“Тагтаа” хэвлэлийн газраас ном унших хэв маягийг түгээх, номын соёлыг дэлгэрүүлэх, номын хорхойтнуудыг танилцуулах, “ном”-ын тухай яриа өрнүүлэх зорилгоор “Би номын сантайгаа” буланг хөтлөн явуулдаг билээ. Энэ удаа бид “Азийн сан”-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кейниг болон түүний гэр бүлийг урин оролцуулж байна.
1. Та номын сандаа хэдэн номтой вэ?
Нэг бүрчлэн бүртгэж хөтөлдөггүй ч манай гэрийн өрөө бүхэнд нэг эсвэл нэлээд хэдэн номын тавиур бий. Манайд нийтдээ 1000 орчим ном байгаа. Ажил дээр ч бас хэдэн зуу гаруй ном байгаа болов уу даа.
2. Анх уншихад дурлуулсан ном болон амьдрал, үзэл санаанд хүчтэй нөлөөлсөн номуудаа нэрлэвэл?
Амьдралынхаа туршид би маш олон чухал номтой учирсан. Хүүхэд байхдаа Жон Толкиныг уншиж байлаа. Түүний “Бөгжний эзэн” зохиолыг уншаад төсөөллийн ертөнцөд автаж, алмайран биширч байсан. Ахлах сургуульд уншсан Габриэль Гарсиа Маркесийн “Зуун жилийн ганцаардал” бол уран зохиолд шимтэн дурлах хүслийг минь бадраасан ном. Их сургуулиа төгсөөд Ази тивээр аялж, амьдралд анх хөл тавьж байх үедээ Итало Калвиногийн “Үл үзэгдэх хотууд”, Борхесын богино өгүүллэгүүдийг уншсан минь хамгийн чухал номууд байлаа. Нас ахихын хэрээр Албер Камюгийн “Аз жаргалтай үхэл”, Кэнзабүро Оэгийн “Чимээгүй хашхираан” зэрэг зохиолуудыг уншсан нь надад чухал нөлөө үзүүлсэн.
3. Та ямар төрлийн ном голчлон уншдаг вэ. Яагаад?
Сүүлийн үед таван настай охинтойгоо хүүхдийн ном ихэвчлэн уншиж байна. Шалтгаан нь их энгийн. Охинтойгоо хамт ном унших цаг туйлын үнэ цэнтэй. Охин маань ганцаараа л уншаад байвал хойшид ном унших дадлаа энэ хэвээр хадгалахад амаргүй болно гэж би боддог. Өдөр нь хамт зурагт ном уншаад, орой нь сонирхол татсан зохиолоосоо нэг бүлгийг уншина. Одоогоор Америкийн сонгодог хүүхдийн зохиол “Хээр талын байшин” номыг уншиж байна. Би өөрөө туужууд тэр дундаа шидэт реализмын суурьтай ном зохиол унших дуртай. Ийм зохиолууд амьдралыг харах өнцгийг тэлж, гярхай болгож, үүх түүх өгүүлэхийн ач холбогдлыг ойлгуулдаг. Ийм зохиолууд эргэн тойрноо, хорвоо ертөнцийг бүр илүү сэтгэл хангалуунаар харж, мэдрэхэд минь тусалсан.
4. Та дуртай зохиолчоо нэрлээч?
Олон зохиолч нэрлэмээр болоод хариулахад хэцүү асуулт байна. Заавал нэрлэх учиртай бол богино өгүүллэгүүдээр нь Хорхе Луис Борхес болон эсээ туужуудаар нь Албер Камюг нэрлэх байна. Би Харүки Мүракамиг бусад зохиолчоос илүү их уншсан байж мэднэ. Зохиол нь орчуулагдав уу, үгүй юу худалдаад авчихдаг юм.
5. Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ? Номын талаарх мэдээллээ хаанаас авдаг вэ?
Надад унших гээд жагсаачихсан овоолготой их ном байдаггүй юм. Дор хаяж жилийн дотор тавиу уншихаар хойш тавьсан номууд бий. Тиймээс юу уншихаа сонгоход нэг их хэцүү байдаггүй. Манай гэр бүлийнхэн номын дэлгүүр, номын сангуудаар зочилж шинэ ном, шинэ зохиолчтой танилцах дуртай. Цахимаар худалдан авалт хийх ашигтай, гарын дор маш их мэдээлэл байдаг хэдий ч би өөрөө хайж байснаа ч мэдээгүй тийм л ном олж унших дуртай. Түүнчлэн тойм, тэмдэглэл уншиж, найз нөхдөөсөө асууж, заримдаа ямар шагнал авсныг нь хардаг. Нобелийн утга зохиолын шагнал, Бүүкерийн шагнал гэх мэт. Жишээ нь зохиолч Абдулразак Гурнаг 2021 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртэхээс нь өмнө огт уншиж байгаагүй атлаа 2021 оноос хойш унших дуртай болсон.
6. Таны номын сан арвин их зурагт номтой юм билээ. Охиныхоо номын санг танилцуулж, дуртай номыг нь нэрлээч?
Бид охиноо төрсөн цагаас нь, бүр эхнэрээ хөл хүнд байх үеэс л ном уншиж өгдөг байлаа. Өнгөрсөн таван жилийн туршид хамтдаа ном уншихдаа олон дурсамж бүтээжээ. Охин маань бидний уншсан Маргарет Уайз Брауны “Тавтай нойрсоорой, сар минь”, Крис Хьютоны “Өө, үгүй дээ, Жорж”, Майкл Росены “Бид баавгай агнахаар явж байна” зэрэг номуудын үгээс хэлж анх хэлд орж байлаа. Дараа нь өөрөө уншиж сураад “Fancy Nancy” цуврал, Арнольд Лобелийн "Frog and Toad" болон бусад өгүүллэгүүдэд шимтэх болсон. Үдшийн цагаар хамтдаа унших явцдаа Э.Б.Уайт ба Роалд Далын "Матилда", "Гайхамшигт ноён үнэг" зэрэг зохиолуудад тун ч дуртай болсон.
Манай гэрт цаг үргэлж, энд тэндгүй л ном байдаг. Ялангуяа бага насны хүүхдүүдэд номыг хүртээмжтэй байлгах нь чухал. Тиймээс номуудаа тавиурт биш хүрэхэд хялбар байлгахаар газар эгнүүлэн тавьдаг байсан. Одоо манай охин унтлагын өрөөндөө бидний хамт будсан дуртай номуудаа хадгалдаг тусгай номын тавиуртай. Сүүлийн үед шимтэн уншиж буй номууд нь “Шидэт модон байшин” цуврал. Зарим нь монгол хэл дээр хэвлэгдсэн болов уу гэж бодож байна. Ялангуяа Титаникийн тухай цуврал номыг дурлан уншиж байгаа. Манай “Азийн сан” саяхан Хүүхдийн ном бүтээх феллоушип хөтөлбөр хэрэгжүүллээ. Энэхүү хөтөлбөрт Монголын 16 уран бүтээлчийг хамруулж, дэлхийн өнцөг булан бүрд амжилттай ажиллаж буй зохиолч, зураачидтай хамтран ажиллахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Грэйс Лин, Марианна Дюбук, Крис Хьютон, Катрина Голдсайто гэх зэрэг зохиогч, хэвлэн нийтлэгчид манай хөтөлбөрт оролцсон. Охин маань тэдэнтэй хийсэн цахим уулзалтуудад оролцож мөн зохиолч Катринаг Монголд ирэхэд нь уулзсаныхаа дараа энэ зохиолчдын ном, бүтээлийг унших болсон.
7. Хүүхдийн зурагт номын ач холбогдол юу вэ?
Хүүхдийн зурагт номыг маш чухал гэдэгт би чинхүү итгэдэг. Сайн ном, номын хүртээмж гэдэг танин мэдэхүйн хөгжил, хэл ярианы чадамж, төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэхэд, гэр бүлд сайн сайхан, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг.
Юун түрүүнд зурагт номыг хүүхдийн танин мэдэхүй болон нийгэм-сэтгэл зүйн хөгжлийг дэмжих гайхамшигт хэрэгсэл гэж хэлж болно. Өдөр бүр ном унших нь бага насны хүүхдийн хэл сурах чадвар, тэр ч байтугай сэтгэн бодох чадварт нь туйлаас ач тустай төдийгүй бусдыг энэрч хайрлах сэтгэл, өөр олон чухал зүйлийг ойлгуулдаг. Хамгийн сайхан нь гэр бүл бага насны хүүхэдтэйгээ төрсөн цагаас нь эхлэн хамт тогтмол ном уншдаг бол үр өгөөж нь хуримтлагдсаар л байдаг. Түүнчлэн сайн зурагт ном, үлгэр түүхүүд уран төсөөллийг баяжуулж, хүүхдийг адал явдалд замчлан, аз жаргал мэдрүүлдэг. Ер нь гэр бүлээрээ ном уншсанаар цагийг үр бүтээлтэй, утга учиртай өнгөрүүлж, гэр бүлийн хүн нэг бүрд сайнаар нөлөөлж, стресс бухимдлыг бууруулж байдаг. Мо Виллемс, Крис Хьютон зэрэг зохиолчдын хошин түүхүүдийг уншаад хүүхэдтэйгээ сайхан инээлдэхэд л ямар ч хэцүү өдөр байсан гэрэл гэгээ татаад ирдэг.
8. Хамгийн сүүлд уншсан болоод одоо яг одоо уншиж буй номоо нэрлэнэ үү?
Сүүлийн үед ахлах сургууль, коллежид байхдаа уншдаг байсан номуудаа дахин уншсан юм байна. Номуудаа дахин уншиж дуусаад Габриэль Гарсиа Маркесийн “Тахлын үеийн дурлал”, Жозеф Конрадын “Under Western eyes” номуудыг эхлүүлж байна.
9. Таны номын сангийн хамгийн онцлог содон, нандин дурсгалтай ном юу вэ?
Манай номын сангийн хамгийн нандин номууд хувийн дурсамжтай холбоотой номууд болов уу. Эхнэр бид хоёр таван жилийн өмнө охиноо төрөхөд зурвас бичиж бэлэглэсэн “Петер туулай” номыг нэрлэе. Саяхан манай ээж олон жилийн өмнө нэг насны минь төрсөн өдрөөр бэлэглэж байсан зурагт номуудаа илгээсэн байна лээ.
10. Таны хамгийн олон удаа уншсан ном. Яагаад?
Итало Калвиногийн “Үл үзэгдэх хотууд”. Нууцлаг, гүн ухааны энэ зохиолыг унших явцад орон зай, цаг хугацаагаар аялахдаа та энэ зохиолыг хэрхэн ойлгож байсан нь ч өөрчлөгдөн, хувьсана. Энэ номыг олон удаа уншсан ч өөр, өөр зүйл мэдрэх болно.
11. Цаасан хэвлэл, электрон хэвлэлийн алинаар нь уншихыг эрхэмлэдэг вэ?
Би цаасан хэвлэлийг л илүүд үзсээр байна. Цаас имрэх, шинэ номын үнэр надад юугаар ч орлуулшгүй санагддаг.
12. Номоос санал болгох эшлэл?
Хоёр ч эшлэл санаанд бууж байна. Албер Камюгийн “Үймээнч” зохиолоос “Үймээнчийнхээр хүмүүний бурангуй байдлыг өөгшүүлэхгүйн тулд шударга ёсны төлөө зогсох, хорвоо ертөнцийн худал хуурмагийг улам дэвэргэхгүйн тулд ил тодоор шаардах, зовлон зүдүүрийг үл харгалзан зол жаргалын төлөө мөрийцөх нь зөв байлаа” гэсэн хэсэг. Удаах эшлэл нь Дон Делиллогийн “Американа” зохиолынх. “Бодит байдлыг булшлах нь хүсэл мөрөөдлөө хөсөр хаяхаас хавьгүй амар.”
13. Хэрэв та эзгүй арал руу явах болбол ямар ном авч явах вэ?
Борхесийн “Богино өгүүллэгийн түүвэр”-ийг авч явна.
14. “Би номын сантайгаа” буланд дараагийн зочноор хэнийг санал болгох вэ?
“Азийн сан”-гаас зохион байгуулсан “Хүүхдийн ном бүтээх” хөтөлбөрийн оролцогчдоос санал болгомоор байна. Авьяастай, мэдрэмжтэй тэдгээр уран бүтээлчид сонирхолтой номууд хуваалцана гэж итгэж байна.
Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа.
Сэтгэгдэл хэсэг