"ГЭГЭЭН ШУВУУ" утга зохиолын сангаас залуу уран бүтээлчдээ дэмжих, дотоодын уран зохиолын залгамж халааг танилцуулах, уран бүтээлийн замд хөтлөх зорилгоор "Тагтаа" утга зохиолын шагналыг өгүүллэг, яруу найраг, орчуулгын төрлөөр зарладаг билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 28-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 100 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 75 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 40 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг Тавдугаар сарын 18-ны өдөр “ТАГТАА” утга зохиолын шагналын үеэр зарлаж, шагналыг гардуулна.
Яруу найргийн уралдаанд дээр дурдсанчлан 100 шүлэгч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 5 шүлэгчийг шигшин авч, шүлгүүдийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 5 шүлэгчээс нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Бид шилдэг 5 шүлэгчийнхээ бүтээлийг та бүхэнд хүргэхдээ Утга зохиолын хүрээний нэр нөлөө бүхий, хүндтэй уран бүтээлчдээр шүлгүүдийг уншуулж сэтгэгдлийг нь авсан билээ. Тиймээс шүлэгч тус бүр өөрийн бүтээлийг нэр хүндтэй уран бүтээлчдээр үнэлүүлж, сэтгэгдлийг нь сонсох боломж олдож буй юм.
Уралдаанд бүтээлээ ирүүлсэн шүлэгчдээс шилдэг ТАВД багтсан эхний шүлэгч бол Мөнхцолын Батбаяр. Тэрбээр 1994 онд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. 2012 онд Манхан сумын бүрэн дунд сургуулийг төгсөн МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн ангид элсэн орж "Монгол хэл, уран зохиолын багш" мэргэжлээр дүүргэсэн. "Намрын тэмдэгтүүд" 2015, "Бүгд өөрийн гунигтай" 2016 яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Өдгөө БНХАУ-д "Хятадын орчин үеийн уран зохиол судлал" чиглэлээр магистрантурт суралцаж буй.
I
Айсуй цагийн баяр
Цонхны цаанаас алагч үнээ
цэцгийг үнэртэхээ байжээ
Тавдугаар сар гарсан нь
Шинэ зуун эхэлсэн мэт баясгаланг төрүүлэх ажээ
Тариачид цөм тосгоныг орхин одоод
Үдийн хойно гатлага онгоцоор ирж архи тээгээд буцах болжээ
Эмбүүл юүгээн алтан гадас одноос даруулан уясан тэд
Исгэмэл хүртэн шөнөжин дуулалдаад унтахдаа
Хаалгаараа хөлөө гаргаад
Оддын дундуур жийдэг гэнэм.
II
Чи явлаа
Чимээгүй намайг тэврээд
Чихэнд нэрийг чинь хэлнэ
Бүүвэйлж эхэллээ
Нэр чинь бүхий л ертөнцийг цогцлоосон гэмээр
Аврангуй, энэрэнгүй
Нар дэргэд нь зүгээр л
Гандсан үүлсийн цаана улаарах
Ганц ширхэг тоор төдий.
III
Өртөөн дээр хэлэгддэг үгсийн талаар
Үг дуугүйхэн бодож суунам би
Уруул чинь чичигнээд юуг ч юм хэлэх гэснийг
Унагаагүй тэр л үгсийг би бүгдийг нь сонсчихсоныг
Хойно нь тэгээд чиний уруулыг дуурайн
Хамаг бие минь дагжин чичирч
Өнөөх үгсийг өвч биеэрээ давтан хэлсэнийг
Хүнгүй өртөөн дээр тэгээд сар бид хоёр л
Хэн хэнээ ширтэж хоцорсоныг
Хааш л харна уу? түмэн салаа зам мөшгилдөвч
Хааш ч юм явахаас өөр зам тэнд үгүй байсныг
сананам.
Гэвч би зорчиж яваа ядруу нэгний
Баглаатай ачааг сахиж үлдсэн мэт
Бөөн хар бодлоо дийлээд холдож чадахгүйн
Цээжийг дарсан бул хар бодлын дор л
Цэв цээлхэн булгийн нүд буй юмсан.
ТҮҮНИЙ ТУХАЙ
Мөнхцолын Батбаярын шүлгийг бид "Сарны бичээс", "Шинэ улирал", "Сүүдэргүй манан" , "Эртний сэтгэл" , "Салхинд гэрэлтэх тэнгэр" зэрэг олон сайхан яруу найргийн бүтээлийн эзэн, утга зохиолын "Алтан өд" шагналт яруу найрагч Пүрэвжалын Майнбаярт уншуулж, сэтгэгдлийг нь сонссон билээ.
1.
Цаг наашилахуй... Цонхны цаанаас алагч үнээ цэцгийг үнэрлэхээ байсан гэх цочмог мөрүүдээр энэ шүлэг эхэлж байна. Мөнхүү цонхны цаана суугч нь: Тавдугаар сар гарсан нь шинэ зуун эхэлсэн мэт баясгаланг төрүүлэх ажээ... гэхүй, ой тойнд нь эрх чөлөөт мэдрэмж ханхийжээ. Тэр нь “Эмбүүл юүгээн алтан гадас одноос даруулан уясан тэд...” гэсэн мөрөнд багтсан шиг. Тариачны тосгон дүрслэгдэх энэ шүлгэнд хувь шүлэгчийн догдлол, санагалзал:
Исгэмэл хүртэн шөнөжин дуулалдаад унтахдаа
Хаалгаараа хөлөө гаргаад
оддын дундуур жийдэг гэнэм...” гэх үгсийн хэмнэлээр илэрчээ. Хэмнэл гэдэг хээр талд ч, тариачны тосгонд ч аясаа үл алдана.
Нэг тийм ганихрал дундаас төрсөн шүлэг юм болов уу гэж санагдлаа. Түүнийг нь хаврын улирал халхавчлах аж.
2.
Нар
Гандсан үүлсийн цаана улаарах
Ганц ширхэг тоор төдий... гэж төгсөх энэ шүлгийн ганцаардал нь амттай. Ганц ширхэг тоорын амттай амьдрал ч гайхамшигтай. Үзэгдэх дүрээс ангид үзэгдэх дүр нь нар. Тэр нар л:
Чимээгүй намайг тэврээд чихэнд нэрийг чинь шивнэнэ... гэнэ.
Нэр чинь бүхий л ертөнцийг цогцлоосон... гэнэ.
Ганц ширхэг тоор төдий... гэнэ. Нар хязгааргүй ингэж шивнэж чадна.
Нарнаас илүү нар надад байгаа гэж санаж явах сайхан.
3.
Шүлэг бичигдсэний хойно гуниг ч аз жаргал болон хувирдаг. Тиймээс шүлэг бичигддэг байх учиртай. Өрхний оосор шиг дэрвээд эхлэх хэрэгтэй. Үүнийг чагнаж байсан бол үгстэй ханьсахад юун бэрх. Иймээс:
Хүнгүй өртөөн дээр сар бидэн хоёр л
Хэн хэнээ ширтэж хоцорсоныг
Хааш л харна уу, түмэн салаа зам мөшгөлдөвч
Хааш ч юм явахаас өөр зам тэнд үгүй байсныг сананам... гэж буулгажээ. Өрх дэрвэх, өртөөн дээр үг хэлэх хоёр угтаа адилхан. Уг шүлгийн үнэн нь энэ юм. Үнэн учраас л уруул нь чичигнэх төдий илэрсэн унагаагүй үгсийг бүгдийг нь сонсчихоод, дараа нь өвч биеэрээ давтан хэлж байна. Хэн нэгний хэлээгүй үгсийг өвч биеэрээ давтан хэлэх тэр мөч бол бичээчийн зүрх сэтгэлд өнө мөнх шүү дээ. Үгийн увдис нь энэ. Шүлгийг уншиж дууссаны дараа,
Цээжийг дарсан бул хар бодлын дор л
Цэв цээлхэн булгийн нүд буй юмсан... гэсэн шүүрс алдалт цээжнээс минь уугиад байх шиг мэдрэмж төрлөө. Баригдахгүй зүйл баригдах шиг болдог тэр мэдрэмжийг л би яруу найраг гэж ойлгодог. Тиймээс өртөөн дээр бие бие рүүгээ ширтэлцэн хоцрох хүн сар хоёрыг хөндлөнгөөс харах шиг болов. Хаашаа ч юм явахаас өөр зам үгүй байсны хүчинд л шүлэгч шүүрс алдсан шүү дээ.
Тэр зам руу булгийн нүд харж буй.
Сэтгэгдэл хэсэг