ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ ХӨНГӨН ОРШИХУЙ

Орчин цагийн хүүрнэл зохиолын гарамгай мастеруудын нэг чех гаралт франц зохиолч Милан Кундерагийн нэрийн хуудас болсон хамгийн алдартай бүтээл. Хүний мөн чанар, оршихуйн утга учрын тухай гүн ухааны эргэцүүлэл, гаргалгааг орчин цагийн хөнгөн, тогтворгүй амьдралын хэв маяг бүхий дэвсгэр дээр гарамгай уялдуулан сүлдэг бичлэгийн арга барил, егөөдөл, шогийн мэдрэмж, урсгал, яруу хэл найруулга зэрэг зохиолчийн онцгой арга барил "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" романд хамгийн тод илэрснээрээ уг зохиолыг орчин цагийн үгийн урлагийн нэн содон шидээвэр болгосон юм.

"Зарим роман эмгэнэлтэй, зарим нь зугаатай байдаг бол “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй”-гаас аль алийг нь мэдэрч болно. Хүний оршихуйн олон хэмжээст, гүн бүтцийг чадварлаг, нэгд нэгэнгүй нээн үзүүлэхдээ уншигчид зугаатай, хоржоонт мэдрэмж төрүүлж, яруу өнгө аясаараа сэтгэлд гүнзгий ул мөр үлдээдэг нь энэ зохиолын суут чанар юм" хэмээн Sunday Times-аас тодорхойлсон нь уг зохиолын хамгийн магадтай дүгнэлт болов уу.

"Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" романыг орчуулагч Ж.Тэгшзаяагийн хөрвүүлгээр, зохиогчоос авсан албан ёсны эрхийн дагуу Тагтаа Паблишинг ийнхүү хэвлэн гаргаснаар дэлхийн уран зохиолын гарамгай төлөөлөгчийн нэг Милан Кундерагийн зохиол бүтээлээс монгол хэлт уншигчдад хүрч буй анхны тохиолдол болж байна.

"Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" романаар 1988 онд ижил нэртэй кино хийгдсэн байдаг нь дэлгэцийн бүтээлийн хувьд өндрөөр үнэлэгддэг ч уг кинонд эх зохиолын амин сүнс, онцгой чанар нэлээд хувиар гээгдэж бүрэн илэрхийлэгдээгүй гэж судлаач, уншигчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг ба зохиолч Милан Кундера ч зохиол бүтээлийг нь дэлгэцийн бүтээл болгон хувиргах явдлыг хатуу хориглох болсон юм.

Хэвлэгдсэн он 2017
ISBN 9789997808332