“Тагтаа Паблишинг”-аас ном унших хэв маягийг түгээх, номын соёлыг дэлгэрүүлэх, номын хорхойтнуудыг танилцуулах, “ном”-ын тухай яриа өрнүүлэх зорилгоор “Би номын сантайгаа” буланг хөтлөн явуулдаг билээ. Энэ удаагийн зочин МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, дэд профессор Очирын Оюунжаргал оролцож байна.
1. Та номын сандаа хэдэн номтой вэ?
Номоо тоолж үзээгүй. Асуухаар л хэдэн ном байгаа билээ гэж бодлоо. Зургаан тавиуртай дөрвөн номын шүүгээтэй, нэг тавиурт 30-40 ном байгаа гэж тооцвол 1000 гаруй номтой юм байна.
2. Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ?
Мэргэжлийн буюу Монголын түүхийн, түүний дотор Манжийн үеийн Монголын түүхэнд холбогдох судалгааны бүтээл, сурвалж голдуу уншдаг.
3. Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ?
Хүүхэд байхдаа ямар ч сонголтгүй, олдсон уран зохиолын голдуу ном, оюутан болоод багш нарын унш гэснийг л уншдаг байлаа. Харин магистрт орсноос хойш мэргэжлийн үндэс суурь болсон судалгаа, эсвэл шинэ гарсан судалгааны бүтээл, сурвалжийн эмхэтгэлийг олж уншихыг хичээх болсон.
4. Шинэ номын талаарх мэдээлэл хаанаас авдаг вэ?
Сүүлийн үед их төлөв интернэтээс, мэргэжил нэгт нөхдөөс, бас судалгааны бүтээлийн ном зүйгээс олж авч байна.
5. Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?
Энэ намрын улиралд, тэнхимийнхээ магистр, докторантуудад “Манж Чин улс ба монголчууд” гэдэг хичээл орж байгаа юм. Тэгээд энэ хичээлдээ бэлтгэх зорилгоор Японы судлаач К.Сүгиямагийн “Дайчин гүрний байгуулагдсан хийгээд найман хошууны тогтолцоо” гэдэг номыг өнгөрсөн 7 хоногт дахиж уншлаа. Уншиж дуусаагүй ном гэвэл, Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан түүхийн стандарт лавлах болох Б.Батбаатарын Түүх. Зохиогч Б.Батбаатар нь манай Түүхийн тэнхимийн магистрант бөгөөд ийм ном гаргасан гэхээр нь товч боловч шүүмж бичих санаатай уншиж байна.
6. Таны номын сангийн хамгийн онцлог, содон ном юу вэ?
Мэргэжлийн холбоотой монгол, хятад, япон хэлээрх ном нэлээд бий. Түүний дотроос, ханзны хамгийн томоохон толь болох Хятад-Япон их толь бичгийг онцолж болох байх. Нийт 50000 ханз буюу толгой үсэг бүхий 15 боть толь бичиг болно. Ханз үсгийн тайлбар маш дэлгэрэнгүй, тухайлбал ханз тус бүрийн утга эртнээс эдүгээ хүртэл хэрхэн шилжиж өөрчлөгдсөнийг, Түүхэн тэмдэглэл, Хань улсын судар, Тан улсын судар гэх мэт түүхэн сурвалжаас нэг бүрчлэн жишээ авч тайлбарласан байдаг. Тиймээс эртний хятад сурвалжийг уншиж ойлгоход зайлшгүй хэрэгтэй толь. Уг толийн номын дэлгүүрийн үнэ 3000 доллар орчим тул Японд оюутан байхдаа худалдаж авна гэж санасны гарз байлаа. Харин хэдэн жилийн өмнө санамсаргүй Японы хуучин номын интернэт дэлгүүрт 300 доллар гэж байхыг хараад, япон найз нөхдөөр дамжуулж авсан юм.
7. Номын сандаа буй хамгийн дурсгалтай, нандин номыг танилцуулаач?
Дурсгалтай ном гэвэл, Японы монгол судлаач Ш.Таяамагийн “Монголын хууль цаазын судалгаа” хэмээх 1977 оны номыг нэрлэнэ. Өнгөрсөн жил Японд оюутан солилцоогоор суралцаад ирсэн нэг шавь маань бэлэглэсэн уг номын хавтсанд, “Зохиогчоос бэлэглэв, Мацүда Хисао” гэсэн бичигтэй байсан бөгөөд миний удирдагч багшийн багш бол Японы Васэда их сургуулийн хүндэт профессор Ж.Ёшида болно. Тэр Ж.Ёшида багшийн багш нь дээрх Х.Мацүда юм аа. Шавь маань хуучин номын дэлгүүрээс судалгааны чухал бүтээл гэдэг утгаар хайж авч, надад бэлэглэсэн боловч хэний гарын үсэгтэйг анзаараагүй байсан аж. Тэгээд өвөө багшийн маань багшийн уншиж хэрэглэж байсан ном надад санамсаргүй ирэхээр ихэд бэлгэшээлтэй санагдсан хэрэг.
8. Хамгийн сүүлд ямар ном худалдан авсан бэ?
Заа ер нь мэргэжлийн ном худалдаж авалгүй удсан байх аа. Монголдоо гарсан ном зохиолыг номын нөхдөөс бэлгэнд, гадаадад гарсныг бол тэндэх багш, найз нөхдөөс бэлгэнд, үгүй бол нэхэж байгаад авчихдаг юм аа. Яг өөрөө хамгийн сүүлд худалдаж авсан ном гэвэл, өнгөрсөн зун том хүүдээ уншуулах зорилгоор Юваль Ной Харари “Sapiens-Хүн төрөлхтөний товч түүх”, өөрөө унших зорилгоор С.Нацүмэгийн “Боччан” -ыг авсан байх.
9. Ном танд юу өгдөг вэ?
Шинэ мэдлэг, шинэ санал дүгнэлт, бусдын туршлагаас суралцах боломж бас эргэцүүлэл.
10. Таны хамгийн олон дахин уншсан ном. Яагаад?
Мэргэжлийн буюу судалгааны зохиолыг эхнээс нь дуустал унших гэхээс илүүтэй яг сонирхсон сэдэв бүлгийг эргэж лавлах нь байнгын үзэгдэл. Уран зохиолын хувьд, хүүхэд байхдаа ном их уншдаг байсан авч нэг номыг олон дахин уншиж байсангүй. Харин оюутан болоод оросын зохиолч А.Быков, К.Симонов нарын зохиолтой танилцаж, олон дахин унших болсон. Одоо ч хаяа нэг уншдаг. Яагаад гэвэл, уншууртай өөрөөр хэлбэл, дахиж унших тоолонд шинэ зүйл (үг хэллэг, утга санаа, эргэцүүлэл) анзаарч, өөртөө нээлт хийдэг учраас тэр байх.
11. Цаасан хэвлэл болон электрон байдлаар алинаар нь уншихыг эрхэмлэдэг вэ?
Гарын дор байх ёстой, заавал уншвал зохих мэргэжлийн номыг бол цаасаар, ерөнхийдөө агуулгыг нь мэдэж байвал зохих номыг бол электрон байдлаар унших нь цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэй.
12. Салбарынхаа залуу хойч үеийнхэнд ямар зөвлөгөө хэлмээр байна?
Номыг ухамсартайгаар сонгож уншихыг зөвлөнө. Нэг үеийг бодвол, олон төрлийн ном хэвлэгдэж гарах болсон нь сайшаалтай боловч тэр хэмжээгээр сонголт хийх чадвар шаардаж байна. Тиймээс анхаарал татах гарчиг төдий бус, агуулгыг нь чухалчилж, болж өгвөл гараар барьж энд тэндээс нь хэдэн хуудас уншиж үзэж байгаад, өөрт хэрэгтэй гэснийг сонгоосой.
13. Эзгүй арал руу явах бол номын сангаасаа ямар ном авч явах вэ?
Ном бус, цуглуулсан архивийн материалаа авч явнаа. Манай архивт Манжийн үеийн Ховдын хязгаарт холбогдох сурвалж бараг байдаггүй учраас Бээжин, Тайваний архивт ажиллах үедээ Ховдын олон хошуунд холбогдох манж бичиг ганц хоёроор нь хуулж авсаар, нийт 40-д шахуу баримттай болчихож. Тэрийг орчуулаад, товч тайлбартай хэвлүүлчихвэл нэг ажлын ард гарах юм даа.
14. Энэ буланд оруулах дараагийн зочноор хэнийг нэрлэх вэ?
Доктор, зурхайч Д.Мөнх-Очирыг нэрлэнэ. Яагаад гэвэл, тэрбээр монгол судлалын нэлээд арвин номын сантай, номын ач холбогдлыг сайтар мэдэж цуглуулдаг судлаач юм.
Сэтгэгдэл хэсэг