Б.ЭГШИГЛЭН: НОМ БҮХЭН НЭГ АЯЛАЛ БАЙДАГ

 

Тагтаа Паблишинг та бүхэнд чадварлаг орчуулагчдаа цувралаар танилцуулан орчуулгын болон хувийн уран бүтээлийнх нь талаар сонин сайхнаас хуваалцаж байна. Энэ удаад та бүхэнд танилцуулах орчуулагч маань Баярсайханы Эгшиглэн. Тэрээр 2013 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн англи хэлний орчуулагч-сэтгүүлчийн ангийг төгссөн. Өнөөдөр сонин, Тойм сэтгүүлчээр ажиллаж байсан. Мөн Гэрэг, Гоодаль сэтгүүлд бичдэг байсан дүрслэх урлаг, урлагийн тухай нийтлэлүүдээр нь уншигчид хэдний нь таних биз ээ. Б.Эгшиглэн Тагтаа Паблишингаас эрхлэн гаргасан, Итало Кальвиногийн "Үл үзэгдэх хотууд" номын орчуулагч билээ. 


1. Орчуулсан номынхоо талаар товчхон танилцуулаач?

Итало Кальвиногийн "Үл үзэгдэх хотууд" бол үнэнхүү ид шидтэй ном. Хубилай хаанд шадарлаж асан Венецийн аялагч Марко Пологийн аяллыг Кальвино дахин төсөөлөн бичсэн нь зүүд мөрөөдлийн аяс дүүрэн эл бүтээл бөгөөд хүн төрөлхтний иргэншил, аж төрлийн тухай гүн бясалгал юм. Хорвоогоор хэрэн хэсүүчлэгч Марко Поло харсан үзсэн хийгээд таньж мэдэрсэндээ түшиглэн Монголын эзэнт гүрний их хаан Хубилайд зах хязгаар нь үл мэдэгдэх уудам нутгийнх нь өнцөг булан бүр дэх хотуудын талаар өгүүлнэ. Хүн ард, зан заншил, соёл уламжлал, хийц загвар  давтагдашгүй, адал сонин хотуудынхаа талаар их хаан шимтэн сонсох зуур хаана ч үгүй тэр газрууд таны төсөөлөлд цогцлон босно. Тус бүр бүсгүй хүний нэртэй 55 хот оюунд тань биежихдээ цаг хугацаа, хүсэл дур, амьдрал үхлийн тухай бодрол руу хөтлөх болов уу.

2.     Энэ зохиолын юу нь хамгийн их таалагдсан бэ?

Ном бүхэн нэг аялал байдаг. Харин энэ зохиол бол 55+1 аялал.

3.     Орчуулж байхад тохиолдож байсан хүндрэлтэй зүйл, туршлага, эсвэл сонирхолтой зүйлээсээ хуваалцаач?

Марко Поло нэгэн хотын тухай хэзээ ч ярьдаггүйн учрыг Хубилай хаан гайхан асуудаг. Тэр бол түүний төрсөн хот Венец байлаа. Үүнийг Марко Поло ийн тайлбарлана: "Аливаа хотын тухай дүрслэх бүртээ Венецийн тухай ямархан нэгийг өгүүлж байдаг билээ, би. Бусад хотын онцгой шинж чанарыг тодруулахын тулд оюунд минь хувиршгүй бат оршдог анхны хоттой харьцуулах хэрэг гармуй. Тэрхүү хот болвоос Венец билээ."
  Анх номоо уншиж байхад энэ хэсэг их сэтгэл хөдөлгөж, Венец хотын тухай дурсамжаа эргэн санаж, төсөөлөн бодож орчуулсан. Бас "оюунд минь хувиршгүй бат оршдог" Улаанбаатарыгаа ч зарим хоттой адилтган таацуулж суулаа. Хамгийн их эмээсэн зүйл маань энэ зохиолын найраглаг хэл байв. Үүнээс болж гацсан үедээ Марко Пологийн "Орчлонгийн элдэв сонин", Орхан Памукийн "Истанбул: Дурсамж ба хот" номыг эргүүлж тойруулан уншиж, өөрийгөө хөглөх гэж оролдсон үе олон бий. (Инээв.) Мөн Кальвиногийн тансаг хэлийг монгол дээр буулгахад ая эв, ур ухаанаа шингээсэн энэ номын редактор, яруу найрагч Ц.Дэлгэрмаа эгчдээ талархаж байна.

4.     Яагаад уран зохиолын ном орчуулах болсон бэ?

Аав маань ном их уншдаг хүн учраас ухаан орсон цагаас л гэр дүүрэн ном байсан. Тиймээс уншихгүй байх боломж нөхцөл анхнаасаа байгаагүй гэсэн үг. Жаахандаа номон дээрээс орчуулагчийн нэрийг хараад тийм том ном, тэр их үг, өгүүлбэрүүдийг хаана ч юм нэг хүн хөрвүүлж суугааг төсөөлөөд сүрддэг сэн. Гадаадын уран зохиолын тухай ярихад зохиолчийн нэр гарахаас орчуулагчийн нэр тэр бүр дурдагддаггүй шүү дээ. Тиймээс гадаад ном нээхдээ орчуулагчийнх нь нэрийг эхлээд заавал харж, нэг ёсондоо хүндэтгэл үзүүлдэг байв. (Инээв.) Уран зохиолын орчуулга хийнэ гэж тухайлан хүсэж мөрөөдсөн үү гэвэл үгүй. Тийм юм бодож зүрхлээгүй гэвэл онох ч юм уу. Гэтэл харин учрал бүхэнд ерөөл байдгийн үлгэрээр өөрт маань уран зохиолын ном орчуулах боломж тохиосон. Айж эмээж байсан ч ойр дотно санагдсан ажил.

5.     Уран зохиолын орчуулга бусад төрлийн орчуулгаас юугаараа онцлог вэ?

Тухайн зохиолын уур амьсгал, мэдрэмжийг алдалгүй буулгах ёстой болдог нь энэ төрлийн орчуулгын онцлог гэж бодож байна. Бас ээдрээтэй, бэрх тал нь ч энэ болов уу.

6.     Хамгийн дуртай зохиол, дуртай зохиолчийнхоо тухай хуваалцаач. Яагаад энэ зохиол, бас зохиолчид дуртай вэ?

Зохиолч, орчуулагч Дашийн Оюунчимэгийн гаргасан "Хөх дэвтрүүд" цувралын номуудад дуртай. Хуучны сонгодог зохиолуудаас орчин үеийн сонгодогууд руу орж эхлэх үедээ уншсан учраас их хайртай байдаг юм. Тухайн үндэстнийхээ оюун санааны охь болсон туурвилчдийн сонин гоё бүтээлүүд бий. Тархины хоол гэдэг шиг тархины кофе бас сайн чанарын шоколад л гэсэн үг. Түүний өөрийнх нь бичсэн "Оройн ганц мод" зохиол бас сайхан. Маргааш "Аз хур" орж энэ романы удаах дэвтэр "Тунгалаг хөх асар" бас "Норгой"-г авах төлөвлөгөөтэй байна.

7.     Уран зохиол чамд юу өгдөг вэ?

Таашаал өгдөг. Зэвүүн гоё ном бол үнэхээр дур булаам. 

8. Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөөгөө бидэнтэй хуваалцаач?

Хуваалцмааргүй байна.    

Сэтгэгдэл хэсэг