НАМРЫН ҮГС
Хатсан мөчрөөсөө зуурах хүч навчист үлдсэнгүй
Харван унах тэд хүйтэн нуурын зүрхэнд хүрэхээр яарна.
Шүүдэр бөнжигнөсөн эргээр шүхэртэй нэгэн алхална.
Намуун ойгоос сонсттох нь:
Нарсны боргоцой унах, унаад уйлах...
Дохиолж ирэх чинь энэ үү?
Долгион цуурай хоёр дээр нь тэврэлдсэн
Тогтонги усны замаг гэнэтхэн зүсэгдэж
Тодрох уулын тусгал уйлагнасан тэнгэрийг үнсэнэ.
Намрын эцэс иржээ.
***
ЗОВНИЛ
Уйтгарт намрын сэлүүхэн санаашрал биз ээ
Уудам далайн сэмхэн бодлогошрол биз ээ
Зовниж юунд шаналсныг минь хэн нэгэн асуувал
Зориглож хэлж чадахгүй биз ээ, чиний нэрийг.
Зориглож хэлж чадахгүй биз ээ, чиний нэрийг.
Зовниж юунд шаналсныг минь хэн нэгэн асуувал
Уудам далайн сэмхэн бодлогошрол
Уйтгарт намрын сэлүүхэн санаашрал гэх биз ээ.
ДАЙ ВАНШҮ
***
Урьд шөнө ирээд буцсан тэр хүн, урьд шөнө
Уйтгарт намрын тухай ярьсаар байгаад явсан
Тэр хүн, урьд шөнө
Усны толион дээрх
Сар мэт
Инээмсэглэсэн
Тэр хүн
Унасан навчсыг туучилсаар
Алхаж одсон
Сэтгэлийн минь гүн дэх тэр хүн
Муур мэт эрхлэнгүй аалиараа намайг баясгасан
Тэр хүн
ай, урьд шөнө ирээд буцсан тэр хүн, урьд шөнийн
Аадрын үүл, урьд шөнө ирээд буцсан тэр хүн.
БАЙ ЧЮ
***
ДУТУУ ҮГҮҮЛБЭР
Намрын
Өвст хөндийгөөр алхаж явахдаа
Өвгөн Толстойгоос би асуув:
Боловсорч гүйцсэн бүхэн
Бодвол
Толгой гудайх ёстой юм уу?
ШАО ЯНЬСЯН
***
АМЬДРАЛ
Намар дуусах дөхжээ.
Хэлбэрээ гээсэн моддоос
Хэрзгэр хэдэн мөчир л үлдэж
Ээлж дараалан унасан
Навчсын өвчний түүх
Элж өгдөггүй дурсамж шиг
Тохой буланд овоорч
Тоосонд дарагдаад
Өнгөө алдана.
Гүн хөх тэнгэрт
Ганц хар шувуу
Ганхасхийгээд одлоо.
ЕЭ ВЭЙЛЯНЬ
***
Сүүлчийн удаа цовхчоод унасан навч амь тавьлаа.
Нуурын цэнхэр нүднээ зэгсний толгой далдарлаа.
Долоон сарын дөшний чимээ ч бүдгэрлээ. Нуань Нуань!
Галуудын цуваа намрын тэнгэрээс буцахдаа Гайхалтай уран сонет бичээд орхижээ . Нуань Нуань!
Өмнөд нутгийн уулийн нарийн жим дээр Морьдын туурайнд гишгүүлсэн шаргал навчис үлджээ.
Умард нутгийн аглаг сүмийн гонхноо
Уймарч төөрсөн хуурын аялгуу үлджээ.
Ай намарт! Намарт юу ч үлдсэнгүй.
Гагц Нуань Нуань л үлджээ.
Гагц Нуань Нуань л үлдсэн болохоор
Ай, бүгд үлджээ.
|Я Шянь
Нуань - гэдэг нь дулаан , зөөлөн гэсэн утгатай .
Сэтгэгдэл хэсэг