"Үлдэх үг"-ийн энэ удаагийн дугаарт бид залуу уран бүтээлч Мөнхцолын Батбаярыг онцлон ярилцлагадаа урилаа. Утга зохиол судлаач мэргэжлээр МУИС-ыг төгсөж, өдгөө Өвөрмонголын их сургуульд магистрын зэрэг горилохоор суралцаж буй түүнийг авьяаслаг яруу найрагч, тун шаггүй орчуулагч гэдгээр нь олон хүн мэднэ. Мө.Батбаяр Тагтаа Паблишингаас зарладаг "Тагтаа" утга зохиолын уралдааны 2018 оны шилдэг яруу найрагч, 2017 оны шилдэг орчуулагч шагнал хүртэж байсан билээ. Олонх уншигчид түүнийг Хятадын алдарт зохиолч Үй Хуагийн "Амьдрахуй" туужийг хятад хэлнээс яруу сайхан монголчилсноор нь таньж буй биз ээ. Хориодсон насны аагинд уран бүтээлийн олон салаа зам жим өөртөө засч, үеийнхнээсээ цолгорч чадсан эл хүүг бид ирээдүйд монгол түмний оюуныг цэнгүүлэх олон сайхан бүтээл ундруулсан чамбай уран бүтээлч болно гэж ихийн их хүлээдэг. Харин энэ удаад тэр Хятадын алдарт зохиолч Үй Хуатай уулзаж, Нобелийн шагналт зохиолч Мо Яаны төрсөн тосгоноор зочилсон тухайгаа хуучилж, өөрийн уран бүтээлийн талаар өрнүүн яриа дэлгэснийг нь та бүхэндээ хүргэж байна.
Сэтгэгдэл хэсэг