Жагдалын Лхагва: Сүм хөх бүрд

 

"Тагтаа" хэвлэлийн газар, Creative radio 100.9 долгионоос хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт тус хэвлэлийн газрын орчуулагч, редактор Батсайханы Сувддулам оролцож, наяад оны хүүрнэлчдийн нэгэн гол төлөөлөгч болох зохиолч Жагдалын Лхагвын "Сүм хөх бүрд" өгүүллэгийг уншлаа.

 

“...Чамайг ханьтай боллоо гэж дуулангуут эхлээд бүх насаараа зовлонт хун байж хэрцгий илбэчний бахыг хангах юм байх гэсэн бодол төрөв. Гэвч сүүлд нь “Би чинь Одетта биш Оюумаа шүү дээ” гэж бодоод жаал тайтгарсан. Нутаг холын бидэн хоёр нийлэн суух хувьгүй байжээ. За яахав, чамтай үерхэн үдсэн хэдэн жилээ би хэзээ ч мартахгүй дурсаж, гоцлол бүжих анхны алхам, түүн дотроос “Хунт нуур” олсон амжилтаа би чамтай хуваалцах ёстой.
Чамайг үзэгчдийн танхимд сууж байгаа гэж бодохоос тайзан дээр гарч ирэх бүрийн тэр их бүрэнхүй хаанчлал, догшин шүүгчдийн дунд миний нэгэн дотно хүн бий гэж өөрийн зовлон гуниг, хүсэн хүлээсэн бүхнээ Одетта Зигфридэд хэлж байх хооронд би Оюумаагийн хувьд чамд л хэлж, хайр дурлалын шидэт боолчлолоос аврахыг бүх цогцсоороо чамаас л гуйдаг байсан шүү дээ. Чи өөрөө зөндөө ярьж, надаас элдэв асуулт асуудаг байсан атлаа миний тийнхүү тайзан дээрээс хариулсан, гуйсан бүхнийг юунд үл ойшоож явсан юм бэ? Би заримдаа тийм нууц юмаа энэ олон үзэгчийн нүүрэн дээр хэлж байгаадаа их л ичингүйрэх боловч ганц чамайг л өөртөө хэлж буйг ойлгох байх гэж найдсан. Гэтэл чи бусдын адил Оюумаагаа Одеттагаас ялган ойлгож чадаагүй гэж үү дээ..."


Сэтгэгдэл хэсэг