ШУ-НЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, МУ-ЫН АРДЫН БАГШ, ДОКТОР, ПРОФЕССОР С.ДУЛАМ

“Тагтаа Паблишинг”-аас ном унших хэв маягийг түгээх, номын соёлыг дэлгэрүүлэх, номын хорхойтнуудыг танилцуулах, “ном”-ын тухай яриа өрнүүлэх зорилгоор “Би номын сантайгаа” буланг хөтлөн явуулдаг билээ. Энэ удаад манай зочин хойморт Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын Багш, Доктор,  нэрт эрдэмтэн Сэндэнжавын Дулам багштан морилов. 


 

1.     Та номын сандаа хэдэн номтой вэ?

Ингэхэд би номоо тоолж байсангүй. Монгол баатарлаг туульд “арын хонхроо дүүргэж адуугаа бүртгэдэг” гэгчээр дөрвөн өрөө байрын маань гурав нь, зуслангийн байшингийн нэг өрөө нь номоор дүүрэн байна. Манай нэг бэр уран барилгын (Архитектор) мэргэжилтэн хүн. Нэг удаа  “Аав аа, Таны хэдэн ном нэг өдөр доод айл руугаа бууж магадгүй байна шүү, байшин барилгын даац гэж нэг юм байдаг юм” гэж билээ.

 

2.     Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ?

Монгол судлал, хүн судлал, аман зохиол, уран зохиолын номууд голдуу юм даа.

3.     Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ?

Миний хувьд хийж буй судалгаандаа зайлшгүй шаардагдах номыг л сонгож уншина. 

4.     Шинэ номын талаарх мэдээлэл хаанаас авдаг вэ?

Гадаад, дотоодын харилцаатай номын сангуудын болон хэвлэлийн газруудын цахим мэдээллүүд, эрдмийн анд нөхдөөсөө авдаг.

5.     Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Яг одоо  Францын Франсуа Раблегийн нэрэмжит Турын их сургуулийн, Хүндэт легионы одонт эрдэмтэн Изабэл Бианкийн бичсэн “Монгол соёлын давлагаан” номын орчуулгыг уншиж дуусаад байна. Энэ ном хэвлэгдсэн жилээ “Азийн Утга зохиолын шагнал” хүртсэн юм билээ. Уг номыг шавь Б.Алтангүл саяхан монгол хэлээр орчуулж дуусаад хэвлэлд өгөөд байна. Францын Ерөнхийлөгч асан Жорж Помпиду-гийн эмхэтгэсэн “Францын яруу найргийн цоморлог” (Antologie de la poésie françiase) номыг дахин эргүүлж тойруулах хэрэг гарсаан.

 

6.     Таны номын сангийн хамгийн онцлог, содон ном юу вэ?

Миний номын сангийн онцлог нь ховор хуучин номтойгоороо ялгарна гэж бодож байна. 300-аад жилийн өмнө Бээжинд барласан манай Хонгор нутгийн Чин сүжигт Номун хан Лувсанноровшийрэвийн дөрвөн боть төвөд сүмбүм, одоогоор хаана ч хэвлэгдээгүй Гэсэрийн туужийн ховор гар бичмэл хувилбар, Чингис хааны “Алтан бичиг” гэж цоллодог “Их хар сүлдийн өчиг”, Чингис хааны тахилгын үед дууддаг тайж мээрин Энхсүмбэрийн гар бичмэл “Богд Чингис хааны тайлгын их өчиг оршив” зэрэг өөр хаана ч байхгүй номууд бий. Орчин үеийн хэвлэлээс гэвэл Францын зохиолч Леон Каёны “Хөх Монголын хөх туг” бүтээлийн анхны монгол бичгийн хэвлэл, Германы алдарч монголч эрдэмтэн Валтер Хайссигийн  гарын үсгээ зурж илгээсэн “Монголын утга зохиолын түүх” (герман хэлээр) номын 2 боть зэрэг олон ном буй. 

7.     Номын сандаа буй хамгийн дурсгалтай, нандин номыг танилцуулаач?

Дээр дурдсан Чингис хааны “Алтан бичиг” гэж цоллодог “Их хар сүлдийн өчиг”, Чингис хааны тахилгын үед дууддаг тайж мээрин Энхсүмбэрийн гар бичмэл “Богд Чингис хааны тайлгын их өчиг оршив” зэрэг гар бичмэлийг 1992 онд Ордосын Эзэн хорооны сүлдийн дархад, галын тахилч Норовын Шаралдай гуай өөрөө надад санаачлан бэлэглэсэн юм. Энэ гар бичмэл судрын эхний 108 шад шүлгийг манай Дорнод аймгийн Булган сумын нутагт байсан Чингис хааны тугийн сүмийн тахилгад уншдаг байсан нь судалгаагаар тогтоогдсон. 1930-аад онд гараар бичсэн хуулбар нь Үндэсний номын санд байгаа. Тэхлээр надад буй шар цаасан дээр бичсэн “Алтан бичиг” бол цор ганц жинхэнэ эх нь гэсэн үг. 2013 онд Валтер Хайссигийн  Райнбөллэн дэх гэрт нь зочлоход түүний гэргий их эрдэмтний номын сангаас надад гал тасалж өгсөн хэдэн ном буй. Энэ нь аавынхаа гэрээс гал таслана гэдэгтэй төстэй бэлгэдэлтэй дурсгал юм даа. 

8.     Хамгийн сүүлд ямар ном худалдан авсан бэ?

Нэг сонин зүйл нь баячуул “мөнгө мөнгөө татдаг” гээд байдаг шиг номын хүн бид “ном номоо татдаг” гэж хэлмээр санагдаж байна.. Худалдан авах гэж байсан номууд өөрсдөө ороод ирэх нь элбэг. Гадаад дотоодын эрдмийн андууд бичсэн номоо заавал илгээх юм уу, бэлэглэдэг. Шавь нар ч хэлэлгээнгүй бэлэглэнэ. Нэн ялангуяа МУИС-ийн Монгол судлалын төвийн хэвлүүлж буй эрдэмтдийн ботиуд шууд бэлгэнд ирдэг. Хамгийн сүүлд худалдаж авсан номын тухайд гэвэл, сая МУИС-ийн хэвлэлээс гарсан “Монгол соёл иргэншил судлал” гээд миний шавь нартайгаа хамтарч бичсэн ном болно. Учир нь МУИС хэвлэл энэ номоос зохиогчдод нь зөвхөн ганц ганцхан хувийг л өгсөн болохоор хүн амьтанд бэлэглэхийн тулд   өөрсдөө худалдан авахаас аргагүй болсон юм. 

 

 9.     Ном танд юу өгдөг вэ?

Бүх юмыг өгдөг. 

10.     Таны хамгийн олон дахин уншсан ном? Яагаад?

“Монголын нууц товчоо” л байх.  Олон эх бичгүүд буй болохоор тэр болгоныг харьцуулан унших хэрэг гардаг.  

11.     Цаасан хэвлэл болон электрон байдлаар алинаар нь уншихыг эрхэмлэдэг вэ?

Аль байгааг нь цаасан ч бай, цахим ч бай уншина. Гадаадын номын сангуудад гэрээсээ суух цагт цахимаар уншина гэсэн үг.  

12.     Салбарынхаа залуу хойч үеийнхэнд ямар зөвлөгөө хэлмээр байна?

Салбарын гэлтгүй, бүх залууст монгол  ертөнцийн гурвын нэгэнд “Номгүй бандийн цээж нэг харанхуй” гэж байдгийг сануулъя даа. Цээж харанхуй байгаа бол үлдсэн бүх юм нь харанхуй л гэсэн үг. 

13.     Эзгүй арал руу явах бол номын сангаасаа ямар ном авч явах вэ?

Надад “Эзгүй арал руу явах” нас алга даа.

14.     Энэ буланд оруулах дараагийн зочноор хэнийг нэрлэх вэ?

Алдарт орчуулагч Ц.Гомбосүрэн абугайг дуудъя!

Сэтгэгдэл хэсэг