Францын нэрт зохиолч Франсуа Куарегийн 1953 онд, 18 насандаа бичсэн “Сайн уу, Гуниг минь” бэсрэг роман хэвлэгдсэн даруйдаа олон улсад нэрийг олж, тэр дундаа Католик шашны үнэт зүйлс хүчтэй байсан Европын нийгмийг ёстой л донсолгосон юм. Зохиолд арван долоохон настай охины өөрийн онцлогт хувь хүн болж төлөвших гэсэн хүсэл эрмэлзэл хийгээд нийгмээс тулгаж буй оноосон дүр хоёрын дундах зөрчил, мөнхүү зөрчлөөс үүдэх гуниг ганьхарлыг нүдэнд үзэгдэж, сэтгэлд тэмтрэгдтэл, эрс шулуухан бичсэн нь тийнхүү шашны уламжлал, дэг жаяг нь ноёлог хэвээр асан европын уншигчдын нүдийг бүлтийлгэсэн хэрэг болсон билээ. Куарегийн зохиол гагц ил задгай, эрс шулуунаараа олны анхаарлыг татсан юм биш. Басхүү олон зуун, магадгүй олон мянганы турш зөвхөн эрчүүдийн төсөөллөөр хэлбэржиж, эрчүүдийн гараар л бичигдэж ирсэн эмэгтэй хүний дотоод ертөнцийг эмэгтэй хүн өөрөө уудлан дэлгэснээрээ шударга бөгөөд онцлог байв.
“Сайн уу, Гуниг минь” романыхаа нэрийг Куаре эх орон нэгт, алдар суут найрагч Поль Элуардын “Зуурдын амьдрал” шүлгийн эхний мөрөөр нэрлэжээ. Харин насанд хүрээгүй тул хэвлэлийн газартай эцэг эхийнхээ оролцоотой гэрээ хийх шаардлагатай болоход эцэг нь охиныхоо нэр төрийг бодсондоо ч тэр үү, мөнхүү “задгай” зохиолын зохиогчийг өөр нэрээр төлөөлүүлэх санал гаргажээ. Тийнхүү охин өөрийн шүтдэг зохиолч Марсел Прүстийн “Алдагдсан цагийн эрэлд” романы нэгэн дүр Принцесс дэ Саганы нэрийг өөртөө авахаар шийдсэнээр хожмоо Франсуа Саган хэмээх бичгийн нэрээрээ олон сая уншигчдынхаа зүрх сэтгэлд хоногшин үлдсэн билээ.
Орчуулсан: Батсайханы Сувддулам
Хавтасны дизайн: Монотайп график студи