Уншигчдадаа Хятадын орчин үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч Үй Хуагийн ярилцлагыг толилуулж байна. Тагтаа Хэвлэлийн газраас түүний "Амьдрахуй", "Цусаа худалдсан тэмдэглэл" хэмээх хамгийн алдартай романуудыг орчуулагч, яруу найрагч Мөнхцолын Батбаярын орчуулгаар эрхлэн хэвлүүлж, уншигчдадаа өргөн бариад буй билээ. Эдгээр номуудаар зохиолчийн уран бүтээлтэй хэдийн танилцсан уншигчдадаа бид өнөөдөр Үй Хуагийн өөрийнх нь дотоод ертөнц, уран бүтээлчийн хувь чанартай улам гүнзгий танилцах боломжийг олгож байна.
СУРВАЛЖЛАГЧ: Та шүдний эмч байснаа яагаад гэнэт зохиолч болохоор зориглосон юм бэ? Ийм шийд гаргаснаар гэр бүлтэйгээ хувийн эсвэл мөнгө санхүүгийн талаар зөрчилдөхөд хүрсэн үү?
ҮЙ ХУА: Би таван жилийн турш шүдний эмчээр ажилласан. Гэвч өдөржин хүмүүсийн ам руу ширтэж суухаас уйдсан. Хүний аман доторх шиг муухай юм ховор шүү. Залуу ч байж, орчлон хорвоогийн сонин сайхныг үзэж хармаар болно оо доо. Тэгтэл соёлын төвд ажилладаг залуус гэж өдөржин гудамжаар хэсүүчилсэн улс байдгийг анзаарлаа. Тэднээс “Та нар ер нь яагаад ажил хийдэггүй улс вэ?” гэж асуутал өөдөөс “Гудамж метрлэх чинь бидний ажил” гэж байна шүү. Үүнийг сонсоод “Яг л надад таарсан ажил байна даа” гэж бодож билээ. Тэгээд соёлын төвд яаж ажилд орох талаар тэднээс асуутал “Зохиол бич л дээ” гэж байна. Зохиолууд маань хэвлэгдчихвэл шууд л соёлын төвийн ажилтан болчих юм байх. Чингээд зохиол бичиж эхлэлээ. Олон ч сэтгүүлд хэвлэгдлээ. Удалгүй соёлын төвдөө ч харьяалагдах болов. Соёлын төвд ажилд орсон өдрөө зориуд ажилдаа хоёр цагаар хоцроод очлоо. Гэтэл надаас өөр хэн ч байдаггүй. Тэгмэгц “Янзтай. Ёстой л надад тохирох ажил байна даа” гээд ихэд олзуурхаж билээ. Ингээд л үд хүртэл унтаж, үхрийн дуунаар сэрээд, гудамжаар дэмий баахан гулиалж байгаад орой нь гэртээ ирэн цаас цоохорлож суудаг амьдралтай болсон доо. Харин 1993 оноос зохиол бүтээлээсээ олох орлогоороо гэдсээ тэжээж дөнгөх нь гэсэн итгэлтэй болохуй өнөөх чөлөөтэй сайхан ажлаа өгөөд Бээжинд ирж төвхнөсөн. Тэгээд бүр л чөлөөтэй, дураар амьдрах болсон доо.
СУРВАЛЖЛАГЧ: Соёлын хувьсгалын үед өнгөрсөн хүүхэд насаа дурсаач? Эцэг эх тань ямар хүмүүс байв? Танайх хаанахын айл вэ?
ҮЙ ХУА: Би өмнөд Хятадын багашаархан сууринд өссөн. Эцэг эх маань хоёулаа эмч улс. Сурагч нас минь Соёлын хувьсгалын он жилүүд дунд өнгөрсөн. Унших ямар ч номгүй, уран зохиолын бүх номыг галдан шатаачихсан үеийн хүүхэд. Хааяахан ганц нэг ном олдож гэмээнэ гараас гарт дамжиж явсаар байгаад урагдаж салбарчихсан, энд тэндээсээ хуудас нь арав хориороо дутуу юмс л олддог байлаа. Эхлэл төгсгөлгүй, зохиолчийнх нь нэр ч байхгүй ном хэд гурвыг уншсан шүү. Харин Соёлын хувьсгалын үед Том Үсгийн Хуудас гээч ухуулах хуудас гарч ирсэн нь миний хувьд жинхэнэ уран зохиолын уншлагын маань эхлэл болсон гэх үү дээ. Хүмүүс бие биенээ элдвээр гүжирдэж, үнэн худал нь мэдэгдэхгүй баахан түүх, доромжлол, дайралт зохиогоод том үсгийн хуудсан дээр хэвлэн тараадаг байлаа шүү дээ. Анзаарагдамгүй жижиг юмнаас ч араатан босгож ирээд бие бие рүүгээ турхирна. Харин над мэтийн цүнхээ даахгүй жааханчуул нь сургуулиасаа гэр лүүгээ харих замдаа гудамжаар нэг эрээлсэн тэр хуудаснуудыг л уншиж алхана шүү дээ. Хувьсгалын уриа лоозонг огт ойшоохгүй мөртлөө тийм хуудаснуудад учиргүй хорхойсдог байлаа. Бүр садар самуун юмсыг нь ч тогтоож ирээд уншина гээч.
СУРВАЛЖЛАГЧ: Унших ном олддоггүй байсан үеийн хүүхэд гэхэд та яаж уншигч болов оо? Одоо голцуу юу уншиж байна?
ҮЙ ХУА: Одоо бол би овоо зэгсэн уншигч шүү. Зохиолч болъё гэж бодож байвал эхлээд маш сайн уншигч болох ёстой юм. Сайн уншигч биш бол сайн зохиолч болно гэж бодолтгүй. Бичдэг хүн толгой дээрээ зохиолч, уншигч гэсэн хоёр малгай өмсөж явдаг. Зохиолчийн ур ухаанаараа өгүүлэх түүхээ баяжуулан урагш түрж, уншигчийн хур туршлагаараа өгүүлэмжээ хааш нь залж чиглүүлэхээ, давс хужрыг нь хэрхэн тааруулахаа сайтар хянаж тохируулах нь байна шүү дээ.
Одоогоор би Хятадын түүх их уншиж байна. Ялангуяа хорьдугаар зууны Хятадын түүх. Хятад улс сүүлийн зуун жил маш олон өөрчлөлтийг туулжээ. Тэр бүхнийг биеэр туулсан хүмүүсийнх нь үгээр унших их сонирхолтой байна.
СУРВАЛЖЛАГЧ: Чухам юу танд бичих урам зориг, хүсэл төрүүлдэг вэ?
ҮЙ ХУА: Бичиж эхлэхээсээ өмнө зүгээр л юу хүссэнээ хийдэг. Чөлөөтэй, дураар хүн байхыг хүссэнээ дээр хэлсэн. Тэгж тэгж нэгэнт бичээд эхэлтэл үзгээ тавих аргагүй болдог юм байна. Хүн бүрд л энгийн амьдрал дээрээ илэрхийлж гаргаж болохгүй хүсэл, сэтгэл хөдлөл байдаг байх. Харин бичдэг хүн бол дотор нь төрөөд байгаа тэр хүсэл, сэтгэл хөдлөлүүдээ өөрийн зохиосон уран сайхны ертөнцдөө чөлөөтэй илэрхийлж болно. Бичих нь миний амьдралыг бүтэн болгодог. Бодит амьдрал, зохиомол амьдралын минь энэ хоёр тал надад яг л эрүүл мэнд, өвчин зовиур хоёр шиг санагддаг. Нэг нь хүчтэй болоход нөгөө нь суларна. Үг өгүүлбэрээр бүтээсэн зохиомол амьдрал минь илүү сонирхолтой, хүчтэй өрнөх тусам бодит амьдрал минь сонирхолгүй, нунж дорой санагдаад ирнэ. Гэхдээ энэ хоёрын аль нь өвчин, аль нь эдгэрэл юм бэ гэдгийг оноож хэлэх хэцүү.
СУРВАЛЖЛАГЧ: Таны бүтээлүүдийг Хятадад хэт авангард, тэрслүү гэж үздэг байсан гэлцдэг. Яагаад тэгж үздэг байсан юм бол? Та үнэхээр зохиол бүтээлээрээ нийгэмтэйгээ тэрсэлдэг хэрэг үү?
ҮЙ ХУА: Тийм ээ, 1980-аад онд намайг авангард, тэрс зохиолч гэлцдэг байлаа. Тэр үед уран зохиолоор хүн юу илэрхийлж болох тэр бүхнийг л туршихыг хүсэж байжээ. Намайг зохиол бичиж эхлэх үест Хятад орон Соёлын хувьсгалын он жилүүдийг ид туулж байлаа шүү дээ. Уран зохиол гээч юм байсан ч үгүй. Романууд нь ялгарах юмгүй ижилхэн. Маш эмгэнэлтэй нөхцөл байдалд байлаа шүү дээ, бид. Тэр цаг үеийг гэтэлж гарахын тулд бид бичлэгийн өөр өөр арга хэлбэрүүдийг туршиж эхэлсэн юм. Хятадын уран зохиол одоо ийм баялаг өнгө төрх, олон янзын илэрхийлэлтэй байгаа нь тэр үед элдэв янзын юм уйгагүй туршиж байсан миний болоод хэдэн нөхдийн минь гавьяа гэж би итгэдэг. 1990 оноос хойш, “Амьдрахуй”, “Цусаа худалдсан тэмдэглэл” хоёроо барьж авснаас эхлээд би харьцангуй хялбар, төвөг багатай хэв маягаар бичих болсон. Дүрүүдийнхээ дуу хоолойг сонсож эхэлсэн хэрэг. Зохиолдоо илүү автаж, дүрүүдийнхээ мөн биед орж явчихсан минь тэр. Үнэхээр гайхалтай мэдрэмж шүү.
СУРВАЛЖЛАГЧ: Авангард стилиэр бичдэг хүнд юу нөлөөлсөн болоод тийм уламжлалт, энгийн маягаар бичиж эхлээ вэ?
ҮЙ ХУА: Хятадын уран зохиолын шүүмжлэгчид ч бас ингэж гайхдаг юм. Харин би бол дүрүүддээ ханддаг миний хандлага өөрчлөгдсөн учраас л тэр гэж хэлнэ. Наяад онд бичиж байсан юмсыг маань харвал зохиолч бол бурхан, зохиолч бүгдийг мэднэ, зохиолч бүгдийг зохиож чадна гэсэн хандлага давамгайлж байгаа. Тийм ч учраас босгосон дүрүүд маань дохио тэмдэг төдий абстракт болчихжээ. Харин 1990-ээд он гарах үест би дүр маань өөрийн гэсэн дуу хоолойтой, өөрийнхөө өмнөөс хүүрнэж чадах юм байна гэдгийг гэнэтхэн ухаарсан юм. Эхэндээ бол би юу бичихээ мэдэж байдаг, нэг мөр тавиад араас нь юу бичих, түүнийгээ залгуулаад ямар өгүүлбэр тавихаа ч бодчихсон, энэ хэсгийг бичих амархан, тэр хэсгийг бичих хэцүү байх болно гэдгийг ч тооцчихсон байдаг байлаа. Харин дүрүүдээ өөрөөр харах болсноос хойш энэ арга маань урагшгүй болж эхэлсэн. Дүрүүд маань үйл явдлыг өөрсдөө удирдаад явж болох аж. Зохиол маань цааш яаж хөврөхөө ч өөрөө шийднэ. Дүрүүд юу хийхээ өөрсдөө мэдэж, зохиолоо өөрсдөө удирдах болсноос хойш бичихэд хэцүү хэсэг ч байхаа больсон. Би тэднийг удирдаж хянахаа болиод, зохиол дундаа зоргоор нь орхичихсон. Чухам ингэж бичиж эхэлснээс хойш дүрүүд маань улам амьд, өөр өөрийн гэсэн хувь тавилантай бодгалиуд болж ирсэн. Виктор Хьюгогийн нэг шүлэг байдаг даа.
Энэ хорвоо дээрх хамгийн уудам зүйл юу вэ гэвээс
Эрчлэн хуйлрах их далайг нэрлэмүй.
Ээ, гэхдээ дээр хөхрөгч тэнгэр
Эргээ хаших далайтай эгнэшгүй уужим билээ.
Хөхрөгч их тэнгэрийг л хамгийн агуу нь гэтэл
Хүмүүний зүрх түүнээс бүр ч агуу ажгуу.
Иймд, хэдий би өөрөөсөө шал өөр, бүр тэс хөндлөн хүмүүсийн тухай бичиж байлаа ч, хүний зүрх сэтгэл өөрөө хэмжээлшгүй том болохоор, надад тэднийг ойлгож, тэдэнд хувилж, тэдний үгийг өөрийнхөөрөө бичиглэн дамжуулах чадал бий л гэсэн үг.
СУРВАЛЖЛАГЧ: Абстракт зохиолч байхдаа та ингэж чаддаггүй байсан гэж үү?
ҮЙ ХУА: Арван долдугаар зууны үеийн Оросын нэрт шүүмжлэгч Белинский байна аа даа. Түүний Толстойн “Анна Каренина”-гийн тухай бичсэн нэг эсээ надад их онцгой санагддаг. Тэр романы бүх дүр яв явсаар Толстой өөрөө мөн гэдгийг баталсан байдаг юм. Наяад онд тэр эсээг уншчихаад би юу ч ойлгоогүй. Харин ерөөд он гартал өнөөх эсээний маань учир начир тодроод ирэх шиг болсон шүү. Зохиолч хүний бүтээсэн бүх дүр яв явсаар зохиолч өөрөө л байдаг юм байна. Зохиолч хэчнээн олон янзын дүр бүтээлээ ч яг л тэнгэр шиг бүгдийг нь өөр дотроо агуулж байдаг гэсэн үг.
СУРВАЛЖЛАГЧ: Та “Амьдрахуй” романыхаа тухай яриач?
ҮЙ ХУА: “Амьдрахуй” миний азын ном. Одоо ч бүр соёлын билэг тэмдэг болох тийшээгээ явж байна. Шүүмжлэгчид л тэгж хэлдэг юм шүү, би биш. Жан Имоу үүгээр маань кино хийсэн. Бид хамтдаа их сайхан ажилласан. Хятадад надтай таарсан хүмүүс ном нь киноноосоо дээр гэж хэлдэг юм. Жан Имоутай таараад кино нь номоосоо дээр гэдэг биз.
Энэ зохиолыг эхлээд 10,000 үг ханз биччихсэн хойноо би өнөөх л авангард хэв маягаараа үзэж тарж буйгаа ойлгоод гацчихсан. Тэгээд бичих аргаа өөрчилж, зохиолын гол баатар Фү Гүйгээр өөрөөр нь амьдралыг нь яриулсан. Зохиолын үндсэн агуулга маш хүнд ч гол дүр болох боловсрол хэр тааруу, хөдөөх өвгөний хүүрнэлээр хөвөрч буй тул хэн ч уншсан ойлгож ядах юмгүй амархан.
“Амьдрахуй”-д Фү гүй хэмээх эрийн 1940-өөс 1980-аад оны амьдралыг харуулна. Тэр дайн, өлсгөлөн, Соёлын хувьсгал, эдийн засгийн их үсрэлт гэсэн манай орны түүхийн дөрвөн чухал үеийг дамнан амьдардаг. Зохиолын төгсгөлд түүний бүхий л ойр төрөл, гэр бүлийнхэн нь үхдэг ч тэр амьдралыг өөдрөгөөр харсаар байдаг. Их сэтгэл уярам зохиол шүү. (Инээв.)
Номын маань тухай жирийн уншигчдын бичсэн сэтгэгдлүүд миний сэтгэлийг их хөдөлгөдөг. Их сургуулиа төгсөөд ажилд орж чадахгүй, гудамжинд үүргийн худалдаа хийдэг болсон нэг залууд амьдрал нь утгагүй санагдаад амиа хорлохын даваан дээр энэ зохиолыг уншаад надаас ч хүнд хэцүү амьдралтай хүн амьдралд бууж өгөөгүй байхад би юу юуны туханд хүрэлгүй шалдаа буудаг нь юу вэ гэж бодсон гэнэ лээ. Бас нэг оюутан охин зохиолыг уншингуутаа гэртээ бушуухан харьж аав ээжийнхээ барааг хармаар байна гэж гэр лүүгээ утастсан гэх. Иймэрхүү сэтгэгдлүүд хөвөрч өгдөг юм. Би бүгдийг нь дурдъя гэвч санахгүй байна.
СУРВАЛЖЛАГЧ: Сэтгэл заслын хамгийн хямд эмчилгээ болчих юм биш үү?
ҮЙ ХУА: (Инээв) Уншсан хүн бүр л сэтгэл шимширлээ гэдэг юм. Бүгд л уйлдаг.
СУРВАЛЖЛАГЧ: Таны “Цусаа худалдсан тэмдэглэл” номын талаар ярилцъя л даа. Энэ чухам юун тухай өгүүлдэг ном бэ?
ҮЙ ХУА: “Цусаа худалдсан тэмдэглэл” бол өөрийн цусаа худалдан байж амьдралаа залгуулж буй хятад хүний түүх юм. Хятадад нэгэн үе цусаа зарж амь амьдралаа залгуулдаг хүн тоо томшгүй олон болсон байлаа. Тэд дор бүрнээ өөр өөрийн түүхтэй. Google дээр “цусаа худалдах” гээд нэг удаа хайлт хийгээд үзтэл 10,000 давсан илэрц гарч ирж байна лээ. Ядуус амьд үлдэхийн тулд цусаа зардаг байж шүү дээ. Цусны наймаа ч эрчимжсэн. Хөдөөх тосгодод цусаа зардаггүй айл гэж байдаггүй байлаа. Тэр нь даамжирсаар элдэв өвчин, ДОХ хүртэл тархах хөрс болсон. Өнөөх цусаа худалдаж амьдралаа залгуулдаг тосгод чинь ДОХ-ын голомт болсон. Сечуань мужийн Ли Шиаочин гэх тариачин эр гучин жил цусаа худалдсаны эцэст ДОХ өвчнөөр нас барсан. Ли бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухайгаа нээлттэй ярьсан анхны хохирогч юм. Хөөрхий эр үхэхийнхээ урьд оршуулгынхаа хувцас, авс сэлтийг өөрөө зэхчихсэн байж. Одоо л үхэх нь гэж бодохоороо түүндээ ороод хэвтчихнэ. Ингэж гурвантаа орж хэвтээд амьд үлдсэн ч дөрөв дэхээ орж хэвтэхдээ жинхэнээсээ нүд аньсан юм. Үхэхэд нь үлдсэн гурван хүү нь тарчиг ядуугаа үл харгалзан 350 юаниар хөгжимчид хөлслөн нэг өдрийн турш хөгшин эцгийнхээ хүүрийн дэргэд хөгжимдүүлсэн байдаг.
Би барууны уншигчдыг алмайруулах юм бичих гээгүй. Тэдэнд уран зохиолыг ялгаж хардаг нүд эрхбиш бий байлгүй. Хувь заяаны эргэлт, сэтгэл цочирдом бодит байдлынх цаадах гүн гүнзгий, амь бөхтэй юмсыг анзаараад уншчих уншигчид үнэндээ мундахгүй олон гэдэгт би итгэдэг. Уншигчид Ли Шиаочиний тухай миний яриаг сонсохдоо оршуулгын хувцсанд нь түүнийг дөрвөнтээ хулдаж, тэгэх бүрдээ дөрвөнтөө нулимсаа шудраад амжина. Үүнд л уран зохиолын түүхэн баримт болоод бодит амьдралаас ялгагдах нандин чанар оршиж буй юм. Энгийн амьдралаас шууд сугалаад авчхаагүй ч хүний сэтгэлийг үнэн мөний дууллаар дүүргэж чадах ийм л илэрхийллүүдээс уран зохиол бүтэж бүрэлдэх учиртай. Чухам ийм л учраас амьдрал, түүний энгийн үйл явдлууд цаг хугацаанаас арчигдаж, уран зохиол мөнхөрч үлддэг юм.
СУРВАЛЖЛАГЧ: Та урьд бичиж байсан арга барил руугаа буцаж, улам абстракт зохиол бичье гэж боддог уу? Эсвэл тэр бүхэн өнгөрсөнд л үлдсэн үү?
ҮЙ ХУА: Тэгж болно, гэхдээ хэлэхэд хэцүү л юм. Айхтар авангард юм бичлээ гэхэд өмнө яаж бичиж байсан, яг түүнээ давтахгүй л болов уу. Тэрнээсээ тэс өөр маягаар бичих байх. Уг нь зохиолч хүний гол хийх ажил бол уншигчдын сэтгэлийг татах түүх бичих юм шүү дээ. Бид л модернизм энээ тэрээгээр хамаг уншигчдаа үргээгээд байгаа болохоос.
СУРВАЛЖЛАГЧ: Тэгвэл та залуудаа өөртөө л зориулж бичдэг байж ээ дээ?
ҮЙ ХУА: Өөрт сонирхолгүй санагдсан олон юмсыг арга буюу унших болдог үе надад ч бас бий. Тэр бүрийд би л ингэж бичихгүй юм шүү гэж боддог. Үнэхээр таашаадаг зохиолчид маань ч цөөхөн. Шекспир, Дикенс.., 19-р зууны зохиолчид аатай шүү.., Хавторн, хорьдугаар зууны Америкийн зохиолчдоос Фолкнер хамгийн гарамгай нь. Өдгөөгийн зохиолчдоос бол Тони Моррисонг онцгой гэж боддог.
СУРВАЛЖЛАГЧ: Таны хамгийн дуртай хятад зохиолчид хэн бэ? Ямар бүтээлүүдийг нь нэрлэх вэ? Хятадын уран зохиолын түүхэнд хамгийн дарагдсан зохиолч хэн бэ? Бас хэт дөвийлгөсөн зохиолч нь хэн бэ? Орчин үеийн хятадын уран зохиолын дүр төрх, тулгарч буй асуудлуудыг нь товчхон зураглан яриач?
ҮЙ ХУА: Сонгодог уран зохиолоос Тан, Сон улсын үеэс Мин улсын үе хүртэл өвлөгдөн ирсэн бижи (богино үлгэр, ёгтлол, шүүмж зэрэг зохиолчийн санамсаргүй тэмдэглэлүүдээс бүрдэх уран зохиолын бичлэгийн хэлбэр) –үүдийг би их таашаадаг. Товч бөгөөд тодорхой байдаг юм.
Дуртай зохиолчдоо тоочоод барахгүй. Сонгодог эсээний хувьд Байлдаант улсуудын үеэс Мин гүрний үе хүртэлх үеийн шилдэг эсээнүүдийг Чин улсын үед эмхтгэн хэвлэсэн Гүвэн Гуанжи хэмээх түүврийг зайлшгүй уншуустай. Хорьдугаар зууны уран зохиолоос Лу Шуниас эхлэх нь зүйтэй болов уу. Түүний бичсэн үг бүр сум шиг, яг зүрхэнд туссан сум шиг байдаг юм. Харин Лу Шуний үеийн Гуо Моруог би хэт дөвийлгөж, өндөрт өргөчихсөн зохиолч гэж боддог. Шэнь Конгвэнийг хүмүүс ойшоодоггүй байснаа одооноос л олж харж байх шиг байна. Тэр тийм анхаарал хүртэх гавьяатай зохиолч л доо.
Орчин үеийн Хятадын уран зохиол их баялаг, өнгө алаг л даа. Бүх төрлийн зохиолч бий. Тэгэхээр бүх төрлийн бичвэр бий гэсэн үг. Харин өнөө цаг үеэ яг үнэн бодитоор нь хэрхэн дүрслэн бичих вэ гэдэг бидний өмнө тулгарч буй гол сорилт юм даг уу даа. Бодит амьдрал гэдэг чинь уран зохиолоос илүү хийсвэр, учир замбараагүй эд. Бодит амьдралын абсурд талыг уран зохиолд яаж тайлж, тайлбарлаж бичих вэ гэдэг их хэцүү асуудал.
Ер нь тухайн бүтээл нийгмийн асуудалд төвлөрсөн эсвээс хувь хүний мөн чанарыг уудалсан алин ч бай, өнгөц сэтгэл ханамж эдлүүлэх бус гагцхүү хүний зүрх сэтгэлийг хөдөлгөж байвал надад илүү таалагдана. Олон улсын уншигчид уран зохиолын бус номуудаас Хятадын түүх, нийгмийн тухай овоо мэдлэгтэй болж мэдэх ч чухам уран зохиолыг нь уншиж байж энэ ард түмний сэтгэл хөдлөлийн савлагааг түүхэн он цагуудтай нь холбон илүү гүнзгий мэдэрнэ. Тухайн улс орныг танин мэдэхэд энэ хамгийн чухал.
СУРВАЛЖЛАГЧ: Таны бүтээлүүдийг Хятадад төдийгүй баруунд их сайн хүлээж авдаг. Үүнийг хараад танд ямар сэтгэгдэл төрдөг вэ? Ном тань ингэж өргөн хүрээнд таашаагддагийн учир юу юм бол? Хятадаас тань шиг ийм өргөн уншигдах бололцоотой өөр зохиолч бий юу? Хятадын зохиолчид барууны уншигчдын анхаарлыг татахын тулд юуг давах ёстой вэ?
ҮЙ ХУА: Тайлбарлах тун хэцүү үзэгдэл л дээ. Аз л гэж хэлмээр юм уу даа. Би үнэхээр азтай хүн. Би Хятадад маш их уншигчтай, түүнээс дутахгүй олон уншигч маань Баруунд байна. Бичиж байхдаа би уншигчид таашаах болов уу, үгүй болов уу гэж огт санааширдаггүй. Бас манай уншигчид юу гэх бол, барууны уншигчдад ямар санагдах бол ч гэж зовдоггүй. Уншигч нэг бүр өөр шүү дээ. Хятадад жонкоунантиао гэж нэг үг бий. Хэдий сайн тогооч байлаа ч бүх амтыг нэг дор шингээсэн хоол хийж чадахгүй гэсэн шүү утгатай. Тиймээс уншигч юу хүсэх бол гэж бодлогоширч суух нь миний ажил биш. Зохиолчийн хувиар би өөртэйгөө тун шударга харьцдаг. Өөрийн үеийн бусад зохиолчийг бодох нээ би бичсэн, туурвисан багатай. Өөртөө хатуу ханддаг маань төдий хэрэг л дээ. Бичсэн юм маань өөрт маань үнэхээр таалагдаагүй л бол огт хэвлүүлдэггүй хүн. Зохиолууд маань жаахан амжилт олсон юмсанж гэмээнэ алхам тутамд өөрийгөө шахаж, туурвих ур дүйгээ ахиулж байсны минь гавьяа юм уу даа.
СУРВАЛЖЛАГЧ: Та Хятад маш олон янзын зохиолчтой гэсэн. Гэвч түрүүн бид Хятадын уран зохиолын түүхэн хөгжлийн тухай ярихдаа зөвхөн эрэгтэй зохиолчдыг л дурдлаа. Эмэгтэй зохиолчид нь хаа байна вэ? Та тэдний тухай ямархуу бодолтой явдаг вэ? Уран зохиолын ертөнцөд хүйсийн тэнцвэрт байдлыг хадгалах нь хэр чухал вэ? Яагаад?
ҮЙ ХУА: Эрэгтэй зохиолчид нь эмэгтэйчүүдээсээ олон болохоор л Хятадын уран зохиолыг ярихдаа эрчүүлийг нь жишээ татаад байж мэдэх юм. Уг нь Хятад улс Эйлин Жан гэх мэтчилэнгийн сайн эмэгтэй зохиолчдоор хэзээ ч дутаж байгаагүй юм. Бас Ван Аньй байна. Жинхэнэ уран зохиолд хүйс ямар ч хамааралгүй л дээ. Жишээ нь Ван Аньйгийн бүтээлүүдийг уншвал зохиолч нь эмэгтэй хүн гэж таах аргагүй. Сайн зохиолчид хүйсийн хувьд төвч байж, эр эм хүний алиных нь ч сэтгэл зүрхийг уудлан бичих чадвартай байдаг. Ер эр, эм хүйсээ түрий барьж бичнэ гэж байхгүй шүү дээ.
СУРВАЛЖЛАГЧ: Олон улсад танигдсан зохиолчийн хувиар байнга л урилга заллагад дарагддаг байх. Алдартай зохиолчийн завгүй амьдрал бичих туурвихад тань нөлөөлөх юм уу?
ҮЙ ХУА: Нөлөөлнө өө. Төвлөрч суумаар байдаг, баахан урилга заллага дараад заримдаа ч хэцүү байдаг шүү. Надаас бусад нь ийм юманд ажралгүй, урдахаа хийгээд л байх юм. Миний л залхуугийнх биз. “Цусаа худалдсан тэмдэглэл”-ийг бичиж байхдаа гэртээ анх удаа утас тавиуллаа. Олон хүнээс дуудлага ирэх байх гэж бодсон байдаггүй шүү. Утас маань долоо хоногтоо ганцхан л дуугарна, бас л над шиг роман нухаад сууж асан Мо Ян минь л өнөөх утсыг маань хангинуулж буй нь тэр. Гэтэл одоо цаг өөр болжээ. Энэ завгүй амьдралд дасан зохицох л хэрэгтэй болж.
СУРВАЛЖЛАГЧ: Танд уншихаас өөр ямар хобби байна?
ҮЙ ХУА: Би кино үзэх дуртай. Америкийн вестерн кинонуудыг их үзнэ. Сержио Леоне бол миний дуртай найруулагч. Түүний бүх кино сонгодог. Би бас спортод их хорхойтой.
СУРВАЛЖЛАГЧ: Сайн уран зохиол зөвхөн самуун цагт л төрдөг гэлцэх юм. Та үүний талаар юу гэж бодож байна вэ?
ҮЙ ХУА: Ер нь бол сайн зохиолчид аль ч цаг үед төрнө л дөө. Гэвчиг үймээн самуунт он жилүүд тэр зохиолчдод бичих юмсыг нь л овоохон базаагаад өгч мэднэ. Нөгөө талаар, энгүүн, тайвуу амьдрал ч их зохиолчдод ургаж төлжих сайхан хөрс болж мэднэ. Гол нь юу бичихдээ биш, яаж бичихдээ л байгаа юм.
СУРВАЛЖЛАГЧ: Таны анхны номоо хэвлүүлж байсан үеэс өнөөгийн Хятад улс эрс өөрчлөгдсөн байгаа. Та Хятадын ойрх түүхэн дэх аль өөрчлөлтийг бүтээлдээ тэмдэглэж үлдээхийг хүсч байна вэ?
ҮЙ ХУА: Би бол реалист зохиолч. Хэрэв миний зохиолууд абсурд санагдаж байвал бодит амьдрал өөрөө абсурд болоод л тэр. Би тийм ч залуу хүн биш. Одоо эргээд харахад амьдрал минь тэр чигтээ л абсурд үйл явдлуудын дунд өрнөжээ. Соёлын хувьсгал бол маш абсурд зүйл байсан. Өнөөгийн Хятад улс түүнээс ч абсурд санагдаж байна. Ийм абсурд юмсын дунд амьдраад ирэхээр юу нь чухам абсурд юм бэ гэдгийг анзаарч харахаа байчихдаг юм байна. Соёлын хувьсгалын үеэр Мао Зэдуны хөрөг хаа сайгүй, бүр жорлонд хүртэл наагаастай байдаг байлаа. Гэвч тэр үеийн хүмүүст жорлондоо Маогийн зурагтай нүүр тулах нь тийм ч абсурд санагддаггүй байсан нь лав. Одоо ч ялгаагүй. Хятад орон улам л абсурд маягаар өөрчлөгдсөөр байна. Реалист зохиолчийн хувьд би тэр бүх өөрчлөлтийг нь нүд салгалгүй ажиглаж, анзаарч харж байдаг. Хятадад очоод үзвэл буусан буудлын чинь ханан дээр “Тамхи татахыг хориглоно” гэсэн тэмдэг харагдана. Тэгсэн мөртлөө яг урд чинь үнсний сав зэхээтэй байх вий. Би ийм л зүйлийг нь бичихийг хүсэж байна- тамхи татахыг хориглосон тэмдгийн урдах үнсний савны тухай.
СУРВАЛЖЛАГЧ: Зохиолчийн хувиар төлөвшихөд тань хамгийн их нөлөөлсөн уран бүтээлчид хэн бэ? “Долоо дахь өдөр” номоос тань Борхес, Кальвино, бүр Ингмар Бергманы кинонуудын өнгө аяс ч мэдрэгдэж байдаг.
ҮЙ ХУА: Би Борхес, Кальвино, Бергманыг ч хүндэлдэг. Надад нөлөөлсөн зохиолчдыг нэрлэ гэвээс Кавабата, Кафка, Фолкнероос авахуулаад бүхэл бүтэн арми бүрдэхээр жагсаалт гарна вий. Заримынх нь надад яаж нөлөөлснийг би ухамсартайгаар хэлж чадна. Хэдий эд маань надад хүн таах аргагүй нууцлаг маягаар нөлөөлдөггүй ч зарим нь миний зохиол бүтээлд яаж нөлөөлснийг би анзаараа ч үгүй явж байгаад ирээдүйд л ойлгох биз. Нэг үгээр хэлбэл хэн нэг зохиолчийн нөгөө зохиолчдоо нөлөөлөх нөлөө болбоос модон дээр тусах нарны гэрэл лугаа адил юм. Модонд нарны гэрэл хэрэгтэй, тэр мэдээж. Гэхдээ модны өсөж өндийх нь өөрийнх нь жам, ургаж дээшлэх зүй тогтолтой нь илүү холбоотой юм шүү дээ.
СУРВАЛЖЛАГЧ: Та залуу зохиолчдод ямар зөвлөгөө өгөх вэ?
ҮЙ ХУА: Бичиж байхдаа ямар ч цензурийн тухай бүү бод. Элдэв цензурьтай хэрхэн учраа олох вэ гэдгээ зөвхөн бичиж дуусгачхаад л бодож бай.
Орчуулсан: Батсуурийн Баясгалан
Сэтгэгдэл хэсэг