МЗЭ-ИЙН ДЭД ТЭРГҮҮН, ЗУРААЧ Ц.СОЁЛМАА

 

Цэгмидийн Соёлмаа 2007-2011 онд БНХАУ-н Урлагийн Төв Академид Хятад үндэсний Цэцэг шувууны зургийн ангид Яао Шунь Ши багшийн удирдуулж, Бакалаврын зэргийг "СЭТГЭГДЭЛ-1" зургаар,

"Сэтгэгдэл-1"
189 х199см
Торго, шороон будаг
2011 он

"Монгол, Хятад зургийн морьдийн дүрслэл" судалгааны ажлаар,

2011-2014 онд тус сургуульдаа Мастераар үргэлжлүүлэн суралцаж, "Сэтгэгдэл-2" бүтээлээр,

"Сэтгэгдэл-2",
252х 91см х 3,
Будааны боловсруулсан цаас, шороон будаг,
2014 он,
"Сүн гүрний үеийн жижиг хэмжээт зургийн судалгаа"-гаар тус тус хамгаалж, амжилттай төгссөн. Мастерийн төгсөлтийн ажил болох бүтээл минь Хятад зургийн тэнхимийн шилдэг ажлуудад багтсан ч, хайрт аав, багш хоёрынхоо зөвлөгөөгөөр бүтээлээ өөртөө үлдээх шийдвэр гаргасан гэдэг.  Монголын Зураачдын Эвлэлийн дэд тэргүүн, зураач Ц.Соёлмааг бид "БИ НОМЫН САНТАЙГАА"  буландаа зочлуулж байна. 


1.     Та номын сандаа хэдэн номтой вэ?

Яг хэдэн номтойгоо тоолж үзээгүй юм байна. Оюутан байхаас эхлээд, мөнгөтэй болох бүртээ шинээр хэвлэгдэн гарсан, сайн орчуулгатай гэж бодсон уран зохиолын ном, судалгаа болон дүрслэх урлагийн төрлийн номнуудыг чадах хэмжээгээрээ цуглуулж ирсэн. Ямар нэгэн баяр тэмдэглэлт өдрүүдээр өөрөө өөрийгөө баярлуулж байна гээд ном авдаг, найз нөхөд болон ойр тойрны хүмүүсээс ч бэлгэнд олон сайхан ном авч байсан. Багаасаа томоос том номын сантай болоод, тэндээ тухлан сууж номнуудаа тайван сайхан уншиж суухыг мөрөөддөг байлаа.

 

2.     Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ?

Өсвөр наснаас эхлээд 25 нас хүртлээ ихэвчлэн уран зохиолын ном унших дуртай байсан, харин түүнээс хойш хүний намтар, баримтат ном болон судалгааны чиглэлийн номнуудад илүү дуртай болсон. Яг одоогийн байдлаар хувь хүний хөгжлийн номнууд уншиж байна. Мэдээж чөлөөт цагтаа богино хэмжээний уран зохиолын номнууд унших дуртай хэвээрээ, урт роман унших зав зай бага байдаг болсон. Оюутан байхдаа заримдаа бүр хичээлээ таслан байж хоёр гурав хоног орноосоо босолгүй роман уншиж хэвтдэг байсан, тэр үедээ их хайртай, хааяа үгүйлдэг л юм.

 

3.     Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ?

Тухайн цаг үе, нөхцөл байдлаасаа хамаарч сонголтуудыг хийдэг. Хэрэв амралтаар удаан хугацаанд зав чөлөөтэй байх бол аль болох намтар юм уу уран зохиолын ном барьж авах дуртай. Хэрэв бүтээл эхлэх гээд санаа хайх, эсвэл олсон санаагаа барьж авах үе байвал тухайн бүтээлд ашиглагдах сэдвүүдийг үзэж судалдаг. Нэгэнт санаагаа олсон, яг бүтээл хийж эхлэсэн үед уран зохиолын ном гэхээс илүүтэй, хувь хүний хөгжлийн тухай ном юм уу эсвэл хувь уран бүтээлчийн бүтээлээс ангид шинжлэх ухаан талруугаа подкастууд сонсдог. Ер нь бүтээл хийх явцдаа аль болох хүний сэтгэлгээнээс гарсан уран бүтээлүүдийг (кино, дуу хөгжим, уран зохиол) үзэж сонсож, уншилгүйгээр өөрөө өөрийнхөө ажилд төвлөрхийг хичээдэг.

 

4.     Шинэ номын талаарх мэдээлэл хаанаас авдаг вэ?

Өнөө үед элдэв шинэ мэдээллүүдийг маш амархан, олон төрлийн сувгаар хүлээн авах боломжтой болсон. Олон нийтийн сүлжээгээр дагадаг цөөн цахим хуудсууд болон найз нөхдийн санал, сэтгэгдэл болоод номын дэлгүүрүүдээс мэдээлэл авдаг. Яг ном худалдаж авахгүй ч гэсэн номын дэлгүүр орж, шинэ сонирхолтой ном гарсан эсэхийг сонирхох дуртай.

 

5.     Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Саяхан найзынхаа бэлэг болгон авч өгсөн Д.Бүжинлхам автортой “Цойлогсод”, Монсудраас орчуулагдан, хэвлэгдэж гарсан  Доктор Кэрол С.Дүэкийн “Хандалга”-ыг ээлжлэн уншиж байгаа. Өглөө болгон “Хутагт сайн явдлын ерөөлийн хаан” судрыг уншиж өдрийг эхлүүлдэг.

 

6.     Таны номын сангийн хамгийн онцлог, содон ном юу вэ?

“Хамгийн” гэж онцлоод байх ном байхгүй, бүх номнууддаа хайртай, бас бүгдийг нь нэг бүрчлэн цаг гарган судлаж, чин сэтгэлээсээ шимтэж уншихыг эрмэлздэг. Гэхдээ миний “маргааш” дуусахгүй л байна. Илүү “дурсгалтай” санагддаг ном гэвэл Н.Энхбаярын “Орчин үеийн Хятад яруу найраг” антологи байна.

Учир нь  миний зурсан зураг энэхүү номын хавтасны зураг болон хэвлэгдсэн бөгөөд, Хятадын зохиолчдын олон сайхан шүлэгтэй танилцах боломж олгосонд нь дуртай. Оюутан байхдаа Ж.Болд-Эрдэнийн “Цэнхэр аяз”-ыг их эргүүлж тойруулж хардаг байсан, байнга цүнхэндээ авч явдаг байсан номнуудын нэг байлаа. Тухайн үед тэр шүлгийн ном миний хань байсан учраас “онцлог” номын тоонд багтах болов уу гэж бодож байна.

 

7.     Номын сандаа буй хамгийн дурсгалтай, нандин номыг танилцуулаач?

Мэргэжлийн дагуу гэвэл зураачдад зориулсан шувуудын тухай хар зургийн номыг байнга үзэж судалдаг. Дурсгалтай гэвэл өнөөх л “Энбосын Цэнхэр”-ийгээ нэрлэнэ.

Харин нандин бөгөөд үнэ цэнтэй ном гэвэл Гүн.Аюурзанын эрхлэн гаргасан хар цувралын нэг Мишэль дө Монтэний “Сонгомол эссэ”-г нэрлэнэ. Энэхүү номын бүх үг, өгүүлбэр нь алт шиг, өөрөө өөртэйгөө зөрчилдөх үл ойлгох цагт хүссэн хуудсаа эргүүлэн харахад л асуултын хариултыг олдог. Энэ номыг би бараг 5 удаа шинээр худалдаж авч байсан санагдаж байна. Ойр тойрны хүмүүстээ, энэ номыг уншаарай гээд өөрийн авсанаа дурсгачихаад эргээд өөртөө  хэд  хэдэн удаа шинээр авч байсан.

Бас С.Дулам гуайн Монгол бэлгэдэл зүй хэмээх цуврал номны IV цуврал буюу “Зүүд зөн совингийн бэлгэдэл зүй, цагийн бэлгэдэл зүй”-г маш их хайрладаг. Гүн. Аюурзанын “Арван зүүдний өр” романыг уншаад зүүдний тэмдэглэл хийдэг байлаа, тэр үедээ зүүдэлсэн зүүдний тайллыг олох гэж, энэхүү номоо их эргүүлж тойруулна, бас бүтээл хийхдээ өнгөний бэлгэдэл зүйг их хардаг байсан. Их сониуч, мөрөөдөмтгий үеийн дурсгал болсон мартагдашгүй бас байнга хань болдог номнууд минь юм даа.  


 8.     Хамгийн сүүлд ямар ном худалдан авсан бэ?

Төрсөн өдрөөрөө найзуудтайгаа хоолонд ороод  дараа нь номын дэлгүүр орж ном авсан юм байна. Тэр өдөр 2 ном авсан, нэг нь энэ жил гарсан Д.Цахилгаан гуайн орчуулга  Хомерийн Одиссэй, нөгөөх нь “Birds of Mongolia” гээд судалгааны чиглэлийн ном. Энэ хоёр номондоо сэтгэл их хангалуун байгаа.

9.     Ном танд юу өгдөг вэ?

Ном хүнд маш олон зүйлийг өгдөг. Мэдээж энэ номноос тийм зүйл олж авлаа гээд хэлэхээс илүү, хүн өөрөө өөрөөсөө хайж байгаа асуултын хариугаа уншиж буй номноосоо олж авдаг гэж боддог. Заримдаа хүмүүст хэн нэгэнтэй маш ойр дотно ярилцах хэрэгцээ шаардлага гардаг, тэр болгон санаа нийлэх, үзэл бодол болон баримталдаг зарчмаа яг таг тааруулан хуваалцах боломжгүй байдаг. Энэ үед ном маш сайн хань, түшиг тулгуур болдог.  Жишээ нь, би 2015 оны зун хөдөө ажлаар явж байхдаа маш их ганцаардаж байсан юм. Тухайн үед цүнхэндээ авч явсан ном минь надад өөрт тулгарч буй асуудлынхаа хариултыг олоход туслах юм гэж огт санаагүй ч түүний ачаар өөрөө өөртэйгөө эвлэрч сэтгэл санаа минь машид хөнгөрч билээ. Тэр ном нь Лев Толстойн “Иван Ильичийн үхэл” байсан юм. Түүнээс хойш үе үе өөрийгөө анзаарахад дээрх шиг олон тохиолдол давтагдсан байсныг ойлгосон учир тэрхүү дадалдаа их амташсан.

 

10.  Таны хамгийн олон дахин уншсан ном. Яагаад?

Миний дээр дурдсанчлан Монтэнийн сонгомол эссэг маш олон удаа эргүүлж тойруулж хардаг, хойшдоо ч эргүүлж тойруулан уншсаар байх л болно.  Габриел Гарсиа Маркесийн “Зуун жилийн ганцаардал”-д их дуртай, нэг их олон уншаагүй ч лав гурван удаа уншсан байх. Сүүлд бас Маркесийн тухай найруулагч Жастин Вебстерийн “Габо” /2015/ баримтат киног кино театрт зорин зорин очиж үзэж байсан. Хайртай зохиолчийнхоо тухай баримтат киног нь үзэх сайхан байсан, маш их таалагдсан.


11.  Цаасан хэвлэл болон электрон байдлаар алинаар нь уншихыг эрхэмлэдэг вэ?

Мэдээж цаасан хэвлэлээр нь унших дуртай, хуудас эргүүлэх чимээ, бас тэр үнэр их гоё. Их бага уншсанаа ч гэсэн хялбар хяначих боломжтой, түүнээсээ бас сэтгэл ханамж авдаг шиг байгаа юм.

 

12.  Эзгүй арал руу явах бол номын сангаасаа ямар ном авч явах вэ?

Хэрэв ганцхан ном авч яв гэвэл ямар нэгэн бурханы судар авч явна. Тэгээд, тэрийгээ байнга уншиж, бүр жинхэнээсээ, чин сэтгэлээсээ ойлгохыг хичээнэ. Аз болоод “гэгээрчих” ч юм билүү, ямартай ч шашны ном авч яваад, өөрөө өөрийгөө бүх зүйлээс ангижруулж, чөлөөлхийг хичээнэ байх.

 

13. Өөрийн ажилладаг салбарынхаа залуу мэргэжилтнүүдэд хамгийн чухал нэг зөвлөгөө  өгөөч гэвэл юу хэлэх вэ?

Уран бүтээлч болохын тулд маш сайн “хүн” байх ёстой гэж багш маань үргэлж хэлж ирсэн, Монголчуудын уламжлалт сэтгэлгээнд ч “хүн” байх нь хамгийн чухал хэмээн бидэнд сургадаг. Бурхны номонд ч ялгаагүй зөв, сайн хүн байж бусдыг өөр шигээ санахыг сургадаг.Тиймээс, уран бүтээлч байна уу, өөр салбарын мэргэжилтэн байна уу, ерөөс юу хийж буй нь хамаагүй, хүн заяанд төрсөн л бол аль болох сайхан сэтгэлтэй, сайн хүн байхыг л цаг ямагт бодож, үйлээ хичээж яваасай гэж үргэлж хүсдэг. Хүн чанар, сайхан сэтгэл, хайр байхад өөрийн хичээл зүтгэлээр сайхан уран бүтээлийг төрүүлж чадна, уран бүтээлээрээ олон түмний нүдийг баясгахын тулд бүтээлч өөрөө маш гэгээн тунгалаг байх хэрэгтэй, муу зүйлийг сэтгэдэг хүнээс яаж сайхан зүйл гарах билээ. Харин, энэ суурин дээрээ нэмээд мэргэжлийн судалгаа, шүүмж ихээр сонирхон урлагийн олон төрлийг судлах хэрэгтэй гэж боддог. Зураг зурах, бүтээл хийх нь зөвхөн хийсвэрлэл юм уу, сэтгэл хөдлөл дээр л тогтдог өдрийн тэмдэглэл мэт зүйл биш, маш сайн судалгаа хийж байж тухайн бүтээлийн насжилт удаан, төдий хэмжээний үнэ цэнтэй байх болно гэж боддог. Мөн, уран бүтээлчид маш сайн унших хэрэгтэй, ном уншихад хүн их цэгцтэй сэтгэж, асуудлыг олон талаас нь харж сурдаг бөгөөд хэл бичгийн боловсролд ч том нөлөө үзүүлдэг. Хэл, бичгийн соёл өндөр байх тусмаа хүн уран бүтээлдээ төдий хэмжээний хүндэтгэлтэй, ул суурьтай ханддаг юм шиг. Аливаа уран  бүтээлийг шууд л санаандаа орсон ямар нэгэн төсөөллөөр хийчихдэг гэж би лав боддоггүй, өөрийн талаас, бусдын талаас мөн шинжлэх ухааны талаас гээд олон талаас нь судлаж, уран бүтээлдээ чин сэтгэлээсээ хүндэтгэлтэй хандаж байж л “чанар”-тай бүтээл төрөх болов уу?


14.  Энэ буланд оруулах дараагийн зочноор хэнийг нэрлэх вэ?

Зураач Ө.Эрдэнэбулганг нэрлэе. Их уншдаг бас маш баялаг номын сантай гэдгийг нь мэдэх юм.  Мөн дотны найз Э.Билигтийгээ энэхүү буланд оролцоосой хэмээн хүсэж байна. 

Сэтгэгдэл хэсэг