GEREN хүүхдийн зурагт номын мухлагийн үүсгэн байгуулагч Э.Мишээл

 

Тагтаа хэвлэлийн газар “Би номын сантайгаа” булангийнхаа энэ дугаарт GEREN хүүхдийн зурагт номын мухлагийн үүсгэн байгуулагч Э.Мишээлийг урьж оролцууллаа. 


1. Танайх номын сандаа хэдэн номтой вэ?

Ном хайхад хялбар байх болов уу гээд бас хожим хойно хэрэгтэй байж юуны магад гэж бодоод  номуудаа цахимаар бүртгэе гэж нэг шийдэж байсан юм. Санаан зоргоор хялбар бүтдэг юм биш байна лээ. Тусад нь цаг гаргаж, эсвэл бага багаар нүд бүрээр нь тогтмол бүртгэж л дуусах юм шиг байгаа юм. Ямартай ч барагцаалбал 800 гаруй ном байгаа. Одоо байгаа гол номын тавиур маань өргөн. Дундаж хэмжээтэй ном бараг гурван эгнээгээр өрөгдчихсөн байгаа болохоор зарим номууд тавиурын араар ороод, үе үе номын сангаа цэгцлэхдээ энийг нь ч уншина, тэрийг нь ч уншина гэж баахан мунгинадаг. Бүх номоо шилээр нь ил харуулж номын тавиураа шинэчилнэ гэж бодоод л яваад байна.

 

2.     Анх уншихад дурлуулсан ном болон амьдрал, үзэл санаанд хүчтэй нөлөөлсөн номуудаа нэрлэвэл?

 Дөрөв, тавдугаар ангид байхад бил үү дээ,  "Эрэл"-д сурдаг байсан юм. Номын санг нь одоо ч санаж байна. Цаасны үнэр ханхийсэн, цайвар саарал тавиуртай олон гоё номуудтай бараан өрөө байдаг байж билээ. Том оо бичдэг номын санч маань их л сүрхий гарын үсгээ зураад ном өгч явуулдаг байсан. Одоо бодох нь ээ ном дүүрэн байдаг тэр өрөө номын ертөнцөд хөл тавихад минь нөлөөлсөн шиг санагддаг.

Ямар ч байсан "Харри Поттер" цувралын нэг номыг нь уншаад хэсэг хугацаанд номд донтож билээ. Арав дугаар ангид цуг сурч байсан найзууд маань Аюурзана зохиолчийн орчуулсан хар цувралуудаас зургаан номыг нь бэлэглэж байсан нь гоё бэлэг байжээ. Хэсэгтээ тэгтэл идэвхтэй уншилгүй, номоос хөндийрч байгаад оюутан байхдаа “Чик” гээд хэсэг, хэсэг чимэг зурагтай ном бэлэгт ирэхэд нь уншсанаас хойш номд тэр чигтээ дурласан даа.

Үзэл бодол бүрэн бүтэн бүрэлдэж тогтоогүй, “учир мэдэхгүй” насан дээрээ Монтений “Сонгомол эсээнүүд”-ийг уншиж байснаа санаж байна. Тухайн үед бүгдийг нь ойлгосон гэж хэлэхгүй ч одоо бодох нь ээ далдуур зарим нэг үзэл санаа нь хоногшоод үлдчихсэн  шиг байгаа юм.  Бас “Хоёр дахь өдрийн өглөө” гээд ном байна. Бичиглэлийн хэлбэр нь их сонин санагддаг байсан. Зохиогч нь ахын маань найз болохоор гэрт ном нь байж таараад, би олж уншиж байлаа. Тэр номын бичвэрүүд богино өгүүлбэр, үгсийн цуглуулга, дууны нэрсээр дүүрэн. Заримдаа ямар ч утга авцалдаагүй мэт санагдана. Яг ганцхан хүнд л зориулж тэр номыг бичээд, тэр хүн нь уншингуутаа зохиогчийн юу хэлээд байгааг шууд ойлгох юм шиг. Дундуур нь гарах дуунуудыг нь олоод сонсохоор нэг их гуниг төрдөг байж билээ. Хэрэв Мишээлийн өсвөр насны өнгө төрхийг бүрэлдүүлэгч номын жагсаалтаас нэрлэ гэвэл дээрх номууд дээгүүр байр эзлэх байх.

 

3.     Та ямар төрлийн ном голчлон уншдаг вэ? Яагаад?

Бараг амь амьдралаа номтой холбочихсон болохоор нэг мэдэхэд л сонирхсон сэдэвтэйгээ холбоотой номууд цуглуулчихсан сууж байдаг болжээ. Дээр дурдсан цахим номын жагсаалтад буй номын төрөл ангиллыг харвал “зурагт ном, уран зохиол, урлаг, шинжлэх ухаан, түүх, сэтгэл судлал, философи, архитектур, дизайн, баримтат, амьдралын хэв маяг, хүүхэд хүмүүжил, хууль эрх зүй” гэсэн төрлүүд байна. Гэр бүлийн хүнтэйгээ номын сангаа нийлүүлсэн болохоор төрөл нь бас олширсон. Уран зохиол, дизайн болон философийн ном түлхүү уншдаг бололтой, тоо нь их байна. Архитектор мэргэжилтэй болохоор дизайн, урлагийн төрлийн ном ер нь их уншдаг. Уран зохиолын номыг бол цаанаасаа л уншмаар санагдаад байдаг юм. Бүр хааяа гоё зохиолоор жигтэйхэн цангадаг. Харин сүүлийн 2, 3 жил хүүхэд хүмүүжлийн ном түлхүү унших болжээ. Хүүхдийг тойрсон асуудал, сэдэв чухал санагддаг болсноос тэр байх. Бас зурагт ном бичих, зурах зорилгоор зохиол бүтээл туурвих тухай, зурагт номын ач холбогдлын тухай номууд унших нь ихэссэн.

 

4.     Та өөрийн дуртай зохиолчоо нэрлэнэ үү?

Нэг мэдэхэд л уншчихаад байдаг зохиолч бол Орхан Памук, Харүки Мүраками хоёр. Монгол хэлээр бас их олон ном нь хэвлэгдээд гарчихаж. Өөр гэвэл ганцхан ном нь орчуулагдсан Юдит Шаланский гэж германы зохиолч, номын дизайнер байна. “Лолита” зохиолоороо уран зохиол ямар чадалтайг харуулсан Набоковд, яруу найрагчдаас Пабло Неруда, Вислава Шимборскаяа нарт их дуртай юм байна. Карло Ровелли, Карл Саган гэх зэрэг эрдмийн ажлаас нь яруу найргийн өнгө аяс үнэртдэг эрхмүүдэд бас дуртай.

Бас Ален де Боттон (School of Life-ын үүсгэн байгуулагч, биднийг амьдралдаа философийн мэдлэгийг хэрхэн яаж ашиглаж болохыг бүхий л замаар тайлсаар ирсэн хүн), Гастон Башляр (Gaston Bachelard, “Poetics of Space” гээд номоор нь зохиолч, яруу найрагч, философичид нэлээдгүй мэдэх боловч архитекторууд буюу номыг унших ёстой гол хүмүүс нь төдийлөн мэддэггүй юм билээ) гэх зэрэг эрхмүүдийн бүтээлүүдээс унших бас их дуртай юм байна.

 



Хүүхдийн номын зохиолчдоос Тове Янссон, Маурис Сендак, Бруно Мүнари, Астрид Линдгрен, яруу найрагч Канеко Мисүзү, Шел Сильверстайн, одоог хүртэл уран бүтээлээ хийсээр байгаа (голдуу зурагт ном) Антони Браун, Оливер Жефферс, Жон Классен, Роберт Хантер, Патрициа Тома, Карсон Эллис гэх мэт дурдаад байвал их олон байна аа. 

 

5.     Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ. Мөн номын талаарх мэдээллээ хаанаас авдаг вэ?

Цахим сэтгүүл, вебсайтуудаас ярилцлага, нийтлэл, радио, подкастаар дамжуулж унших номоо шилж сонгох тохиолдол их. Жишээ нь marginalian.org, lithub.com, newyorker.com, theparisreview.org гэх мэт вэбсайтынхаас олж уншсан сонирхолтой нийтлэлд дурдагдсан зохиолч, зураачдын тухай цаашаа ухаж судлаад явчихдаг. Завтай байж таарвал монгол хэлээр хэвлэгдэж гарсан номуудыг англи хэл дээрх хувилбартай нь, орос хэл бага сага гадарлах болохоор орос хувилбарыг нь ч бас харьцуулж унших гээд байдаг. Орчуулгын нарийн нюанс нь илүү мэдрэгддэг болохоор гоё байдаг юм.

 6.     "Гэрэн" хүүхдийн зурагт номын мухлагийг яагаад нээх болсон бэ? Мухлагийнхаа тухай товч танилцуулаач.

"Циферблат" гэдэг орос франчайз кафед сошиал медиа дизайнераар ажилладаг байлаа. Арга хэмжээ, постер, брошурын дизайн хийхдээ юм л болбол иллюстрацийн төрөлд татагдаад тийм өнгө аястай загвар гаргачихдаг байсан юм. Хожим ном хэвлэлийн салбарт ажилласныхаа дараа мөн л бүтэн нүүр дүүрэн иллюстраци, хүүхдийн зурагт номд илүүтэй дурлаж, зурагт номоор илэрхийлж болох сэдэв, ашиглаж болох зургийн төрөл юунд ч баригддаггүй, эрх дураараа орон зай болохыг гүн гүнзгий мэдэрсэн. Ингээд нэг номын баяраар монгол хэлээр хэвлэгдэн гарсан зурагт номуудыг хувийн цуглуулгадаа нэмэх зорилготой цуглуулж явсан юм. Эх хэлээр маань олон олон чанартай зурагт номууд хэвлэгдэн гарах болжээ. Энэ олон төрлийн сайн номууд номын баяр л биш бол нэг дор дэлгээтэй байдаггүйг анзаарлаа. Мэдээж олон салбартай, том номын дэлгүүрүүдэд нэг дор байх боловч яг тулаад очихоор чанартай, сайн номууд захын тавиурын буланд нуугдчихсан байхыг цөөнгүй харж байлаа. Гэр бүлийн хүн маань философийн номуудыг нэг дор байршуулан “Философи номын дэлгүүр” нэрийн дор худалдаалдаг байсан болохоор тэр дэлгүүрийнхээ буланд нь яагаад хүүхдийн сайн номуудыг шилж, сонгоод худалдаалж болохгүй билээ гэж ярилцаад "Гэрэн" мухлагаа нээсэн. Одоо жижигхэн дэлгүүрийн маань гурван хана дүүрэн ном байгаагийн нэг нь тэр чигтээ хүүхдийн чанартай зурагт номуудаар дүүрсэн.

"Гэрэн" мухлаг маань 2022 оны хүүхдийн баяраар нээгдэж байсан. Бид хоёр мухлагаа нээх үедээ үйл ажиллагааг нь “Хүүхэд насыг дулаан мөчдөөр дүүргэ” гэсэн зорилго гэх үү, уриа гэх үү чиг баримжаатайгаар эхлүүлж байлаа. Зурагт ном энэ санааг түгээх нэг арга хэрэгсэл нь мөн болохоор ойрын хэдэн жилд чанартай номуудыг эх хэлнээ орчуулах болон шинээр зохион туурвихыг бодож явна. Зурагт номоос гадна анимэйшн, инсталляци урлаг гэх мэт арга хэрэгсэл маань яваа яваандаа улам өргөжих байх гэж боддог. Ямар ч байсан хүүхдэдээ бүрэн дүүрэн анхаарлаа хандуулж, хамт өнгөрүүлж буй тэрхэн мөч дулаахан дурсамж болон санагдаж үлдээсэй гэсэндээ ийм уриаг зорилгоо болгосон юм. Үүнээс гадна бидний эргэн тойронд буй хүүхдүүдэд орчлон хорвоог танилцуулах хамгийн энгийн хэр нь биедээ баймгүй чадалтай зүйл бол зурагт ном шүү дээ. Бас би хувьдаа хүүхдийн зурагт номыг зөвхөн хүүхдүүдэд зориулагдсан гэж боддоггүй. Олон улсад ч бас хүүхдийн номын зорилтот хэрэглэгчийг хүүхэд болон түүнд уншиж өгч буй том хүн гэж үздэг юм билээ. Тэгэхээр том хүн ч бас зурагт номоор дамжуулаад өөрийн доторх хүүхдээ тэвэрч болох шүү дээ. Бид бүгдийн дотор ямархан нэг байдлаар ганцаардсан ч юм уу, анзаарагдалгүй мартагдсан бяцхан хүмүүс байдаг шиг л санагддаг.

 

7. Хүүхдийн уран зохиол, хүүхдийн зурагт ном таны хувьд юугаараа ач холбогдолтой вэ?Зурагт номын чадлыг тоочоод баршгүй биз ээ. Ямар ч байсан хорвоод дөнгөж ирчхээд буй хүүхдэд зурагт ном тогтмол уншиж өгөх нь дэлхий ертөнц гэдэг ямар газар болохыг нь ойлгуулах нэг хаалгыг нээж өгч буй явдал болов уу.  Хүүхэд зурагт ном дээрх бичвэрийн утгыг зураг дээр үзүүлсэн зүйлтэй холбож ойлгож эхлэх үеэс бодох, анализ хийх (бид чаддаггүй гэж бодоод байдгаас хүүхэд маш сайн дүгнэлт хийдэг юм билээ), ургуулж бодох, төсөөлөх гэх мэт чадварууд хөгждөг юм билээ. Хүүхэд зургийг хэрхэн тайлж уншдаг тухай Evelyn Arispe, Kate Noble болон Morag Styles гэх зэрэг боловсролын мэргэжилтнүүдийн бичсэн “Children reading pictures” гээд номд 100 гаруй хүүхдэд сонгогдсон зурагт номуудыг уншуулж яаж тайлж байгааг нь судалсан байдаг. Бичвэр болон зураг хоёр хэрхэн өөр байгааг, зарим үед нэг нэгнээ нөхдөгийг нь, дүрүүдийн сэтгэл хөдлөлийг, зургийн өнгө тавилт дүрийн сэтгэлзүй болон тухайн үйл явдал ямар учиртайг хүүхдүүд их нарийн анзаардаггүй нь ярилцлагуудаас олж мэдэж болно. Судалгаанд өөрсдийгөө сайн илэрхийлж чаддаг хүүхдүүдийн яриаг түлхүү оруулсан байж болох ч тэдний өөрсдийгөө илэрхийлэх чадвар зурагт ном уншдагийн, ээж, аав, асран хамгаалагчтайгаа сайн харилцдаг болохын илрэл байх. Хүүхдийг нялх үед нь дан зурагтай картонон номоос эхлүүлээд, тоглоомтой, хүрч мэдэрдэг, даавуун, сонсдог, интерактив номууд, цаашлаад зураг нь илүү нарийссан, деталь ихтэй номууд, үггүй зурагт номууд, бүр цаашлаад комик ном, график зохиол, зурган оруулгатай хүүхдийн уран зохиолын номууд гэхчлэн томрох тусам зураг нь багассаар дан бичвэртэй зохиолуудыг уншдаг болох суурийг нь тавьж өгч болно. Энэ болгондоо хүүхэд өөрийнхөөрөө хорвоо ертөнцийг таньж, тэндээсээ баяр баясал, уйтгар гуниг, уур бухимдал, айдас, сандралыг олж мэдэрнэ. Надад хүүхэд аль болох л багаасаа олон төрлийн мэдрэмжтэй танил буюу түүнийгээ анзаарч мэддэг байвал зүгээр санагддаг юм. Хорвоо дэлхий тийм ч өөдрөг, сайхан биш шүү дээ. Нарийн төвөгтэй олон мэдрэмжүүд холилдон байдаг. Үүнийг хүүхдэд ойлгуулахад сайн агуулгатай зурагт ном маш чухал үүрэгтэй. Сайн агуулга гээд байгаа нь сайн сайхнаас гадна саарыг буюу юмсыг үнэнээр нь, байгаагаар нь илчилж харуулсан тийм номуудыг л хэлээд байгаа юм. Гэрэнд байршуулахыг зорьсон номууд маань ч тийм л юм даа. 

 

8.     Хамгийн сүүлд уншсан болоод яг одоо уншиж буй номоо нэрлэнэ үү?

Хамгийн сүүлд уншсан номууд гэвэл Мүракамигийн “Радио”, Ч.Бат-Уянга эгчийн “Хатгалын тэмдэглэл”, Иккюгийн “Иккю буюу Галзуу үүлний шүлгүүд” гэх зэрэг номуудыг уншсан юм байна. Нялх хүүхэдтэй болохоор дандаа авсаархан ном уншжээ. Яг одоо бол “Истанбул: Дурсамж ба хот”, “Бүтээлч үйл: Оршихуйн ухаан”, “Монтессорийг эхнээс нь” бас хүүхдийн зурагт номын тухай “Children’s picturebooks: Art of Storytelling” гээд номуудыг зав зай олдохоор нь уншаад байгаа. Хүүхдийн зохиол бичихээр сэтгэл шулуудсан болохоор энэ төрлийн номуудыг өөрийн эрхгүй л уншчихсан сууж байдаг болсон байна. 

 

Сүүлд уншсан зурагт номуудаас хамгийн сонирхолтой санагдсан нь “Over the rooftops, under the moon” гэдэг ном. Олны дунд ганцаардах, өөрийгөө хувь чанараар нь олж мэдрэх, хаа нэгтээ, аль нэг газарт хамаарах, цаашлаад амьдралын утга учрын тухай сэдэвтэй. Зураг нь бас их сэтгэл татсан. Ялангуяа гол дүрийн шувуу явсаар эцэстээ далайн усанд угаагдаж байгаа хэсэг нь үнэхээр сонирхолтой. Өөр нэг сонирхолтой ном гэвэл Патрициа Тома гэх герман зураачийн “Бөх” гээд үггүй зурагт ном. Монгол бөхийн сэдвээр тун сонирхолтой үггүй зурагт ном бүтээсэн байгаа юм. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаа, орчин үеийн хот болон онгон зэрлэг байгаль хоорондын эсрэгцэл, тэр бүгдийн харилцан зохирлыг "Бөх" номоос мэдэрсэн.

Сүүлийн үед өдөр бүр хүүдээ “Цуурай юм уу чи” номоос шүлэг уншиж өгч байгаа. Шүлэг бүрийг нь эхнээс нь нэг нэг удаа уншаад, заримыг нь хоёр гурав уншина. Тэгсээр байгаад зарим нь тогтоогдчихсон, хааяа өөртөө дотроо уншдаг болчихсон байна шүү.

 

9.     Таны номын сангийн хамгийн онцлог содон, нандин дурсгалтай ном юу вэ?

Сонирхолтой гэвэл “The Search for Life in the Universe” гээд номыг ШУТИС-ийн номын үзэсгэлэн худалдаанаас үнэгүй олж авч байлаа. Дараа нь Interstellar кинон дээр энэ ном гардгийг олж мэдээд, санаандгүй гоё ном олж авсандаа учиргүй хөөрч баярлаж байснаа санаж байна. Сансар огторгуй, гараг эрхэст дуртай хүнийг ч хэлэх үү.

Бас Оруэллийн “1984” миний сэтгэлд их нандин ном болжээ. Учир нь энэ номоос болж би гэр бүлийнхээ хүнтэй танилцаж байлаа. “Бид энд амьдардаг” зурагт ном бас сэтгэлд минь онцгой орон зай эзэлдэг. Анх удаа хүүхдийн ном орчуулж үзсэний дээр хүү маань төрөөд дөнгөж нэг сартай байхад нь хэвлэлтээс гараад олны хүртээл болсон юм. Агуулга нь ч тэр сэтгэлд үргэлж хадаастай явах ном биз ээ. 

 

10.     Таны хамгийн олон удаа уншсан ном. Яагаад?

Хамгийн олон удаа “Мангасуудын оронд” гээд зурагт номыг уншсан байх аа. Ахин дахин унших бүртээ л шинийг олж нээнэ. Тэр ном хүүхдийн ууртай үедээ яаж уураа тайлдгийг маш сайн харуулсан ном шиг санагддаг. Зургийн зохиомж нь ч бас сонирхолтой. Максын ахуй бодит амьдралд болж өрнөж буй зүйлс хар хүрээтэй жижиг жаазтай зураг дотор болж буй мэт өрнөж байгаад мангасуудын оронд очих, тэнд өрнөх зүйлс бүтэн нүүр дүүрэн байдаг. Мангасуудтай үймүүлдэг хэсэг бүр ямар ч бичвэргүй бүтэн гурван дэлгэмэл нүүр үргэлжилдэг. Ер нь Сендакийн өөрийнх нь бичсэн хамгийн алдартай номууд дандаа хүүхдийн сэтгэлдээ гав ганцаархнаа туулдаг тийм л үеүдийг харуулах гээд байдаг шиг санагддаг. “Мангасуудын оронд”, “Үл таних газарт”, “Шөнийн гал тогоонд”, “Холын холд” (Very far away) гэх мэт. Яг тиймэрхүү мөчүүдэд л хүүхдийн дотор орших зоригтой бас ‘амьдрах хүсэлтэй’, ямар ч юмны учрыг өөрийнхөөрөө даван туулдаг тэрхүү чадварыг олж харж болох юм шиг.

 

11.     Цаасан хэвлэл, электрон хэвлэлийн алинаар уншихыг эрхэмлэдэг вэ?

Цаасаар унших боломжтой л байвал цаасаар л уншихыг эрхэмлэдэг. Бүр олдохоо больсон, ховор байдаг, зөвхөн электрон хэвлэлээр л байдаг номуудыг бол яах ч аргагүй л дээ. Надад байхгүй ямар нэг номыг заавал унших хэрэг гарвал бас электрон хэвлэлийг нь олж авна. Гэхдээ номын салбарт ажиллаад багагүй хугацаа өнгөрснийх биет ном нь хэвлэгдэж гарсан л бол худалдаж авах нь хаа хаанаа үнэ цэн үүсгэдгийг мэддэг болохоор аль болох цаасан хэвлэлийг нь л олж авахыг хичээдэг.

12.     Номоос санал болгох эшлэл?

Юдит Шаланский зохиолчийн “Алдагдсан зүйлийн жагсаалт” номоос “Бичих юм уу уншсанаар хүн өвөг дээдсээ шилж сонгон авч, эртнээс уламжлан тээж яваа биологийн удамшилдаа оюун санааны өөр нэг шугамыг сөргүүлэн тавих боломж бүрддэг.” гэх эшлэлийг онцолмоор байна.

 

13.     Хэрэв та эзгүй арал руу явах бол ямар ном авч явах вэ?

Болж өгвөл эскизний дэвтэр, харандаа авч яваад уншмаар байгаа эсвэл хүүдээ уншиж өгмөөр байгаа зурагт номоо хийнэ ээ. Ном гэвэл Merriam-Webster’s Visual Dictionary буюу хүний амьдралтай холбоотой бараг л бүх зүйлсийн зурагт толь бичиг юм уу “Алдагдсан зүйлийн жагсаалт” номыг авч явж болох юм. 

 

14.     Би номын сантайгаа буланд дараагийн зочноор хэнийг санал болгох вэ?

 “Book and Movieholics” хуудасны админ, “Ритм” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч Өнөржаргал, “Монсудар” хэвлэлийн газрын Жавхлан захирал юм уу “Avdar toys”, “Нар сар од” хэвлэлийн газрын Даша эгч юм уу “Лхам” галерейн үүсгэн байгуулагч Нацагсүрэн эгчийн хэн боломжтойг нь санал болгомоор байна.

 

Баярлалаа.

Сэтгэгдэл хэсэг