УРАЛДААНЫ ШИЛДЭГ ШҮЛЭГЧИД: ДОРЖНЯМБУУГИЙН ЭРДЭНЭЗУЛАЙ

"ГЭГЭЭН ШУВУУ" утга зохиолын сангаас залуу уран бүтээлчдээ дэмжих, дотоодын уран зохиолын залгамж халааг танилцуулах, уран бүтээлийн замд хөтлөх зорилгоор "Тагтаа" утга зохиолын шагналыг өгүүллэг, яруу найраг, орчуулгын төрлөөр зарладаг билээ.  Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 28-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 100 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 75 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 40 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг Тавдугаар сарын 18-ны өдөр  “ТАГТАА” утга зохиолын шагналын үеэр зарлаж, шагналыг гардуулна. 

Яруу найргийн уралдаанд дээр дурдсанчлан 100 шүлэгч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 5 шүлэгчийг шигшин авч, шүлгүүдийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 5 шүлэгчээс нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Бид шилдэг 5 шүлэгчийнхээ бүтээлийг та бүхэнд хүргэхдээ Утга зохиолын хүрээний нэр нөлөө бүхий, хүндтэй уран бүтээлчдээр шүлгүүдийг уншуулж сэтгэгдлийг нь авсан билээ. Тиймээс шүлэгч тус бүр өөрийн бүтээлийг нэр хүндтэй уран бүтээлчдээр үнэлүүлж, сэтгэгдлийг нь сонсох боломж олдож буй юм.


Уралдаанд бүтээлээ ирүүлсэн шүлэгчдээс шилдэг ТАВД багтсан дараагийн шүлэгч бол Доржнямбуугийн Эрдэнэзулай.  Тэрбээр 1992 онд Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн. 2009 онд Айраг сумын бүрэн дунд сургуулийг төгсөн МУБИС-ийн Сэтгүүлзүйн ангид элсэн орж сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн.  "Шинэ үнэр" 2012 хамтын, "Хоосон" 2016 яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Утга зохиолын "Шинэ үнэр" бүлгэмийн гишүүн. 

 

***

Ийм л хүйтнийг үзэх гэж бид
Аагим зуныг тэсч үддэг
Ийм л хүйтнийг давах гэж
Дулаахан дурсамжуудаа хадгалж үлдээдэг
Ийм хүйтнээр сэтгэлд нь гараа ээн дулаацах
Сайхан хүмүүсээ хамгийн их үгүйлдэг
Ийм л хүйтнээр хань хайж
Халуун хайр хүлээж тарчилдаг
Навчис үхэж, мод бүгдийг нь оршуулдаг намраар
Модон сандлууд эзгүйрч гансардаг
Намайг шүлэг бичүүлэх гэж л ийм хүйтэн намар тохиож
Ийм намраар л би навч, мод, модон сандлуудыг өрөвддөг
Дээлэн дотроо ч дулаацахгүй ийм намраар
Дэргэдийн хүмүүсийнхээ хүйтнийг нь дэндүү эмзэг мэдэрдэг
Дулаацах гэж асаасан тамхи дуусахад гунигтай байдаг
Дууны өнгө сааралтаж, шүлэг уншихад ч хэцүү байдаг
Ийм намрын дараа учрах өвлийн сарууд
Tөсөөлөлд багтамгүй урт болдог
Ирж буцдаг орчлонгийн жам харгис цэвдэг мэдрэгддэг
Од харвахыг харах хүртэл гашуудмаар энэлэнтэй байдаг
Сэтгэл тийм эмзэг байхад амиа хорлох амархан санагддаг
Ийм хүйтнээр ээжийн минь цамцнаас өөр дулаахан зүйл олддоггүй
Ийм л хүйтнээр би бороо орохыг ч харж тэвчдэггүй
Ийм намруудыг давах гэж
Сэтгэлээ бүлээхнээр нь хадгалмаар, тэгээд
Ийм намрын дараа ирэх
Өвлийг туулах зоригтойгоо үлдмээр!

***

Бүх зүйлс өөрийн утга учраа олжээ эсвэл
Бүх зүйлс өөрийн утга учраа алджээ
Саяхан л миний аясаар цохилдог болсон зүрх
Одоо чиний хүслээр дуулж, эсвэл уйлж
Орох газраа хайн тэлчилж
Оргүй хоосноос хальж
Бүх зүйлс өөрийн байх газраа олжээ эсвэл
Бүх зүйлс өөрийн байх газраа алджээ
Бодол минь чиний дээгүүр эргэлдэж
Зүүдэнд чинь хургах гэж, ядаж
Босон суух минь ихдэж, юунд ч
Тогтож аядахаа больж
Тэнгэрээс дээшээ, бүр өндөрт ургасан
Ганцаардлаасаа зүүгдэж
Амьд үлдэх үү эсвэл үсрэх үү?
Асуултаар дүүрэн хором мөчүүд...
Тээртэй энэ л хором мөчүүдийг
Тэвэрч үлдмээр яасан ч их саналаа даа
Тэгтэл одоо хүнд санагдаж байна
Тэсч гарахад бэрх байна..
Бүх зүйл хувь тавилангаа олжээ эсвэл
Бүх зүйл хувь тавилангаа сүйрүүлжээ....

***

Сайнуу найз минь.. Сайхан найз минь
Сайхнаас ч сайхан, гоё тунгалаг найз минь
Сайншандад намар сайхан болж байна уу?
Сайхан амьдарч байгаа биздээ, чи минь л
сайхан амьдрах хэрэгтэй шүү, гоё тунгалаг
Би яахав ээ тамхиа баагиулаад л,
Шарх сорви бүхнээ хөндсөөр л явна
Шарх сорви бүхэн минь хөндөгдөхөд
Эдгээхсэн гэж хүсэхдээ чамайг л санадаг шүү
Танхил гэнэн хонгор насныхаа тухай
Хамтдаа дуулж инээж өнгөрүүлсэн өдрүүдийнхээ тухай
Гоё тунгалаг шүлэг бичмээр санагддаг ч
Гэгээн шүлэг надад нэгэнт зохихоо больчихсон
Татаж хороосон тамхины утаа минь бидний дундуур
Манан болон хөшилдөж
Цаг хугацаа сүүдрээ тусгаж
Хумсаа нуун муур мэт гэтлээ ч
Чинийхээ чин ариун сэтгэлийг би
Чихнийхээ омгонд ээмэгний оронд зүүгээд
Чимэг зүүлтгүй хүүхэд гэнэн насныхаа
Дурсамжны хүлээcээр хүзүүгээ гоёж явдаг шүү
Сайхан найз минь , сайхнаас ч сайхан
Гоё тунгалаг найз минь
Миний биен дотор судсуудаар минь урсдаг
Дулаахан ариухан зүйл минь
Миний өдөр бүхэн амьсгалж уушгаа дүүргэдэг
Цэвэр агаар минь
Сайхан л амьдрах хэрэгтэй шүү, чи минь л
сайхнаас сайхан...

ТҮҮНИЙ ТУХАЙ

Доржнямбуугийн Эрдэнэзулайгийн шүлгийг бид МЗЭ-ийн нэрэмжит шагналт, БНСУ-ын Чанвоны КС-ийн нэрэмжит Олон улсын утга зохиолын шагналын эзэн яруу найрагч Мулцангийн Уянсүхээр уншуулж, сэтгэгдлийг нь сонссон юм. 

 

“Тагтаа” паблишингийн сонгосон Д.Эрдэнэзулайгийн эдгээр шүлгүүдийг уншихад бичих гэж ямар нэгэн байдлаар “хүч хэрэглээгүй”, сэтгэлээс өөрөө ундарсан гэдэг нь илэрхий байна. Түүний аливааг харах өнцөг, илэрхийлэх арга нь ч өвөрмөгц ажээ. Шүлгүүдэд илэрч буй гуниг, гансрал нь хэдий мухардал, цөхрөл мэт боловч цаад гүндээ угтан ирж буй цаг хугацааны шалгуурыг тэсэж давах, цаашдаа ч энэ хэвээрээ тэсэж үлдэх эрмэлзэл дүүрэн байгаа нь сайхан.

                  Бүх зүйл хувь тавилангаа олжээ, эсвэл
                  Бүх зүйл хувь тавилангаа сүйрүүлжээ...

Ийм л орчлонг нэгэнт оноод төрчихсөн яруу найрагч яах ёстой вэ гэж үү? Юун түрүүн үхэх хүртлээ амьдрах ёстой. Зүгээр ч нэг амьдрах биш. Өөрийгөө туурвиж үлдээх ёстой. Биднээс өмнөх мянга, мянган жилүүдэд орчлон ийм л байсан. Үзэгдэх төрх нь хувирч буй мэт энэ амьдралыг бурхад ч өөрчлөхгүй!

              Ийм л хүйтнийг үзэх гэж бид
              Аагим зуныг тэсэж үддэг
              Ийм л хүйтнийг давах гэж
              Дулаахан дурсамжуудаа хадгалж үлдээдэг...

Тийм ээ! Бид ингэж л амьдардаг. Дулаахан дурсамжуудаа хадгалах, сэтгэлд нь гараа ээж дулаацмаар сайхан хүмүүсийг үгүйлэх, халуун хайр хүлээн тарчлах, дэргэдийн хүмүүс хүйтэн санагдах, модод...сандлууд...навчисыг өрөвдөх, шүлэг уншихад бэрхтэй эзэнгүй хоосон намрыг залган айсуй урт өвлийг төсөөлөх, харгис жамыг мэдэрч, амиа хорломоор санагдах... Чухамдаа бол найрагчаар шүлэг бичүүлэх гэж л энэ ертөнцөд ийм хүйтэн намар ирдэг юм шиг...

Энэ бүхний дараа сэтгэлээ ядаж бүлээнээр нь хадгалах, хүйтэн өвлийг давах зоригоо авч үлдэх хүсэл яруу найрагчид төрж буй нь амьдрахуйн утга учир юм. Тэгээд бас биеийн дотуур судсаар урсдаг дулаахан ариухан зүйл нь, өдөр бүхэн амьсгалж уушигаа дүүргэдэг цэвэр агаар нь болсон сайхан найзаа дуудаж, түүндээ хандан “Сайхан амьдрах хэрэгтэй шүү, чи минь! Сайхнаас сайхан...” хэмээн дуу алдаж байгаа нь надад ч бас сайхнаас илүү сайхан санагдлаа. 

Сэтгэгдэл хэсэг