2007 оны Нобелийн утга зохиолын шагналыг гардагч Английн зохиолч Дорис Лессины 1991 онд The New Strait Times хэмээх Малайзын англи хэлээр хэвлэгддэг сонинд өгсөн багшаархан ярилцлагыг орчуулсанаа хүргэж байна.
Зохиогч Дорис Лессин роман, өгүүллэг, жүжгийн зохиол, эссе, яруу найраг гээд утга зохиолын бүх төрлөөр туурвидаг. Анхны роман нь 1950 онд "Өвс дуулж байна" нэртэйгээр хэвлэгдсэн. Шүүмж судлаачид түүний "Хүчирхийллийн үр сад" /Children of Violence/ цувралд багтсан 1952-1969 оны хооронд бичигдсэн 5 романыг утга зохиолын ихээхэн чухал өвд тооцдог. Тэрээр 20 гаруй роман, мөн тэр тооны өгүүллэгийн түүвэр, намтар, дурсамж, эссений 10 гаруй, яруу найргийн хоёр ном хэвлүүлсэн зэргээр уран бүтээлийн арвин сантай нэгэн. 1962 онд гарсан "Алтан тэмдэглэлийн дэвтэр" /The Golden Notebook/ роман нь түүний хамгийн ярвигтай хийгээд хамгийн алдартай бүтээлд тооцогддог. Лессин хатагтай 78 насны босгыг алхаж байхдаа Утга зохиолын салбарт нобелийн шагнал хүртсэнээр энэ салбар дахь хамгийн өндөр настай нобельтон болжээ.
Манайд уг зохиолчийн бүтээлээс "Дээвэр дээрх бүсгүй" хэмээх өгүүллэг нь орчуулагч Б.Баяслангийн хөрвүүлснээр буй. Эрхэм орчуулагчдын хөдөлмөр, зүтгэлээр түүний бүтээлүүдийг эх хэл дээрээ унших өдөр удахгүй ирнэ гэдэгт итгэнэм.
Сэтгүүлч: Та ямар сэдлээр бүтээл туурвидаг вэ?
Лессин: Зураач, архитекторуудтай адил зохиолч хүн төрмөл байдаг. Ямар сэдлээр зохиол бичдэг тухайд бол би сүүлийн 40 жил бичиж амь зуулгаа залгуулж байна. Би ажлын мал шиг хүн. Булшинд орсон хойноо ч гэсэн эрээчиж байж мэднэ. Миний бүтээлүүд миний булшны бичээс болох биз.
Сэтгүүлч: Сүүлд ямар зохиол дээр ажиллаж байна?
Лессин: Лондоны таталбарууд нэртэй 15 өгүүллэгээс бүрдсэн түүвэр бэлэн болгочихоод байна, 4 юмуу 5 сард Harper Collins-ийхан хэвлэнэ байх. Лондоныг уйтгартай газар гэж хүмүүс шогшорохыг сонсоод анх бичих санаа төрсөн юм. Надад бол энэ газар таалагддаг, тиймээс Лондоныг сайхнаар бичихээр шийдсэн.
Зимбабве-ийн тухай бас нэг ном бичиж дуусгасан. Би Өмнөд Родезид /одоогийн Зимбабве улс/ 5 наснаасаа эхлээд гуч гартлаа амьдарсан. Лондонд нүүж ирснээсээ хойш өссөн нутагтаа гурван удаа очсон, энэ ном бол тэндхийн байдал ямар байснаа одоо ямар болчихоод байгаа тухай харьцуулж бичсэн миний дурсамжаас бүрдэх юм. Африкийн инээд нэрээр дараа жил гэхэд гарах учиртай. Гурав, дөрөв, тавдугаар бүс хоорондын гэрлэлт (1980) номоо кино зохиол болгож бичсэн. Олигтой юм болохгүй байж мэднэ.
Сэтгүүлч: Африкийн талаар өөр зохиол бичихээр төлөвлөж байна уу?
Лессин: Одоогоор тийм төлөвлөгөө алга, гэхдээ хэн мэдлээ. Хүн амьдарч байсан нутагтаа очилгүй удвал хүйн холбоо тасарч холдож хөндийрдөг. Тэгэхээр би Африкийн талаар тэмдэглэл бичихээс биш олигтой өгүүллэг бичиж хүчрэхгүй биз. Гэхдээ амьдрал бол үргэлжийн урсгал хөдөлгөөн, юу ч мөнхөд таслагдаж тусгаарлагдана гэж байхгүй. Юмс үзэгдэл ялгаатай боловч өөр хоорондоо нягт холбоотой. Ертөнцийг хачирхалтай явдлуудын агуу том сүлжилдээн гэж болно. Өсвөр насандаа үзэн ядаж байсан хүн 40 насны чинь хамгийн сайн найз болчихсон тууж явахтай адил. Ийм давхцал-бүх зүйл хоорондоо холбоотой-гэдэг зарчим бол Дорнын философийн гол үндэс.
Сэтгүүлч: Хүүхэд наснаас чинь гадна зохиол бичихэд танд юу нөлөөлсөн бэ?
Лессин: Надад бичих таатай хөрс байсан хэрэг. Ээж маань чадварлаг хэр нь амжилт олоогүй хөгжимчин байсан юм. Ээж намайг өөрийнхөөрөө амжилтанд хүрээсэй гэж хүсдэг байсан.
Ээж ах бид хоёрт үлгэр, туульс зохион ярьж өгдөг байлаа. Эцэг эхчүүд хүүхдүүддээ үлгэр ярьж өгч байвал хамгийн сайхан. Эргээд санахад үлгэр, туульс сонсож байсан тэр мөч л дурсамжинд маань тодоос тод гэрэлтэж хоцорсон байдаг.
Бас манайх гэртээ номын сантай, би хүссэнээ уншдаг байлаа. Ээжийн санаанд намайг хааж, хорино гэсэн бодол хэзээ ч төрөхгүй. Сургуулиа төгсөөд би хэдэн жил юу хийхээ мэдэхгүй хэсэг үүлгэртсэн. Тэгээд би бичиж эхэлсэн.
Анхны романаа бичсэний дараа надад нэг л зүйл илэрхий болсон: би бичиж чадах юм байна гэж. Би бүр намайг зураач болгоогүйд бурханд талархсан шүү, зураач болсон бол зургийн хэрэгсэл авах мөнгө хэрэг болно доо.
Сэтгүүлч: Та хайр, үзэн ядалтын дунд тэлчилж байдаг гол дүр бүхий Бартай наадахуйгэсэн ганцхан жүжиг бичсэн. Яагаад өөр жүжиг бичээгүй юм бэ?
Лессин: Алтан тэмдэглэлийн дэвтэр /Golden Notebook/ романы дүрүүд угтаа Бартай наадахуй жүжгээс улбаатай. Феминистүүд миний жүжгийг найруулан тавихдаа эрэгтэйчүүдийн эсрэг тэсрэг бөмбөг болгож хувиргаад хамаг хошигнолыг нь баллаад хаячихсан байна лээ. Миний жүжиг хийрхсэн чарлаан болж өндөрлөсөн нь хичнээн ичмээр, тэгээд ч би тэр тухай илүү сонирхоогүй.
Баартай наадахуй жүжгийг 1962 онд West End-д тоглосон. Илүү жижиг театрт тавьсан бол амжилт олох байсан биз. Жүжигчид тун тааруухан байсан нь нэрмээс болсон, эрэгтэй гол дүр нь л гэхэд хүйсээр ялгаварлагч азарга шиг мунаг амьтан.
Жүжгийн зохиол бичихын нэг гачаал нь энэ. Роман бичээд уг янзаар нь хэвлүүлж болж байхад би яахаараа ахин ийм доромжлол амсаж зовох ёстой гэж?
Сэтгүүлч: Ямар учраас та зөгнөлт зохиол бичихээр шийдэв?
Лессин: Би ердөө хоёр реалист бус зохиол бичсэн нь Там дундуур туучих зөвлөмж (Briefing for a Descent into Hell /1971/), нөгөө нь Амь гарагчийн дурсамж (The Memoirs of Survivor /1975/) юм.
Нэг найз маань Христ, Ислам, Иудын шашны талаар уншаад суух хүн байхгүй гэж хэлснээс болоод эхний номыг бичих болсон. Номлогчийн дүр гаргаж ирвэл юу болох бол гэж санасан юм. Тэгээд гурван шашны нийтлэг элементүүдийг романдаа оруулах санаа төрсөн.
Уншигчид миний тэр романуудыг “шинжлэх ухааны зөгнөл” гэсэн ангилалд оруулдаг нь гайхмаар. Үнэндээ “Сансрын зөгнөл” гэвэл илүү тохиромжтой. Шинжлэх ухааны зөгнөл гэдэг амьдралд дээр хараахан биелэлээ олоогүй шинжлэх ухаанч санаа гаргаж түүнийгээ дөвийлгөдөг. Харин би бодит шинжлэх ухааны зөгнөл бичих дуртай.
Сэтгүүлч: Та бусад зохиолчийн нөлөөнд орох эсвэл та өөрөө бусдад нөлөөлдөг болов уу?
Лессин: Ямар ч зохиолч бусдын нөлөөнд ордог. Зохиолч хүн сайн зохиол уншиж байж үнэлэмж нь төлөвшдөг. Надад бүгд л нөлөөлсөн. Заримдаа бусдын зохиол бүтээл дотроос өөрийнхөө гялбааг олж харах нь бий. Тэгээд юу гэж? Би утга зохиолд бүх сэтгэлээрээ дурласан хүн. Утга зохиол бол хүссэнээр хүртэж болох таашаал, хүнийг хөөргөж, догдлоодог шидтэй зүйл. Би унших дуртай, унших тусам онцгой адал явдалтай учирдаг. Роман гэдэг урьдчилан таашгүй хаашаа ч эргэж болохоор зүйл. Шинэ зохиолч эгээ л шинэ хоттой адил хүнийг хаашаа хөтөлж юу үзүүлэхийг таахын аргагүй.
17 настайдаа би дэндүү тааруухан хоёр роман бичиж билээ. Тэгээд өнөө хоёроо урж хаяад намтарчилсан маягийн дараагийн романаа бичиж эхэлсэн...Зохиолч хүн өөрийгөө мундаг гэж хөөргөж бодоод эхэлбэл сайн унших хэрэгтэй. Чи хэр зэрэг зохиолч болохоо сайн зохиол уншиж байж л мэднэ.
Жилийн өмнө би зохиол бичих ямар ч эрч хүчгүй болсон. Юутай ч нөгөө сансар огторгуйн даажигнал лав биш. Зимбабве руу гурван удаа очсон аялалдаа тулгуурлаад ном бичиж байлаа. Нэг л болохгүй байгааг нь мэдэж байсан хэрнээ би хүчилсээр байсан. Тэгээд хамаг эрч хүчээ барсны эцэст зохиолоо хойш тавьсан...бүх зүйл үхчихсэн гэж болно. Тэр зохиолыг гурван ч удаа давтаж бичих хэрэг гарсан. Дараа нь тааруухан нэг роман бичсэн. Тэр хоёр зохиол намайг хуучин байдалд маань эргүүлэн авчрах гүүр болсон гэж болно.
Сэтгүүлч: Зохиогчийн гацалтанд орсон гэсэн үг үү?
Лессин: Үгүй ээ, зохиогчийн гацалт гэхээр зүйл биш. Би юу бичихээ сайн мэдэж байсан, ердөө бичих хүч чадал байгаагүй. Бичих, орондоо хэвтэх хоёр ямар ч ялгаагүй санагдах болж догол мөр бичээд л шууд ороо бараадах болсон.
Сэтгүүлч: Залуу зохиолчдод юу гэж зөвлөх вэ?
Лессин: Залуу зохиолчид хангалттай хөдөлмөрлөхгүй хойш суух нь элбэг. Авьяасын гялбаа туссан зохиол бичиж чаддаг ч өөрийнхөө нөөц бололцоог эцэст нь тултал шавхаж чаддаггүй. Магадгүй зохиолч болоход ердөө үзэг, цаас байхад хангалттай гэсэн утгагүй үзлээс болдог байж мэднэ.
Ер нь утга зохиолын авьяастнуудын нийтлэг шинж сайн боловсрол байдаг. Унших нь сайн зохиолч болоход асар нөлөөтэй. Сайн зохиолчид олон байдаг ч өөрийгөө нөөж, эсвэл тууштай байж чаддаггүй. Зохиол бичиж байхдаа заримдаа завсарлаж эсвэл бичсэнээ юу ч үгүй ураад хаячих бэлтгэлтэй бай. Би зохиолуудаа 4 удаа хуулж бичдэг, бичих тоолонд сайжирдаг. Зохиолч хүн уншигчын хүрээгээ өөрөө бүрдүүлдэг. Чамайг унших дуртай уншигчдыг бий болгох ёстой. Яаж гэж үү? Өөрийн үзэж туулсанаа чин үнэнээр бич, битгий тэр тухай бод. Үнэн бүтээл туурви. Сэтгүүлч: Танд бичих тогтсон цагийн хуваарь гэж байдаг юу?
Лессин: Онгод орвол бичнэ...цэцэрлэгээрээ зугаалж явахдаа бичих зүйлсээ бодно. Голдуу өглөөний 8-аас өдрийн 1 хүртэл бичээд, үргэлжлүүлэн үдээс хойш 4-6 хүртэл суудаг. Ийм байдлаар нэг жилд нэг ном бичиж дуусгана.
Миний мэдэх ганц ч эмэгтэй зохиолч тогтсон цагийн хувиараар бичдэггүй. Эрчүүдэд харин тийм хувиар байдаг биз, тэд ахуйн асуудлыг нь зохицуулах ээж, эхнэр, эгч дүүс гээд мундахгүй туслагчидтай. Бид бол нөхцөл байдалдаа зохицохоос аргагүй. Зарим нь энэ байдалд бухимддаг. Гэхдээ шударга бус гээд гөжүүдлээд суувал их л гэнэн хэрэг болно.
Би 16 наснаасаа хэрэглэж ирсэн хуучин бичгийн машинаараа одоо хүртэл бичдэг. Гар хуруу хоёрын дунд гүйх үгэн урсгал таслагдаж саатах вий гэдэгт үнэнхүү санаа зовдог. Манай найзууд word дээр бичлээ гээд дээрдсэн юмгүй.
Сэтгүүлч: Амьдралд баримталдаг таны философи?
Лессин: Байзаарай. Надад тийм зүйл байхгүй. Хөгшрөх тусмаа би аливаад улам бага итгэх болсон. Тэгэхээр үхэхдээ харин гайхширч мэдэх юм.
ОРЧУУЛСАН: Ж.ТЭГШЗАЯА
Сэтгэгдэл хэсэг