ҮЛДЭХ ҮГ ПОДКАСТ: Ц.ДЭЛГЭРМАА "ЦАГ ХУГАЦААНЫ НУЛИМС ШИГ БИ..."

Цагаанчулуугийн Дэлгэрмаа хэмээх энэ эрхэмсэг шүлэгчийн тухай илүү үг нурших хэрэггүй. Юу гэвээс түүний ус шиг цэнгэг, ариухан атлаа цээжинд тороод байдаг шүлгүүд эзнийхээ өмнөөс бүхнийг хүүрнэх увидастай. Тэрбээр Дорноговь аймгийн Зүүнбаянд төрсөн. Бага насаа Хөвсгөл аймгийн Түнэл суманд өнгөрүүлсэн. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын “Дэлгэрмөрөн цогцолбор” сургуулийг 2002 онд дүүргэж, 2006 онд УЗНАДС-ийг Сэтгүүлч-Утга зохиолын ажилтан мэргэжлээр төгссөн. Өдгөө МУИС-д Утга зохиол судлалаар магистрантурт суралцаж байна. Яруу найргийн “А тэмдэглэл” (2009), “Дотоод тэнгис” (2014) болон “Хөх мэдрэхүй шүлгийн цоморлиг” хамтын бүтээл (2010) тус тус хэвлүүлсэн. 

Бидний дунд эгэл даруухнаар оршиж, эрхэмсэг намуухнаар туурвиж яваа шүлэгчийг бид энэ удаад урьж, урлан бүтээхүйн тухай, урлан бүтээгч байхуйн тухай, шүлгийн тухай, шүлэгч байхуйн тухай энгүүн яриа дэлгэлээ.


***

Хавраас түрүүлж догдолдог миний ертөнцөд чи
Хааяахан ирдэг
Үг хэлэх шиг уруул чинь хөдлөхийн төдийд
Үнсүүлэх гэж би өлмий дээрээ “ургадаг”.
Үнэндээ бол ширээнээ үл ялиг бөхийгөөд
Өөдөөс чинь гэмгүйхэн ширтэж суудаг
Харцнаас минь чи тэгэхэд юу тааварладаг бол
Хариулах юм уу асуух, ичингүйрэх түгших давхцсан
Хар нүдний чанад руу өнгийхийг хүсдэг болов уу, мэдэхсэн
Үзэсгэлэн бүхнээ өмнө чинь гайхуулахсан гэж
Өлмий дээрээ ургасаар л буй нам гүмхэн цэцгийг
Үгүй ядаж үнэрлэхсэн гэхдээ
Өмнө нь саатах болов уу, мэдэхсэн...
Үсний чинь долгионоос сансрын дохио тархах мэт
Үүдээр айсуй яваа чинь л зөн совинд мэдрэгддэг
Уруулын чинь завсарт гэрэлтэх үгс ч тээр холоос сонсогдож
Уугаагүй дарсны хүчит аагинд аль хэдийн согтчихдог
Учраагүй, хараагүй явахдаа л төрхийг чинь би таньсан
Уншаагүй шүлэг, бичээгүй үгсэд үүрд үлдэхийг чинь ч мэдсэн
Ухаан санаанд баригдашгүй холхиос, сэтгэлд нэн ойроос
Унаган зүрхний цэвэр ариуныг тэмтрэх л гэж ирсэн чи!


***

Хоол эрж бяцхан шувууд цонх тогшлоход
Хэл дуулгахаар Сахиулсан тэнгэр ирсэн мэт догдлох
Хэнээт дурлагч би!

Цуцсан модод салхинд чичрэн гиншихэд нь
Чухам өөр шигээ санаад тэврэх гэж гараа алдлагч
Хэнхэг солиот би!

Өдөржин нэг л аязыг уйдалгүй сонсож
Үгсийн дотуур тэнүүчлэн дотно дулааныг хайх
Халаглам ганцаардмал арван зургаатай охины
Хайран ирээдүйг баллагч би!

Царцсан гудамжнаа шөнө дөлөөр
Царайгаа гэрэлтүүлэн, хэн нэгнийг хүлээж асан
Хорин тавтай тэр л үе рүүгээ буцаж очоод
Хор шартайгаар бүхнийг шинээр эхлэхсэн гэж
Хожимдон гансрагч би!

“Хэзээ эртийн шүлэг шиг яриа -
Хэт нь улам тодсох тэр л бүдэгхэн дуун бол
Амьдралын минь хамгийн үнэтэй дурсамж” гэж
Аяархан бувтнасаар хэвтрээ тэмтчих,
Ахиад сэрэхгүй байлаа ч харамсахыг даанч мэдэхгүй
Хүүхдээрээ өтөл би!


Салхинд өргөх дуун

Энхрийлэлд дасаагүй хүзүүг захан дороос минь ч олчих
Эрэмгий хаврын түрэмгий салхи аа!
Итгэж, чиний гараас атгаад л алхчихмаар
Ийм тэнэгхэн догдлол, айдаст гэнэрхэл надад байна
Чи даанч цэнгэг, навч болоод борооны үнэртэй
Чихэр шиг амтлаг болоод нууцлаг. Хаа нэгтээх тагнайд мэдрэгдэнэ...
Үзэгдэшгүй хуйн тэвэртээ намайг ороох чинь эзэрхий
Үсээ хийсгэж, буй биеэрээ чамайг мэдрэх минь хүлцэнгүй...
Ердөө л чиний урсгалыг имэрч, галзууран догшроход чинь аргадах
Ерөөл шиг ийм учрал яахаараа ч намайг зориов?
Үгийн шид хүрэмгүй яруу сайхныг чинь оргүйгээс үсэглэж
Үснийхээ ширхэг бүрээр магтан дуулахыг минь хэн мэдлээ?
Даанч чи дэргэд минь үүрд үлдэхгүй, үргэлж зөөлөн сэвшихгүй
Даажигнаж, намайг өгдөөчихөөд л хаашаа ч юм хийсч одно
Даашинзны хуниас шиг атирсан гуниг л хаана ч юм үлдэж
Даавуу сэмрэх шиг, ус дусах шиг ягуухнаар чамайг сануулах болно.
Эрх чөлөөт чамайг хүсэмжилж, энгэрээ тэврээд шөнөөр тэнүүчлэхдээ
Эгшиглэнт үгсийн айзмаар л уйтгараа бүүвэйлэх болно би!
Энхрийлэлд дасаагүй зүрхийг энгэр цаанаас ч атгана чи
Эрэмгий хаврын түрэмгий салхи аа!


Сэтгэгдэл хэсэг