МАРТАХААС ӨМНӨ, САНАХААС УРЬД

"Тагтаа" хэвлэлийн газар, P3 радиотой хамтран бэлтгэдэг "Үлдэх үг" подкастын энэ удаагийн дугаарт "Tagtaa review" сэтгүүлийн өвлийн дугаар хэрхэн бүтсэн тухай болон орчуулагч, редактор Мө.Батбаярын Солонгос улсад ажиллаад ирсэн сонин сайхныг хуваалцсан яриа өрнүүллээ.

...Энд явж байхад гэнэтхэн төрдөг хачин харь мэдрэмж, харийн хотоос ирэх тэр харь мэдрэмжийн бидэнд өгөх хачин хоосон ганцаардмал мэдрэмж их гашуун. Яруу найрагч Р.Улам-Оргих нэгэнтээ “Ганцаардал магадгүй гар юм” гэж бичсэн нь санагдана. Яг л тийм үл үзэгдэх, яаж ч эсэргүүцэвч мултарч дөнгөхөөргүй лут хүчит гар тэврээд авчих шиг. Хамаг чадлаараа тэлчилж, аргадан гуйж, учирлан уйлавч тавихгүй хүчит гар тэврээд хаашаа ч хөдлөгөхгүй агдлах шиг, хар дарсан зүүднээсээ сэрж чадахгүй зовох шиг тэр мэдрэмж бол ганцаардал. Харьд байгаа хүмүүс яаж ганцаарддаг бол эх орноо, тэнд орхисон бүхнээ эндээс яаж санадаг бол тэр хэцүү сэтгэл мэдэрхүйг хэрхэн яаж тайлж даван гардаг бол. Харих, буцаад гэртээ очих хүсэл байж ядуулавч яаж ч болохгүй бодит байдлын хүлээсэнд өдөр хоногийг яаж өнгөрүүлдэг бол гэхээс зүрхшээмээр. Түүнийг батлах мэт энд уулзсан нэг хүн надад “ах нь харласан даа маш их харамсдаг. Өөрөө өөрийгөө л шоронд аваачиж хийлээ” гэж билээ.  Бидний сүүлийн гучин жилийн амьдрал энэ улстай, ийм амьдралын хэв маягтай салшгүй холбоотой.  Цаашид ч энэ хэв маяг үргэлжилнэ. Бид аялалын визээр ирээд харласаар байх болно. Өөрөө өөрийгөө шоронд хорьсоор байх болно. Хэрэв үүнийг уншиж байгаа танд ч бас Солонгос яваад харлах, аялалаар Чэжүд ирээд зугтаачих хүсэл буй бол хүслээ биелүүлэхээсээ өмнө Hotel California дууг сонсоодхоорой. "This could be Heaven or this could be Hell"  ялангуяа энэ мөрийг сайн гэгч нь санаад аваарай.  Энэ диваажин эсвэл там ч байж магадгүй. Өнгө өнгөөр гялалзсан өндөр сайхан буудалд та өөрийгөө авч ирж хорих гэж байж мэднэ шүү. 

"Энд диваажин эсвэл там ч байж мэднэ" нийтлэлээс

https://www.tagtaa.mn/batbayar/82?fbclid=IwAR3QFnNle41C0bGyojSCFHZPmafORkl1M52hFzJ0RgGZb0YAWjo_EkyTaQo



Сэтгэгдэл хэсэг