“Зуны сүүл сар, намрын эхний налгар өдрүүд, эсвэл амьтай бүхэн мухар руу шигдсэн өвлийн тасхийм аниргүй өдрүүдэд дуртай”. Хэчнээн өдөр бодсон санааг хэн нэгэн шивнэх мэт гэнэт санаанд буух тэр мэдрэмж хамгийн сайхан нь хэмээн ярих залуу бол “Тагтаа” хэвлэлийн газрын ерөнхий редактор У.Бямбаням юм. Саяхан түүний “Цаг хугацаа хэлнэ” уран зохиолын эсээ төрлөөр бичсэн ном уншигчдад хүрсэн. Хэвлэлийн газраас гараад удаагүй шинэхэн цаасны үнэр анхилсан тус номд бидний хувьд нээгдээгүй арал шиг байгаа дэлхийн нэн шинэ үеийн уран зохиолыг уншигчдад танилцуулсан юм.
-Саяхан таны хэвлүүлсэн “Цаг хугацаа хэлнэ” уран зохиолын эсээний номын талаар ярилцлагаа эхлүүлбэл уншигчдад сонирхолтой байх?
-Энэ ном бол орчин үеийн уншигчдад зориулсан уран зохиолын эсээний ном. Бид орчин үеийн уран зохиол хэмээх ойлголтыг зөвхөн дэлхийн хоёрдугаар дайны дараагаас 1970-аад он хүртэлх хугацаанд зааглан ойлгодог. Гэтэл түүнээс хойш өнөөг хүртэл бүхэл бүтэн нэг үе, бичлэгийн арга барил, сэтгэлгээний эрин завсардаж үлдчихээд байгаа юм. Тиймээс бидний хувьд нээгдээгүй арал шиг байгаа дэлхийн нэн шинэ үеийн уран зохиолыг уран зохиол шимтэгчдэд танилцуулах үүднээс энэхүү номыг бичсэн. Монголын уран зохиолоос өөрийн сонголтоор шүүж уншигчдад санал болгох нь миний ном бичсэний бас нэгэн зорилго байлаа. Жирийн уншигчдад уран зохиолын мэдлэг мэдээлэл олгох, салбарынхандаа уран зохиолын шүүмж судлалын бичлэгийн шинэлэг хэлбэрийг танилцуулах зорилготой бүтээсэн. Зорилгоо биелүүлсэн гэдэгт найдаж байна.
-Бидний хувьд нээгдээгүй арал шиг байгаа дэлхийн нэн шинэ үеийн уран зохиолын онцлогийг тодорхойлохгүй юу?
-Уран зохиолын түүхээс харахад цаг үе бүхэн өөрсдийн гэсэн нийтлэг онцлогт зангилагддаг. Тухайлбал, эртний сонгодог эрин гэхэд хүн төрөлхтний хүслэнгийн баатруудаар дүүрэн, соён гэгээрлийн үе гэхэд шашин болоод домгийн эринээс салах эрмэлзлээр дүүрэн, дайны дараах үеийн уран зохиолд оршихуйн асуудал түлхүү байдаг шүү дээ. Харин өнөөдөр бол “Би хэн бэ”, “Бид хэн бэ” гэсэн асуулт хүн бүхний өмнө төдийгүй дэлхий бүх улс орны хүмүүсийн өмнө тавигдаж байна. Ялангуяа постколони, постсоциалист орнуудын хувьд. Тиймээс нэн шинэ үеийн уран зохиолын онцлог нь өөрсдийн үндэстний асуудал, зовлон, түүхээ голчлон бичдэг. Израйлын зохиолчид шашны асуудлыг, Африкчууд арьсны үзэл, колоничлолыг, Азийнхан ягшмал нийгмийн хүнд тулган шаардах биегүй хүчийг нийт хүн төрөлхтний өмнө дэлгэн үзүүлж байна. Бичлэгийн түвшинд нарийн яривал өөр олон зүйл бий.
-Дэлхийн утга зохиолын хөгжлөөс монголчууд маш их хоцорч байна гэж шүүмжлүүлдэг. Үүний шалтгааныг юу гэж хардаг вэ?
-Юун түрүүнд бид дэлхийн хэмжээнд өөрсдийгөө танилцуулах гэж байгаа бол тэдний зарчмыг дагах хэрэгтэй байх. Гадагшаа номоо хэвлүүлэх гэж байгаа бол томоохон хэвлэлийн газар, агентлагаар дамжуулан харьцдаг, англи хэлт уншигчдад бүтээлээ хүргэх гэж байгаа бол англиар бичих шаардлага зайлшгүй тулгарч байна. Уран зохиолд цагаачлалын уран зохиол гэсэн бүхэл бүтэн үе бий болчихсон. Тэр нь өнөөх англи хэл хүчирхэг байгаатай холбоотой. Энэ жил Нобелийн шагнал хүртсэн Япон зохиолч ч тэр давалгаанаас төрсөн хүн шүү дээ.
-Гадаад хэлний мэдлэг дутмагаас болж манай уншигчид дэлхийн сор бүтээлүүдтэй танилцаж чадахгүй бэрхшээл тулгардаг. Тиймээс ч орчуулгын бүтээл олшрох хандлагатай байна. Орчуулгын чанар, сонголтын тухайд юу гэж боддог вэ?
-Сайн муу нийлж сав дүүрдэг гэдэг талаас нь харвал маш олон зүйлийг ярьж болохоор байна. Зарим нь үнэхээр сайн зохиолыг сайн орчуулгатай хүргэе гэж хичээж буй. Ихэнх нь энэ зохиолыг ямартай ч монгол хэлнээ орчуулчихвал хэдэн хувь борлох бол гэсэн бодолдоо хөтлөгдөөд байх шиг санагддаг. Гэвч муу орчуулга гэдэг дан ганц орчуулсан хүнийхээ нэрийг хөөдөөд зогсохгүй тэрийг уншиж буй уншигчдад ч тааруу нөлөөтэй шүү дээ. Учир нь, зохиолын амин сүнс, мэдрэмж нь муу орчуулгыг дагаад алдагдчихдаг. Дээр нь муу орчуулгыг уншсан хүнд муу найруулга, явцуу үгийн сонголтууд, утга балархай өгүүлбэрүүд л ой тойнд нь үлдэнэ. Би сүрхий орчуулагч энэ тэр биш учраас уншигчийн хувиар хэлэхэд муу орчуулга гэдэг ов товтой, чулуун замаар үсэргэж явах шиг тойвтой санагддаг. Яахав цагийн шалгуураар уншигчдын түвшин өсөөд ирэхээр, дээр нь англи, орос, хятад хэлээр уншдаг уншигчид бий болохоор муу орчуулга ертөнцийн жамаараа байрандаа л үлдэнэ. Тийм цаг удахгүй байх.
-Монгол зохиолчдын бүтээлийг гадагшаа гаргахад заавал агентлаг буюу хувь хүн бус хуулийн этгээд болох албан байгууллагатай хамтран ажилладаг гэсэн. Гэтэл монголд агентлаг гэхээсээ илүүтэй зохиолчдын эвлэл, холбоо, зөвлөл байдаг. Энэ ялгаатай юу?
-Манайд эвлэл, бүлгэм гээч нь зөвхөн гишүүнчлэлтэй, түүнийхээ хүрээнд тогтсон арга хэмжээ зохиохоос хэтрэхгүй байх шиг ажиглагддаг. Уг нь гол хийх ажил нь дотоодын уран зохиолоо гадагш сурталчлах, гадагш гаргаж танилцуулах зам гүүр байх ёстой болов уу. Манайх шиг онцлог соёлтой, постсоциалист орнуудад зориулсан утга зохиолын хөтөлбөр, сургалт, тэтгэлгүүд маш олон ч дээрх шалтгаанаар хоцроод байдаг тал бий. Хэдхэн жилийн өмнө зохиогчийн эрх гээч нь шинэ зүйл байсан бол өнөөдөр хүн бүхэн гадарладаг болжээ. Монголд орчуулагдаж байгаа бүтээлүүд ихэнх нь зохиогчийн эрхийн дагуу хэвлэгдэх болсон байна. Харин дотооддоо зохиогчийн эрх гээч нь нэр төдийхөн байх шиг. Манайд садар самууныг сурталчиллаа гээд порно сайтуудаа маш сайн хаачихдаг хэр нь нийгмийн сүлжээн дэх зохиолчийн эрх, номын эх тараах асуудлыг цэгцэлж чадахгүй л байна. Хэвлэмэл бүтээл, видео бүтээлийн хувьд зохиолчийн эрх хамгийн их толгой өвтгөсөн асуудал. Энэ асуудлаас үүдээд барууны орнуудын уран бүтээлчид агентлагуудад өөрсдийн бүтээлийг даатгаж, хариуцуулж, эрхээ баталгаажуулдаг болсон. Хувь хүн шүүхээр хөөцөлдөхөөс хавьгүй үр дүнтэй хэрэг л дээ.
-“Тагтаа” хэвлэлийн газрын залуучуудаас өөр салхи сэвэлзээд байх шиг анзаарагддаг. Магадгүй орчуулгын сонголтын тухайд, эсвэл хэв хаяг, хандалгын тухайд ч байж болох юм. Тагтаагийнханы уран бүтээлийн олз омог, дараагийн бүтээлийн тухай ярилцъя уу?
-Бидний явж буй зам чиг тодорхой. Уншигчдын хувьд бүхэл бүтэн нэг үе өсөж өндийж байна. Бидний зорилго өөрсдийн уншигчдыг бэлтгэх, тэднийг чиглүүлэх, дотоодын уран зохиолын үнэ цэнийг өсгөхөд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Эдгээрээс хамгийн эхний алхам нь орчин үеийн уран зохиолын шилмэл бүтээлийг чанартай орчуулгаар уншигчдад хүргэх, дотоодын уран зохиолоосоо шилмэл түүвэр байдлаар санал болгох явдал. Цаашид дотоодын уран зохиолд чиглэсэн маш олон ажлыг төлөвлөж, “Гэгээн шувуу” утга зохиолын санг байгуулаад байна. Хэвлэгдэх бүтээлийн тухайд бол Туркийн Нобельтон Орхан Памукийн “Истанбул: Дурсамжит хот” номыг хэвлэлтэд бэлдчихсэн. Дараа нь дэлхийн нэн шинэ үеийн уран зохиолын төлөөлөгчдийн шилмэл өгүүллэгийн түүвэр гарна. Араас нь Салман Рушди, Итало Калвино, Умберто Эко мэтийн аваргуудыг төлөвлөсөн.
-Зохиолч П.Баярсайханы шилмэл бүтээлийн чуулган “Сармагчин бол сармагчин” номын ерөнхий редактораар ажилласан байсан. Ер нь редактор хийх ямар байдаг вэ. Хэд дахин тухайн номыг унших уу, хариуцлагын тухайд, ур чадварын тухайд?
-“Сармагчин бол сармагчин” ном шиг шилмэл түүвэр маягийн бүтээлд бол сонголтод голлох үүрэгтэй. Тухайн зохиолчийн бичлэгийн арга барил, ур чадвар, онцлогийг бүрэн төлөөлж чадах бүтээл аль вэ гэдэгт анхаарна. Ерөнхийд нь яривал редактор гэдэг нэг талаасаа орчуулагчийн, зохиогчийн найдвартай ар тал байна гэсэн үг. нөгөөтэйгүүр уншигчийн өмнө хүлээсэн маш том үүрэгтэн. Редактор алдаа мадагтай муу ном гаргавал орчуулагч ч биш, зохиолч ч биш редактор л буруутай болно. Хар ажил гэдэг талаас нь харвал бусдын гэмийг залруулагч, зүдэргээтэй ажил шүү дээ. Бидний хувьд нэг номыг гурваас дөрвөн шат дамжин уншдаг. Орчуулга, найруулга, техник, эцсийн гэсэн байдлаар.
-Утга зохиолын салбарт сэтгэлгээний ижилсэл, нэгийгээ даган дурайх, хуулбарлах үзэгдлүүд ажиглагддаг уу?
-Аль ч үндэстний утга зохиолд туршилтын болон давтмал бүтээл байдаг. Ялангуяа 1990-ээд оны эхэнд утга зохиолын салбарт шинэчлэлийн уур амьсгал эхлэх үед туршилтын шинжтэй бүтээлүүд голчлон төрсөн байдаг. Ялангуяа залуу зохиолчдын хувьд бусдын нөлөөнд автах, давтах үзэгдэл нэлээд л ажиглагддаг. Хэн нь тэр дундаас өөрийгөө олж цааш явах уу гэдэг л чухал байх.
-Утга зохиол шүүмжлэлийн салбарт сүүлийн үед жинхэнэ зохиолч, жирийн зохиолч гэж маргалдах болсон. Та үүнд ямар дүн шинжилгээ хийж байгаа вэ?
-Ангилал бол тийм ч их анхаараад байх зүйл биш. Ялангуяа мэргэжлийн салбарт уншигчдыг талцуулаад байх шаардлага байхгүй. Харин зохиолчид уншигчдаа дагуулаад зөв чиг зам руу нь оруулаад өгөх үүрэгтэй хүмүүс шүү дээ. Дэлхийн аль ч оронд бестселлер, шилмэл зохиолууд зэрэгцэн оршдог. Тухайлбал, XIX зууны шилдэг роман гэхэд хэдэн саяараа борлож буй Пауло Коэльогийн зохиолууд биш Хунот Диазын романыг нэрлэдэг. Шилдэг борлуулалт бол уншигдах тооны асуудал. харин уран сайхны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөөр ялгарч буй бүтээлийг мэргэжлийн салбарынхан өөрсдөө үүрч дүүрсээр өргөж гаргаж ирдэг. Уг нь утга зохиол судлал, шүүмжлэлийн салбарын ажлыг нэг онцлог нь уншигчдад хүрч чадахгүй тэрхүү шилмэл бүтээлийг өөрсдөөрөө дамжуулан нээж өгөх юм.
-Таны номын сонголтын тухайд, ихэвчлэн ямар ном уншдаг вэ. магадгүй ном унших тусгай техник байх уу?
-Тийм тусгай жор гэх юм байхгүй. Италийн нэрт зохиолч Итало Калвиногийн нэг ангилал байдаг. Заавал унших шаардлагагүй ном, арай хямдрахыг нь хүлээж болмоор ном, дараагийн төрөлдөө ч уншсан болохоор ном, зүгээр л номынхоо тавиурыг чиммээр ном гэхчлэн цааш үргэлжилдэг. Уншихын дадлын тухайд бол зэрэг эхлүүлэхийг хичээдэг. Гэртээ нэг ном, ажил дээрээ нэг ном, цүнхэндээ нэг ном гэхчлэн. Гэхдээ эдгээр ном өөр өөр төрлийнх байвал зүгээр.
-Зохиолчоосоо их хэвлэлийн үйлдвэртэй, уншигчаасаа их зохиолчтой болчихсон гэж ярих юм. үүнтэй санал нэгдэх үү?
-Хэн бичиж буйд биш хэн уншиж буй тухай л асуудал. Ном гаргасан бүрийг зохиолч хэмээн хүлээн авдаг уншигчтай байвал тэр өөрөө том асуудал. Уншигчдын түвшин өсөөд ирэх явцад цаас, мөнгө гарздаж усан зохиол гаргадаг хүмүүсийн тоо цөөрнө.
-Таны хувьд “Сайн уншигч” гэж хэд хэдэн ярилцлагад энэ тухай дурдсан байсан. Сайн уншигч болоход ямар ном, хэрхэн унших тухай заавар, зөвлөгөө байдаг уу?
-Уран зохиолын онолд бичвэр судлал гэсэн ойлголт бий. Тэр нь бичвэр бол зохиолчийн тусгасан санаанаас ангид, тусдаа бие даасан ертөнц гэж үзэх үзэл. Тиймээс миний яриад байгаа сайн уншигч байх нь зохиолчийн санаанаас давж зохиолыг ойлгох, хүлээн авах тухай юм. Ингэхийн тулд унших гэж биш, уншиж буй харагдах гэж биш тухайн бичвэрийг нэг ертөнц гэж ойлгоод түүнээс юу авах вэ гэж л унших хэрэгтэй. Ийм л зөвлөмж өгөх байна.
-Та ном зохиол, сонин хэвлэл, бичиг цааснаас хөндийрөх цагтаа юу хийдэг вэ?
-Зураг зурах эсвэл өөрийн сонголтоор кино үздэг. Сэтгэлд буусан дүрслэлээ будгаар дамжуулаад илэрхийлнэ гэдэг бясалгал шиг санагддаг гэх үү дээ. Гэвч би зураач биш зүгээр л сонирхогч. Дээр нь өөрийн гэсэн сонголтоор кинонууд татаж үздэг. Кино найруулагчийг нь харж байгаад хэдэн хэсэгт ангилаад киногоо зугуухан үздэг.
-Таны хувьд суралцдаг, байнга зохиол бүтээлийг нь сөхөж хардаг ямар хүн байдаг вэ?
-Антропологийн талын судалгааны орчуулга, бүтээлийг уншихыг эрмэлздэг. Түүхэн судалгааны сайн номоос буцахгүй. Бидний бага насыг Г.Аюурзана зохиолчийн эрхэлсэн хар номууд илүү гэрэл гэгээтэй болгож өгсөн шүү. Тэдгээрийг уншиж өссөн. Одоо бол өөрийн гэсэн сонголттой болсон тул юуг, хаанаас олоод унших нь ойлгомжтой болчихжээ.
-Та оюутан байхдаа их сургуулийн утга зохиолын нэгдлийн эрхлэгч байсан. Ер нь оюутан ахуй насандаа яруу найргаар амьсгалдаг байв уу?
-МУИС-ийн Утга зохиолын нэгдлийг удирдаж үзсэн. Бидний үеийнхэн одоо уран зохиолд өөрсдийн гэсэн өнгө төрхийг олоод эхэлж байна. Миний үеийнхэн бол бага нас нь шилжилтийн үед таарсан, өөрсдийнхөөрөө, уран бүтээлч сэтгэлгээ өндөртэй тийм л үе. Энэ үеэс хэдэн сайн яруу найрагч төрөх байх хэмээн итгэж номыг нь хүлээдэг шүү.
-Таны анхны ажлын гараа хаанаас эхлэж байв?
-Сургуулиа төгсөөд “Монсудар” хэвлэлийн газар редактораар ажилласан. Редактор гэдэг мэргэжил номын бичвэрийн түвшинд нарийн задлан уншдаг учир энэ ажил надад их тус болсон гэж боддог.
-Утга зохиолын анги төгсөөд сэтгүүлчээр ажиллаж буй хүмүүс цөөнгүй байдаг. Тэдний нэг нь та. Таны хувьд сэтгүүл зүйн нэр хүндтэй уралдаан болох “Ц.Балдорж”-д дэд болон аравдугаар байр эзэлж байсан. Энэ нь таны чамгүй сэтгүүлч байсныг илтгэх үзүүлэлт байх. Сэтгүүлчээр ажиллах ямар санагдаж байв?
-2014 онд С.Батбаатар ах, Ж.Тэгшжаргал хоёр “Шинэ сэтгүүл байгуулах санаатай байна. Чи ирж ажиллах уу” гэсэн санал тавьснаар “Гэрэг” сэтгүүлтэй нэр холбогдсон доо. Би барууны сэтгүүлзүй ямар байдаг вэ, бид юуг нь авах нь зүйтэй вэ гэсэн үүднээс монголдоо сэтгүүлзүйн мэргэжлийн бичлэг, контентын соёлыг бий болгохоор зорьж ажилласан. Тухайлбал, сэтгүүлч мэргэжил бол хэний ч, өөрөөр хэлбэл, гайгүйхэн шиг найруулгатай хэн бүхний хийчихдэг мэргэжил гэдгээс зөвхөн мэргэжлийн хүн л мэргэжлийн салбараа бичих ёстой гэсэн ойлголт болгон залруулахыг хичээсэн л дээ. Тэр утгаараа манай нийтлэлүүд уншигчдад илүү итгэл үнэмшилтэй, гаргалгаа сайтай санагддаг байсан болов уу.
-Их сургуульд багшилдаг гэсэн. Оюутнуудад юуг илүүтэй ойлгуулахыг эрмэлздэг вэ?
-Одоогоор би Монгол Улсын их сургуульд соёл иргэншил судлалын чиглэлээр хичээл орж байна. Хэдийгээр би уран зохиол судлалын мэргэжилтэй ч судалгааны ажил маань антропологи, соёл иргэншлийн судалгаа байсан. Тиймээс ч энэ чиглэлээр хичээл орж, оюутнууддаа нүүдэлчдийн бүтээсэн иргэншлийн онцлог, дэлхийн соёл иргэншлүүдийн ялгаа болоод нийтлэг шинж, бидний түүхэн хугацааны явцад гээж буй үнэт зүйлс, цаашид юуг хэрхэн тээж явах вэ гэдэг тухай хэлэлцдэг.
-Хаврын улиралд догдолдог уу. Ер нь та ямар улиралд дуртай вэ?
-Зуны сүүл сар, намрын эхний налгар өдрүүд, эсвэл амьтай бүхэн мухар руу шигдсэн өвлийн тасхийм аниргүй өдрүүд хавар, намрын сүүл үед сэтгэл санаа тогтворгүй. харин зун бие хаа тавгүй байдаг учраас тийм ч таатай санагддаггүй.
-Уран бүтээлч хүний тухайд ямар цаг мөчид бүтээл хийдэг вэ?
-Хувийн дэглэм маань орой, өглөө гэсэн хоёрхон хуваарьтай. Би уран бүтээлээ дагнаад хийдэггүй. хажуугаар нь ажил хийж амьдралаа залгуулдаг болохоор өдөр нь ажилладаг. Харин орой өглөө зав зайнд гэртээ сууж уран бүтээлээ хийх нь олонтаа. Дашрамд сонирхуулахад, миний яг одоо уншиж буй ном суутнуудын ажиллах, амьдрах хэв дадлын тухай юм. Тэд хэрхэн унтдаг, хэрхэн иддэг гээд цаашаа маш сонирхолтой бичигдсэн бүтээл.
-Хамгийн сайхан мэдрэмж юу байдаг вэ?
-Хэчнээн өдөр бодсон санааг хэн нэгэн шивнэх мэт гэнэт санаанд буух хамгийн сайхан мэдрэмж.
Түүний номын хавтасны ард байрлах мэргэн үгээр ярилцлагаа төгсгөж байна. “Цаг хугацааг зогсоож, хүний сэтгэл дотор луу өнгийн тольдогч ид шидийг хайж байгаа бол ямагт сайн зохиол унш. Гэхдээ ямагт зохиолчийн санаанаас давж уншихыг хичээ” Умберто Эко
Ярилцсан сэтгүүлч С.Бэрцэцэг "Үндэсний шуудан" сонин
Сэтгэгдэл хэсэг