***
Ли Чи|Цаг хугацаа
Гуравхан зүйл л амжуулж уу дээ
Ном уншлаа, хүүхдээ өсгөлөө, өөрөө өтөллөө
Бага залуудаа дэлхийгээр аялахыг хүсдэг байсан ч
Буйдхан аймгийн төвөө ч бүрэн тойрч алхсангүй
Цаг хугацаа гэдэг л энэ юм даа.
Үнэ төлбөр нь их энгийн
Шорвог хөлс, гашуун нулимс
Бас гэгээхэн мишээлээ өглөө.
Цаг хугацаа бид нэгнээ
Харилцан үрсэн ч гэлээ
Үр дүн нь тов тодорхой гарлаа.
Өнөөх гурван зүйл маань харин
Өөрчлөгдөж шалисангүй
Шүлэгт дурлаж, үр хүүхэддээ санаа тавьж
Басхүү "үнэн" хэмээгчийг дуулах төдийд
Тэсгэлгүй догдлох болжээ.
***
Янь Лан|Үр
Намайг дөрөвтэйд эмээ минь өндөр байлаа.
Наймтайд чүд л өндөр
Арван хоёртойд надаас намхан болоод
Арван зургаатайд эмээ яг л наймтай юм шиг
Хорьтойд минь яг л дөрөвтэй хүн шиг
Намссаар намссаар намайг хорин тав хүрэхэд
Бяцхан үр болоод
Би шороонд суулгасан сан.
Жилийн жилд дөрвөн сард
У Ли ууланд мод бут сэргэхэд
Эдний л дотор эмээ минь буй гэдгийг
Би мэддэг
Ямархан зам туулсны эцэст
Ялгаж таниад учрах бол доо эмээтэйгээ.
***
Шү Тин|Эх орон минь, хайрт эх орон минь
Би чинийхээ голын эрэг дэх эвдэрсэн усны хуучин тэрэг
Зуун зуун өртөөлсөн ядрал туйлдалын чинь дуу
Бас чинийхээ толгой дахь пад хар уурхайн чийдэн
Түүхийн хонгилоор тэмтчин бэдрэн явахад чинь гэрэлтүүлнэ
Би бол хатсан тутрагын сүеэ, сүйдсэн замын тавцан
Эрэгт шавардсан чиргүүл онгоц
Татлагын олсоо таныхаа мөр гаранд гүн шигтгэнэм
Эх орон минь
Би бол ядуу
Би бол гуниглагч
Би бол өвөг дээдэс чинь
Зовлонт итгэл найдвар
Дүнхуан агуйн ханан дахь нисдэг дагина
Мянган мянган жилийн турш газар унаагүй цэцгийн дэлбэ
Эх орон минь
Би чинийхээ
Дөнгөж сая домгийн аалзны торноос мултарч гарч ирсэн
Цоо шинэхэн хүслэн
Бас чинийхээ цасны доор дунших эртний лянхуан үр хөврөл.
Би нулимстай инээдний чинь ойл
Шинээр татаж буй гарааны цагаан шугам
Тодорч буй үүрийн шунхан туяа
Эх орон минь
Би бол чиний тэрбум ардын нэг
Таны 9.6 сая квадрат фут талбайн нийлбэр
Сорвитой чулчгар хөхөөрөө төөрч ангасан намайг чи тэжээсэн
Хожим та миний мах цуснаас
Эд баялаг, алдар суу, эрх чөлөөгөө олж авахтун
Эх орон минь, хайрт эх орон минь.
***
Ши Мөрөн|Эцгийн минь тал, ижий минь гол
Ертөнцийн альханд явсан ч сэтгэлийн уялага гэж
Тал нутгийн сайханг эцэг минь дүрсэлдэг байж билээ
Миний хэт нутаг Монголын өндөрлөгт урсдаг гэж
Нэлгэр голыг ээж минь хайрлана зурагладаг байж билээ
Эдүгээ би уудам эх нутагтаа ирээд
Энгүй талынх нь дээр зогсхуй нулимс бороолоно
Гол ус нь эцэг өвгөдийн ерөөлөөр
Тэнэмэл хүүгээн ивээж
Гэртээ харих замаас үл төөрүүлжээ
Ай аавын минь тал
Ай ижийн минь гол
Хэдийгээр ярьж чадахгүй ч
Би эх хэлээрээ ярьж чадахгүй ч
Миний шаналалыг миний баярыг хүлээн аваач
Би энэ нутгийн хүүхэд
Зүрхний минь угт нэгэн дуу бий
Тэр дуунд эцгийн минь тал
Ижийн минь гол бий
***
覃子豪|Ганцаар хүүрнэл
Чамайг санаж байна гэж тэнгис далайд хэллээ
Тэнгис далай надад
Түрлэгээрээ намуухан хариуллаа.
Чамайг санаж байна гэж хөвч ойд хэллээ
Хөвч ой надад
Шувуудын уянгат дуугаар хариу өглөө.
Чамайг санаад байна гэж одот тэнгэрт хэллээ
Одот тэнгэр надад
Шөнийн анираар хариуллаа
Чамайг санаад байна гэж уул хангайд хэллээ
Уул хангай надад
Ус горхины чимээгээр хариуллаа
Чамайг санаад байна гэж чиний чихэнд шивнэлээ
Чи чулуун хөшөө шиг
Чим чимээгүй, хариу хэлсэнгүй
Чимээгүй чиний шаналал юм бол
Шаналал хэмээгч юу болохыг
Хамгийн ихээр шаналаж байгаа нь
Харин миний зүрх гэдгийг
Чи мэдэж байгаа.
Орчуулсан Мө.Батбаяр
Сэтгэгдэл хэсэг