засах эрчүүд гээд л. Зуны амралт дуусаж байгаа үе болохоор эхнийхээс эцсийн богоон хүртэл галт тэрэг пиг хүнтэй. Сууж болохоор зай завсар байсан ч шахалдан суух нь дурлах юм биш тул суусангүй.
Галт тэрэгний хаалганы хүнгүй зайнд очоод тухлав. Дотуур өмднөөс гарсан хөлс өмд нэвтэлжээ. Гутлаа тайлж дороо дэвсээд суув. Цамцны энгэр цээжээр салхи сэвэлзээд л. Алхаж байхад онгойсон өмдний цахилгаанаа татаж байтал гэнэт харанхуйлахаар нь харвал хонгил замаар явж байна. Харцаа буулган доошоо хартал хөлний дэргэд залуухан эмэгтэй зогсож байгаа нь мэдрэгдэн удалгүй хонгил зам ч дууслаа. Охин бид хоёрын хөлийн хуруу бага зэрэг шүргэлцэхэд тэр миний өмдний цахилгаан руу заан “Заваан амьтан” гэж зүхэв. “ Заваандаа чамд ямар гэм хийчээв?” гэхэд “Өөрөөсөө өөр оролдох хүнгүй байж” гэхээр нь толгойгоо сэгсрэн дуугаа хураалаа. Галт тэргэнд бужигнах тоос, бохь зажлах чимээг тоохоо больж, архиа гаргаж уулаа. Архи дуусах нь уу даа гэх мөчид Нэбүкавад ирэх нь тэр. Бараг дуусаж байгаа архиа далд хийгээд галт тэрэгнээс буулаа. Буудлаас гартал авга ах тосохоор ирсэн байв.
Авга ах нэг гараа өргөн мэндлээд “харсан уу” гэж асуулаа. Далайг нь хараарай гэсэн зааврыг биелүүлээгүй ч “сайхан байсан” гээд залчихав. Буцахдаа хараад бас дараа ирэхдээ харвал болчихно. Авга ах “суудалд сууж ирсэн үү” гэж асуулаа. Намайг толгой дохиход инээснээ малгайгаа өргөн алчуур гаргаж, хөлсөө арчлаа. “Хүрээд ирдэг чинь яамай даа. Өлсөж байна уу?” гэхэд нь “Өлсөөгүй ээ” гэхэд амнаас маань авга ах харцаа шилжүүлэн “Чи ч бас татчихаа юу? Ийм өдөр балгах ч сайхан шүү. Энэ жил сайхан байна аа”
Шартчихсан авга ах, нэлээд халчихсан би, хоёулаа уулын замаар өгсөн гэр лүү нь хөдлөв. Далайн давалгаа ч үл сонстоно, үнэр ч үл гарна. Нарны гэрэл ч тэнгэрээс буугаа юу гэлтэй эндхийн нутагт уусан шингэсэн мэт, хурц ч биш... Миний сүүдэр авга ахын сүүдэртэй хамт алхаж явна. Голио дуугарч байснаа чимээгүй болоод дахин хөг нэмэн дуугарч эхэллээ. Бага багаар газар хороож явтал ой мод өтгөрч ирлээ.
“Амсхийх үү?” гээд зам дээрх чулуун дээр авга ах сандайлав. Би хажууд нь суулаа. Хүрэмнийхээ халааснаас авга ах архи гарган онгойлголоо. Түрүүлж ам хүргэж болох юм болов уу хэмээн гартаа барин сууж байтал авга ах дахиад нэгийг гаргав. Архи уунгаа далайн тухай ярих гэсэн боловч үг орж ирсэнгүй чимээгүй боллоо. “Далай хараагүй удсан байна шүү”. “Одоо дэмий юм ярьж болох уу Сүна чан?” гээд авга ах архиа ууж дуусгаад зөөлөн ханиалаа. “Хөөх, согтсон юм болов уу, архи дуусаж байна уу. Би ямар нэг юм хэлэх гэсэн үү. Архи ч багадахаар байна шүү. За яахав жаахан яваад зүүн тийш эргэвэл манай гэр байгаа. Болсон бол явах уу даа” гэлээ.
Уулын оройд гартал замын яг голд баас байх нь тэр. Хүнийх юм уу нохой, муурных уу гэдэг нь мэдэгдэхгүй ч шинэхэн бололтой. Авга ах дээгүүр нь алхан гарахад би ч дээгүүр нь алхлаа. Дээврийг нь мод бүрхсэн нэг давхар байшин үзэгдлээ. Байшингийн хананы энд тэнд нь цагаан шавраар шавжээ. Хаалга хагас хаалттай байсан ч саяхан засвар хийсэн юм даг уу даа.
Авга ах хаалгаа онгойлгоод “Ирсэн шүү. Сүна чан ирсэн шүү” гэж хэлэв. Ороод зүүн талд гал тогоо, баруун талд хаалга, тэгээд татамитай өрөө байна. Хэн байгаа юм бол гээд авга ахын хажуугаар харлаа. Хэн бол? Баярлах сэтгэл төрөөд хөлийн чимээ гарахыг хүлээж байтал нохой гараад ирлээ. Ойртож ирсэн нохойг авга ах тэврэн надад ойртуулав. Саарал урт үстэй нохой байна. Нохойны хоншоорт хамраа хүргэвэл сайхан ч гэсэн архи нилхийн үнэртэх аж. Миний амнаас үнэртэж байгаа юм болов уу гээд шалгатал зүгээр байлаа. Нохойг газар буулгатал нохой зогисууллаа. Авга ах хөлний минь хажууд нүдээ анин суугаа нохойны нурууг илээд “Энэ ч гэсэн шартчихаад байгаа юм. Гэхдээ бааснаас нь харахад бөөлжөөгүй юм шиг байна, Сүна чан”.
Яагаад нохой тэжээх болов, ямар нэртэй нохой вэ хэмээн асуутал “Золбин нохой, нэрийг нь мэдэхгүй, нохойны баас байсан газарт яс тавьтал хүрээд ирсэн. Хоёр ч зун өнгөрчихлөө. Ууж байсан пиавнаасаа өгөөд үзтэл ийм болчихсон юм”.
Авга ах гал тогоонд ороод “Пиав уу, сакэ юу? Ер нь аль алиныг нь ууя. Уухаасаа өмнө халуун усанд орох уу? Юу ч гэсэн энүүгээр хөлсөө арч”. Авга ахын өгсөн алчуураар хөлсөө арчиж, нэрий нь мэдэхгүй нохойноос хөлөө салгаад гутлаа тайллаа. Нохой гутал руу хоншоороо шургуулан хөлчүүрэгч аятай амьсгалан нүдээ аньлаа. Өрөөнд архи, пиав өрөөстэй. Цаана нь хоёр дэвсгэр байх аж. Зам дээр сүүдэр буун, ойгоос сэрүүн салхи үлээнэ. Сайхан салхи байна шүү гэж зэрэг хэллээ.
Би авга ахад мэхийн дахин ёслотол авга ах бас мэхийгээд хоёул суулаа. Дугтуйг гарган өгтөл авга ах доторх мөнгийг удаан гэгч нь тооллоо. “Энэ чинь яасан их мөнгө вэ. 10 мянгын дэвсгэрт их байна шүү дээ. Сүна чан энэ юун мөнгө вэ?” “Дээр танаас авсан шүү дээ. Хэтэрхий их мөнгө болохоор, тэгээд ч би мөнгө аваад байхаар залуу хүн биш. Тэгэхээр нь буцаагаад аваад ирлээ. Бас энийг” гээд малгайг гаргаж өглөө. “Энэ чинь танил малгай байх чинь. Яагаад чамд байдаг билээ?” Би Кандад хамт явснаа ярьлаа. Авга ах толгой дохин сонсож байсан ч хамтдаа архи уусан, гадуур алхсан, Очаномизү буудалд очсон, мөнгө өгсөн бүгдийг нь мартчихсан байв. Үнэхээр мартаж уу, эсвэл заримыг нь санаж байна уу, тавлаад байгаа юм уу гэж бодоод авга ахын нүдийг ажиглатал ер юм мэдэгдсэнгүй. Хэрэв тавлаж байвал үнэхээр сайн жүжиглэж байна гэсэн үг. Мөнгө, малгай хоёр байгаагүйсэн бол хоёр сарын өмнө хамт явсандаа би ч эргэлзэхээр байв.
“Тэр чинь хэцүү юм болж дээ” хэмээн инээн пиав шимж байснаа “Уучлаарай базаахгүй юм болж. Санаж байсан бол сайхан байх байсан. Яагаад тийм юм хийсэн юм бол. Сүна чантайгаа инээлдэж ярилцмаар санагдсан юм бол уу даа”.
Зөнөсөн өвгөн уулын оройд хэнд ч анзаарагдахгүй ганцаараа амьсгаа хураана. Нохой ч гэсэн. Хавар болж, зун өнгөрөөд, намар, өвөл болоод шинэ жил болно. Шинэ жилээр би уул даван хүрч ирээд олно. Иймэрхүү юм бодож байтал нохой авга ахын өвдөгний дэргэд суулаа. Авга ах алган дээрээ пиав асган ойртуулахад нохой долоон өөдөөс нь согтуу нүдээр ширтэнэ. Авга ах таваг гаргаж, пиав хийхэд нохой босон толгойгоо шургууллаа.
Би авга ахаас хөршүүдтэйгээ хэр ойртож нөхөрлөдгийг асуулаа. Уулын мухарт байдаг хүнтэй харьцаатай байдаг, хорооноос ч хүн байн байн ирж, байдлыг шалгадаг гэж авга ах хариуллаа. “Үхчихвэл нэг өдөр ч өнгөрөөгүй байхад л олдоно. Сүна чан, хөршүүдтэйгээ холбоотой юу?”
“Холбоогүй гэнээ, за яахав тэгсэн ч эхнэртэй болохоор зүгээр дээ”. “Эхнэргүй” гэж хэлэх гэснээ болиод толгой дохилоо.
“Нас ахихаар, унтахдаа үхье гэж бодовч өглөө босохоор амьдрахсан гэж боддог болдог. Бие махбодтой адилхан сэтгэлийн хүч ч барагдаж байна.Сүна чан, чи тэгэж байна уу?”.
Би толгой дохилоо. “Үхэх зориг биш, амьдрах айдас бидэнд хэрэгтэй. Утгыг нь сайн ойлгохгүй ч сүүлийн үед би ингэж хэлдэг болоод байгаа”.
Сакэ ууя гэж бодоод гараа сунгатал авга ах “байн байн явах нь ядаргаатай юм” гээд гал тогооноос том шилтэй архи авчирлаа. Авга ах ч, нохой ч сэтгэл нь ханасан янзтай. Би ч тэр хоёртой адилхан чимээгүй уулаа. Авга ах гэнэт босон явснаа их сургуулийн дэвтэр бариад ирэв.
Хавтсан дээр нь аавын нэр бичээстэй. Цаас нь шарлаж, урагдах шахжээ. “Чий саны өдрийн тэмдэглэл. Чамд өгье. Надад байгааг мартчихсан болохоор удаачихлаа. Яагаад надад байгааг ч мартаж”.
Үнэхээр гурван өдрийн тэмдэглэл байлаа. Он сарыг нь харвал намайг төрөхөөс нэг жилийн өмнөх дэвтэр ажээ. Цаг агаар, ажилд явсан, гэртээ харьсан цаг, ажлын байдал зэргийг бичсэний дараа цалин буух, эхнэрт өгөх, мах, өндөг удсаны эцэст идлээ, дайны зүүд, хар дарсан хөлс гэж бичжээ. Тэгээд хоосон хуудас баахан явж байснаа нэг богино шүлэг байна.
Авга ах хажуугаар орж ирэн уншлаа. “Энийг Чий ах Нанако санд бичсэн байх” гэв. Шүлгийн төгсгөлд өмнөхтэй адилхан хөх харандаагаар биш балаар сараачжээ.
“Ямар ч байсан бүх юм одоо эхэлнэ, өнгөрснийг битгий ярь.
Тэнд юу хийж байснаа битгий март, тэрнээс өөр арга байхгүй.
Өнгөрсөн хүмүүсийн үхлийг битгий харлуул, амьдрах явдлаар амьдралыг сүйтгэж болохгүй” гэснээ “гэвч” гээд төгсчээ. Яагаад “гэвч” гэж. Ард нь ямар үг орох ёстой вэ. Уучлал гуйсан үг болов уу, ямар ч боломжгүй гэж байгаа юм болов уу. Дэвтрийг хаагаад авга ахын аяганд пиав хийлээ. Хөөс нь аяганаас сагана. Арчсан алчуураа урдах цэцэрлэгт мушгилаа. Чулуун дээр голионы хальс харагдана.
“Пиав боллоо, одоо архи ууна аа. Үлдсэн нь чинийх шүү” хэмээн авга ах тал нь үлдсэн пиавыг тавганд хийсэнгүй, том саванд хийж өгөхөд нохой ч ойртож ирээд долоож эхэллээ.
“Гэвч гэж төгсөнө гэжүү” би дуугарав. “Гэвч хэрэггүй биз дээ. Дараа нь үг илүү биз дээ”. Авга ах аяганд архи нэмэв. “Өөд болсон хүнтэй маргалтай биш. Ер нь амьдралд “гэвч” гэж хэлмээр хүн зөндөө л байдаг. Илүү л гэнэ, илүү байгаа болохоор болж байгаа юм биш үү” гэж хэлээд надаас дэвтрийг авч дахин дэлгэлээ. Нохой байраа солиод хэвтчихэв.
“Нээрээ гэнэт саналаа. Шал хамаагүй зүйл ч гэсэн, түрүүн хэлэх гэж байгаад мартчихаж”.
“Юу?”
“Дөрвүүлээ агаарт алхах сан гэж бодож байлаа. Далайд сэлж, биеэ шараад л. Цагаан буурал үстэй халзан хөгшчүүл зугаацаад л. Нар жаргаж эхлэнгүүт гэртээ харина. Аврах цагаригны хийг нь гаргалгүй ээлжилж мөрөн дээрээ тавиад л. Тэгэж байгаагүй ч гэсэн болсон явдал шиг л санагдаж байна. Бодонгуут л сэтгэл сайхан болж байна шүү”.
Авга ахын догдлол надад халдаж ирлээ. “Өнөө орой юу идэх вэ, юу идмээр байна гээд л. Алхангаа ярилцаад л. Гэхдээ би ч мартаж орхидог хүн шүү дээ Сүна чан” гээд авга ах дэвтрийг хаалаа.
“Юуны өмнө энэ дэвтэр, тэгээд мөнгийг цүнхэндээ хий. Харин малгайгаа би авъя. Одоо бол өнөөдөр, өнөөдөр бол одоо шүү дээ. Санаа зовох хэрэггүй. Хөргөгчинд сашими байгаа. Чи далайн арваалжинд дуртай байсан хэвээрээ юү? Архи ч байгаа” гэв.
Нэг идэх юм авч ирье. Гал тогооны өрөөнд орлоо. Цаг хугацааны эхлэл төгсгөл хаа нэг газрын цаг хугацааны эхлэлтэй холбогдож байна. Одоо тэгэж мэдрэхгүй байгаа бол миний толгой хэчнээн цаг хугацаа өнгөрсөн ч хоосон хэвээр байх биз ээ.
Сэтгэгдэл хэсэг