"Хөх туурийн талд зэрэглээ хөвж, энд тэнд ганц нэгхэн гэр усан доторх жижигхэн цагаан чулуу шиг гүвэлзэнэ."
Пүрэвжавын Баярсайхан "Хөх туурийн тал"
Монголын хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч П.Баярсайхан Завхан аймгийн Жавхлант суманд 1959 онд төрсөн. МУИС-ийг Гидротехникийн инженер мэргэжлээр 1982 онд төгсөөд Монголын радиогоос хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Тэрбээр радиод сурвалжлагч, радио станцын ерөнхий редактор, уран сайхны удирдагч хийж, Монголын радиогийн захирал, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга хүртэл ажил амьдралын өгсүүр замыг туулжээ. Сэтгүүлзүйн олон зуун бүтээл туурвисны дотор “Болор тунгалаг Хөвсгөл бохирдох ёсгүй” радио цувралаар 1989 онд “Глобаль-500” олон улсын шагнал хүртсэн анхны монгол сэтгүүлч болсон юм.
П.Баярсайхан уран бүтээлээ 1976 оноос эхэлж “Аав өвөл ирнэ” (1986), “Хөх туурийн тал” (1988), “Анир гүм нутаг минь” (1990), “Гэрэл гэгээг хүснэ” (1990), “Хотын онгон” (1994), “Гүн ертөнц” (1999) зэрэг тууж өгүүллэгийн арав гаруй ном хэвлүүлсэн. Зохиолчийн шилмэл бүтээлүүд орос, англи, япон хэлээр орчуулагджээ. Мөн тэрбээр “Хөх өвсний нуур хөлгүй” уран сайхны киноны зохиолыг бичсэн бөгөөд "Чонын домог" модерн балет, “Хүн гөрөөс”, “Албин” жүжгүүд нь ДБЭТ, УДЭТ-ын тайзнаа тоглогджээ.
"Тагтаа" хэвлэлийн газар, P3 радиотой хамтран бэлтгэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт манай орчуулагч, редактор Мө.Батбаяр Төрийн шагналт зохиолч П.Баярсайханы "Хөх туурийн тал" өгүүллэгийг сонгож уншлаа.
Сэтгэгдэл хэсэг