УНШИГЧ ХУУДАСНЫ АДМИН Э.БӨРТГӨЛЖИН

“Тагтаа Паблишинг”-аас ном унших хэв маягийг түгээх, номын соёлыг дэлгэрүүлэх, номын хорхойтнуудыг танилцуулах, “ном”-ын тухай яриа өрнүүлэх зорилгоор “Би номын сантайгаа” буланг хөтлөн явуулдаг билээ. Энэ удаа бид  таныг Уншигч хуудасны админ, сэтгүүлч Э.Бөртгөлжингийн номын сангаар зочлуулж байна.


1. Номд дуртай хүмүүсийн хувьд номын сан гэрийнх нь хамгийн чухал хэсэг байдаг шүү дээ. Та өөрийнхөө номын санг танилцуулаач?

Ахлах ангид байхдаа би Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан, “Асуулт форум” гээд дийлэнхдээ ном худалдаж авах бус түрээсэлж аль эсхүл цахим байдлаар уншчихдаг байсан учраас хэзээ хойно их сургуулийн оюутан болоод л тэтгэлгийн мөнгөө цуглуулан хүссэн номоо авч эхэлсэн түүхтэй. Тийм ч болохоор манайд бусдад сонирхуулчихаар сонин содон, хуучны ховор гэхээр ном бараг байхгүй. Дийлэнх айлд байдагтай адил түгээмэл номууд л бий.

Номын сангийн тухайд гэвэл манай гэр бүл дийлэнх цагаа зочны өрөөндөө өнгөрүүлдэг болохоор номын сангаа зурагтаа тойруулсан дизайнтайгаар шийдсэн. Угтаа номуудаа аль болох уран зохиол, түүхэн, шинжлэх ухаан, намтар гэх мэтчилэн ангилж, цэгцтэй байлгахыг хичээдэг хэдий ч нэг мэдэхэд л холилдож орхиод замбараагүй болчихсон байдаг юм. Охидын номыг тусад нь тавиур гаргаж, өрөөнд нь оруулсан ч цэгцрэх янз алга. Манай хүн бид хоёрын яг одоо уншиж байгаа ном бол номын санд биш гал тогооны тавцан, угаалгын өрөөний тавиур, цонхны тавцан, ажлын ширээ гээд л гэрийн хаа саагүй хөглөрч байдаг гэмтэй. Ном ангилан ялгаж, нямбай хадгалах талдаа нөхөр бид хоёр хоёулаа хэр тааруухан хүмүүс.

2. Анх уншихад дурлуулсан ном болон амьдрал, үзэл санаанд хүчтэй нөлөөлсөн номуудаа нэрлэвэл?

Намайг арван жилийн сурагч байхад “Асуулт форум” ид моодонд орж байлаа. Асуултаас анхлан “Гал мөсний дуун”, “Өлсгөлөн тоглоом” гээд трилоги бүтээлүүдийг бүлэг бүлгээр нь уншсаар нэг мэдэхэд унших нь миний амьдралын салшгүй нэг дадал болсон байсан.  Хүчтэй нөлөө үзүүлсэн гэвэл Банана Ёшимотогийн “Kitchen” (Монгол хэлнээ "Гал тогооны өрөө" нэрээр С.Оюунбилигийн орчуулснаар хэвлэгдсэн) бэсрэг туужийг нэрлэмээр байна. Энэ ном амьдралын минь онцгой мөчлөгт надад жинхэнэ утгаараа нөмөр нөөлөг болж чадсан зохиол юм. Амьдралд бууж өгмөөр, цөхрөнгөө барсан мэт үед элдэв сургааль номлол, хий хоосон урам зоригийн тухай сурталдах найз бус зүгээр л мөрөө өгөөд ханатлаа уйлах боломж олгодог өгөөмөр нэгэн хэрэгтэй байдаг шүү дээ. Энэ ном миний хувьд яг тийм тулхтай анд нөхөр байж чадсан.  Банана Ёшимото, Саяака Мурата, Миеко Каваками гээд Японы нэн шинэ үеийн эмэгтэй зохиолчдын ачаар гүн цүнхээлд хөл алдчихсан юм шиг тэр хар бараан цаг мөчүүдийн ард гарж чадсан мэт санагддаг.

 

3.  Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ. Яагаад?

Уран зохиол, намтар, шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл, түүх, аялагчдын тэмдэглэл, философи, хувь хүний хөгжил гээд бүх л төрлийн ном уншдаг. Хорвоогоор дүүрэн уншиж барагдахааргүй сайн ном өдий төдий байхад "Би зөвхөн уран зохиол, яруу найраг уншдаг юм аа, хувь хүний хөгжлийн номыг бол ёстой хялайж ч хардаггүй” гээд гэдийгээд байвал хэчнээн гунигтай хэрэгтэй вэ.

4. Дуртай зохиолчоо нэрлэнэ үү?

Энэ жилийн урт хөл хориог надтай цуг өнгөрүүлсэн Жумпа Лахири хамгийн түрүүнд санаанд бууж байна. Хэдэн сарын өмнө Нетфликсээс “Pieces of a Woman” киног үзээд тун санамсаргүй байдлаар ардаас нь Лахиригийн “Эмгэг зовуурийн хэлмэрч” гэх түүвэрт багтсан “Түр зуурын асуудал” өгүүллэгийг уншсан юм. Кино, өгүүллэг хоёулаа хорвоод хэдхэн хором амьдраад буцсан үрсээ алдсан эхчүүдийн тухай. Хэвлийдээ хөдөлгөөн бүрийг нь мэдэрч байсан үр нь хэзээ ч байгаагүй мэт оргүй хоосон болоод замхарчихсан  үнэнтэй нүүр тулж чадахгүй байгаа эх хүний цөхрөл, түүнээс үүдээд гэр бүлийн амьдралд үүсэж буй ан цавыг зохиолч элдэв чимэг зүүсгэлгүйгээр илчлээд тавьчихсан мэт мэдрэмж төрсөн. Энэтхэг гаралтай Английн зохиолч энэ эмэгтэй цагаачлалын үнэн дүр төрх, нэг соёлоос нөгөө соёл руу шилжих явцад хувь хүний дотор үүсэж байгаа зөрчилдөөн, нэгэн том бүхэл зүйлд уусан нэгдэх явцад устан алга болох үндэстний онцлог гээд олон чухал сэдвийн тухай уншигчаас уран зохиолын өндөр мэдлэг нэхэж ядраалгүйгээр тунчиг энгүүн байдлаар хүүрнэж чаддаг нэгэн юм шиг ээ. Мөн түүний “Unaccustomed earth” гээд өөр нэгэн өгүүллэгийн түүврийг нь сонирхоод үзээрэй гэж уншигчдад санал болгоё. Мүнро авхайн өгүүллэгүүд бас зүрх базлуулам айхтар хүчтэй шүү.

 

5. Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ. Мөн номын талаарх мэдээллээ хаанаас авдаг вэ?

Хамгийн хүртээмжтэй бөгөөд хялбар байдлаар мэдээлэл олж авах хэрэгсэл сошиал медиа байх. Инстаграм болон фейсбүүк дээрээ дуртай номын блоггер, гадаад, дотоодын томоохон хэвлэлийн газруудын хаягийг дагачихсан байхад шинэ номын мэдээллээс барагтай бол хоцрохгүй. Дээр нь нэмээд дуртай зохиолчдынхоо санал болгосон, хайртай номынх нь жагсаалтаас түүвэрлэж унших бас их сонирхолтой арга байна лээ.

6. Хамгийн сүүлд уншсан болоод яг одоо уншиж буй номоо танилцуулаач?

Жумпа Лахиритай адил цагаач зохиолчдын төлөөлөл болох Мин Жин Лигийн “Пачинко” номыг уншиж дуусгасан. Мөн саяхнаас “Financial Times” сонины ерөнхий эрхлэгч байсан, алдарт сэтгүүлч Лионел Барберийн “Lunch with the FT-52 classic interviews” гэх сэтгүүлзүйн бүтээлийг энд тэндээс нь ноолж байна. Сэтгүүлч болохоор зорьж яваа болохоор аль болох мэргэжлийн сэтгүүлчдийн бүтээлүүдийг уншиж, тэдний бичлэгийн арга хэлбэрээс суралцахыг хичээж байгаа.

 

7. Таны номын сангийн хамгийн онцлог содон, нандин дурсгалтай ном юу вэ?

Дөрөвдүгээр ангид байхдаа тухайн үед Багшийн дээдийн хажууд байсан номын худалдаанаас цагаан сарын бэлгийн мөнгөөрөө Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” номыг худалдаж авч байсан юм. Амьдралдаа анх удаа өөртөө зориулж ном авч байгаа нь тэр л дээ. Нөгөө номоо тэр өдөртөө тасралтгүй уншсаар үүр цайлгаж, шөнөжингөө уйлсаар байгаад дов болсон нүдтэй амьтан арайхийж хичээлдээ явж билээ. Бага насны минь хөөрхөн дурсамжтай холбоотой болохоор “Инээмтгий хүн”-ий энэ хуучны хэвлэл наддаа л их нандин ном. Мөн “Гоодаль”, “National Geographic”-ийн цуглуулгаа хааяа хааяахан дэлгэж харах сайхан.

8. Хамгийн сүүлд ямар ном худалдан авсан бэ?

Одоо уншиж байгаа “Lunch with the FT-52 classic interviews”-ийг худалдаж авсан.

9. Таны хамгийн олон удаа уншсан ном. Яагаад?

“Хархулангийн бөгж” гэдэг зохиолыг бараг арав гаруй удаа уншсан. Том болоод энэ зохиолоор кино хийх юмсан, Хантай шиг эрэмгий залуутай учраад Японд сурах юмсан гээд л  өчнөөн зүйлс мөрөөдөг байлаа хэхэ. Энэ сонирхолтой номыг бичсэн зохиолч ах дахиж яагаад үргэлжилсэн үгийн зохиол бичээгүй юм бол оо гэж одоог хүртэл гайхдаг шүү.

10. Цаасан хэвлэл, электрон хэвлэлийн алинаар уншихыг эрхэмлэдэг вэ?

Цаасан дээр тодруулагч гүйлгэх үед сонсогддог тэр урамтай чийхрах чимээг электрон төхөөрөмжөөс хэзээ ч сонсох боломжгүй.

11. Номоос санал болгох эшлэл?

"Өргөст дэлхийг ширлэе гэвэл

Өдий чинээ шир олдохгүй

Өмсөх гутлын ширэн ул чинь

Өвч дэлхийг бүрснээс ялгаагүй." 

Шантидэва гэгээнтний энэ үгийг “Гэгээрлийн хөтөч” номоос  онцолъё.

12. Ном уншсанаар танд ямар дадал бий болсон бэ?

Нойлд өнгөрүүлэх хугацаа л их нэмэгдсэн, хэхэ. Өөр бусдаар гэвэл “амаа хамхиж, чихээ дэлдийлгэж” сурсан юм болов уу. Ном унших нь мэдээжийн хэрэг оюун санааны хамгийн наад захын хэрэгцээ. Гэтэл энэ жижигхэн хотод маань оюун санааныхаа хэрэгцээг хангах байтугай амьтай голтой үлдэхийн төлөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөж яваа хүмүүс өч төчнөөн бий. Шахмал түлш авахын төлөө хэдэн цагаар ч хамаагүй хөхөө өвлийн хүйтэнд дугаарлаж зогсдог ийм харгис нийгэмд “ном”-д зарцуулах цагтай байна аа гэдэг нь нэг төрлийн тансаглал гэж би хувьдаа боддог. Өдрийн хоолондоо санаа зовохооргүй амьдралтайсан бол хэн ч гэсэн сайхан ном уншиж гэртээ тухлан суухыг, амралтын өдрөөрөө кино театр орж нүдээ баясгахыг хүсэлгүй яах билээ. Амьдарч буй нийгэм маань л нунж дорой байгаа болохоор ном унших энгийн дадал хүртэл өөрийгөө өрөөлөөс илүү гэж дөвийлгөх нэг төрлийн чамин хэрэгсэл болоод хувирчихсан мэт. Хэрхэн амьдарвал зохистой талаар бусдад сургааль айлдаж, дооршоохоос давын өмнө тэдний оронд өөрийгөө тавьж үзэн, амаа хамхиж сурахад л уран зохиол надад тусалсан байх даа.

 

13. Ном унших соёлыг дагаад өөртөө бий болгосон ямар нэг шинэлэг зүйл, сонирхол бий юу?

Том охиноо төрүүлээд гэртээ сууж байх үедээ “Уншигч” хуудсыг идэвхтэй ажиллуулж байсан. Энэ хуудсын ачаар номтой холбоотой олон сайхан хүмүүстэй танилцаж, мөрөөдлийнхөө ажлыг хүртэл хийж үзсэн. Хэдийгээр анх нээж байсан үе шигээ тогтмол номын тэмдэглэл бичихээ больсон ч энэ бяцхан хуудсандаа маш их хайртай.

14. Эзгүй арал руу явах бол ямар ном авч явах вэ?

"Хуучин гэрээ".

15. Би номын сантайгаа буланд дараагийн зочноор хэнийг санал болгох вэ?

"Unread Media" компанийг үүсгэн байгуулсан А. Ундрал захирал орчин үеийн уран зохиол, sci-fi чиглэлийн олон сонирхолтой ном санал болгоно байх аа. 

Сэтгэгдэл хэсэг