1. Та номын сандаа хэдэн номтой вэ?
3000 орчим ном байгаа байхаа. Багшийнхаа санал болгосноор гэрийн номын сан дахь номоо бүртгэлжүүлж, каталогжуулах санаатай онлайн каталог нээгээд ажиллаж байгаа. Үүнийгээ хийгээд дуусвал хэдэн номтой нь тодорхой гараад ирнэ. Орчин үед уншигчийн номын санг бүртгэлжүүлж болох маш хялбар олон програмууд гарчээ. Номуудаа бүртгэж, каталогжуулсан уншигчид ч олширч. Дан ганц номын сан каталогтой байдаг гэдэг ойлголт үгүй болжээ.
2. Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ?
Ажил мэргэжлийн талаасаа ярих юм бол бүх төрлийн номыг унших, харах шаардлага гардаг. Хувь уншигч талаасаа бол баримтат зохиолыг түлхүү сонирхдог болоод байгаа.
3. Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ?
Уншиж буй номууд маань унших номыг маань зааж өгдөг. Номонд ишлэл, номзүй хэмээх чимээгүй багш, чимээгүй чиглүүлэгч бий шүү дээ.
4. Шинэ номын талаарх мэдээлэл хаанаас авдаг вэ?
Номын сангуудаас гаргадаг “Шинэ номын мэдээ”, номын дэлгүүрүүдийн вэб сайт, нийгмийн сүлжээн дэх номтой холбоотой бүлгэмүүдийн мэдээллийг хардаг. Номтой холбоотой ажил хийдэг болохоор хүрээлэл маань ч номынхон л байдаг. Тиймээс шинэ номын мэдээг өдөр бүр, цаг тутам л авч байдаг.
5. Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?
Бээжингийн Үндэсний Их Сургуулийн багш М.Эрдэмтийн “Ертөнцийн хязгаар дахь сарны гэрэл” гэдэг номыг уншиж байна. Зүүнгарын хаант улсын харьяанд байсан Шинжааны Өрөмч, Ховогсайр, Или гол, Бор тал зэрэг газраар хорь шахам жил явж, хээрийн судалгаа хийж,Ойрадын, тэр дундаа өөлдүүдийн ном хэвлэлийн болон тод үсгийн номын түүх, өдгөөгийн байдлыг судлан илрүүлснээрээ тун сонирхолтой ном болжээ. Уг номонд Зүүнгарын хаант улс мөхсний дараах Манжийн хаадын галдан шатаалт, Дундад улсад өрнөсөн Соёлын хувьсгалын үеэр тэд ном бичгээ хэрхэн авч үлдсэн, хэвлэх, барлах, ном босгох соёлын тухай урьд өмнө харагдаагүй баримтууд олон байна билээ.
Уг номыг номын сангаар маань оюутан байхаасаа үйлчлүүлж байсан уншигч, одоо их сургуулийн багш болсон Г.Эрхэмбаяр маань санал болгосон юм.
6. Таны номын сангийн хамгийн онцлог, содон ном юу вэ?
1950, 60-аад оны үед Шинжлэх ухааны академиас үндэсний бичгээр хэвлэгдэн гарч байсан “Хөх даалимбан дээлт”гэгддэг номуудыг нэрлэж болох байх. Тэдгээрт “Дөрвөн аймгийн алба тэгшитгэсэн данс”, “Саран хөхөөний намтар” зэрэг номууд багтана. Тухайн үед энэхүү номууд хавтас, үдээс муутай хэвлэгддэг, нооргор хөх өнгөтэй, амархан урагддагаараа нэрд гарч, уг нэрийг авч байжээ. Гэсэн хэдий ч одоог хүртэл бүрэн бүтнээрээ хадгалагдаж байна.
7. Номын сандаа буй хамгийн дурсгалтай, нандин номыг танилцуулаач?
Дөнгөж мэдээ орж байсан цаг юм уу даа. Ээжийгээ дагаад авга эгчийндээ айлчиллаа. Тэр үед авга эгч маань даавуунд боолттой нэг зүйл бариад гэрээ тойрч байснаа над руу хүрч ирэхэд нь бэлэг өгөх нь гэж санаад гараа тостол өнөөх зүйлээ толгойд маань хүргээд, хоймортоо залчихлаа. Гараа тосохыг маань хараад ээж, авга эгч хоёр маань мушилзаад өнгөрч билээ.
Тэр боолттой зүйлийг сүүлд аавын гар дээр ирэхэд нь өвөөгийн судрууд болохыг мэдсэн юм. Өвөө маань Их хүрээнийхэнд нэртэй Усан Зүйлийн хүрээнд овоо номтой лам байгаад хэлмэгдүүлэлтийн үед хар болж, цөөн тооны судраа Бижийн голын тариалангийн суваг, шуудуунд нууж гарсан нь тэр байж. Судруудыг задлаж байхыг нь хараад хүүхдийн зангаар элгээ хөштөл инээж байлаа. Учир нь нэг боолтыг нь тайлахаар ахиад нэг боолт гараад ирнэ. Түүнийг тайлахад ахиад гарч ирэх жишээний. Тоолоход бараг 30 давхар баринтагтай байсан. Тэр үед лам ирээд ном уншахад ч хүртэл инээд хүрдэг цаг байсан юм. Ховор живэр байсан болоод л тэр байх даа.
Уг судруудыг “Кашмераас Галман Рагчаа гэдэг хүн явган явж үүрч ирж байсан юм гэнэ лээ”гэж аав маань дурсаж байсан. Одоо бодоход өвөө, ааваас маань уламжлан ирсэн тэр судрууд л хамгийн дурсгалтай, нандин номын тоонд орно доо.
8. Хамгийн сүүлд ямар ном худалдан авсан бэ?
Орчин үед цахим технологи хүчээ авлаа. Үүнийг дагаад иргэдийн мэдээллийн боловсрол гэдэг зүйл анхаарал хандуулахгүй бол болохоо байлаа. Үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл ихээр хөврөх болжээ. Иргэд түүнд нь итгэж хохирох тал ихээр ажиглагдаж байна. Албан үүргийн хувьд дан ганц хэвлэмэл ном түгээгээд зогсохгүй цахим мэдээллийг иргэдэд түгээх шаардлага тулгарч байна. Үүнтэй уялдуулаад Б.Доньчимбуу гуайн гаргасан “Мэдээллийн эрхзүй” гэдэг номыг авч уншлаа. Дэлхий нийтээрээ л мэдээллийн боловсрол гэдэг зүйлийг ярьж, хэлэлцэж байна. Үүнээс Монгол улс хоцрох ёсгүй.
9. Ном танд юу өгдөг вэ?
Ном уншсаныхаа төлөө, номын санд ажилласныхаа төлөө цалин авч байна. Хамгийн түрүүнд ном амьдрах боломжоор маань хангаж байна. За тэгээд ямар ном уншихаас хамаарч авах зүйл нь өөр өөр байдаг байх. Миний хувьд нойр эс хүрсэн үед нуршуухан ном уншчихвал нойр хүрээд явчихна. Ядарсан үед сайхан ном уншчихвал сэргээд явчихна. Өлссөн үед өл болчих ч ном байх л юм.
Ер нь л ном юм болгоныг л өгөх юм даа. Хэтэрхий ахуйлаг, анхдагч хэрэгцээний талаас нь хариулчихав уу даа. Зарим хүмүүс их мундаг хариулт өгч байгаа харагддаг.
10. Таны хамгийн олон дахин уншсан ном. Яагаад?
Хүүхэд байхдаа ах эгч нараараараа Д.Нонна гуайн “Багачууддаа уншиж өгөөрэй” гэдэг номыг уншуулсаар байгаад үг үсэггүй цээжилчихсэн, хүн ороод ирэхээр ном уншиж өгнө гээд уядаг, явуулдаггүй, ядаргаа болсон хүүхэд байв. Хүүхэд байхдаа тэр номыг их “ноолсон” доо. Номын сангийнхаа лавлагааны чиглэлийн номуудыг л их ноолж байна даа.
11. Цаасан хэвлэл болон электрон байдлаар алинаар нь уншихыг эрхэмлэдэг вэ?
Цаасан хэлбэрээрээр түлхүү уншдаг. Гэхдээ сүүлийн үед нийтэд зориулсан үнэгүй цахим номын сан болох http://mongolmedleg.org, https://e-nom.mn зэрэг сайтуудаар орж ном татаж авч уншиж байна. ePub порматаар хийгдсэн цахим номуудаас хуулах, иш татах, тэмдэглэж тодруулах, хайлт хийх зэрэг давуу талуудтай нь таалагдсан.
12. Салбарынхаа залуу хойч үеийнхэнд ямар зөвлөгөө хэлмээр байна?
Орчин үеийн номын сангийн салбарын түүх 100 жилийн өмнөөс эхэлдэг боловч, шинжлэх ухааны үндэстэй хөгжөөд 60 орчим жил болж байна. 1990 оноос хойштавхан доктор, тавьхан магистр төрөн гарчээ. Дэлхий дахинд шинжлэх ухааны болтлоо хөгжсөн боловч манайд хэн ч хийчих ажил мэтээр хардаг тал байсаар л байна. Салбарын мэргэжилтнүүд, залуучууд судалгаа, шинжилгээ сайн хийх хэрэгтэй. Судлагдаагүй зүйл асар их бий. Судалгаа шинжилгээ хийх гэж бус аль нэг газарт албан тушаалтай болох, амь аргацаах гэж л сурч байгаа харагддаг. Энэ мэт үйлдэл нь салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Сурсан ч, судласан ч судласан сэдвийнхээ хүрээний чадвартай гэдгээ ухамсарлах хэрэгтэй.
13. Эзгүй арал руу явах бол номын сангаасаа ямар ном авч явах вэ?
Эхлээд ямар ч гэсэн амьд байх, аюулгүй байдлаа хангаж болохуйц мэдээллийг агуулсан ном л авч явна даа. Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг байхаа.
14. Энэ буланд оруулах дараагийн зочноор хэнийг нэрлэх вэ?
Монголын ном судлал, номын сан, номзүй судлалын чиглэлээр Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан Ж.Цэзэн багшийгаа энэ буланд урья. Ном, номын сангийн тухай олон сонирхолтой зүйлийг өгүүлж чадна.
Сэтгэгдэл хэсэг