Б.БАЯСГАЛАН - РАДИО ТЭМДЭГЛЭЛ #1

Зохиолч Б.Баясгалан өөрийн анхны ажил радиогийн студидээ 15 жилийн дараа ахин нэгэнтээ радио зохиол бичиж иржээ. Энэ тэмдэглэлээ тэрбээр хорт хавдар хэмээх хүндхэн өвчнийг даван туулж яваа хүмүүст сэтгэлийн дэм өргөхөөр бичсэн гэв.

...Ээждээ элгээ өгөхөөр шийдсэн эгч дүү хоёр донорын шинжилгээ авдаг өрөөний үүдэнд зэрэгцэн сууж байсан тэр өдрөө санаж байна. Утас дугарлаа. Найз минь ярьж байна. “Амьдрал утгагүй байна, бүх юм хав хар, ямар ч гэрэл гэгээ алга үхмээр байна...” гэх аж. Хажуугаас эгч “Бид хоёрын хэн нэгнийх нь элэг таарчих юм бол тэгээд л боллоо. Найдварын гэрэл байна гэсэн үг...” гээд шинжилгээний цаасаа элгэндээ чанга гэгч нь тэврэн залбирна. Амьдрал ийм дээ, хорвоогийн нар хоногтоо нэг жаргаж, хоногтоо нэг манддаг хэвээрээ ч заримд нь тэр нарны гэрэл сиймхийн төдий ч харагдахгүй, зарим нь сиймхийн төдий гэрлийг нь олж харах гэж харанхуйн дотроос гэрлийн зүгт тэмтчинэ. Нэлийсэн их гэрлийн дунд суучхаад харанхуйг хүсдэг нь ч бий. Алинд нь ч буруу өгөх аргагүй. Алтан нарны дор бидний амьдарч байгаа нь л энэ... Найзыгаа олигтой аргадаж, сэтгэлд нь гэрэл асааж чадсангүй. Эгчтэйгээ хамт залбирч ч амжсангүй. Сэтгэл хуваасан хоёр үйл явдлын дунд дэмий гөлөрч суухдаа “Амьдралын сайхныг бид мэддэг учраас л үхэлтэй нүүр тулах нь хамгаас хэцүү.., гэрэл гэгээгээс алсарч холдох мэт, харанхуйд уусан алдрах мэт аймшигтай байдаг биш үү. Амьдралд сайхан юм юу ч үгүйсэн бол үхэх шиг амархан, баяр жаргалтай зүйл юу байхсан билээ...” гэж бодлоо. “Амьдрал харанхуй, ямар ч гэрэлгүй байна” гэж хэлж буй хүний гэрэлтэй амьдралын тухай төсөөлөл миний төсөөлдөгөөс ч илүү гэрэлтэй байхыг үгүйсгэхгүй.



Сэтгэгдэл хэсэг