ЦАГААХАН ДАРВУУЛТ ХӨЛӨГ БУЮУ АБИРҮ МИХО

 

Сайн байна уу? Хүндэт Абирү Михо. Би бээр МУ-ын Улаанбаатар хотын ЧД-ийн 6-р хороонд байрлах гэрээсээ эл ярилцлагын ам хагалах асуултыг ийнхүү бичиж сууна. Бичгийн ширээнийхээ ард сууж буй миний зүүн гар талд шинэхэнээс орчуулан эхэлж буй хятадын зохиолч Ян Лянь Кэ-гийн роман, тус номын завсараас төмсний улаан цэцэг мэт номын хавчуурга цухуйжээ.  Баруун талд Хятадын шилдэг өгүүллэгүүдийн антологи /тус номоос би хятадаар бичдэг төвд зохиолчийг өөртөө нээсэндээ баяртай байгаа./, цаана нь монгол хэлний хэлц үгийн толь, цаана нь Шью Жи Мо-гийн эмхэтгэж найруулсан “Дэлхийн болоод Хятадын сонгомол яруу найраг” гэж ном байна. Түүний цаана бас арван хэдэн ном өржээ. Ажиглаваас ихэнх нь орчуулгын бүтээлүүд байх аж.  Харин миний халз өөдөөс Набоковын хөрөг ширтэж байна. Тус жаазтай зургийг монгол хэлний иж үгийн толь дээр тавьж өндөрлөжээ.  Түүний дэргэд миний бичгийн хэрэгсэлийн сав, наана нь гурван ширхэг янжуур бүхий тамхи байна. 

Эрхэм хүндэт Мө.Батбаяр танаа. Сайн байна уу? Захиа бичсэнд баярлалаа. Би арлын Япон дахь “Баавгайт хөндий” нэртэй хотод /японы хамгийн халуун бүсэд тооцогддог нутгийн нэг шүү !/ таны захиаг хүлээн авч уншлаа. Хүний номын сан, номын ширээг шагайх их гоё, хорхой хөдөлгөөд байдаг юмаа. Орчин тойрноо дүрсэлье гэхээр зуун задгай байгаад жаахан санаа зовонгуй. За яахав. Зүүн гар талд Төвд, Өвөр Монгол, шарын шашны сэдэвтэй хэдэн ном овоолсон байгаа. Ажиа гэгээний намтар ч бий. Одоо орчуулж буй зохиолтой холбоотой материалууд. Хажууд нь их Б.Явуухулангийн түүвэр, Ч.Лодойдамбын роман зэрэг монголын шилдэг зохиолууд. Баруун гар талд монголын болон дэлхийн уран зохиолын онол, шүүмжийн номс, сонгомол яруу найраг, өгүүллэгүүд. Ойрд сонирхон уншиж буй Солонгос, Хятадын орчуулгын зохиол ч бий. Урд талд минь түүхийн номууд, Д.Урианхай абугайн хар, улаан номууд бас харагдана. Ар талын хананд миний дуртай зураач Ж.Мөнхцэцэг болон С.Заяасайханы зураг өлгөөстэй. Эргээд ширээн дээгүүр харвал notebook болон баахан дэвтэр цаас хөглөрсөн бөгөөд жаахан зайд нь кофены аяга, 70%-ийн гашуун шоколад багтсан байна.

 Манай энд 2020 оны 8 дугаар сарын 16 ны 20:38 болж байна.  Сүүлийн хоёр өдөр бороотой өнжлөө. Та мэднэ дээ, Улаанбатарт ямархан бороо ордогийг. Юу юугүй усанд автдаг хэвээрээ. Түүнийг үл ажран хүмүүс нь бодолд автдаг янзаараа.  Цонхоор машины чимээ, ноход боргох дуу, хүүхдийн цуугиан сонсогдож,  дээд айлын чанасан толгойны үнэр, хурын чийгийн үнэртэй холилдон ханхийж байна. Гэвч энд эхний шувууд анхны навчтай цуг буцсан намар болж байгааг танд дуулгая.  

/Улаанбаатарт өнжин бороотой өдөр ямар байдгийг саначихлаа. Борооны өмнөх тоосны үнэр нь хүртэл хамар сэрвэгнүүлэх шиг болчихлоо./ За манай энд 9 дугаар сарын 1-ны өдөр, шөнө хэвийж 1.12 болжээ. Гадаа чимээ аниргүй, сайн чагнавал хааяа нэг “Коороги” царцаа дуугарч байгаа нь сонсогдоно. Манайд намрын шинж мэдрүүлдэг дуу чимээ нь энэ шүү. /Та хятад хэлний хүн юм чинь сайн мэднэ дээ. Ханз үсгээр 蟋蟀、蛬、蛩、蛼 гээд олон янзаар бичдэг, латинаар Grylloidea./ Одоо 3 цаг өнгөрөөд сонин хүргэгчийн мотоциклын бүдэгхэн моторын чимээ гудамжны цаана дуулдах хүртэл зөвхөн энэ нарийхан хонхных шиг дуу чимээ л надад хань болно.

 

Хоёр ханзыг нь мэдэх юм байна. Монголоор “Хүүрэлзгэнэ” шүү дээ. Хүүрэлзгэний дуунаар намар ирдэг гэж төсөөлөхүй бугын дуу, булаг тунгалагших нь намар болсоны дохио байдаг газрын хүн надад жиг содон санагдаж байна. Монголыг яагаад зорих болсон тухайгаа болон гэрээ орхин, улс орноо орхиод аянд гарсан тэр өдрийн дурсамж хийгээд хөрсөнд нь хөлөө анх талбиж байсан тэр үеийнхээ дурсамжаас хуваалцаач. Хүндэт Абиру Сан. Хэрэв та анзаараагүй бол та бид бүхэнд гурван тусдаа дурсамжаа хуваалцах “өртэй” болчихсон байгааг энд нэхэн сануулъя.

Яагаад Монголыг гэсэн энэ асуултыг хүмүүс надаас их асуудаг боловч өнөө хүртэл би олигтой хариулж чадаагүй. Одоо бодоход “Цаанаас дуудагдсан” л гэмээр. Багаасаа тэнгэр огторгуйг, тэнд нүүдэг үүлсийг хараад голын эрэгт хэвтэх дуртай хүүхэд байлаа. Том болоод мотоциклд аяны хөнжил, хэдэн карманы ном ачиж хүний бараагүй хээр тал зорих болж. Тэгээд нэг мэдэхэд Монголын тэнгэрийн дор зогсож байсан ч юм шиг.

Аянд гарсан тэр өдөр, сэтгэл их догдолж байсныг санаж байна. Мөн Монголын хөрсөнд анх хөл талбихад сонин содон үнэр намайг угтсаныг тод санаж байна шүү. Одоо бодоход агь гангын үнэр байсан биз. Тэр анхируун үнэрийг ер мартдаггүй юм.


  Уярам сайхан сонсогдож байна.  Бас Исса Кобаяшигийн “Нэг л өдөр би төрсөн гэрээсээ явж билээ” хэмээх мөр сэтгэлд хэт цахих мэт зурсхийв. Таны гэрээ орхисон тэртээ өдрийн тухай бодохуй, өөрөө гэрээ орхин одож байсан ангир намрын бүлээхэн өдрүүд гараас атгах мэт ойрхон байна. Ижий маань нулимс дээлнийхээ хээн дээр дусаж байсан сан. 

Уучлаарай, Абирү Михо сан. Би гэнэтхэн ингэж бодлоо. Дурсамжуудыг тань он цагийн дараалалаар хөвөрдөж яриулсаар өнөөдөрт ирэх биш өнөөдрөөс өөрөөр хэлбэл яг одоо  “яг одоо” гэж хэлж байх үед л өнгөрчихөөд байгаа  яг одоо гэдэг энэ мөчөөс ухарч хойшоогоо хөвөрдье гэж бодлоо. Яг одоогоор та Монголын уран зохиолоос ямар ямар зохиолчийн хэд хэчнээн бүтээлийг эх хэл рүүгээ орчуулаад байна вэ?

/ Энэ асуултын талаар өмнө дэлгэрэнгуй хариулсан байх гэж бодож байна. Харин яг одоо, энэ захиаг бичиж байгаа энэ мөчд орчуулж байгаа бүтээл, гараас гараагүй олон орчуулга маань хэдэн дэвтрээр бий. /

 За таныг хариулсанд тооцоод дараагийн асуултаа танд илгээе.  Японы хэвлэлийн газрууд ямар журмаар ажилдаг вэ? Ном орчуулж хэвлэх үйл явц ямар шат дамжлагыг давж уншигчийн гарт ирдэг вэ гэж асууж байгаа царай маань энэ л дээ. Тэр тусмаа орчуулгын уран зохиолууд дээр тавих шаардлагаууд юу байдаг вэ?

За үүнийг би сайн хариулж чадахгүй нь ээ. Та нар харин надаас сайн мэдэх байх. Лав нилээн олон дамжлагатай, нарийн зохион байгуулалтай, асар их хүч хөдөрмөлтэй, дээр нь мэдээж нарийн тооцоотой ажилладаг байх гэж гадарлаж байна. 

   Монголоос ямар ямар бүтээлүүд Наран улсын хэлнээ буув. Хэрхэн хүлээж авч байна.

Япон хэлнээ орчуулагдсан Орчин үеийн Монголын уран зохиолын жагсаалтыг монгол судлаач Үчида Такаши 2013 онд боловсруулсан. Үүнд сүүлийн үед орчуулагдсан бүтээлүүдийг нэмэхэд одоогийн байдлаар 200-аад шүлэг найраглал, 120-аад тууж өгүүллэг, 2 роман орчуулагдсан байна. Өгүүллэгийн хувьд Д.Нацагдорж, С.Эрдэнэ, Ч.Лодойдамба, Ц.Дамдинсүрэн нарын бүтээл их орчуулагдсан. Шүлэг яруу найргийн хувьд Л.Өлзийтөгс, Б.Лхагвасүрэн, Б.Явуухулан, Г.Аюурзанын бүтээл дээгүүр байр эзлэж байна. Харин орчуулгын тусгай ном болгон хэвлэгдсэн нь харьцангуй цөөхөн бөгөөд ихэнх нь сэтгүүл болон эрдэм шинжилгээний чиглэлийн хэвлэлд нийтлэгдсэн байдаг.

 

Уншигчид хэрхэн хүлээн авч байгааг тодорхой жишээн дээр яръя. Миний бие орчуулгыг хэвлэлд нийтлэхээс гадна лекц, work-shop, уншлага зэрэг арга хэмжээг зохион байгуулж монголын уран зохиолын сор болсон бүтээлүүдийг чадлаараа танилцуулж ирсэн. Арга хэмжээнд оролцсон япончуудаас “Монголын уран зохиол гэж төсөөлж байснаас шал өөр юмаа”, “Монголын тухай ойлголтын хүрээ тэлсэн”, “ <Монголын> гэснээс илүү бидэнтэй адилхан <хүмүүний> зохиосон уран зохиол гэж бодогдсон” зэрэг сэтгэгдэл ирүүлж байсан билээ.  

Б.Явуухулангийн уянгын шүлгүүдийг уншаад, “Миний мэддэг японы яруу найргийг бодоход их гэрэл гэгээлэг, хиргүй ариухан санагдаад сэтгэл ариутгах шиг боллоо” гэнэ. Д.Нямсүрэнгийн шүлгэнд “Өөрийгөө байгалын нэг хэсэг, байгальд шингэн уусна гэж үздэг түүний философ надад их ойр дотно санагдлаа, одоо орчин үеийн япончуудад мартагдаж буй мэдрэмж ч байж магадгүй” гэнэ. Б.Баясгалангийн шүлгийг уншаад “Яг одоогийн хот сууринд амьдарч байгаа залуу монгол хүний дотоод сэтгэхүйн өнгө, оюун ухааны хүч эрмэлзэл ийм түвшинд байгааг төсөөлөө ч үгүй байсан, монголыг нэг өнцгөөс л ойлгодог байсныгаа ухаарч өөрөөсөө ичих шиг боллоо” гэнэ. Л.Өлзийтөгсийн цуврал шүлгүүдийг уншаад “би орчин тойрны хүмүүстэй эв хам явахын тулд зохиомол дүр эсгэж өөрийнхөөрөө байж чаддаггүй нь олон, дотроо их ганцаарддаг. Харин энэ хүн миний дотрыг мэдсэн юм шиг онож хэлсэндээ яагаад ч мэдэхгүй уйлчихмаар санагдлаа” гэсэн нэг залуу хүний сэтгэгдлийг уншихад би өөрийн эрхгүй уйлчих шахлаа шүү, хэ хэ. Ийнхүү дурдаад байвал хэлж баршгүй нь. Зохиолоор дамжин монголыг сонирхох болсон хүнд, монгол хэлийг үзээрэй, тэгээд эх зохиолыг нь уншаарай гэж уруу татан уриалах би дуртай. Өөрөө эх зохиолтой танилцаж өөрийнхөөрөө орчуулахыг оролдвол бүр ч гоё мэдрэмж төрдөг шүү дээ.

     Манайд нэг ийм гаж ч гэмээр зүйл ажиглагддаг. Ямар нэгэн зохиол гадагшаа хийгээд гаднаас орчуулагдсан л бол хэн нэгэн их мэдэгч нь “өө шал хөгийн орчуулсан байна лээ” гэсэн яриа гүзээнд наалдсан дэлүү шиг дагадаг.  Гэхдээ тийм үгийг ихэнхдээ цаад эхтэй нь тулгаж, харьцуулж уншаагүй хүмүүс хэлэх нь элбэг. Үнэн худлыг нь гэвч хэн ч мэддэггүй, хэн ч баталдаггүй. Ёс юм шиг л ийм яриа гардаг нь жам. Энэ хэр үнэний ортой вэ? Жишээлбэл  япон руу орчуулагдсан монголын зохиолуудын орчуулгууд таны бодлоор хэр буусан бэ?.

Үнэхээр “эмгэнэлтэй”/энэ бол инээдэм биш, их эмгэнэл шүү!/ хэдхэн жишээг үл тооцвол “шал хөгийн” гэмээр орчуулга байхгүй гэж бодож байна. Мэдээж өө хайвал үгийн сангийн хомсдолоос үүдэлтэй ганц хоёр үгийн алдаа гарж л таарна, харин түүнээс болж бүрэн бүтэн зохиолын утга санааг гажуудуулсан хэмээн дайрах нь хир зохимжтой байх вэ? Өмнөх орчуулгаас сургамж авч, түүнийг зөв ашиглах нь илүү чухал байх. Ер нь орчуулганд “амтархах хугацаа” гэж байдаг. Япон хэл рүү орчуулагдсан үг хэллэг, найруулгад тухайн цаг үеийн онцлох шинж тусгагддаг бөгөөд өнөөгийн уншигчдад нэг л сэтгэлд буухгүй, хуучинсаг санагдах дүрслэл гарч ирэхийг үгүйсгэхгүй. /Жишээлбэл “Монгол” гэдэг үгийг дээр үед 蒙古 гэдэг хятад ханзаар бичиж япон дуудлагаар “Моуко” гэж уншиж, орчуулж байсан. Бас “гэр”-ийг хятад үг “пао” хэмээн орчуулж буй жишээ мэр сэр харагдана./ Өнөө цагийн шаардагын дагуу хуучин орчуулгыг шинэчлэх явдал мөн чухал юм.

Ийм үг хэллэгийг зөв зохистой ашиглалтаас гадна уран сайхны мэдрэмжийн асуудалд анхаарал хандуулах цаг одоо хэдийн болсон буй за. Зөв орчуулахыг хэт хичээн зүтгэснээр тухайн зохиолын уран сайхны шинж чанар алдагдахад хүрэх нь ямар ч хэлний орчуулгын зохиолд тохиолдох нийтлэг асуудал байж мэднэ. Ямар түвшний, ямар хүрээний уншигчдад зориулж орчуулах, ямар зорилгоор орчуулах гэдгээс орчуулгын арга барил ч өөр болно. Зөвхөн судлаач, монгол сонирхогчдын хүрээнд биш, жирийн нэг уран зохиолыг уншдаг япон хүнд монголын уран зохиолыг хэрхэн хүргэх вэ гэдэг талаар миний бие их анхаарал тавьдаг.

Мөн орчуулах зохиолын сонголт чухал байна. Магадгүй, энэ нь орчуулагчийн хувьд нэн түрүүнд эрхэмлэх ёстой зүйл ч юм уу даа. Үнэн голоос дурлаж, амин сүнсийг нь мэдэрч байж өөрөө сонгосон эх зохиолд орчуулагч хүн хэзээ ч хайнга хандаж чаддаггүй шүү дээ. Тухайн зохиолын мөн чанар, амт шимийг ойлгоогүйгээр албаар орчуулсан гэмээр бүтээл бол яах ч аргагүй мэдрэгддэг юм./Харамсалтай нь тийм орчуулга ч бий гэсэн үг/.

Зохиолын сонголт сайтай, орчуулах чадвар өндөр тийм орчуулагчийн шилдэг сайхан орчуулга бол манайд мэдээж бий. Үүнийг зөв үнэлж байх нь орчуулагчийн урам зориг, орчуулгын чанрыг улам дээшлүүлэхэд ач холбогдолтой гэж бодож байна. “Үнэн худлыг нь хэн ч мэддэггүй, хэн ч баталдаггүй” хий хоосон сургаар үнэлэх биш, мөн хоосон магтах ч биш, зөв зохистой үнэлэн дүгнэж, агуулгын талаар хэлэлцэн санал солилцож, монголын уран зохиолын орчуулгын чанрыг бүхэлдээ дээшлүүлээсэй, тэгэхэд хүмүүс урам дэм өгч байгаасай хэмээн хүсч байна. Уг нь уран зохиолын орчуулга гэдэг нь асар их мэдлэг туршлага шаардагддаг хөдөлмөр хэрнээ тус хөдөлмөрийг зүй ёсоор үнэлэх явдал ховор. Орчуулагч хүн бол тухайн зохиолд хайрлах сэтгэлээр л, үүнийг эх хэл рүү орчуулах юмсан гэсэн чин хүсэл эрмэлзлээр л хамаг цаг, хүч хөдөлмөрөө зарцуулдаг “хачин” гэхдээ “хайрламаар” улс шүү дээ.

  Бас нэгэн хаа сайгүй хэн нэгэн хүний амны зугаа болон унаж байдаг асуудалд таниас тайлбар авмаар санагдав. "Нүүдэлчидын ахуй соёл бусдаас ялгаатай, өөр болохоор бараг орчуулах боломжгүй" гэх утгатай газар нилээд авсан яриа байдаг. Монголын зохиолыг орчуулж буй хүн та л жаргал, зовлонг нь доторлож буй за. 

Зарим монгол хүн “Нүүдэлчдын ахуй соёл бусдаас ялгаатай, өөр байдаг нь орчуулахад хүндрэлтэй” эсвэл бүр “өвөрмөц болохоор орчуулах боломжгүй” гэж ярьдаг. Би үүнд санал нийцэхгүй. Мэдээж монголын сонгодог уран зохиолыг орчуулахад нүүдэлчдын ахуй соёлын мэдлэг зайлшгүй байх шаардлагатай. Эрдэм шинжилгээний ажил, толь бичгээс авсан мэдлэгээс гадна малчдын амьдралыг биечилэн үзсэн явдал ч чухал байх. Ямар ч гэсэн судлах боломжтой.

Миний хувьд монголын уран зохиолыг орчуулахад өвөрмөц соёл ахуйгаас илүү энгийн үг дээр толгой их ажиллуулдаг. Тухайлбал “голох”, “гомдох” зэрэг хүний сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлэх үйл үг бий. “Би”,“Чи” гэх мэт төлөөний нэр ч заримдаа төвөгтэй/Эдгээр үгийг япон хэл рүү олон янзаар орчуулж болох бөгөөд тус бүр өөр өнгө аястай, уншигчдад өөр сэтгэгдэл төрүүлнэ /. Ярианы хэллэг найруулага бас байна. Тухайн дүрийн нас, хүйс, эрхэлж буй ажил, нийгмийн давхрагаас болж, ярианы хэллэг янз янз болно. Монгол, япон хэлний ялгаанаас үүдэлтэй анхаарах зүйл бас бий. Жишээ нь монголоор зүгээр “дүү” гэхэд “эрэгтэй дүү” байна уу, “эмэгтэй дүү” байна уу, “ягаан” гэхэд “Мүрасаки/purple/” юм уу, “pink” юм уу, “Пинк” дотроо ч “Момо иро/peach pink/”, “Сакүра иро/cherry blossom pink/”, “Shocking pink” гэх мэт олон янз байдаг жишээтэй. Уг зохиолд байгаа найруулгын хэмнэл, уур амьсгалыг эвдэхгүйгээр хэрхэн орчуулах талаар бас л толгой өвдтөл эргэцүүлнэ. Ер нь уран зохиол орчуулахад эх хэлний мэдлэг чадвар л хамгийн чухал болдог биз. Энэ талаар хятад зохиолын орчуулагч та надаас илүү сайн мэднэ. Ямагт trial and error буюу туршиж алдах асуудал дагалддаг ч миний хувьд энэ бүгд орчуулахын “бэрхшээл” гэснээс “баяр баясгалан” юм даа.

Харин надад тохиолддог жинхэнэ “бэрхшээл” гэвэл текстийн үнэн зөв байдал юм. Алдартайгаар Д.Нацагдоржийн жишээг дурдахад хэдэн хувилбартай зохиол, текстийг нь хожмын хүн санаатайгаар нэмэх, хасах, төгсгөлийг эсрэгээрээ засахад хүрсэн зохиол байгааг та нар сайн мэднэ. Нацагдоржийнх шиг нарийн судлагдаагүй ч санамсаргүйгээр үүссэн техникийн алдаа бүхий зохиол байна. Сүүлийн жилүүдэд дээр үеийн бүтээлүүдийг дахин хэвлэн гаргаж, олдохоо больсон ховор номыг дахин гар дээр авах боломж нээгдэж буй нь баяртай байгаа боловч, шинэчлэн эмхэтгэх явцад нь үг үсгийг алдах, орхих тохиолдол цөөнгүй гарч байна. Зохиогч нас барснаас хэдэн арван жилийн дотор үг үсэг нь солигдон агуулга нь өөрчлөгдсөн мөрүүд ч бий. Ихэнх тохиолдолд шинэчлэн хэвлэх үед эх сурвалж болон анх хэвлэгдсэн үеийн мэдээлэлийг дурдахгүй. Хэвлэлийн оныг лавлахад л судалгааны ном материал хооронд зөрөөтэй байгаа нь харагдана. Ийм байхад зөвхөн орчуулахад биш, судалгаа эрдэм шинжилгээний ажилд ч саад тотгор учруулна. Миний хувьд аль болох анхны хэвлэлд тулгуурлан орчуулахыг хичээдэг боловч энэ нь асар их хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардах ажил болно.

    Молхи би яахан таниас илүү мэдэх билээ дээ. Нээрэн л тийм шүү, явж явж энгийн хар ярианд хэрэглэгддэг үгний маданд л уначих гээд байдаг талтай.

Ковид гэх энэ нийт хүн төрөлхтөний өмнө тулгарсан асуудлыг танай улс хэрхэн өнгөрөөж байна. Ядоны уран зохиолын ертөнцөд энэ асуудал мөн яаж нөлөөлж байна. Энэ үеэр маш олон бүтээл мэндэлж байгаа байх. Зохиолч, уран бүтээлчид “ичээндээ” ихийг туурвисан байх гэж би“хардаж” байгаа. 

Ковид нь бусад олон орныхтой адил Японы нийгмийн бүх л салбарт нөлөөлж байгаа бөгөөд энэ нь цаашдаа хэрхэхийг бид одоогоор мэдэхгүй байна. Одоохондоо үүнийг эцэслэн шийдвэрлэх баттай бодлого байхгүй бөгөөд бид янз бүрийн таамаглалын давалгаанд автагдаад живэх мэт, арай чүү амь тэмцэн сэлэж байна. Ийм нөхцөлд хэвлэлийн салбарынхан харьцангуй шуурхай хөдөлсөн шиг надад санагдана.

Онцлох үйл явдлаас дурдвал Францын нэрт зохиолч Альбер Камю-гийн “Тахал” зохиол манайд дахин бест селлерийн жагсаалтад орж ирсэн. Английн Даниел Дефо/Daniel Defoe/-гийн “Тахалтай жилийн тэмдэглэл /a journal of the plague year/”-ыг бас хүмүүс нилээн уншсан бололтой. Урьд өмнө тохиолдож байгаагүй гамшгийн талаар өнгөрсөн түүхээс суралцах сэтгэл зүйн илрэл байсан байж мэднэ. Халдвар нь Японоос өмнө тархсан Итали, Хятадын зохиолчдын бичсэн өдрийн тэмдэглэл, эсээ зэргийг шуурхай орчуулж, утга зохиолын сэтгүүлүүдэд нийтлэсэн. Японы зохиолчдын шинэ бүтээл бас төрж байна. Жишээлбэл ковид өвчин өдөр тутмын хэвийн үзэгдэл болж, хүн төрөлхтөн корона вирустай эвлэрэл олох замаар амьдрах болсон дэлхийг дүрслэсэн “Кокон-ын улирал эхэллээ” гэдэг шинжлэх ухааны уран зөгнөлт нэн богино зохиол /SF short short story/ японд “онц байдал” зарлахаас өмнө буюу 4-р сарын эхээр сошиал сүлжээгээр цацагдаад тархсан байсан. Өөрийн орших нийгэмтэй нийцэж чадалгүй, үргэлж үхлийн хүсэлд автан амьдардаг залуу хос амраг Ковид өвчны сүүдэр айсуй өдрүүдэд улам л ёс журамт нийгмээс гадуурхагдаж буйг мэдрэн сэтгэлийн хүнд байдалд унахыг дүрсэлсэн, Акутагавагийн шагналт эмэгтэй зохиолч Канэхара Хитоми-гийн "Нийгмийн бус зай /Unsocial distance/" хэмээх зохиол бас онц сонин сэтгэгдэл үлдээсэн. Цар тахалаас болж өдөр тутмын амьдрал хэрхэн өөрчлөгдөж байгааг тодорхой тэмдэглэсэн өдрийн тэмдэглэл бас олноор нийтлэгдэж байна. Хүн бол "мартдаг амьтан" гэдгийг мэдэж байгаа болохоор л  зохиолчид тухайн үед хүмүүний үйлдэл, сэтгэлийн хөдөлгөөнийг бичээд үлдээх гэж хичээж байгаа бололтой (Үнэхээр бид өнгөрсөн 3, 4-р сард хир сандарч байсан, түүнийг өнөөдөр санахгүй жишээтэй. Гайхмаар). Эдгээр зохиол бүтээлүүдийг үзэхэд зохиолчид маань ковидоос болж ил харагддаг болсон төрөл бүрийн үзэгдлээс гамшигт нүүрлэсэн хүн төрөлхтөний мөн чанрыг л тодорхойлох гэж оролдож байх шиг байна. Энэ нь 2011 оны 3-р сарын 11-нд болсон газар хөдлөлт, цүнамигийн гамшгийн дараа “гамшгийн уран зохиол” гэгдэх цуврал зохиолууд төрсөнтэй мөн адилхан. Урд өмнө байгаагүй гамшгаар ард иргэд хэлэх үгээ олохгүй байхад зохиолчид дуугүй байхгүй, хэлэх үгээ олох гээд эрэлхийлдэг юм уу даа. Зохиолчид маань уран зохиолоор юу хийж чаддаг талаар дахин эргэцүүлэн бодож, үг зохиолоор нь өнөөгийн нөхцөл байдалтай тулалдах гэж оролдож байх шиг санагдана. Бодит байдал нь уран зөгнөлийг давах мэт болж хувирсан өнөөгийн эрин үед уран зохиол ямар үүрэг гүйцэтгэж болох талаар би өөрөө ч анхааран ажиглаж сууна.

 Иймэрхүү дэлхий нийтийг хамарсан томоохон үзэгдэлүүд, нийгэм түүхийн эрс өөрчлөлтүүдийг дагаж уран зохиол мөн “бужигнаж” эхэлдэг юм уу даа. Тийм дээ ч дайны сэдэвтэй болоод дайны дараах үеийн уран зохиол одоо ч шилээвэр хэвээрээ байна гэж болмоор. Ойрхоноор нь улсынхаа уран зохиол дээр жишээ авахад л аль нэг хувьсгалын дараачаар уран бүтээлийн чанар чансаа илт сэргэсэн нь анзаарагддаг.  Тийм учраас л би Корона вирусын дараачаар уран зохиолд “бүүм” болох байх гэж битүүхэн харзнаастай сууна.

 Өнөөдөр 9 дүгээр сарын 6. Нар эртлэн жаргадаг болжээ. Ганц шувуу хотын дээгүүр ганхасхийн дэвсээр цаашилж байна. Энэхэн мөчид надад их Наран улсад очоод альхан нэг далайг тантай зэрэгцэн суугаад  ширтэх, тэгэнгээ элдвийг ярилцах хүсэл төрж байна. Манай уран зохиолыг далай гэтэлгэн улс зондоо тольлуулж буй таны тухай бодохуй дүүрэн “үгийн ачаа” тээсэн цэнхэр дарвуулт хөлөг онгоцууд цаашилж буй нь нүднээ харагдах шиг. Тэр хөлөгсийг дархлаад улсынхаа эрэг өөд хөвж яваа дуун утгын “далайч” тантай ярилцсандаа машид олзуурхаж байна.  Монголын уншигчидад энэхүү ярилцлагаар дайлгах үгс үлдсэн бол энэ яриагаа түүгээр тань өндөрлөе.

Ямар гоё төсөөлөл вэ. Биелэх болтугай! /Нээрээ миний нэр Михо нь дарвуулт завь гэдэг утга агуулдаг юм шүү./ За танай уншигчид болон Тагтаа паблишингийн хамт олонд талархал илэрхийлье. Тагтаагийн үйл ажиллагаа, өндөр зорилго бүхий сорилтуудад би ямагт Монголын ирээдүйн гэрэл гэгээг хардаг. Үүнд түшиг болж буй нь номын амтанд автсан олон уншигчид мөнөөс мөн. Ар араас нь авьяастай залуучууд тэдний дундаас гарч ирэх нь дамжиггүй. Монгол бол залуу бөгөөд элч хүчээр бялхсан улс. Та нараас суралцах юм бидэнд их бий шүү. Бяцхан тагтаа шувуу нь хил болон хэлний хязгаарыг даван дэлхийн дэвжээнд дарь жигүүрээ дэлгэн нисч явааг миний бие догдлон харсаар байх болно. Улам өндөрт, улам холд нисч явахыг тань хүсэн ерөөе! Номын цагаан буян дэлгэрэх болтугай!

2020.9.6  Хүндэтгэсэн Абиру Михо

Сэтгэгдэл хэсэг