Тагтаа паблишингаас эрхлэн гаргаж, тун удахгүй уншигчдын гарт хүрэх гэж байгаа шинэ үеийн философийн “рок од” хэмээн нэрлэгддэг Солонгос-Германы философич Хан Бён Чолийн “Тамирдсан нийгэм” хэмээх нэг сэдэвт бүтээлийн орчуулагч А.АМАРМЭНДИЙГ энэ удаагийн дугаарт танилцуулж байна. Тэрээр "Гоодаль", "Гэрэг" сэтгүүл, "Засгийн газрын мэдээ" сонинд бичиж асан урлаг, улс төр, эдийн засгийн чиглэлийн нийтлэлүүдээр нь уншигч авхай бээр хэдүйн таних болсон биз ээ.
Орчуулсан номныхоо талаар товчхон танилцуулаач?
Солонгос-Германы философич Хан Бён Чолийн “Тамирдсан нийгэм” хэмээх философийн бүтээл. Орчин үеийн буюу одоогийн капиталист нийгмийн эмгэгүүдийн талаар хийсэн шинжилгээ гэж ерөнхийд нь томъёолж болох байх. Өнөөдөр сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн эмгэгүүд өмнөх үеэс илүү түгээмэл болсон санагддаг. Чухам энэ бүхний цаана юу байгаа вэ? Орчин үеийн нийгмийн хүн төрөлхтөнд үзүүлж буй нөлөө хийгээд эдгээр нь өмнөх үеийн нийгмээс юугаараа ялгаатай вэ? гэх зэрэг асуудлуудыг хөндсөн.
Энэ сэдвийн хүрээнд шинэ үеийн философич Хан Бён Чолийн дэвшүүлж буй санаа өмнөх үеийн философичдийн үзэл санаанаас юугаараа онцгой байна вэ? Түүний сэтгэлгээний давуу тал нь юу вэ?
Хан Бён Чол энэ үеийн нийгмийг амжилтын нийгэм гэж тодорхойлсон бол Мишел Фуко өөрийн эрин үеийн нийгмийг дэг журамт нийгэм хэмээн тодорхойлж байв. Дэг журамт нийгэм нь хүмүүсийн юу хийх ёстой, юу хийх ёсгүйг тодорхойлсон, нийгмийн хэм хэмжээсийг зөрчсөн тохиолдолд сэтгэцийн эмнэлэг, шорон гэх мэт институцээр дамжуулан тухайн этгээдийг тусгаарладаг нийгэм аж. Харин амжилтын нийгэм хүнд эрх чөлөөг нь бүрэн өгсөн мэт харагддаг ч үнэндээ амжилтад хүрэх дарамтаар өөрийгөө хүлж, өөрөө өөртэйгээ өрсөлдөх төгсгөлгүй, ялагчгүй өрсөлдөөн рүү түлхэн оруулдаг гэж тэр үзжээ. Өөрөөр хэлбэл өмнөх үеийн нийгэмд хүн хэн нэгэнд мөлжүүлдэг байсан бол өнөөдөр өөрөө өөртөө мөлжүүлж, тамир тэнхээгээ туйлдаа хүртэл баран эцэст нь энэ үйл явц сэтгэлзүйн өвчлөлөөр илрэх болж гэж тэр үзсэн байна.
Энэ номыг орчуулах болсон шалтгаан болоод хамгийн их таалагдсан зүйл нь юу байсан бэ?
Үндсэн ажил маань орчуулагч биш хэдий ч энэ номын утга санаа хувийн үзэл бодолтой маань нийцэж байсан. Би өнөөгийн капиталист тогтолцоонд итгэдэггүй, хүн төрөлхтнийг цаашид сайн сайхан ирээдүйд замчилж чадахгүй гэж боддог. Миний капитализмаас олж хардаг сул талуудыг илүү учир зүйтэй, бүтэцтэйгээр тайлбарласан нь таалагдсан.
Нөгөө талаас энэ ном зөвхөн миний үзэл санаатай нийцсэнээс гадна Монголд дутагдаж буй сэдвийг хөндсөн нь таалагдсан. 1990 оноос хойш Монголд капитализм, неолиберал үзлийг хэт дахин шүтэх, түүнд сонголт үгүй мэт үзэх хандлага давамгайлах болсон. Гэтэл өнөөдөр бидний хүсдэг, гоё гэж боддог, даган дуурайдаг, нөлөөлөгч манлайлагч нарын ярианы сэдэв болдог тэдгээр зүйлс үнэндээ хүсээд байх зүйл мөн үү үгүй юу гэдгийг энэ номноос харж болно.
Аливаа уран бүтээл туурвих нь өөрийгөө илэрхийлэх нэг арга хэлбэр байдаг гэдэгчлэн таны хувьд өөрийн тань үзэл бодолтой уг номын утга агуулга нийцсэн учир орчуулахаар шийдсэн гэж байна. Өнөөгийн капиталист нийгмийн талаарх өөрийн бодлоо хуваалцаач?
Яг энэ талаар ярина гэвэл олон зүйл бий. Гэхдээ өнөөгийн хүн төрөлхтөнд тулгамдсан хэдэн гол асуудлыг дурьдах гээд үзье л дээ. Нэгдүгээрт тэгш бус байдал. Оксфам байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхийн хамгийн баян 2100 орчим хүн дэлхийн нийт баялгийн 60 хувийг эзэмшиж байна. Монголд ч бас ийм харьцаа гарах байх. Цар тахлаас үүдэж дэлхий дахин эдийн засгийн хүндрэлтэй тулгарч, олон сая хүн ядуурлын ангал руу унаж байхад Жефф Безос зэрэг дэлхийн баячуудын хөрөнгө улам бүр өсөн нэмэгдэж байх жишээтэй. Эдийн засгийн баялгийг төвлөрүүлсэн хүмүүс шууд болон шууд бус байдлаар улс төрийн эрх мэдэлд нөлөөлөх нь гарцаагүй. Ингэснээр ардчилал нэр төдий зүйл болж хувирч байна.
Энэ эрин үеийн хүмүүсийн дараагийн нэг том асуудал нь уур амьсгалын өөрчлөлт. Капиталист эдийн засгийн тогтолцоо тасралтгүй өсөж байх ёстой. Эдийн засгийн өсөлт зогсох эсвэл хасах руу ороход тогтолцоо ганхах болно. Гэтэл эдийн засаг байгальд ямар нэг нөлөө үзүүлэлгүйгээр өсөх бараг л боломжгүй. Тэгэхээр эдийн засгийн тасралтгүй өсөлт гэдэг нь байгаль орчинд үзүүлэх хүний нөлөө тасралтгүй нэмэгдэнэ л гэсэн үг болж таарна.
Эцэст нь та бид бүхэн амжилттай байх, мөнгөтэй болох, аз жаргалыг хэрэглэж буй бүтээгдэхүүн үйлчилгээгээр тодорхойлох тухай зар суртачилгаа, уриа лоозон, нөлөөлөгчдийн лекцээр дүүрэн хорвоод амьдарч байна. Хүний аз жаргал, оршихуйн утга учир амжилт, мөнгө, эсвэл бараа бүтээгдэхүүнээр тодорхойлогддог болсон нь дэвшил биш ухралт гэж боддог.
Таны орчуулсан энэхүү ганц сэдэвт бүтээл бол өнөөгийн нийгмийн хүмүүсийн тархи сэтгэхүйд өрнөж буй өөрчлөлт болох нэн шинэ үеийн эмгэг, нийгэм-сэтгэл зүйн үзэгдлүүдийн учир шалтгааныг философийн үүднээс тайлбарлан бичсэн бүтээл гэдэг. Энэ талаар илүү тодруулан ярьвал...
Энэ номонд зохиогч орчин үеийн хүмүүсийн амьдралыг “нүцгэн амьдрал” хэмээн тодорхойлсон бөгөөд амьдрах шалтгаан болоод амьдралын утга учир үнэт зүйл болсон тэдгээр чимэг зүүлтийг нь хуу татан авч нүцгэлсэн, зөвхөн биологийн хувьд оршин тогтнох, амьд үлдэх тэр зорилгыг л өмнөө тавьсан нийгэм болон хувирсан гэж үзжээ. Ийм нийгмийн эцсийн зорилго нь үйлдвэрлэлийн гарцыг л дээд түвшинд хүргэх. Өмнөх үеийн нийгэмд үүнийгээ албадлагаар хийдэг байсан бол орчин үеийн нийгэмд субъектүүд нь буюу бид өөрөө өөрсдийгөө албадан энэхүү зорилгын төлөө амьдардаг болсон байна. Үүний үр дүн нь сэтгэл гутрал зэрэг олон арван сэтгэцийн эмгэг болон илэрч байгаа аж.
Орчуулж байхад тохиолдож байсан хүндрэлтэй зүйл, туршлага, сонирхолтой зүйлээсээ хуваалцаач?
Философийн ном байсан болохоор нэр томъёог орчуулах хамгийн хүндрэлтэй байсан. Монгол хэлэнд тогтож, дадаагүй болохоор миний орчуулсан үгийг хараад тухайн нэр томъёоны цаана байгаа ойлголт уншигчид шууд буух эсэх нь эргэлзээтэй. Тухайн салбарын мэргэжилтнүүдээс асуух замаар нэр томъёонуудыг орчуулж байсан.
Энэхүү номыг орчуулах үйл явцад хэдий хэмжээний хугацааг зарцуулсан бэ?
Өөрийн үндсэн ажлынхаа хажуугаар номын орчуулгаа хийсэн учир харьцангуй удаан хугацааг зарцуулсан. Хагас жил гаран болсон доо. Гэхдээ яах вэ ном маань яарч адгалгүй амар тайван амьдрах ёстой гэсэн үндсэн агуулгатай байсан болохоор номынхоо зөвлөгөөг дагасан юм уу даа.
Аливаа уран бүтээл болоод орчуулгын ажил том бага гэлтгүй түүнийг бүтээн туурвих хөдөлмөрлөх явцад тухайн уран бүтээлчид өөрийн гэсэн арга барил бий болдог. Тэгвэл өөрийн урлан бүтээх хэв маяг, онцлогоосоо хуваалцаач?
Уран бүтээлч хүн биш болохоор урлан бүтээх хэв маяг, онцлог гэх зүйл байхгүй. Ерөнхийдөө ажлын үед баримталдаг зүйл нь унтмаар бол унтаад, идмээр бол идээд тэгээд яг бүх хүсэл ханасан үед ажиллахыг илүүд үздэг. Тав туханд дуртай хүн юм уу даа. Зөвхөн энэ номын орчуулга гэлтгүй бусад зүйл дээр ч мөн цаг хугацаанд баригдаж нарийн төлөвлөсөн хуваарийн дагуу ажиллах гэхээсээ илүү өөрийн тав тух боломж бололцоог нэгт тавьдаг гэх үү дээ.
Уран зохиол таньд юу өгдөг вэ?
Уран зохиол надад яг юу өгдөг гэдгийг би тодорхой хэлж чадахгүй. Харин энэ асуулттай холбогдуулан хэлэхэд өнөө үеийн чөлөө завгүй хурдтай нийгэмд хүмүүс унших дадлаа бүү алдаасай гэж хүсдэг. Жишээ нь “Тамирдсан нийгэм” номд “Орчин үед үнэлэгдэх болсон мултитаскин гэх чадвар бол үнэндээ амьтдад байдаг чадвар аж. Учир нь зэрлэг амьтан эвцэлд орж эсвэл идэш тэжээлээ идэж байхдаа бусдад идүүлчихгүй байх хэрэгтэй. Иймд олон зүйлд зэрэг анхаарал нь төвлөрч байж байгальд амьд үлддэг” гэж гардаг. Харин нэг зүйлдээ гүн төвлөрөх чадвар нь зөвхөн хүний чадвар ажээ. Мултитаскин чадвартай хүмүүс өмнө нь бүтээгдсэн зүйлийг маш хурдтай ахин дахин хийж чадах ч, шинэ зүйл бүтээж чаддаггүй. Харин философи, соёл зэрэг хүний нийгмийн бүхий л дэвшилүүд гүн төвлөрөх чадварын бүтээл аж. Техник технологийн дэвшлийг дагаад би ч нэг зүйлд удаан хугацаанд гүнзгий анхаарал төвлөрөх чадваргүй болж байгаагаа ажигладаг. Ном унших бол харин эргээд биднийг нэг зүйлд гүн удаанаар төвлөрөх дадал суулгах нэг арга зам гэж боддог.
Өөрийн хамгийн дуртай зохиолч болон зохиолынхоо тухай хуваалцаач?
Оросын зохиолч Ф.М.Достоевский болон түүний бүтээл “Карамазовын хөвүүд” романд дуртай.
Яагаад энэ зохиол болон зохиолчид дуртай вэ?
Ошо Кармазовын хөвүүдийг Библээс ч аугаа зохиол гэж хэлсэн байхыг харж байсан. Уншиж үзээд санал нэгдсэн. Хүний амьдралын бүхий л сэдвийг хамарч чадсан бүтээл санагдсан. Бүхий л амьдралыг багтаасан кино эсвэл зохиол байдаг даа. Ийм бүтээлүүд аугаа санагддаг. Ийм том бүтцийг хэрхэн санаандаа төсөөлж, дараа нь буулгадаг бол гэж боддог. Зохиолын эхэн хэсэгт гардаг зарим нэг дүр, үйл явдал онц ач холбогдолгүй, яах гэж оруулсан юм болдоо гэсэн бодол төрүүлдэг ч төгсгөл хэсэгт тэр дүр, үйл явдалууд нь маш хүчтэй байдлаар ахиад гараад ирдэг. Анхнаасаа ийм төлөвлөгөөгөө харчихаад бичсэн үү, эсвэл бичих явцдаа л ингэж ундарсан юм болов уу гэдэг нь их сонирхолтой санагддаг. Достоевскийгийн “Гэм зэм” зохиолын Мармеладов эсвэл Дорд үзэгдэгсэдийн Алёша шиг хайрламаар эсвэл үзэн ядмаар дүрүүдэд их хайртай.
Өөрийг тань “Алтан хальс” холбооны www.artfilm.mn сайтад нийтэлсэн кино урлагтай холбоотой сонирхолтой нийтлэлүүдээр нь уншигч олон илүүтэй мэдэх болов уу. Таны бодлоор кино гэх зүйл холбоо хамаарлын хувьд урлагийн аль төрөлтэй илүү уялдаж бүтдэг вэ?
Монгол найруулагчид сайн кино зохиол байхгүй учраас сайн кино төрдөггүй гэж ярьдаг ядмаг тайлбараас залхаад “Кино ба кино зохиол” гэж жижигхэн бичвэр бичиж сонинд нийтлүүлж байсан. Ихэнх хүн киног тодорхой шугаман болон шугаман бус хүүрнэл, түүхгүйгээр төсөөлж чаддаггүй. Ийм ч учраас киног шуудхан уран зохиол эсвэл тайзны урлагтай холбон ойлгодог. Орчин үеийн кино бизнесийн салбарт шугаман хүүрнэлтэй кино давамгайлж байгаа болохоор энэ нь ч аргагүй. Гэхдээ би кино бол дүрслэлийн урлаг гэдэгт итгэдэг. Уран зохиолоос илүү уран зураг, гэрэл зураг, видео бичлэгтэй холбогдох ёстой. Нөгөө талдаа цаг хугацааны хязгаартай гэдгээрээ хөгжимтэй бас холбогдож болох байх. Зүгээр өнгө дүрс хараад эсвэл дуу чимээ сонсоод хүний сэтгэл хөдөлнө гэдэг сонирхолтой санагддаг. Түүнээс сэтгэл хөдөлгөм шүлэг уншаад хүний сэтгэл хөдлөх бол харьцангуй мэдээжийн зүйл юм шиг санагддаг.
“Кино ба кино зохиол” нийтлэлийг http://artfilm.mn/journal/article/213/ эндээс уншиж болно.
Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөөгөө бидэнтэй хуваалцаач?
Уран бүтээлч хүн биш, өөр ажил мэргэжилтэй хүн болохоор уран бүтээлийн төлөвлөгөө гэх зүйл байхгүй. Цаашид “Тамирдсан нийгэм” шиг Монголд төдийлөн анхаардаггүй сэдвийг хөндсөн эсвэл миний түгээхийг хүсдэг үзэл бодолтой холбоотой ном байвал орчуулж болох байх аа.
Орчуулагчын хувьд “Тамирдсан нийгэм” бүтээлийн утга санаагаар дамжуулж уншигчдад хүрэх ойлголт болоод нөлөөлөл юу байгаасай гэж хүсэж байна вэ?
Философийн ном болохоор уран зохиолын ном шиг амархан гулсаад орчихгүй байж магадгүй. Гэхдээ уншаад үзвэл өгөөжтэй ном гэж бодож байна. Эргэн тойрноо харахаар дүүрэн манлайлагч, нөлөөлөгч, хурал чуулган болжээ. Тэд ерөнхийдөө түрэмгий өрсөлдөөнч бай, нойр хоолгүй ажилла, мөнгө ол, амжилтанд хүр гэсэн агуулгатай.
Ийм цаг үед өөрөө өөрийгөө олж яваа өсвөр насныхныг харахаар өмнөөс нь харамсдаг. Манай доод үеийнхэн гутранги, сэтгэлзүйн асуудалтай, өөртөө итгэлгүй болсон юм шиг санагддаг нь ч нийгмийн энэ өөрчлөлттэй холбоотой санагддаг. Өөрөө өөртөө өндөр стандарт тогтоогоод түүндээ хүрч чадахгүй, өөрөө өөртэйгөө өрсөлдөөд бууж өгч ялагдсан ч юм шиг санагддаг. Тэгэхээр орчин үеийн нийгэмд амьдарч байгаа хүмүүс энэ номыг уншвал юу болоод байгаа, яагаад зарим зүйлс өөрт тань болж бүтэхгүй санагдаад байгаа гэх мэт асуудлууддаа тодорхой хэмжээнд хариулт авах, цаашлаад амьдралдаа өөрчлөлт хийх боломжтой болох болов уу гэж бодож байна.
ЯРИЛЦСАН: М.ОЮУ-ЭРДЭНЭ
ГЭРЭЛ ЗУРАГ: МӨ.БАТБАЯР
Сэтгэгдэл хэсэг