Орчин цагийн үгийн урлагийн хүндтэй мастеруудын нэг зохиолч Милан Кундера социалист Чехословак улсад улс төрийн шинэчлэл өрнүүлэхээр удаан хугацаанд тэмцэж байсан бөгөөд түүхэнд 1968 оны "Прагийн хавар" хэмээн тэмдэглэгдсэн Зөвлөлтийн дарангуй хөдөлгөөний гэрч болж байв. Энэхүү үйл явдлаас сэдэвлэн "The Joke" нэрт анхны романаа туурвиснаас эхлээд эх оронд нь түүний зохиол бүтээлийг хориглон хавчих болж 1975 онд Франц улс руу дүрвэж, 1981 онд албан ёсоор тэндхийн иргэн болжээ. 1980 оноос түүний бүтээлүүд европ хийгээд олон улсад ихээхэн нэр хүндтэй болж 1960-иад онд Габриаль Гарсиа Маркез Латин Америкийг, 1970-иад онд Александр Солженицын Орос орноо үгийн урлагийн авьяас, шидээрээ дэлхий дахины анхаарал, сониучирхлын төвд авчирч байсантай ижил гавьяаг Милан Кундера эх Чехословак улсдаа байгуулсан гэдэг. Эл гарамгай мастер Милан Кундерагийн нэрийн хуудас болсон хамгийн алдартай бүтээл нь гарцаагүй Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй роман юм. Хүний мөн чанар, оршихуйн утга учрын тухай гүн ухааны эргэцүүлэл, гаргалгааг орчин цагийн хөнгөн, тогтворгүй амьдралын хэв маяг бүхий дэвсгэр дээр гарамгай уялдуулан сүлдэг бичлэгийн арга барил, егөөдөл, шогийн мэдрэмж, урсгал, яруу хэл найруулга зэрэг зохиолчийн онцгой арга барил "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" романд хамгийн тод илэрснээрээ уг зохиолыг орчин цагийн үгийн урлагийн нэн содон шидээвэр болгосон юм. "Зарим роман эмгэнэлтэй, зарим нь зугаатай байдаг бол “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй”-гаас аль алийг нь мэдэрч болно. Хүний оршихуйн олон хэмжээст, гүн бүтцийг чадварлаг, нэгд нэгэнгүй нээн үзүүлэхдээ уншигчид зугаатай, хоржоонт мэдрэмж төрүүлж, яруу өнгө аясаараа сэтгэлд гүнзгий ул мөр үлдээдэг нь энэ зохиолын суут чанар юм" хэмээн Sunday Times-аас тодорхойлсон нь уг зохиолын хамгийн магадтай дүгнэлт болов уу. "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" романыг орчуулагч Ж.Тэгшзаяагийн хөрвүүлгээр, зохиогчоос авсан албан ёсны эрхийн дагуу Тагтаа Паблишингаас хэвлэн гаргасан нь дэлхийн уран зохиолын гарамгай төлөөлөгчийн нэг Милан Кундерагийн зохиол бүтээлээс монгол хэлт уншигчдад хүрч буй анхны тохиолдол болсон билээ. Энэ удаагийн “Үлдэх үг” подкастаар “Гэрэг” фэйшн сэтгүүлийн эрхлэгч, “Коттон Кэнди” фото компанийн үүсгэн байгуулагч З.Энхмөнх (Kush), хуульч, судлаач Ч.Бат-Уянга нартай орчуулагч Ж.Тэгшзаяа “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” романы талаар сонирхолтой яриа өрнүүлснийг хүргэж байна.
Сэтгэгдэл хэсэг