УРАЛДААНЫ ШИЛДЭГ ШҮЛЭГЧИД: ГАНТӨМӨРИЙН ХАШБААТАР

"ГЭГЭЭН ШУВУУ" утга зохиолын сангаас залуу уран бүтээлчдээ дэмжих, дотоодын уран зохиолын залгамж халааг танилцуулах, уран бүтээлийн замд хөтлөх зорилгоор "Тагтаа" утга зохиолын шагналыг өгүүллэг, яруу найраг, орчуулгын төрлөөр зарладаг билээ.  Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 28-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 100 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 75 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 40 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг Тавдугаар сарын 18-ны өдөр  “ТАГТАА” утга зохиолын шагналын үеэр зарлаж, шагналыг гардуулна. 

Яруу найргийн уралдаанд дээр дурдсанчлан 100 шүлэгч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 5 шүлэгчийг шигшин авч, шүлгүүдийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 5 шүлэгчээс нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Бид шилдэг 5 шүлэгчийнхээ бүтээлийг та бүхэнд хүргэхдээ Утга зохиолын хүрээний нэр нөлөө бүхий, хүндтэй уран бүтээлчдээр шүлгүүдийг уншуулж сэтгэгдлийг нь авсан билээ. Тиймээс шүлэгч тус бүр өөрийн бүтээлийг нэр хүндтэй уран бүтээлчдээр үнэлүүлж, сэтгэгдлийг нь сонсох боломж олдож буй юм.


Уралдаанд бүтээлээ ирүүлсэн шүлэгчдээс шилдэг ТАВД багтсан дараагийн шүлэгч бол Гантөмөрийн Хашбаатар.  Тэрбээр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төржээ. "Утга зохиолын дээд сургууль"-ийг Утга зохиолын ажилтан мэргэжлээр дүүргэсэн. "Хас-Дорно" бүлгэмийн гишүүн, "Хас-Дорно" антологид шүлэг нь хэвлэгдсэн. 

Сохор хүн таягаараа гутал дээр минь тэмтрэх шиг
Сонин мэдрэмжит борооноос
Олж сонссон чимээ
Огт үзээгүй цэцгийн дэлбээ тасрах дуу
Сохор хүн үнэрлэн цэцэг сонгох шиг
Сонин мэдрэмжит салхинаас
Олж сонссон чимээ огт үзээгүй сохор хүнтэй ярилцах
Үүлгэр манант ертөнцөд хэн хараатайг бүү мэд
Үнэндээ тэр хүн миний дотор байх шиг
Үүрд мөнх би нүдээ аничихвал
Өнөөх сохор хүн хараа орох юм шиг санагдана

***
 Чаплингүй инээд...

Гунигт нүд чинь зандалчны багтай төстэй юм
Гуйлгачид харин яагаад чам шиг дэгжин биш юм бол оо
Гутал чинь хэдэн гудамж элээж
Гэнэт чи хаана зогссон бэ ?
Эцэстээ хөлийн чинь хуруунуудын
Имэрч үзсэн чулуу бүхнийг
Шарилын чинь чулууны
Сайн найзууд байсан гэлцэх юм

***

Ээлжээ хүлээж буй хуснууд
Ирлэсэн сүхээ би гомдоосонгүй
Хөвд хүйтэн, алга хөлөрчихсөн
Харин намар гэдгийг сүүлчийн соно аваад нисчихсэн
Энэ ойд...
Ээлжээ хүлээж буй хуснууд
Эвхэж хуйлсан олсоо би гомдоосонгүй
Шувууны үүр салхитай, ороолт  минь мөчирт өлгөөтэй
Шугуйн гоо сайхныг бяцхан цөөрөм аваад хөлдчихсөн
Энэ ойд...
Ээлжээ хүлээж буй хуснууд
Ээж аавыгаа би гомдоосонгүй
Гэр минь дулаахан, ой жихүүн хүйтэн
Гэрээсээ харин би гарахдаа бяцхан дөл тасдаад одсон

ТҮҮНИЙ ТУХАЙ 

Гантөмөрийн Хашбаатарын шүлгийг бид Америкийн яруу найрагч Эмили Дикинсоны шүлгийн түүврийг "Орчлонд илгээх захидал" нэрээр, Альбер Камюгийн "Хөндлөнгийн хүн", Эрнст Ханс Гомбрихын "Дэлхийн бяцхан түүх, Федерико Феллинигийн намтар, дурсамжийн "Зүүд бол цорын ганц бодит зүйл" зэрэг олон ном бүтээлийг эх хэлнээ орчуулсан чадварлаг орчуулагч, яруу найргийн "Борооны зүрх", "Эрвээхэйн зүүд", "Дотно алс" номын зохиолч Ганбатын Лхагвадуламд уншуулж сэтгэгдлийг нь сонссон юм.  


Үл мэдэг борооны чимээ, цэцгийн дэлбээ ойчих дуун, салхины үг. Найрагчийн энэ бүхнийг олж сонссон эхний шүлгээс гойд бясалгаанч өнгө аяс мэдрэгдлээ. Тэр зүгээр ч нэг юмсыг нүдээрээ сонсох биш, үүлгэр ахуйгаа, дотоодоо чагнажээ. Шүлгийг сайн сайхан, гэрэл гэгээтэй болгодог барим тавим уур амьсгал эндээс тэмтрэгдэв.

Ажиггүй явахад гэнэт л харваад орж ирсэн бодол шиг хар аяндаа, гэнэт бичигдсэн гэмээр хоёр дахь шүлгийн “Имэрч үзсэн чулуу бүхэн Шарилын чинь сайн найзууд” гэх мөр аргагүй сайхан юм аа. Хүмүүний амьдралыг нээрээ ч өөрөөр яаж багцаалдах вэ? Маш гоё хураангуйлал, бас төгсгөл. Шүлэгч шүлгийнхээ эхлэлээс илүү төгсгөлийг нь мэдэрдэг байх нь чухал санагддаг. Үүнээс цааш үргэлжилж болох байсан шүлгээ зөв мэдэрч, цэг хатгажээ.

Харин сүүлийн шүлэгт яагаад ч юм худал хэлээд гэрээсээ гарсан, магад хэзээ ч эргэж харихгүй байж мэдэх, бүгдийг мэдэгчийн дүртэй, бодлогоширсон эртэй ойн цоорхойд “зөрлөө”. “Олоон жилийн тэртээ энд байсан, одоо нэгэнт үгүй болсон ганцаардмал нэгэн угтаа дөнгөж саяхан л энэ замаар явж өнгөрсөн мэт” гэдэг Паундын шүлгийн мөр эрхгүй санагдав. Түүнтэй адил энэ шүлгийн гол дүр одоо ч алсын алс руу сүхээ үүрээд алхсаар л буй нь төсөөлөгдлөө. Сайн шүлгийн ховс, шид хүч нь ийм дүр зураг, мэдрэмжийг амилуулж чаддагтаа л байдаг аа.

Сэтгэгдэл хэсэг