ЭРХЭМ ОЮУН

 

Орчуулагч О.Жаргалсайхантай ярилцаж суухад түүний хэл, соёлын өргөн мэдлэг өөрийн эрхгүй анхаарал татаж, ялангуяа тэрхүү баялаг мэдлэг богино хугацааны огцом мэрийлт бус, цаг хугацааны явцад алгуурхан бүрэлдэн тогтсон тэнүүн, албадмал бус мөн чанартай нь давхар мэдрэгдэнэ. Оюун санааных нь энэхүү “эрхэмсэг” дүр төрх түүний аяг байдал, үг ярианд нэвчин шингэснийг ч мөн төдөлгүй анзаарсан юм. Тэрбээр утга зохиолын хийгээд утга зохиолын бус 10 орчим номыг монгол хэлнээ хөрвүүлжээ. Жаргалсайханы орчуулсан Самуэл Смайлсын “Өөртөө туслах ухаан”, Юкичи Фүкүзавагийн “Эрдмийг эрхэмлэх ухаан” номууд 2000 оны эхээр хэвлэгдсэн даруйдаа хувь хүний хөгжилд нэмэр болох цэгцтэй баримтлал, үзэл санаа, зарчмаар ангаж байсан залуусын оюун санааны цангааг нэг сайн тайлж, халуун талархлыг нь хүлээсэн билээ. Тэрбээр монгол үндэстэнд халуун сэтгэлээс ханддаг Шиба Рёотаро хэмээх эрхэм зохиолчийг бидэнд анх таниулсан гавьяатай. Дэлхийн утга зохиолын сан хөмрөгт “анхны роман” хэмээн тэмдэглэгдсэн японы утга зохиолын хосгүй өв “Гэнжийн туульс”-ийг монгол уншигчдад хүргэх анхны шанг ч энэ эмэгтэй л татсан. Орчин цагийн дэлхийн утга зохиолын нэн тод од, японы зохиолч Харүки Мүракамигийн алдарт роман “1Q84”-ийг монгол уншигчид шимтэн унших болсон нь чухамдаа энэ л хүний хөдөлмөрийн үр шим. Хэдий тийм ч олон нийтэд өөрийгөө зарлан тунхаглаад байх дургүй, монголын энэ цагийн оюун санааны үйлсэд уйгагүй бөгөөд чимээгүйхэн зүтгэж яваа нэгэн билээ. Ийм нэг эрхэм оюун, энгүүн оршихуйг уншигчдадаа нээж, уудлан ярилцсанаа хүргэе.


Жалан-Аажавын Тэгшзаяа. Ерээд оноос өмнө япон хэл сурах боломж ховор байсан гэж бодож байна. Харин та япон хэл, соёлтой анх хэрхэн холбогдов?

Очирхүүгийн Жаргалсайхан. Намайг МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн хэл, уран зохиолын ангийн оюутан байхад II курсээс манай ангийнхныг хятад, япон хэлний груп болгон салгаж сургасан юм. Энэ нь тухайн үед монгол судлалаас гадна дорно дахины чиглэлийн судалгаанд төрөөс анхаарч байсны илрэл болов уу. Тэр үед хятад хэлний ангид орох хүсэлт тавьсан боловч намайг аваагүй. Хятад судлаач, орчуулагч Доржсүрэнгийн Болдбаатар манай ангийн хүүхэд байлаа. Болдоо хятад хэлний ангид орж, би япон хэлийг сонгон суралцах таван хүүхэдтэй ангид багтсан юм. Ингэж 1982 оны есдүгээр сарын 1-нд их сургуульд анхны хирагана, катагана үсэг заалгаж, япон хэлтэй холбогдож байсан түүхтэй.

Ж.Т. Япон хэлний анги төгссөн оюутнуудад тухайн үед ажлын байр хомс л байсан байх. Тэр бүхнийг хэрхэн даван туулж ирэв?

О.Ж. Япон хэл хэчнээн сурлаа гээд ажлын байр олдохгүй нь тодорхой учир бидэнд монгол хэл, уран зохиолын багш гэсэн давхар мэргэжил эзэмшүүлсэн юм. Сургуулиа төгсөөд бүгд л энэ мэргэжлээрээ ажиллана гэсэн бодолтой. Хэдий тийм ч манай сургууль дээр японоос багш нар ирж хичээл заадаг байлаа. 1985 онд Монголд ажиллаж байсан Койбүчи Шиничи гэх япон багш маань нэг удаа “Та нар яагаад япон хэлийг ийм сонь муутай, унжгар үздэг юм бэ?” гэсэн. “Бидэнд төгсөөд ямар ажил олдох биш” гэж бид ч үнэнээ хэллээ. Гэтэл багш маань “Хорвоо ертөнц хүнийг тийм амар уйдаагаад байдаггүй юм аа, өөрчлөлт нэг ирэхээрээ маш хурдан өрнөдөг. Арван жилийн дараа “багш юу гэж хэлж байсан билээ” гээд санахад сонин л юм бодогдох байх. Тийм учраас та нар санаагаар унах хэрэггүй. Япон хэл судалснаар та нарт өргөн боломж гарч ирнэ” гэж билээ.

Би сургуулиа төгсөөд 1986 оноос Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд таван жил хэл, уран зохиолын багшаар ажилласан. Тэр бол миний амьдралын мартагдашгүй дурсамжтай он жилүүд. Ингээд 1990 онтой золголоо. Хөвсгөлчүүд ч ардчиллыг уухайлан дэмжиж хүлээж авсан. 1990 оны нэг өдөр ажил дээрээ иртэл өрөөний хаалган дээр “Япон Жаргалсайхан зайл” гээд биччихсэн байсан юм. Тухайн үед цочирдсон ч, одоо эргэн санахад тэр хэдэн үг хамгийн гэгээлэг сайхан дурсамж болон сэтгэлд үлджээ. Хөвсгөлд ажиллаж байхдаа ч япон хэлээ орхиогүй бөгөөд ажлын маань ширээн дээр дандаа л япон толь, япон ханз харагддаг байснаас тийн “япон” гэж нэрлүүлэх болсон биз. Харь соёл, харь хэл, тэр дундаа ханз үсгийг нийтээрээ таашаадаггүй байсан үе л дээ. Тэр гурван үг л амьдралынхаа өөр үеийг эхлүүлэх цаг болсныг надад сануулсан юм. Дараахан нь, 1991 онд “Багш нарын сурган хүмүүжүүлэх уншлага” гэдэг илтгэл бичих уралдаанд илтгэл маань түрүүлснээр Боловсролын хүрээлэнд ажилд орж, төдөлгүй Японы Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломж нээгдэж, шалгалт өгч тэнцээд Япон улсыг зорьсон юм.

Үнэхээр ч, 1982 онд анх япон хэл үзээд, 1985 онд их сургуулиа төгсөөд, яг 10 жилийн дараа буюу 1995 онд би Токиод байж таарсан. Ингэж Койбүчи Шиничи багшийн маань үг биелэлээ олж билээ.

Ж.Т. Гадаад хэл гэдэг нь тухайн хэлээр мэдээлэл авах прагматик боломжоос гадна тухайн хэлний гоо зүй, тухайн хэлийг бүтээж буй үндэсний соёл, төлөвшил нь хувь хүнд эерэг утгаараа гойд нөлөөтэй байдаг. Ялангуяа дүрст үсэг буюу ханз үсэгтэй япон хэлний хувьд хэлний гоо сайхан бүр ч онцгой түвшинд яригдах болов уу?

О.Ж. Хэлний гоо сайхан гэдэг сайхан асуулт байна. Ханз бичиг үсгийн гоо сайхан гэж ярихаар сэтгэл хөдөлж байна шүү. Яагаад гэвэл энэ үнэхээр гоо сайхантай бичиг үсэг байгаа юм. Ханз бус бичиг үсэг хүний зөвхөн хэл, сонсох мэдрэхүйг баясгаж байдаг бол ханз бичиг үсэгтэй ард түмэн хэл, сонсголоос гадна хараагаа баясгана. Үнэрлэхээс бусдаар ханз үсгийг мэдэрч болно. Ёстой дорно дахины гоо сайхан юм даа.

Гарал үүслийн хувьд ханз үсэг хятадын эртний уугуул иргэдийн хэл ярианы онцлогт тохируулан зохиогдсон бичиг. Харин япончууд V зуунаас ханз үсгийг өөрсдийн хэлний боловсронгуй систем болгон хөгжүүлж, эрчимтэй хэрэглэж ирсэн байдаг. Ханз буюу дүрс үсэгт бичих, унших, харах соёл шингэсэн төдийгүй илэрхийлэх соёл нь баялаг, гүн ухааны шинжтэй болж ирдэг. Миний хувьд ханз үсгийг утга оноон дүрслэхүйн агуу том хэрэгсэл гэж үздэг юм. Англи хэлэнд “А” авиаг ганцхан “А” үсгээр тэмдэглэх бол хятад, япон ханзанд “А” гэж дуудагдах хар мянган “А”-гийн тухай ухагдахууныг дүрсэлдэг. Ханз үсгийн тоо ч “тоолшгүй” арвин. Сүүлд 2004 онд Хятадын Засгийн газраас судалгаа хийгээд 107 мянган ханз байна гэж тооцоолсон байсан. Түүнээс идэвхтэй хэрэглэгддэг 5-6 мянган ханз бий. Тэр хэмжээний ханз мэддэг бол сонин сэтгүүл, ном зохиолыг торохгүй уншина гэсэн үг. Идэвхгүй буюу түүх соёлын олдвор болон хадгалагдаж буй ханз үсгийн тоо бол хязгааргүй. Тэрийг археологийн олдвор шиг ухаж гаргаж ирээд тооцоолоход л 107 мянга орчим болж байгаа хэрэг. Ер нь ханз бичиг үсэг гэдэг тухайн хэрэглэж буй үндэстний соёл, түүх, иргэншлийг багтаасан хэлний асар том тогтолцоо гэдэг утгаараа гайхалтай.

Ийм шинжтэй болохоор ханз үсэгт барлагдан хоцорсон олон зүйлийг уншиж болно. Тухайлбал “Монгол” гэж манай улсын нэрийг хятадаар Мэн-Гү гэсэн дуудлага бүхий хоёр ханзаар тэмдэглэдэг. “Мэн” гэдэг ханз оюун санаа нь нээгдээгүй, бүдүүлэг, мангуу гэсэн утгатай. “Гү” гэдэг нь эртний, хуучирсан гэсэн утгатай. Тэгэхээр Монгол орныг тэмдэглэсэн ханзны утга бүхэлдээ оюун санаа нь нээгдээгүй, бүдүүлэг, эртний улс гэсэн үг. Тэгсэн мөртлөө монгол гэдэгтэй ойртуулж буй дуудлага нь байдаг. Нэг бодлын ийм аймаар бичиг юм. Мэдрэмж байна, төсөөлөл байна, бодит байдлын илэрхийлэмж байна. Хятадуудын нүдэнд бид ийм харагддаг байж л дээ. Энэ ханзыг япончууд уг чигээр нь авсан байдаг. Японоор бол Монголыг “Мо-Ко” гэдэг. “Мо” гэдэг нь саяны “Мэн”, “Ко” гэдэг нь “Гү” гэсэн ханз. Хятад ханзны үгтэй дуудлага нь төсөөтэй, утгыг нь ч бас япончууд хүлээн зөвшөөрөөд авсан хэрэг. Харин 1949 онд япончууд шинэ үндсэн хуулиа баталж, дайн байлдаан хийхгүй, энх тайвныг бүх талаар цогцлоосон улс байна гэсэн үндсэн хуулийн том өөрчлөлтийг хийж, үүнийхээ дараа доромж үсэг бүхий улсын нэрсийг халснаар “Монгол” гэдэг нэрийг ханзаар бус катагана үсгээр “Мон-Го-Рү” гэж шууд дуудлагаар нь бичдэг болсон. Харин хятадууд бол одоог хүртэл биднийг бүдүүлэг, харанхуй, эртний улс гэсэн утга бүхий ханзаараа тэмдэглэсээр байгаа гэхэд болно.

Ж.Т. Монголчууд бид өөрсдөө уугуул бичиг үсгийн соёлтой ард түмэн. Сүүлийн үед уйгаржин монгол бичгээ сэргээх санаачилга их гарах болсон. Зарим нь ч эсэргүүцэж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

О.Ж. Өнөө үе бол нийтээрээ 70, 80 жил хэрэглэж дадсан кирил үсэгтээ ихэд таатай хандаж буй цаг үе. Монголчууд түүхэндээ ганц уйгаржин монгол бичиг ч биш, олон бичиг үсэг хэрэглэж байсан. Өндөр гэгээн Занабазарын зохиосон Соёмбо үсгээс эхлээд тод үсэг, ланз бичиг гээд бий. Харин ханз үсгийг өөрсдийн бичиг үсэгт огт нэвтрүүлээгүй байдаг. Ер нь монголчууд бичиг үсгийн соёлдоо маш бодлоготой хандаж ирсэн. Дэргэд нь байгаа асар том үндэстний ам руу соёлоор гүйж орохоос илүү хялбар зүйл гэж үгүй. Тэр утгаараа монголчуудын өөрсдийнхөө төлөө тэрсэлдэх том бодлого бичиг үсэгт нь илэрдэг байсан бололтой. Одоо бол уйгаржин монгол үсгээ хэрэглэх нь бидний зүй ёсны бахархал. Гэхдээ уйгаржин бичгээ сэргээх тохиолдолд үр дүнг нь тооцсон төрийн чигжүү, алсын хараатай бодлогоор тун няхуур хандахгүй бол болохгүй. Монголчууд өөрсдийн оюун санааны дархлааг өөрсдөө л авч явах учиртай. Угтаа, соёлын болон оюуны дархлаа эдийн засгийн дархлаанаас өмнө тавигдах учиртай гэж боддог. Ер нь бол бид соёлын дархлаагаа тавиад туучихсан ард түмэн шүү дээ. Түүний нэг жишээ нь уйгаржин монгол бичиг байх.

Ж.Т. Та Шиба Рёотарогийн “Тал нутгийн тэмдэглэл” номыг монгол хэлнээ хөрвүүлсэн. Энэ номыг уншиж байхад зохиогч монголчуудын нүүдэлчин сэтгэлгээний онцлог, ололтыг тун гярхай, нарийн ажиглаж ухаарсан нь анзаарагдсан юм. Зохиолч С.Эрдэнэ гуай ч нэг нийтлэлдээ “Энэ хүний монгол сэтгэлтэй нь үнэхээр бахдалтай” хэмээн шагширсан байдаг. Анх ямар тохиолоор Шиба Рёотарогийн номыг эх хэлнээ буулгах болов? Эх нутагтаа ихэд алдартай энэ эрхэм зохиолчийн тухай уншигчдад маань танилцуулна уу.

О.Ж. Шиба гуай Осака хотод төрсөн, Япондоо маш алдартай, ард түмнийхээ хайртай зохиолч нь юм. Тэрбээр эзэн хааны соёлын одонгоор шагнуулж байсан бөгөөд энэ нь соёлын төлөө ихийг хийж зүтгэсэн хүнд очдог эрхэм шагнал. Шиба гуай хүүхэд байхаасаа ном их уншдаг, ёстой уран зохиолд гүн дурласан байсан гэдэг. Тэр тусмаа эртний, түүхэн уран зохиолд дуртай. Сыма Цяны хүннүчүүдийн тухай “Түүхэн тэмдэглэл”-ийг багадаа уншиж, тэнд дүрслэгдэж буй харанхуй бүдүүлэг мөртлөө баатарлаг үндэстний тухай анх тэгж мэдсэн гэдэг юм. Шиба гуай Осакагийн их сургуульд монгол хэл үзэж байсан. 1940-өөд оны үед их сургуульд монгол хэл судална гэдэг тун ховор үзэгдэл шүү дээ. Цэвэр утга зохиолын сэтгэлээ дагаснаас тэгж шийдсэн болов уу гэж боддог юм. Хожим утга зохиолын ангид суралцаж байгаад Манжуурт цэрэгт татагдсан нь сонихон хувь тохиол. Утга зохиолоос өөр юм мэдэхгүй, дандаа ном тэвэрч байсан хүн гэнэт буу шийдэм бариад дайтна гэдэг мөн чанарт нь харш зүйл байсан нь ойлгомжтой. Тэгж байтал удаа ч үгүй дайн дуусч, Шиба гуай ч эсэн мэнд нутагтаа буцаж ирээд зохиол бүтээлдээ шуударч орсон байдаг. Анхны бүтээл нь “Говийн Хүннү” нэртэй, манайхаар бол тууж. Говь гэхээр манай говь. Хүннү гэхээр ойлгомжтой. Тэгж анх нүүдэлчдийн тухай бичсэн байдаг юм. Харин “Тал нутгийн тэмдэглэл” бол Шиба гуайн сүүлчийн ном. Уран бүтээлийнх нь эхлэл, төгсгөл ийнхүү монголчуудтай холбогдсон байдаг юм. Өөрөө ч үнэхээр Монголд элэгтэй, хайртай хүн. 1972 оноос Япон, Монголын гадаад харилцаа сайжирч, япончууд манайд ЭСЯ-тай болсноор Шиба гуайн хувьд 1974 онд Монголд анх удаа ирэх боломж гарсан. Тэр үед дотоод яамны төлөөлөгч түүнийг дагалдаж байсан гэдэг. Тэгэхэд Цэвэгмаа гэгч адармаатай түүхтэй монгол эмэгтэй Шиба гуайд орчуулга хийж байсан нь “Тал нутгийн тэмдэглэл” номынх нь дүр болсон юм.

Токиод сурч байхад Койбүчи Шиничи багш маань надад анх “Тал нутгийн тэмдэглэл” номыг бэлэглэж байлаа. Нар үздэггүй Наран улсын бүүдгэр тэнгэр дор ээжийгээ, нутаг орноо санасан сэтгэлд “Тал нутгийн тэмдэглэл” ном их гүн туссан. Тэгээд, Японд байхдаа би тэр номыг анх орчуулсан.

Ж.Т. Ерээд оноос хойш Шиба гуайн “эрхэмлэн хайрлаж байсан Монгол орон”-г үзэхээр олон япончууд манайхыг зорьсон байдаг. Шиба гуайгаар дамжаад япончуудын сэтгэлд монголчууд их сайхнаар буусан юм шиг ээ. Та Японд сурч байхдаа япончуудын тэр сэтгэлийг мэдэрч байсан уу?

О.Ж. “Тал нутгийн тэмдэглэл”-ээс гадна Монголын тухай бичсэн Шиба гуайн олон эсээ бий. Мөн 1994 онд Монголд ирснийхээ дараа “Монголоор аялсан тэмдэглэл” номоо бичсэн. Их хүүхдэрхүү, гэгээлэг, тэгсэн мөртлөө хачин хүчирхэг, жинхэнэ хүний язгуур мөн чанараа гээгээгүй ийм үндэстэн Монголоос өөр байхгүй, цаашдаа ч гарахгүй биз гэж бичсэн байдаг. Шиба гуайн тэр сэтгэл ард түмэнд нь дамжиж, “Тал нутгийн тэмдэглэл” хийгээд бусад бүтээлийг нь уншсан олон япон хүн бараг л үлгэрийн гэмээр орныг төсөөлж манайд ирдэг. Харин манайх тийм биш. Шилжилтийн үеэ туулж буй ороо бусгаа нийгэм. Гэхдээ Шиба гуай ч “Энэ бол түр зуурын үзэгдэл. Энэ ард түмэн ямар ч үед уугуул мөн чанараа гээхгүй” гэж итгэж байсан.

Ж.Т. Эх орноо хайрлана, эх оронч зүрх сэтгэлтэй байна гэдэг таны хувьд юу вэ?

О.Ж. Эх оронч гэдэг ойлголт өнөө үед харамсалтай нь гажчихсан. Эх орон гэдэг бол бидний амь амьдрал, оршихуй. Эх оронгүй болвол бид яах вэ, төвөдүүд шиг болох уу? Гэхдээ бид их жавхаатай, гэгээтэй үндэстэн болохоор арай ч эх орноо тавиад туучихгүй гэдэгт итгэдэг. Эх оронч байна гэдэг эх орноо магтаж бусад үндэстнийг үзэн ядах, эсвэл эх орон нэгтнүүдийнхээ хөнжил гудас, цус хөлсөнд халдаж нэгнээ эмзэглүүлээд байхын нэр биш юм. Эх оронч үзэл гэдэг нь үндэстнийхээ язгуур сайхан шинж чанарыг хэвээр хадгалахын зэрэгцээ хүлээн зөвшөөрөмгүй дутагдалтай талыг нь засч явахын нэр гэж ойлгодог.

Ж.Т. Хүн төрөлхтний анхны романыг эмэгтэй хүн, тэр тусмаа япон эмэгтэй бичсэн байдаг. Мурасаки Шикибүгийн “Гэнжийн туульс” бол дэлхийн утга зохиолын түүхэн дэх анхны роман гэдэг утгаараа хосгүй туурвил. Та “Гэнжийн туульс”-ын эхний ботийг монгол хэлнээ хөрвүүлсэн хүний хувьд энэ зохиолын тухай ихийг ярих байх?

О.Ж. Эхлээд Мурасаки Шикибүгийн тухай яръя. “Гэнжийн туульс”-аа бичиж эхлэхдээ зохиолч 28, 29-тэй л байсан гэдэг. IX зуунд аж төрж асан, язгууртан гаралтай, хааны ордонд ажиллаж амьдардаг байсан ч нөхрөө дайнд алдаж ганц хүүхэдтэйгээ хоёулаа хоцорсон, одоогийнхоор бол өрх толгойлсон эмэгтэй юм даа. Хагацал үзэж, тэр уй гашуугаа утга зохиолын амт шимтээр тайтгаруулж байсан юм болов уу. Шикибүгийн “Гэнжийн туульс” бол эзэн хааны нууц түүхүүдийг уран зохиолын аргаар буулгасан, манайхаар бол “Монголын нууц товчоо” юм. Дүрслэл нь их реалист. Эзэн хааныг нойрсохын өмнө нэг бүлгийг нь 20-30 минут уншиж өгдөг байсан юм билээ. Тийм хэмжээний 54 шастир буюу А4 хэмжээтэй цаасаар бодоход 2500 хуудас бүхий үгийн том байгууламж. Энэ утгаараа Мүрасаки Шикибү бол олон эрэгтэй хүний чадаагүйг чадсан эмэгтэй. Гэхдээ японы зарим судлаачид, ялангуяа эрэгтэй судлаачид “Гэнжийн туульс”-ыг үнэхээр Мүрасаки Шикибү өөрөө бичсэн үү, цаана нь өөр зохиогч байсан юм биш биз гэж хардах нь бий. Цаанаас нь эрэгтэй зохиогч л олчих санаатай.

Америкийн Life сэтгүүл байх аа, “Хүн төрөлхтний утга зохиолд анхны романыг бүтээсний төлөө” Мүрасаки Шикибүг мянганы 100 гайхамшигтай хүний жагсаалтын 83-т нэрлэснийг олж үзсэн. Юутай ч 1000 жил тасралтгүй уншигдаж, ширээгдсээр өнөөг хүрсэн зохиол гэдэг өөрөө нэгийг илтгэнэ. Бид цөөхөн хүн амтай, жижиг улс ч гэсэн дэлхийн соёлоос хоцорч явах учиргүй. Тиймээс эх хэл рүүгээ эхний ботийг нь чадан ядан буулгаад байна.

Ж.Т. Хэл найруулгын хувьд ямархуу зохиол вэ?

О.Ж. Маш тансаг. Ялангуяа ханз үсгээр бичвэр уншихад текст, хүн хоёрын дунд гайхалтай амьд холбоо, уур амьсгал тогтдог. Нэг ханз үсэгт яруу тансаг нь ч байна, уй гуниг нь ч байна. Харин “Гэнжийн туульс” жинхэнэ, уугуул япон үсгээр бичигдсэн. Хираганагийн эх хувилбар, таталган монгол бичигтэй төсөөтэй бичиг. Аль V зуунд үндэс нь ороод ирчихсэн атал бүр IX зуунд ч ханз үсгийг харийн бичиг гэж гадуурхах маягтай байсан нь анзаарагддаг. “Гэнжийн туульс”-ын өдгөө Японд уншигдаж буй хувилбар нь японы эртний энэ бичгээс орчин цагийн япон хэлэнд хөрвүүлсэн хувилбарууд гэсэн үг. Энэ хөрвүүлгүүдээс ч зохиолын яруу тансаг амт шимт тэр янзаараа мэдрэгддэг.

Ж.Т. Гадаад хэл, соёлыг судална гэдэг эцсийн бүлэгт өөрийн хэл, соёл руу илүү утга учиртайгаар эргэж хандах, өөрийн хэл соёлыг эрхэмлэхийн нэр шиг санагддаг. Таны хувьд монгол хэл, соёл, сэтгэлгээний онцлог нь юу вэ?

О.Ж. Бид бол нүүдэлчин улс. Нүүдэлчид хөдөлмөрийн хувиараас эхлээд суурин иргэншлээс ялгаатай. Тариачин улс газраа услаад, өдөр болгон нуруугаа бөхөлзүүлж, тонголзож хөдөлмөрлөхгүй бол амьдрах аргагүй. Нүүдлийн соёл иргэншилд тийм байдлыг жаахан унж доройд тооцдог бөгөөд бөгтийж биш гэдийж явдаг, хөлөөрөө явахаас илүү морины нуруун дээр салхи татуулан давхиж байдаг улс. Суурин соёл иргэншилд өдөр тутамд хурааж хуримтлуулсан зүйлсийн тогтолцоо нь иргэншлийг нь бүрдүүлж байдаг бол нүүдэлчдэд эд юмс тээр, түвэг болдог. Учир нь юм хурааж цуглуулж эхэлбэл нүүж сууж чадахгүйд хүрнэ. Тэр утгаараа бидний язгуур шинж бол юмыг юм гэж үздэггүй, юм бүтээхээс илүү байгальтайгаа зохицон амьдарч, мал хуйгаа адгуулж байхад л хэрэгцээ нь аяндаа хангагддаг, задгай мөртлөө тэнгэрлэг шинж чанартай үндэстэн гэж болно. Харин яг энэ шинжээсээ болоод өөрсдийн соёл иргэншлийн өвийг суурин хүмүүс шиг хадгалж чаддаггүй. Дараа үедээ дамжуулж шилжүүллээ ч аман байдлаар өвлөгддөг. Гэвч аман соёл заавал гээгдэж хаягддаг, хувирч өөрчлөгддөг талтай. Би 2009 онд “Гэнжийн туульс”-ын 1000 жилийн ойд оролцсон юм. Гэтэл тэр зохиолын анхны эх, хадгалж байсан авдар, бичиж байсан бийр янтай нь өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн байсан. Япон улс хэдийгээр газар хөдлөлт гэх мэт байгалийн гамшигт их талхлуулдаг ч өөрсдийн соёлыг хамгийн эрхэмд тавьж, хамгаалан хадгалж ирсэн үндэстэн. Бид харин соёлоо хадгалж чадалгүй, уугуул шинж чанараасаа улам холдон хөндийрч, соёл, түүх маань баларч, алдагдсаар байгаа нь харамсалтай. Одоо нэгэнт орчин цагийн суурин амьдрал руу шилжсэн улс хуучныхаа өв соёлыг зөв голдрилд нь оруулж, зөвөөр уламжлаасай л гэж боддог. Түүхийн судалгаандаа няхуур, бодлоготой хандаж, үнэнч байх нь цаашдаа анхаарах нэг том асуудал болов уу. Зүгээр нэг баримт олоод шуугиан дэгдээх бол нэг хэрэг. Харин цаана нь байгаа бодит юмнаас бодит бус зүйл үүсчих вий гэсэн болгоомжлол төрдөг юм.

Ж.Т. Та утга зохиолын болон утга зохиолын бус 10 гаруй ном орчуулсан. Орчуулга хийхдээ мөрддөг арга барил, зарчим тань юу вэ?

О.Ж. Хэл бол орчуулагч хүний хамгийн чухал зэвсэг. Түүнээс гадна хэлээ дагаж ирсэн цогц соёл, тухайн орны иргэншил, соёлын уур амьсгалыг гярхай мэдэрч эх хэлнээ буулгана гэдэг орчуулгад чухал. Үүнд суралцахад тийм ч хялбар бус. Одоо бодоход би амьдралынхаа 30 жил япон хэл, соёлыг судалж байна. “Гэнжийн туульс”, Мүракамийг орчуулах хэмжээнд хүрэхэд надад 30 жил хэрэгтэй байж.

Орчуулж буй хэл, соёлоо сайн мэдэж байгаа нөхцөлд үнэн зөв орчуулахын зэрэгцээ, тухайн бичвэрийн нарийн уур амьсгал, орчныг эвдэхгүйгээр буулгаж монгол хүнд хүргэж хүчирнэ. Нэг гажуудал байдаг л даа. Орчуулагч өөрөө онгод нь ороод, зохиогчийн өмнөөс бараг биччих гээд, эсвэл чадан ядан нэг үгийг нөгөөгөөр орлуулж өгүүлбэрийн байрыг өөрчилж тавих гээд, энэ бол орчуулагчийн хийх ажил биш. Үүнийг техник ч гүйцэтгэчихнэ. Би орчуулгыг хоньтой зүйрлэдэг юм. Тухайлбал “1Q84” гэж нас бие гүйцсэн сайхан хонь байж гэж бодъё. Тэрийг нэг их гоё болгох гээд хүзүүнд нь юм зүүх ч юм уу, тэжээлээр хэт бордох хэрэггүй, бас хөөрхий тийм сайхан амьтныг яс арьс болсон тураг юм болгож болохгүй. Энэ л миний орчуулгадаа барьдаг зарчим юм даа.

Ж.Т.Гадаад хэлийг сайн сурсан залуус Монголд олширсон. Гэтэл эх монгол хэлээрээ сайхан ярьж, бичдэг залуус улам цөөрч, монгол үгтэй л болохоос өгүүлбэрийн бүтэц, аялга нь ч харь болсон залуус олширлоо гэх юм. Энэ тохиолдолд утга зохиолын орчуулгын тухай яриад ч хэрэггүй биз. Орчуулах хэлээ мэддэг ч монгол хэл рүүгээ буулгах залуус цөөн. Таны үеийнхэн эх хэлнийхээ хувьд маш сайн боловсролтой учир харьцангуй азтай хүмүүс ч байж мэднэ. Өнөөдөр эх хэлний боловсрол олгох үйл явц улам л явцуураад байх шиг. Энэ талаарх таны бодол сонин байна?

О.Ж. Хэл бол байнга хөгжиж явах ёстой зүйл. Нийгэм нь хөгжиж, улс хоорондын харилцаа эрчимжиж, нээлттэй болохын хэрээр гаднаас тухайн хэл рүү шинэ үгс ихээр түрэн орж ирдэг. Хятадууд бол ийм шинэ үгсийг ханзаа ашиглаад шинэ нэр томьёо, үг зохиох байдлаар өөрийн хэлэнд нэвтрүүлдэг. Тухайлбал, сапрон гэх үгийг эмэгтэй хүнээс гарч болох хамгийн нарийн дээд өнгө гэсэн утга бүхий ханзуудаар тэмдэглэх жишээтэй. Япончууд бол сапрон гээд дуудлагаар нь катаганаар биччихдэг. Ингэж тухайн хэл шинэ үг, нэр томьёогоор баяжиж, хэлний хүрээ өргөсч, илэрхийлэх боломж ч нэмэгдэх учиртай. Түүнээс улам ядуурч, уруудах ёсгүй. Хэл ядуурч доройтож буй нь гадны нөлөө бус, цэвэр бидний дотоод асуудал. Утга зохиолын хичээлд хэр цаг гаргаж байна, монгол хэлээ хэрхэн зааж байгаа билээ зэргээс үүдсэн боловсролын системийн гажуудал, төрийн хайнга, явцгүй бодлогын үр дүн юм. Энэ хэдийгээр түр зуурын асуудал ч, энэ чигээр нь тавиад туучихвал нөхөж засахын аргагүй алдаа болж мэднэ.

Ж.Т. Та сүүлд японы зохиолч Харүки Мүракамигийн алдарт гурвал роман “1Q84” зохиолыг монгол хэлнээ буулгасан. 1000 орчим хуудас дамнасан нүсэр зохиолыг орчуулахад хэр их хугацаа зарцуулав?

О.Ж. Орчуулгад нэг жил зургаан сарыг зарцуулсан. Ямар ч ажил хийхгүй, өглөө босоод “1Q84”-тэйгээ ноцолдоод л тэр. Өнгөц харахад жаргалтай, сайхан ч ажил юм шиг. Угтаа бол хэцүү ажил. Дахиад нэг, хоёр жил тийм байдалтай үргэлжилбэл сүүлдээ гэрийн цонхоор хоёр сар харагдаж ч мэдэхээр юм билээ /инээв/.

Ж.Т. Өдөрт хэдэн цаг орчим суудаг байв?

О.Ж. Өдөрт ажлын найман цаг сууна. Тэр хугацаанд зохиолд гарч буй зүйлсийг нягтлах ажил их гарна. Зохиолд гардаг Яначекийн симфонийг заавал олж сонсох ч юм уу, эсвэл хоол дүрслэгдвэл заавал нэг хоолны сурах бичиг эргүүлэх зэргээр яг орчуулж үг, өгүүлбэр тавихгүй ч нягталж харах, лавлах ажил их. Тиймэрхүү лавлаж харах, гацах юм бага үед сайн суувал өдөрт 15 орчим хуудас явуулна, заримдаа ч өдөрт 3-4 хуудас гээд ажлын явц янз янз.

Ж.Т. Мүракамигийн зохиолууд ер нь гойд ховсоч, хүчтэй уур амьсгалтай, дүрслэл сайтай байдаг. “1Q84 шиг тийм жигтэй уур амьсгал, хачин дүрүүдтэй үгсийн нүсэр байгууламжийг монгол хэл рүү хөрвүүлэхэд орчуулгын хөдөлмөрөөс гадна сэтгэл зүйн тэвчээр ихээхэн шаардагдана. Орчуулгын явцад сэтгэл зүйн хувьд танд уг роман хэрхэн нөлөөлж байв?

О.Ж. Мүраками энэ зохиолыг бичихдээ зохиолч Мүраками, уншигч Мүраками хоёрыг хэрэлдүүлж, тэр “хэрүүл” дундаасаа бүтээсэн шиг санагддаг. Тийм нарийн бичлэгтэй юм уу гэж бодогдсон. Нэрмээд, хүний оюун санааны гажиж муруйсан орон зайг тэмтэрч байгаа учраас уур амьсгал нь хүнд. Тэр утгаараа орчуулагчийн байтугай уншигчийн оюун санааг их чангаана. Сүүлдээ ч би нэг тийм ярдаг, түвэгшээсэн байдалтай болсон. Үйл явдал хэт өрнүүн, оюун санаагаар тоглоом наадам хийсэн зохиолыг үг нэг бүрчлэн мэдэрч, өөрөөрөө дамжуулан эх хэл рүүгээ юүлж байгаа болохоор оюун санаа ядарч байгаа нь тэр байх. Ялангуяа сүүлийн III ботийг орчуулахад өөрт их зовиуртай байсан.

Ж.Т. Зохиолч хүн гацаанд ордог шиг орчуулагч ч гацаанд ордог гэдэг. Ялангуяа том роман удаан хугацаагаар орчуулах үед. Таны саяын хэлснээр бол энэ нь орчуулагчийн оюун санаа ядарч буйн тэмдэг байх. Харин та үүнээсээ яаж гарсан бэ?

О.Ж. Оюун санаа хэт ядарсан үед бол юу ч амлаад, яагаад ч нэмэргүй, тэрийгээ жаахан амрааж суллахгүй бол горьгүй. Орчуулга цаашаа явахгүй гацаж байна гэдэг оюун санаа ихэд ядарчээ гэсэн үг. Оюуны ханиад туссан юм шиг толгойд юу ч орж ирдэггүй. Тэр үед бол жаахан дарс энэ тэр ууж өөрийгөө аргадах асуудал гарна аа.

Ж.Т. Мүракамигийн бичлэгийн хэв маяг, арга барилын талаар та юу хэлэх вэ?

О.Ж. Уншихад хэл нь их хөг аялгуутай, хэмнэллэг. Бараг хөгжим сонссоноос ялгаагүй. Хөгжим сонсож буй сэтгэл, ном уншиж буй сэтгэл өөр бол Мүракамигийн бичвэрт нэг болсон шиг санагдана. Мүраками ер нь зохиол бүтээлдээ хэд хэдэн зарчим бариад байх шиг. Нэгт, хэмнэллэг, хөгжимлөг байх. Хоёрт, уншигчдад аль болох шууд хүрэхүйц энгийн, хөнгөн бичлэгтэй байх. Гуравт, өөрийнхөө оюун санааны хэмжээнд уншигчдаа нийцүүлэх гэж оролдох. Тэрбээр өөрийнх нь сэтгэл зүй, мэдрэмж, оюун санаа өндөр байх тусам уншигчаа тийм байлгах сэдэл, уур амьсгалыг зохиолдоо бүрдүүлж байдаг. Энэ хэдэн зарчим зохиол бүтээлийнх нь бараг хэвшил болоод тогтчихсон гэхэд болно. Мөн романууд нь бодит баримт, үйл явдал, шинжлэх ухааны үндэстэй гаргалгаанууд ч гэдэг юм уу, заавал нэг амьд холбоостой байдаг. Тухайлбал “1Q84” романыг 1995 онд Токио хотын метронд хорт хий тавьж олон хүний амь насыг сүйтгэсэн “Ум шинри кёо” шашны байгууллагын өдүүлсэн гэмт хэргийн бодит түүхээс сэдэвлэж, онц сонирхолтой өгүүлэмж, уншихад түвэггүй хэл найруулга, жигтэй уур амьсгалын цогц болгож хувиргасан гэхэд болно. “А” гэх үнэн Мүракамигийн оюун санаагаар дамжин төсөөллөөр баяжиж тэлээд “Б” буюу “1Q84” зохиол болон хувирсан хэрэг. Өөрөөр хэлбэл “А” үнэнийг “Б” болгон зөөвөрлөн хувиргаж буй оюун санааны үйл явц. Мүраками энэ тухайд “Гэмт хэргийн сурц, сэдэл үгүй, бидний дунд байж л байдаг энгийн залуус янз бүрийн урсгал дунд хөвж яваад хүнд гэмт хэрэг өдүүлж, нэг мэдэхэд цаазын ял сонсохыг хараад би сарны ард гав ганцаар гээгдэж үлдсэн мэт сэтгэгдэлд автаж, түүнийг өөртөө тохиолдсон зүйл мэтээр олон жил төсөөлж бодож ирсэн минь энэ зохиолыг бичих эхлэл цэг болсон ч байж магадгүй” гэсэн нь бий.

Ж.Т. Таныхаар зохиолч Мүракамигийн уншигчдыг татаад байдгийн гол нууц юу вэ? Олон оронд Мүракамигийн зохиол бүтээлд дурлах бус донтох үзэгдэл газар авсан гэдэг.

О.Ж. Мэдээж, дэлхий дээр уншигдаж буй олон зохиолч бий. Тэр дундаас Мүраками чухам юугаараа өвөрмөц юм гэвэл, дорно, өрнө хоёрын утга зохиолыг амжилттай хээлтүүлж эрлийз зохиол төрүүлж байна гэж болно. Монгол үхэр, сарлаг хоёрын дундаас хайнаг гээд нэг их сайхан, том товир биетэй, хүч чадалтай амьтан төрдөг дөө. Гэтэл хайнагаас гарч байгаа тугал нь ортоом гээд хачин арчаагүй, идэхэд мах нь амтгүй юм гардаг. Тэгэхээр Мүраками их сайхан хайнагийн үнээ шиг эрлийз утга зохиол бий болгоод байна. Тэр нь Англи, Франц хоёрын дундаас ч биш, бүр тив алгасч, дорнын ард түмний өвөрмөц соёл, онцлогийг барууны сэтгэлгээтэй эрлийзжүүлсний үр дүн юм. Биологийн хувьд ийм бол физик чанарын хувьд Мүракамигийн зохиолд хүнд, хөнгөн, хурд гэсэн шинжүүд хосолдог. Хүнд санаатай, хөнгөн бичлэгтэй, оюуны хурдтай, жижигрүүлсэн атомын бөмбөг шиг зохиолууд уншигчдыг татахаас ч аргагүй.

Ж.Т. Нийгэмд бодит баялаг, үйлдвэрлэл хэрэгтэй ийм цаг үед залуус утга зохиол уншаад хэвтээд байж болохгүй гэх хүнтэй таарч байлаа. Уран зохиолын хичээлийн цагийг багасгах зэргээр ийм маягийн хандлага төрийн бодлогын түвшинд ч илэрч байна. Тэгэхээр утга зохиол тийм үр ашиггүй зүйл үү. Ер нь таны хувьд утга зохиолын нөлөө амьдралд хэрхэн буудаг вэ?

О.Ж. Уран зохиол бол оюуны хөдөлмөрөөр бүтдэг баялаг. Харин оюуны хөдөлмөр дотор уран зохиол хэддүгээр байрт орохыг мэдэхгүй. Шинжлэх ухааны бүтээл, шинэ санаа, улс орноо хөгжүүлэх нийгмийн салбарын бодлого гээд оюуны хөдөлмөр олон янз. Тэгвэл утга зохиолын хувьд хүний сэтгэлгээний хэв загварыг маш амттай арга замаар задалж, тэлж өгдөг. Тэгэхээр, хуучнаар бол хүмүүжлийн, одоогийнхоор хувь хүний дотоодыг тэлж, сэтгэлгээг хөгжүүлэх ач холбогдолтой.

Бид оюун санааны баялаг өв бүтээж ирсэн үндэстэн байна даа, энэ хүртэл явж ирчихээд одоо хүн төрөлхтний оюун сэтгэлгээний нэг чухал ололт-хэлбэрийг үгүйсгэж, ямар хэрэгтэй юм гэж хялайж болохгүй байх аа. Монголд эрдэм номд дуртай, оюунлаг хэсэг лав үгүйрч алга болчихоогүйг мэдэх юм. “Эрдмийг эрхэмлэх ухаан”, “Өөртөө туслах ухаан” зэрэг уран зохиолын бус номууд орчуулж, уншигчдаас чамгүй талархал сонсоод, энэ чиглэлийн ном уншиж сонирхдог хүн цөөнгүй байдгийг мэдэрсэн. Харин “1Q84” зохиолыг орчуулснаар уран зохиолд гүн дурлаж, хорхойсч, хошуурч уншдаг залуусын том давалгаа байдгийг анх удаа мэдэрсэн шүү.

Ж.Т. Таны сэтгэлд хамгийн тод ул мөр үлдээсэн монгол зохиолч хэн бэ?

О.Ж. Япон хэл үзэхээс гадна давхар монгол хэл, уран зохиолын ангид сурч байсан болохоор хичээлийн журмаар монголынхоо уран зохиолыг нэлээд унших шаардлага гардаг байлаа. Харин хувь хүний хувьд Б.Ренчин гуай, Л.Түдэв гуайг уншдаг. Д.Нямсүрэнг уншихаа ер больж чаддаггүй. Л.Өлзийтөгсийн номуудыг бас хардаг. Бас наддаа л сонгодог болсон хэд хэдэн зохиол бий. Тухайлбал П.Лувсанцэрэн гуайн өгүүллэгүүд, тэр дундаа “Ус шиг цэнхэр”. Сэр-Од бас сайхан зохиолч. Монгол хэл рүү орчуулсан бүтээл гэвэл Д.Гомбожав гуайн “Барсан хэвнэгт баатар” их сайхан санагддаг. Нэн шинэ үеийн утга зохиолыг би сайн мэдэхгүй. Өнгөц мэдрэмж, хий сэтгэл хөдлөлд дулдуйдаагүй, өөрийн мэдрэмжийг төсөөлөл болгон ургуулж хөгжүүлээд, тэрхүү төсөөллөө бүтээгдэхүүн болгож гаргасан тийм бүтээлүүд, ялангуяа үргэлжилсэн үгийн зохиол байвал өнөөгийн уран зохиолоос унших юмсан гэж боддог.

Ж.Т. Япон хэлнээс үүнийг л монгол хэлнээ гарцаагүй буулгана даа гэж өөртөө амлаад байгаа зохиол бүтээл бий юу?

О.Ж. Би урьд нь гаргасан хэдэн номоо ёстой хулгайч хүүхэд шиг төрийн ажлаас, гэр ахуйн ажлаас өөртөө цаг гаргаж, хумсалж байж, завсар сиймхийгээр нь орчуулсан гэхэд болно. “1Q84”-ийг бол анх удаа өөртөө бүрэн дүүрэн цаг гаргаж байж орчуулсан. Тийм том зохиолыг босон суун орчуулах нь угаас боломжгүй л дээ. Цаашид “Гэнжийн туульс”-аа үргэлжлүүлэн орчуулна. Нэмж Кавабата Ясүнари, Мори Огайн зохиол бүтээлээс орчуулах бодолтой байгаа. Өөрийн амьдарч буй цаг үеийг мянган жилээр ухрааж, тэр үеийн уран сайхны сэтгэлгээний охь шимийг монголын энэ цаг үе рүү зөөвөрлөн харуулах гэсэн оролдлого маань “Гэнжийн туульс”-ын орчуулга юм даа. Зуун жилээр тийн ухраая гэвэл Мори Огайн бүтээлүүдийг орчуулах юм биз. Харин японы шинэ үеийн утга зохиол руу ер шунахгүй байгаа. Тэдгээрийг орчуулах нь та нарын хийх ажил. Би өөртөө бол “Мүраками”-гаар ингээд дуусгая гэж бодсон. Шиба гуайн шавь нараас “Та нэгэнт манай багшийн “Тал нутгийн тэмдэглэл”-ийг нь орчуулчихсан юм чинь үүнийг бас орчуулаач” гэсэн хүсэлт ирдэг. Тиймээс Шиба гуайн “Монголоор аялсан тэмдэглэл”-ийг мөн орчуулчих юмсан гэх бодол байна.

Ж.Т. Шиба Рёотаро “XXI зуунд амьдрах хөвгүүд, охидод” хэмээн өөрийн захиасыг үлдээснийг та орчуулсан. Таны хувьд XXI зууны залуу хүн ямар байвал зохих вэ?

О.Ж. Тэр захиас үнэхээр гайхалтай. Би харин сайхан буулгаж чадаж уу, үгүй юу. Миний эхэн үеийн орчуулгуудын нэг л дээ. Шиба гуайн тэр захиаст “Өөртөө хатуу, өрөөл бусдад зөөлөн хандагтун” гэсэн үг байдгийг залуустаа хэлмээр байна. Өөртөө чанд хатуу байж, хатуу хүтүүг бий болгож түүнийхээ төлөө уйгагүй зүтгэж хөгжиж байх, харин бусдыг бие болоод сэтгэлийн хувьд бага шархлуулаасай л гэж хүсмээр байна. Мөн худал хуурмаг газар авсан, бүр худлын үйлдвэрлэл явагдаж бүтээгдэхүүнээ гаргаад хэрэглэгчдэдээ тун амжилттай түгээдэг болсон ийм цаг үед залуу хүн өөртөө болоод өрөөлд үнэнч байх нь чухал юм. ♦

"Гоодаль" сэтгүүлийн дараах дугаарт нийтлэгдсэн.

Сэтгэгдэл хэсэг