Ж.ТЭГШЗАЯА: ХҮНИЙ ОРШИХУЙ ГАНЦХАН ШИНЖЭЭР ХЭМЖИГДЭХЭЭРГҮЙ БАЯЛАГ

 

OPEN DOOR сонины зургаадугаар сарын 9-16-ны дугаарт нийтлэгдсэн орчуулагч Ж.Тэгшзаяатай тус сонины сэтгүүлч Б.Алтанхуягийн хийсэн ярилцлагыг хүргэж байна.


Чех гаралтай алдарт зохиолч Франц Кафкагийн “Цээрлүүлэх колонид”, “Мацагчин” зэрэг өгүүллэгүүдийг унших бүрийд сэтгэл ширхийн урагдаж, зовиурладаг хэдий ч тийм дүрийн өмнөөс шаналж, зовж ном унших нь таатай санагддаг. Магадгүй уран бүтээлийн үнэ цэнэ нь амьдралд илүү ойр, сэтгэл эмзэглүүлсэн чимээгүй нууцлаг ертөнцийн эгэл жирийн хүмүүсийн түүх дээр оршдог байх. Тус өгүүллэгүүдийг “Тагтаа паблишинг” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагчдын нэг Ж.Тэгшзаяа орчуулсан билээ. Мөнхүү тэрээр саяхан орчин цагийн алдарт модерн зохиолчдын нэг болох Милан Кундерагийн “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” романыг эх хэлнээ хөрвүүлсэн нь Чехийн эл алдарт зохиолчийн бүтээл Монгол хэлнээ орчуулагдсан анхны тохиолдол болсон юм.

 

Чех гаралтай франц зохиолч Милан Кундерагийн хамгийн алдартай роман таны орчуулгаар хэвлэгдэж уншигчдын гар дээр очоод удаагүй байна. Өдгөө зохиолч маань үргэлжилсэн үгийн долоон ном бичсэн байдаг. Яагаад заавал “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” романыг сонгож орчуулах болов?

Хэчнээн олон эсвэл цөөн бүтээл туурвисан ч бай зохиолч болгонд нэрийн хуудас болсон алдартай бүтээл гэж байдаг. Уншигчид Толстойг “Анна Каренина”-гаар, Маркезыг “Зуун жилийн ганцаардал”-аар, Кафкаг “Хувирал”, “Шүүх ажиллагаа”-аар, Умберто Эког “Сарнайн нэр”-ээр нь илүү мэддэг шиг Кундерагийн хувьд “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” роман нь зохиогчийн хамгийн алдартай, дэлхийн дахины үгийн урлагийн хорхойтнуудад хамгийн их таашаагдсан оргил туурвил нь. Орчин цагийн утга зохиолын нэр хүндтэй төлөөлөгч Милан Кундерагийн зохиол бүтээлээс өмнө монгол хэлнээ орчуулагдаж байгаагүй болохоор монгол хэлт уншигчдад “шинэ” зохиолчийг хамгийн алдартай, чансаатай бүтээлээр нь танилцуулах нь орчуулагчийн үүрэг, оновчтой сонголт гэж үзсэн. Кундера хөнгөн, амттай, яруу байдлаар уншигчдыг нухацтай эргэцүүлэл, гаргалгаанд хөтөлдөг онцгой арга барилаараа орчин цагийн утга зохиолд эрс ялгардаг туурвилч. “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” роман бичлэгийн арга барилын хувьд бидний уншиж дадсан зохиолуудаас нэлээд өөр, шинэлэг, дүрүүдийн дотоодыг нээж гаргах тал дээр онцгой жишээ болохуйц, зохиол бүхэлдээ маш амттай, хоржоонтой, яруу бичигдсэнээрээ ямар ч уншигчийн сонирхлыг татахуйц байсан нь, ийм хэмжээний зохиолыг заавал монгол хэлнээ хөрвүүлж уншигчдад хүргэх ёстой гэх “бадрангуй” хүслийн үүднээс л сонгосон доо. Одоо бол энэ романыг манай уншигчид хэрхэн хүлээж авах бол гэдэг л тун сонин байна.

Уншигчид хэдийн сэтгэгдлээ илэрхийлээд эхэлчихсэн байх. Та сониуч хүслийнхээ хариултыг хэдийн авчихсан уу. Магтаал, шүүмжлэлийн аль нь давамгай байна вэ?

Хэд хэдэн найз маань орчуулга торолгүй сайхан уншигдаж байна гэж урам өгсөн. Ихэнх уншигч орчуулагчийг магтаж, шүүжлэхээс илүү романыг, ийм роман туурвисан Кундераг нэлээд биширсэн аястай сэтгэгдэл хэлсэн. Энэ цагийн нэн содон зохиолч Милан Кундераг монгол хэлт уншигчид эх хэлээрээ уншиж, таньж, нээж байгааг мэдрэх л орчуулагчийн бахдал юм даа. Түүнээс би магтуулж, шүүмжлүүлэх эсэх чухал бус. Харин романыг нарийн задлан шинжилсэн уншигчийн сэтгэгдэлтэй хараахан таараагүй л байна.

Ихэнх хүмүүс магтуулахыг хүсдэг ч гэлээ шүүмжлэл надад тус болно гэж үздэг хүн бас бий. Танд аль нь илүү хэрэг болдог вэ. Эсвэл ижил тэгш байх хэрэгтэй юу, аль аль нь огт хамаагүй санагддаг уу?

Магтаал, шүүмжлэлд, ер нь бусдын санаа бодолд ихээхэн ач холбогдол өгдөг, энэ асуудалд эмзэг, мэдрэмтгий ханддаг хүмүүс байдаг л даа. Энэ тал дээр би харин нэлээд хэнэггүй хүн юм шиг билээ. Ахуй амьдрал, уран бүтээлийн алдаа, оноо аль нь ч байлаа хөндлөнгийн хүмүүст ердөө үр дүн л мэдэгддэг, үйл явцыг харин тухайн хүн өөрөө л ганцаараа туулж мэдэрсэн байдаг. Тэр үйл явцад тэртээ тэргүй хүн алдаа, оноогоо мэдэрдэг, үр дүнг нь ч тэртээ тэргүй өөрөө үүрдэг. Тиймээс магтаал, шүүмжлэлд онцгой их ач холбогдол өгөх утгагүй болж байгаа юм, харин хүн хоорондын амьд харилцаа гэдэг утгаар тухайн зүйлд ойр тойрныхон маань, хөндлөнгийн хүмүүс хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг л сонирхож ажиглах маягаар л ханддаг даа.

Зохиолыг орчуулж байхад хүндрэлтэй зүйл тохиолдож байв уу. Романы эхний өгүүлбэрийг монголоор цаасан дээр буулгаснаас хойш хэдий хугацааны дараа уншигчидад хүрсэн бэ?

Роман долоон хэсэгтэй. Эхний өгүүлбэрийг цаасан дээр буулгаснаас хойш өдөр өдрөөр таслалгүй сууж орчуулсаар эхний хэсгийг дуусгаад орчуулгаа түр орхисон. Орчуулагчийн хувьд энэ романыг монгол хэл рүү буулгах бяд дутаж, нэг л болж өгөхгүй байх шиг санагдсан хэрэг. Тэгээд Франц Кафкагийн “Хувирал тэргүүт тууж өгүүллэгүүд” номыг барьж авсан. Хэл найруулгын хувьд Кафка орчуулахад илүү хүнд л дээ. Гэхдээ яагаад ч юм Кафка дээр өмнөх шиг мухардаагүй, хүнд байсан ч орчуулга маань саадгүй урагшилсаар байсан. Кафкагийн бүтээлийг орчуулж гаргасны дараа эргээд Кундерагийн романыг барьж авахад орчуулга маань торолгүй сайхан хөвөрсөн. Тэгэхээр тэр хооронд би орчуулагчийн хувиар өссөн, Кундераг орчуулахад бэлэн болсон гэсэн үг. Энэ мэт шалтгаанаас болоод “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” роман эхний өгүүлбэрийг цаасан дээр тавьснаас хойш хоёр жилийн дараа уншигчдад хүрсэн. Яг тасралтгүй сууж орчуулсан хугацаагаа тооцвол хагас жил юм байна.

Кундерагийн энэ роман англи хэл дээр их хялбар уншигддаг, гэтэл монгол хэл рүү буулгахад эсрэгээр тун ч яггүй байсан. Уншигчид орчуулга торолгүй сайхан уншигдаж байна гэж эхнээсээ надад сэтгэгдлээ илэрхийлсэн. Торолгүй сайхан уншигдахын хэрээр орчуулахад тэр хэрээр хэцүү байсан тийм нэг сонин эсрэгцэл энэ романы орчуулгад тулгарсан бэрхшээл гэж болно. Гэхдээ орчуулагч “махаа идэж”, уншигч “шөлийг нь ууж” байх нь зөв зүй тогтол. Хэрэв тэгж чадсан бол би тун баяртай байна. Залуу орчуулагчдын хувьд өөрийн гэсэн онцгой хэл найруулга, бичлэгийн өвөрмөц арга барилтай үгийн урлагийн мастеруудын бүтээлийг орчуулахад хүчин мөхөсдөх үе гарна. Залуу хүн дутаж буй чадвар, туршлагаа зориг, чармайлтаараа нөхөх гэж оролддог, чадвар дутмаг ч зориг илүү байх нь бий. Харин утга зохиолын орчуулгад тийм муйхар зориг гаргаж, “явахгүй, болохгүй” байгаа орчуулгыг хэт хүчилж, зүтгүүлээд байвал зохиолын амин сүнс, нарийн ширийн нь гээгдэж мэднэ. Үгийн урлагийн “гайхамшиг”-ийг монгол хэл рүү “гамшиг” болгоод буулгачихвал зохиолч болоод уншигчийн өмнө уучлашгүй гэм нүгэлд унана. Тэгэхээр хийж бүтээх “шунал”-аа шаардлагатай үед хазаарлаж, азнаж, өөрийгөө ахиулж, хөгжүүлж, сонгосон бүтээлээ орчуулах бяд суухаа тэвчээртэй хүлээж чаддаг байх, орчуулгаа өөрөө гярхай мэдэрч, цэгнэж чаддаг байх нь залуу орчуулагчдад чухал санагдсан болохоор өөрийн туршлагаа хуваалцсан юм шүү.

 

Мэдээж та өөрөө зохиол бичээгүй. Хүний бичсэн бүтээлийг орчуулж байгаа хэдий ч маш их хөдөлмөрлөсөн юм шиг санагдаж байна. Зарим хүмүүс орчуулагч бол зүгээр л нэг уран зохиолын “хар ажилчин” мэтээр хүлээж авдаг. Та үүн дээр юу хэлэх вэ?

Нэг талаар орчуулгын үйл бол уран зохиолын хар ажил мөн л дөө. Нөгөө талаар хангалттай бүтээлч шинжтэй. Мэдрэмж, авьяас, тэвчээр, хөдөлмөрч байдлыг тэгш хослуулж байж ард нь гардаг ажил. Онгод авьяас нь халгиж цалгиж шүлэг найраг ид тэрлэж, автаж, халуурч, дэвэрч явдаг залуу насанд бол тэр “хар ажлын” шинжийг нь дааж, ард нь гарах тэвчээр олонх хүнд дутагддаг байх. Өөрсдөө бүтээж туурвих хэт авьяастай хүмүүст хүний бичсэнийг хөрвүүлээд сууж байх хайран, яйран санагддаг ч байхыг үгүйсгэхгүй. (Инээв)

Зохиолын нэгдүгээр хэсгийн эхний хоёр бүлэг ойлгоход их хүнд байсан. Ер нь Кундера өөрийн дотоод дахь үзэл санаа, философи эргэцүүллийг тэр чигээр энэхүү романдаа буулгачихсан юм шиг санагдсан шүү...

Тийм ээ. Зарим утга зохиол судлаач “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй”-г философийн роман гэж тодорхойлдог. Романыг орчуулж байх явцдаа “Хүн яаж ингэж тултал философидож чадаж байна?” гэж зохиолчийг бахадсан удаа хэд хэд бий. Уншигчаа илт дарамталж, залхаахгүйгээр гүн ухааны адармаатай санаа, философидолт, хүний оршихуйн тухай нягт эргэцүүлэл, гаргалгааг хоржоонтой, зугаатай, яруу хэр нь алгуурхнаар уншигчдын дотор хуримтлуулж, хурааж байгаа романы бүтэц, бичлэгийн арга барил нь үнэхээр сонирхолтой, зохиолчоо үгийн урлагийн тун  нарийн уртай, гарамгай инжаан гэдгийг нь аргагүй мэдрүүлдэг.

Зохиолд дотроо орж, зарим үйл явдалд нь гар бие оролцож уншвал илүү амттай байдаг. Та уг романд гарч буй гол дүрийн хоёр эмэгтэй болох Сабина, Тереза хоёрын хэнийг нь илүү ойлгох вэ?

“Гоодаль” сэтгүүлийг уншигчид сайн мэдэх байх. Тэр сэтгүүлд уран зохиолын тоймч Филип Нобелийн “Тэвчихийн аргаүй хөнгөн оршихуй” романы талаарх нийтлэл гарсан юм. Тэр нийтлэлд Томасыг оршихуй, Сабина, Тереза хоёрыг тэрхүү оршихуйн хүнд, хөнгөн хоёр туйл гэж тайлсан байсан. Сабина хөнгөн, Тереза хүнд. Утга зохиолын хорхойтнууд “Дөлгөөн Дон” романы Наталъя, Аксинъя хоёрыг харьцуулж, хувь заяаг нь дэнсэлж, хайрлаж, ойлгож, буруутгаж, уучилж байдаг шиг Сабина, Тереза хоёр яг тийм эсрэг тэсрэг чанартай, зохиолыг тус тусынхаа хязгаар луу тэлж, чангааж байдаг эмэгтэй дүрүүдийн онцгой хоршил. Нэг хөгжилтэй зүйл хэлэхэд, романыг орчуулж байх явцад Терезагийн шаналал оргилдоо хүрдэг хэсэг дээр би дагаж шаналаад бүр тэвчихээ байгаад “Одоо болно оо. Терезаг зовоохоо боль” гэж Томаст хэлж, Томасыг дотроо зүхсэн юм байна. (Инээв) Гэхдээ л Томасыг шүүж, буруутгаж чадаагүй. Кундерагийн дүрүүдээ уншигчдын өмнө нээж, “гаргаж тавьж” байгаа арга нь ёстой уран, тиймдээ ч уншигчид дүрүүдтэй тун гүнзгий холбоо тогтоодог. Миний хувьд Тереза л дотор минь илүү гүнзгий ул мөр үлдээсэн. Энэ хоёр дүрийн алийг нь илүү ойлгохоо дэнслэх юм бол Сабина шиг эрх зоргоороо, чөлөөтэй, бие даасан байхыг хүсдэг ч Тереза шиг сул дорой, өрөвдөм чанартаа хүлүүлж байдгийн хувьд хэн хэнийг нь ойлгож байна. Магадгүй Тереза, Сабина хоёрыг нийлүүлээд дундаас нь нэг хүн гаргах юм бол, тэр нь миний одоогийн хувь хүнд нэлээд дөхөж очих байх.

Өмнө нь Чех гаралтай зохиолч Франц Кафкагийн өгүүллэг туужийн түүврийг орчуулж гаргаснаа дээр дурьдсан шүү дээ. Милан Кундера ч Чех гаралтай зохиолч. Юуны учир тус улсаас гаралтай зохиолчдын бүтээлийг орчуулах болов. Үүнд ямар нэгэн шалтгаан бий юу, цэвэр тохиолдол уу?

Амьдралын учрал тохиол л ингэж таарсан хэрэг. Дээр хэлсэнчлэн Кундераг орчуулж эхэлж байгаад орхиод өөр зохиол барьж авсан нь чех гаралт еврей зохиолч Франц Кафка байсан. Кафкагийн “Хувирал” туужийг арван жилийн өмнө оюутан байхдаа эхлүүлээд баралгүй орхиж байсан юм. Тэр эхлүүлснээ одоо гүйцэлдүүлэх цаг болсон гэж хоёр жилийн өмнө мэдэрсэн болохоор гэнэт шамдсан. Ийм л шалтгаанаар чех гаралтай хоёр зохиолчийг дараалан монгол хэлэнд буулгаж таарлаа. Мөн нэг сонин зүйл хэлэхэд Яраслов Хашекийн “Эрэлхэг цэрэг Швейкийн хөгтэй явдал” романыг манай өвөөгийн дүү Ш.Очирбат гуай орчуулсан байдаг. Хашек мөн л Чех зохиолч шүү дээ. Удам судраараа Чех зохиолчдын бүтээлийг монгол хэл руу хөрвүүлэх үйлсэд зүтгэж байх шиг байна. /Инээв/

Та өөрийнхөө хамгийн хайртай зохиолчдын нэгээр Мүракамиг нэрлэдэг. Тэгвэл яагаад түүний зохиол бүтээлээс орчуулахгүй байгаа юм бол гэж гайхдаг юм. Ер нь Мүракамиг юу тийм онцгой, бестселлер зохиолч болгоод байдаг юм бэ?

Мүракамийн зохиолууд сонирхолтой дүрүүд, хүчтэй уур амьсгал, амттай, адал, чөлөөтэй бичлэг, үй түмэн хүн хаалганых нь гадуур холхиж байвч дөрвөн ханан дунд ганцаардаад сууж байдаг, хүн хоорондын харилцааны боломж, сувгууд улам олширсон хэр нь хүн хүнээсээ улам харьжиж хөндийрөх болсон орчин цагийн суурин иргэншил, хотын амьдралын мөн чанар, ганцаардлыг далайцтай бичдэгээрээ, уншигчдын тэр ганцаардлыг хуваалцаж, “хань” болдгоороо олон хүнд ялангуяа залууст их таашаагддаг байх. Уншигчдын ихэнхийн таашаалд тааруулж жорын дагуу бүтээгддэг арилжааны уран зохиол бус, уран бүтээлийн мөнхийн зарчим, утга зохиолын мөн чанарт үнэнч байж туурвисан Мүракамигийн зохиолууд ингэтлээ өндрөө авч, ингэж их борлож, дэлхий дахины залуусыг байлдан дагуулж, уран зохиолд уруу татаж байгаа нь сайн л хэрэг. Миний хувьд Мүракамигийн өгүүллэгүүдэд тун дуртай. Монгол хэлэнд Мүракамигийн зохиолыг зөвхөн япон хэлнээс орчуулна гэсэн шаардлагыг Мүракимийг төлөөлдөг агентлаг тавьдаг. Тиймээс би япон хэл мэдэхгүй болохоор Мүракамигийг орчуулах асуудал хаалттай болж байгаа юм.

Зарим орчуулагчид уншигчдын таашаалыг дагаж орчуулах бүтээлээ сонгодог бол зарим нь өөрсдийнхөө таашаалд 100 хувь нийцүүлдэг. Таны хувьд?

Би орчуулагчаас гадна давын өмнө утга зохиолын хорхойтон, уншигч. Бага байхдаа “уран зохиол” гэх шидэт ертөнц рүү “унаснаас” хойш уран зохиолын ном уншаагүй өнжсөн өдөр цөөхөн байх. Уншигчдын хувьд сайн зохиолыг эх хэлээрээ уншина гэдэг сайн хүнтэй учрах адил завшаантай, ерөөлтэй зүйл. Ер нь өөртэйгөө адил утга зохиолын хорхойтнуудад хэчнээн сайхан байхыг, тэдэнд юу өгөхийг бодохоос л сайн зохиолыг орчуулмаар хорхой асдаг юм. Монгол хэлэнд буугаагүй утга зохиолын чансаатай, сор бүтээлүүд маш их бий, тэр дундаас бол хувь хүнийхээ таашаалаар, мөн миний орчуулах бяр чадал хүрэх эсэхийг харгалзаж байгаад л орчуулах бүтээлээ сонгоно доо.

Та уг нь хуулийн сургууль төгссөн хүн. Яагаад мэргэжлээрээ ажиллахаас татгалзаж орчуулагчийн замыг сонгосон юм бол оо?

Энэ асуултанд хариулна гэвэл үлгэр домог шиг юм ярих байх даа. /Инээв/

Амттай үлгэр гэдэгт эргэлзэхгүй байгаа учраас сонсмоор байна. Та ярьж өгөөч?

Бидний үеийнхэн арван жил төгсөж байх үе бол одоотой харьцуулахад назгай, зөнгөөрөө, хүүхэд өөрийгөө таньж, хөгжүүлэх боломж хумигдал үе байсан. Багаасаа л уран зохиолд “дон”-той байсан мөртлөө өөрөө л зохиол бүтээл бичдэггүй юм бол уран зохиолтой холбоотой ямар нэг ажил хорвоо ертөнц дээр байдаг эсэх, би тийм ажил хийж амьдарч болох эсэх талаар таг төсөөлөлгүй байлаа. Тэр үедээ МУИС-ийн Хуулийн сургуульд орж суралцаад 2 дугаар күрсдээ оршихуйн шинжтэй хямдралд нэрвэгдсэн л дээ. (Инээв) Утга зохиол гэж ийм салахын аргагүй баялаг ертөнц намайг даллан дуудаад байхад түүнтэй л амьдралаа холбож, утга зохиолын ямар нэг ажил хийж амьдрахгүй бол ингэж явсаар сургуулиа төгсөөд хуульчийн ажил хийж амьдарна гэхэд нэг л боломгүй, харамсалтай санагдсан. Тэгээд хүссэн номоо англи дээр унших хүслийн үүднээс хэл сурч эхэлсэн маань бага багаар даамжирсаар уран зохиолын орчуулагч болъё гэж шийдэв ээ. Тэгээд энэ хүслээ биелүүлэх нэг мэргэн арга олсон нь Горькийн утга зохиолын сургуульд сурах явдал. Хуулийн сургуулиа төгсчихөөд тийшээ л очиж суръя гэж бодоод англи хэлээ ч үзэхээ болиод орос хэлээ давтаж, сургуулийнхаа төлбөрт зориулж гэрийнхнийхээ өгдөг гарын мөнгийг ёстой тавь, зуу гэж гололгүй цуглуулсаар жилийн дараа гэхэд сая төгрөгтэй болсон түүхтэй. (Инээв) Шинэ хувцас, амттан энэ тэр огт авахаа байж зөвхөн мөнгийг нь хураадаг байсан тэр үед нэг удаа өөрийгөө хэлтрүүлээд ганц удаа зайрмаг авч идсэн чинь ёстой салахын аргагүй амттай байсан. Одоо хүртэл тэр зайрмагны амт хааяа бодогддог юм. Одоо бол тийм гэнэн, дэврүүн байсан үеэ санахаас, хааяа тэгж мөнгөө цуглуулж байснаа бодохоор өөрийгөө учиргүй шоолж инээмээр ч юм шиг, эсвэл цурхиртал уйлмаар ч юм шиг. Тэр үед дотны эгч маань “Миний дүү заавал орос явж яах юм. Англи хэлээ үз, одоо үед англи хэлээр илүү өргөн боломж олдоно” гэж зөвлөснөөр өнөө цуглуулсан сая төгрөгөөрөө англи хэлний жилийн күрсэд сурсан даа. (Инээв) Уран зохиолын орчуулагч болох мөрөөдөлдөө шатсан гэнэн охин байхдаа Кафкагийн “Хувирал”-ыг анх зүрхлэн барьж авч, чадвар мөхөсдөөд орхиж, хуулийн сургуулиа ч хаячихаж чадахгүй сурсан болж явсаар мөрөөдөл, бодит амьдрал хоёрын дунд нэлээд тэлчилж шаналсан санагддаг. Их сургуулиа төгсөөд уран зохиолын орчуулга хийхэд бэлэн бишээ мэдэж байсан болохоор нэг хэсэг хэд хэдэн телевизэд кино орчуулга хийсэн, дараа нь хуулийн фирмд мэргэжлээрээ туслах хуульчаар ажиллаж, ихэнхдээ гэрээ орчуулах болж, энэ зуур англи хэл маань тасралтгүй сайжирсаар л байсан. Энэ хооронд нас маань хорийн талаас талийж, амьдралдаа шийдвэртэй алхам хийж, цаашдын явах замаа эрслэн сонгох шаардлага яалт ч үгүй тулгарсан. Тэгж байтал Баясаатайгаа танилцаж, уран зохиолын хүсэл сонирхлоо хуваалцаж, ойлголцдог найз нөхөдтэй ч болж, төдөлгүй “Монсудар” хэвлэлийн газраас Сюзан Колллинзийн “Өлсгөлөн тулаан” романы хоёр дахь дэвтрийг орчуулах санал ирсэн юм. “Галаар наадагсад”, дараа нь “Мокинжэй”, түүний дараа “Зөгийн үүр сандаачсан охин” романуудыг захиалгаар орчуулсан нь орчуулгын хөдөлмөрийг ойлгох, суралцахад их туршлага болсон. Түүний дараачаас л өөрийн сонгосон орчуулгын бүтээлийг гаргах цаг болж гэж шийдээд оюутан байхдаа орчуулж чадалгүй орхисон өнөө Кафкагаа гаргаснаар утга зохиолын орчуулагч болно гэх мөрөөдлөө албан ёсоор эхлүүлсэн юм байна. Уран зохиолын орчуулга хийдэг энэ амьдралын замд хэрэндээ л тэмцэж, шаналж байж хүрсэн дээ. Ёстой үлгэр домог шиг урт хариулт болчихов уу даа. (Инээв)

 

Ажил тань явж өгөхгүй, ном уншмааргүй, тэс ондоо зүйл хийгээд суумаар өдөртэй нүүр тулж байсан уу. Тийм үед хийсэн сонголтондоо харамсах тохиолдол гарч байв уу?

Оюутан байхад сая ярьсанчлан мөрөөдлийнхөө төлөө олигтой юм хийж чадахгүй тэлчилж шаналж байхдаа л нэг удаа номын сангаа шатаагаад, утга зохиол гэж байдгийг ор тас мартаад амьдаръя гэж шийдсэн удаатай. Мэдээж тэр үед номын сангаа шатаагаагүй, уран зохиолыг ч мартаагүй. Хүний хүсэл, мөрөөдөл гэдэг тийм амар зоргоороо хаяж, мартчихаж болдог хялбар зүйл биш. Би ер нь сэтгэл хөдлөл өндөртэй, дотоод савалгаа ихтэй, сэтгэлзүйн нэг төлөв байдалд удаж чаддаггүй, нэг юмаа удаан давтан хийвэл хурдан залхдаг “тэвчээргүй” төрлийн хүн. Хувь хүний энэ чанар маань уран зохиолын орчуулга хийхэд тийм ч тохиромжтой биш. Тиймээс тогтвортой орчуулгаа хийгээд олон сараар суухад өөртэйгөө тулж ажиллах шаардлага нэлээд гарна. Зарим өдөр орчуулга огт урагшлахгүй, өчнөөн ухнатаж, шөнөжин суугаад ганц хуудас орчуулах үе ч тохионо. Тийм үед огт өөр зүйл биш уран зохиолын амттай бичвэр л аврал болдог. Тиймээс орчуулга гацаж мохох үед шууд л дуртай номоо барьж аваад уншдаг, төдөлгүй орчуулах урам зориг маань ч сэргээд ирдэг.

Сав л хийвэл барьж аваад дуртай хэсгээс нь уншаад суучихдаг номынхоо тухай ярихгүй юу?

Борхесын “Хоёр хаан, хоёр хонгил” ном. Аюур ахын орчуулж, эмхэтгэсэн “Эзлэгдсэн байшин” номноос Борхесын “Бурхны бичээс” өгүүллэгийг анх уншсан шиг тийм ид шидийн, гайхамшигт хормыг амьдралдаа ер амсаж мэдэрсэн эсэхээ мэдэхгүй байна. Маркезын “Зуун жилийн ганцаардал”, Шолоховын “Дөлгөөн Дон”, Памукын “Хар судар”, Жэк Лондоны “Мартин Иден” байна. Монгол зохиолчдоо бол тухайн үеийнхээ сэтгэлийн байдлаасаа хамаараад янз янзаар сонгож уншина. Сэтгэл нэг л уярангүй сайхан байх юм бол С.Эрдэнэ гуайн уянгалаг хэл найруулгад автаж, өөр доторх зуунги, өлчир чанараа дуудаж сэрээе гэвэл Д.Норов гуайн яргай хэл найруулгыг бахдан уншиж, сэтгэл нэг л сайхан тэнүүн ууч байх юм бол Чинагийн Галсан гуайн аялаг, эрэмгий хэл найруулгад шимтдэг. Эх хэлнийхээ гоо сайхныг мэдэрч бахдана гэдэг үнэхээр монгол хүн болж төрсний хэрэг гарч байх шиг эх оронч, уярам сайхан мэдрэмж шүү.

Хүмүүс өөртөө ханаж эхэлсэн цагтаа сонгодог зохиол орчуулах хэрэгтэй. Тэр болтол суралц гэж ярьдаг. Гэтэл “өөртөө ханана” гэдэг чинь хүсч тэмүүлсэн зүйлгүй болохыг хэлдэг юм биш үү. Та үүн дээр ямар бодолтой явдаг вэ?

Сайн зохиолыг орчуулж чадах бядтай болсон үедээ барьж авах нь зөв. Тэрийг орчуулагч өөрөө л мэдэрнэ. Уран зохиолын орчуулгад өөртөө ханана гэдэг ярвигтай ойлголт. Орчуулж, туршлагажих тусам ур чадвар нэмэгдэх нь нэмэгдэх боловч зохиолч болгон өөр өөр хэл найруулгатай, зохиол болгон өөр өнгө аяс, агуулгатай болохоор шинэ зохиол орчуулахад шинэ бэрхшээлтэй л тулна, тэгэхээр ханаж, бардана гэдэг бараг боломжгүй л дээ.

Дараагийн шинэ зохиолын орчуулга руугаа орсон уу. Аль эсвэл өөртөө жаахан амралт захиалчихсан байгаа юу?

Хоёр долоо хоног амраад л дараагийн номын орчуулга руугаа орно гэж бодсон боловч яагаад ч юм халгаад нэг л чадахгүй байна. Зуны дэлгэр цагт сэтгэл хөвсөлзөөд тогтож сууж чаддагүй тал бий. Тэгэхээр одоохондоо өөрийгөө харзнасан маягтай, орчуулахаас ондоо Тагтаа Паблишингийнхаа бусад ажлыг хийсэн янзтай л байна.

Кундера романыхаа туршид маш олон асуулт тавьж түүндээ хариулсан, заримыг нь сул орхичихсон байдаг. Би тэдгээрээс нэгийг сонгож таниас асуухыг хүссэн юм. Та зөвшөөрөх үү?

Тэгэлгүй яахав.

“Тэнгэрлэг агуу хийгээд дорд өчүүхний хооронд төөрөлдмөөр жаахан зай байдаг уу?” Хэрэв та Кундера байсан бол энэ асуултанд өөрийн зүгээс хэрхэн хариу бичих байсан бол?

Энэ асуултыг зохиолд Сталины хүү Яков ялгадаснаас болж амиа хорлож байгаа тухай хэсэг дээр тавьдаг. Яков түүхэн бодит хүн боловч ялгадаснаас болж амиа хорлосон гэсэн баримт байхгүй. Түүхэн бодит байдал, уран сайхныг хольж сүлж бичих нь орчин цагийн постмодерн бичлэгийн нэг арга. Зохиолын энэ хэсэгт эмгэнэл, хоржооныг гарамгай хослуулсан байдаг. Чиний асуултын хувьд хүний оршихуй угаас л агуу мөртлөө өчүүхэн мөн чанартай санагддаг. Нэг хоромд агуу ихийг бүтээж байсан бол нөгөө хоромд жорлонд ялгадсаа ялгаруулаад сууж байна, нэг хоромд ёс зүйн агуу гаргалгаанд хүрэх бол нөгөө хоромд адын дорд хүсэл тачаалд эзэмдүүлнэ. Тиймдээ ч хүний оршихуйг зөвхөн нэг шинжээр нь тодорхойлж, хэмжихээс, ер нь хүнийг нэгмөсөн, хөдөлшгүй яв цав тодорхойлж, шүүхээс зөнгөөрөө л жийрхээд тойроод байдаг юм. Хүний оршихуй ганцхан шинжээр хэмжигдхээргүй баялаг санагддагаас тэр.

Оросын эзлэн түрэмгийлэлд өртсөн Чех орныг Кундера романдаа дүрсэлсэн байсан. Орчуулж байхдаа сэтгэлд тань эмзэглэл төрсөн үү?

Чехүүдийн зовлон шаналлыг драмжуулж дүрслэхээс илүүтэй Оросын дарангуй засгийн өчүүхэн, хоосон мөн чанарыг хоржоон, егөөтэй харуулсан хэсгүүд романд хэд хэд бий. Романд Оросын эзлэн түрэмгийлэлд автсан Чех орон, романы дүрүүдийн хувь заяагаар дамжуулан эзэрхий засаглал, тогтолцоо хувь хүнийг хэрхэн дарангуйлдгийг уншигчдад үе үе тун хурц, егөөтэй мэдрүүлдэг. Орчуулж байхад хувь хүний асуудлыг олон нийтийн болгож завхруулдаг дарангуй нийгэм, хувь хүнд хувийн нууц гэж үгүй болох аймшгийг л илүү тод мэдэрсэн.

Ер нь үгийн урлагийн гарамгай туурвилчид зохиол бүтээлээрээ дамжуулан эх орон, үндэс угсаагаа дэлхий нийтээр хайрлуулж чаддаг идтэй хүмүүс. Энэ тал дээр Памук үнэхээр гарамгай. Памукаас болж Түркүүдийг ойлгож, Истанбул хотыг хайрлаж, тийш очиж үзэхийг чин сэтгэлээсээ мөрөөддөг уншигчид олон. Монгол зохиолчдоос харин Чинагийн Галсан гуай монгол орныг, нүүдэлчин соёл ахуйгаа герман хэлт уншигчдад, цаашлаад дэлхий дахинд ойлгож, таниулахад хамгийн их хувь нэмэр оруулж байгаа зохиолч болов уу.

Орчуулга хийхэд хэлний асар их мэдлэгтэй байхаас гадна уран зохиолын мэдрэмжтэй байхыг чухалчлан үздэг. Тиймээс сайн уншигч байх хэрэгтэй юм шиг ээ. Ер нь орчуулга хийхэд хамгийн чухал нь таны анзаарснаар юу байв?

Монголд ч тэр дэлхий дахинд ч тэр уран зохиолын сайн орчуулагчид сайн уншигч байх нь элбэг. Уран зохиолд үнэхээр хайртай, сонирхолтой л биш бол уран зохиолын орчуулга хийнэ гэдэг тийм хүсмээр ажил биш. Ашиг хонжооны нүдээр харвал бүр ямар ч ашиггүй, хийж буй хөдөлмөртэйгөө харьцуулахад үнэлгээ багатай ажил. Тиймээс уран зохиолд хайртай гал халуун хүсэл эрмэлзэл л утга зохиолын орчуулгын ажлын чамгүй хувийг чирч урагшлуулах хөдөлгүүр болно. Тийм нугарашгүй, халуун хүсэл эрмэлзэл утга зохиолын хорхойтнуудаас л гардаг. Түүний дараа хөрвүүлж буй эх хэлээ утга зохиолын бичгийн хэлний түвшинд сайн эзэмшсэн байх нь чухал. Бүр цаашилбал текстийн мэдрэмж, авьяасын асуудал яригдана. Эцэст нь тэвчээр, хөдөлмөр чухал.

Өмнө нь өгсөн нэг ярилцлагандаа цэвэр өөрийн таашаалыг сонгож орчуулга хийвэл Норвегийн зохиолч Хамсуны “Өлсгөлөн” романыг сонгоно хэмээсэн байсан. Энэ тухай ярихгүй юу?

Кнут Хамсун бол орчин үеийн уран зохиолын шавыг тавьсан зохиолчдийн нэг. Ухамсрын урсгал, дүрүүдийн дотоод монологт түшиглэсэн бичлэгийн арга барилыг Хамсун анх туршиж, дараа дараагийн туурвилчдад гүнзгий нөлөөлсөн гэхэд хилс болохгүй. “Өлсгөлөн” роман тэртээ 1890 онд бичигдсэн гэхэд үнэхээр шинэлэг, онцгой зохиол. Ямар нэгэн бэлгэдэлт утгаар бус үнэхээр л өлсөж туйлдаж буй “Өлсгөлөн” романы нэр нь үл мэдэгдэх гол дүрийн эр, уг зохиол надад үнэхээр хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Тэр утгаар л орчуулах сан гэж бодсон хэрэг. Хэзээ нэгтээ орчуулж магадгүй юм.

Та өөрөө зохиол бичих талаар боддог уу. Танд бичээд номын сандаа хав дарчихсан хэнд ч уншуулаагүй шүлэг, өгүүллэг байдаг уу?

Би яруу найрагч гэсэн амбицаар бус ердөө блог бичвэр утгаар л хэдэн шүлэг бичиж үзсэн. Шүлэг яалт ч үгүй сэтгэлзүйн тэс өөр, жир бус төлөвт бичигддэг эд байх. Сэтгэлийн тэр их үелзэл, савалгааг дааж гараад дотоодоо ахин дахин ухаж төнхөж бичих тэнхээтэй хүн биш гэдгээ мэдэрсэн. Ер нь бүтээгчийн амьдрал гэдэг зовлонтой, бэрх зам. Хаа нэгтээ хав дарсан зохиол бүтээл байхгүй. Ирээдүйд би бичих болов уу гэж ер нь санааширдаггүй. Харин кинотой холбоотой мөрөөдөл байдаг, түүнээ одоо хуваалцаж арай түвдэхгүй байна.

Таны өвөө төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Жалан-Аажав. Өвөөтэйгөө хамт өнгөрүүлсэн сайхан дурсамжуудаасаа хуваалцаач...

Бороотой өдөр өвөөдөө наалдаад далбагар том хар шүхэрнийх нь дор, өвөөгийнхөө гараас хөтлөөд тун маадгар явж байсан багын дүр зураг яагаад ч юм сэтгэлд тод үлдэж, үе үе санагддаг юм. Өвөөтэйгөө байхад юунаас ч айдаггүй маадгар амьтан байснаа хааяахан шимширтэл мэдэрдгээс л тэр байх. Картын барааны хомс тарчиг үед ч тэтгэврийн хэдээсээ илүүчлээд надад авч өгдөг байсан зайрмаг, жигнэмгийн амт үе үе санагдана. Өглөө сэрээд нойрмог чигтээ нүдээ нухалсаар галын өрөө лүүгээ гүйгээд ороход эмээгийн хайрсан шарвингийн дотно үнэр, хошуу дэвсэн угтдаг өвөө, эмээ хоёроо, гэр бүлийнхнийхээ халуун дулаан хайрыг санахаар ер нь амьдралын муу муухайд хэзээ ч бууж өгөхгүй гэдэг итгэл зориг төрдөг. Халуун ам бүл дундаа өнгөрөөсөн ахуй амьдралын ийм анзаарагдамгүй энгийн хормууд л хойшдын амьдралыг бүлээцүүлэх нандин дурсамж болдог бололтой. Харин сургуульд орж үсэг үзэх болсноос хойш өвөө байнга л хичээлээ сайн хий, эрдэм номд шамд гэж захидаг байсан. Ийм өвөөгийнхөө дэргэд өссөн болохоор эмэгтэй хүнд оноогддог “уламжлалт үүрэг”, ахуйн ажлын ачааллыг багаасаа огт мэдрэхгүй өссөн, эмэгтэй хүн гэрийн ажил хийх учиртай гэх мэт хэвшмэл хандлага нийгэмд байдгийг бүр сүүлд том болсон хойноо л мэдэж мэл гайхсан. (Инээв) Өвөө ер нь өөрөө маш хурц, дайчин, хөдөлмөрч хүн боловч бусдыг өндөр шаардлагаар дарамталж зовоодоггүй, урамшуулж, магтаж байдаг, өөртөө хатуу, өрөөлд зөөлөн хүн байсан. Өвөөгийнхөө энэ л чанараар амьдралд хандахыг зөнгөөрөө хичээх болж.

“Тагтаа паблишинг”-ийг анх хэрхэн байгуулсан бэ?

Утга зохиолын номын орчуулгын эрхийг хувь хүнд өгдөггүй, тиймээс албан ёсны компани байгуулах шаардлага тулгарсан. Тэгэхээр Баясаа бид хоёр дуртай ажлаа албан ёсоор хийж эхлүүлэхийн тулд “Тагтаа Паблишинг”-ийг анх байгуулсан гэж болно.

Өдгөө “Тагтаа паблишинг”-аас нэлээдгүй орчуулгын бүтээлүүд хэвлэгдэж гарсан. Уншигч олон ч танайхаас гарсан номуудыг амтархан уншдаг болоод байгаа. Мэдээж таныг өөрийн орчуулсан хоёр номыг хасаад үлдсэн бүтээлүүдээс алийг нь илүү унших дуртай вэ?

Памукт хайртай уншигчийнхаа хувиар “Цас” роман, яруу найрагт хайртай уншигчийн хувиар “Хятадын орчин үеийн яруу найраг”, кино хорхойтны хувьд “Зүүд бол цорын ганц бодит зүйл” номыг сонгох байх.

 

Уншигчид таныг орчуулагчаас гадна кино шүүмжлэгч, сайн үзэгч гэдгээр тань мэднэ. Дуртай найруулагч, хамгийн олон үзсэн киноныхоо талаар яриач?

Дуртай найруулагчдаа нэрлэ гэвэл Вон Кар Вай, П.Т.Андерсон, Лий Чан Дон, Парк Чан Ук, Ким Ки Дук, Эдвард Янг, Хоу Сяосянь, Андрей Тарковский, А.Г.Иньяритту, Стивен Чоу гэх мэтээр үргэлжилсээр урт жагсаалт болно. Энэ дундаас Вон Кар Вайн кинонуудыг нэгийг ч алгасалгүй цөмийг, хамгийн олон удаа үзсэн болов уу.

Магадгүй таниас уншигчид кино тэмдэглэл, нийтлэлийн уншууртай бүтээл гарах болов уу гэж хүлээдэг байх...

Нэг хэсэг “Гэрэг” сэтгүүлд кино тойм, шүүмжийн тогтмол булан хөтөлдөг байсан юм. Тэгэхэд хэд хэдэн монгол киноны тойм бичсэн. Дэлхийн кино урлагтай харьцуулахад монгол киноны хөгжил хэр хоцорч явааг хүн хэнгүй хангалттай мэдэх байх. Энэ ч олон шалтгаантай. Тухайн үед киноны талаар идэвхитэй бичиж байхад монгол киноны талаар дандаа л муушаасан агуулгатай бичвэрүүд төрөөд байсан, сүүлдээ ч монгол киног зорилготойгоор муулж, доршаах “хий хуй” туссан хүн шиг л уншигчдад ойлгогдохоор болсон байх. Манай дотоодын киноны хөгжил ийм сул байхад кино тоймчоор ажиллаа гэхэд нэгэн хэвийн л бичвэрүүд гарах юм байна, ер нь монгол киноны талаар байнга бичих орон зай, нөхцөл боломж ч алга гэж дүгнээд больсон. Тэр үеэс хойш хэрэв манайх шиг жижиг зах зээлтэй, кино урлагийн хөгжил сул оронд чи сайн кино тоймч, судлаач байя гэвэл илүү учиртай, өгөөмөр, нухацтай хандах учиртай юм байна гэдгийг ухаарсан. Кино тоймч, судлаач хүн өөрийнхөө хэчнээн өндөр дээд, “өөгүй” таашаалтайгаа, киноны ямар арвин мэдлэгтэй болохоо тааруухан бүтээлийг үг сүггүй муулж, доршааж үзэгчийг монгол киноноос улам холдуулж, алсраах байдлаар гүйцэлдүүлэх бус харин ч сайтар тайлбарлаж, нээж, ойлгуулах байдлаар бичих ёстойг ойлгосон. Ялангуяа манай нөхцөл байдалд ийм голчтой, өгөөмөр хандлага их чухал. Миний хувьд зүүдэнд ч оромгүй тааруухан монгол кино олон үзэж цочирдсон нь үзэгчийн “агуу ихийн хэнээрэл”-ээс маань ангижруулж, киног үнэн сэтгэлээс хайрлахад, ойлгоход улам түлхэц болсон байх гэж боддог. Монгол киноны хөгжил дандаа ийм сул, хоцрогдмол, намжмал байхгүй, ирэх арав, хорин жилд илүү ахиж дэвшинэ, шинэ залуу уран бүтээлчдийн нэгэн үе төрнө, тэр хэрээр улам л өрнүүн, сонирхолтой болно, тэр үед тэр хөгжлийг улам түргэтгэхэд хувь нэмэр оруулах, үзэгчийг сайн кино руу шударгаар хөтөлж замчилж чаддаг, кино урлагт дурлуулж, татаж чаддаг сайн кино тоймч, судлаач улам л хэрэгтэй болно. Тиймээс миний хувьд ийм кино тоймч, судлаач болтлоо өөрийгөө хөгжүүлэх, ахиулах шаардлага байгаа, тиймдээ ч тогтмол идэвхитэй ажиллаж, бичихээ азнаж байгаа. Харин энгийн үзэгчийн хувиар сэтгэгдлээ илэрхийлэх, дуртай найруулагчдынхаа талаар хөрөг, тэмдэглэл зэргийг хувийнхаа хуудсаар дамжуулаад бичих байх.

Бас дэлхийн кино урлагийн түүхийн талаар ном гаргана гэж их л мөрөөдөх юм. Даанч чамгүй далайцтай, сүрдэм том ажил санагдаад орчуулгын ажлын хажуугаар халгаад ер орж чадахгүй л байна. Бодож мөрөөдөхөөс л хэтрэхгүй байна.

Арт хаус кинонуудаар үзэгчиддээ бэлэг барьдаг “Dreamers’ day”-ийн хамт олны үйл ажиллагааг хэрхэн дүгнэдэг вэ?

-Монголын кино урлагийн түүхэнд гарсан нэгэн том үзэгдэл, монголд арт, сонгодог киног таниулах, үзэгчдийн кино боловсролыг дээшлүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж буй хамт олон гэж дүгнэдэг. Dreamer’s Day кино үзвэр, www.artfilm.mn цахим хуудсаар дамжин арт кинонд хорхойтой нэгэн үе бойжиж байгаа гэж болно. Энэ бүхнийг уйгагүй, тасралтгүй, чимээгүйхэн бүтээж байдаг “Алтан хальс холбоо”-ны залуусаар үнэхээр бахархдаг. Удахгүй эднийхээс зохион байгуулах “Алтан хальс олон улсын индепендент кино наадам” болно. Энэ кино наадам ч тэр арилжааны киноноос арай өөр юм хийх хүсэлтэй уран бүтээлч залууст өөрийгөө сорих, хөгжих, бусад орны уран бүтээлчидтэй өрсөлдөх боломжийг олгодгоороо өндөр ач холбогдолтой. Алтан хальсынханы бий болгосон энэ хөрсөн дундаас л монголын кино урлагийн шинэ үеийг түүчээлэх гарамгай найруулагч, уран бүтээлчид төрнө гэдэгт огтоос эргэлздэггүй.

Саяхан “Тагтаа”-гаас уран залуу уран бүтээлчдын дунд орчуулгын уралдаан зарласан. Цэвэр таны сонголтонд нийцсэн, түрүүлэхээр орчуулгын бүтээл юу байв. Энэ талаар ярихгүй юу?

Бид яруу найраг, өгүүллэг, орчуулга гэсэн гурван төрлөөр залуусын бүтээлийг хүлээж авсан. Орчуулгын төрөлд 45 оролцогч орчуулгаа ирүүлснээс шилдэг таван оролцогчийг шалгаруулж www.tagtaapublishing.mn цахим хуудастаа орчуулгыг нь нийтэлсэн. Орчуулгын төрөлд тэргүүн байр эзэлсэн хятадын зохиолч Чи Зи Жианы “Цасан хөшиг” болоод Америкийн зөгнөлт зохиолч Рэй Брэдберигийн “Африкийн онгон тал” өгүүллэгийн орчуулгууд үнэхээр сайн байсан. “Тагтаа” утга зохиолын уралдаанаас онцлох бас нэг зүйл гэвэл өгүүллэгийн төрөлд 93 оролцогч өөрсдийн өгүүллэгийг ирүүлсэн нь гайхашруулсан. Үргэлжилсэн үг бичихээр оролдож, туурвидаг тийм олон залуус байгаа нь сайшаалтай хэрэг. Гэхдээ тэднээс гурав нь л шилдгээр шалгарч үлдсэн. Уралдаанд ирсэн өгүүллэгүүдийг уншиж байхад санаа, сэтгэлгээ сайтай мөртлөө хэл найруулгын хувьд дулихан, хэл найруулга сайтай мөртлөө санаа, ураар тааруухан байдал их ажиглагдсан. Өнөө хонх нь байхаар дамар нь байхгүй, дамар нь байхаар хонх нь байхгүй гэгчийн л үлгэр шиг. Тиймээс бичиж, туурвих гэж оролдож буй залуус маань үгийн урлагийн гол багаж зэвсэг болох хэл найруулгаа л давын өмнө сайжруулмаар санагдсан, хайран сайхан санаагаа хэл найруулга болхи долхиосоо болж яйран болгоод байвал хэчнээн харамсалтай.

Тус тэмцээнийг хэн анх санаачилсан бэ. Цаашдаа уламжлал болгон зохион байгуулах уу?

Цаашид жил бүр зохион байгуулна. Тагтаа Паблишингийн нэрэмжит утга зохиолын нэр хүндтэй шагналыг дотооддоо бий болгох бидний томоохон зорилгын анхны алхам, эхлэл юм.

Заримдаа уншигчид орчуулагч, зохиолчдоос хэтэрхий ихийг шаарддаг. Магадгүй Кундера гараад тийм ч удаагүй байхад уншигчид маань “Тагтаа”-аас одоо ямар ном гарах бол гээд хүлээгээд эхэлчихсэн байх...

Федерико Феллинигийн “Зүүд бол цорын ганц бодит зүйл” номоор эхэлсэн “агуу найруулагчид” цуврал маань оросын домогт найруулагч Андрей Тарковскийн ярилцлага, өдрийн тэмдэглэлээс бүтсэн “Хугацаан доторх хугацаа” номоор үргэлжлэнэ. Тус номыг Ub Life цахим хуудасны нийтлэлч, сэтгүүлч П.Номинбилэг орчуулсан. Энэ зундаа удахгүй худалдаанд гарна. Мөн нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн “Миний нэр улаан” роман хийгээд “Сартр”, “Ницше” зэрэг философичдын намтар, гүн ухааныг энгийн, сонирхолтой байдлаар танилцуулсан зурагт хөтөчүүд мөн цувраад гарна даа.

 

Сэтгэгдэл хэсэг