"ГЭГЭЭН ШУВУУ" утга зохиолын сангаас залуу уран бүтээлчдээ дэмжих, дотоодын уран зохиолын залгамж халааг танилцуулах, уран бүтээлийн замд хөтлөх зорилгоор "Тагтаа" утга зохиолын шагналыг өгүүллэг, яруу найраг, орчуулгын төрлөөр зарладаг билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 28-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 100 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 75 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 40 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг Тавдугаар сарын 18-ны өдөр “ТАГТАА” утга зохиолын шагналын үеэр зарлаж, шагналыг гардуулна.
Яруу найргийн уралдаанд дээр дурдсанчлан 100 шүлэгч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 5 шүлэгчийг шигшин авч, шүлгүүдийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 5 шүлэгчээс нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Бид шилдэг 5 шүлэгчийнхээ бүтээлийг та бүхэнд хүргэхдээ Утга зохиолын хүрээний нэр нөлөө бүхий, хүндтэй уран бүтээлчдээр шүлгүүдийг уншуулж сэтгэгдлийг нь авсан билээ. Тиймээс шүлэгч тус бүр өөрийн бүтээлийг нэр хүндтэй уран бүтээлчдээр үнэлүүлж, сэтгэгдлийг нь сонсох боломж олдож буй юм.
Уралдаанд бүтээлээ ирүүлсэн шүлэгчдээс шилдэг ТАВД багтсан дараагийн шүлэгч бол Товуусүрэнгийн Амар-Амгалан. Тэрбээр 1991 онд Завхан аймгийн Нөмрөг суманд мэндэлсэн. СУИС-ын Жүжгийн зохиолч мэргэжлээр төгсөж, 2017 онд урлаг судлалын ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2013 онд "Хөх өвсний чимээ", 2017 онд "Хаврын будда" яруу найргийн номууд хэвлүүлсэн. Өдгөө Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрт ажиллаж буй. Т.Амар-Амгалан 2017 онд зохиолч П.Баярсайханы “Хүн гөрөөс” жүжгийг Завханы театрын тайзнаа найруулсан тавьсан байна.
Хавар
Морин тэрэгтэй өвгөн
Намрыг ачааллаж
манай урдуур одсон сон.
Намрыг зөөж одсон морин тэрэгнээс
Бүсгүйн хэв шиг сул өвс ганц нэг сугарч хоцорно
Замын хажуугаас үсэрээд суучихсан
Дэггүй хүүгийн мөрөөдөл шиг
Ариун цас юм бүхнийг хучихад
Өвсний хашааны дэргэд
Хөгшин морь хатсан намрыг
Гашуунтай нь хольж зажилана
Морины амнаас ногоон өнгө
Хааяа нэг дусагнахад
Туулайны чих цасанд дунд
Хаврын турьхан цэцэг шиг үзэгдэнэ
Намрыг зөөж одсон өвгөний хүү
Удахгүй,
Хаврыг зөөсөөр
Урдуур минь өнгөрнө.
2018
***
Одод надад
Олон хаалга
Онцолж нэгийг нь татвал
Охид нь жимсэнд явсан
Эзэнгүй айл.
Одод надад
Олон хаалга
Онцолж нэгийг чагнаваас
Олон хүүхэдтэй айл
Орон дээрээ үсэрч тоглоно
Бусдаасаа гойд үсрэх хүүг харсан
Булгын жараахай тийн дагана.
2017
***
Дотор минь амьдарч яваа гэдгийг чинь
Дотуур минь сэлж яваа гэдгийг чинь
Хэн ч үл мэднэ.
Бээрч даарсан өвлийн цэцэгс
Цонхны тавцан дээр
-хэвтэрийн хүн шиг
Хөшсөн сүүдэр нь
Хөлөө дотогш хумиж үзэгдэнэ.
Бүгдийнх нь дотор би
Чиний доторх шиг
Уужим амьсгалах биш дээ!
Хүйтэн хөнжил шиг
-үдшийн бүрий
Намайг хучна,
Чамайг хучна
Бүгдийг хучна
Бүү гунигла
Бүрэн эрхт гоог чинь бишрэн
Бөхийлгөж байна, тэргүүнээ
Бүхий л тэмтрүүл мэт
мэдрэмжээ асааж байна.
Бүгдийнх нь дотор би
Чиний доторх шиг
Уужим амьсгалах биш дээ!
2018
ТҮҮНИЙ ТУХАЙ
Товуусүрэнгийн Амар-Амгалангийн шүлгийг бид яруу найргийн "А тэмдэглэл”, “Дотоод тэнгис” номын зохиолч. "Хөх мэдрэхүй" утга зохиолын бүлгэмийн гишүүн, яруу найрагч Цагаанчулуугийн Дэлгэрмаад уншуулж сэтгэгдлийг нь сонссон билээ.
Нэн тунгалаг амьсгалтай агаад тэр тунгалагийн дотуур үл анзаарагдам мяндсан утас гүйлгэсэн шиг шүлгүүд уншлаа. Тэрхүү мяндсан мэт утсанд шүлэгч залуу ахуй агшин дахь цаг, улирлын аяс жам, түүнд шүтсэн хүмүүний дотоод зөн сэрэхүй, зүрх сэтгэлийнхээ хөг хэмийг уран бүтээлч хүний чөлөөт сэтгэлэг, нарийн торгон мэдрэмжээр нийтгэн шүлэглэжээ. Шүлгүүд нь аяс зөөлөн хэлтэй, богино шад бүхий, нарийн бадаглаж хайрцаглаагүй ч уншаад өнгөрөхөд зурвасхан атлаа тун тодорхой хэмнэлийг дотор үүтгэж байна.
Эхний шүлгэнд, хавар намар хоёр улирлыг морин тэргэнд ачаалаад өнгөрөх өтөл өвгөн, залуу хүү хоёроор үхэх төрөх амьдралын жам ёс, ирэх буцах цаг улирлын эргэлтийг урнаар “зурж”, харин шүлэгч өөрөө энэ бүхнийг эгээ л натурт суугаа зураач шиг хөндлөнгөөс ажин дүрсэлсэн нь сонирхолтой.
Хоёр дахь шүлэгт “Одод надад олон хаалга” хэмээгээд онцолж нэгийг нь татвал юу үзэгдсэнийг, онцолж нэгийг нь чагнавал юу сонсогдсоныг өгүүлжээ. Тэр олон хаалганы нэгийг нь чагнаж үзээд тэнгэрт харваж буй одыг хараад дагаж үсрэх булгийн жараахайн тэмүүллийг ойлгосон байна, бас нэгээс нь охид нь жимсэнд явсан эзэнгүй айл шиг орь тийм нэг мэдрэмжийг таньсан байна. Тэнгэрт дүүрэн тэр хаалгасыг энэ мэтчилэн татаад үзвэл тэндээс их олон сэрэл ухаарал, сэтгэмж мэдрэмжийг барин авч, танин сэрж болох нь ээ!
Харин гурав дахь шүлэг бүгт хөндүүрхэн, эмзэг нууцлаг аястай. Гэсэн атлаа хэнд ч үл мэдэгдэн хэн нэгний дотор бүгж, уужим амьсгалах орон зайгаа олсон азтай ч гэмээр нэгний тухай. Ер өөрийгөө таньж, басхүү өрөөлийг жинхэнээсээ хайрлаж сурсан хүн л уужим амьсгалах орон зайгаа олж чаддаг биз ээ. Тийм болохоор л тэрээр шүлгэн доторх тэр нэгэнд хандан “бүү гунигла, бүхий л тэмтрүүл мэт мэдрэмжээ асааж байна” хэмээн итгэлтэй еэ хэлж байна. Бүхий л тэмтрүүл мэт мэдрэмж магад ассан цагт шүлэг бичигдэхээс аргагүй биз ээ!
Сэтгэгдэл хэсэг