Т.Мандир: "Мэндлэхүй" туурь (Монгол бахархлын өдөрт)

"Тагтаа" хэвлэлийн газар, Creative Radio 100.9 долгионоос хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастынхаа шинэ дугаарыг бид Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан бэлтгэлээ. Энэ дугаарт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, түүхч, зураач Тангадын Мандир абугайн "Мэндлэхүй" хэмээх туурийг яруу найрагч, судлаач, багш Ядамсүрэнгийн Баяраагийн уншсанаар хүргэж байна.


"МЭНДЛЭХҮЙ" ТУУРИЙН ОРШИЛ

"Японы зохиолч Иноүэ Ясуши авгайн “Бөртэ чоно” романыг “Цог” сэтгүүлд цувралаар нийтэлсэн. Зохиолч бээр Тэмүжиний дотоод ертөнцийг дүрслэхдээ Тэмүжин өөрийгөө Есүхэй баатрын хүү мөн эсэх,  улмаар Бөртэ чонын удам байж чадах эсэхэд эргэлзэж чухам мөн гэдгээ нотлохын тулд насан турхаар чармайсны хүчинд суут хүн болов гэсэн нэгэн шугамд шүтсэн бололтой. Сэтгэсэн нь уран, бичсэн нь амьдлаг тул эс итгэх аргагүй. Исай Калашников “Жестокий век” романдаа энэ санааг хавчуулсан нь бий. Тэмүжин Чилэдүгийн үр болов уу гэсэн санаа нэгэн таамнал өрнө, дорнын зарим судлаачдын дунд мэр сэр төрдөг байж. Энэ нь хүүрнэл зохиолд таатай зохиомжийн сэдэл болох тул бичгийн хүмүүс шүүрэн авсан нь тэр мэт буй заа.

Бидний мэдэх ганц, хоёрхон зохиолд ийм байгаад үзээд, ерөөс Чингис богдын нэр урлагт ч, орлогод ч ивээлтэйг харгалзвал дээрх болхидуу төсөөлөл ямаршуу хүрээтэй, цараатай тархсаныг үл мэднэм.

Эхлээд бодоход мэргид ч монгол, боржигид ч монгол. Тийм учраас Тэмүжин хэнийх нь ч үр байлаа гэхэд монгол монголоороо л үлдэх юм даа гэж бодогдоно. Дахиад эргэцүүлбээс монгол ёс суртахуунд их л цээрлэдэг ийм сэжиг атгаг явж явж эзэн Чингисийн ариун нэртэй холбогдож байгаад зүрх шимшрэн эмзэглэнэм бөлгөө.

Чухам үүнийг эргэцүүлж, түүхийн сурвалж мэдээг харьцуулан шүүсээр миний бие нэгэн үг дээр тогтож, яг түүнээс дэлгэрүүлэн өгүүлмээр санагдав. Энэ бол та бидний сайн мэдэх Тэмүжин гартаа шагайн чинээ нөж атган төржээ гэсэн мэдээ юм.

“Монголын нууц товчоо”, “Алтан товч”-д ердөө ганц өгүүлбэрээр, элдэв чимэг тайлбаргүй бичиж үлдээжээ. Эл бүтээлийг туурвигчид нь тайлбарлаагүй энэ мэдээг хожмын түүхчид эрэлхэг баатарлагийн бэлгэдэл гэж, нөгөө зарим нь ертөнцийг цусанд умбуулахын ёр мэтээр тайлж гаргасан байх юм. Эерэг, сөрөг энэ хоёр тайлбар чухам ямар билиг зүйд үндэслэснийг тодруулахуйяа бэрх юм. Миний эргэцүүлснээр Гэсэр хааны төрсөн домгийн дүрслэлээс энэ мэдээ бодитой, үнэмшилтэйгээрээ ялгарч байна. Ер нь “Монголын нууц товчоо”-ны давтагдашгүй суут чанарын нэг нь тухайн цаг үедээ эргэлзээтэй ч байсан болов уу гэмээр эгзэгтэй үйл явдлыг зориуд элдэв тайлбаргүй мэдээлж чадсанд оршино гэж би боддог. Үүнд, Бодончарын эхийн хэвлийд олдсон шалтгаан, Дэв тэнгэр бөөгийн цогцосны учир, Толуйн нас нөгчсөн зэргийг жишээлж болно. Эдгээр бүгдийг мөшгин шалгаж чадваас дор бүрнээ нэгэн цогц учир шалтгааны хэлхээ гарч ирэх нь эргэлзээгүй мэт санагддаг. Гагцхүү Монголын билигт бичээч тэр бүгдийг чадварлаг хурааж, арван зуунд ч мөхөшгүй нууц дохио болгон буулгажээ.

Ийнхүү мөхөс миний бие Эзэн богдын мэндлэх үеийн Монголын байдал, түүний дотор хожмоо “алтан ураг” хэмээгдсэн тайжууд, боржигидын халуун зуурын төрх төлөвийг өгүүлсэн “Нөж атгаж төрөв” хэмээх дохионд тулгуурлан тайлж өгүүлэхийг оролдов. Алдаж эндсэн байх аваас үйлийн язгуур нь тэнгэрлэг өвгөдийнхөө тухай олхио муу санааг няцаах гэсэн чин сэтгэлийн минь нөлөө хэмээн өршөөн хүлцэхийг эгээрмүй."

СГЗ, зохиолч, зураач, түүхч Тангадын Мандир

Сэтгэгдэл хэсэг