Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд хоёр жил тутамд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаант шагнал зарладаг билээ. 2020 оны "Тагтаа" утга зохиолын эздээс 5 асуултан товч хариулт авлаа. ОРЧУУЛГЫН төрөлд тэргүүлсэн Д.МӨНХХИШИГ
“Тагтаа” 2020 утга зохиолын шагналтан болсонд баяр хүргэе. Өөрийгөө танилцуулаач.
Баярлалаа. Намайг Д.Мөнххишиг гэдэг. Иргэний нийгмийн байгууллагад ажилладаг. Таван жилийн өмнөөс уран сайхны кино орчуулж эхэлсэн. Шалгарсан гэж сонсоод баярлахаасаа илүү эмээсэн. Өндөр хариуцлага шүү дээ. Одоо ч гэсэн тийм нэг хүнд зүйл мэдрэгдэж байна. Ер нь энэ айдсаас салахгүй дэг ээ. Эмээж байгаа ч сайжирч болох юм гэх итгэл төрсөн.
Таны амьдралын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Өглөө гараад, орой харьдаг ажилтай. Залуучуудын хөгжлийн хөтөлбөр учраас голдуу сургалт, судалгаа хийдэг. Зав зайгаар нь ном уншина. “Алтан хальс” холбоо долоо хоног тутам “Мөрөөдөгчдийн өдөр” гэж кино үзвэр зохион байгуулдаг болохоор мэр сэр кино орчуулна. Одоо харин хөл хорио гээд киноны ажил татарсан.
Уран зохиол сонирхож, бичиж туурвихад нөлөөлсөн хүчин зүйлүүд юу байв?
Би ч тийм бичиж туурвидаг хүн биш ээ. Ултайхан уншдаг ч гэж хэлж зүрхлэхгүй. Уран зохиол шохоорхох болсон нь манайх багашаар ч гэсэн номын сантай байснаас л тэр болов уу. Ээж багад үлгэрийн ном, сонин сэтгүүл захиалж өгдөг байсан. Дунд сургуульд манай ангийг Ч.Цоодол гэж монгол хэл, уран зохиолын багш хүн удирдаж төгсгөсөн юм. Монголын нууц товчоо, Д.Намдаг гуайн “Хөгшин чоно ульсан нь”, Пушкиний “Евгений Онегин” олж уншицгаа гэдэг сэн. Ахлах ангид харин Г.Аюурзана зохиолчийн хар номууд, оюутан болоод орчуулагчдын блог олж уншсан.
Цаашдын зорилго төлөвлөгөө тань юу вэ?
Ойрын төлөвлөгөө гэвэл орчуулах эрдэмд шамдах, монгол хэлний найруулга зүйд суралцах, хуучны монгол ном зохиол унших л юм даа. Орхан Памукийн хэлдгээр зүүгээр худаг ухах сан. Уран зохиолын орчуулгыг өөр ажлын хажуугаар босон суун хийх хөдөлмөр биш гэдэг болохоор санаа зовниж л байна.
Унших дуртай зохиол, зохиолч
Достоевский, Сартр, Кафка, Жойсын монгол хэлээр хэвлэгдсэн зохиол болгон л онц сонин байсан даа. “Огиудас”, “Үг” тууж, “Зураачийн залуугийн хөрөг” гээд л. “Үлисс”-ийг бол уншаагүй. Ашгүй саяхан Одиссэй гарахаар нь амтархан уншсан. Сүүлд Нагиб Махфузын “Зэрэглээ” гэж зохиол уншсан. Өрнийн зохиолчдоос суралцахын сацуу өөрийн орны онцлогийг шигтгэн туурвиж, Египетийн уран зохиолд шинэ салхи авчирсан гэгддэг юм билээ. “Хар захын гудамжны Спиноза” өгүүллэгийн түүвэрт Б.Баясгалан эгчийн орчуулгаар нэг өгүүллэг нь бий.
Сэтгэгдэл хэсэг