Дэлхийн II дайны дараа Америкийн нийгэмд гарч ирсэн, хиппи маягийн амьдралын философи, үзэл баримтлалтай шүлэгчид, уран бүтээлчдийн нэгдэлийг бид Бит үе, Бит хөтөлгөөнийхөн гэдэг нэрээр андахгүй. Урлаг хийгээд жинхэнэ амьдралын хоорон дахь ялгаа заагийг арилгахыг гол зорилгоо болгосон тэдгээр залуусын шүлэг зохиолд хар яриа, хараал ерөөл, элдэв гудамжны ч гэмээр үг хэллэггүүд ямар ч хаалт хориггүй оршдог. Илэрхийллийн ийм хэлбэрийг сонгосон нь тэдний урлахуйд ямар нэг цензурьгүй, үнэн бодитоор хандах, өөрөөр хэлбэл урлагт үнэнч байхын андгай болж байв. Жэк Керуэк, Уйлъям Берроуз, Нил Кассиди, Херберт Ханке зэрэг олон авьяаслаг, омголон залуусаас бүрдсэн энэ үеийнхний туг нь оросын цагаач эцэг, америк эх хоёроос төрсөн, Нью-Жерсигийн унаган хүү Аллен Гинзберг байсан юм.
***
СУРВАЛЖЛАГЧ: Таньд дотоод ертөнцөө чөлөөтэй илэрхийлье гэхээр элдэв хяналт, дарамтаас айж эмээх зүйл байв уу?
ГИНЗБЕРГ: Наадах чинь их төвөгтэй зүйл. Эхэн үедээ ингээд биччихвэл аав минь юу гэх бол гэхээс л их айдаг байлаа. Жишээ нь “Орь дуу”-г бичиж байхдаа би хэвлүүлэхгүй юм шүү гэж бодож байсан. Тэнд бичигдсэн зүйлсийг аавдаа үзүүлэхийг хүсээгүй юм. Сексийн амьдралын минь тухай, миний ар сүвээрээ хурьцдагийг эцэг минь уншина гэж төсөөлөхөөр юу болох вэ дээ. Гэвч бодит байдалтайгаа нүүр тулаад, би гэдэг чинь чухам хэн юм бэ гэдгээ тунхаглаад ирмэгц айдас минь арилж тэгэж сүйд болох ч хэрэггүй болсон. Хэвлэгдэхгүй юм чинь гээд бодчихоор адаглаж юу хүссэнээ бичиж болдог. Энэ нь ч надад тус болсон. Харин хожим нь өнөөх их юмаа хэвлүүлэх гэтэл бидэнд их бэрхшээл учирсан шүү. Хэвлэлийн газрууд эхэндээ татгалзаж байлаа. Дараахан нь бидний шүлгийн зарим бүдүүлэг үг хэллэг дээр тэмдэглэгээ тавиад хэвлэж билээ.
СУРВАЛЖЛАГЧ: Та энэ бүхнийг нийгмийн болоод бусадтай харилцах харилцааны асуудал гэж хүлээж авч байв уу, эсвэл хувьхан биедээ өөрийгөө илэрхийлж нээхэд тань тэд саад болж байна гэж ойлгож байв уу?
ГИНЗБЕРГ: Асуудал нь уран зохиолд тэрийгээ яажшуу хүлээн зөвшөөрүүлэх вэ гэдэг л юм. Бид хоорондоо бүх зүйлсээ ярьдаг, ойлголцол нэгтэй, юу хүссэнээ хэлчихдэг. Бид ар сүв, бэлэг эрхтэнийхээ тухай, урд шөнө нь хэнтэй унтсанаа, маргааш хэнтэй унтах гэж байгаагаа, эсвэл янаг амрагийн ямаршуу амьдралтайгаа, ууж согтуурхсан тухайгаа, Прагийн Амбассадор зочид буудалд шулуун гэдэс рүүгээ хамгийн сүүлд юу чихүүлсэн гээд л өөр хоорондоо бүхнээ ярьчихдаг. Тийм байтлаа найргийн тэнгэр Музагийн өмнө ярих зүйлээ найзууддаа ярьдаг зүйлээсээ ялгаад эхлэвэл юу болох вэ? Асуудал нь шүлэг найрагтаа яг өөртэйгээ, найз нартайгаа ярьдаг шигээ ний нуугүй хандаж тэр хоёрын хоорон дахь ханыг нураахад л байгаа юм.
СУРВАЛЖЛАГЧ: Дан ганц сэдвийн тухай яриа биш болохнээ – секс, өөр юу байдаг ч юм.
ГИНЗБЕРГ: Энэ бол чи өөрөө яг хэн юм бэ гэдгээ бичиж чадахын нэр! Ямар ч нөхцөлд! Уран зохиол гэж ямар юм байх тухай нэг тийм төсөөлөлтэй болчихсон, тулаад ярихаар хичнээн сайхан хүн байж болох ч зохиол бүтээлээрээ хэлж буй зүйлс нь тэрнээс нь тэс анги улс их бий. Яг өөрийн үнэн мөнийг, өөрийнхөө амьдралаас ургасан зүйлийг бичихийн оронд өмнө бичигдсэнээс ондоо, тэс өөр зүйл бичнэ гээд бодчихдог. Гэтэл бидний өөрсдийн туулж мэдсэн зүйлс болоод бидний бичиж буй зүйлсийн хооронд ямар ч зөрүү байх ёсгүй. Уран зохиолын ийм хуурамч байдал бидний өдөр тутмын амьдралаас их ангид, эсвэл уран зохиолын гэдэг утгаараа ч агуулга, хэлбэр, бүтцийн хувьд нэг тийм хэвшмэл, тогтсон хэв маягийг үүсгээд байдаг.
СУРВАЛЖЛАГЧ: Яруу найраг, тэр тусмаа шүлэг бичих гэдэг таны хувьд юу вэ?
ГИНЗБЕРГ: Мэдрэмжийг үгийн хэмнэлээр илэрхийлэх нь үндсэндээ яруу найраг шүү дээ. Мэдрэмж гэдэг яг л бэлгийн эрчим шиг хүний дотор оргилж байдаг эд. Тэр бол ходоодны мухраас цээжний голоор өгсөөд гинших, гаслах, санаа алдах дуун болж амаар гаран чихэнд үлддэг зүйл. Хэрвээ эргэн тойрноо сайн ажиглаад өөрийг чинь санаа алдахад хүргэж байгаа тэр зүйлээ дүрслэхийг оролдвол – үгээр санаа алдаж чадвал – өөрийнхөө яг юу мэдэрч байгааг хялбархан буулгачихна. Тийм л энгийн. Ихэнхи шүлэг тодорхой үгээр бус тодорхой хэмнэлийн цогцоос бүрддэг. Эсвээс нэг хоёр түлхүүр үг дотор нь орсон байж болох юм. Тэгээд л тэр үгээ тойруулаад юуг багтааж болох, тэр үг чинь юунд зангидагдаж болохыг олоод биччихэд болно.
Шүлэг гэдэг ихэнхидээ өөрөө л алхам алхамаар, үг үгээр ундран гардаг зүйл. Тэр нь хүнд мэдрэмж төрүүлэх зүйл болж байгаа ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Заримдаа би түүндээ өөрөө автаад уйлчихна гээч. Ямар нэг гарцаагүй үнэнийг түншчихсэнээ мэдэрч буй нь тэр. Тийм л мэдрэмжээр хүмүүсийн зүрхэнд ямар ч ялгамжгүй хүрч, ойлгогдоно. Тийм л мэдрэмжээр цаг хугацааны уртад ч тэсэн үлдэж, тийм л мэдрэмжээр магадгүй хэдэн зууны дараа ч бусдад уншигдан, тэдний нулимсыг хуваалцаж болно. Тийм л мэдрэмжээр зөн билигээ нээж болно. Энд би яг 1942 онд хаа ч юм нэг газар бөмбөг дэлбэрэхийг тааж мэддэг зөн билгийн тухай яриагүй. Харин зуу зуун жилийн турш хүмүүсийн мэдэж мэдэрч ирсэн тэр зүйлийг мэдэж, мэдэрхийг хэлж буй юм. Шүлэг бичнэ гэдэг нь магадгүй өөрийн зөн сэрэхүйд буусан зүйлээ далд битүү, ил тодорхой аргаар тэмдэглэж дараа үеийн хүмүүсийн зуу зуун жилийн санамж, сэрэмжинд үлдээхийн нэр биз.
СУРВАЛЖЛАГЧ: Нэгэнтээ та Поль Сезаннын зургуудын дотроос олж мэдэрсэн зүйлээ өөрийнхөө шүлэг бичих аргатай холбож ярьсан санагдана?
ГИНЗБЕРГ: Сезаннын бүтээлүүдэд дурладаг маань Майер Шапиротай хамт Колумбийн Их Сургуулийн төгсөх дамжааны оюутан байсан 1949 оны үеийн явдал л даа. Түүний зургууд руу харж зогсохдоо би гэнэтхэн бие зарсхийх шиг ер бусын мэдрэмжинд автсан. Зотон дээр зурсан зураг байтлаа хавтгай гэхээсээ илүүтэй гурван хэмжээст дэлгэгдэх бодит зүйл, сансрын биет шиг харагдана гээч. Сезаннын бүтээсэн орон зайд мөнөөхөн аварга том сансрын биетүүд агуулагдчихаж байгаа ч юм шиг. Бас өөрийнх нь эхнэр, хөзөр тоглож буй улс, эсвэл нэг шуудан зөөгч гэх мэтээр бүтээлийнх нь дүрүүд тун нууцлаг шинжтэй. Заримдаа тэд нь аварга том, 3D модон хүүхэлдэйнүүд шиг харагдахыг яана.
Яахав, юун түрүүнд би Сезанны дотроос уран зохиолын билгэдэл зүйн үй олон хэлбэрийг олж анзаарсан л даа. Тэр нь үе үе хурц мэдрэгдэнээ. Дараахан нь би түүний урландаа авахуулсан зургийг номноос олж үзлээ. Тас хар нөмрөгтэй, томоос том хар малгайтай, үгүй бас тэнд нь гавлын яс ч байх шиг. Надад яг л нэг альхимичийн урлан шиг санагдаж билээ. Тэгээд л би Сезанныг ид шидтэний дүрээр харж эхлэсэн дээ. Бас түүний хэлсэн үнэхээр гайхалтай үгийг олоод уншчихав аа. “Би тэгш өнцөгт, гурвалжин, дөрвөлжинийг ашиглаж байгалиас авсан мэдрэмжээ шинээр дүрслэх гэж оролддог. Юмсын хатуу төлөвөөс үүдсэн сэтгэгдэлээ зотон дээр буулгахдаа ашиглаж буй тэр арга, Гэгээн Викторын Уулыг харж зогсохдоо миний бодож-мэдэрч-харж буй тэр хэлбэр бол зурах гэж буй зүйлээ зураачийн хэлэнд буулгаж буй үйл юм. Тийм ч учраас би тэгш өнцөгт, гурвалжин, дөрвөлжнийг түлхүү ашигладаг. Гэхдээ тэдгээрийгээ хамтад нь маш нягт сүлжилдсэн байдлаар хийж өгнө. Тэгэж байж л дундуур нь ямар ч гэрэл нэвтрэхээргүй болгодог юм.” Түүний энэ үг намайг үнэхээр гайхашруулсан. Гэхдээ энэ үг нь түүний зотон дээрээ таталгаж орхисон нягт сүлжээс дотор л илүү утга учир илэрхийлэх биз ээ. Тийм болохоор л Сезанны зургууд хараажаар хоёр хэмжээст хавтгай дээр зурагдсан атлаа жаахан зайнаас харах юм уу тодорхой цэг дээр төвлөрөлгүй ерөнхийд нь нэг хараад үзвэл өмнө чинь маш нууцлаг, асар том гурван хэмжээст, стереоскоп орон зай дэлгэгдэж үзэгдэхээр бүтээгдсэн байдаг.
“Орь дуун”-ы төгсгөлийн хэсэг бол яалт ч үгүй уран зурагт биширсэн сэтгэлээс үүдэлтэй. Ялангуяа Сезанны арга барилд илүү татагдаж, түүнийг нь өөрийн шүлэгтээ тааруулан ашиглаж болох юм шиг мэдрэмжинд хөтлөгдсөн үе. Гэхдээ үүнийг тайлбарлах тун хэцүү л дээ. Сезанн орон зай үүсгэхийн тулд алслал хийдэггүй, харин нэг өнгөний эсрэг нөгөө өнгийг “өрөөд” л өөрт хэрэгтэй орон зайгаа гаргаад авчихдаг юм. Үүнээс нь би санаа авлаа. Магадгүй илүү боловсронгуй болгосон ч байж мэднэ. Тайлбарлах аргагүй, ямар ч алслалгүй, шууд л нэг үгийг нөгөө үгтэй нь зэрэгцүүлээд өрөөд явчихдаг арга юм уу даа. Зотон дээрх сул орон зай шиг хоёр үгийн дундах тэрхэн зайнд л хүний оюун санаа өөрийн оршин буйг мэдрэх болно. Өөрөөр хэлбэл Шекспир “Шөнө дунд, аймшигт зэлүүдэд..,” гэж хэлэхэд “шөнө дунд” болоод “аймшигт зэлүүд” хоёрын дунд ямар нэг юм байна гэж ойлгогдоно оо доо. Ингэж л тэр түнэр хар шөнийн бүхий л орон зайг бүтээчихэж байгаа юм. Тэгэхээр энэ үгсийг угсраад байрлуулчихдаг нь яаж байгаа юм бол гэж бодох аргагүй болчихно. Эсвэл хайку шүлэг байна. Хайкунд хоорондоо ямар ч холбоогүй хоёр тусдаа дүрслэлийг зэрэгцүүлээд тавьчих нь элбэг. Тэр хоёрын дунд л хүний оюуны шургалах орон зай үүснэ гэсэн үг.
Өө, шоргоолж
Фүжияама уул өөд мацна
Зугуухан, зугуухан.
Одоо тань нэг жижигхэн шоргоолж бас Фүжияама уул байна. Бас зугуухан, зугуухан гэдэг үг. Тэгээд үүнийг уншихаар.., за даа бараг л амандаа бэлэг эрхтэн үмхчихсэн юм шиг мэдрэмж төрнө дөө! Асар том орон зай, аварга том ертөнцийг бэдэрч буй мэдрэмж. Иссагийн энэ богинохон хайкугаар дамжуулаад л үзэгдэл-мэдрэхүй.., өөрөөр хэлбэл үзэгдэл тэгээд холбох зураас араас нь мэдрэхүйг олж нээж болно.
Ингээд л би өнөөх үг зэрэгцүүлдэг аргаар нь туршилт хийж эхлэлээ. “Өвлийн шөнө, бяцхан хот, гудамжны гэрлээр бороо..,” гэх мэт. Гурвалжин, дөрвөлжин, тэгш өнцөгтүүдийнх нь оронд л эдгээр үгсийг орлуулчихаж буй хэрэг шүү дээ. Сезанн гурвалжин, дөрвөлжин, тэгш өнцгөөр өөрийнхөө санааг илэрхийлж байсан бол би үг, үгийн хэмнэлээр өөрийгөө илэрхийлж байлаа.
Олж мэдэхэд хамгийн сонирхолтой зүйл бол үг болоод үгийн хэмнэлийн тодорхой холбоо нь хүний биед цахилгаан химийн хариу үйлдэл үзүүлж, ухамсарын аль нэг хэсгийг катализид оруулж чадах уу, үгүй юу гэдэг юм. Блэйкийг уншихад надад тиймэрхүү мэдрэмж төрж байсан санагдана. Эдгар Погийн “Хонхнууд” юмуу “Хэрээ”-г уншихад эсвэл Вэчел Линцигийн “Конго”-г уншихад ч нэг тиймэрхүү мэдрэлийн системд нөлөөлж, хүний тархинд тогтмол хувьсах цахилгаан өөрчлөлтүүдийг үүсгэн, ховсдогч хэмнэлээрээ эзэмдэн эрхшээх их хүчийг нь мэдэрдэг. Хөгжмийн хэмнэлийг хүний мэдрэлийн системд нэвтрүүлэхэд мэдрэлийн эсүүдийн молекул бүтцэд өөрчлөлт орсон байдаг гэж Арто хүртэл хэлсэн байдаг шүү дээ. За ямартаа ч энэ бол гарцаагүй үнэн юм. Өөрөөр хэлбэл тархиндаа бичсэн ямар ч зүйл маань төв мэдрэлийн систем рүү нэвтэрдэг. Энэ бол урлагаар дамжуулан хүний тархи сэтгэхүйд нэвтэрч буй электронхимийн нөлөөлөл юм уу даа.
СУРВАЛЖЛАГЧ: Та түрүүнд Блэйкийн тухай дурслаа?
ГИНЗБЕРГ: 1948 оны зуныг би Зүүн Харлемд өнгөрүүлсэн юм. Яг л эртний далайчин шиг амьтан амьдарч байв аа. Тэр үед мэдэрч байсан зүйл маань жинхэнэ аймшиг. Би тэгэхэд өсвөр насаа өнгөрчихсөн.., за даа хорин хоёртой л байсан болов уу даа.
Нэг л их ганцаардсан, уйтгарласан хүн Гэгээн Жоныг уншаад л бүтэн долоо хоногийг өнгөрүүллээ. Таньдаг мэддэг бүхэн надаас холдон одсон мэт. Берроуз Мексикт, Жэк бас л над шиг нэг цөлөгдсөн хүн Лонг Айландад байсан үе. Бид нэг нэгнээ хараагүй их удсан байсан. Уг нь өчнөөн жил салж хагацахгүй явсан улс шүү дээ. Ханке тэр үед шоронд ч байсан билүү дээ. Ямартаа ч таньж мэдэх хүн дэргэд ганц ч үлдээгүй байсан юмдаг. Хамгийн чухал нь Нил Кассиди бид хоёрын дундах явдал. Эцэст нь би түүнээс бидний харилцаа дууссан, янаг амрагийн холбоонд маань ямар ч ирээдүй байхгүй, тэгээд цэглэх ёстой ухааны юм бичсэн захиа авч билээ. Өмнө нь бол бид хоёр шиг сайхан ойлголцдог амрагууд үгүй байлаа шүү дээ. Мань эр надаас хаа байсан гурван мянган бээрийн алсад, тивийн нөгөө талд өөрийг нь уйдах чөлөөгүй байлгаж байгаа зургаан мянган охидын дунд хөвж явсан болохоор Нью-Йоркийн гүнд ганцаардаж цөхөрсөн миний хашхирааныг сонсохтой манатай байсан байлгүй. Тэгтэл “Одоо Аллен минь хоёулаа мөр мөрөө хөөе,” гэсэн захиа ирж хамаг л итгэл найдварт минь үхлийн цохилт өгөх нь тэр. Ингээд л миний оршихуйд нийцэн эрэмдэг сэтгэлгээгээрээ ойлголцоод байх хань, биеийн жаргал эдлүүлээд байх нэг сайхан эрхтэнээсээ хагацаж ахиад тиймийг олоод авчихна гэх горь итгэл ч төрөхөө болилоо. Бүр романтиклаж төсөөлж явсан хамаг л хүслээ хяргаж хаях хэрэгтэй болов. Сургуулиа ч төгслөө, хаашаа явахаа ч мэдэхгүй, ажил олдоно ч гэж горьдолтгүй. Тэгээд л эцэст нь төмс ногоо хивээд л Харлемд хэвтэж байхаас өөр газаргүй боллоо. Тэнд хэнээс билээ дээ, нэг байр түрээлсэлсэн хэрэг.
Тийм нэг итгэл найдваргүй, уналтанд орсон, амьдралын ямар нэг эргэлт дээр ирсэн үед гагцхүү тэвчээрээрээ тэнцвэрээ хадгалаад байна гэдэг чинь яасан ч хөгтэй зүйл байдаг юм. Яг тэр үедээ би өмнө төдийлөн анхаарч хараагүй Виллъяам Блэйкийн нэг номыг санамсаргүй өвдөг дээрээ дэлгэв ээ. Наранцэцэг хэмээх шүлэгтэй хуудсыг нь залхуутай гэгч нь гөлөрч сууснаа урьд нь зөндөө уншсан ч наранцэцгийн тухай сайхан дүрслэлүүдээс өөр гойд юм мэдрүүлдэггүй байсан тэр шүлэгнээс өөрийнхөө тэр үеийн нөхцөлтэй холбоотой маш сонин зүйлс олж анзаарлаа.
Цааш унших бүрт өнөөх шүлгийн дотоод дуу хоолой өрөөгөөр минь нэг цуурайлж өөрийн гүндэх утга руу намайг улам хөтлөн, харааг минь нээж байв. Хичнээн эртний, хичнээн яруу сайхан дуу хоолой байсан гэж санана. Эрт уждын дуу... Тэр дуу хоолойны онцгой чанарыг мартахын аргагүй. Бүтээгчийн хүүтэйгээ ярьж буй сэтгэл зүрх соронздон татах их хүч, агуу их хайр хүндлэл хүний дуу хоолойнд хувилан түгэх мэт тийм мэдрэмжийг яаж ч мартах вэ. Тэгээд би цонхоороо тэнгэр лүү ширттэл гэнэтхэн орчлонт ертөнцийн гүнийг олж харах шиг, эртний буурал тэнгэрийн царайг олж үзэх шиг болж билээ. Тэнгэр гэнэтхэн л маш эртний, хуучирч хөгширсөн зүйл шиг санагдсан юмдаг. Би бүр өөрийгөө ингээд галзуурч байгаа юм байхдаа гэж хүртэл бодож байсан шүү. Гэхдээ жинхэнээсээ галзуу байсан нь илүү дээр ч юм шиг. Тэр бүү хэл би тагтан дээрээсээ галын шатаар дамжаад хажуу хаалганыхаа хоёр охины цонхыг тогшиж “Би Бурханыг харсан!” гэтэл өнөө хоёр маань цонхоо тасхийтэл хаачихаж билээ. Хэрэв тэд намайг өрөөндөө оруулсан бол би ямар юмаа ч ярих байсан юм бүү мэд.
Тиймээс би Блэйкийг олж уншсан маань, түүний шүлгийн гүнд нэвтэрч чадсан маань дээд яруу найрагт дөтлөх гайхамшигт тохиол болсон гэж л хэлнэ. Чухам тэгэж л би яруу найргийг өөр юу ч биш гагцхүү өөрт тохиолдсон, өөрийн таньсан, өөрийн мэдэрсэн, өөрийн гэсэн зүйлсийн илэрхийлэл гэж үздэг болсон.
CУРВАЛЖЛАГЧ: Мансууруулах бодис хэрэглэдэг тань ийм туршлагыг тань илүү тэлсэн байх даа?
ГИНЗБЕРГ: Нэгэнт л энэ миний орон зай, оршихуй, амь дүйх хэлбэр минь учраас мансууруулах бодис бол миний хувьд нэг л үзэгдлийн ондоо ондоо дуу хоолой, ялгаатай түвшин, өөр өөр орон зайг олж мэдрэх ухамсарын сорилт, туршилт төдий зүйл юм. Инээлгэдэг хий юмуу эфир хэрэглэчихсэн үед Блэйкээс улбаатай хий төсөөллүүдтэй минь огтлолцох тийм нэг мэдрэмжийг олох нь бий. Сөр Хемфри Дэвигийн хийн шахуургын судалгааны хүрээлэнд өч төчнөөн туршилт хийгдчихсэн байсан болохоор Нуурын яруу найрагчдын /Сэмуэль Кольриж тэргүүтэй 19-р зууны үеийн Английн яруу найрагчдийн бүлгэм/ сонирхолыг ч мансууруулах бодис маш ихээр татаж байсан юмдаг шүү. Кольриж, Саути, Де Куйси нар бүгдээрээ л хэрэглэдэг байсан болов уу. Гэхдээ тэдний үеийн талаар тэмдэглэгдэж үлдсэн юм тун ховор л доо. Бямба гариг бүрийн үдэш Кольриж нуурын яруу найрагчидтайгаа хамт ой шугуйн дундуур давхиулан ирж Хемфри Дэвигийн өргөөнд биеэр залрах үед чухам юу ч болдог байсан юм билээ? Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэчихээр яг л үхэхтэй адил биеэсээ чөлөөлөгдөөд өндрөө авч, тэндээсээ эргээд энэ хорвоо руугаа харж буй мэт мэдрэмж төрдөг. Сансрын хөөрөл, сансрын улангасал шиг ч юм уу даа. Гэвч гуч, гучин тав дахиа нахьсаны дараагаас би тэсэхийн аргагүй дагжин чичирч, салганаж эхлэдэг. Цаашаа тэсч хүчрэхгүй болсон гэсэн үг. Тэгээд л зогсоно доо.
СУРВАЛЖЛАГЧ: Тэгэж хий юм харах үед сонирхолтой, жигтэй зүйл тохиолдож байв уу?
ГИНЗБЕРГ: Мансууруулах бодис өндөр тунгаар хэрэглэчихээд нэг байранд хэвтэж байна гэж бодъё. Тэр үедээ би хаа нэгтээх Тавдугаар гудамжин дахь байранд бус харин тэр байран дотроо цаг хугацаа-орон зайн төвд хөвж яваа юм шиг мэрдэмж төрдөг. Нүдээ анихаар гаднах огторгуйн чөлөөнд эргэлдэн мурилзаж, өөрсдийнхөө сүүлийг үмхлэн идэцгээх аварга том, хайрст луунуудыг олж харна. Заримдаа арьс минь, ер нь тэр өрөө бүхэлдээ могойн хайрс шиг гялалзан гялтганаж үзэгдэнэ. Амьдралын бүхий л хуурмаг үзэгдлүүд тиймэрхүү хэвлээр явагчдын зүүднээс амилсан юм шиг л байдаг даа.
СУРВАЛЖЛАГЧ: Бичиж байхдаа таньд би ч энэ дээр ёстой “алаад хаялаа даа” гэсэн мэдрэмж төрдөг үү?
ГИНЗБЕРГ: Заримдаа тийм мэдрэмж төрнөө. Нэг тийм үнэн нулимсанд сэтгэл хөдөлсөн үедээ бол тэгнэ шүү. Би чадлаа, үзүүлээд өглөө гэсэн мэдрэмж. Гэхдээ бусад үед бол.., за ихэнхидээ л тийм мэдрэмж төрөхгүй дээ. Модны сийлбэрч шиг шүлгийнхээ хэлбэрийг анхаарч урлах гэсээр хамаг цагаа үрнэ. Ер нь тэгэж бах ханаж байсан үе ховор шүү.
СУРВАЛЖЛАГЧ: Шүлгийн тодорхой нэг хэсгээс илүүтэй тэр шүлэг бүхэлдээ онцгой болчихлоо гэж үзсэн үеээ ярьж байна уу?
ГИНЗБЕРГ: Үгүй дээ. Өөрийнхөө хувьд л энэ ертөнцийг бүхэлд нь халиагч их зөнчийн мэдрэмжийг амссан үеүүдээ ярьж байна.
Орчуулсан Б.Баясгалан
Сэтгэгдэл хэсэг