АЛГА ТАШИЛТ БИШ БОДЛОГОШРОНГУЙ...

 

СГЗ Гун-Аажавын Аюурзана 2013 оны намар "Бясалгал" нэрт яруу найргийн түүвэр хэвлүүлсэн билээ. Харин ном гарсаны дараахан сэтгүүлч Жамъян-Очирын Тэгшжаргал түүнтэй дорх ярилцлагыг өрнүүлжээ. Уран зохиолын уншигчдын багагүй догдлуулж бас гонсойлгосон эл ярилцлагыг таньд хүргэж байна. Уншигчид юунд гонсойсон юм бэ, гэж үү? Хариулт нь яг энэ зураасны дороос хөвөрнө...


 

“Алга ташилт биш бодлогошронгуй
Бодлогошронгуйн төлөө би шүлэг бичдэг...”. 

Г.Аюурзана. “Бясалгал” номын 18 дугаар тал.

Тэр бодлогошронгуйн төлөө ахиж шүлэг бичихгүй гэдгээ хэлэв. Алга таших юу юм, харин бодлогошронгуй тодорч байна. Тэр ахиж орчуулга ч хийхгүй аж. Бусдад зориулах цаггүй болсон гэнэ. Ахиад л, алга ташилт биш бодлогошронгуй... Тэр цаашиид үргэлжилсэн үгийн томоохон бүтээл бичихэд анхаарал хандуулахаар шийджээ. Мөнөөх л мэдрэмж!


-Зөвхөн намар л уншмаар ном, намар л сонсмоор хөгжим, намар л үзмээр кино гэвэл та юуг нэрлэх вэ?

-Намар гайхамшигтай улирал даа. Ёстой шүлэг уншмаар улирал. “Дэлхийн сонгомол яруу найраг” гээд миний гаргасан нэг антолог бий. Ойрд би түүнийг дэрлэж хэвтээд, хаанаас ч хамаагүй сөхөж хараад л жаргаж байна аа. Би ч чамбай орчуулж шүү гэж давхар баясаад л(инээв). Намар сонсмоор хөгжим гэвэл, яагаад ч юм бэ, Москвад анх очиж байсан үеэ л намрын намарт дурсдаг болоод ч тэр үү, 18 настайдаа дуртай байсан хөгжмөө нэрлэнэ дээ. “Битлз”-ийн бүх дуу, “Queen”-ы “Bohemian Rhapsody”, “Pink Floyd”-ийн “On the Turnin’ Away” ч юм уу... Киноны хувьд бол би хуучинсаг хүн. “Загалмайлсан эцэг”-ийн эхний хоёрыг л дахин дахин үзнэ.

-Өөрөө уншигчийн хувьд та ер нь юу эрдэг вэ... За ер нь би тойруулахаа болиод шууд л асуучихъя. Та яруу найрагчийн хувьд зодог тайллаа гэсэн. Чухам юу таныг ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн бэ. “Өдрийн сонин”, “Эх орны манаа” сонинд өгсөн ярилцлагадаа энэ талаар та дэлгэрүүлж ер яриагүй байсан. Энэ ганц өгүүлбэр хэлээд болчих гэнэтийн шийдвэр байгаагүй гэж бодож байна.

-Сүүлийн нэг жил би шүлэг бичээгүй. Энд тэнд явж байхад мөр бадаг гэнэт аманд эвлээд ороод ирдэг нь бүр больчихсон байна лээ. Нэгэнт санаанд юм бууж ирэхгүй юм чинь, өөрийгөө албадаад оролдоод байлтай нь биш, нэгмөсөн орхичихъё гэж шийдсэн л дээ.

-Ер нь яруу найрагчийн хувьд зодог тайлна гэдэг ойлголт байдаг уу. Ингээд бодохоор таны өмнө бичсэн, туурвисан бүхэн зүгээр л нэг хөдөлмөрөөр тодорхойлогдож, ажилчин хүнээр бол тэтгэвэр гарлаа гэсэн шиг бууж байна.

-Ямар нэгэн зодог олж өмсчихөөд түүнийгээ тайлах тухай яриа биш шүү дээ. Сурвалжлагч л ярилцлагаа тэгээд гарчиглачихснаас биш, би өөрөө нэг их учиргүй зарласан ч юм биш. Шүлэг бичихээ л больж байгаа юм. Дөч гарчихсан хүний хувьд гайхаад байхаар зүйл гэж үү дээ?

-Хэрэв санаа орж ирэхгүй, эвлэж өгөхгүй байгаа нь түр зуурын юм байвал яах вэ. Магадгүй ирэх зун, тэрний дараа зун дотроос тань яруу найрагчийн зөн хатгаад, бичигдэх шүлгүүд чинь нэхээд ирвэл “больсоон хө” гээд шууд хориход хэцүү байна байх даа.

-Үгүй, одоо мэдэхгүй юм даа. Гэхдээ л би ахиад шүлэг бичнэ гэдэгтээ итгэлтэй биш байна.

-Танд хэн нэгний өмнө, ялангуяа уншигчийн өмнө ямар нэгэн өр байхгүй. Гэхдээ л уншигчид өөрийн мэдэлгүй таниас илүү юм, бусдаас өөр зүйл хүсдэгийг та ч мэдэх байх. Цаашид та үргэлжилсэн үгийн том хэмжээний бүтээлд илүү анхаарал хандуулна гэсэн. Орчуулгын бүтээлүүдээс гадна, бичлэгийн хэв маягийн шинэчлэлүүд таниас гарсан. Жишээ нь, таны бичсэн “Гурамсан цадиг”, таны орчуулсан “Буугаад ирээч Мосе”-гоос л хойш метароманыг бид ойлгодог, шимтдэг болсон. Зүгээр л нэг сайн зохиолоос гадна таниас “шинэ юм” хүлээж байгаа уншигчдад юу бэлдэж байна вэ? 

-Ноднингоос хойш нэг роман дээр сууж байгаа. Хэзээ гараас гарахыг нь арай л хэлж чадахгүй нь дээ.

-Орчуулагчийн хувьд бас боллоо, зогслоо гэж хэлсэнд тань олон хүн гомдолтой байгаа. Би лав тийн гонсойсон хүмүүсийн нэг нь. Өөрийн бүтээлд илүү анхааръя гэж хэлснийг тань ойлгож болмоор ч гэлээ, уншигчийн хувиар бол эвлэрч ер болохгүй санагдаад байна. Та нээрээ ахиж орчуулга хийхгүй юм уу?

-Хийхгүй. Бусдад зориулах цаггүй болсон юм шиг санагдаад байгаа.

-Бүхий л зохиолчийн зовлон, айдас нэг байдаг байх гэж боддог. Тэр нь өөрийгөө давтахгүй байх. Та өөрийгөө давтахгүйн тулд яадаг вэ. Бас зохиолч бичиж байгаадаа яалтчгүй автдаг, эхлэлээс төгсгөл хүртэл түүгээр амьсгалдаг гэж би боддог. Зохиолоос зохиолын хооронд та өөрийгаа яаж “цэвэрлэдэг” вэ?

-Өөрийгөө давтчихгүй юм сан ч гэдэг юм уу, өөрийнхөө хэв маягаас л хазайлгүй бариад явъя энэ тэр гэж хэзээ ч боддоггүй. Ер нь би элдвийн юм зохиодог хүн биш шүү дээ. Надад зохиол бичихдээ баримталдаг зарчим ч гэж байхгүй. Зүгээр л суугаад бичдэг. Азаар ч юм уу, заримдаа бичиж байгаа зүйлс маань өөрөө аятайхаан явчихдаг. Зарим нэг өгүүлбэрийг өмнөх номуудынхаа аль нэгэнд биччихсэн ч бил үү гэх эргэлзээ төрдөг л юм. Санаж байвал эргэж харна, ихэнхдээ хаана тиймэрхүү санаа оруулчихсан байж болох вэ гээд хайх нь залхуутай санагддаг тул, тэгсхийгээд л орхичихдог.

-Уншигчид их сонин. Зохиолын дүрүүдийн сэтгэл зүйг яалтчгүй зохиолчтой холбох гээд, зохиолчоос дүрд илэрсэн шинж тэмдгүүдийг хайгаад байдаг. Жишээ нь, би хувьдаа таны дүрүүдээс цөхөрсөн, яахаас ч буцахгүй байдалд хүрсэн төрх олон хардаг. Энд таниас ямар нэг тайлбар хүсэж болох уу. Бас уншигчид  хүссэн хүсээгүй дүрүүдийг сайн, муу гээд ялгачихдаг. Яг л манай тал, танай тал гэдэг шиг. Харин зохиолч өөрөө ингэж заагладаг болов уу?  

-Үгүй, миний хувьд сайн тал ч, муу тал ч гэж байхгүй. Цөмөөрөнд нь л бага зэрэг би явж байгаа. Нэг цөхрөнги дүр байна, нэг шантаршгүй дүр байна. Аль аль нь би биш, гэхдээ аль алинд нь л миний тодорхой хэсэг бий, үгүйдээ амнаас нь миний хэлэх үг гарч байгаа. Тэр утгаараа бол би харин ч аливаад цөхөрч ягддаггүй, ямар нэгэн зүйлд яахаас ч буцахааргүй болтлоо улайрч шунадаггүй хүн.

-Би зөвхөн уншигчийн хувиар л таныг мэднэ. Зөвхөн тэр “туршлага”-аар харвал та өөрийгөө нийгмээс хол байлгах гэж хүсдэг хүн шиг санагддаг. Хэрэв энэ асуултад та тийм гэж хариулбал юунаас зугатаж, зугатахдаа ямар арга хэмжээ авдаг вэ?

-Би өдөр тутмын сонины сурвалжлагч байж үзсэн, хувийн сонин эрхэлж ч үзсэн. Энэ утгаараа олон л хүнтэй нүүр учирч явлаа. Зохиолчдын байгууллагын ажлыг шинэчлэхэд оролцох гэж ч нэлээд идэвхтэй чармайж явсан үе бий. Бас зурагтаар хааяа гардаг, энэ мэтээр ярилцлага өгдөг. Өөрөө сурвалжлагч явж үзсэн, зовлонг нь мэдэх юм болохоороо учиргүй бултаад зугтахаасаа бас ичээд байдаг юм. Энэ мэтээс болоод хутгалдах зүйлс олширно. Хэлсэн ярьсан үгс гуйвж дайвж хаяглагдаагүй эзэддээ хүрнэ. Тэгээд эцэст нь нэг л зүйл ойлгосон. Энэ хүмүүс цөмөөрөө надад тохирохгүй, энэ хүмүүст би өөрөө бас тохирохгүй байна аа гэж. Юм эрээчдэгийн хэрэг юу билээ, надад хаачих вэ гэсэн эргэлзээ байгаагүй. Шууд л гэртээ суучихсан даа.

 -Та олон шинэ, ховор зохиол орчуулсан. Х.Л.Борхес, У.Фолкнертой бид таниар дамжуулж танилцсан. Миний мэдэхээр Х.Мүракамигийн монгол хэлнээ хөрвүүлэгдсэн цорын ганц бүтээл нь “Хаврын нэгэн сайхан өглөө 100 хувь төгс бүсгүйтэй тааралдсан тухай” өгүүллэг байдаг. Та хэзээ нэгэн цагт монголоос англи, орос хэл рүү зохиол орчуулах тухай бодож байсан уу. Хэрэв тэгэхээр болбол таны хамгийн эхний сонголт юу байх вэ?

-Би уран зохиолыг орос, англиас нүүр улайхааргүй орчуулж чадна, харин орос, англи руу чадахгүй. Мураками гэснээс, мань эрийг би бүтэн өгүүллэгийн түүврийн хэмжээнд орчуулах бодолтой байсан юм. Өгүүллэгүүд нь сонирхолтой, яг миний сонгосон хувилбар бол аль ч романаас нь илүү өвөрмөц ном болохоор байсан. Өөртэй нь холбоо бариад, сонгосон жагсаалтаа үзүүлсэн. 25-30 өгүүллэг сонголуу даа. Мань эр эхэндээ тун найрсаг хүлээж аваад, татгалзах зүйл алга, агенттай минь тохирчих гэлээ. Гэтэл агент нь “Яг ийм сонголттой ном хаана гарсан юм бэ? Түүнийг манай зохиолч их сонирхоод байна” гэсэн. “Би өөрөө сонгосон юм аа” л гэлээ. Тэгээд таг чиг болж болж гэнэтхэн л “Япон хэлнээс орчуулбал л зөвшөөрье” гэсэн хариу ирсэн дээ.

-Зохиолч, зохиол, онгод гурвын хооронд яг л сүнсний ертөнц гэдэг шиг өвөрмөц үйлчлэл байдаг гэдэг. Манай ихэнх зохиолч онгод гээчид найдаад, тэр нь ирлээ гэвэл дөрвөн ханан дундаа л суугаад байх шиг санагддаг. Үнэхээр суутан биш бол, ер нь суутан байлаа ч зохиолч яг л сэтгүүлчийн адилаар шинийг эрэлхийлж, хөдөлмөр гаргах ёстой. Хэрэв онгод тань дээр “ирэхгүй” бол та зохиомлоор юу хийдэг вэ?

-Зохиомлоор ямар нэгэн зүйл хийх шаардлагагүй шүү дээ. Бичигдэхгүй бол бичээд хэрэггүй. Тэгж өөрийгөө махлах хэрэг юу байна? Харин бичихээр суухаасаа өмнө, хүүрнэл зохиолд бол материалаа цуглуулж, хэлэх гэсэн гол санаагаа зангидчихсан байх хэрэгтэй.

-Зохиолчид өөрийнхөө зохиолыг дүгнэж, цэгнэж ярих эрх байдаг уу. Орон орны зохиол өөр гэвэл, манайхны нэг онцлог нь өөрийнхөө зохиолыг сайн муу гэж өрсөж ярих, магтан дуулах хандлага их ажиглагддаг. Шүүмжлэгчид цөөн, шүүмжийн салбар унтаа байгаатай холбоотойгоор ойлгосон ч өмөөрч болохгүй шиг санагддаг. Та үүнийг юу гэж боддог вэ?

-Би янз бүрийн орны, олон ч гэж хэлж болохуйц зохиолч танина. Бүгд л “Би л бичнэ, би л чадна, миний тийм ном өвөрмөц, миний нэг ийм онцгой санаа байдаг юм” гэж л ярьдаг хүмүүс байдаг. Мэдээж, япон хүн араб хүнээс хамаагүй илүү даруухан л даа. Гэхдээ л зохиолч бол зохиолч. Итгэл үнэмшлээрээ л амьдардаг. Би бол өөрийнхөө зохиолуудад итгэлтэй явдаг болохоор юу ч ойлгоогүй юмнуудын том том дүгнэлтээс бол өөрийнхөө зохиолыг өмөөрнө өө. Элэг авмаар амьтдын номнуудтай харьцуулж ярихад, яалт ч үгүй эгдүү хөдөлнө шүү дээ.

-Зохиолууд тань санаа анх төрсөн цэгээс ном болж, хэвлэгдэх хүртэл ямар зам туулдаг юм. Энэ зуур зохиол юу “үзэж”, хэчнээн шалгуур давдаг вэ?

-Бичигдэх гэж хамгийн аймаар зүйл байна. Санаа нь байгаад байдаг, бичээд явж өгөхгүй байх мөн ч хэцүү дээ. Бичсэн хэсгээ эргээд уншихаар уншигдаж өгөхгүй бол тэгээд л дуусаа. Нэг бол ахиж шинээр бичих, эсвэл устгаж хаях хэрэгтэй болно. Юм бичиж бичиж хэвлүүлдэг, тэр нь зарагдахаар баясаад энд тэнд гарын үсгээ зураад гүйдэг, тэр нь чамайг мулгуу амьтан болгож харагдуулдаг тийм тохиолдол алийг тэр гэх вэ дээ.

-Зохиол бичиж байх үед үйл явдал таны хяналтаас гарчихвал яадаг вэ. Ерөөсөө бичмээргүй, дуусгамааргүй болоод тэр чигт нь хаясан шүлэг, зохиол таньд байдаг уу?

-Байгаа. Би 1990-ээд оны дундуур “Хар загалмайн аян” гээд нэг роман эхлээд явуулж чадаагүй хаясан. Дараа нь “Мөсөн тахлын домог” гээд нэг роман овоо сайхан бичиж яваад гэнэт залхаж, энд тэндээс нь хэдэн абзац авч үлдээд шатаачихсан. Ер нь гучин наснаас өмнө роман бичих нэг л явцгүй юм шиг байна лээ. Тэндээс авч үлдсэн зүйлсээ эвлүүлээд “Цасны роман”-ыг бий болгосон доо.

-Өөрөө уншигчийн хувьд та юу эрдэг вэ. Зохиолчийн хувьд та юу гаргаж харуулахыг чармайдаг вэ. Энэ хоёрын хооронд нийцэж зохирох зааг, салж нийцдэггүй ялгаа нь юу бол?

-Би сайхан, амттай бичигдсэн номонд л дуртай. Өөрөө ч амттай бичихийг л чармайдаг. Намайг зохиолч болгосон зүйл бол миний уншиж үзэх аз тохиосон хэдхэн сайн ном. Өөр юу ч биш. Кино биш, хэвлэл мэдээлэл биш, интернет биш, магадгүй, туулж үзсэн амьдрал минь ч биш байж мэднэ.

-Жишээ нь, А.Тарковскийн бүтээлүүдээс урьд үзээгүй байгаад “Толь”-ийг шууд үзэхээр бүрэн дүүрэн ойлгодоггүй. Өмнө нь заавал, түүний арай хөнгөн кинонуудыг үзэж, бэлтгэгдсний дараа үзвэл бүр сайн ойлгох юм шиг санагддаг. Зохиолыг уншихийн тулд уншигч тодорхой хувиар бэлтгэгдэх хэрэгтэй юү, жишээ нь таны зохиолуудын хувьд?

-Мэдээж шүү дээ, бэлтгэгдээгүй уншигч бол зүгээр л бичиг үсэгт тайлагдсан төдий л гар байхгүй юу. Намайг унш гэж байгаа юм биш шүү, ер нь уран зохиолыг арай дөнгүүрхэн мэдэрье гэвэл байнга л “Тунгалаг Тамир”-ын ч юм уу, “Бас л завгүй” гэдэг СD сонсоод л яваад байх үнэхээр хангалтгүй.

-Монголын уран зохиолын уламжлалаас таньд зохиолчийн хувьд “хүртсэн”, хамгийн үнэ цэнэтэй, чухал юм юу вэ?

-Бага байхдаа уншсан шүлгүүд, жишээ нь, Б.Явуухулан тухайн цагтаа хосгүй чухал байсан. Анх “Уянгын тойрог”-ийг уншихад, “Сэтгэлийн байгаль”-ийг уншихад маш их догдолж байснаа мартдаггүй. “Амьдралын тойрог”-ийг уншчихаад юунаас ч юм бэ сүрдэж байснаа ч мартахгүй. Гэхдээ гайхамшигт мэдрэмжийг би ганцхан “Нууц товчоон”-оос л амссан даа. Энэ бяцхан судар бол миний амьдралд тохиолдсон хамгийн үнэ цэнтэй зүйлсийн нэг л гэж хэлнэ. Нас явах тусам энэ итгэл минь улам батжиж байгаа.

-Шүүмж, “шүүмж” хоёрын аль алин таньд ирдэг байх. Өдийг хүртэл таны биш, таны бүтээлэд ирсэн хамгийн үнэн, зөв шүүмж юу байсан бэ?

-Тийм шүүмж бичигдээгүй байгаа байх өө. Эсвэл би олж хараагүй байх (инээв).

-Өөрийн үзэж туулсан, харсан, мэдэрсэн, зүүдэлсэн юмсаа зохиолдоо ашиглах нь хэр олон бэ. Ингэхээр хувь хүний үүднээс нууцаа уншигчийн өмнө дэлгэсэн адил санагдах үе байдаг уу?  

-“Арван зүүдний өр” романд гардаг тэр төлөөсний бүх зүүдийг би өөрөө баатартаа зүүдэлж өгсөн. Хэрэв би зүүдлээгүй бол Тэнгис хэзээ ч өрөө төлж чадахгүй хоцрох байсан.

-Г.Аюурзаныг гэх хувь хүн, хувь зохиолч үзэл санааны хувьд бүрэлдэн бий болоход нөлөөлсөн гэр бүлийнхээ талаар яриач. Ээж, аав тань таныг зохиолч болно гэхэд юу гэж хүлээж авч байв?

-Би зохиолч болно гэж хэнд ч хэлээгүй, ний нуугүй хэлэхэд гучин нас хүртлээ би зохиолч болох эсэхээ өөрөө ч сайн мэдээгүй явсан болохоор, хэн юу гэх вэ дээ? Гуч хүрчихсэн хүний алхмыг бол мэдээж хэн хорих вэ дээ? Ер нь миний ээжийн санаанд бол миний хийж байгаа зүйлс дандаа л гологддог юм. Тэр нь одоо хүүхдүүд рүү минь шилжээд, миний хүүхдүүд бас л санаанд нь таарахаар хүмүүжилтэй биш, ажилсаг биш, эмх цэгцтэй биш болж байгаа (инээв). Ээж нүдний даралтаасаа болоод юм уншдаггүй. Жаахан залуухан байсан бол, миний номуудыг ойшоохгүй байж мэдэх л хүн.

-Нээрэн, Хөх хотод явахдаа “Монголын сонгомол яруу найраг”, “Монголын сонгомол өгүүллэг” антологийн тань монгол бичигт буулган, хэлбэрийн хувьд яг адилхан хэвлээд зарж байхыг харсан. Сайхан л санагдсан. Гэхдээ энэ зохиогчийн эрхтэй болов уу яагаа бол гэж тухайн үед бас бодож байлаа.

-Өө, ёстой мэдээгүй юм байна. Гэхдээ тэр антолог миний сонголт болохоос, миний өмч биш шүү дээ. Адилхан монголчууд уншиж л байг. Саяхан “Монголын сонгомол өгүүллэг” Японд хэвлэгдсэн. Урьдчилаад хэвлэлийн газар нь “Шан харамж өгч чадахгүй, зүгээр л Монголын орчин цагийн уран зохиолыг сурталчлая гэсэн юм, зөвшөөрөх үү?” гэж асуусан л даа. Би ч өөрийнхөө сайтаар “Өгүүллэгийг тань Японд орчуулахад татгалзах шалтгаантай хүн байвал хэлээрэй” гэж зарласан. Тэр үед Монголд байгаагүйг ч хэлэх үү, тэгээд хэвлэлийн газарт нь зөвшөөрч орхисон. Их л сайхан ном гарсан байна билээ. Зохиогчдод нь тараах гээд амжихгүй л яваад байгаа юм сан. Үүнийг дуулгачихъя, нээрэн.

-Таны хамгийн сүүлд бичсэн шүлэг юу бол. Хэрэв таныг зөвшөөрвөл бид эхээр нь сониндоо нийтэлчих үү?

-Өө, болно шүү дээ. “Бясалгал” номын хамгийн ард байгаа шүлэг. За, тэгэхээр ноднин хавраас хойш шүлэг бичээгүй байгаа биз?(инээв).

Зайлшгүйг мэдрэхээс илүү тайвшрал үгүй
Алхаад үлдээх мөрийг минь
Арчаад буцаах давалгаа...
Амьдрал одоо цагтаа л төгс.

Төгсгөлөөс илүү мөнхрөл гэж үгүй.

Аугаа боломж өгөгдлөө, арчигдлаа!
Ийм гайхамшгийг хэн ч өөрчлөхгүй.
Аяа,
Бурхан ч хүчрэхгүй.
2012.5.7 Бусан.

2012.5.14 Сөүл. 

-“Илбэ зэрэглээ”-нд багтдаг “Үхсэн хүний амьдрал” шиг постмодерн (зарим уншигч абсурд гэж хүлээж авсан байсан), постмодерн биш байлаа ч ер нь жүжгийн зохиол бичих санаа, зориг таньд байдаг уу?

-Би хоёр л жүжиг бичиж үзсэн. Нөгөө нь “Хуралдай эхлэхийн өмнө” гээд бас л нэг тийм чиглэлийн жүжиг байгаа. 2010 оны намар Солонгост бичсэн. Одоо “Black Box” театрын Боролдой Мийгаа л тавина гээд яваа. Бараг худлаа биз дээ. (инээв)

-Та Монголын сэтгүүл зүйн дээд “Балдорж” шагналын шүүгчдийн багт ажиллаж байгаа. Сэтгүүлчдийн бүтээлийг үзэж харахаар нэг сайхан нийтлэл, сурвалжлага биччихмээр болдог уу. Та ер нь сэтгүүлчийн ажлаа үгүйлдэг үү?

-Сэтгүүлч байсныхаа ачаар л зохиолч болж чадсан гэж Хэмингуэй, Маркес нар бичсэн байдаг. Би сэтгүүлчийн ажилд зүтгэж явснаараа бахархдаг шүү. Эргээд үгүйлэх нь ч юу юм бэ, зүгээр сурвалжлагчийн формоо бол нэг их алдаагүй. Ойр зуур тэмдэглэл мэтийг бол ер нь тун эвтэйхээн биччихнэ шүү, харин.

  -Зохиол бичиж эхлүүлсэн үед таны өдөр тутмын хэмнэл, хувь хүний дотоодод ямар өөрчлөлтүүд гардаг вэ. Зовлон шаналал, адал явдал, амт нь мэдрэгдээд зүгээр суулгадаггүй байх аа, тийм үү?  

-Тэр ертөнц рүүгээ орж байж л арай үнэмшилтэй юм бичнэ шүү дээ. “Бөөгийн домог”-ийг бичиж байх гурван жилдээ би толь зүүж, шувтан бөө ярьж явсан. “Шүгдэн”-г бичиж байхдаа байнга өвөрмонголчуудтай харьцдаг, үдэш бүр сунаж мөргөдөг, өөрийгөө Саманд болгож төсөөлдөг байсан. Өвөрмонголын том газрын зураг одоо ч хананд минь байна.

-Хэдийгээр таны эхнэр номуудыг тань редакторлодог ч, энэ тохиолдолд эхнэр, нөхрийн холбоо үйлчилэхгүй байх. Яруу найрагч Л.Өлзийтөгс таны бүтээлийг ариутган шүүсний дараа ихэвчлэн юуг хасаж, юуг зассан байдаг вэ.  

-Хүн бичиж байгаа юмандаа өөрөө автаад, логик холбоо алдагдсан ч юм уу, зарим баатрынхаа үг үйлдлийг дутуу гаргаснаа анзаардаггүй юм билээ. Өөрөө болохоор ойлгоод байдаг, уншсан хүнд ойлгогдохгүй. Тийм зүйлс дээр л редакторын хэрэг чухам гардаг юм даа. Түүнээс биш, хасах засах бол сонины редакторуудынх шиг эцсийн шийдвэр байдаггүй л дээ, утга зохиолын ялгаа нь тэр юм уу.

-Таньд эхнэрээ хайртай гэдгээс давуулж харах тохиолдол бий юү. Үүнээс дээд, жишээ нь “муза” (та битгий шоолоорой үүнээс өөр илэрхийлэх үг олсонгүй) болох ч юм уу. Зохиол бичих шалтгаан гэвэл онохгүй байх, онгод эсвэл хөглөгч гэх утгаар?

-Хайртай хүнтэйгээ цуг амьдарна гэдэг өөрөө бүх зүйл шүү дээ. Амьдрал ямар ч байлаа, юу ч тохиолдлоо гэсэн өөрөө хайрладаг, өөрийг чинь хайрладаг хүнд тэр бүхэн чинь ямагт хамаатай байна гэдэг хосгүй юм. Үүнээс давах, үүнтэй харьцуулах зүйл гэж амьдралд бараг л байдаггүй биз.

-Арваннэгдүгээр сард намрын ч биш, өвлийн ч биш сонин өдрүүд өрнөдөг. Таны төрсөн өдөр энэ сард болдог. Та энэ сард, бас төрсөн өдрөөрөө юу мэдэрдэг вэ. Дурсах юм юу ч үгүй эгэл өдрүүдээс өөрийг мэдэрдэг байх даа?

-Үгүй дээ, би төрсөн өдөр энэ тэр гээд нэг их сүйд болдоггүй. Угаасаа сүржин тэмдэглэж сураагүй юм. Оюутан байхад найзууд ганц хоёр шил архи авчирч хувааж уудаг байсан. Одоо бол бага хүүгийнхээ төрсөн өдөр гэсэн утгаар л тэмдэглэдэг. Бид хоёр нэг өдөр төрсөн юм. Миний төрсөн өдрөөрөө Өлзийгөөс авсан хамгийн том бэлэг, тэр нөхөр дөө.

-Номыг ямар орчинд уншвал хамгийн амттай вэ. Та жишээ нь таалагдсан номоо хаана, яаж уншвал таашаалтай байдаг вэ?

-Таалагдсан ном гэдэг өөрөө их аальгүй ойлголт юм аа. Найдаад тухлаад унштал дэмий юм байх нь бий. Би өнгөрсөн хавар Коэльогийн “Aleth”, “Eleven minutes” гээд хоёр романыг ар араас нь залгуулж уншаад бүр хулхидуулсан юм шиг мэдрэмжтэй хоцорсон. Сайн зохиолч учраас дундаас нь хаячихалгүй, уншаад л байдаг, сайн зохиолч учраас гоё гоё өгүүлбэрүүд таараад л байдаг. Дууссан хойно нь хайран цагаа дэмий зүйлд үрснээ мэдэхэд доромжлогдчих шиг санагддаг шүү.

Ер нь бол би дандаа хэвтэж ном уншдаг. Өндөрхөн дэр хүзүүн доогуураа ивчихээд, хөлөө хучаад хэвтэж унших уу? За, тэр гартаа барьсан ном маань ядахнаа Курт Воннегутын “Slaughterhouse No.5”-ын дайны юм байвал уу? Сайхан даа.

-Сүүлийн үед манай залуус арилжааны кинонуудаас зугатахыг хүсэж, арт хаус кинонд шимтэх болсон. Та өөрийн дуртай арт хаус кинонууд, мөн найруулагчдийг нэрлээч?

“Потёмкин”-ээс эхэлье. За, тэгээд Бэргманы бараг бүх ажилд нь дуртай. Алехандро Ходоровскийн 10-аад кино надад бий, байсхийгээд л үздэг. Миний дуртай зохиолчдын нэг Алан Роб-Грийегийн “Ноднин Мариэнбадад” романаар хийсэн хэний ч билээ гоё кино байдаг. Тэгээд польш Кислёвский, югослав Кустурица...

-“Шүгдэн” романд мөрдөгч Сэржамц Японы порно од Мариа Озавад дурлаж байгаа тухай гардаг. Өнөө цагийн бас нэг сонин дүр. Харин та зохиолдоо яагаад түүнийг оруулахаар шийдсэн бэ?

-Цэвэр тохиолдлоор. Миний романд ямар нэгэн ази порно од хэрэгтэй болсон юм. Цаагуураа Хятад дахь цахим ертөнцийн хяналт цэнзүүрийг л дам утгаараа үндэстний бодлогод тавьдаг хяналттай бэлгэдүүлж холбох гэсэн санаа л даа. Тэр нэг түвд жаал “Шанхайн шинэ од” гээд бичлэгийг нь сурталчлаад байгаа биз дээ? Өнгөндөө хатуу хяналт, цаанаа бол хяналтаас гарчихсан үзэл суртал. Бүр Түвдийг хүртэл хамарчихсан өнөө цагийн давалгаа. Иймэрхүү бэлгэдлийн утгад хүчтэй сэдэв шүү дээ, порнографи чинь өөрөө. Тэгээд порно одуудын чансаа маягийн жагсаалт харж байгаад л, аятайхан төрхтэйг нь сонгосон.

Сэтгэгдэл хэсэг